3. Бурханыг мэддэггүй бүх хүн Бурханыг эсэргүүцдэг гэж яагаад хэлдэг вэ?

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс Бурханд итгэх зөв замаар алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын тухайд бүрэн самуурч будилсаар байдаг. Нэг талаар энэ нь, тэдний туршлага дахь гажуудал болон тэдний хүлээн авах чадварын хязгаараас болдог; нөгөө талаар, Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ үе шатанд хүргээгүйгээс болдог. Иймээс хүн бүрийн хувьд ихэнх сүнслэг асуудал тодорхойгүй байдаг. Та нар юунд орох ёстойгоо тодорхой мэддэггүйгээр үл барам, Бурханы ажлын талаар бүр ч мэддэггүй. Энэ нь та нарын дотор оршдог дутагдалтай асуудал төдийхөн биш: Харин шашны ертөнц дэх бүх хүнд нийтлэг байдаг асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог тул энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүний нийтлэг дутагдал билээ. Хэн ч, хэзээ ч Бурханыг мэдээгүй, хэзээ ч Түүний үнэн царайг хараагүй. Үүнээс болоод Бурханы ажил, уулыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болдог. Маш олон хүн Бурханы ажлын төлөө амиа золиосолсон; маш олон хүн Түүний ажлаас үүдэн хаягдсан; Түүний ажлын төлөө маш олон хүн үхтлээ тарчилсан; маш олон хүний нүд Бурханыг гэх хайрын нулимсаар дүүрч, хилсээр нас барсан; маш олон хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчлагатай тулгарсан… Энэ бүх эмгэнэлт үйл явдал болоод өнгөрдөг—энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс байдгаас болдог бус уу? Бурханыг мэддэггүй хүн яаж Түүний өмнө очих нэр нүүртэй байж чадах юм бэ? Бурханд итгэдэг мөртөө Түүнийг хавчдаг хүн яаж Түүний өмнө очих нэр нүүртэй байж чадах юм бэ? Эдгээр нь гагцхүү шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш, харин та нарт ч, тэдэнд ч аль алинд нь нийтлэг байдаг. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлыг ил тод, ичгүүр сонжуургүй хийж, Бурханы даалгасан ажлыг өөрсдийн шаардлага, хэрээс хэтэрсэн хүслийн дагуу хийж эхэлдэг хүмүүс ч бий. Олон хүн дураараа аашилж, Бурханыг огт хүндлэхгүйгээр өөрсдийн хүслийг л дагадаг. Эдгээр жишээ нь хүмүүсийн аминчхан зүрх сэтгэлийн төгс илрэл биш гэж үү? Эдгээр жишээ нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн элементийг харуулдаггүй гэж үү? Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болох ч тэдний авьяас билиг Бурханы ажлыг яаж орлож чадах юм бэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох боловч хэтэрхий аминчхан авирлаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр Бурханлаг гэж үү? Хүн зуун хувь итгэлтэй байж чадах уу? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авах—энэ бол Бурхан хүмүүсийг онцгойлон үзэж, өргөж байгаа хэрэг; хүмүүс яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж л хэлэгдэж эхэлсэн. Энэ үед хүмүүс өөрсдийгөө сайнаар боддог ч энэ нь ердөө л өөрсдөдөө гутамшиг дуудаж байгаа хэрэг биш үү? Тэд дэндүү багыг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч хүртэл Бурханы бүхий л элбэг дэлбэг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх билээ? Та нар өөрсдийн үнэ цэнийг тэнгэрээс өндөрт тавих ёсгүй, харин ч өөрсдийгөө, Бурханы хайрыг эрж хайдаг тэр ухаалаг хүмүүсийн алинаас ч илүү дорд хэмээн үзэх ёстой. Өөрсдийгөө бусад бүх хүнээс нэлээд доогуур гэж үзэх нь та нарын орох ёстой зам юм. Яагаад өөрсдийгөө тийм өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нар бүхэл бүтэн Бурханыг биш, Бурханы гарыг л харсан. Дэндүү бага өөрчлөгдсөн учраас та нар Бурханы ажлаас илүү ихийг харж, орох ёстой зүйлээ илүү их олж мэдвэл зохино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс эш татав

Бурханы ажлын зорилго, хүн дээр хүрдэг үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүсэл яг юу болохыг ухаарах нь Бурханыг дагадаг хүн бүрийн хүрэх ёстой зүйл юм. Өнөө үед бүх хүнд дутагддаг зүйл бол Бурханы ажлын тухай мэдлэг билээ. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл хүмүүс дээр ажилласан Бурханы үйл хэрэг, Бурханы бүхий л ажил болон хүнийг гэх Бурханы хүсэл яг юу болох—эдгээр нь хүний мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй зүйлс юм. Энэхүү дутагдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, бас Бурханд итгэдэг бүх хүнээс ч харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг үнэхээр ухаарч, Бурханы хийсэн бүх үйл хэргийг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг таньж—Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүмүүст хийсэн бүх ажлыг нь харах өдөр ирэхэд—тэр үед чи Бурханд итгэх итгэлдээ амжилт гаргасан байх болно. Бурхан бүхнийг хамардаг ба бүхэлдээ элбэг дэлбэг гэж хэлэх үед чухамдаа Тэр ямар байдлаар бүхнийг хамардаг вэ, мөн ямархуу маягаар бүхэлдээ элбэг дэлбэг байдаг вэ? Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэж болохгүй. Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэгчид бус, харин мууг үйлдэгч, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа минь тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мэргэн ухааныг нь хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй. Тэд бол сохор; тэд Бурханы үйл хэргийг харж чаддаггүй, Бурханд хаягдсан ба тэдэнд Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид, Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний ярьдаг, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилгыг ойлгохгүйгээр, хүнд Бурханы хийдэг ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, Бурханы гэрчлэлд зогсож ч чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг. Бурханыг махбод болохоос өмнөх хугацаанд, хүн тэнгэр дэх Бурханы тогтоосон зарлигуудыг мөрддөг эсэхэд үндэслэн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь хэмжигддэг байв. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрддөггүй хэнийг ч бай Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үздэг байлаа; Еховагийн тахилыг хулгайлсан хэнийг ч, Еховагийн тааллыг олсон хүмүүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үзээд чулуугаар шидэж хөнөөдөг байв; эцэг, эхээ хүндэлдэггүй хэнийг ч, мөн бусдыг цохисон юм уу хараасан хэнийг ч хуулийг мөрдөөгүй хүн гэж үздэг байлаа. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүх хүнийг Түүнийг эсэргүүцэж байна гэж үздэг байсан юм. Нигүүлслийн эрин үед ийм байхаа больж, Есүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн хүн гэж үзээд, Есүсийн айлдсан үгийг дуулгавартай дагаагүй хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн нэгэн гэж үзсэн билээ. Энэ удаа, Бурханыг эсэргүүцдэг арга замыг илүү үнэн зөв, илүү бодитоор тодорхойлсон. Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй. Гэхдээ хүмүүс Бурханы ажлыг олон жилийн турш туулсан ч Бурханы талаар үзэл өвөрлөсөөр, бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэх чадваргүй хэвээр байж, хэчнээн олон жил Түүний ажлыг туулсан ч Бурханы талаар үзэл тээсээр, Бурханыг мэдэж авч чадахгүй хэвээр байвал үймүүлэх юм хийгээгүй ч гэсэн тэдний зүрх сэтгэл Бурханы талаарх олон үзлээр дүүрсэн байх ба эдгээр үзэл ил болоогүй ч гэсэн, тийм хүмүүс Бурханы ажилд ямар ч тус дэмгүй байдаг. Тэд Бурханы төлөө сайн мэдээ түгээж, эсвэл Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй. Ийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэгүүд билээ. Тэд Бурханыг мэддэггүй, түүнчлэн Бурханы талаарх үзлээ хаяж огт чаддаггүй учраас яллагддаг. Үүнийг ингэж хэлж болно: Шинэхэн итгэсэн хүмүүсийн хувьд Бурханы талаар үзэл тээх юм уу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь хэвийн юм, харин Бурханд олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг туулсан хүн үзэл өвөрлөсөөр байх нь хэвийн бус бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь бүр ч хэвийн бус юм. Энэ нь хэвийн бус байдал учраас тэд яллагддаг. Энэ хэвийн бус хүмүүс бүгд хог новш; тэд бол Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы нигүүлслийг хий дэмий эдэлсэн хүмүүс юм. Ийм хүмүүс эцэстээ бүгд таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн тэрслүү санаа бодолтой хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ. Иймээс Би та нарыг шавдуулж байна: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Харин та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, та нарын хувьд юмс муугаар эргэх магадлал туйлын өндөр, учир нь та нарын уг чанар зүгээр л дэндүү их завхарсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд болох тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцэж эхэлдэг. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав

Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Ажлын энэ үе шатуудыг харж чадахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн ийм төсөөллийг батлах баримт байдаггүй, мөн залруулах хүн ч байдаггүй. Хүн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, мөн энэ төсөөллийг батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домог сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэсэн хүмүүс өөрсдийн үзлээр Бурханд итгэдэг. Насан туршдаа Бурханд итгэсэн хүмүүс ч бас тэгдэг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээсээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болсон ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү болсон. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд бол, өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн. Энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөлд оршдог. Хүний үзэл, төсөөлөл нь өнөөдрийн ажил буюу хүний үзэлтэй нийцдэггүй ажлын дайсан болжээ. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л ийм зүйл болсон юм. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өндөр индэр дээр зогсоод бусдад зааж сургадаг тэдгээр пастор, ахлагч бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны хамсаатан юм; өндөр индэр дээр зогсоод бусдад зааж сургадаггүй та нар Бурханыг бүр ч их эсэргүүцдэг бус уу? Та нар бүр тэднээс ч илүү Сатантай сүлбэлддэг бус уу? Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханы хүсэлд хэрхэн нийцэхээ мэддэггүй. Мэдээж, Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүс Бурханы хүсэлд хэрхэн нийцэхээ мэдэхгүй байна гэж үгүй. Бурханы ажил хэзээ ч алдаа мадаггүй байдаг; харин ч хүний эрэл хайгуул л дутагдалтай. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг өөдгүй хүмүүс тэр пастор, ахлагч нараас ч илүү зэвүүн, хорлонтой бус уу? Бурханыг эсэргүүцдэг хүн маш олон байдаг ч тэдний дунд Бурханыг эсэргүүцдэг олон өөр арга зам байдаг. Төрөл бүрийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, өөр хоорондоо адилгүй янз бүрийн хүмүүс бий. Бурханы ажлын зорилгыг тодорхой танин мэдэж чаддаггүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн урьд нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, Бурханы ажлын зорилгыг ойлгож авч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хичээл чармайлтаа зориулах үед түүний урьдын бүх нүглийг Бурхан арилгах болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт хийсэн зүйлийг нь Бурхан санахгүй. Түүнчлэн, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж, Түүний ажлыг туулахаасаа өмнө Бурханд хэрхэн хандаж байсан нь хамаагүй, Тэр үүнийг санадаггүй. Харин Бурханыг харж, Түүний ажлыг туулмагц хүний бүх үйлдэл, үйл хэргийг Бурхан “түүхэн бичигт” бичнэ, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.

Хүн Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр харж, дээдийн дээд байдлыг нь харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж авах үед, түүнчлэн хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн хаясан байх болно. Нэгэн цагт хүн бүр Бурханыг эсэргүүцсэн ба нэгэн цагт хүн бүр Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэвч хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуртайяа дуулгавартай дагаж, энэ үеэс эхлэн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх учиртай үүргээ биелүүлж, мөрдөх учиртай дэг журмыг мөрддөг бол чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэрслүү байдлаа хаяхыг хүсдэг, Бурханаар төгс болгуулж чадах хүн юм. Чи алдаагаа харахаас татгалзаж, гэмших санаагүй байвал, мөн Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах өчүүхэн ч болов санаа зорилгогүйгээр тэрслүү үйлдлээ хэвээр үргэлжлүүлж байвал чам шиг ийм зөрүүд, тэнэг хүн гарцаагүй шийтгүүлэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор чи өнөөдөр Бурханы дайсан, маргааш ч бас Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Тэгвэл Бурхан чамайг яаж хэлтрүүлж чадах юм бэ? Бурханыг эсэргүүцэх нь хүний уг чанар боловч уг чанараа өөрчлөх нь дааж давшгүй байдгаас болоод хүн Бурханыг эсэргүүцэх “нууцыг” зориуд эрж хайх ёсгүй. Хэрвээ тийм бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр, ирээдүйд гэсгээлт чинь илүү хатуу ширүүн болох вий, мөн зэрлэг догшин уг чанар чинь гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгуулахдаа тултал дийлдэшгүй болох вий.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Өмнөх: 2. Бурханы тухай мэдлэгт хэрхэн хүрч болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх