Чөтгөрүүдэд тамлуулсан би Бурханы нигүүлсэл хэчнээн эрхэм болохыг улам их ухаарсан

Шу Чиан, Өвөр Монголын Өөртөө Засах Орон

Намайг Шу Чиан гэдэг. Би гэрээт инженерээр ажиллаж, жил бүр инженерийн төсөлд олон хүнтэй багуудыг ахалж, чамгүй их орлого олдог байлаа. Үе тэнгийнхнийхээ нүдээр би аз жаргалтай гэр бүлтэй, саадгүй ажил албатай, энгүй их хэтийн ирээдүйтэй байсан юм; тэд намайг хамгийн азтай хүн гэж боддог байсан биз. Гэвч материаллаг амьдралыг эдлэхийн хажуугаар тайлбарлахын аргагүй хоосон мэдрэмж надад үргэлж төрдөг байлаа. Ялангуяа газрын төсөл авахын тулд би өдөржингөө холбогдох хэлтсийн удирдагчдад тал засаж, тэдний бодлыг үйл хөдлөлөөс нь мэдэх гэж хичээн, байнга яг зохих хэмжээнд зусардаж, долигонох хэрэгтэй болдог байв; ингэхгүй бол ямар ч орлого олохооргүй байлаа. Энэ бүхнээс гадна хамтран ажиллагсдынхаа явуулга, нэг нэгнээсээ болгоомжлох болгоомжлол, тооцооллыг зохицуулах ёстой байлаа. Энэ бүхэн тархийг минь улам их гашилгадаг байв… Эдгээр шалтгааны улмаас би маш их зовж, туйлын их эцэж цуцлаа. Тэгээд утсан хүүхэлдэй, мөнгөний машин болж, өөрийн бүхий л нэр төр, ёс жудгийг бүрмөсөн алдсан мэт санагдсан юм. Ингэж явсаар би 1999 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн билээ. Чуулганы амьдралын надад авчирсан чөлөөлөлт, ах эгч нарын минь цайлган, үнэнч байдал сэтгэлийг минь асар их хөдөлгөсөн юм. Би чуулганы энэ амьдралаар амьдран, Бурханы үгийн тухай ах эгч нартайгаа нөхөрлөж, Бурханы үгийн талаарх хувийн туршлага, мэдлэгээ бие биетэйгээ ярилцах тун дуртай байв. Түүнчлэн ийм цаг үеийг маш их нандигнадаг байлаа. Бурханы айлдваруудыг уншин, цуглаанд оролцсоор би олон үнэнийг ойлгож, сэтгэл минь тоймгүй их чөлөөлөгдсөн юм. Эцэст нь би жинхэнэ амьдралыг олж, жинхэнэ аз жаргалтай учирсандаа гойд их баяртай байлаа. Бурхан намайг ертөнцийн зовлонгийн далайгаас авраагүй бол амьдрал минь хэзээ ч ямар ч найдваргүй байх байсан тул зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар дүүрэн байлаа. Хожим нь би сайн мэдээг идэвхийлэн түгээж эхэлсэн бөгөөд үнэн замыг судалж буй хүмүүстэй дуртайяа, эцэлт цуцалтгүй холбогдон, Бурханы дуу хоолойг сонсох, Төгс Хүчит Бурханы авралыг хүртэх боломжийг тэдэнд ч мөн олгосон билээ.

Гэвч бурхангүй улс орон болох Хятадын иргэдэд ямар ч ардчилал, хүний эрх гэж байдаггүй бөгөөд Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс Хятадын Коммунист Намын засгийн газрын хяхалт, хавчлагатай тулгарах тун магадлалтай байдаг. Би ч бас Бурханд итгэх итгэлээсээ үүдэн ХКН-ын засгийн газарт баригдан, харгис, хүний үнэргүй эрүү шүүлтэд өртөж, бараг хоёр жилийн турш ХКН-ын шоронд тамын амьдралыг өнгөрүүлсэн билээ… Амьдралынхаа энэ хүнд хэцүү, шаналант цаг үеийг туулсныхаа дараа би Бурханыг улайран эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харж, Бурханы үг бол үнэн гэх баримтыг улам гүн гүнзгий ухаарсан юм. Түүний үг миний амь байж чадсан бөгөөд урдах замыг минь заадаг байлаа. Бурханы үгийн байнгын удирдамж надад итгэл, хүч чадал өгөөгүй бол өнөөдөр би амьд сэрүүн байх боломжгүй байх байсан. Бурханы авралын нигүүлслийг би насан туршдаа хэзээ ч мартахгүй!

2005 оны 12-р сарын 18-ны өглөө би ах эгч нартайгаа цуглаанаа ид хийж байлаа. Гэнэт хаалганаас чанга түс хийх чимээ цуурайтсан юм. Бидэнд бодох ч завдал өгөлгүй арав гаруй цагдаа дайран орж ирээд, дор бүрнээ хөнөөлт харцаар ширтэж байв. Тэдний дайчилсан цагдаагийн отряд нь онц аюултай оргодлыг барьж авч буй киноны дүр зураг шиг л харагдлаа. Ямар ч тайлбар өгөлгүйгээр тэд биднийг зугтаалгахаас сэргийлэн гутлыг маань тайлаад, дараа нь бүсийг маань тайлж, гарыг маань нурууны ард уялаа. Тэгээд гар утас, цаг, бэлэн мөнгө гэх зэрэг хувийн бүх эд зүйлийг маань дээрэмдсэн юм. Дараа нь цагдаа нар биднийг хана дагуу эгнэн сөгд хэмээн зандчиж, хэн нэг маань удаан хөдлөх юм бол түлхэж, өшиглөн, шалан дээр хүчээр сөгдүүлж байв. Ингэсний дараа тэд нэгд нэггүй нэгжиж, тавилга хөмрөн, байшинг тэр чигт нь онгичсон бөгөөд хэсэг хугацааны дараа бүх зүйл ундуй сундуй боллоо. Энэ бүхнийг харж байсан би: “Бид ямар ч хууль зөрчөөгүй шүү дээ, гэтэл яагаад биднийг баривчилж байгаа юм бэ?” гэж ууртайгаар асуулаа. Санаанд оромгүй нь, нэг цагдаа яаран ирж, намайг ганц цохилтоор газарт унаган, “Бид Бурханд итгэдэг хүмүүс та нарыг баривчилж байна! Та нарыг нэг бүрчлэн барьж дуусгахаас нааш бид бүтэн нойртой хонохгүй!” гэж зандарлаа. Ийнхүү багтартлаа уурласанд нь би гайхширан дуугаа хурааж, бас нэг зүйлийг ухаарлаа: “ХКН-ын засгийн газар Бурханыг хамгаас их үзэн яддаг юм чинь итгэгч биднийг юу гэж зүгээр өнгөрөөх вэ дээ? Би маш харалган, гэнэн тэнэг байжээ!” Тэр мөчид би Бурханд чимээгүйхэн залбирч эхэлсэн бөгөөд гэрчлэлд зогсож, Түүнээс урвахгүй байхын тулд биднийг хамгаалаач гэж Түүнээс гуйлаа. Удалгүй биднийг харгалзаж байсан цагдаа: “Газар сайгүй шашнаа номло гэж хэн та нарт хэлээ вэ? Удирдагч чинь хэн бэ?” хэмээн намайг байцаав. “Бид зөвхөн сайн дураараа л сайн мэдээ түгээдэг” гэж би хариуллаа. Тэр хараал урсган, “Хуцав аа! Буруу зүйл хийснээ үгүйсгэх гэж бүү оролд, бацаан минь, хэн нь хэн болохыг удахгүй харуулаад өгнө шүү!” гэлээ. Яг тэр үед өөр өрөөнөөс эмэгтэй цагдаа, “Зүү аваад ир! Надаас чи нуугдах гээд үз л дээ…” гэж бархирах нь сонстов. Нэг залуухан эгч байхгүй байгааг би тэр мөчид ойлгосон тул тэр дороо зүрх амаар гарах шахлаа. Эгч цагдаа нарт баригдахгүйн тулд нуугдах гэж оролдсон боловч баригдчихжээ. Эмэгтэй цагдаа түүнийг барьж аван, гарын хумсны завсар, хөлийн өсгийг нь зүүгээр хатгаж, тэр ч бүү хэл үсийг нь туг тугаар нь зэрлэгээр зулгааж эхэллээ. Эцэст нь тэд, ухаан алдсан залуухан эгчийг тэнд нь үлдээн, бид бүгдийг баривчилж, цөлмөсөн бүх эд зүйлээ аваад давхин одов.

Үд дунд гэхэд цагдаа нар биднийг цагдаагийн хэсэг дээр саатуулан, удалгүй тус тусад нь байцааж эхэллээ. Миний байцаалтыг хүчирхэг, булиа цагдаа хариуцсан бөгөөд намайг байцаалтын өрөөнд оров уу, үгүй юу, сөгд гэж хашхичлаа. “Би Бурханыг л шүтэн мөргөдөг; тэнгэр, газар, бүх зүйлийн Эзэнд л сөгдвөөс зохистой. Чиний өмнө сөгдөхөөс би эрс татгалзаж байна!” гэж би хэлэв. Үүний сонсмогцоо тэр над руу хуруугаараа чичлэн, “Энд тамын хаан ч дүрэм журамд захирагдах ёстой гэдгийг чи мэдэж ав! Өөрийгөө яг хэн гэж бодоо вэ? Чамайг үхтлээ зовоохгүй бол хэн нь хэнийг мэдэхгүй нь л дээ! Алив, хараал идсэн өвдөг дээрээ сөгд” гэж бархирлаа. Ийнхүү хашхирч байхдаа намайг шал руу өшиглөн унагав. Дараа нь тэр: “Үнэнээр нь хэлээрэй: Чи чуулганы удирдагч биз дээ? Чуулганыхаа номыг хаана хадгалдаг вэ?” хэмээн байцааж эхэлсэн юм. Би бажгадан, юу гэж хариулахаа мэдэхгүй байсан тул энэхүү ёрын муу цагдаатай тэмцэх мэргэн ухаан хайрлахыг Бурханаас ахин дахин гуйлаа. Залбирсныхаа дараа би тайвширч, дахин эрч хүч орсон бөгөөд “Ах эгч нараа худалдсанаас амиа өгсөн минь дээр. Бурханаас урваж болохгүй!” гэж дотроо бодов. Тэгээд би цагдаад, “Таны асууж байгаа эдгээр зүйлээс би алийг нь ч мэдэхгүй байна, та надаар яг юу гэж хэлүүлэх гээд байгаа юм бэ?” гэлээ. Намайг ингэж хэлмэгц ёрын муу цагдаа толгой руу чанга дэлсэж, тэр даруйдаа намайг гар, хөлөөрөө хүчтэй зодлоо. Айхтар зодуулсны улмаас нүд минь бүрэлзэж, толгой эргэж эхэлсэн бөгөөд гавлын яс цуурчихсан мэт маш их өвдөж байв. Би шал руу толгойгоороо уналаа. Дараа нь тэр цагдаа сайн мэдээний тэмдэглэлийн дэвтрийг минь олсноо гартаа барин, “Харж байна уу? Бидэнд нотолгоо байгаа болохоор ам нээхээс татгалзаад ямар ч нэмэргүй. Хэлээдэх! Чи удирдагч биз дээ? Удирдагч биш байсан бол ийм тэмдэглэлтэй байхгүй шүү дээ!” хэмээн сүрдүүлэв. Ам нээхгүй байгааг минь хараад тэр өөр арга хэрэглэн, “Битгий гөжүүдэл л дээ; алив, бидэнтэй хамтран ажилла. Мэдэж байгаа зүйлээ хэлбэл чамайг маргааш суллая” гэж шавдууллаа. Яг тэр үед Бурхан намайг гэгээрүүлж, Өөрийн айлдварын нэг хэсгийг сануулсан юм: “Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдох үедээ Бурханд хайртай юу, үгүй юу гэдгийг чинь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх гэрчлэлдээ бат зогсож чадна …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас). Энэ бол сүнсний ертөнцийн тулаан гэдгийг Бурханы үг надад тодорхой харууллаа. Би Сатаны заль мэхэнд автаж болохгүй, харин заавал Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тэд хэчнээн их нотолгоо гартаа оруулсан ч гэлээ би чуулганы талаар ямар ч мэдээлэл задалж болохгүй. Энэ бол Бурханы өмнө миний хадгалах ёстой үнэнч байдал, Бурханыг гэх хайрын минь гэрчлэл юм. Үүний дараа би залбирч, аажмаар тайвширлаа. Цагдаад би яаж ч тамлууллаа гэсэн огт үг унагаагүй юм. Эцэстээ ёрын муу цагдаа маш их бухимдаж, хаалга саван гарч одлоо.

Хэсэг хугацааны дараа гуч эргэм насны цагдаа орж ирэн, намайг шалнаас аяархан өндийлгөж, сандал дээр суулгав. Тэгээд бүр аяга ус өгөн, “Май, ах минь; жаахан ус уучих. Та зовоо байлгүй” гэж хэллээ. Би гайхаж орхив: “Юу болоод байна аа? Ийм газарт байгаа хүн намайг яахаараа ‘ах аа’ гэж дууддаг билээ?” Энэ талаар цааш бодож амжаагүй байтал тэр цагдаа ийн үргэлжлүүлэв: “Ах аа, энэ өдрүүдэд бид арай илүү бодитойгоор амьдарч, бүх зүйлд уян хатан байх хэрэгтэй байна. Тан шиг хүнийг тэд үхтэл нь зодохоос нааш буцахгүй. Үнэндээ би ч бас Бурханд итгэдэг байсан болохоор итгэлтэй байх нь сайн зүйл гэдгийг мэднэ—гэхдээ үүнээс болж амь насаа эрсдэлд оруулах нь байтугай маш их зовох нь ердөө үнэ цэнгүй! Та ял сонсвол бүхий л гэр бүлийнхэнд тань хар толбо болно. Аав, ээж хоёр чинь амьд сэрүүн байгаа биз дээ? Хэдэн жил шоронд суух юм бол суллагдах үед чинь тэд байхгүй болсон байна шүү. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж бодох болж байна?…” Би аав ээжтэйгээ хэн хүнээс илүү сэтгэлийн холбоотой байсан тул энэ хүний үг болгон голыг минь зурлаа. Хөгшин настай эцэг эх минь нүдний өмнө үзэгдэж, харанхуй, сул дорой байдал намайг эзэмдээд авах нь гэнэт мэдрэгдсэн бөгөөд “Тийм шүү; намайг хорих ял сонсох юм бол аав, ээж хоёр минь яах болж байна? Хэн тэднийг харж хандах болж байна?…” гэж бодлоо. Ингэж бодоход нүдэнд нулимс цийлгэнэж, би нулимсаа барьж дийлсэнгүй. Цагдаа энэ боломжийг тэр дор нь ашиглан, намайг цааш ятгаж: “Иймээс та тэдэнтэй чадах чинээгээрээ хамтран ажиллах хэрэгтэй; тэгвэл таныг маргааш суллана” хэмээн уруу татах гэж оролдов. Ийм үг сонссон би гэнэт ухаан орж, “Чи Бурханаас урвадаг Иудас байж яавч болохгүй!” гэх маш тод үг санаанд зурсхийн орж ирсэн юм. Үнэхээр балрах шахлаа! Намайг Бурханаас урвахад уруу татахын тулд энэхүү зальхай цагдааг Сатан өөрөө илгээсэн байж. Тэр мөчид Бурханы дараах үг бас надад удирдамж өглөө: “Та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). Цагдаагийн хэлсэн бүхэн нь диаволын заль мэх байсан гэдгийг би ухаарав; тэд махан биеийн минь сэтгэлийн холбоогоор далимдуулан Бурханаас урвахад намайг өдөөн хатгахыг хүсжээ. Би Сатаны ов мэхэнд яавч автаж болохгүй. Тэгээд би Бурханд чимээгүйхэн залбирч, эцэг эхийн маань хэрэг явдал бүхэлдээ Бурханы гарт байгаа, Бурханы шийдвэрээс хамаарна гэдэгт итгэсэн юм. Бурханы хүчирхэг гарт тэднийг даатгасан би Бурханы төлөө гэрчлэлд зогсохоор шийдлээ. Тэр хүнд би: “Сайхан санаа гаргасанд тань баярлалаа; таны сайхан сэтгэлд би талархаж байна. Гэвч чуулганы хэрэг явдлын талаар би юу ч мэдэхгүй” гэж шийдэмгийгээр хэлэв. Явуулга нь бүтээгүйг харсан энэ ёрын муу цагдаа гэнэт дүрсхийн уурлаж, жинхэнэ төрхөө харуулсан юм. Тэгээд над руу хуруугаараа чичлэн, “Тэгвэл эндээ үхлээ хүлээ!” гэж заналтайгаар бархирчхаад яваад өгөв. Үдээс хойш 2 цагийн үед гурав, дөрвөн цагдаа ирлээ. Тэд намайг сандлаас татан босгож, заамдан үүд рүү чирээд, хөндлөвчнөөс гавлалаа. Эцэст нь тэд: “За, тааваараа байж, ‘тухлан саат даа’” гэх хорон үг унагаад, явцгаав. Би хоёр хөлөө нэг зэрэг газар хүргэж чадахгүй байсан юм. Нэг хөлөө газарт хүргэвэл нөгөө хөлөө өргөхөөс өөр аргагүй байв. Биеийн хөдөлгөөнөөс үүдэн гав мах руу шигдэж, шаналгаатайгаар өвтгөж байлаа. Бараг нэг цагийн дараа ёрын муу цагдаа нар хоол, ундандаа цадчихаад эргэж ирцгээв. Тэгээд хорлонтойгоор ярзайтлаа инээн, ямаршуухан байгааг минь асуулаа. Тэр үед өвдөлтөөс үүдэн даавуун өмд, цамц минь хөлсөнд нэвт норсон байсан бөгөөд намайг буулгах үед хоёр гар хоёулаа бүхэл талх шиг болж хавдан, бүрэн мэдээ алдсан байв. Энэхүү ёрын муу цагдаа нарын бүлэглэл үнэхээр хорон санаатай, харгис догшин байсан юм. Би тэднийг туйлын их үзэн ядсаны зэрэгцээ ХКН-ын засгийн газрын хорон муу байдал, харгислалыг тодорхой харж авлаа. Тэд Бурханыг эсэргүүцэж, үзэн яддаг чөтгөрүүдийн сүрэг байсан бөгөөд ёрын муу энэ намыг үзэн ядах минь хурдацтайгаар нэмэгдэж байсан билээ.

Тэр орой долоон цаг өнгөрч байхад ёрын муу цагдаа нар намайг дөрвөн эгчтэй минь хамт цагдаагийн машинд чихэн, өөр газар луу авч явлаа. Эгч нар маань бүгд цонхигор харагдаж, адилхан харгислал амссан нь илэрхий байв. Бид шийдэмгий харцаар бие биеэ зоригжуулсан юм. Биднийг цагдан хорих газарт ирэх үед ёрын муу цагдаа нар дөрвөн эгчийг минь машинаас буулгасан ч намайг машинд үлд гэсэн бөгөөд удалгүй бид дахин замд гарлаа. Намайг хааш авч явж байгааг нь асуухад нэг цагдаа хуйвалдсан шинжтэй инээмсэглэн, “Чи ямар ч мэдээлэл өгөөгүй ч чуулганы доогуур тушаалтан биш гэдгийг чинь бид мэднэ. Бид чамайг муухан зочлохыг хүсээгүй болохоор гарч жаахан ‘оройн зууш’-аар дайлмаар байгаа юм…” гэлээ. Хэрцгий цагдаа нарын энэ бүлэглэл ямар ч сайн санаа өвөрлөөгүй гэдгийг мэдсэн би хормын төдий ч сэрэмж алдаж зүрхлээгүй юм. Тэгээд надад хүч чадал хайрлаж, Өөрөөс нь урвахаас хамгаалж өгөөч хэмээн Бурханаас чимээгүйхэн гуйсаар байлаа. Удалгүй намайг Үндэсний Аюулгүй Байдлын Бригад дээр аваачив. Тэнд намайг хоёр бадируун эр угтан авч, байцаалтын өрөө рүү хүргэлээ. Шалан дээр чимээгүйхэн, өлсгөлөн барс мэт хөглөрөх эрүү шүүлтийн бүх хэрэгслийг хараад ар нуруу руу хүйт даасан юм. Яг тэр үед ёрын муу цагдаа нарын нэг нь: “Чамайг нэлээд зөрүүд гэж сонслоо. За яах вэ, чам шиг зөрүүд хөгшин төгцгийг бид тамлах үнэхээр дуртай!” гэж над руу зандрав. Ингэж хэлэв үү, үгүй юу, ёрын муу хоёр цагдаа урагш харайж, чарлан гүйж ирээд, намайг чихдэж аван хамаг чадлаараа зулгаалаа. Бүдэгхэн гэрэлд харгис догшин, хэвээ алдсан хоёр царай харагдан, зүрх минь өөрийн эрхгүй дэлсэж эхлэв. Тэр мөчид ёрын муу өөр нэг цагдаа чанга хөхрөн, “Өнөөдөр миний замд таардаг чинь азгүй юм. Алив, чамайг эхлээд усанд оруулъя” гэж хэллээ. Түүнийг ингэж хэлэх зуур тэд намайг хөдөлгөлгүй барин, бүх хувцсыг минь урж хаяв. Тэнд мөс шиг хүйтэн шалан дээр нүв нүцгэн зогссон миний хамаг бие чичрэн, шүд тачигнаж байсан юм. Ёрын муу цагдаа урт хоолой татаж авчран, яг над руу чиглүүлээд цоргыг нээв. Агшин зуур, чөмөг царцаам тэсгэм хүйтэн ус над руу цутгаж байлаа. Энэ нь арьсыг минь хутгаар өвчиж байгаа мэт тэвчихийн аргагүй их өвтгөн, яг л хамаг биеэр минь урсах цус царцаж байгаа мэт мэдрэгдсэн юм. Хормын дараа би юу ч мэдрэхээ болив. Над руу усаар шүршиж байхдаа ёрын муу цагдаа нар: “Өөрт чинь юу сайн болохыг мэдэж байгаа бол хурдхан хэлж үз; тэгэхгүй бол маргаашийн нарыг амьд мэнд үзэхгүй шүү!” хэмээн сүрдүүлэн хашхирсаар л байлаа. Энэ тарчлааныг би хүчлэн тэвчиж, толгой гудайлган, юу ч хэлсэнгүй. Ёрын муу цагдаа нарын нэг нь шүдээ хавиран, намайг дулаацуулна гэж хэлсэн нь тогонд цохиулна гэсэн үг байжээ. Тухайн үед би өчүүхэн ч хүчгүй болтлоо асар их тамлуулсан байв. Үхэл над руу алхам алхмаар ойртож буй мэт санагдахад би: “Бурхан минь! Таны төлөө ямар нэг зүйл хийхэд би хэтэрхий өчүүхэн боловч өнөөдөр өөрийн үхлээр Сатаныг шившиглэмээр байна. Танаас хэзээ ч холдохгүй, мөн Танаас урвахгүй байхын тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж л Танаас гуйя” хэмээн Бурханаас яаран гуйв. Цагдаа нар амыг минь хүчээр нээн, нойтон даавууны өөдөс зуулгасан нь нөгөө үзүүртээ цахилгааны утастай холбогдсон байлаа. Тэд утасны нэг үзүүрийг чихэнд минь зүүгээд, дараа нь удирдлага барьсан нэг цагдаа үүнийг асаав. Агшин зуур бие дэх бүх цус дээш гүйн, толгой задрах гэж байгаа юм шиг санагдлаа. Хоёр нүд бүлтрэх гэж байгаа мэт маш их шаналантай байсан бөгөөд биеийн бүх булчин татвалзан, тасрах гэж байгаа юм шиг санагдсан юм. Тэгж их өвдөж шаналж байгааг минь хараад ёрын муу цагдаа нар инээлдэн хөхрөлдлөө. Хормын дараа би ухаан алджээ. Удалгүй тэд хувинтай хүйтэн ус цацаж намайг сэргээсэн юм. Ухаан орох үед аманд даавуу зуулгасан хэвээр байв. Нэг цагдаа зэвүүнээр инээд алдаж, “Ямаршуухан амттай байна даа? Юм хэлмээр байвал зүгээр л толгойгоо дохичих” гэлээ. Яг тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг санав: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Гучин зургаадугаар бүлэг”-ээс). Сатанд бууж өгөх бус, гэрчлэлд зогсохын тулд амиа золиослох шийдвэрийг минь Бурханы үг батжуулсан юм. “Намайг та нар яавал ч яа. Эцсийн эцэст надад энэ ганц амь л бий; хамгийн муудаа л гэхэд амиа алдана биз, харин надаас үг унагана гэж хором ч бүү сана!” гэж би бодлоо. Тэгээд цагдаад хариу хэлэлгүй, зүгээр л нүдээ аниад, түүн рүү харахаас татгалзав. Энэ үйлдэлд уурссан ёрын муу цагдаа намайг дахин тогоор цохиулсан бөгөөд энэ удаад цахилгаан гүйдэл урьдынхаасаа ч хүчтэй байлаа. “Бурхан минь! Намайг авраач! Би цаашид тэсвэрлэж чадахгүй нь!” гэж би зүрх сэтгэлдээ хашгиран дуудав. Яг тэр үед Эзэн Есүсийн цовдлолын тод томруун дүр зураг нүдний өмнө үзэгдсэн юм: хэрцгий цэргүүд Эзэний алганд сөөм урттай хадаас зоож, арьс, ясыг нь цоолсон… Эзэн Есүсийн зовлонд миний сэтгэл эцэс төгсгөлгүй шаналан, өөрийн эрхгүй дуу алдан уйллаа. Зүрх сэтгэлдээ би: “Бурхан минь! Та ариун; бас нүглээс ангид билээ. Гэвч хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Та тэрхүү балмад этгээдүүдэд Өөрийгөө хүлээлгэн өгч, загалмайд цовдлуулан, хүмүүс биднийг золин аврахын тулд эцсийн дусал цусаа шавхсан. Бурхан минь, би туйлын завхарсан хүн, бас устгуулах ёстой нэгэн. Би Таны авралыг хүлээн зөвшөөрч, ажлыг тань туулах аз тохиосон тул Танд өөрийгөө өргөх ёстой. Бурхан минь, Та яг одоо миний дэргэд байж, зовлонгийн минь турш хамт байгаа гэдгийг би эргэлзээгүй мэднэ. Та намайг үргэлж хайрлаж, миний төлөө хүчин чармайлтаа зориулсан. Би Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнээ өргөн барихад бэлэн байна. Ингэснээр Та миний төлөө зовж, надад санаа зовох шаардлагагүй болно” хэмээн Бурханд залбирлаа. Яг тэр үед ёрын муу хоёр цагдаа намайг тогоор цохиулахаа болив. Бурхан сул дорой байдлыг минь өрөвдсөнийг хараад миний зүрх сэтгэл Түүнд талархах талархлаар бялхсан юм! Үүний дараа цагдаа нар надад хор хөнөөл учруулахаа болиогүй ч би ямар ч өвдөлт мэдрэхээ болив. Бурхан намайг хамгаалж, миний өмнөөс зовлонг минь үүрсэн гэдгийг мэдээд Бурханы хайранд сэтгэл минь гүнээ хөдөлж, нулимс минь тасралтгүй урссаар байлаа. Дараа нь нэг цагдаа орж ирж, над руу ганц хараад, “Больцгоо; та нар наадхыгаа мэдрэлгүй болтол нь зодсон байна шүү дээ, тэгээд ч наадах чинь ам нээхгүй байна. Энэ хүн юу ч мэдэхгүй нь лавтай” гэж ёрын муу нөгөө хоёр цагдаад хэлэв. Тэгэхэд л тэд намайг тамлахаа болилоо. Энэ нь бүгд Бурханы гайхалтай зохион байгуулалт, зохицуулалтын нэг хэсэг гэдгийг би мэдэж байсан юм. Бурхан энэ сүрэг чөтгөрөөр миний амийг хөнөөлгөөгүй бөгөөд хүн явуулж, тэднийг болиулсан байв. Бурханы хайрыг би чин сэтгэлээсээ мэдэрсэн билээ.

Ёрын муу цагдаа нар арга мухардан, намайг цааш байцаагаагүй бөгөөд шөнө дундын үед цагдан хорих газар луу хүргэлээ. Засан хүмүүжүүлэх офицер намайг гуч гаруй хэрэгтэнтэй өрөө рүү аваачаад, хаалга онгойлгон дотогш оруулах үедээ хорноор инээж, хоригдлуудын толгойлогчид: “Хэсэг зуур дуу шуу бага гаргаарай; хэт их чимээ битгий гаргаарай” гэж зааварчлав. Хоригдлуудын толгойлогч намайг хөлөөс толгой хүртэл шинжээд, ёжтой инээмсэглэн, “Санаа зоволтгүй ээ!” гэж засан хүмүүжүүлэх офицерт хэлэв. Хоригдлуудын толгойлогчийн царай яах ийхийн зуургүй барайн, бусдадаа нам, заналтай дуугаар, “Байнга хийдэг шигээ хий, ахан дүүс ээ. Наадхыгаа бариад ав!” гэлээ. Бүх хоригдол өндийн, над руу олзоо харж буй бар шиг ширтэцгээх үед нуруу руу хүйт оргив. Хоригдлуудын толгойлогч гараа даллах үед тэд бүгд харгис чонын сүрэг мэт намайг бүчин авсан юм. Намайг дарж унаган, бүх хувцсыг минь урж тастаад, гутлынхаа хавтгай улаар хамаг чадлаараа балбаж эхэллээ. Эцэст нь, тэдэнд маш хүнд зодуулснаас болж би ухаан алдав. Тэгээд маргааш нь үүрийн зургаан цагт л ухаан орсон юм. Би буланд шигдээтэй, бүх бие минь айхтар их хавдсан, ямар ч хувцас өмсөж чадахааргүй байгаагаа анзаарлаа. Бүх бие маань авах юмгүй болтлоо хөхөрч, гэмтэж бэртсэн би зургаан хоногийн туршид модон орон дээр ийм байдалтай хэвтсэн юм. Үүнээс гадна ёрын муу цагдаа нар намайг тогонд цохиулснаас үүдэн аман дотор түлэгдэж, бүх эд эс нь үхэжсэн бөгөөд балга хоол ч идэж чадалгүй асар их тарчилж байлаа. Миний үхэл өөрсдөд нь төвөг удах вий гэж айсан засан хүмүүжүүлэх офицерууд бусад хоригдлыг ээлжээр явуулж, ногооны шөлөөр намайг хооллодог байв.

Шарх минь бага зэрэг эдгэсний дараа ёрын муу цагдаа нар хоригдлуудыг өдөөн турхирснаар тэд дээрэлхэж, хүчирхийлэхээ үргэлжлүүлэв. Тэд өглөө бүр эртлэн шоронгийн дүрмийг надаар цээжээр уншуулж, сайн уншихгүй бол зоддог байлаа. Түүнчлэн надаар цэвэрлэгээ хийлгэн, мөнгөтэй хоригдлуудын хувцсыг угаалгадаг байв. Тэгээд намайг өчүүхэн төдий алдаа гаргавал цохиж, өшиглөдөг байлаа. Бурханд итгэдэг гэдгийг минь тэд мэддэг байсан тул зүгээр л намайг уурлуулахын тулд миний өмнө Бурханыг доромжилсон маш олон зүйл зориуд хэлж, “Бурханд итгэдэг хүмүүс зодуулахдаа ямар ч өвдөлт мэдэрдэггүй юм биш үү? Ядрахгүйгээр ажиллаж чаддаг биш үү? Хэчнээн их зовсон ч тоохгүй биз дээ?” гэх мэтээр бас намайг үгээр доромжилдог байв. Намайг тамлахын тулд тэд явган суудаг жорлонг албан хүчээр гараар цэвэрлүүлсэн нь бөөлжис цутгамаар ой гутам байлаа. Тэд бүр шүдний сойзоор минь шалны хавтан цэвэрлүүлж, жигнэсэн мантууг минь албаар жорлон руу шиддэг байв. Засан хүмүүжүүлэх офицер шоронгийн өрөөний ариун цэврийг шалгахаар ирэх үедээ гутлаа тайлан, цагаан оймстойгоо тойрон алхдаг байв. Тэгээд оймс нь халтартвал намайг хэрцгийгээр зоддог байлаа… Ёрын муу цагдаа нар болон тэдгээр хоригдлын эцэс төгсгөлгүй ийм тамлалтай тулгарсан би тун сул дорой болж, маш их сэтгэлээр унав. Тэгээд ингэж амьдарснаас үхсэн нь дээр юм шиг санагдаж эхэллээ. Сул дорой байдал, зовлонгийн гүнд байхад минь Бурханы үг надад цааш амьдрах итгэл, эрч хүч өгсөн билээ. Бурханы ингэж хэлснийг би санасан юм: “Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр, тэдгээрийн агуулдаг бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Эдгээр үг бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл юм. Тэдгээр нь агуу улаан лууны оршдог газарт түүний харгисаар зовоосон хүмүүс дээр гүйцэлдэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс). Бурханд итгэх итгэлээсээ үүдэн доромжлол, тамлал туулж чадна гэдэг нь Бурхан намайг онцгойлон өргөмжилсний тэмдэг бөгөөд миний хувьд асар их нэр төрийн хэрэг гэдгийг Бурханы үг надад ойлгууллаа! Гэвч би сул дорй, ноён нуруугүй байж. Бие махбодын зарим нэг өвдөлт туулж, жаахан доромжлуулсан би Бурханд итгэх итгэлээ алдсан бөгөөд зовлонгоор дамжуулан Бурханы хайрыг хариулахын тулд гэрчлэлд зогсох хүсэлгүй байсан юм. Бурхан намайг аврахын тулд ийм уйгагүй их төлөөс төлсөн атал би Түүний ачийг яаж ийм маягаар хариулж чадав аа? Би яаж ингэж мөс чанарынхаа эсрэг явж, ийм сөрөг байдлаар хариулж чадав аа? Ингэж болохгүй! Би яавч ноён нуруугүй сул дорой амьтан байхгүй; бас Бурханы нэрийг яавч шившиглэж болохгүй! Тэгээд би Бурханд яаран залбирав: “Бурхан минь, намайг гэгээрүүлж, зовлонгийн утга учрыг ойлгуулсан Танд талархъя. Таны алдрын төлөө би төрөл бүрийн зовлонг туулахад бэлэн байна; үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх болсон ч би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүснэ. Танаас би гагцхүү надтай хамт үлдэж, намайг гэгээрүүлж, замчилж, Сатаны тамлалын туршид бат зогсон, Таны төлөө цангинасан гэрчлэл хийх боломж олгооч гэж л хүсэж байна.” Залбирсны дараа би бүрэн дүүрэн эрч хүчтэй болж, хүнд бэрх орчинтой нүүр тулах зоригтой боллоо.

Хоёр долоо хоногийн дараа ёрын муу цагдаа нар намайг байцаахаар эргэн ирээд, өөрсөдтэй нь хамтран ажиллавал тийм ч оройтоогүй байна гэцгээн, хамтрахгүй бол миний хувьд цаашид аливаа зүйл бүр илүү хэцүү болно гэж сүрдүүллээ. Хэд хэдэн удаагийн хэрцгий эрүү шүүлт туулсныхаа дараа би тэдний чөтгөрлөг мөн чанарыг аль хэдийн нэвт харж, тэднийг голдоо ортол үзэн яддаг болсон байв. Иймээс тэд яаж ч уруу татаж, сүрдүүлж, заналхийллээ гэсэн миний итгэл өчүүхэн төдий ч гуйвсангүй. Дараа нь тэд намайг хоёр долоо хоног тутамд нэг удаа байцааж эхэлсэн бөгөөд эцэст нь надаас үнэхээр ямар ч мэдээлэл олж авахгүй гэдгээ ойлгон, “олон нийтийн дэг журам алдагдуулсан ба хууль бус цуглаанд оролцсон” гэх гэмт хэргийн төлөө надад хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх хоёр жилийн ял оноосон билээ.

2006 оны 2-р сарын 24-нд намайг засан хүмүүжүүлэх газар луу илгээлээ. Бурханд итгэх итгэлийнхээ улмаас би “улс төрийн гэмт хэрэгтэн” гэх нэр зүүсэн бөгөөд шоронгийн харгалзагчид намайг зориуд хамгийн хүнд, хамгийн эцэж цуцам, хамгийн аюултай тоосго шатаах зууханд засан хүмүүжүүлэх хөдөлмөр хийлгэхээр хуваарилсан юм. Би дор хаяж цельсийн гурван зуун хэмийн (Фаренгейтийн 572 хэм) халуун зуухан дотроос шатаасан тоосго гаргах ажилтай байлаа. Өглөөд температур хамгийн бага байдаг ч мөн л зуун хэм (Фаренгейтийн 212 хэм) давдаг байв. Бид ийм халуун температурт ажиллах ёстой ч харгалзагчид биднийг халуунд тэсвэртэй ямар ч хувцсаар хангаагүй юм. Бидний өмсдөг хамгаалалтын дуулга зуухны хэсэгт хоёрхон минут болоод хайлдаг байсан бөгөөд шалзрахгүйн тулд бид амьсгаагаа түгжин, гадагш дотогш хар хурдаараа гүйх ёстой болдог байлаа. Бидэнд халуунд тэсвэртэй гутал байгаагүй тул зуухны хэсэг рүү ороход хоёр хөл дээрээ ээлжлэн зогсох ёстой байв; болгоомжгүй байвал хөл түлэгдэн, цэврүү үсэрдэг байлаа. Шинэ хоригдлууд үүнд дасаагүй бөгөөд орсныхоо дараа таван секундээс цааш тэсэлгүй гүйн гардаг байсан юм. Иймээс багийн ахлагч маань бүлгийн ахлагч бүрд элсээр дүүргэсэн хуванцар хоолой бариулахаар зохион байгуулсан ба гүйж гарсан хэн болгоныг хоолойгоор зоддог байв. Ийм төрлийн хоолой нь яс хугалахуйц хатуу биш боловч арьсан дээр ноцтой гувруу үүсгэдэг байсан юм. Хоригдлууд тэдгээрийг “нууцхан цохиур” гэж хочилдог байлаа. Бид зуухны хэсэгт орох үедээ амьсгалж зүрхэлдэггүй байв. Амьсгаа авах үед хамрын нүх рүү гал цоргиж байгаа мэт байдаг байлаа. Бид цөөхөн тоосго гаргасныхаа дараа тэргээ хурдан түрж гаргах ёстой байсан бөгөөд тэрэгний дугуй хагарах юм бол шийтгүүлээд зогсохгүй, “үйлдвэрлэлийн төхөөрөмж сүйтгэж, засан хүмүүжихэд эсэргүүцэл үзүүлсэн” гэх гэмт хэрэгт хамааруулан ялыг маань нэмдэг байлаа. Хоригдлууд бид өдөр тутам том тоосгоор 115 тэрэг, жижиг тоосгоор 95 тэрэг дүүргэх даалгавартай байсан юм. Тийм халуунд энэ даалгаврыг биелүүлэх боломжгүй байсан ч харгалзагчид биднээс даалгавраа яагаад гүйцэтгэж чадсангүй вэ гэж хэзээ ч асуудаггүй, харин хөдөлмөрт яагаад дайсагнах сэтгэлтэй байна вэ гэж л асуудаг байлаа. Халуунд ажиллахад маш их хөлөрдөг байсан тул эцэстээ би калийн хурц дутагдалд оров. Тэгээд хэд хэдэн удаа ухаан алдан газар унасан тул тэд намайг хэдэн минут сэрүүцүүлэхээр зуухны ханан дээр гаргадаг байлаа. Ухаан орсны минь дараа аяга давстай ус уулгаад, хүчээр буцаан ажиллуулдаг байв. Хязгаартаа тулна гэж юу гэсэн үг болох, тэвчихийн аргагүй хүндрэл бэрхшээл гэж юу болох, амьд явснаас үхсэн нь дээр санагдах ямар болохыг би ийнхүү анх удаа мэдэрсэн юм. Энд хүний үхэх, сэхэх эсэхийг хэн ч хайхардаггүй байлаа; багийн ахлагч өөрийнх нь бүлэг ажлаа дуусгасан эсэхэд л анхаардаг байсан юм. Дуусгасан бол юу ч хэлэхгүй бөгөөд дуусгаагүй бол мөн л юу ч хэлэлгүй, зүгээр л зуухны хаалга руу заачхаад яваад өгдөг байв. Үүний дараа бүлгийн ахлагч ажлаа дуусгаагүй хүн бүхнийг зуухны хэсэгт дуудан зогсоогоод, зоддог байлаа. Тэд газар унамагцаа халуун шаланд маш хүнд түлэгдэж, арьсаар нь дүүрэн цэврүү үсэрдэг байсан юм. Түүнчлэн, тэд өдөр бүр дахиад хорин тэрэг тоосгоор дүүргэх ёстой болж, өршөөл гуйн орилох хүртлээ болих аргагүй байдаг байлаа. Ийм төрлийн орчинтой тулгарсан би маш сул дорой болов. Хэдхэн хоногийн тамлал надад там руу яваад ирэх мэт санагддаг байлаа. Миний ухаан санаанд хоёр жил гэдэг үнэхээр тун урт хугацаа шиг санагдаж байв. Тэр бүх хугацааг би яаж давахаа мэдэхгүй байсан бөгөөд ёрын муу цагдаа нарт үхтлээ зодуулах вий, эсвэл хэт халуунд шатаж үхэх вий гэхээс санаа зовдог байлаа. Хэтийн ирээдүйнхээ талаар бодох тусам улам их урхидуулсан мэт санагддаг байв. Ийм чөтгөрлөг шоронд байхыг би үнэхээр тэвчиж чадахгүй мэт санагдсан тул үхэх тухай бодлоо. Түүнээс хойш өдөр бүр би “чөлөөлөгдөх” боломж хайдаг болсон билээ.

Эцэст нь нэг өдөр боломж гарлаа. Тоосгоор дүүрэн ачааны машин яг хөдөлж байх үед би урдуур нь түрүүлгээ харан үсэрсэн юм. Гэвч машины дугуй надаас нэг л тохойн зайд гэнэт зогслоо. Ачааны машин эвдэрсэн болж таарав. Хэдэн хоригдол намайг татаж авсан бөгөөд ахлах засан хүмүүжүүлэх офицер намайг сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хуучин зуршлаа өөрчлөх хүсэлгүй байна гэлээ. Тэгээд тэр намайг шийтгэж эхлэв. Тэд оч үсрэн буй цахилгаан бороохойг цамцны минь урд тал руу чихсэн нь маш их өвдсөн тул би газар унан, асар их татвалзлаа. Дараа нь тэд миний хоёр гарыг арагш нь утасны шонгоос гавлаад, цахилгаан бороохойгоор намайг хайр найргүй зодсон юм. Оройн хоолны дараа намайг дахин хүмүүжүүлж, үзэл суртлыг минь “залруулахын” тулд олон нийтийн ширүүн шүүмжлэлд өртүүллээ… Энэхүү эцэс төгсгөлгүй зовлон, тамлалд би туйлын их айдас, цөхрөл, арга мухардал мэдэрсэн билээ. Цааш яаж амьдрах тухай асуулттай зууралдаж байх яг тэр үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо: “Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн нь хамаагүй, чи бүрэн итгэлтэй хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл бүхэлдээ Түүн рүү буцан очиж, хором бүрд Түүн рүү хандаж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. Бурханы ялагч гэж хэлдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, анхны итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чаддаг хүмүүс юм. Юу ч болж байсан, хэрвээ чи цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чаддаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсдог бөгөөд энэ бол Бурханы хэлдэг ялагч юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас). Бүх итгэл найдвараа алдах тун дөхөж байх яг тэр үед Бурханы үг зүрх сэтгэлд минь гэрлийн туяа, халуун дулааныг авчирсан юм. Тийм шүү; эцсийн эцэст ямар ч хүнд нөхцөлд Бурханд итгэх итгэл, үнэнч байдлаа хадгалж, Түүний үгийн дагуу амьдарч, эцэст нь Сатаны өмнө Бурханд хүчирхэг, цангинасан гэрчлэл хийх чадвартай бүлэг ялагчдыг бүтээхийг Бурхан хүссэн шүү дээ. Харин Сатан сул дорой байдлаар минь далимдуулж, сэтгэлээр унасан байхад минь довтолж, Бурханаас хүчээр урвуулахын тулд л намайг тамлаж, гэмтээж бэртээх боломжтой бүх аргыг ашигласан—гэвч би Бурханы ичгүүрийн тэмдэг болж болохгүй! Намайг гэх Бурханы хайр маш жинхэнэ, бодитой байдаг; хамгийн сул дорой болж, үхлийг хүсэн мөрөөсөж байх үед минь Бурхан намайг нууцхан харж хандан, хамгаалж, амьд байлгасаар байсан юм. Би хэчнээн сул дорой байлаа ч гэсэн намайг хаях өчүүхэн ч санаа бодол Бурханд байгаагүй; намайг гэх Бурханы хайр хэзээ ч өөрчлөгдөөгүй бөгөөд Тэр намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, зовлон шаналлаас гарах замаа олоход минь тусалсаар байжээ. Би Бурханы урмыг хугалж, сэтгэлийг нь шархлуулж яавч болохгүй. Бурханы удирдамжид би талархаж байлаа. Энэ нь надад Сатаны заль мэхийг нэвт харж, үхлийн ирмэгээс буцах боломж олгосон юм. Тэгээд би өөрийн эрхгүй нэгэн магтан дууг дууллаа: “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, Түүнд үнэнч байхын тулд би доромжлолыг тэвчинэ. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”-ээс).

Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд захирагдаж, бүх зовлонг тэвчих хүсэлтэй болсны минь дараа Бурхан надад гарах гарц нээлээ: Багийн ахлагч бичиг үсэггүй байсан тул тайлан бичихдээ надаар туслуулсан бөгөөд тэр үеэс хойш би тоосго зөөвөрлөх ажил төдийлөн их хийх шаардлагагүй болов. Хэсэг хугацааны дараа чуулганы настайвтар эгч намайг эргэж ирсэн юм. Эгч гарыг минь атгаад, “Хүү минь, чи зовлон үзжээ. Ах эгч нар чинь чиний төлөө маш их санаа зовж, бид бүгд өдөр бүр чиний төлөө залбирч байна. Чи хүчтэй байж, Сатаны өмнө сөгдөхгүй байх ёстой шүү. Бат зогсож, Бурханы төлөө гэрчлэл хийх ёстой. Гэртээ ирэхийг чинь бид бүгд хүлээж байна” хэмээн нулимс цийлгэнүүлэн хэллээ. Ийм хүйтэн, хэрцгий хүний тамд Бурханы тайтгаруулах үгээс бусдаар би ганц ч хүнээс халуун дулаан үг сонсож байгаагүй юм. Уулзаагүй удсан ах эгч нарын эелдэг дотно үгийг сонсоод, би асар их тайтгарал, урам зориг авлаа. Үүний дараа би удаан хугацаанд Бурханы хайраар зоригжсон юм; тэгээд нэлээн их тайвширч, ажиллаж байхдаа алхаа минь хөнгөн байв. Шоронд байсан бүх хугацаанд тэр өдрүүд л хамгийн хурдан өнгөрсөн юм. Ялангуяа сүүлийн дөрвөн сар нь үнэхээр нисэх мэт өнгөрлөө. Ялыг нь хөнгөлсөн хоригдлуудын нэрсийн жагсаалтыг сар бүр зарлах үед би үргэлж хамгийн эхэнд жагсдаг байв. Өмнөх саруудад энэ нэрсийн жагсаалтад гагцхүү хоригдлуудын толгойлогчид, багийн ахлагчдын нэрс багтдаг байсан юм: ямар ч мөнгө, эрх мэдэлгүй хоригдлууд жагсаалтад багтдаггүй байв. ХКН-ын засгийн газраас “улс төрийн гэмт хэрэгтэн” хэмээх нэр зүүсэн Христэд итгэгч миний хувьд тийм эрх ямба хүртэх магадлал бүр ч бага байсан билээ. Ийм учраас бусад хоригдол үргэлж намайг бүчин авч, “Яаж ингэсэн юм бэ?” хэмээн асуудаг байлаа. Ийм зүйл болох тоолонд би үүнийг Бурханы агуу өршөөлийн үр дүн гэж мэддэг байсан тул зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд талархдаг байв. Бурханы хайр надад хүч чадал хайрласан юм.

2007 оны 9-р сарын 7-нд би хугацаанаасаа эрт суллагдав. Тэгээд удалгүй чуулганд буцан очиж, чуулганы амьдралаа үргэлжлүүлсэн бөгөөд сайн мэдээ түгээгчдийн эгнээнд дахин нэгдсэн юм. Энэ удаагийн зовлон бэрхшээлийг туулсныхаа дараа би урьдынхаасаа илүү шийдэмгий болж, боловсорсон бөгөөд үүргээ биелүүлэх боломжийг бүр ч их нандигнах болсон билээ. Бурханыг эсэргүүцэж, хүмүүсийг харгисалдаг ХКН-ын засгийн газрын жинхэнэ нүүр царайг би харсан тул Бурханы аврал хэчнээн эрхэм нандин болохыг улам гүн гүнзгий мэдэрсэн юм. Бурхан хүн төрөлхтөнд аврал авчрах ажлыг хийхийн тулд бие махбодтой болж, биечлэн ирээгүй бол Сатаны эзэмшил дор амьдарч буй бүх хүн сүйрч, түүнд залгиулах байлаа. Тэр үеэс хойш би үүргээ биелүүлэх бүрдээ урьдынхаасаа тэс өөр хандлага баримтлах болов. Сайн мэдээ түгээж, хүмүүсийн сүнсийг аврах ажил туйлын чухал гэдгийг би мэдрэн, Илүү олон хүнийг Бурханы өмнө авчрахын тулд насан туршдаа бүх үнэнч байдлаа зориулж, бүх эрч хүчээ зарцуулахыг хүссэн билээ. Энэхүү бурхангүй засгийн газрын төөрөгдөл, ов мэхийн манангаас тэднийг бас сэрээж, Бурханы амийн хангалтыг хүлээн зөвшөөрөх, Бурханы авралыг хүртэх боломж олгохыг би хүсэв. Шоронд хоригдсон маш урт удаан тэр хоёр жилийг эргээд бодохоор Сатан дарангуй хүчирхийллээ ашиглан намайг албан хүчээр Бурханаас урвуулах гэж хий дэмий оролдсон боловч Бурхан тэрхүү хэцүү орчныг ашиглан итгэл, үнэнч байдал, Түүнд дуулгавартай байдлыг минь нэмэгдүүлж, Бурханыг гэх хайрыг минь ариусгаж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг надад ухааруулж, Бурхан бол хүн төрөлхтний аврал, бас хайр гэдгийг гүнээ ойлгуулсан билээ! Зүрх сэтгэлийнхээ гүнээс би Бурханыг хэмжээлшгүй их шүтэн мөргөж, магтсан юм!

Өмнөх: Хүндрэл бэрхшээл туулсны дараа Бурханыг гэх хайр минь улам батажсан

Дараах: Хүндрэл бэрхшээлтэй цаг үед Бурханы үг намайг зоригжуулсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх