3. Үнэнийг хүлээн зөвшөөрөлгүй гагцхүү Бурханыг хүлээн зөвшөөрөх асуудлын уг чанар, үр дагавар

Холбогдох Бурханы үг:

Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй—өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханд юм уу Түүний үг, ажилд итгэдэггүй, харин тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөдөг хэн боловч зүрх сэтгэлдээ Бурхангүй хүн юм. Ийм хүмүүс тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Түүнчлэн, энэ хүмүүсийн хувьд, нүдэнд үзэгдэж, гарт баригддаг Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурханыг хамгийн үнэмшилтэй, хамгийн бахдалтай гэж үздэг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш; Бурханы хүсэл бүр ч биш юм. Харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэдний хүслийг хамгийн сайн биелүүлж чадах зүйлс нь эргэлзээгүй тэдний итгэдэг, тэдний эрэлхийлдэг зүйл юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Ийм хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд өөрсөд шиг нь ийм “сайн хүмүүсийг” тэнгэр дэх Бурхан устгана гэдэгт огтхон ч итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, Түүнд ихээхэн “үнэнч” гэдгээ харуулсан учир Бурхан өөрсдийг нь үлдээгээд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд бас нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлсэн бол өөрсдийнх нь хүсэл биелэхээ больмогц тэр дор нь Бурханы эсрэг хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд өөрсдийнхөө хүслийг л хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс гэдгээ харуулдаг; тэд үнэнийг эрэлхийлж буй ёс жудагтай хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг хорон санаатнууд гээч юм. Үнэнийг эрж хайдаггүй тэр хүмүүс үнэнд итгэж чаддаггүй ба хүн төрөлхтний ирээдүйн төгсгөлийг ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ямар ч үг, ажилд итгэдэггүй—хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй байх ч үүнд багтана. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч гэсэн ёрын мууг үйлдсээр байдаг бөгөөд үнэнийг огт эрж хайдаггүй, Миний шаарддаг үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Устгагдана гэдэгтээ итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд маш ухаалаг гэдэгтээ итгэдэг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэж боддог. Тэд ёрын муу үйлдлээ үнэн гэж үздэг, тиймээс үүнийгээ нандигнадаг. Ийм хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй байдаг; тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг ч эцэстээ юу тарина, түүнийгээ л хураана. Хүмүүс өөртөө илүү итгэлтэй, асар биеэ тоосон байх тусмаа үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс бол шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнд дуулгавартай байвал зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бай болно. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрж хайдаг хүмүүс ирээдүйд устгагдах бүр ч магадлалтай. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл үлдэж чадахгүй, мөн амралтын цаг үед ийм хүмүүстэй адил төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Өнөөдөр Би газар дээр, хүмүүсийн дунд амьдардаг. Хүмүүс Миний ажлыг туулж, Миний айлдварыг хардаг, үүний сацуу Би дагалдагч бүрдээ бүх үнэнийг хайрласнаар тэд Надаас амийг хүлээн авч, улмаар өөрсдийн алхах замыг олж авч болох юм. Учир нь Би бол Бурхан, амь Өгөгч билээ. Олон жилийн ажлын маань туршид хүмүүс ихийг олж авч, ихийг хаясан мөртөө Надад үнэхээр итгэдэггүй гэж Би одоо ч хэлдэг. Учир нь хүмүүс Бурхан гэдгийг минь амаараа л хүлээн зөвшөөрдөг боловч Миний хэлдэг үнэнтэй санал нийлдэггүй, түүнчлэн тэднээс Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс үнэний оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс амийн оршин тогтнолыг бус, Бурханы оршин тогтнолыг л хүлээн зөвшөөрдөг; хүмүүс Бурханы мөн чанарыг бус, нэрийг нь л хүлээн зөвшөөрдөг. Би зүтгэлийнх нь төлөө, Намайг мэхлэхийн тулд сайхан сонсогдох үгийг л ашигладгийнх нь төлөө тэднийг жигшдэг; тэдний хэн нь ч Намайг үнэхээр шүтэн мөргөдөггүй. Та нарын үг могойн уруу таталтыг агуулдаг; цаашлаад, тэдгээр нь туйлын ихэрхүү, тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ тунхаглал. Түүнээс гадна, та нарын үйл хэрэг хөсөрдөж, гутамшигтай хэмжээнд хүртлээ салбайж муудсан; хэрээс хэтэрсэн хүсэл, шуналт санаа зорилго чинь сонсож тэвчимгүй байдаг. Та нар бүгд Миний гэрт цагаан эрвээхэй болж, зэвүүцэлтэйгээр хаягдах зүйл болсон. Та нарын хэн нь ч үнэнийг хайрладаггүй; харин ч ерөөгдөж, тэнгэр өөд гарч, Христ газар дэлхий дээр эрх мэдэл эзэмших гайхамшигт үзэгдлийг харахыг хүсдэг. Гэхдээ, маш гүн завхарсан, Бурхан гэж юу болохыг огт мэддэггүй та нар шиг хүн яаж Бурханыг дагахад тохирох билээ гэж та нар ер нь бодож байсан уу? Яаж тэнгэр өөд гарч чадах билээ? Ийм гайхамшигт дүр зургийг буюу урьд өмнө үзэгдээгүй сүр жавхлант дүр зургийг харахад яаж тохирох билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-өөс эш татав

Миний өмнө гаргасан та нарын олон жилийн зан авир, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Уг хариултын асуулт нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зориулсан Миний хүчин чармайлт хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд хүний Миний өмнө хийсэн үйлдэл бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг. Намайг дагадаг бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээд Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн зөвлөгөөг ч хүлээн авч чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадаагүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн авч чадаагүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайх нь байтугай өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь ч асуудаггүй. Тэд байнга л Миний эсрэг тэрсэлдэг хэр нь Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн авах аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ хүмүүс Намайг аман дээрээ Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж бас боддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үйл хэргээ анхаарах учиртай”-аас эш татав

Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг ердөө л оюун ухаан, үзэл баримтлалынх байдаг, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний мэхлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очихуйц ерөөгдсөн хүн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Өмнөх: 2. Христ Бурханы Хүү, эсвэл Бурхан Өөрөө мөн эсэх тухай

Дараах: 1. Бурханыг мэдэх гэж юу болох тухай болон Библийн мэдлэг, теологийн онолын талаарх ойлголтыг Бурханы тухай мэдлэг гэж үзэж болох эсэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх