4. Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох тухай

Холбогдох Бурханы үг:

Залбирах үедээ чи Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж, чин үнэнч сэтгэлтэй байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа—чи чихэнд чимэгтэй үгээр Бурханыг аргалах ёсгүй. Бурханы яг одоо гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл дээр залбирал төвлөрөх ёстой. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгөхийг Бурханаас гуй, залбирахдаа өөрийн бодит байдал, бэрхшээл болон Бурханы өмнө гаргасан шийдвэрээ Түүний өмнө авчир. Залбирал бол дэг журмыг дагах явдал биш; энэ нь чин зүрх сэтгэлээр Бурханыг эрж хайх явдал юм. Зүрх сэтгэлээ Бурханы өмнө байнга тайван байлгахын тулд зүрх сэтгэлийг чинь хамгаалахыг Бурханаас гуй; Бурханы чамд зориулсан орчинд өөрийгөө мэдэж, жигшиж, хаядаг болж, улмаар Бурхантай хэвийн харилцаатай, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгооч гэж Бурханаас гуй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын шалгуур гэвэл чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдох ёсгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр мэдлэг ухаантай болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг ашиглах ёстой—уруудан доройтох ёсгүй. Энэ бол чиний хүрэх ёстой наад захын зүйл. Хэрвээ чи үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол сүнслэг амьдрал чинь зөв замд ороогүйг энэ нь нотолно. Улмаар чи анх чамд байсан үзэгдлийг авч үлдэж чадалгүй, Бурханд итгэх итгэлээ алдаж, дараа нь шийдэмгий байдал чинь алга болно. Сүнслэг амьдрал руу орсон эсэхийн чинь нэг тэмдэг бол чиний залбирал зөв замд орсон эсэхийг харах явдал юм. Бүх хүн энэ бодит байдалд орох ёстой; тэд бүгд идэвхгүйгээр хүлээх бус, Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж ухамсартайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд ухамсартайгаар сургах ажлыг хийх ёстой. Тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Залбирлын тухай хамгийн үндсэн мэдлэг:

1. Санаандаа орсон юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Зүрх сэтгэлд чинь ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл, залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2. Залбирал Бурханы үгийг агуулах ёстой; энэ нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3. Залбирах үедээ чи хуучирсан асуудлыг сөхөх ёсгүй. Залбирал чинь Бурханы одоогийн үгтэй холбоотой байж, залбирах үедээ сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Бурханд хэлэх ёстой.

4. Бүлгийн залбирал төв дээр буюу Ариун Сүнсний өнөөгийн ажилд заавал төвлөрөх ёстой.

5. Бүх хүн бусдын төлөө залбирч сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаардгаа харуулах нэг арга зам юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлын тухай ойлголт болон залбирлын тухай үндсэн мэдлэгт үндэслэдэг. Өдөр тутмын амьдралдаа, дутагдлынхаа төлөө байнга залбирч, амь зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд залбирч, Бурханы үгийн тухай мэдлэгтээ үндэслэн залбир. Хүн бүр залбирлын амьдралаа бий болгох хэрэгтэй, тэд Бурханы үгийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах ёстой. Хувийн нөхцөл байдлаа Бурханы өмнө ил болго, залбирдаг арга барилд анхаарал хандуулалгүй бодитой бай, гол асуудал нь жинхэнэ ойлголтод хүрч, Бурханы үгийг бодитоор туулах явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрэлхийлдэг хoн олон өөр арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэддэг болох—эдгээр нь бүгд хэвийн сүнслэг амьдралд орохын төлөөх сүнслэг нөхөрлөлийн зоримог ажлын жишээ бөгөөд Бурханы өмнөх байр байдлаа улам сайжруулж, амийн ахиц дэвшлийг бүр ч ихэсгэдэг. Товчхондоо бол Бурханы үгийг идэж, уух ч бай, эсвэл чимээгүй залбирч, чангаар тунхаглах ч бай, хийдэг бүхэн чинь Бурханы үг, ажил болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлийг тодорхой ойлгохын төлөө байдаг. Бүр ч чухал нь, чиний хийдэг бүхэн Бурханы шаарддаг стандартад хүрч, амиа дараагийн түвшинд аваачихын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Залбирч эхлэхдээ чи хэрээс хэтэрч, бүхнийг нэг дор биелүүлэхээр найдах ёсгүй. Чи хэрээс хэтэрсэн шаардлага тавиад, ам нээмэгцээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэнэ, эсвэл Бурхан чам дээр нигүүлслийг асгана гэж найдаж болохгүй. Ийм явдал тохиолдохгүй; Бурхан ер бусын зүйл хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цагт хүмүүсийн залбирлыг биелүүлдэг, мөн Өөрийнх нь өмнө үнэнч эсэхийг чинь харахын тулд заримдаа итгэлийг чинь туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, шаргуу, шийдвэртэй байх ёстой. Ихэнх хүн залбирахаар сургуулилж эхлэх үедээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чаддаггүй учраас хулчийдаг. Ингэж болохгүй! Чи тууштай байх ёстой; Ариун Сүнс сэтгэл хөдөлгөхийг мэдрэхэд болон эрж хайх, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа хэрэгжүүлдэг зам чинь буруу байдаг, заримдаа хувийн сэдэл болон үзэл чинь Бурханы өмнө бат зогсож чаддаггүй тул Бурханы Сүнс чамайг хөдөлгөж чаддаггүй. Зарим үед Бурхан үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь хардаг. Товчхондоо гэвэл, чи өөрийгөө сургахад илүү их төлөөс төлөх ёстой. Хэрэгжүүлэлтийн чинь зам гажууд гэдгийг олж мэдвэл чи залбирдаг арга замаа өөрчилж болно. Чи чин сэтгэлээр эрж хайж, хүлээн авахаар хүсэн тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг энэ бодит байдалд аваачих нь лавтай. Заримдаа үнэн зүрх сэтгэлээсээ залбирсан ч чамд төдийлөн сэтгэл хөдөлсөн мэт санагддаггүй. Иймэрхүү үед чи итгэлдээ найдаж, Бурхан залбирлыг чинь хардаг гэж итгэх ёстой; чи залбирахдаа цөхрөлтгүй байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Бүх хүнд байдаг асуудлыг Би олж илрүүлсэн: Ямар нэгэн зүйл тохиолдоход тэд Бурханы өмнө ирж залбирдаг боловч тэдний хувьд залбирал нэг хэрэг, урдах асуудал нь өөр нэг хэрэг. Тэд өөрсдөд нь тохиолдож байгаа зүйлийн талаар залбиралдаа ярьж болохгүй гэж итгэдэг. Тэд хааяа нэг чин сэтгэлээсээ залбирдаг бөгөөд зарим хүн хэрхэн залбирахаа ч мэддэггүй. Үнэндээ залбирна гэдэг нь үндсэндээ зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг ердийнх шигээ л ярих явдал юм. Гэхдээ залбирч эхлэнгүүтээ байр сууриа мартдаг хүмүүс байдаг; тэд Бурханы хүсэлтэй нийцэх эсэхийг нь анхаарч үзэлгүй, Бурханаас ямар нэг зүйл өгөхийг шаарддаг ба үүний улмаас залбирал нь залбирах явцад хатаж ганддаг. Залбирах үедээ зүрх сэтгэлдээ юу ч гуйж байсан, юу ч хүсэн хүлээж байсан; эсвэл магадгүй шийдвэрлэхийг хүсдэг асуудал байгаа боловч тэр асуудлынхаа талаар ямар ч ойлголтгүй бөгөөд чамд мэргэн ухаан юм уу хүч чадал өгөхийг, чамайг гэгээрүүлэхийг Бурханаас гуйж байгаа бол—чи юу ч хүссэн байсан, үүнийгээ хэлэхдээ ухаалаг байх ёстой. Чи тийм биш байгаад, сөхөрч суун “Бурхан минь, надад хүч чадал өгөөч; уг чанарыг минь харуулаач; Таныг ажиллаач гэж гуйж байна; Танаас энийг, тэрийг гуйж байна; намайг ийм, тийм болгохыг Танаас гуйж байна…” гэж хэлбэл тийнхүү “гуйж” байгаа чинь албадсан шинж чанартай байдаг; энэ нь Бурханд шахалт үзүүлж, Түүнийг албадаж хүссэн зүйлээ хийлгэхийг оролдож буй хэрэг—тэр ч байтугай, нөхцөлөө чи ганцаараа урьдаас шийдсэн байна. Ариун Сүнсний харж байгаагаар, чи аль хэдийн нөхцөлөө тавиад, юу хиймээр байгаагаа шийдчихсэн байхад тийм залбирал ямар үр нөлөөтэй байх вэ дээ? Хүн эрж хайсан, дуулгавартай зүрх сэтгэлээр залбирах хэрэгтэй. Жишээ нь, чамд ямар нэгэн зүйл тохиолдоод, үүнийг хэрхэн зохицуулахаа сайн мэдэхгүй байвал чи: “Бурхан минь! Үүнийг яахаа би мэдэхгүй байна. Энэ асуудал дээр Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таны хүслийг эрж хайхыг хүсэж байна. Таны хүсэл биелэх болтугай. Би үүнийг өөрийн хүслээр биш, Таны хүслээр хийхийг л хүсэж байна. Хүний бүх хүсэл Таныхаас зөрүүтэй, Таныг эсэргүүцдэг, үнэнтэй нийцдэггүй гэдгийг Та мэднэ. Та намайг гэгээрүүлж, энэ асуудал дээр намайг залж чиглүүлж, намайг Танд халдахгүй байлгаач гэж би гуйя…” гэж хэлж болно. Ийм залбирлын өнгө аяс зохистой юм. Чи зүгээр л “Бурхан минь, Та надад тусалж, намайг залж чиглүүлж, надад зөв орчин нөхцөл, зөв хүмүүсийг бэлдэж өгч, ажлаа сайн хийх боломж олгооч гэж гуйя…” гэж хэлбэл чиний хүслийн дагуу үйлдэхийг Бурханаас гуйсан байх учраас чи залбирсныхаа дараа Бурханы хүслийг ойлгоогүй хэвээр байх болно.

Залбиралд ашигладаг үг чинь ухаалаг эсэхийг одоо чи магадлах ёстой. Залбирал чинь ухаалаг биш бол тэнэглэлээс чинь болсон, эсвэл санаатайгаар тэгсэн эсэх чинь хамаагүй, Ариун Сүнс чам дээр ажиллахгүй. Тиймээс залбирахдаа чи ухаалгаар, тохиромжтой өнгөөр ярих ёстой. Ингэж хэл: “Бурхан минь! Та миний сул тал, тэрслүү байдлыг мэднэ. Та зөвхөн Өөрийн хүслийн дагуу надад хүч чадал өгч, нөхцөл байдлаа даван туулахад минь туслаач гэж л би гуйя. Үүнийг л би гуйя. Таны хүсэл юу болохыг би мэдэхгүй ч ямартай ч Таны хүсэл биелэх