Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Цор ганц Бурхан Өөрөө III

Хурд

`

Цор ганц Бурхан Өөрөө III

Бурханы эрх мэдэл (II)

Өнөөдөр бид өөрсдийн нөхөрлөлөө “Цор ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвийн тухай үргэлжлүүлэх болно. Бид энэ сэдвээр өмнө нь хоёр ч удаа нөхөрлөл хийсэн бөгөөд эхнийх нь Бурханы эрх мэдлийн талаар, хоёр дахь нь Бурханы зөвт зан чанарын талаар байсан. Энэ хоёр нөхөрлөлийг сонссоны дараа та нар Бурханы ялгамж чанар, байр суурь болон мөн чанарын талаар шинэ ойлголт олж авсан уу? Эдгээр мэдлэг ухаан нь, Бурханы оршин тогтнолын үнэний тухай илүү бодит мэдлэг болон итгэлийг олж авахад та нарт тусалсан уу? Өнөөдөр Би “Бурханы эрх мэдэл” хэмээх сэдвийг дэлгэрүүлэн үзэхээр төлөвлөж байна.

Бурханы эрх мэдлийг макро болон микро өнцгөөс ойлгох нь

Бурханы эрх мэдэл бол цор ганц. Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанар, өвөрмөц шинж чанарын илэрхийлэл, онцгой мөн чанар юм. Бүтээгдсэн болон бүтээгдээгүй ямар ч зүйлд ийм өвөрмөц илэрхийлэл болон онцгой мөн чанар байдаггүй; зөвхөн Бүтээгч л ийм эрх мэдэл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Бүтээгч—Цор ганц Бурхан л ийм байдлаар илэрхийлэгдэх ба ийм мөн чанартай байна. Яагаад Бурханы эрх мэдлийн талаар ярьж байна вэ? Бурханы Өөрийн эрх мэдэл нь хүний оюун санаанд байгаа эрх мэдлээс ямар ялгаатай вэ? Юу нь онцгой вэ? Үүний талаар энд ярилцах нь яагаад чухал ач холбогдолтой вэ? Та нар бүгд энэ асуудлыг маш анхааралтай авч үзэх ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд “Бурханы эрх мэдэл” нь тодорхой бус ойлголт, тэр бол учрыг нь олоход маш хэцүү бөгөөд энэ талаарх ямар нэгэн хэлэлцүүлэг бүрхэг байж магадгүй юм. Тэгэхлээр Бурханы эрх мэдлийн тухай хүний эзэмшиж чадах мэдлэг ба Бурханы эрх мэдлийн мөн чанарын хооронд үргэлж зай байх болно. Энэ зайг бөглөхийн тулд хүний хүрч болох, хүмүүсийн ойлгож чадах бодит хүмүүс, үйл явдал, зүйлс юм уу үзэгдлээр дамжуулан Бурханы эрх мэдлийг хүн зугуухан мэдэх ёстой. “Бурханы эрх мэдэл” хэмээх үг хэллэг нь хэдийгээр ойлгошгүй мэт санагдаж болох боловч Бурханы эрх мэдэл нь хийсвэр ойлголт огтхон ч биш юм. Тэр өдөр бүр хүнийг хөтлөн амьдралынх нь хором бүрд хүнтэй хамт байдаг. Иймээс өдөр тутмын амьдралдаа хүн Бурханы эрх мэдлийн хамгийн бодит талыг гарцаагүй харж, мэдрэх болно. Энэ бодит байдал нь Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдаг гэдгийн хангалттай нотолгоо болох бөгөөд энэ нь Бурхан энэхүү эрх мэдлийг эзэмшдэг гэдгийг таньж мэдэх, ойлгох боломжийг хүнд олгодог.

Бурхан бүгдийг бүтээсэн бөгөөд үүнийг бүтээснээрээ Тэр бүх зүйлийг захирдаг. Бүгдийг захирахаас гадна Тэр бүх зүйлийг хянадаг. “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэсэн үзэл санаа нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Бодит амьдралд энэ нь хэрхэн тусдаг вэ? “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэсэн бодит үнэнийг ойлгосноор та нар Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэж чадах вэ? “Бурхан бүх зүйлийг хянадаг” гэсэн хэллэгээс бид Бурханы хянадаг зүйл нь гараг эрхсийн нэг хэсэг, бүтээлийн нэг хэсэг, хүн төрөлхтний нэг хэсэг ч биш, харин нүсэр томоос бичил хэсэг хүртэл, үзэгдэхээс үл үзэгдэх хүртэл, орчлон ертөнцийн оддоос дэлхий дээрх амьд юмс, түүнчлэн энгийн нүдээр харж болохгүй бичил биетүүд, эсвэл өөр хэлбэртэйгээр оршдог биетүүдийг хүртэл бүх зүйл юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Бурханы “хянадаг” “бүх зүйлийн” нарийн тодорхойлолт бөгөөд энэ нь Бурхан Өөрийн эрх мэдлийг эзэмшдэг цар хүрээ, Түүний дээд эрх болон засаглалын хэмжээ юм.

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон тэр хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон загвар, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон зуун жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг загварыг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг загвар, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, загварууд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх хар энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр загвар дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүн зөвшөөрөх ёстой. Тэдгээр нь аяндаа-тохиолдож байгаа биш, харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэнд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад энэ вэ? Цорын ганц хариулт бол Бурханы эрх мэдлийн улмаас юм. Эсвэл, өөрөөр хэлэх юм бол, Бурханы бодол болон Бурханы үгийн улмаас; Бурхан Өөрөө энэ бүхнийг хийдэг учраас тэр билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг үүсгэсэн зүйл нь Бурханы эрх мэдэл болон Бурханы сэтгэл юм; тэдгээр нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөх ба эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, эсвэл алга болж байдаг. Жишээ нь, халдварт өвчнийг авч үзье. Тэдгээр нь ямар ч анхааруулгагүйгээр гардаг, тэдгээрийн эх сурвалжийг, эсвэл яагаад гарсных нь яг таг шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тухайн нэг нутагт халдварт өвчин гарах тоолонд үйл нь ирсэн хүмүүс гай гамшгаас зугтаж чаддаггүй. Халдварт өвчнүүд нь аюултай буюу хортой нянгийн тархалтын улмаас үүсдэг гэж нийгмийн шинжлэх ухаан үздэг бөгөөд тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах аргыг нийгмийн шинжлэх ухаан урьдчилан хэлж, хянаж чаддаггүй. Хэдийгээр хүн төрөлхтөн тэдгээрийг боломжит бүх аргаар эсэргүүцдэг боловч халдварт өвчин гарах үед ямар хүмүүс, эсвэл ямар амьтад үүнд гарцаагүй нэрвэгдэхийг тэд хянаж чаддаггүй. Хүмүүсийн хийж чадах цорын ганц зүйл нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эсэргүүцэх болон судлах гэж оролдох явдал юм. Гэхдээ аливаа нэгэн халдварт өвчний эхлэл, эсвэл төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй бөгөөд хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Халдварт өвчний өсөлт болон тархалттай нүүр тулахаараа хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах явдал байдаг боловч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө халдварт өвчин өөрөө үгүй болдог. Халдварт өвчин яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтандаа авч чадсан гэж зарим хүн хэлдэг, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас эдгээр нь устаж арилдаг гэж хэлдэг... Эдгээр утгагүй таамаглал үндэслэлтэй эсэхийн тухайд гэвэл, шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож, ямар ч нарийн тодорхой хариулт өгч чаддаггүй. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа зүйл нь зөвхөн эдгээр таамаглал төдийгүй, хүн төрөлхтөн халдварт өвчнийг ойлгодоггүй нь, тэрнээс айх айдас нь юм. Халдварт өвчнүүд яагаад эхэлдэг, эсвэл тэдгээр нь яагаад дуусдагийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн зөвхөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг боловч Бүтээгчийн эрх мэдлийг ухамсарладаггүй, эсвэл Түүний дээд эрхийг зөвшөөрдөггүй учраас тэд хэзээ ч хариулт олж авахгүй.

Бурханы дээд эрхийн дор, Түүний эрх мэдлийн улмаас, Түүний удирдлагын улмаас бүх зүйлс оршин тогтнож, устан үгүй болдог. Зарим зүйлс чимээгүйхэн ирээд буцдаг бөгөөд тэдгээр нь хаанаас ирснийг хүн хэлж чаддаггүй, эсвэл тэдний дагадаг дүрэм журмыг ухаардаггүй, тэр ч байтугай тэдний ирээд буцдаг шалтгааныг ойлгодоггүй. Хэдийгээр хүн бүх зүйлийн дунд болж өнгөрч байгаа бүхнийг нүдээр харж, сонсож, эсвэл мэдэрч туулдаг боловч; хэдийгээр тэдгээр нь бүгд хүнд хамаатай байдаг боловч, мөн хэдийгээр хүн янз бүрийн үзэгдлийн ер бусын байдал, зүй зохистой байдал, эсвэл бүр этгээд байдлыг дотоод ухамсраараа ухамсарладаг боловч тэдгээрийн ард орших Бүтээгчийн хүсэл болон Түүний оюун ухааны талаар юу ч мэдэхгүй хэвээр байдаг. Тэдгээрийн ард олон түүх, олон нуугдмал үнэн байдаг. Хүн Бүтээгчээс холдон явсан учраас, Бүтээгчийн эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнийг тэр хүлээн зөвшөөрдөггүй учраас үүний дээд эрхийн дор тохиолдож байгаа бүх зүйлийг тэр хэзээ ч мэдэхгүй ба ойлгохгүй. Ихэнх тохиолдолд, Бурханы хяналт ба дээд эрх нь хүний төсөөлөл, хүний мэдлэг, хүний ойлголт болон нийгмийн шинжлэх ухааны хүрч чадах хязгаараас давж гардаг; бүтээгдсэн хүмүүсийн чадвар үүнтэй өрсөлдөж чадахгүй. Зарим хүн “Чи Бурханы дээд эрхийг нүдээрээ хараагүй байж бүх зүйл Түүний эрх мэдэлд байдаг гэж яаж итгэж чадаж байна вэ?” гэдэг. Харах нь үргэлж итгэх явдал биш; харах нь мөн үргэлж танин мэдэж, ойлгох явдал биш. Тэгвэл итгэл хаанаас гардаг вэ? “Итгэл нь аливаа зүйлийн бодит байдал, үндсэн шалтгааны талаарх хүмүүсийн ойлголт, туршлагын түвшин болон гүнээс гардаг” гэдгийг Би баттай хэлж чадна. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч, бүх зүйлийн дээрх Бурханы хяналт болон Бурханы дээд эрхийг ухамсарлах нь бүү хэл, хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханд ийм эрх мэдэл байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл нь цор ганц гэдгийг зүрх сэтгэлдээ хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Чи Бүтээгчийг хэзээ ч өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй.

Хүн төрөлхтний хувь заяа болон орчлон ертөнцийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхээс салшгүй юм

Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Та нарын зарим нь дунд зэргийн насных; зарим нь ахмад настай. Үл итгэгчээс итгэгч болтлоо, Бурханд итгэж эхлэсэн цагаасаа Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг мэдэрдэг болох хүртлээ та нар Бурханы дээд эрхийн талаар хэр их мэдлэгтэй болсон бэ? Хүний хувь заяаны тухайд чи ямар мэдлэг ухааныг олж авсан бэ? Хүн амьдралдаа хүссэн бүхэндээ хүрч чадах уу? Өөрсдийн оршин байсан хэдхэн арван жилд та нар хэр олон зүйлийг хүссэнээрээ биелүүлж чадсан бэ? Хэчнээн зүйл бодсоноор чинь бүтээгүй вэ? Хэчнээн гэнэтийн таатай зүйл тохиолдсон бэ? Хэчнээн зүйлийг хүмүүс үр жимсээ өгөхийг нь хүлээсээр, өөрийн мэдэлгүйгээр тохиромжтой мөчийг хүлээж, Тэнгэрийн хүслийг хүлээсээр байна вэ? Хэчнээн зүйл хүмүүст ямар ч нэмэргүй, бүтэшгүй санагдаж байна вэ? Хүн бүр хувь заяаныхаа талаар итгэл найдвараар дүүрэн байдаг бөгөөд тэдний амьдралын бүх зүйл хүссэнээр нь болж, тэд хоол, хувцсаар дутахгүй, хувь заяа нь гайхалтайгаар дэвжих болно гэж горьддог. Зовлон зүдгүүрээр дүүрэн, гай гамшигт өртсөн ядуу зүдүү, дарлагдсан амьдралыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс эдгээр зүйлийг урьдаас мэдэж, эсвэл хянаж чаддаггүй. Зарим хүний хувьд өнгөрсөн үе нь ердөө л үзэж амссан юмны холион бантан байдаг байх; тэд Тэнгэрийн хүсэл юу болохыг хэзээ ч мэдэж авдаггүй, мөн тэд энэ нь юу болохыг тоодог ч үгүй. Тэд хүн төрөлхтний хувь заяа юу болох талаар, хүмүүс яагаад амьд байдаг, эсвэл тэд хэрхэн амьдрах ёстой талаар санаа зовохгүйгээр өдрөөс өдөрт амьтад шиг амьдарч өөрсдийн амьдралдаа бодлогогүйгээр амьдардаг. Эдгээр хүмүүс хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголт олж авалгүйгээр хөгширдөг бөгөөд үхэх мөчөө хүртэл тэд амьдрал гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тийм хүмүүс үхмэл; тэд бол сүнсгүй амьтад; тэд бол адгуус. Бүх зүйлийн дунд амьдардаг боловч тэдний материаллаг хэрэгцээг хангадаг дэлхий ертөнцийн олон арга замаас хүмүүс таашаал авдаг, хэдийгээр энэ материаллаг ертөнц тасралтгүй ахин дэвшиж байгааг тэд хардаг ч гэсэн тэдний өөрсдийн туршлага—тэдний зүрх сэтгэл болон тэдний сүнс юу мэдэрч, амсах нь—материаллаг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг бөгөөд ямар ч материаллаг зүйл түүнийг орлож чадахгүй. Энэ бол хүний зүрх сэтгэлийн гүн дэх ухаарал бөгөөд энгийн нүдээр харж болдоггүй зүйл юм. Энэ ухаарал нь хүмүүний амьдрал болоод хүмүүний хувь заяаны талаарх хүний ойлголт, хүний мэдрэмжинд оршдог. Энэ нь ихэвчлэн үл үзэгдэгч Эзэн бүх зүйлийг зохицуулж, хүний төлөө бүх зүйлийг зохион байгуулж байна гэсэн ойлголт руу хүнийг хөтөлдөг. Энэ бүхний дунд хувь заяаны зохицуулалт болон зохион байгуулалтыг зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй; үүний зэрэгцээ Бүтээгчийн бэлтгэсэн замыг болон хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй. Энэ бол маргаангүй баримт юм. Хүн хувь заяаны талаар ямар ч мэдлэг ухаан болон хандлагатай байх нь хамаагүй, хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй.

Өдөр бүр чи хаашаа явах, юу хийх, хэнтэй, эсвэл юутай тулгарах, юу хэлж ярих, чамд юу тохиолдох—эдгээрийн аль нэгийг тааварлаж чадах уу? Энэ бүх хэрэг явдлыг хүмүүс урьдаас мэдэх байтугай тэдгээр нь хэрхэн өрнөхийг хянаж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйл цаг үргэлж тохиолддог бөгөөд тэдгээр нь өдөр тутмын хэрэг явдал юм. Өдөр тутмын эдгээр таагүй явдлууд болон тэдгээрийн илрэн гардаг арга зам, эсвэл тэдгээрийн явагддаг загвар нь ямар ч зүйл таамгаар тохиолддоггүй, эдгээр зүйлийн үр уршиг, тэдгээрийн зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болохгүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Тохиолдол бүр нь хүн төрөлхтөнд Бүтээгчийн сэрэмжлүүлгийг дамжуулдаг бөгөөд энэ нь мөн хүмүүс өөрсдийн хувь заяаг хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг; үүний зэрэгцээ үйл явдал болгон нь хувь заяагаа гартаа авах гэсэн хүн төрөлхтний зэрлэг, хий дэмий хүсэл эрмэлзэлд няцаалт өгдөг. Тэдгээр нь эцсийн эцэст хэн тэдний хувь заяаг захирч, хянаж байдгийг дахин эргэцүүлж бодоход хүмүүсийг хүчээр хүргэж, хүмүүсийн чихийг ээлжлэн хүчтэй алгадахтай адил юм. Тэдний зэрлэг эрмэлзэл болон хүсэл нь удаа дараалан бүтэлгүйтэж, нуран унахад, хүмүүс ямар хувь заяа хүлээж байгааг хүлээн зөвшөөрөхөд, бодит байдал, Тэнгэрийн хүсэл ба Бүтээгчийн дээд эрхийг аяндаа хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Өдөр тутмын эдгээр таагүй явдлуудаас эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяаг хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон Түүний дээд эрхийг илчилдэггүй зүйл нэг ч үгүй; “Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй” гэсэн санааг илгээдэггүй, мөн “Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм” гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэг ч үгүй.

Хүн төрөлхтөн болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; оршин амьдрах дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; тэр бүх зүйлийн хувь заяанаас Бүтээгчийн дээд эрхээ хэрэгжүүлдэг, тэднийг хянадаг арга замын талаар дүгнэлт хийдэг; хүмүүс болон бүх зүйлсийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх засаглал болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүнийг авч үзвэл, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд аргагүй хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү? Хэдийгээр хүн бодит хуулиудаас, бүх үйл явдал болон бүх зүйлд Бүтээгчийн дээд эрх болон Түүний зохион байгуулалт байгааг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ойлгож чадах вэ? Өөрсдийнх нь хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх болон зохицуулалтыг хэр олон хүн үнэхээр мэдэж, ухаарч, хүлээн зөвшөөрч, дагаж чадах вэ? Бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэснээр, Бүтээгч мөн хүний амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрөх вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг гэсэн баримтыг хэн үнэхээр ойлгож чадах вэ? Тэр хүн төрөлхтний хувь заяаг удирдан хянадаг хэмээх баримттай нүүр тулах үедээ хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхэд ямраар хандах ёстой вэ гэдэг нь одоо энэхүү баримттай тулгараад байгаа хүн бүхний өөрсдийнх нь гаргах учиртай шийдвэр юм.

Хүний амьдралын зургаан онцгой үе

Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.

Төрөлт: Эхний онцгой үе

Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.

Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.

1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг

Хүний төрөх газар, хүний гэр бүл, хүний хүйс, хүний бие махбодын төрх байдал, хүний төрөх цаг хугацаа гэх мэт эхний онцгой үеийн алийг хүн өөрөө сонгож чадах вэ? Хүн төрөх нь идэвхгүй үйл явдал гэдэг ойлгомжтой: Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой нэгэн газарт, тодорхой нэгэн цагт, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой нэгэн бие бялдартайгаар төрдөг; хүн өөрийн эрх мэдэлгүйгээр тодорхой нэгэн гэр бүлийн гишүүн болж, тодорхой нэгэн удам судар залгамжилдаг. Амьдралын эхний энэ онцгой үед хүнд ямар ч сонголт байдаггүй, харин тэр Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн орчинд, тодорхой нэгэн гэр бүлд тухайн хүний амьдралын замналтай нягт холбогдсон тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой хүйс, дүр төрхтэйгээр, тодорхой нэгэн цагт төрдөг. Энэ шийдвэрлэх онцгой үед хүн юу хийж чадах вэ? Ерөнхийдөө, хүний төрөлттэй холбоотой эдгээр зүйлээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй. Бүтээгчийн урьдчилсан төлөвлөлт, Түүний удирдамж байгаагүй бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явахаа, эсвэл хаана байхаа мэдэхгүй байж, ямар ч харилцаагүй, хаана ч хамаарагдахгүй, жинхэнэ орон гэргүй байх байсан юм. Харин Бүтээгч нарийн нягт зохицуулсан учраас энэ нь амьдралынхаа замналыг суух газар, эцэг эх, өөрийн харьяалагдах газар болон хамаатан садантайгаар эхлэдэг. Энэ үйл явцын турш энэхүү шинэ амь ирэх нь Бүтээгчийн төлөвлөгөөгөөр тодорхойлогддог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд олгоно. Энэ нь өөрийн гэх юу ч үгүй нэг хөвөгч бие байснаа аажмаар бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг, материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чаддаг, мөн бүтээгдсэн хүний амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулж чадах мах цуснаас бүрдсэн, нүдэнд үзэгдэх, гарт баригдах хүмүүн буюу Бурханы бүтээлүүдийн нэг болдог. Хүний төрөлтийг Бүтээгч урьдаас тогтооно гэдэг бол амьдрахад нь хэрэгтэй бүх зүйлийг Тэр тухайн хүнд хайрлана гэсэн үг юм; нэг хүн ийнхүү төрнө гэдэг нь тэрээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бүтээгчээс хүлээн авах ба тэр мөчөөс эхлээд тэр Бүтээгчээс бэлдэж өгсөн өөр хэлбэрээр Бүтээгчийн дээд эрхэнд захирагдан амьдрах болно гэсэн үг юм.

2. Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ

Хэрвээ дахин төрөх юм бол алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ тэд эмэгтэй байсан бол тэд Цасан Цагаантай адилхан харагдаж, хүн бүрийн хайрыг татах байсан ба хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй агаад дэлхий даяараа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг Ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон дэмий юманд итгэдэг хүмүүс байдаг бөгөөд тэд гэрийнхэндээ, өөрийнхөө дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцэн төрөлтдөө дандаа тун сэтгэл дундуур байдаг. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, эсвэл яагаад тийм байдалтай харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, хэрхэн харагддагаас үл хамааран тэд Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавр биелүүлэх ёстой гэдгээ мэддэггүй–энэ зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүний хүйс, хүний бие бялдар зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат бүр дэх өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдгийн цуврал юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөл нь ямар нэг тодорхой үе шатанд түүний төрөлтөөр тодорхойлогддоггүй, харин амьдралдаа түүний биелүүлсэн үүрэг даалгавраар болон Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлтээр тодорхойлогддог юм.

Үр уршиг бүхэнд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй ямар ч үр уршиг байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон хүний өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хэрвээ хүний үхэл нь тэдний өнөөгийн амьдралын хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь нэг шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хэрвээ хуучин мөчлөг нь хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй тэдний өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал, түүнчлэн хүний өнөөгийн амьдралтай холбогддог болохоор хүний төрөлттэй холбоотой байрлал, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад хүчин зүйлс нь бүгд тэдгээртэй заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлсэд хүний өмнөх амьдрал нөлөөлдөг төдийгүй мөн өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг юм. Энэ нь хүмүүсийн төрдөг янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим хүн ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Зарим нь эгэл гаралтай, зарим нь алдар цуутай удмынх байдаг. Зарим нь өмнө зүгт, зарим нь умард зүгт төрдөг. Зарим нь элсэн цөлд, зарим нь өвс ногоотой нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд , баяр ёслол дагалддаг, заримынх нь уйлаан, гай гамшиг, зовлон зүдгүүр авчирдаг. Зарим нь эрхэмлэгдэн хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Зарим нь сайхан зүс царайтай, бусад нь муруй тахир төрдөг. Зарим нь харахад царайлаг хөөрхөн, зарим нь царай муутай байдаг. Зарим нь шөнө дунд, зарим нь үд дундын нарны хурц гэрэл дор төрдөг... Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг, Түүний урьдчилан тогтоосон зүйл; хэн ч өөрсдийн нэгэнт тогтоогдсон хувь зохиолоос зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг[a] өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.

Өсөж торних: Хоёр дахь онцгой үе

Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйлийг суралцдаг. Энэ нь хүний насанд хүрэх орчин нөхцлийг тодорхойлдог бөгөөд өсөж торних[b] нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх онцгой үеийг төлөөлдөг. Энэ онцгой үед хүмүүст мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Үүнийг мөн л урьдаас тогтоож, зохицуулсан байдаг.

1. Хүний өсөж торних нөхцөл байдлыг Бүтээгч тогтоодог

Хэний, эсвэл ямар хүчин зүйлийн сургамж болон нөлөөн дор өсөж торнихоо хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг, эсвэл ур чадвар олж авахаа, ямар зуршилтай болохоо сонгож чадахгүй. Хүний эцэг эх, хамаатан садан хэн байхыг, ямар төрлийн орчинд өсөхөө хүн шийдэж чадахгүй; эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлстэй харилцах хүний харилцаа болон тэдгээр нь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бүгд хүний хяналтаас гадна байдаг. Тэгвэл эдгээр зүйлийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Энэ зүйл дээр хүмүүст ямар ч сонголт байдаггүй болохоор, тэд эдгээр зүйлийг өөрсдөө шийдэж чаддаггүй болохоор, мөн тэдгээр нь хараажаар аяндаа бүрддэггүй болохоор, энэ бүх зүйлсийн бүрдэл Бүтээгчийн гарт оршдог гэдэг нь илэрхий юм. Бүтээгч нь хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг шигээ бас хүний өсөх онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Хэрвээ хүний төрөлт нь түүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал, зүйлст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүн ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялгаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ хөрөнгийг барж, тэгснээрээ тэд ядуу орчинд өсдөг. Хэний ч төрөлт тогтоосон дүрэм журамд захирагддаггүй бөгөөд зайлшгүй, тогтоосон нөхцөл байдалд өсөж торнидог хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж, эсвэл хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, эцсийн дүндээ тэдгээрийг Бүтээгч хүний хувь заяа болгон урьдаас тогтоосон ба тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх болон тухайн хүний хувь заяанд зориулсан Түүний төлөвлөгөөгөөр тодорхойлогддог.

2. Хүний өсөж торнидог янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүргийг бий болгодог

Хүний төрөлтийн нөхцөл байдал нь тэдний өсөх орчин, нөхцөл байдлыг үндсэн түвшинд тодорхойлдог ба хүний өсдөг нөхцөл байдал нь мөн л түүний төрөлтийн нөхцөл байдлын үр дүн юм. Энэ хугацаанд хүн хэл сурч эхэлдэг ба хүний ухаан санаа олон шинэ зүйлтэй тулгарч, ойлгож өөрийн болгож эхлэх явцдаа хүн үргэлж өсөж байдаг. Хүний чихээрээ сонсож, нүдээрээ харж, оюун ухаанаараа хүлээн авдаг зүйлс нь хүний дотоод ертөнцийг аажмаар баяжуулж, сэргээдэг. Хүний харилцдаг хүмүүс, үйл явдал, зүйлс, хүний суралцдаг ухамсар, мэдлэг, ур чадвар, түүнчлэн нөлөөгөөр, байнгын ятгалгаар хэвшсэн юм уу, эсвэл заалгасан сэтгэлгээний арга барил нь бүгд хүний амьдралын хувь заяанд нөлөөлөх болно. Өсөхдөө хүний сурдаг хэл болон хүний сэтгэлгээний арга барил нь хүний залуу насаа өнгөрүүлсэн орчинтой салшгүй холбоотой бөгөөд тэрхүү орчин нь түүний эргэн тойрны эцэг эх, ах дүүс, бусад хүмүүс, үйл явдал болон зүйлсээс бүрддэг. Иймээс хүний хөгжлийн замнал нь түүний өссөн орчноор тодорхойлогддог ба түүнчлэн энэ хугацаанд хүний харилцдаг хүмүүс, үйл явдал болон зүйлсээс мөн хамаардаг. Хүний өсөж торних нөхцөл байдал нь аль хэдийн урьдаас шийдэгдсэн байдаг болохоор энэ үйл явцын хүний амьдардаг орчин ч гэсэн бас л угаасаа урьдаас шийдэгдсэн байдаг. Энэ нь хүний сонгож, шилснээр болдоггүй, харин Бүтээгчийн нямбай зохицуулалтаар болон хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхээр тодорхойлогдсон Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу шийдэгддэг. Иймээс өсөх явцдаа аливаа хүний уулздаг хүмүүс, түүний харилцдаг зүйлс нь бүгд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалттай гарцаагүй холбогдсон байдаг. Хүмүүс ийм адармаатай харилцаа холбоог урьдаас мэдэж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж, эсвэл ойлгож ч чадахгүй. Олон өөр зүйлс болон олон өөр хүмүүс хүний өсдөг орчинд хамаатай байдаг бөгөөд ямар ч хүмүүн харилцаа холбооны асар өргөн сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадваргүй. Янз бүрийн бүх хүмүүс, үйл явдал болон зүйлсийн бий болох, орших, үгүй болохыг Бүтээгчээс өөр ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл хянаж чадахгүй бөгөөд энэ нь Бүтээгчийн урьдчилан тогтоосны дагуу хүний хөгжлийг төлөвшүүлдэг, хүний өсөж торних олон янзын орчныг бүрдүүлдэг ба хүмүүст өөрсдийн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх найдвартай бат бөх суурь тавьж, Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүрэг ролийг бүтээдэг харилцаа холбооны асар өргөн сүлжээ юм.

Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе

Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид[c] тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний хувь заяаны тулгын чулууг тавьж, хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болдог бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол, хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхэлдэг үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, бие даахад түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн төрөл нь хоёул хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжил сонгон сургуулиа төгссөний дараа амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийж, аятайхан ажил олдог. Зарим хүмүүс олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч тушаал ахих нь бүү хэл өөртөө тохирох ажил юм уу, байр сууриа хэзээ ч олж чаддаггүй; амьдралынхаа аяны эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдоо чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж, хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн, эсвэл бартаатай эсэхийг мэдэхгүйгээр[d] тэд хүний хувь тавилан хэчнээн хувирамтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэр олдог; зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, тэгснээр өөрсдийгөө авч явдаг... Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд: сайн сонголт, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл, шийдвэртэй нийцдэг үү? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их цалин хөлс авч, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч, хэдийгээр хүн зоригтой зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх хүч, эсвэл чадвар хэнд ч байхгүй, хэн ч өөрийн ирээдүйг хянаж чадахгүй гэдгийг тэд анх удаагаа үнэхээр ойлгодог. Хүний мөрөөдөл болон хүний тулгарах ёстой бодит байдал хоорондоо үргэлж нэлээд зайтай байх болно; аливаа зүйлс хэзээ ч хүний хүссэн шиг байдаггүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс хэзээ ч сэтгэл ханамжтай, эсвэл тааламжтай болж чадахгүй. Зарим хүн өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юу хийхээс ч буцахгүй, аж амьдрал, ирээдүйнхээ төлөө ихийг золиослон их хичээл чармайлт гаргана. Гэвч эцэст нь, тэд шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаддаг ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй бөгөөд хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хэзээ ч илүү гарч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадаггүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг нь хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармайлт, эсвэл хүний эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тогтоодог юм.

2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь

Хүн нас биед хүрэээд эцэг эхээ орхиж, өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.

Гэрлэлт: Дөрөв дэх онцгой үе

Хүн өсөж, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ болон төрж, өссөн орчноосоо улам холддог бөгөөд үүний оронд хүн эцэг эхийнхээсээ өөр амьдралын замд өөрийн амьдралын зүг чигийг эрж хайн, амьдралынхаа зорилгыг хөөж эхэлдэг. Энэ хугацаанд хүнд цаашид эцэг эх нь хэрэгтэй биш, харин амьдралаа хамт туулж чадах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь ойр дотно холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Ийм байдлаар бие даасны дараа хүнд тохиолддог хамгийн анхны томоохон үйл явдал нь гэрлэлт буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх онцгой үе юм.

1. Гэрлэлтийн тухайд хүнд ямар ч сонголт байдаггүй

Гэрлэлт нь аливаа хүний амьдралын чухал үйл явдал юм; энэ нь хүн үнэхээр олон янзын үүрэг хариуцлага үүрч, олон янзын даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг үе юм. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд эдгээр бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэнд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс гэрлэлтийн талаар гажууд мэдээгээр үргэлж бөмбөгдүүлж, энэ нь бүр олон нэмэлт шаардлага бий болгож, хүмүүст бүх төрлийн ачаа болон хачин хандлагуудыг өгдөг боловч хүн үүнийг хэрхэн ойлгох нь хамаагүй, үүнд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, гэрлэлт бол хувь хүний сонгох хэрэг биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэддэг.

Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн түүний хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Гэрлэлтийн тухайд хэдийгээр хүн бүхэнд өөрийн гэсэн санаа, хувийн үзэл байдаг боловч эцэстээ хэн түүний хань ижил болохыг хэн ч урьдаас харж чадахгүй бөгөөд хүний өөрийн үзэл бараг тооцогддоггүй. Таалагддаг хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлддөг; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх нь, тэр чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Хайрыг чинь татсан этгээд чиний амьдралаа хуваалцах хүн байх албагүй; энэ зуур чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн чиний амьдралд чимээгүйхэн орж ирээд чиний хань ижил болж, чиний хувь заяаны хамгийн чухал элемент, чиний нэг хэсэг болж, чиний хувь заяа түүнтэй адрмаатайгаар холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Хэр олон гэрлэлт ханамжгүй, хэчнээн нь аз жаргалтай байдаг; хэчнээн нь Зүүн, Барууныг холбодог, хэчнээн нь Умард, Өмнөдийг холбодог; хэр олон нь төгс тохирдог, хэр олон нь ижил зиндааных; хэчнээн нь аз жаргал, эв зохицолтой, хэчнээн нь зовлон, гунигтай; хэр олон нь бусдын атаархлыг төрүүлдэг, хэчнээн нь буруу ойлгогдож, ад үзэгддэг; хэр олон нь баяр хөөрөөр дүүрэн, хэр олон нь нулимсанд автаж, цөхрөлд орсон бэ... Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс гэрлэлтэнд үнэнч, насан турш хариуцлагатай байх, эсвэл хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, эсвэл хүлцэнгүй байдал болон үл ойлголцол, эсвэл урвалт, бүр үзэн ядалтыг хүртэл харуулдаг. Гэрлэлт эсвэл аз жаргал, эсвэл зовлон шаналал авчрахыг, гэрлэлт дэх хүн бүрийн даалгаврыг Бүтээгч урьдчилан тогтоодог бөгөөд энэ өөрчлөгдөхгүй; хүн бүр үүнийг биелүүлэх ёстой. Гэрлэлт бүрийн цаана орших хувь хүний хувь заяа өөрчлөгдөшгүй; үүнийг Бүтээгч урьдаас тодорхойлсон.

2. Гэрлэлт хоёр хүний хувь заяанаас төрдөг

Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог. Өнгөн талдаа гэрлэлтийн зорилго нь хүний удам угсааг үргэлжлүүлэх явдал боловч үнэндээ гэрлэлт бол даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш юм. Гэрлэлтэнд гүйцэтгэх хүмүүсийн үүрэг нь зүгээр л дараагийн үеийг өсгөж торниулах биш; тэдгээр нь хүний хүлээдэг янз бүрийн үүрэг бөгөөд гэрлэлтээ хадгалах явцад хүний биелүүлэх ёстой даалгавар юм. Хүний төрөлт нь хүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал болон зүйлсийн өөрчлөлтөнд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт нь мөн тэдгээрт гарцаагүй нөлөөлөх бөгөөд цаашлаад тэдгээрийг олон янзын арга замаар өөрчлөх болно.

Хүн бие даахаараа хүнийг гэрлэлттэй нь холбоотой хүмүүс, үйл явдал, зүйлс рүү алмах алхмаар хөтөлдөг амьдралын замналаа эхэлдэг; мөн үүний зэрэгцээ тэрхүү гэрлэлтийг бүрдүүлэх нөгөө хүн нь тэдгээр хүмүүс, үйл явдал болон зүйлс рүү алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхэн дор хоорондоо хамаатай хувь заяаг хуваалцдаг хамааралгүй хоёр хүн гэрлэж, гайхалтай байдлаар гэр бүл буюу “нэг уяанаас зуурч байгаа хоёр царцаа” болдог. Иймээс хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие дааж амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хүн чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол гэрлэлтийн эх сурвалж, Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяаны үр дүн юм.

Үр удам: Тав дахь онцгой үе

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.

Хэрвээ хүн өөр хүний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийг төрүүлж өсгөдөг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухамхүү дээд эрхийг, түүнчлэн хэн ч Бүтээгчийн урьдчилан тогтоосныг даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.

1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй

Төрөлт, өсөлт, гэрлэлт нь бүгд олон янзын, өөр өөр хэмжээний таагүй байдалд хүргэдэг. Зарим хүмүүс гэрийнхэндээ, эсвэл тэдний гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхээ голдог; зарим нь өссөн орчиндоо дургүй, эсвэл зөрөлдөх шалтгаан ихтэй байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд, эдгээр бүх урам хугалсан зүйлийн дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт, эсвэл гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байхыг үл харгалзан тэдгээрийг туулсан хүн бүрийн хувьд, хүн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх болон хань ижил нь хэн байхыг сонгож чаддаггүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ хүмүүсийн хувьд дараагийн үеэ өсгөх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст туулсан бүх таагүй байдлуудыг нь үр хүүхэд нь нөхөж хийх болно гэж найдан өөрсдийн амьдралын эхний хагасын биелэгдээгүй бүх хүслийг үр удам нь биелүүлнэ гэж горьддог. Иймээс хүмүүс хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн зөгнөлд автдаг: охид нь гайхам үзэсгэлэнт эмэгтэй болно, хөвгүүд нь золбоолог эр хүн болно; охид нь боловсон, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин болно; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадварлаг, өр нимгэн байх болно. Охид нь ч бай, хөвгүүд нь ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулж байх болно гэж тэд найддаг... Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй, бусдаас ялгаран гарах өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, тэд өөрсдийн хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр сад нь тэдэнд туслана; тэдний охид, хөвгүүд овгийнхоо нэрд алдар суу авчирч, том ажилтай, баян, эсвэл алдартай хүн болно гэж найдан өөрсдийнх нь бүх итгэл найдвар, биелэгдээгүй хүсэл, туйлын зорилгыг дараагийн үе нь гүйцээнэ гэж горьддог; товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь хувь тавилан өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, уран зөгнөл нь төгс байдаг; тэд хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш бөгөөд тэдний хүүхдүүдийн хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс өөрсдийнхөө хувь заяаны эзэд биш атлаа тэд залуу үеийнхний хувь заяаг өөрчлөнө гэж найддаг; тэд өөрсдийн хувь заяанаас зугтах хүчгүй боловч охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж оролддог. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа биш гэж үү? Энэ нь хүний мунхаглал, учир мэддэггүй байдал биш гэж үү? Хүмүүс үр садынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй боловч эцсийн эцэст, хүн хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүд нь ямар байх нь тэдний төлөвлөж, хүссэнээр болохгүй. Зарим хүмүүс сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүмүүс чинээлэг боловч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь бүтдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд хүүхдүүд бол ерөөл байдаг; өөр бусдын хувьд тэдгээр нь хараал юм. Зарим хосууд авхаалжтай сэргэлэн ч ухаан мөхөс хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эхчүүд хөдөлмөрч, шударга байдаг ч өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эхчүүд сайн, шударга боловч хүүхдүүд нь зальтай, хорон санаатай байдаг. Зарим эцэг эхчүүд оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл ч согогтой хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эхчүүд энгийн, бүтэл муутай байдаг ч агуу амжилтанд хүрсэн хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх доод зиндааных байдаг ч хүүхдүүд нь алдар цуутай болж дэвждэг...

2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг

Ихэнх хүмүүс гуч орчим насандаа гэрлэдэг бөгөөд амьдралын энэ үедээ хүн хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэхдээ хүмүүс үр хүүхэд өсгөн хүмүүжүүлж эхлэхдээ шинэ үеийнхэн өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал тэдэнд тусгагдаж байгааг үзэж, залуу үеийн алхаж байгаа замыг яг л тэднийх шиг төлөвлөж ч, сонгож ч болдоггүй юм байна гэдгийг үр сад нь өсөж торних зуур ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарснаар тэд хүн бүхний хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог; үүнийг нэг их ухаарахгүйгээр тэд өөрсдийн хүслийг аажмаар цааш тавьдаг бөгөөд тэдний сэтгэлийн дэврүүн хүсэл бөхөж унтардаг... Энэ хугацаанд хүн ихэнхдээ амьдралынхаа чухал үеүдийг туулан өнгөрөөж, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагыг хүлээн авсан байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн төлөвтэй байх вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг Ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн өөрийнхөө Цасан Цагааныг хайсаар байх юм бэ? Дунд насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж итгэсээр байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэйчүүд залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаас үл хамааран энэ насны хүмүүс гэрлэлт, гэр бүл болон хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай байдаг. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт үлдээгүй байдаг ба хувь заяаг сорих гэж огт зүтгэдэггүй. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүний хүүхдүүд өөрсдийн гэсэн хувь тавилантай байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагыг аяндаа бий болгодог. Үнэнийг ойлгоогүй ихэнх хүмүүс энэ дэлхийн бүхий л таагүй явдал, бүтэлгүйтэл болон зовлон зүдгүүрийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх өөрсдийн мэдлэг ухааныг “Тэр бол хувь заяа!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хүмүүний хувь заяаны тухай энэ ертөнцийн хүмүүсийн дүгнэлт болон ухаарлыг товчоор илэрхийлдэг ч, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг ба маш гярхай, нарийн зөв хэлжээ гэж болох боловч энэ нь Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй бөгөөд энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө орлож чадахгүй.

3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй

Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх та нарын мэдлэг болон эгэл хар хүмүүсийн мэдлэгийн хооронд үлэмж ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан товлосныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэнд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулсан гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэнд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайд давалгаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэнд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, таньж, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад үзэгдлийг ухаарах явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг бүрэн захирдаг эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл, хүн төрөлхтний хувь заяа Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтанд захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг—байсан ч ингэснээрээ хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, таньж, дагаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.

4. Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна

Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчлөнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны бэлтгэсэн зүйлсийг орхин хаяхыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амиа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүмүүс эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр таньж мэдсэн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүмүүсийн төлөв байдлаас авч үзвэл, хэдийгээр санаагаараа бол тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсдэггүй боловч, хэдийгээр тэд өвчин шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол тэд хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэнэ болон утга учрыг үнэхээр ухан ойлгож чаддаггүй; тэд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө мэдэх нь байтугай, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, үүнд захирагдаж ч чаддаггүй. Иймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяаг болон хүний бүх зүйлийг захирах дээд эрх байдаг гэсэн баримтыг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, хэрвээ тэд Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн үзэлд хөтлөгдөж, хүлэгдэхгүй байхад тэдэнд хэцүү болох ба хувь заяаны эсрэг болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хатуу тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд түүнчлэн үнэхээр чөлөөлөгдөж, чөлөөтэй болоход, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга байдаг, энэ нь: урьдны амьдрах янз маягаасаа хагацаж, амьдралын өмнөх зорилгодоо баяртай гэж хэлж, амьдралынхаа өмнөх хэв маяг, гүн ухаан, эрэл хайгуул, хүсэл, эрхэм эрмэлзлийг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнэ өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго болон тэдний амьдралын олон янзын арга замыг дахин дахин судалж, анхааралтай нарийвчлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч зорилгод тохирдоггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүн төрөлхтний унадаг нүх, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжинд захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохыг хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүмүүс үүний зовлонг тэсвэрлэдэг ч зарим нь чаддаггүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгож, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр байдаг бөгөөд өөрсдийн хувь заяаг Бурханы гарт орхиж, Бурханы дээд эрхэнд захирагдаж тэвчдэггүй, цаашлаад тэд Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд дургүйцдэг. Тиймээс ямар чадвартайгаа өөрөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчлөхийг, эсвэл өөрийн чадлаар аз жаргалд хүрч, Бурханы эрх мэдийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн аз жаргалтай амьдрал эрж хайдгаас биш, нэр алдар, эд баялг хөөцөлдөж, эсвэл хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэлдсэнээс болдог биш, харин тэр Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч өөрийгөө бас л засаж чаддаггүй, хөлөө шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байгаад зөвхөн гэмтэж бэртэн цус алдаж хэвтэж байхдаа л сүүлдээ бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол цэцэн бөгөөд зугтахыг сонгодог хүмүүс бол муйхар гэж Би хэлнэ.

Үхэл: Зургаа дахь онцгой үе

Маш их үймээн бужигнааны дараа, маш их бүтэлгүйтэл, таагүй явдлын дараа, маш их баяр хөөр, уй гашуу болон сайн, муугийн дараа, маш олон мартагдашгүй жилүүдийн дараа, улирал дахин дахин солигдохыг харсны дараа ч хүн амьдралын чухал үеүдийг анзааралгүй өнгөрөөдөг бөгөөд нүд ирмэхийн зуурт л бөхөн унтарч буй насандаа очсоноо мэддэг. Цаг хугацааны ул мөр бүх биеэр нь тамгалагддаг: Хүн цэх шулуун зогсож чадахаа больж, хар үстэй толгой нь цагаан болж, хурц тунгалаг нүд нь сүүмийн булингартаж, зөөлөн толигор арьс нь үрчийж, нөсөөтдөг. Хүний сонсгол муудаж, шүд нь сулран унаж, хариу үйлдэл нь удааширч, хөдөлгөөн нь удаан болдог... Энэ үед хүн өөрийн залуу насны оргилсон он жилүүдтэй бүрмөсөн салах ёс хийж, амьдралынхаа хэвийх үе болох өтөл нас руу ордог. Дараа нь тэр хүний амьдралын сүүлчийн чухал үе болох үхэлтэй учрах болно.

1. Хүний амьдрал, үхлийг хянах хүч гагцхүү Бүтээгчид бий

Хэрвээ хүний төрөлт түүний өмнөх амьдралаар заяагддаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг тэмдэглэдэг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг тэмдэглэдэг. Бүтээгч хүний төрөлтөнд зориулсан хөдөлшгүй нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн л хүний үхэлд хөдөлшгүй нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Өөрөөр хэлбэл, хэн ч тохиолдлоор төрдөггүй, хэний ч үхэл санаандгүй байдаггүй бөгөөд төрөлт болон үхэл хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар ихийг хэлж болохын адилаар хүн болгоны үхэл нь янз бүрийн онцгой нөхцөл байдалд тохиолддог учраас хүмүүсийн насны хэмжээ, тэдний үхлийн байдал, цаг хугацаа нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс чийрэг, эрүүл саруул байдаг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай байдаг ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол нас барж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ хажууд нүд аньдаг. Зарим хүмүүс агаарт, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гай гамшигт амиа алддаг. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг... Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гайхалтай амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч чадахгүй, хэн ч Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэхээ эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн хүчийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

2. Бүтээгчийн дээд эрхийг мэддэггүй хүнээс үхлийн айдас салахгүй зовооно

Өтөл насандаа очих үед хүнд тулгардаг бэрхшээл нь гэр бүлээ тэжээх, эсвэл амьдралын гол хүсэл эрмэлзлээ тогтооход биш, харин амьдралтайгаа хэрхэн салах ёс хийж, амьдралынхаа төгсгөлтэй хэрхэн учрах, оршин тогтнолынхоо төгсгөлд хэрхэн цэг тавих вэ гэдэгт байдаг юм. Хэдийгээр хүмүүс гаднаа үхэлд маш бага анхаарал хандуулдаг мэт байдаг боловч хэн ч энэ сэдвийг шинжлэхээс зайлсхийж чадахгүй, учир нь үхлийн нөгөө талд өөр ертөнц буюу хүний ойлгож, мэдэрч чаддаггүй, тэдний огтхон ч мэддэггүй ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч мэддэггүй билээ. Энэ нь хүмүүсийг үхэлтэй халз тулахаас айж, үүнтэй жам ёсоороо тулгарахаас айхад хүргэдэг бөгөөд үүний оронд тэд энэ сэдвээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Иймээс энэ нь хүн бүрийг үхлийн тухай айдсаар дүүргэж, амьдралын энэхүү зайлшгүй үнэнд нууцлаг бүрхүүл нэмж, хүн бүхний зүрх сэтгэлд байнгын сүүдэр тусгадаг.

Бие нь муудаж байгааг мэдрэх үедээ, үхэл нь ойртож байгааг мэдрэх үедээ хүн тодорхойгүй айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй айдсыг мэдэрдэг. Үхлээс айх айдас нь хүнд бүр илүү их ганцаардал, арчаагүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд энэ үед хүн өөрөөсөө ийнхүү асуудаг: Хүн хаанаас ирсэн бэ? Хүн хаашаа явж байна вэ? Хүний амьдрал түүнээс урсан өнгөрч, хүн ингээд үхдэг юм гэж үү? Энэ нь хүний амьдралын төгсгөлийг тэмдэглэдэг үе гэж үү? Эцэстээ амьдралын утга учир юу юм бэ? Эцсийн эцэст амьдрал ямар үнэ цэнэтэй юм бэ? Энэ нь нэр алдар, эд хөрөнгийн төлөө гэж үү? Энэ нь үр хүүхэд өсгөхийн төлөө гэж үү?... Хүн эдгээр тодорхой асуултын тухай бодсон эсэхээс үл хамааран, хүн үхлээс хэр гүнзгий айдгаас үл хамааран нууцлаг байдлуудыг судлах хүсэл, амьдралын тухай ойлгохгүй байх болон эдгээртэй холилдсон дэлхий ертөнцийн тухай уян нялуун сэтгэл, орхин одох хүсэлгүй байдал хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд үргэлж байдаг. Хүний айдаг зүйл юу болохыг, хүний судлахыг хүсдэг зүйл юу болохыг, тэр юуны тухай уян нялуун сэтгэлтэй байдгийг болон тэр юуг орхин одох хүсэлгүй байдгийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байх...

Үхлээс айдаг учраас хүмүүс хэтэрхий их санаа зовдог; үхлээс айдаг учраас тэдний орхиж чаддаггүй зүйл маш их байдаг. Үхэх гэж байхдаа зарим хүмүүс үүний эсвэл түүний тухай бухимддаг; тэд санаа зовсноороо үхлийн авчрах зовлон шаналал, айдсыг арилгаж чадах юм шиг, амьд хүмүүстэй ийм ойр дотно харьцааг хадгалснаараа үхлийг дагалдан ирдэг арчаагүй, ганцаардмал байдлаас зугтаж чадах юм шиг хүүхдүүд, хайртай хүмүүс, эд хөрөнгөнийхөө төлөө санаа зовж байдаг. Хүний сэтгэлийн гүнд ойлгомжгүй айдас, хайртай хүмүүсээсээ хагацаж, хөх тэнгэрийг дахин хэзээ ч харахгүй, материаллаг ертөнцийг дахин хэзээ ч харахгүй гэсэн айдас байдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байж дассан ганцаардмал сүнс зууралдахаа больж, үл мэдэх, танихгүй ертөнц рүү цор ганцаараа явах дургүй байдаг.

3. Нэр алдар, эд хөрөнгө хөөцөлдөж барсан амьдрал барсан хүнийг үхэлтэй учрахад барьц алдуулна

Өөрийн гэсэн юу ч үгүйгээр аянаа эхэлсэн ганцаардмал сүнс хувьдаа эцэг эх, гэр бүлтэй болж, хүмүүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны ачаар олж авдаг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ ашигладаггүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэж насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр алдар байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүмүүс өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Тэдний бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; алдар нэр, эд баялаг хүний өтөл насны доройтол руу уруудахыг зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр алдар, эд баялаг эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн өөрийн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг. Эцэг эхтэй байх үедээ хүн эцэг эх нь хамгийн чухал гэж хүн итгэдэг; хөрөнгө хогшилтой байх үедээ мөнгө бол түүний гол тулгуур, энэ нь түүний амьдралд хэрэгтэй зүйл гэж хүн боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө өөрийнхөө амиар дэнчин тавина. Хүмүүс энэ ертөнцийг орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс агшин зуурын үүлсээс өөр юу ч биш бөгөөд тэдгээрийн алийг ч тэд өөртөө байлгаж чадахгүй, тэдгээрийн алийг ч тэд аваад явж чадахгүй, тэдгээрийн аль нь ч тэднийг үхлээс чөлөөлж чадахгүй, тэдгээрийн аль нь ч буцах замдаа орсон ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээрийн аль нь ч хүнд аврал өгч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын тааламж, амар амгалангийн хуурамч мэдрэмжийг хүнд өгч, хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух болон зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг хүсэн мөрөөдөнгөө давалгаан доор дахин дахин ордог. Хүмүүс ойлговол зохих хамгийн чухал зүйлийг—тэд хаанаас ирсэн, тэд яагаад амьд байгаа, тэд хаашаа явдаг вэ гэдэг асуултуудыг хараахан ойлгоогүй байхдаа нэр алдар, эд баялагт уруу татагдаж, мэхлүүлж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн оддог; он жил нүд цавчихийн төдийд өнгөрдөг; хүн нэг мэдэхэд л амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийх ёстой болчихсон байдаг. Дэлхий ертөнцөөс явах нь дөхөхөд энэ дэлхий дээрх бүх зүйл холдон оддог ба хүн өөрийн эзэмшдэг зүйлсийг цаашид хадгалж чадахгүй гэсэн ойлголтонд аажмаар хүрдэг; тэгээд энэ дэлхийд дөнгөж мэндлээд орилж байгаа нярай хүүхэд шиг огт юуг ч эзэмшээгүй хэвээр юм байна гэдгээ хүн лавтай мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийснээ, амьд явсны хэрэг юу байсныг, энэ нь ямар утга учиртайг, хүн яагаад энэ дэлхийд ирснийг тунгаан бодоход хүрдэг; мөн энэ үед хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэхийг, Тэнгэр үнэхээр оршдог эсэхийг, залхаан цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг... Хүн үхэлд хэдий чинээ ойртох тусмаа амьдрал гэж үнэндээ юу болохыг мэдэх гэж төдий чинээ их хүсдэг; хүн үхэлд ойртох тусам түүний зүрх сэтгэл төдий чинээ хоосон санагддаг; хүн үхэлд ойртох тусмаа арчаагүй байдлыг төдий чинээ их мэдэрдэг; иймээс үхлээс айх хүний айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэлд ойртох үедээ хүмүүс яагаад ийнхүү авирладагт хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь амьдрал хамаарч байсан нэр алдар, эд баялгаа алдаж, дэлхий ертөнц дээрх үзэгдэх бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаасаа айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой цор ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд амаргүй санагддаг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч үзээгүй сандарч, арчаагүйтэх байдлыг мэдэрдэг. Хүмүүс үнэндээ энэ цэгт хүрэх үедээ л хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэдэг нь энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл юм байна гэдгийг ухаардаг. Эдгээр нь амьдралын жинхэнэ хөрөнгө баялаг бөгөөд хүн амьд үлдэхийн гол үндэс мөн, харин гэр бүлээ хэрхэн тэжээж, эсвэл нэр алдар, эд баялгийг хэрхэн олж авахад суралцах явдал биш, гэр бүлээ юугаар хангаж, хэрхэн нэр алдар, баялагт хүрч, хэрхэн бусдаас ялгарах, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдэнтэй хэрхэн амжилттай өрсөлдөхөд суралцах явдал биш юм. Хэдийгээр эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амь зуух ур чадварууд нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянахад хэцүү болгож, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжийг алдахад байнга хүргэдэг; тэдгээр нь үхэлтэй хэрхэн зүй зохистойгоор нүүр тулахад далд бэрхшээлийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч бол Өөрийнх нь дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрт олгон хүн бүрт шударгаар ханддаг байтал зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл дээр нь эргэлдэх үед л хүн дөнгөж ойлгож эхэлдэг—энэ нь хэтэрхий оройтсон байдаг.

Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ л эдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, амьд явахсан гэж төдий чинээ их хүсдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Зөвхөн энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаарагддаггүй, энэ нь тэдний хянадаг зүйл биш, амьдрах уу, үхэх үү гэдгээ хүн шийдэж чадахгүй ба энэ бүхэн нь хүний хяналтаас гадна байдаг гэдгийг лавтай ухаардаг.

4. Бүтээгчийн ноёрхол дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч, амьд байна гэж юу гэсэн үг болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэл үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг хүн аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нэгэнтээ нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амьдрал хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв үнэлдэг хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүн рүү буцаж очно гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг лавтай ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг нь тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх ба зөвхөн тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц юм. Иов мэдээж үхэлд ингэж хандсан; тэр амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан ба өөрийнхөө амьдралын аяныг тайван төгсгөлд аваачиж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн хажууд эргэн очсон юм.

5. Иовын амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвчин мэдрээгүй, харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханыг гэрчилсэн ба зөв шударга хүн гэж нэрлэгдэх гавьяатай байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтонд хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарч чадах илүү дээр байр сууринд тавьсан гэдгийг Библид тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгөний талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас эмээж, нүглээс зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрх хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэнд итгэх, танин мэдэх, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсан бөгөөд тэр ийнхүү итгэж, танин мэдэж, хүлцэнгүй байж амьдралынхаа чухал онцгой үеүдийг өнгөрөөж, сүүлчийн жилүүддээ амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш, харин жаргалтай байсан. Тэр зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, эсвэл сайшаалын ачаар л жаргалтай байгаагүй, харин түүнээс ч илүү чухал зүйл гэвэл, өөрийн хичээл зүтгэл ба амьдралын зорилгоос болоод, Бурханаас эмээж, муугаас зайлснаар олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголтоос болоод, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, хоорондоо ойлголцсон халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжуудаас болоод; Бүтээгчийн хүслийг мэдсэнээс үүссэн тав тух болон аз жаргалаас болоод; Бурхан бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлээс болоод тэр жаргалтай байсан юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь тэр үхэхээрээ Бүтээгчийн хажууд эргэж очно гэдгээ мэдэж байсанд оршино. Үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авахтай сэтгэл тогтуун нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө бохирдоогүй, зовох юмгүй зогсох боломжийг түүнд олгосон зүйл нь түүний амьдралын эрэл хайгуул, олз ашиг байсан юм. Өнөөгийн хүмүүс Иовд байсан тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө тэгж чадах уу? Өнөөгийн хүмүүс чадах мөртлөө яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж, бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, үнэлэлт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас хүмүүс үндсэндээ ийм ичмээр авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.

6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний дэргэд эргэн очиж чадна

Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандралд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн амьдралынхаа эцсийн онцгой үетэй дурамжхан бус, эсвэл сэтгэлийн шаналалгүй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтанд захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, шаналал, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд түвэггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.

Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

Дээр дүрсэлсэн зургаан онцгой үе нь Бүтээгчийн бэлтгэсэн шийдвэрлэх чухал үе шатууд бөгөөд энгийн хүн бүхэн амьдралдаа үүнийг туулах ёстой. Эдгээр онцгой үе бүр бодитой; тэдгээрийн алийг ч тойрч гарч болохгүй бөгөөд бүгд Бүтээгчийн урьдчилан тогтоосонтой болон Түүний дээд эрхтэй холбоотой. Иймээс хүний хувьд эдгээр онцгой үе бүр нь нэг чухал байцаан өнгөрүүлэх цэг бөгөөд тэдгээрийн нэг бүрийг хэрхэн түвэггүй дамжин өнгөрөх нь та бүхэнд одоо тулгарч байгаа тун ноцтой асуулт юм.

Хүний амьдралыг бүрдүүлдэг хэдхэн арван жил нь урт ч биш, богино ч биш юм. Төрөлт болон насанд хүрэхийн хоорондох хорь гаруй жил нь нүд цавчихын төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр энэ үед хүнийг насанд хүрэгч гэж тооцдог боловч энэ насны хүмүүс хүний амьдрал болон хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулангаа дунд зэргийн нас руу аажмаар дөхдөг. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар дөнгөж үүсэн бүрэлдсэн туршлагатай болдог боловч эдгээр зүйлийн талаарх тэдний санаа бодол тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүртлээ зарим хүмүүс Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн болон хорвоо ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал ямар болохыг, хүмүүний хувь заяа юу болохыг ухаарч мэдэж эхэлдэггүй. Зарим хүн хэдийгээр урт хугацаанд Бурханы дагалдагчид байж, одоо дунд хэрийн настай болсон атлаа Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ хүлцэнгүй байдлын талаар нарийн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүмүүс ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юу ч тоодоггүй бөгөөд тэд хэдийгээр олон жил амьдарсан ч ядахдаа, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг мэддэггүй, эсвэл ойлгодоггүй ба иймээс Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдах бага зэргийн бодит сургамжид ч ордоггүй. Тийм хүмүүс тэр чигтээ тэнэг; тийм хүмүүс амьдралаа дэмий өнгөрүүлдэг.

Хэрвээ хүний амьдралыг, түүний амьдралын дадлага туршлагын түвшин болон хүний хувь заяаны талаарх түүний мэдлэгийн дагуу хуваавал үүнийг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь залуу нас буюу төрөлт болон дунд зэргийн насны хоорондох, эсвэл төрөлтөөс гучин нас хүртэлх жил. Хоёр дахь үе шат нь боловсорч гүйцсэн нас буюу дунд наснаас өтөл нас хүртэл буюу гучаас жаран нас хүртэлх үе юм. Гурав дахь үе шат нь хүний нас биед хүрсэн үе буюу жаран наснаас эхлэдэг өтөл наснаас эхлээд хүн энэ дэлхийгээс явах хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд нас хүртэл ихэнх хүмүүсийн хувь заяа болон амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг тоть шиг дуурайдгаар хязгаарлагддаг; үүнд бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд амьдралын тухай хүний үзэл болон хүн энэ дэлхийд өөрийн замыг хэрхэн бүтээх нь бүгд тун өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр үе юм. Хүн амьдралын бүх баяр хөөр, уй гунигийг амссаныхаа дараа л хувь заяаны талаар бодитой ойлголт олж авч, хүн—дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд—хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар үнэлж, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршин байдгийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсорч буй үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхээ больж, цаашид сөргөлдөөнд татагдах хүсэлгүй болж, харин өөрийн хувь тавиланг мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, өөрийн амьдралын амжилт болон алдааг нэгтгэн дүгнэж, өөрийн амьдрал дахь Бүтээгчийн шүүлтийг хүлээх үе—энэ нь хүний боловсорч гүйцсэн үе юм. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр төрлийн туршлага, олз ашгийг авч үзвэл, хэвийн нөхцөл байдалд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх хүний боломжийн хүрээ тийм ч том биш. Хэрвээ хүн жар наславал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, зөвхөн түүний амьдрал хангалттай урт байвал, хэрвээ хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс хэдийгээр хүний оршин тогтнолын энгийн хуулиар бол хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарсан цагаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэгээд тэндээсээ түүнд захирагдаж чадах цаг хүртэл маш урт хугацааны үйл явц боловч хэрвээ хүн он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч, эсвэл дөчөөс ихгүй жил л байдаг гэж Би хэлдэг. Хүмүүс ихэвчлэн ерөөл хүлээн авах хүсэл, эрмэлзэлдээ автдаг; тэд хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй, иймээс тэд хүмүүний ертөнцөд орж, хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг мэдрэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн хувийн удирдамжийг хүлээн авах нь хэчнээн үнэлж баршгүй вэ гэдгийг ухаардаггүй. Иймээс Бурханы ажил хурдан дуусаж, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулж, ингэснээр тэд Түүний үнэн биеийг шуудхан харж, даруйхан ерөөгдөхийг хүсдэг хүмүүс бол хамгийн дуулгаваргүй, туйлын мунхаг байх гэмтэй гэж Би хэлдэг. Өөрсдийнхөө хязгаарлагдмал хугацаанд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс бол ухаалаг, хурц ухаантай хүмүүс юм. Энэ хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр үзэл бодол, эрэл хайгуулыг илчилдэг: Ерөөл эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй; тэд Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч чармайдаггүй, үүнд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй бөгөөд зүгээр л дураараа амьдрахыг хүсдэг. Тэд бол хэнэггүй адгийн шаарууд; тэд бол устгагдах ангилалынх юм. Бурханыг мэдэх гэж хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтанд захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэднийг Бурхан гарцаагүй сайшаах болно. Юу ч болсон бай, хүний сонголт ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы ажил хэр удахыг хүн шийдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө Бурханы таалалд орхиж, Түүний дээд эрхэнд захирагдсан нь дээр. Хэрвээ өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол чи юу хийж чадах вэ? Бурхан хохирох уу? Хэрвээ чи өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол, хэрвээ чи өөрийгөө хариуцах гэж оролдож байгаа бол чи тэнэг сонголт хийж байгаа ба эцэст нь хохирох хүн ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажиллавал, тэд Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг нь ойлгохоор яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болж, амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй бөгөөд тэд авралд хүрэх болно.

Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй

Миний дөнгөж сая хэлсэн бүхнийг сонссоны дараа хувь заяаны талаарх та нарын бодол санаа өөрчлөгдсөн үү? Хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэний талаар та нар хэрхэн ойлгож байна вэ? Үүнийг энгийнээр хэлбэл, Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон Түүний зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хүн хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ тэр Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог замд буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл хорвоо ертөнцийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Чи энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх чиний мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Чи үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, чи Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн хүн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, энэ нь хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэнд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг удирдаж л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эсвэл зүйлсээр, орон зай, эсвэл газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт

Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон Түүний дээд эрхийг хэрхэн ойлгож мэдвэл зохих вэ? Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлтгэсэн хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан ажиглан ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгоно, хүн юу биелүүлэх ёстойг болон тэдний мөрдөх ёстой замыг ойлгоно, Бурхан хүмүүсээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг нь ойлгоно гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, Тэр үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурвал зохино, эрж хайж сурвал зохино, захирагдаж сурвал зохино. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн чанар юм. Ийм хандлага баримталж, ийм чанарыг эзэмшихийн тулд та нар илүү шаргуу ажиллах ёстой; зөвхөн тэгснээр л та нар жинхэнэ бодит байдалд орж чадна.

Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримтлавал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий чи Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй ээ гэдгийг Би чамд хэлье! Хэрвээ та нарын зарим нь Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч хүнд байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс зөвхөн Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар, эд баялгийг олох гэж оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна шүү гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг олж мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэг тэмцэлдэх хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн чи Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, үнэлэнгээ Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын уршгаар чи үнэхээр үнэ цэнэгүй байх ба чи Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ ойлгодог хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн харьяат болох болно. Зөвхөн ийм хүмүүс л үнэхээр аврагдах болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдчихсэн учраас, тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг үнэлж, түүнийг дагах тэдний байдал бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, сэтгэлдээ үхлийн айдаст автахгүй байж чадна. Зөвхөн ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.

2015 оны 3 дугаар сарын 26

Тайлбар:

a. Эх бичвэрт “нөхцөл байдлыг” хэмээх үгийг орхигдуулсан.

b. Эх бичвэрт “энэ нь” гэж байдаг.

c. Эх бичвэрт “энэ мөчид” гэдгийг орхигдуулсан.

d. Эх бичвэрт “мэдэхгүйгээр” гэдгийг орхигдуулсан.

Өмнөх:Цор ганц Бурхан Өөрөө II

Дараах:Цор ганц Бурхан Өөрөө IV

Танд таалагдаж магадгүй