Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Агуулга

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Өмнө нь хэлсэн үгэн дэх “шүүлт” буюу шүүлт Бурханы гэрээс эхэлнэ гэдэг нь эцсийн өдрүүдэд Түүний сэнтийн өмнө ирдэг хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийх шүүлтийг хэлдэг. Магадгүй зарим хүмүүс, эцсийн өдөр ирэхэд Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь том цагаан бүтээлэг дэвсээд, бүх хүмүүсийг газарт өвдөг сөгдүүлэн агуу сэнтийдээ суунгаа Тэрээр хүн бүрийн нүглийг илчилж, тэгснээрээ тэднийг тэнгэр рүү дээш гарах эсвэл доор байгаа гал болон хүхэрт нуур луу илгээхийн аль нэгийг шийддэг гэсэн ер бусын төсөөллүүдэд итгэдэг байх. Хүний төсөөлөл ямар байснаас үл хамааран Бурханы ажлын мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Хүний төсөөлөл гэдэг бол хүний тархинаас гарч байгаа бодлоос бүтсэн зүйлээс өөрцгүй бөгөөд хүний харсан болон сонссон зүйлийг нийлүүлж, хэсэгчилсэн зүйл юм. Иймд Би төсөөлсөн зүйл нь хичнээн гоё байгаад зүгээр л зураг төдий байх ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст бүх хүмүүс Сатанаар завхруулагдсан учраас тэд яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг нэн гайхамшигтай байна гэж боддог. Тэрээр шүүлтийн ажлыг Бурхан Өөрөө хийж байгаа учраас энэ нь маш агуу цар хүрээтэй, энгийн хүмүүст ойлгомжгүй байх учиртай гэж итгэдэг; үүний дуу чимээ тэнгэр газрыг доргиох ёстой; эс бөгөөс тэр нь яаж Бурханы шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан маш агуу сүрлэг байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс нь өвдөг дээрээ сөхрөн орилж уйлж, өршөөл хүсэж байх ёстой гэдэгт тэр итгэдэг. Тийм дүр зураг асар их сонирхол татам агаад гүнээ сэтгэл хөдлөм байх ёстой... Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг хосгүй гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлсэн бөгөөд энэ хооронд чи амар тайван унтсаар л байгаа гэдгээ мэддэг үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлсэн гэж бодож байх үед энэ нь Бурхан газар тэнгэрийг аль хэдийн шинээр бүтээж байх цаг гэдгийг мэддэг үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил бөх унтаж буй чамайг там руу аваачих болно. Тэгэхэд л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарах болно.

Үнэтэй цагаа эдгээр жигшүүртэй муухай сэдвийн талаар ярихад зарцуулахаа больё. Харин шүүлт юунаас тогтдог тухай ярилцацгаая. “Шүүлт” гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв чи эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл чамайг Бурханд ойртуулах замуудад дургүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан Түүний нүдэн доор зугтаж байгаа тэрслүү хэнийг ч өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүлээн авах болно. Бурханы өмнө шүүгдэхээр ирж, цаашлаад ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд оршин байгаа зүйл юм.

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы тухайд таагүй мэдрэмжтэй байдаг, учир нь хүмүүсийн хувьд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд бие махбод болно гэдэгт итгэх нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад хүмүүс Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал чи мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажилд зогсоохын аргагүй эрч хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдсандаа хэмжээлшгүй их харамслаар дүүрэх болно. Чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан сэнтий гарч ирж чам дээр шүүлтээ явуулахыг хүлээ! Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно.

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Тайлбар:

a. Үхсэн модны хугархай: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.