болтугай. Намайг үйлчлэл үзүүлэгч юм уу товойлгогч болгосон ч гэсэн, би үүнийг дуртайяа хийнэ. Та надад хүч чадал, мэргэн ухаан өгөөч, энэ асуудал дээр Таныг сэтгэл хангалуун болгох боломж олгооч гэж би гуйя. Би зөвхөн Таны зохицуулалтад л захирагдахыг хүсэж байна…” Ингэж залбирсны дараа зүрх сэтгэл чинь тайвширна. Хэрвээ чи байнга гуйхаас өөрийг хийдэггүй бол хэчнээн ихийг хэлсэн ч гэсэн, бүгд хоосон үг л байх болно; юу хүсэж байгаагаа чи урьдчилан шийдчихсэн байх учраас Бурхан гуйлтын чинь хариуд ажиллахгүй. Чи өвдөг сөхрөн залбирахдаа ингэж хэл: “Бурхан минь! Та хүний сул талыг мэднэ, Та хүний байдлыг мэднэ. Та намайг энэ асуудал дээр гэгээрүүлээч гэж би гуйя. Таны хүслийг ойлгох боломж олгооч. Таны зохицуулсан бүхэнд захирагдахыг л би хүсэж байна; зүрх сэтгэл минь Таныг дуулгавартай дагахыг хүсэж байна…” Ингэж залбирваас Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөнө. Хэрвээ чи зөв залбирахгүй бол залбирал чинь улиг болж, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхгүй. Санаснаа ярьж, дэмий бүү чалч—ингэх нь ердөө хайхрамжгүй, хааш яаш байдал юм. Чамайг хайхрамжгүй, хааш яаш байвал Ариун Сүнс ажиллах уу? Хүн Бурханы өмнө ирэхдээ зөв, зохистой байж, тахил өргөхдөө бүгд сөхөрч суудаг байсан Хуулийн эрин үеийн тахилчид шиг сүсэглэж биширсэн хандлагатай байх ёстой. Залбирах нь энгийн зүйл биш. Хүн шүдээ ярзайлгаж, хумсаа сарвайлган Бурханы өмнө очих юм уу хөнжилдөө шигдчихээд идэвхгүйхэн залбирч, Бурхан өөрийг нь сонсож чадна гэж итгэх хандлагатай байж яаж болох вэ? Энэ бол сүсэг бишрэл биш! Би энд хүмүүсийг тодорхой нэг дүрэм журмыг баримтал гэж шаардах зорилгоор ярьж байгаа юм биш; хүн ядаж л зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, сүсэг бишрэлтэй хандлагаар Түүний өмнө очих хэрэгтэй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Та нарын залбирал ихэвчлэн эрүүл ухаангүй байдаг бөгөөд байнга “Өө Бурхан минь! Та надаар ийм үүрэг гүйцэтгүүлсэн тул ажлаа саатуулж, Бурханы гэрийн ашиг сонирхолд ямар нэг хохирол учруулахгүйн тулд миний хийдэг бүхнийг зүй зохистой байлгах ёстой. Та намайг хамгаалах ёстой…” гэх өнгө аясаар залбирдаг. Ийм залбирал хэтэрхий бодлоггүй байдаг, тийм биз дээ? Хэрвээ чи Бурханы өмнө очиж, ийм маягаар залбирвал Тэр чам дээр ажиллах уу? Хэрвээ чи Миний өмнө ирж, ийм маягаар яривал Би сонсох уу? Би чамайг хаалгаар өшиглөөд гаргана! Чи Христийн өмнө байдагтайгаа адилаар Сүнсний өмнө байдаг бус уу? Хүн Бурханы өмнө залбирахаар очихдоо яаж маш ухаалгаар залбирч болох талаар, сүсэг бишрэлд хүрч, захирагдаж чаддаг болохын тулд дотоод байдлаа хэрхэн тохируулах талаар бодож үзэх ёстой. Ингэчхээд чи зоригтойгоор залбирч болно; Бурхан байгааг чи мэдэрнэ. Хүмүүс олон удаа сөхөрч унаад залбирдаг; тэд нүдээ аних агаад “Өө Бурхан минь! Өө Бурхан минь!” гэхээс өөр үг тэдэнд орж ирдэггүй. Та нар яагаад ингэж удаан хугацаанд үггүйгээр хашхирч байдаг юм бэ? Байдал чинь зөв биш байна. Чи ер нь ингэдэг үү? Юу хийж чадах, ямар хэмжээнд хийж чадахаа чи одоо мэддэг бөгөөд өөрийн гэсэн арга хэмжээг авсан боловч хэвийн бус байдалтай байх үе чамд олон байдаг. Заримдаа хэдийгээр байдал чинь засарсан ч гэсэн, яаж ингэснийг чи мэдэхгүй байж магадгүй бөгөөд ихэнхдээ залбирахад чинь нэг ч үг орж ирдэггүй. Чи үүнийг боловсролгүйгээс болж байна гэж үзэж ч магадгүй. Хүн залбирахын тулд боловсрол сайтай байх ёстой юу? Залбирал бол эсээ биш—зүгээр л хэвийн хүний эрүүл ухаанаар чин сэтгэлээсээ ярь. Есүсийн залбирлыг харцгаа (Есүсийн залбирлыг хэлэх үедээ хүмүүс Түүний өнцөг, тэр байр суурин дээр зогсох албагүй): Гетсеманийн цэцэрлэгт Тэр, “хэрвээ боломжтой бол…” гэж залбирсан юм. Өөрөөр хэлбэл, “Хийж болохоор бол” гэсэн. Ингэж хэлэлцсэн болохоос Тэрээр “Танаас гуйя” гэж хэлээгүй. Тэр дуулгавартай зүрх сэтгэл, хүлцэнгүй байр байдалтайгаар, “Өө Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч: гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Матай 26:39) хэмээн залбирсан. Тэр хоёр дахь удаад ч ийнхүү залбирсан бөгөөд гурав дахь удаад “Таны хүслээр болог” гэж залбирсан юм. Тэрээр Эцэг Бурханы санаа зорилгыг ухаараад “Таны хүслээр болог” гэж хэлсэн. Тэгээд хувийн ямар ч сонголт огт хийлгүй, бүрэн захирагдаж чадсан юм. “Хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч” гэж Тэр хэлсэн. Энэ юу гэсэн утгатай байв? Тэр эцсийн амьсгаагаа тасартал загалмай дээр цус асгаруулах асар их зовлонгийн тухай бодож, энэ нь үхлийн асуудлыг хөндсөн учраас, мөн Эцэг Бурханы санаа зорилгыг хараахан бүрэн ухаараагүй байсан учраас ийнхүү залбирсан юм. Тэрээр зовлонгийн тухай бодсон ч гэсэн ийн залбирч чадсаныг харгалзан үзвэл үнэхээр л тун дуулгавартай байжээ. Тэрээр ийнхүү залбирах нь хэвийн байдал юм; Тэр залбиралдаа ямар ч болзол тавиагүй, мөн аягыг өнгөрүүлэх ёстой гэж ч хэлээгүй. Харин ч Өөрийн ойлгоогүй нөхцөл байдалд Бурханы санаа зорилгыг эрж хайхаар зорьсон юм. Тэрээр эхний удаа залбирахдаа ойлгоогүй бөгөөд “Хэрвээ боломжтой бол … гэхдээ Таны хүслээр болог” хэмээсэн. Тэрээр хүлцэнгүй байр байдалтайгаар Бурханд залбирсан. Хоёр дахь удаад ч ийм байдлаар залбирсан. Есүс нийтдээ гурван удаа залбирсан (мэдээж, энэ гурван залбирал ердөө гуравхан хоногт тохиолдоогүй) бөгөөд эцсийн залбиралдаа Бурханы санаа зорилгыг бүрэн ойлгож аваад, үүнийхээ дараа ямар нэг зүйл гуйхаа больсон билээ. Эхний хоёр залбиралдаа Тэрээр дуулгавартай байдалтайгаар эрж хайсан. Гэтэл хүмүүс ердөө ингэж залбирдаггүй. Хүмүүс залбирахдаа, “Бурхан минь, Танаас энэ тэрийг хийгээч гэж гуйя, бас намайг үүн дээр, түүн дээр замчлаач гэж гуйя, нөхцөл байдлыг маань бүрдүүлээч гэж гуйя…” гэцгээдэг. Магадгүй Тэр чамд зориулан тохиромжтой нөхцөл байдлыг бэлдэхгүй бөгөөд чамд бэрхшээл амсуулна. Хэрвээ хүмүүс үргэлж “Бурхан минь, надад зориулан бэлтгэж, надад хүч чадал өгөхийг Танаас гуйж байна” хэмээн хэлдэг бол ингэж залбирах нь тун эрүүл ухаангүй хэрэг юм! Чи залбирахдаа эрүүл ухаантай байх ёстой бөгөөд захирагдаж байгаа урьдач нөхцөл дор залбирах ёстой. Залбирлаа бүү хязгаарла. Залбирч эхлэхээсээ ч өмнө чи, “Би Бурханаас гуйж, Түүгээр ийм тийм юм хийлгэнэ” хэмээн залбирлаа аль хэдийн хязгаарлаж байна. Ийм маягаар залбирах нь маш эрүүл ухаангүй хэрэг. Ихэнхдээ, Бурхан хүмүүсийн залбирлыг огт сонсдоггүй учраас хүмүүс залбирах үедээ юу ч мэдэрдэггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бурханы өмнө залбирч, эрж хайх нь энэ тэрийг хий гэж Бурханыг албадах явдал биш. Ухаалаг залбирал гэж юу вэ? Бодлогогүй залбирал гэж юу вэ? Чи хэсэг хугацааны дараа туршлагаасаа эдгээр зүйлийг мэддэг болно. Жишээ нь, залбирсныхаа дараа чи Ариун Сүнс залбирсан зүйлийг чинь хийхгүй, бас чиний залбирснаар чамайг залж чиглүүлэхгүй байгааг мэдэрч магадгүй. Тэгээд дараагийн удаа залбирахдаа чи өөрөөр залбирна. Өмнөх удаад оролдсон шигээ чи Бурханыг албадах юм уу өөрийн хүсэлд тулгуурлаж Түүнд хүсэлт тавихгүй. Чи “Өө Бурхан минь! Юм болгон Таны хүслийн дагуу хийгддэг” гэж хэлнэ. Чи ийм хандлагад анхаарч байгаа цагт хэсэг хугацаанд тэмтчиж явсныхаа дараа бодлогогүй байна гэдэг юу гэсэн үг болохыг мэдэх болно. Өөрийн хүслийн дагуу залбирах үед залбирал чинь үлбэгэр болж, удалгүй хэлэх юмгүй болдог гэдгээ сүнсээрээ мэдэрдэг байдал бас бий. Юм хэлэх тусам яриа чинь улам болхи болдог. Ингэж залбирах үедээ чи тэр чигээрээ махан биеийг дагаж байгаа гэдгийг энэ нь баталдаг бөгөөд Ариун Сүнс тийм маягаар чам дээр ажиллаж, чамайг залж чиглүүлэхгүй. Энэ нь ч бас эрж хайж, туулах явдал билээ. Хэдийгээр Би энэ талаар одоо чамд ярьж дууссан боловч туулах явцдаа чи зарим нэг онцгой нөхцөл байдалтай тулгарах магадлалтай. Залбирал нь үндсэндээ чин сэтгэлээсээ ярих явдал юм. “Өө Бурхан минь! Та хүний завхралыг мэддэг. Өнөөдөр би бас нэг бодлогогүй зүйл хийчихлээ. Би санаархал өвөрлөсөн—би бол ов мэхтэй хүн. Таны хүсэл юм уу үнэний дагуу би үйлдээгүй. Би хүссэнээрээ үйлдэж, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Одоо би завхралаа таньж байна. Намайг улам их гэгээрүүлэн, үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, эдгээр завхралыг хаях боломж олгооч гэж би Танаас гуйя.” Ийм маягаар ярь; үнэн зөв хэрэг явдлын талаар үнэн зөв тоочиж ярь. Ихэнх хүн ихэнхдээ чин сэтгэлээсээ залбирдаггүй; тэд ердөө л толгойдоо хомс мэдлэгтэй, гэмших хүсэлтэйгээр өнгөрснийг эргэн дурсдаг хэр нь үнэнийг дэнсэлдэггүй, бас ухаардаг ч үгүй. Залбирч байхдаа Бурханыг үгийг дэнсэлж, үнэнийг эрж хайх нь дурсамж, мэдлэг төдийхнөөс хавьгүй гүн гүнзгий юм. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл чинь хөдөлж, Түүний ажил чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлснээр чи жинхэнэ мэдлэгтэй болж, жинхэнээсээ гэмшихэд хүрнэ; тэдгээр нь хүний бодол санаа, мэдлэгээс хавьгүй илүү гүн гүнзгий билээ. Чи үүнийг маш сайн мэдэж байх ёстой. Хэрвээ чи ердөө л өнгөцхөн, эмх цэгцгүй бодож, шинжиж, хэрэгжүүлэх тохиромжтой замгүй, үнэний чигт багахан ахиц гаргадаг бол өөрчлөгдөж чадахгүй хэвээр үлдэнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүмүүс Бурхантай харилцаа тогтоож хэрхэн чаддаг вэ? Ингэхийн тулд юунд түшиглэх хэрэгтэй вэ? Тэд Бурханаас гуйж, Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ Бурхантай хэлэлцэх явдалд түшиглэх ёстой. Энэ мэт харилцаатай байгаа цагт хүмүүс үргэлж Бурханы өмнө амьдардаг бөгөөд тийм хүмүүс их амар тайван байдаг. Зарим хүн бүх цагаа гаднах үйл хэрэгт зориулж, гаднах даалгавар хийгээд завгүй байдаг. Сүнслэг амьдралгүй нэг хоёр өдөр өнгөрсөн ч тэд юу ч мэдэрдэггүй; гурав юм уу, таван өдөр, эсвэл нэг хоёр сар өнгөрсөн ч бас л юу ч мэдэрдэггүй; тэд залбираагүй, гуйлт, сүнслэг ярилцлага хийгээгүй л байдаг. Ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханаас надад туслаач, залж чиглүүлээч, хангамж өгөөч, гэгээрүүлээч, Өөрийн тань хүслийг ойлгож, үнэний дагуу юу хийхээ мэдэж авах боломж олгооч хэмээн асуухыг гуйлт гэнэ. Залбирлын хамрах хүрээ нь илүү өргөн: Заримдаа чи сэтгэл доторх үгээ хэлж, өөрийн бэрхшээл, сөрөг тал, сул дорой байдлынхаа талаар Бурхантай ярилцдаг; мөн тэрслүү байдалтай байхдаа ч Бурханд залбирч, эсвэл өөрт чинь тодорхой байгаа эсэхээс үл хамааран өдөр тутам тохиолддог зүйлийнхээ тухай Түүнд ярьдаг. Энэ бол залбирал. Залбирлын хамрах хүрээ нь үндсэндээ Бурхантай ярилцаж, сэтгэлээ нээх явдал юм. Заримдаа тогтсон цагт залбирдаг, заримдаа үгүй; чи хэзээ ч, хаана ч хамаагүй залбирч болно. Сүнслэг ярилцлага бол хэт албаны бус. Заримдаа чамд асуудал гарсан байдаг бол заримдаа үгүй. Заримдаа үг ашигладаг, заримдаа үгүй. Асуудал гарсан үед чи энэ талаараа Бурхантай ярилцаж, залбирдаг; асуудалгүй үедээ Бурхан хүмүүсийг хэрхэн хайрлаж, тэдэнд анхаарал тавьж, тэднийг хэрхэн зэмлэдэг тухай боддог. Чи Бурхантай хүссэн цаг, хүссэн газраа ярилцах боломжтой. Сүнслэг ярилцлага гэдэг нь энэ юм. Заримдаа чи хийх юмаа хийж байтал сэтгэлийг чинь тавгүйтүүлэх зүйл бодогдвол сөхөрч суугаад нүдээ аних шаардлагагүй. Зүгээр л зүрх сэтгэлдээ: “Өө Бурхан минь, үүн дээр намайг залж чиглүүлээч. Би сул дорой тул үүнийг давж чадахгүй нь” гэж Бурханд хэлэх хэрэгтэй. Сэтгэл чинь хөдлөнө; цөөн хэдэн энгийн үг хэлэхэд л Бурхан мэддэг. Заримдаа чи гэрээ санаад “Өө Бурхан минь! Би гэрээ үнэхээр санаж байна…” гэдэг. Яг хэнийг санаж байгаагаа бол хэлдэггүй. Зүгээр л сэтгэлээр унаад энэ тухайгаа Бурханд хэлдэг. Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ юу байгааг хэлснээр л асуудал шийдэгдэж болдог. Бусадтай ярилцаад асуудлыг шийдэж чадах уу? Үнэнийг ойлгодог хүнтэй таарвал зүгээр л дээ, гэвч хэрвээ үнэнийг ойлгодоггүй—сөрөг, сул дорой хүнтэй таарвал чи нөлөөлж мэднэ. Хэрвээ Бурхантай ярилцвал Тэр чамайг тайтгаруулж, хөдөлгөнө. Бурханы үгийг Бурханы өмнө чимээгүйхэн уншиж чаддаг бол чи үнэнийг ойлгож, асуудлыг шийдэж чадна. Бурханы үг чамд гарах гарц олж, энэ бяцхан саад тотгорыг давж гарах боломж олгоно. Саад тотгор чамайг бүдрээхгүй, хазаарлахгүй, үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлөх ч үгүй. Гэнэт сэтгэлээр жаахан унаж, дотроо зовних үе чамд гарна. Тэр үед Бурханд залбирахдаа бүү тээнэгэлз. Чи Бурханаас юу ч гуйдаггүй, хийж өгч, гэгээрүүлээч гэж хүсэх юу ч байхгүй байж болно—зүгээр л хэзээ ч, хаана ч байсан Бурхантай ярилцаж, сэтгэлээ нээ. Чи цаг ямагт юу мэдрэх ёстой вэ? “Бурхан үргэлж надтай хамт байдаг, Тэр намайг хэзээ ч орхиогүй гэдгийг би мэдэрч байна. Амарч байна уу, цуглаан дээр байна уу, эсвэл үүргээ гүйцэтгэж байна уу хамаагүй, хаана ч, юу ч хийж байсан миний гарыг Бурхан удирддаг, Тэр намайг хэзээ ч орхиогүй гэдгийг би зүрх сэтгэлдээ мэддэг”. Заримдаа өнгөрсөн хэдэн жилд өдөр бүрийг хэрхэн өнгөрүүлснээ эргэн санаад чи биеийн хэмжээгээ өссөнийг, Бурхан чамайг залж чиглүүлж байсныг, Бурханы хайр чамайг цаг ямагт хамгаалж ирснийг мэдэрдэг. Эдгээрийг бодоод зүрх сэтгэлдээ залбирч, Бурханд талархал өргөдөг: “Өө Бурхан минь, би Танд талархаж байна! Би үнэхээр сул дорой, эмзэг, гүн гүнзгий завхарсан. Та намайг ингэж залж чиглүүлээгүй бол би энэ хүртэл зөвхөн өөрийн хүчээр ирж чадахгүй байсан”. Энэ сүнслэг ярилцлага биш гэж үү? Хэрвээ хүмүүс Бурхантай ойр ойрхон ингэж ярилцдаг бол Бурханд хэлэх зүйл тэдэнд олон байх бус уу? Бурханд юу ч хэлэхгүйгээр тэд олон өдөр явдаггүй. Бурханд хэлэх зүйл чамд байхгүй үед Тэр чиний зүрх сэтгэлд байхгүй байдаг. Бурхан зүрх сэтгэлд чинь байдаг бөгөөд чи Бурханд итгэдэг бол сэтгэл доторх бүх зүйлээ, итгэлт анддаа ярих байсан зүйлээ ч гэсэн чи Түүнд хэлж чадна. Үнэндээ, Бурхан бол чиний хамгийн дотнын анд. Хэрвээ чи Бурханыг хамгийн итгэлт андаа гэж, хамгийн их найдаж, түшиж тулж, итгэж, нууцаа ярьдаг, хамгийн дотно гэр бүл шигээ үздэг бол Бурханд хэлэх зүйл чамд байхгүй байна гэдэг боломжгүй юм. Бурханд хэлэх зүйл чамд үргэлж байх юм бол чи ямагт Бурханы өмнө амьдрахгүй гэж үү? Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чадах юм бол Бурхан чамайг хэрхэн залж чиглүүлж, чамд хэрхэн санаа тавьж, хамгаалж, амар амгалан, баяр баясал авчирч, чамйг гэгээрүүлж, зэмлэж, сахилгажуулж, цээрлүүлж, шүүж, гэсгээж байгааг чи хэдийд ч мэдрэх болно; зүрх сэтгэлд чинь энэ бүхэн тодорхой, илэрхий болно. Чи юу ч мэдэхгүйгээр, Бурханд итгэдэг гэж л хэлээд зөвхөн нүд хуурахын тулд үүргээ гүйцэтгэж, цуглаанд оролцож, өдөр тутам Бурханы үгийг уншиж, залбирсан дүр эсгэсэн төдийхнөөр өдөр бүрийг тэгсхийж өнгөрүүлэхгүй—чинийх ердөө л иймэрхүү нэг шашны гадаад зан үйл биш болно. Харин чи хором мөч бүрд зүрх сэтгэлдээ Бурханд найдаж, залбирна, цаг ямагт Бурхантай ярилцана, бас Бурханд захирагдаж, Түүний өмнө амьдарч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”-аас эш татав

Өмнөх: 3. Шашны зан үйлийн залбирал гэж юу болох, яагаад үр дүнгүй байдаг тухай

Дараах: 1. Хэвийн сүнслэг амьдрал гэж юу болох, шашны зан үйлд оролцох гэж юу болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх