Миний дөнгөж сая ярьсан хоёр түүх та нарын хувьд хэдийгээр агуулга, илэрхийлэх маягаараа жаахан жирийн бус боловч бага зэрэг өвөрмөц байдлаар ярьсан нь та нарт илүү гүнзгий зүйл ухаарч, хүлээн зөвшөөрөхөд чинь туслахын тулд хялбар үг хэллэг, энгийн арга ашиглах гэсэн Миний оролдлого байлаа. Энэ бол Миний цор ганц зорилго байсан. Эдгээр богино түүх болон зураглалаас та нар, Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэснийг харж, итгээсэй гэж Би хүссэн билээ. Эдгээр түүхийг ярих зорилго бол түүхийн хязгаарлагдмал хүрээн дотроос Бурханы хязгааргүй үйл хэргийг харж, мэдэх боломжийг та нарт олгохын төлөө юм. Харин та нар өөрсдөө энэ үр дүнд хэзээ бүрэн хүрэх нь хувийн туршлага, эрэл хайгуулаас чинь хамаарна. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрмэлздэг бол эдгээр зүйл чамд бүр илүү хүчтэй сануулга болох болно; эдгээр нь ухамсрыг чинь гүнзгийрүүлж, ойлголтыг чинь тодорхой болгож, Бурханы бодит үйл хэрэгт ойртох бөгөөд зай завсаргүй, алдаа мадаггүй ойр дотно болно. Гэхдээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй бол чиний сонссон эдгээр түүх чамд ямар ч хохирол учруулж чадахгүй. Зүгээр л үнэн түүх гэж бод.

Энэ хоёр түүхээс та нар ямар нэг зүйл ойлгож авав уу? Нэгдүгээрт, энэ хоёр түүх үүний өмнө Бурхан хүн төрөлхтөнд санаа тавьдаг тухай бидний хийсэн хэлэлцүүлгээс салангид байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? Энэ хоёр түүхээс бид Бурханы үйл хэргийг болон Бурхан хүн төрөлхтөнд зориулан төлөвлөхдөө бүх зүйлийг сайтар тунгаан бодсоныг хардаг гэж үнэн үү? Бурханы хийдэг бүхэн болон Түүний боддог бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг уу? (Тийм.) Бурхан хүн төрөлхтний төлөө нарийвчлан бодож, нягталсан нь маш тодорхой байгаа бус уу? Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст агаар бэлдсэн, тэд амьсгалахаас өөр юм хийх хэрэггүй. Тэдний иддэг ногоо, жимс бэлэн байж байдаг. Умардаас өмнөд, зүүнээс баруун хүртэл бүс нутаг бүрд байгалийн баялаг байдаг. Янз бүрийн бүсийн тариа будаа, жимс ногоог бүгдийг Бурхан бэлдсэн. Өргөн хүрээнд яривал, Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, зэрэгцэн оршихоор бүтээжээ. Тэр энэ арга зам, зүй тогтлыг ашиглан бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг; ийм маягаар хүн төрөлхтөн энэхүү хүрээлэн буй орчинд амар жимэр, энх тунх амьдарч, өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчинд тэнцвэр авчирдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол, Бурхан бүтээсэн ч гэсэн хүрээлэн буй орчны тэнцвэрийг барьж, хадгалах явдал ямар ч хүний хэрээс хэтрэх байсан юм. Зарим газар агаар байдаггүй, хүн тийм газар амьдарч чадахгүй. Бурхан чамайг тийш явуулахгүй. Тиймээс зохистой хил хязгаарыг бүү дав. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд энд нууцлаг зүйл бий. Хүрээлэн буй орчны өнцөг булан бүрийг, газар дэлхийн урт, өргөнийг, дэлхий дээрх амьтан бүрийг—амьд, үхсэн хоёуланг—урьдаас Бурхан бодож, бэлтгэсэн. Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Тэр зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйлийг энд байлгах зорилго юу вэ, тэр зүйл яагаад тэнд байх ёстой вэ? Бурхан энэ бүх асуултыг хэдийн сайтар бодсон, хүмүүст тэрийг бодох шаардлага байхгүй. Уул нүүлгэх тухай үргэлж боддог зарим мунхаг хүн байдаг, тэгэхийн оронд яагаад тал газар луу нүүдэггүй юм бэ? Хэрвээ чи ууланд дургүй бол яагаад уулын ойролцоо амьдардаг юм бэ? Энэ чинь мунхаг биш гэж үү? Хэрвээ чи тэр уулыг нүүлгэвэл юу болох вэ? Хар салхи гарч, аварга давлагаа ирж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Энэ мунхаг хэрэг байх бус уу? Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд өөрсдийн оршин амьдрах орчныг ч хадгалж хамгаалж чадахгүй байж, бас бүх зүйлийг хангахыг хүсдэг. Энэ боломжгүй.
Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрдөг боловч хүн үүнийг сайн хийдэг үү? Хүн чадах бүхнээ сүйтгэдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийг анхны байдлаар нь хадгалж ер нь чаддаггүй, харин ч эсрэг юм хийж, Бурханы бүтээлийг сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уул нүүлгэж, далай байсан газрыг хагалж, тал хээрийг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгчихээд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл тарьсан. Одоо голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон… Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг нь нэгэнт алдагдуулсан, гамшиг, мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйл хэчнээн эрхэм нандин болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүний хувьд, салхи үлээх цагтаа үлээж, хур бороо орох цагтаа ордог орчинд амьдрах нь диваажинд байгаатай адилхан. Үүнийг ерөөл мөнгэдгийг хүмүүс ойлгодоггүй, харин энэ бүхнийг алдмагцаа ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Нэгэнт үгүй болчихвол хүн үүнийг яаж буцаан авах вэ? Бурхан үүнийг дахин бүтээхийг хүсэхгүй бол хүмүүс юу хийж чадах вэ? Та нарт хийж чадах юм бий юу? (Үгүй, байхгүй.) Үнэндээ, та нарын хийж чадах нэг юм бий. Энэ маш энгийн бөгөөд Намайг хэлэхээр та нар тэр боломжтой болохыг шууд ойлгоно. Хүн одоогийн ийм байдалд амьдрах болсны шалтгаан нь юу вэ? Хүний шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол амьдрах орчин нь өөрөө аажмаар засрахгүй гэж үү? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийхийг хүсэхээ боливол—өөрөөр хэлбэл, Тэр энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—ингэж сүйтгэхээ больж, амьдарч буй орчноо анхны байдалд буцаж орох боломж олгох нь хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг шийдэл болох юм. Энэ бүх сүйрлийг цэглэнэ гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдардаг хүрээлэн буй орчин аажмаар сайжирна, харин ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин амьдрахад улам найгүй болж, сүйрэл нь цаг тутам түргэснэ. Миний шийдэл энгийн байна уу? Энгийн агаад боломжтой байгаа биз? Зарим хүнд үнэхээр энгийн бөгөөд зарим хүний хувьд боломжтой, гэхдээ газар дээрх ихэнх хүний хувьд боломжтой юу? (Үгүй.) Ядаж та нарын хувьд боломжтой юу? (Тийм.) Тэгвэл, та нар яагаад “тийм” гэж хэлж байна? Бурханы үйл хэргийн тухай ойлголтын суурин дээр үүнийг хэлсэн гэж болох уу? Бурханы эрх мэдэл, төлөвлөгөөнд дуулгавартай дагах нь үүний нөхцөл гэж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам бий, гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр ярихгүй. Бурхан хүн нэг бүрийн амьдралыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн энэ орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн, эсвэл хохирол амссан байсан ч хамаагүй, Бурхан чамайг хангаж, чамайг амьдруулна. Үүнд чи итгэж байна уу? (Тийм.) Бурхан хүн үхэхийг амар зөвшөөрдөггүй.
Одоо та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг ойлгохын чухлыг бага зэрэг мэдэрсэн үү? (Тийм ээ, тэгсэн.) Юу мэдэрсэн бэ? Надад хэл дээ. (Урьд нь бид уул, далай, нуурыг Бурханы үйлдэлтэй хэзээ ч холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы нөхөрлөлийг сонсоод эдгээр зүйл дотроо Бурханы үйлдэл, Бурханы мэргэн ухааныг агуулж байдгийг ойлголоо; Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэхдээ л юм дор бүрд нь хувь тавилан, Өөрийн сайн хүслийг шингээснийг харлаа. Бүх зүйл харилцан хүч нэмж, харилцан түшиглэдэг ба эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, ер бишийн санагдаж, Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байдал дээр, өдөр тутмын амьдралдаа, бүх зүйлтэй тулгарахдаа ийм гэдгийг нь хардаг.) Үнэхээр харсан биз дээ? Бурхан хүн төрөлхтнийг баттай суурьгүйгээр хангадаггүй; Түүний хангалт хэдхэн богино үг биш. Бурхан маш ихийг хийсэн бөгөөд чиний хардаггүй зүйл хүртэл чамд ашиг тустай байдаг. Хүн өөрийнх нь төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд, хүмүүс болон бусад зүйлс бие биеэ түшиглэдэг энэ орчинд амьдардаг. Жишээлбэл, ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, хүмүүс цэвэр агаар амьсгалан ашиг тусыг нь хүртдэг; гэхдээ зарим ургамал хүнд хортой байхад хортой ургамлын ерөндөг өөр ургамлуудад байдаг. Энэ бол Бурханы бүтээлийн гайхамшиг мөн! Харин одоохондоо энэ сэдвийг орхиё; өнөөдөр бид голдуу хүн ба бусад зүйлс зэрэгцэн орших тухай, хүн үүнгүйгээр амьдарч чадахгүй тухай хэлэлцлээ. Бурхан бүх зүйлийг бүтээсний ач холбогдол юу вэ? Амьдрахын тулд хүнд агаар зайлшгүй хэрэгтэй ба хэрвээ чамайг агааргүй орчинд байлгавал удахгүй үхэхийн адилаар хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Энэ бол хүн бүтээлийн бусад зүйлээс тусдаа оршин тогтнож чадахгүйг харуулах тун энгийн зарчим. Тэгвэл хүн бүх зүйлд ямар хандлага баримтлах ёстой вэ? Тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой, харин сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй, учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл бол хүнд өгдөг Түүний хангалт бөгөөд хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой. Өнөөдөр бид энэ хоёр сэдвийг хэлэлцлээ. Та нар сайтар эргэцүүлж, сайн тунгааж бодоорой. Дараагийн удаа бид зарим зүйлийг илүү дэлгэрэнгүй ярилцана. Үүгээр өнөөдрийн нөхөрлөл дуусаж байна. Баяртай! (Баяртай!)
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII