Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Агуулга

Бурхан бол хүний амийн эх сурвалж юм

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ. Хүн оршин бий болсноос хойш Бурхан орчлон ертөнцийг удирдаж, аливаа зүйлийн өөрчлөлт, шилжилтийг чиглүүлэн Өөрийн ажлаа тогтвортой хийсээр байна. Бүх зүйлсийн нэгэн адил хүн Бурханаас бороо, шүүдэр, амтат тэжээлийг өөрийн мэдэлгүйгээр чимээгүйхэн хүлээн авдаг. Бүх зүйлсийн нэгэн адил хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы мутрын зохион байгуулалт дор амьдарч байдаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы мутарт байдаг ба хүний амьдрал бүхэлдээ Бурханы мэлмийн өмнө байдаг. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран амьд эсвэл үхсэн аливаа болон бүх зүйлс нь Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, устаж үгүй болж байдаг. Энэ мэтээр Бурхан бүх зүйлийг захирдаг.

Шөнийн харанхуй гэтэн ирэхэд хүний зүрх сэтгэл харанхуй хаанаас хэрхэн гэтэн ирдгийг мэдэхгүй учраас мэдээгүй хэвээр үлддэг. Шөнийн харанхуй аажмаар арилахад хүн өдрийн гэрлийг угтан авах боловч гэрэл хаанаас ирсэн хийгээд энэ нь шөнийн харанхуйг хэрхэн хөөн зайлуулсныг хүний зүрх сэтгэл бүр ч мэдэхгүй. Ийнхүү өдөр шөнө ээлжлэн давтагдсаар хүн нэг үеэс нөгөө үе рүү цаг хугацаагаар аялах бөгөөд үүний зэрэгцээ тухайн цаг үе болон бүх цаг хугацааны туршид Бурханы ажил хийгээд төлөвлөгөө хэрэгжсээр байдаг. Хүн Бурхантай хамт он жилүүдийг элээсэн боловч Бурхан бүхий л зүйлс, амьд амьтдын хувь заяаг захирдгийг эсвэл Бурхан хэрхэн бүх зүйлийг зохион байгуулж удирдан чиглүүлдгийг хараахан мэдээгүй. Энэ бол хүн төрөлхтний эрт дээр үеэс өнөөг хүртэл зайлсхийсээр ирсэн зүйл юм. Үүний шалтгааны тухайд гэвэл энэ нь Бурханы арга зам хэтэрхий үл ойлгогдом эсвэл Бурханы төлөвлөгөө хараахан биелэгдээгүйгээс бус харин хүний сүнс болон зүрх сэтгэл Бурханаас дэндүү хол байгаагаас болдог. Тиймээс хүн хэдийгээр Бурханыг дагадаг ч өөрийн мэдэлгүйгээр Сатанд үйлчилсээр байдаг. Бурханы мөр ба илрэлтийг идэвхтэйгээр эрэлхийлдэг, Бурханы хамгаалалт болон халамжинд оршихыг хүсдэг хүн нэг ч үгүй. Үүний оронд тэд энэхүү дэлхий ертөнц ба хорон муу хүн төрөлхтний дагадаг амьдралын жам ёсонд нийцүүлэхийн тулд хорон муу Сатаны муу нөлөөнд найдахад бэлэн байдаг. Энэ үед хүний сүнс хийгээд зүрх сэтгэл Сатанд тахил болон өргөгдөж, Сатаны хоол болдог. Түүнчлэн, хүн төрөлхтний зүрх сэтгэл болоод сүнс нь Сатаны оршин сууж, үйл ажиллагаагаа явуулах орон байр болж байдаг. Хүн ийм маягаар хүн байхын зарчим болоод хүний оршин тогтнолын үнэ цэнэ, зорилгын талаарх ойлголтоо өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль болон Бурхан ба хүний хоорондын гэрээ нь хүн Бурханыг эрэлхийлж эсвэл Түүнд анхаарал тавихаа болих хүртэл нь хүний зүрх сэтгэлээс аажмаар бүдэгрэн арилдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан хүнийг яагаад бүтээсэн болохыг хүн ойлгохоо больдог, мөн тэр Бурханы амнаас гарах үгийг ойлгодоггүй бөгөөд бүх зүйл Бурханаас ирдэг гэдгийг ухаарахаа больдог. Хүн Бурханы хууль, тогтоолуудыг эсэргүүцэж эхэлдэг; хүний зүрх сэтгэл болон сүнс нь үхмэл болдог байна. … Бурхан Өөрийн жинхэнэ бүтээл болох хүнийг алддаг ба хүн гарал үүслийнхээ үндсийг алддаг. Энэ бол хүн төрөлхтний уй гашуу юм. Үнэндээ бүр эхнээсээ одоог хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тавьсан ба үүнд хүн төрөлхтөн гол дүр болон хохирогчийн хоёулангийнх нь дүр бөгөөд энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хэлж мэдэхгүй.

Өргөн уудам дэлхий ертөнцөд тоо томшгүй өөрчлөлтүүд дахин дахин бий болж байдаг. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийг захирагч Түүнээс өөр хэн ч хүн төрөлхтнийг хөтөлж, удирдан чиглүүлж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж эсвэл тэдний төлөө бэлтгэл хийх хүчтэй нэгэн байхгүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтнийг гэрэлтэй хүрэх газар луу хөтлөх, газар дэлхийн шударга бус байдлаас чөлөөлөх хүн байхгүй. Бурхан хүн төрөлхтний уналтыг харахдаа сэтгэл гонсойн тэдний ирээдүйд гашуудан уйлдаг. Хүн төрөлхтнийг буцах замгүй болж, доройтол руу удаанаар алхаж байгааг харахдаа Тэр уй гашууг мэдэрдэг. Хүн төрөлхтөн хорон муу нэгнийг хайхын тулд Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж, Түүнээс татгалзсан. Иймэрхүү хүн төрөлхтний явах чиглэлийг хэн ч бодож үзэж байгаагүй. Яг энэ шалтгааны улмаас Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй юм. Хэн ч Бурханы таалалд нийцэх замыг эрж хайж эсвэл Бурхантай ойр болохоор хичээдэггүй. Цаашлаад Бурханы уй гашуу, зовлон шаналлыг ойлгохоор зүтгэдэг хүн үгүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн Бурханаас холдон алхаж, Бурханы нигүүлсэл халамжаас бултаж, Бурханы үнэнээс зайлсхийж, Бурханы дайсан Сатанд өөрийгөө худалдах гэдэг. Бурханыг үгүйсгэн гэм буруугаа үл хүлээх хүнд Бурхан хэрхэн арга хэмжээ авах талаар хэн бодсон бэ? Бурханы олон удаагийн сануулга, сургамж нь хүний махан бие ба сүнс тэвчихийн аргагүй урьдаас бэлтгэсэн, урьд өмнө байгаагүй гамшиг Түүний гарт байгаатай холбоотой гэдгийг хэн ч мэддэггүй. Энэ гай гамшиг нь дан ганц махан биеийн төдийгүй мөн сүнсний шийтгэл юм. Чи үүнийг мэдэх ёстой: Бурханы төлөвлөгөө хүчингүй болж, Түүний сануулга, сургамжид хариу өгөөгүй үед Тэр ямар уур хилэнг гаргах вэ? Энэ нь өнөөг хүртэл бүтээлийн сонсож эсвэл мэдэрч туулсан юутай ч адилгүй байх болно. Тиймээс Би энэ гай гамшиг урьд өмнө үзэгдээгүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Учир нь Бурханы төлөвлөгөөнд зөвхөн нэг бүтээл, нэг аврал л байдаг. Энэ нь эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы сайн санаа болон гал халуун хүлээлтийг хэн ч ойлгодоггүй.

Бурхан дэлхий ертөнцийг бүтээн, хүн төрөлхтөнд амийг өгч амьдралд авчирсан. Үүний дараагаар хүн эцэг эх, хамаатан садантай болж ганцаараа биш болсон. Хүн энэхүү материаллаг ертөнцөд анх нүдээ нээсэн цагаас хойш Бурханы тосолгоо дотор байх учиртай байсан. Амьд бүхнийг нас биед хүрч, өсөж том болох хугацаанд тэтгэдэг зүйл нь Бурханы амин амьсгал билээ. Энэ үйл явцын үед Бурханы анхаарал халамж дор амьдарч, өсөж том болж байгаа гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүний оронд тэд, хүн өөрийн эцэг эхийн хайр, халамжин дор өсөж том болдог ба түүний өсөлт амийн зөн совинд захирагддаг гэж үздэг. Үүний учир нь, хэн амийг хайрладаг эсвэл энэ нь хаанаас ирдгийг хүн мэддэггүй, тэр ч бүү хэл амийн зөн совин нь гайхамшгийг хэрхэн бүтээдгийг мэддэггүй. Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг… Өөрийг нь өдөржин шөнөжин нүд цавчилгүй ширтэн хардаг Бурханыг хүн хэзээ ч өөрийн санаачлагаар шүтэн биширдэггүй. Бурхан ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Хүн нэгэн өдөр зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, зорилгыг гэнэт ухамсарлан, хүнд бүх зүйлийг өгсөн Бурханы төлөөсийг ойлгож, түүнийг Өөр рүү нь эргэн ирэхийг Бурхан ямар ихээр хүсэмжилдэг болохыг олж мэдэх болно гэж найдан Тэр үүнийг хийдэг. Хэн ч хүний амийн эх үүсвэр, үргэлжлэлийн нууцыг анхааран авч үзэж байгаагүй. Гэсэн ч энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Бурханаас бүх зүйлийг хүлээн авсан боловч талархдаггүй хүмүүсээс ирэх доромжлол, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Хүн аминд ирэх бүхнийг "мэдээжийн зүйл мэт" хүлээн авдаг ба хүн Бурханаас урван Түүнийг мартаж сүрдүүлдэг. Бурханы төлөвлөгөө үнэхээр ийм чухал юм гэж үү? Бурханы мутраас гарсан амьд амьтан болох хүн үнэхээр тийм чухал гэж үү? Бурханы төлөвлөгөө туйлаас чухал ач холбогдолтой; гэсэн хэдий ч Бурханы мутраар бий болсон амьд амьтан нь Түүний төлөвлөгөөний төлөө оршин байдаг. Тиймээс Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсанаас болж Өөрийн төлөвлөгөөг үрэн таран хийхгүй. Өөрийн төлөвлөгөөнийхөө төлөө болон өгсөн амин амьсгалынхаа төлөө Бурхан хүний махан бие бус хүний амийн төлөө бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн юм. Тэр хүний махан биеийг бус Өөрийн үлээн амилуулсан амийг буцаан авахыг хүсдэг. Энэ нь Бурханы төлөвлөгөө билээ.

Энэ ертөнцөд ирсэн хүн бүр үхэл, амьдралыг туулах ёстой бөгөөд олон хүмүүс үхэл ба дахин төрөлтийн мөчлөгийг амьдралдаа мэдэрдэг. Амьд байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй буцан ирнэ. Энэ бүхэн нь амьд амьтан нэг бүрийн төлөө Бурханы зохицуулсан амийн үйл явц юм. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц ба мөчлөг нь Бурхан хүн төрөлхтнийг хараасай гэж хүсдэг үнэн бөгөөд хүнд Бурханаас хайрласан амь нь эцэс төгсгөлгүй агаад махан бие, цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаггүй. Энэ нь хүнд Бурханаас хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсний баталгаа юм. Хэдийгээр олон хүмүүс амь нь Бурханаас ирсэн гэдэгт итгэхгүй байж магад боловч тэд Түүний оршин тогтнолыг үгүйсгэдэг эсвэл итгэдэг эсэхээс үл хамааран Бурханаас ирэх бүхнийг хүн эдэлдэг нь эргэлзээгүй. Бурхан нэг л өдөр гэнэт бодлоо өөрчилж, дэлхий ертөнц дээр бий болгосон бүх зүйл, Өөрийн өгсөн амийг буцаан авахыг хүсэх аваас юу ч үлдэхгүй. Бурхан Өөрийн хүч чадал, эрх мэдлийн ачаар бүгдийг эмх журамтай болгож, амьтай болон амьгүй бүх зүйлийг хангахын тулд Өөрийн амийг ашигладаг. Энэ бол хэн ч хялбархан ойлгож, төсөөлж чадахааргүй үнэн бөгөөд эдгээр ойлгоход бэрх үнэн нь Бурханы амийн хүчний үнэн зөв илэрхийлэл ба гэрчлэл юм. Одоо Би та бүхэнд нэгэн нууцыг дэлгэе: Бурханы амийн хүч чадал ба агуу байдлыг ямар ч бүтээл ойлгож чадахгүй. Энэ нь одоо тийм байгаа, өнгөрсөнд ч тийм байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг. Түүний амийн үнэ цэнийг үрэн таран хийдэг хүнийг тун хэнэггүй байхыг Бурхан хэрхэн зөвшөөрөх билээ? Дахин хэлэхэд, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг энхрийлэн хайрлахгүй бол Бурхан Өөрийн өгсөн зүйлсийг буцаан аваад зогсохгүй, түүнээс ч илүүгээр хүн Бурханы зарцуулснаас хоёр дахин ихийг буцаан төлөх хэрэгтэй болно.

2003 оны Тавдугаар сарын 26