5. Үүргээ хэрхэн хангалттай гүйцэтгэх тухай

Холбогдох Бурханы үг:

“Үүргийн хангалттай гүйцэтгэл” гэх хэллэгт “хангалттай” гэх үгийг онцолдог. Тэгвэл “хангалттай” гэдгийг яаж тодорхойлох ёстой вэ? Үүнд ч бас эрж хайх үнэн бий. Хангалттай гэдэг зүгээр л тэнцэхүйц ажил хий гэсэн үг үү? “Хангалттай” гэдэг үгийг яаж ойлгож, авч үзэх талаарх тодорхой нарийн ширийний тухайд чи олон үнэнийг ойлгож, үнэнийг илүү их нөхөрлөх ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг болон үнэний зарчмыг ойлгох ёстой; тэгснээр л үүргийн хангалттай гүйцэтгэлд хүрч чаддаг. Яагаад хүмүүс үүргээ биелүүлэх ёстой вэ? Бурханд итгэж, Бурханы даалгаврыг хүлээн авсан цагт хүмүүс Бурханы гэрийн ажил, Бурханы ажлын талбар дахь хариуцлага, үүргээс хуваалцдаг бөгөөд улмаар энэ хариуцлага, үүргээс үүдэн Бурханы ажлын элемент буюу Бурханы ажлын объектын элемент, Бурханы авралын объектын элемент болсон байдаг. Иймээс хүмүүсийн аврал болон тэд үүргээ хэрхэн биелүүлдэг, үүргээ сайн хийж чаддаг эсэх, үүргээ хангалттай биелүүлж чаддаг эсэхийн хооронд нэлээд их холбоо байдаг. Чи Бурханы гэрийн нэг хэсэг болж, Бурханы даалгаврыг хүлээн авсан болохоор одоо үүрэгтэй болсон. Энэ үүргийг яаж биелүүлэхийг чи шийддэг юм биш; үүнийг Бурхан шийдэж, үнэний стандарт тушаадаг. Иймээс аливааг Бурхан яаж хэмждэгийг хүмүүс ойлгож, тодорхой ойлголттой байх ёстой—энэ бол эрж хайх үнэ цэнтэй зүйл юм. Бурханы ажилд янз бүрийн хүмүүс өөр өөр үүрэг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн авьяас билиг, хэв чанар, нас, нөхцөл байдал, эрин үеэс хамааран янз бүрийн үүрэг хүлээн авдаг. Чи ямар ч үүрэг авлаа гэсэн, ямар ч эрин үе, орчин нөхцөлд үүргээ хүлээн авч байлаа гэсэн үүрэг бол зүгээр л үүрэг; энэ бол хүний удирддаг зүйл биш. Эцсийн эцэст Бурханы чамаас шаарддаг стандарт бол үүргээ хангалттай гүйцэтгэх явдал. “Хангалттай” гэх үгийг яаж тайлбарлах ёстой вэ? Энэ нь, чи Бурханы шаардлагад нийцэж, Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой, ажлыг чинь Бурхан хангалттай гэж хэлж, сайшаан толгой дохих ёстой гэсэн үг юм; тэгсэн цагт л чи үүргээ хангалттай биелүүлсэн байх болно. Бурхан чиний ажлыг хангалтгүй гэж хэлж байгаа бол чи үүргээ сайн биелүүлээгүй хэрэг. Хэдийгээр чи үүргээ биелүүлж, үүргээ гүйцэтгэсэн гэдгийг чинь Бурхан хүлээн зөвшөөрлөө ч хангалттай биелүүлдэггүй бол үр дагавар нь ямар байх вэ? Ноцтой тохиолдолд хүмүүсийн аврагдах найдвар замхран, үгүй болж магад; арай гайгүй тохиолдолд тэд үүргээ биелүүлэх эрхээ хасуулж болох юм. Тийм эрхээ хасуулсных нь дараа зарим хүнийг хойш тавиад, дараа нь тусад нь арга хэмжээ авч, зохицуулдаг. Тусад нь арга хэмжээ авч, зохицуулдаг гэдэг нь таягдан хаядаг гэсэн үг үү? Тийм байх албагүй; Бурхан энэ хүмүүсийн хэрхэн авирлахыг харзнана. Тиймээс үүргээ яаж биелүүлэх нь гол чухал юм. Хүмүүс үүнд хянамгай хандаж, үүнийг нухацтай авч үзэж, амийн оролт болон аврал хүртэхэд нь асар чухал ач холбогдолтой хэмээн үзэх ёстой; үүнд хайнга хандах ёсгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Бурханд итгэдэг хүн бүр Түүний хүслийг ойлгох ёстой. Үүргээ зөв зохистой биелүүлдэг хүмүүс л Бурханыг хангалуун байлгаж чадах бөгөөд Түүний даалгасан даалгаврыг гүйцэлдүүлснээр л тэд үүргээ хангалттай биелүүлнэ. Бурханы даалгаврыг биелүүлэх стандарт гэж бий. Эзэн Есүс: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла” гэж хэлсэн. Бурханыг хайрлана гэдэг бол хүмүүсээс Бурханы шаарддаг зүйлийн нэг тал юм. Үнэн хэрэгтээ Бурхан хүмүүст даалгавар өгч, хүмүүс итгэлээрээ үүргээ биелүүлэх үед тэднээс шаарддаг Бурханы стандарт нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүхий л хүч чадлаараа биелүүлэх явдал юм. Хэрэв бие чинь байгаад сэтгэл чинь эзгүй бол, хэрэв чи даалгаврыг тархиндаа тунгааж, цээжилдэг атлаа зүрх сэтгэлээ зориулдаггүй бол, мөн хэрэв чи чадвараа ашиглан аливааг биелүүлдэг бол Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж байгаа хэрэг мөн үү? Тэгвэл үүргээ зүй зохистойгоор биелүүлж, Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ үнэнчээр гүйцэтгэхийн тулд ямар төрлийн стандартыг биелүүлэх ёстой вэ? Тэр бол үүргээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун санаа, бүх хүч чадлаараа хийх явдал юм. Хэрвээ чи Бурханыг хайрлах сэтгэлгүйгээр үүргээ сайн гүйцэтгэхээр оролдох юм бол энэ нь бүтэхгүй. Бурханыг гэх хайр чинь улам хүчтэй, улам жинхэнэ болбол чи аяндаа бүх зүрх сэтгэл, бүх сэтгэл санаа, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа үүргээ гүйцэтгэж чаддаг болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”-аас эш татав

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Харин муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь хор хөнөөлтэй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь саад болдог ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан бай, тэнгэр нурж ирсэн ч гэсэн, Бурхан намайг амьдруулсаар байгаа цагт үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэх эрхтэй байхын тулд би амьдарч байгаа өдөр бүрдээ үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажиллана. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, аливаа зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд захирагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэний бодит байдалд орсон байдаг. Үнэнийг амьдран харуулахын хамгийн бодит, жинхэнэ илэрхийллийн нэг нь энэ билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Үүргээ хайхрамжгүй, хааш яаш гүйцэтгэх нь илэрхий, нийтлэг асуудал боловч ужиг бөгөөд шийдвэрлэхэд хэцүү байдаг. Эхлээд нухацтай, няхуур, хариуцлагатай, үнэнч, үйлдэлдээ хашир байж, уралдаанд алгуурхнаар, тууштай ялж сур. Нэг бол юу ч битгий хий, хэрвээ хийвэл үүндээ сэтгэл ханатал төгс болтол нь сайн хий. Аливаа зүйлийн зарчмыг эрж хайж, тэдгээр зарчмын дагуу хийж сурвал бүр ч сайн. Хэдийгээр энэ нь илүү их хичээл чармайлт шаардаж, чи хоол унд, амралтаа орхигдуулж магадгүй боловч хайхрамжгүй, хааш яаш байлгүйгээр юмыг ямартай ч сайн хий—хэрвээ чи ойлгохгүй байвал бүү дүр үзүүл, харин ойлгосныхоо хэрээр л хий. Хайхрамжгүй, хааш яаш байдлыг шийдвэрлэхэд амархан уу? Өдөр бүр үүргээ гүйцэтгэхээсээ өмнө Бурханд залбир. “Бурхан минь, би үүргээ гүйцэтгэж эхэлж байна. Хэрвээ би хайхрамжгүй, хааш яаш байх юм бол зүрх сэтгэлд минь намайг сахилгажуулж, зэмлээрэй гэж Танаас гуйя. Үүргээ сайн гүйцэтгэж, хайхрамжгүй, хааш яаш бус байхад минь намайг залж чиглүүлэхийг бас Танаас гуйя” гэж хэл. Өдөр бүр ийм маягаар хэрэгжүүлж, үүргээ хайхрамжгүй, хааш яаш гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэхэд хэр их хугацаа орохыг, хэр удаж байж үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй, хааш яаш байх чинь улам багасаж, үүргээ улам цөөхөн хольцтойгоор, улам сайн бодит үр дүнтэйгээр, бүр ч их үр ашигтайгаар гүйцэтгэхийг хар. Үүргээ хайхрамжгүй, хааш яаш бус байдлаар гүйцэтгэх—үүнийг чи өөрөө хийж чадах уу? Энэ нь өөрөө хянаж чадах зүйл чинь мөн үү? (Үүнийг хянахад амар биш.) Энэ нь төвөгтэй. Хэрвээ үүнийг хянахад үнэхээр хэцүү бол бэрхшээл чинь гарцаагүй их юм! Тэгвэл хайхрамжгүй, хааш яаш байлгүйгээр чи юу хийж чадах вэ? Идэхийг үү? Тоглохыг уу? Хувцаслаж, нүүрээ будахыг уу? Зарим эмэгтэйчүүд нүүрээ будахдаа хөмсөг юм уу толгойнхоо ганц ч үсийг орхидоггүй. Хэрвээ та нар тийм ухамсартай хандлагаар үйлдвэл үүний адилаар хайхрамжгүй, хааш яаш биш болж чадна. Хайхрамжгүй, хааш яаш байдаг асуудлыг эхлээд шийдвэрлэ, дараа нь өөрийнхөө хүслийн дагуу үйлдэх асуудлыг шийдвэрлэ. Хүн хүссэнээрээ үйлдэх нь ч бас түгээмэл байдаг бөгөөд үүнийг өөрөөсөө танихад ч бас амархан байдаг. Заримдаа оюун ухаан, бодол санаагаа хурдхан шинжлээд л чи үүнийг ялган таньж чадах ба “Миний хийж байгаа зүйл миний хүсэлд нийцэж байна. Би зарчмын дагуу юу хийх ёстойгоо мэддэг ч тэгж хийхгүй байна” гэж хэлнэ. Энэ нь танихад амархан зүйл биш гэж үү? (Мөн.) Тэгвэл үүнийг шийдвэрлэх боломжтой байх ёстой. Эхлээд энэ хоёр асуудлаас эхэл, нэг нь хайхрамжгүй, хааш яаш байдаг асуудлыгшийдвэрлэх, нөгөө нь өөрийнхөө хүслийн дагуу үйлдэх явдал. Нэг хоёр жилийн дараа, хийж байгаа зүйлдээ хайхрамжгүй, хааш яаш биш байхаар, мөн өөрийнхөө хүссэнээр үйлдэхгүй—хувийн хүслээ холихгүй байхаар чармай. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэмэгцээ та нар үүргээ сэтгэл хангалуун гүйцэтгэхэд дөхсөн байна. Хэрвээ эдгээрийг шийдвэрлэж чадахгүй бол та нар Бурханыг дуулгавартай дагах, Түүний хүслийг хайхрах яагаа ч үгүй хэвээр бөгөөд бүр өнгөцхөн зүйлийг ч хийсэнгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Ямар төрлийн үүрэг гүйцэтгэж байгаагаас, эсвэл ямар мэргэжлийн ур чадварт суралцаж байгаагаас үл хамааран, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи сайжирна. Хэрвээ чи сайжрах гэж оролдсоор байх юм бол улам бүр сайн хийдэг болно. Хэрвээ чи аливаа зүйлд нухацтай ханддаггүй бол сурсан зүйл чинь хүртэл ямар ч хэрэггүй байх болно. Чи ашиглаж болох зүйлдээ ч нухацтай ханддаггүй, юмс яаж эргэхийг огт мэддэггүй, чамайг залж чиглүүлэх ойлгодог нэг ч хүн байдаггүй бол хэзээ ч ахиц гаргахгүй, сурсан ур чадвар чинь дэмий үрэгдэнэ. Ямар нэгэн зүйлийг сурах үед онолыг нь сурахад амархан байдаг боловч хэрэгжүүлэхэд тийм ч хялбар байдаггүй. Хэрвээ чи онолыг хэрэгжүүлэлт болгон дээшлүүлж, дараа нь хэрэгжүүлэлтийн суурин дээрээс ямар нэгэн зүйлд хүрснээр бүр ч өндөрт гарч, давуу талаа илүү их ашиглан, сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийг хүсдэг бол юу хийх ёстой вэ? Чи мэргэжлийн ур чадварт суралцаж, тэдгээрийн талаар төрөл бүрийн материал эрж хайхад илүү их цаг зарцуулах ёстой; чи бүх талаар байнга суралцаж, байнга хайж, сул талаа бусдын давуу талаар тасралтгүй дэмжиж, бусдаас сурах учиртай, сурах хэрэгтэй зүйлийг сурах ёстой. Ийм маягаар мэргэжлийн ур чадвар чинь байнга сайжирна. Бусад хүмүүс чамд ямар нэгэн зүйлийг яаж хийхийг хэлж өгөх үед ойлгохоор хичээж, шүүн тунгаах ёстой. Чамд хүн ямар нэг зүйл хэлэх үед хэлж байгаа зүйлийг нь мэддэг бөгөөд юмыг хийх сайн арга зам мөн гэж хүлээн зөвшөөрдөг боловч дараа нь хэсэг бодож үзээд, дотроо “Бараг болно” гэж хэлдэг бол чи ямархуу хандлагатай байна вэ? Мэргэжлийн ур чадвар, мэргэшил ч бай, эсвэл итгэлдээ үнэнийг эрэлхийлэхдээ ч бай, чиний хандлага муу байдаг—энэ нь хааш яаш хандлага юм. Энэ ямар зан чанар вэ? Энэ бол биеэ тоосон, эерэг зүйлсийг хайрладаггүй, хатуу ширүүн байдал юм. Ийм зүйлс чамаас харагддаг уу? (Тийм.) Тэдгээр нь байнга, хааяа, эсвэл тодорхой асуудлууд дээр л харагддаг уу? (Байнга.) Ийм төрлийн зан чанарыг хүлээн зөвшөөрөх хандлага чинь нэлээд чин сэтгэлийн, үнэнч шударга байгаа боловч хүлээн зөвшөөрөх төдийхөн нь хангалтгүй; хэрвээ чи хүлээн зөвшөөрөхөөс өөрийг хийдэггүй бол өөрчлөгдөх боломжгүй. Тэгвэл чи яаж өөрчлөгдөж болох вэ? Биеэ тоосон зан чанар хүмүүсээс илчлэгдэж, хүмүүсийн хандлага хааш яаш, үл хэрэгссэн, хайнга байдалтай байх үед тэд заавал Бурханы өмнө очиж, нэн даруй залбиран, Бурханы шүүлт, сахилгажуулалтыг туулж, Бурханы шинжилт болон Бурханы сахилгажуулалтыг хүлээн авах ёстой; түүнээс гадна, тэд өөрсдийнх нь зан чанарын энэ тал хэрхэн гарч ирдэг, үүнийг хэрхэн өөрчилж болохыг танин мэдэх ёстой. Мэдэхийн зорилго нь өөрчлөгдөх явдал юм. Тэгвэл ийм өөрчлөлтөд хэрхэн хүрч болох вэ? Эхний алхам нь юу байх ёстой вэ? Хүмүүс эхлээд залбирч, эхлээд Бурханы өмнө очиж, Бурханы шинжилт, Түүний сахилгажуулалтыг хүлээн авах ёстой, дараа нь тэд идэвхтэйгээр хамтран ажиллах ёстой. Тэд яаж хамтран ажиллах ёстой вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байх үедээ, “бараг болно” гэж бодож байгаагаа олж мэдмэгцээ өөрсдийгөө засаж залруулах ёстой ба тэгж бодох ёсгүй. Биеэ тоосон зан чанар гарч ирэх үед зүрх сэтгэлдээ чи зэмлэлийг—Бурханы зэмлэл, цээрлүүлэлтийг мэдрэх ёстой; чи бушуухан эргэж, “Дөнгөж сая миний буруу байсан. Би дахиад л завхарсан, сатанлаг зан чанар харуулж; сатанлаг зан чанарт хөтлөгдөж; эрхэндээ оруулахыг Сатанд зөвшөөрч; хааш яаш байх гэж байжээ. Намайг сахилгажуулах учиртай!” гэх ёстой. Хэрвээ чи зэмлэл мэдэрвэл Бурханы өмнө нүглээ улайж, өөрийгөө өөрчлөх ёстой. Нүглээ хэрхэн улайх ёстой вэ? Нухацтай хандаж, сөгдөж, нүүрээрээ газар унан мөргөж, Бурханд залбирах хэрэггүй. Ингэх шаардлагагүй. Чи зүрх сэтгэлдээ Бурхантай ярилцаж, “Бурхан минь, миний буруу байжээ, би дахиад л хайнга, хааш яаш байх гэж байлаа. Намайг ажиглаач гэж би Танаас гуйж байна; завхарсан зан чанар дотроос минь удирдаж, эсвэл намайг бүхэлд нь захираасай гэж би хүсэхгүй байна. Би Бурханд захирагдаж, үнэний дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байна. Намайг ажиглаач гэж Танаас гуйж байна” хэмээн хэл. Ингэж залбирах үед дотоод байдал чинь өөрчлөгдөнө. Байр байдлаа өөрчлөхийн зорилго юу вэ? Энэ нь өөрийгөө амжилттай өөрчилж, үнэнч, дуулгавартай байж, буулт хийлгүйгээр Бурханы зэмлэл, сахилгажуулалтыг хүлээн авах боломж олгох зорилготой. Ингэж чи өөрийгөө өөрчилнө. Дахиад хааш яаш болох гэж байхдаа, үүрэгтээ дахин нэгэнтээ хөнгөн хуумгай хандахыг хүсэх үедээ Бурханы сахилгажуулалт, зэмлэлээс үүдэн чи өөрийгөө тэр дор нь өөрчилж чадна—ийнхүү чи цалгар назгай байдлаасаа аврагдах бус уу? Гэм буруугаа залруулах бус уу? Энэ нь сайн зүйл үү, муу зүйл үү? Энэ бол сайн зүйл юм.

Заримдаа ажлаа дуусгасны дараа зүрх сэтгэл чинь бага зэрэг тавгүйтдэг. Сайтар нягтлаад үзвэл, асуудал үнэхээр байгааг олж мэднэ. Үүнийг засаж залруулах ёстой болж, дараа нь чамд сэтгэл амар санагдана. Тайван бус байдал чинь нэмэлт цаг зарцуулах хэрэгтэй, илүү сайн анхаарал хандуулах ёстой асуудал байгааг нотолдог. Энэ бол үүргээ гүйцэтгэх нухацтай, хариуцлагатай хандлага юм. Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа чамд тийм зүрх сэтгэл байдаггүй ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Хүнд тийм зүрх сэтгэл байвал Ариун Сүнсний сануулга болон удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чамд тийм зүрх сэтгэл байхгүй бол чи асуудлыг олж тогтоох чадваргүй хэвээр байх болно. Тэгвэл энэ нь юу харуулдаг вэ? Энэ нь хүмүүс хамтран ажиллах нь маш чухал гэдгийг; тэдний зүрх сэтгэл маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа зүрх сэтгэлдээ юу агуулдаг ба хэр их хүч энерги гаргаж байгааг Бурхан шинжиж, харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа ч бас чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байдаг болно. Хэрэв өнөөдөр чи бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөхгүй бол дараа нь юм буруугаар эргэж, үр дагавар гарах үед харамслаа ч хэтэрхий оройтсон байх бус уу? Чи үүрд өртэй болж, сэтгэлд чинь сэв сууна! Сэвтэй болно гэдэг нь хүмүүсийн үүргээ биелүүлэх үеийн гэм буруу юм. Үүргээ биелүүлэх үедээ хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлд бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахаар чармай. Хэрвээ чи үүргээ ердөө л хайнга биелүүлдэггүй, мөн ямар ч харуусалгүй байдаг бол энэ үед биелүүлсэн үүргийг чинь Бурхан санана. Бурханы санадаг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлс санагддаггүй вэ? (Гэм буруу болон муу үйл санагддаггүй.) Тэдгээр нь гэм буруу юм. Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ, “Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Хэрвээ би арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм зүйл болохгүй байсан юм” гэж дотроо бодно. Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс мөнхийн өр үүсвэл чи асуудалд орно. Иймээс өнөөдөр үүргээ биелүүлэх, даалгавар хүлээн авах бүрдээ чи хамаг чадлаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийхээр чармайх ёстой. Чи гэмшиж, харамсахгүйгээр, Бурханд санагдаж, сайн үйл байхаар хийх ёстой. Нэг нүдээ нээж, нөгөөг нь аниад хайнга, хааш яаш бүү үйлд; чи үүндээ харамсаж, засаж залруулах боломжгүй байх болно. Энэ нь гэм буруу болж, эцэст нь чи зүрх сэтгэлдээ үргэлж гэмшиж, өртэй санагдаж, буруутгана. Энэ хоёр замын аль нь хамгийн сайн бэ? Аль нь зөв зам бэ? Ямар ч харуусалгүйгээр үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэж, сайн үйл бэлдэж хуримтлуулах. Гэм буруугаа хуримтлуулж, тэрэндээ харамсаж, өрөнд орж болохгүй. Хүн хэтэрхий олон гэм буруу үйлдвэл юу тохиолддог вэ? Тэд Бурханы өмнө Бурханы уурыг өөрсдөдөө хуримтлуулдаг! Хэрвээ чи бүр ч их гэм буруу үйлдэх юм бол чамд хандах Бурханы уур хилэн улам бүр ихсэж, эцэст нь чи шийтгүүлнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”-ээс эш татав

Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үнэн хэрэгтээ хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэхдээ, хэрвээ чи үүнийг Бурханы өмнө хийдэг бол, үүргээ үнэнч шударга, чин сэтгэлийн хандлагаар гүйцэтгэдэг бол энэ хандлага хавьгүй илүү зөв байх бус уу? Тэгвэл энэ хандлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Чи “Бурханд зүрх сэтгэлээсээ, үнэнчээр шүтэн мөргөхийг” бодит байдлаа болгох ёстой. Чи лазагнаж, зүгээр л ёс төдий зүйл хийж, залхуурмаар санагдаж, өөртөө сатаарах боломж олгож, явж зугаацахыг хүсэх болгондоо сайтар бодох хэрэгтэй: Ингэж авирласнаар би итгэл даахуйц байна уу? Ингэх нь үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг мөн үү? Ингэснээрээ би үнэнч бус байна уу? Ингэснээрээ би Бурханы тавьсан итгэл найдварыг биелүүлж чадахгүй байна уу? Ингэж өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Тэгээд, “Би энэ асуудлыг нухацтай авч үзсэнгүй. Тухайн үед асуудал байгааг мэдэрсэн боловч ноцтой гэж үзэлгүй, хайхрамжгүйгээр хаацайлсан. Одоо энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Би ямархуу хүн юм бэ?” гэж бодох хэрэгтэй. Чи асуудлыг олж тогтоон, өөрийгөө жаахан мэдэж авсан байх болно. Жаахан мэдчихээд л болих ёстой юу? Нүглээ улаймагцаа л боллоо юу? Чи гэмшиж, өөрчлөлт хийх ёстой! Чи өөрийгөө яаж өөрчилж болох вэ? Урьд нь чи үүргээ гүйцэтгэх талаар буруу хандлага, сэтгэлгээтэй байж, зүрх сэтгэлээ зориулдаггүй, зөв зүйлд хэзээ ч оролцдоггүй байсан. Өнөөдөр чи үүргээ гүйцэтгэхэд хандах хандлагаа зөв болгох ёстой, Бурханы өмнө залбирах ёстой, урьдын бодол, хандлага чинь дахин гарч ирэх үед чамайг сахилгажуулж, цээрлүүлэхийг Бурханаас гуйх ёстой. Хайнга, хааш яаш байдаг байсан талбаруудаа яаравчлан тодорхойл. Тэдгээрийг яаж засаж залруулах тухай бод, засаж залруулсныхаа дараа дахин эрж хай, залбир тэгээд зөв зүйл хийсэн гэдэгтэй чинь хүн бүр санал нийлэх хүртэл илүү дээр санал зөвлөгөө байгаа эсэхийг ах эгч нараасаа асуу. Тэр үед л чи баталгаажна. Энэ удаа үүргээ стандартын дагуу гүйцэтгэж, чадах бүхнээ хийж, зүрх сэтгэлээ зориулж, байгаа бүхнээ өгсөн гэж чамд санагдана; харамсах юмгүйгээр чадах бүхнээ хийсэн гэж санагдана. Бурханы өмнө тайлан өгөх үедээ мөс чанар чинь цэвэр байх бөгөөд “Бурхан миний үүргийг 60% гэж тооцож магадгүй боловч би биедээ байгаа бүх хүч чадлыг дайчилсан, бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, залхуураагүй, зальхай байдлаар үйлдэх гэж оролдоогүй, юуг ч гамнаагүй” гэж чи хэлнэ. Энэ нь бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаа үүрэгтээ зориулах бодит байдлыг авч, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байгаа хэрэг биш үү? Үнэний эдгээр бодит байдлыг амьдран харуулж байгаа хэрэг биш үү? Эдгээр бодит байдлыг амьдран харуулах үед зүрх сэтгэлд чинь ямар санагддаг вэ? Хүний төстэй амьдарч байгаа мэт, амьд үхдэл шиг байхаа больсон мэт санагдаггүй гэж үү?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд эхлээд үүргийн гүйцэтгэлдээ эв найртай хамтын ажиллагаанд хүрэх шаардлагатай. Одоо энэ чиглэлд хэрэгжүүлж буй зарим хүн байгаа, тэгэхээр тэд үнэнийг сонссоныхоо дараа бүрэн дүүрэн, зуун хувь хэрэгжүүлж чаддаггүй ч энэ зарчмын дагуу ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ явцдаа тэд бүтэлгүйтэж, сул дорой болж, гажиж, ойр ойрхон алдаа гаргаж болох ч тэдний явж буй зам бол энэ зарчмын дагуу үйлдэж чаддаг болохоор мэрийх зам мөн. Жишээлбэл, заримдаа чи ямар нэг зүйлийг хийдэг аргаа зөв гэж бодож болох ч өмнөө байгаа даалгаврыг саатуулахааргүй нөхцөлд ажлын хамтрагч, багийн гишүүдээ олж уулзан, энэ талаар хэлэлцэж болно. Тухайн асуудлыг тодорхой болтол нөхөрлө, үүнийг ямар нэг байдлаар хийх нь хамгийн сайн үр дүнд хүрч, зарчмын хүрээнээс халихгүй бөгөөд Бурханы гэрт ашиг тус өгч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгийн сайн хамгаалж чадна гэж бодон нэгдсэн саналд хүрэх хүртлээ нөхөрлө. Эцсийн үр дүн заримдаа жаахан дутуу дулимаг байж болох ч чиний ажлын арга зам, чиглэл, зорилго зөв байна. Тэгвэл Бурхан үүнийг хэрхэн харах вэ? Энэ асуудлыг яаж тодорхойлох вэ? Бурхан чамайг энэ үүргийг хангалттай биелүүлж байна гэж хэлэх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Үүргээ хангалттай биелүүлэхэд Бурханд хэдэн жил итгэсэн, үүрэгтээ хэр ихийг хийсэн, Бурханы гэрт хэр их хувь нэмэр оруулсан чинь хамаагүй, үүрэгтээ хэр их туршлагатай чинь бүр ч хамаагүй. Бурханы хардаг үндсэн зүйл бол хүний явдаг зам юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэн болон зарчимд хандах хүний хандлага, хүний үйлдлийн цаад чиглэл, гарал үүсэл, сэдлийг хардаг. Бурхан эдгээр зүйлийг анхаардаг; эдгээр нь чиний алхдаг замыг тодорхойлдог зүйлс юм. Хэрвээ үүргээ гүйцэтгэх явцад чинь чамаас эдгээр зүйлийг огт олж харах аргагүй бол, мөн ажил чинь чиний бодлоос үүсдэг, сэдэл чинь хувийн ашиг сонирхлоо хамгаалж, нэр төр, албан тушаалаа хамгаалахын төлөө байдаг, үнэнийг эрж хайх нь бүү хэл, аливааг хэзээ ч бусадтай хэлэлцэж, эв найртай хамтран ажиллалгүйгээр шийдвэр гаргаж, ганцаараа ажиллаж, эцсийн шийдвэр гаргах арга барилтай бол Бурхан чамайг юу гэж үзэх вэ? Хэрвээ чи үүргээ ингэж биелүүлдэг бол стандартад нийцэх хараахан болоогүй байна; чи ажлаа хийхдээ үнэн-зарчмыг эрж хайлгүй, үргэлж өөрийн дураар аашилдаг тул үнэнийг эрэлхийлэх замд хөл тавиагүй байна. Ихэнх хүн үүргээ сэтгэлд хүрэхээр биелүүлдэггүйн шалтгаан энэ юм. Одоо харахад, үүргээ хангалттай гүйцэтгэх хэцүү байна уу? Үнэндээ бол үгүй; хүмүүс ердөө л даруу байр байдалтай болж, бага зэрэг эрүүл ухаан эзэмшиж, зохих байраа эзэлж чаддаг байх ёстой. Чи өөрийгөө хэчнээн их боловсролтой гэж боддог ч бай, ямар ч шагнал авсан бай, хэчнээн ч их зүйлд хүрсэн бай, хэв чанар, зэрэг зиндаагаа хэчнээн дээгүүр гэж боддог ч бай хамаагүй эхлээд энэ бүх зүйлийг орхих ёстой, учир нь эдгээр нь юу ч биш. Бурханы гэрт тэдгээр зүйл хэчнээн ч агуу, сайн байлаа гэсэн, үнэнээс дээгүүр байж чадахгүй; тэдгээр нь үнэн биш бөгөөд үнэнийг орлож чадахгүй. Иймээс Би чамайг эрүүл ухаан гэгч энэ зүйлтэй байх ёстой гэж хэлдэг. Хэрвээ чи “Би тун авьяаслаг, маш хурц ухаантай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, юм хурдан сурдаг, ой тогтоолт нэн сайтай” гэж хэлж, эдгээр зүйлийг үргэлж далим болгон ашигладаг бол энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ чи эдгээрийг үнэн гэж үзэж, эсвэл үнэнээс дээгүүрт үзвэл үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Үргэлж сүрхий мэт аашилдаг биеэ тоосон, ихэрхүү хүмүүст үнэнийг хүлээн авахад хамгийн хэцүү байдаг бөгөөд унах магадлал хамгийн ихтэй. Хэрэв хүн биеэ тоосон зангийн асуудлаа шийдвэрлэж чадвал үнэнийг хэрэгжүүлэхэд амархан болдог. Иймээс гаднаа сайхан, сүрлэг санагдаж, бусдын атаархлыг төрүүлдэг тэдгээр зүйлийг эхлээд нухчин дарж, үгүйсгэх ёстой. Эдгээр зүйл үнэн биш; харин ч эдгээр нь үнэнд ороход чинь саад хийж болно. Одоо хийх хамгийн чухал зүйл бол үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж, үүргээ хангалттай биелүүлэх явдал; учир нь үүргээ хангалттай гүйцэтгэх нь амийн оролтын замд орох цорын ганц эхний алхам мөн, тэгэхээр энэ бол эхлэл гэсэн үг. Асуудал бүрд хамгийн үндсэн, гол зүйл, анхны алхмыг чинь тавьдаг зүйл гэж байдаг бөгөөд үүргээ хангалттай биелүүлэх нь амийн оролтын үүдээр оруулах зам юм. Хэрвээ үүргийн чинь биелэлт огтхон ч ийм “хангалттай” байдаггүй бол чи чармайлт гаргах хэрэгтэй. Яаж чармайх ёстой вэ? Ааш араншнаа өөрчилж, авьяас билиг, мэргэжлийн давуу талаа орхих хэрэгтэй гэсэн үг биш; үүргээ биелүүлэхдээ чи үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийн хажуугаар эдгээр давуу тал, сурсан зүйлээ авч явж болох юм. Хэрэв чи үүргээ биелүүлж байхдаа амь руу орвол үүргээ хангалттай биелүүлж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Үүргээ биелүүлэх явцад, юмсын эерэг талаасаа чи үүрэгтээ зөв хандаж, ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бууж өгөхгүй байж чадна. Бусад бүх хүн итгэхээ, үүргээ гүйцэтгэхээ больсон ч гэсэн, чи үргэлжлүүлсээр, бууж өгөхгүй байж чадна. Өөрөөр хэлбэл, чи эхнээс нь дуустал үүргээ хаяхгүй байж, бүр эцсийг нь хүртэл цөхрөлтгүй чин сэтгэлээ зориулсан хэвээр байж чадна; ингэвэл чи үүргээ чин сэтгэлээсээ үүрэг гэж хүлээн авсан байна. Хэрэв чи үүнийг биелүүлж чадвал үүргээ гүйцэтгэхэд үндсэндээ таарч тохирсон байна. Энэ бол юмсын эерэг тал юм. Гэхдээ үүнд хүрэхийн өмнө, юмсын сөрөг талаасаа, хүмүүс бүх төрлийн уруу таталтыг тэсвэрлэх ёстой. Хэрэв хүн үүргээ биелүүлэх явцдаа уруу татахыг тэсэж чадахгүй, үүргээ хаяж, нүүр буруулсан бол аврагдах найдвар түүнд байж болох уу? Тэр хүний хувьд бүх найдвар үгүй болох бөгөөд таарч тохирох, тохирохгүй нь огт хамаагүй болно; аврал түүнд ямар ч хамаагүй байх болно. Тиймээс хүн үүргээ чанд баримтлах ёстой. Ингэхийн тулд юун түрүүнд, хүн болгонд тулгардаг хамгийн том бэрхшээл бол уруу татах зүйлтэй тулгарахаараа хүн бат зогсож чадах эсэх явдал юм. Ямар төрлийн уруу татах зүйл байдаг вэ? Мөнгө, байр суурь, эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа, сэтгэл хөдлөл. Өөр юу байдаг вэ? Хэрэв зарим үүрэг бага зэрэг эрсдэлтэй, эсвэл бүр амь насанд аюултай байсан ч, тэрхүү үүргийг гүйцэтгээд шоронд орох юм уу үхэж магадгүй байсан ч, чи тэр үүргийг мөн л гүйцэтгэх үү? Чи тэдгээрийг хэрхэн гүйцэтгэх вэ? Энэ бүхэн нь уруу татах зүйл юм. Эдгээр уруу татах зүйлийг давж гарахад хэцүү юу үгүй юу? Тэдгээр нь бүгд үнэнийг эрэлхийлэхийг чамаас шаарддаг. Үнэнийг эрэлхийлэх явцад, энэ бүх уруу татах зүйлтэй тулгардаг болохоор чи аажмаар ялган таних чадвараа хэрэглэж, мэдлэг олж авч чаддаг байх ёстой. Мөн чанарыг нь таньж, жинхэнэ төрхийг нь ойлгож, өөрийн мөн чанар, завхарсан зан чанарыг мэд; өөрийн сул талыг мэдэж авч, чамайг хамгаалахыг, эдгээр уруу таталтыг тэсвэрлэж чаддаг болгохыг Бурханаас үргэлж гуй. Хэрвээ чи тэдгээрийг тэсвэрлэж, ямар ч нөхцөл байдалд орсон нүүр буруулж, зугталгүйгээр үүргээ чанд баримталж чадвал аврагдах замынхаа талд нь очих болно. Ингэж замын талд нь хүрэхэд амархан уу? Алхам тутамд чинь урхи байх боломжтой; энэ зам аюул ослоор дүүрэн. Энэ бол амаргүй! Тэгэхээр үүний ямар хэцүүг ганцхан хараад л амьдрал хэтэрхий ядаргаатай, тэр чигтээ яваад үхчихсэн нь дээр юм шиг санагддаг хүмүүс байдаг уу? Тэд ерөөл хүсдэг боловч зовж зүдрэхийг хүсдэггүй. Тэд ямар гээч хүмүүс вэ? Тэд бол хулчгар олиггүй хүмүүс юм. Үүргээ хэрхэн зөв зүйтэй гүйцэтгэх, таарч тохирохын тодорхойлолт юу байх, таарч тохирохын шалгуур нь юу байх, таарч тохирохын энэхүү стандартад Бурханы өгсөн шалтгаан, үүргээ зөв зүйтэй биелүүлэх хийгээд амийн оролтын хоорондох харилцааны тухайд бол, хүмүүс эдгээр зүйлийг ойлгож авсан. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран бууж өгөлгүйгээр үүргээ чанд баримталж чадах тэр газраа хүрч чадвал, бүхий л төрлийн уруу таталтыг тэсвэрлэж чадаад чамд зориулан Бурханы гаргаж тавьсан бүх төрлийн нөхцөл байдалд Түүний шаарддаг янз бүрийн үнэний талаар мэдлэгтэй болбол Бурханы нүдээр чи үндсэндээ таарч тохирсон байх болно. Үүргээ гүйцэтгэхдээ таарч тохирдог болоход гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг: Нэг нь үүрэгтээ хандах хандлага, нөгөө нь үүргээ биелүүлэх явцад бүхий л төрлийн уруу таталтыг тэсвэрлэж чаддаг байх, өөр нэг нь үүргээ гүйцэтгэх зуураа үнэн болгоныг ойлгож чаддаг байх явдал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Өмнөх: 4. Хүн завхарсан зан чанараараа амьдарвал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадах эсэх

Дараах: 1. Сайн үйл гэж юу болох, хэрхэн илэрдэг тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх