Есүс гайхамшиг үзүүлсэн нь

2018-05-22

1. Есүс таван мянган хүнийг хооллосон нь

Иохан 6:8–13 Түүний шавь нарын нэг Симон Петрийн дүү Андрей Түүнд: “Энд таван арвайн талх, хоёр жижиг загастай нэг хөвгүүн байна: гэвч энэ нь өдий олон хүнд юу болох вэ?” гэсэнд Есүс: “Хүмүүсийг суулга” гэв. Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөснийхөө дараа шавь нартаа тараан өгч, шавь нар нь нөгөө суусан хүмүүст хувааж өгөв; мөн загасыг ч хүссэн хэмжээгээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул” гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ.

2. Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Иохан 11:43–44 Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар “Лазар, гараад ир!” гэж хашхирсанд гар хөл нь оршуулгын бөсөөр ороолттой, нүүр нь алчуураар ороолттой тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг тайлж явуул” гэв.

Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудын дундаас бид энэ хоёрыг л сонгосон, учир нь эдгээр нь энд Миний ярихыг хүссэн зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудыг маш сайн төлөөлдөг.

Эхлээд эхний хэсгийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

“Таван талх, хоёр загас” гэдгийн санаа нь юу вэ? Таван талх, хоёр загас ер нь хэдэн хүнийг хангалттай хооллож чадах вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршилд үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай. Энэ бол “таван талх, хоёр загасны” хамгийн үндсэн санаа юм. Гэсэн хэдий ч энэхүү хэсэгт таван талх, хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон бэ? Библид дараах байдлаар тэмдэглэсэн байдаг: “Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх, хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юуг харуулдаг вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах боломжгүй, учир нь хүмүүс болон хоолны хоорондох зөрүү дэндүү их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн таван мянган хүнд хүрэлцэхгүй. Гэвч энд Эзэн Есүс гайхамшиг үзүүлсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлсэн төдийгүй бүр хоол үлдсэн. Библид: “Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: ‘Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул’ гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ” гэсэн байна. Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар, байр суурийг хүмүүст харуулж, Бурханд боломжгүй юм гэж байдаггүйг харуулсан—ийм маягаар тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэн мөнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж, чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй, ер бусын, нууцлаг санагдаж байсан нь гарцаагүй, харин Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байв. Энэ нь Бурханы хувьд нэгэнт энгийн зүйл байсан юм бол яагаад одоо үүнийг онцгойлон тайлбарлах ёстой юм бэ? Яагаад гэвэл, энэ гайхамшгийн цаана байгаа зүйл нь урьд өмнө нь хүн төрөлхтний хэзээ ч нээн илрүүлээгүй Эзэн Есүсийн хүслийг агуулдаг.

Эхлээд энэ таван мянган хүн ямар хүмүүс байсныг ойлгох гээд үзье. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж байна. Эзэн Есүс хэн болохыг тэд мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Ядаж л, өмнө нь зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй, эсвэл зарим хүн зөвхөн Түүний нэрийг мэдэж, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэдсэн юм уу сонссон байж магадгүй. Тэдний хувьд Эзэн Есүсийн тухай түүхийг сонсох үедээ сониуч зан нь төрсөн төдий, харин тэднийг Түүнийг дагадаг байсан гэх нь бүү хэл, Түүнийг ойлгодог байсан гэж хэлж лав болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүнийг харахад тэд өлсөж, гэдсээ дүүргэх тухай л бодож байсан тул энэ нөхцөлд Эзэн Есүс тэдний хүслийг биелүүлжээ. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг л хүсэж байсан энэ хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон хандлага нь Бурханы зан чанар, мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Өөрийнх нь талаар сониуч зан, итгэл найдвараар дүүрэн энэ хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах талаар л бодсон. Гэхдээ тэд Өөрийнх нь дагалдагч болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан тул Өөртөө байсан зүйлийг ашигтайгаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх, хоёр загас хэрэглэжээ. Тэр сонирхолтой зүйл харах дуртай, гайхамшиг харахыг хүссэн энэ хүмүүсийн нүдийг нээж, тэд бие махбодтой болсон Бурханы гүйцэлдүүлж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйл ашигласан боловч энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан болохоор Тэр тэдэнд номлоогүй, юу ч хэлээгүй—зүгээр л тэдэнд энэ гайхамшгийг харуулсан. Тэр энэ хүмүүст Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартаа ханддаг шиг хандаж яавч чадаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээл Өөрийнх нь захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн хараанд буй бүтээлд олгодог юм. Энэ хүмүүс Түүний хэн болохыг мэдээгүй, Түүнийг ойлгоогүй, талх, загас идсэнийхээ дараа ч Түүний талаар ямар нэг гойд сэтгэгдэл, Түүнд талархах сэтгэл төрөөгүй байлаа ч энэ нь Бурханы дургүйцээд байх юм биш байсан—Тэр энэ хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломж өгсөн. Бурхан хийдэг зүйлдээ зарчимч байдаг бөгөөд үл итгэгчдийг харж, хамгаалдаггүй, ялангуяа тэдэнд Өөрийнхөө нигүүлслийг эдлүүлдэггүй гэж зарим хүн хэлдэг. Үнэхээр тийм байдаг уу? Бурханы нүдээр бол тэд Түүний Өөрийнх нь бүтээсэн амьд бүтээл мөн болохоор Тэр тэднийг удирдаж, анхаарал тавьж, олон янзын байдлаар тэдэнд хандаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирна. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол ба хандлага юм.

Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй ч гэсэн Тэр тэдэнд хатуу шаардлага тавиагүй; тэднийг цадталаа идсэний дараа Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ер нь номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Сударт Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж тэмдэглээгүй, харин Тэр гайхамшиг үйлдчихээд чимээгүйхэн явж одсон. Тэгвэл тэр хүмүүст Тэрээр ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Үгүй, эдгээрийн аль нь ч байгаагүй. Өөрийг нь дагаж чадахгүй энэ хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Яагаад гэвэл, Тэрээр хүн төрөлхтөн буруу замд орсныг харж, хүн төрөлхтөн Өөрийг нь голсныг мэдэрсэн бөгөөд энэ хүмүүсийг харж, тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу, мунхаг байдлаас болж маш их гуниглаж, сэтгэл нь өвдсөн учраас Тэр энэ хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн зүрх сэтгэлдээ тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, тэр тусмаа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй. Тэд Өөрийг нь дагаж чадахгүй гэдгийг мэдэж байсан боловч энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага мөн л маш тодорхой байв. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр тэдэнд эелдгээр хандахыг л хүсэж байсан бөгөөд үнэндээ энэ нь Өөрийн захиралт доорх бүх бүтээлд хандах Бурханы хандлага буюу бүх бүтээлд эелдгээр хандаж, тэднийг хангаж, хооллож тэжээх явдал юм. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, энэ хүмүүст эелдгээр хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй сэтгэлээр тэдэнд хандаж, тийм зүрх сэтгэлээр эелдэг зангаа харуулж байсан юм. Энэ хүмүүс Эзэн Есүсийг яаж үзэж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран бүх бүтээлийн Эзэний байр сууринд үндэслэн бүтээл бүрд хандсан. Түүний илчилсэн бүхэн нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох байв. Эзэн Есүс энэ зүйлийг чимээгүйхэн хийгээд, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Үүнийг Бурханы хайр энэрэл гэж болох уу? Үүнийг Бурханы аминч бус байдал гэж хэлж болох уу? Энэ нь жирийн нэг хүний хийж чадах зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон энэ таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй нийцдэг хүмүүс байсан гэж хэлж болох уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж хэлж болох уу? Тэд Эзэнтэй огт нийцтэй байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнтэй хэрхэн харьцсан бэ? Тэрээр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг намдаах арга ашигласан—энэ аргыг “найрсаг зан” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс энэ хүмүүсийг нүгэлтнүүд гэж харсан ч гэсэн Бурханы нүдэнд тэд Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтэнтэй мөн л найрсаг харьцсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы Өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханы бүтээсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—Бурхан л үүнийг хийж чадна.

Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд хандах хандлагыг үнэхээр ойлгож, бүтээгдсэн зүйл бүрийг гэх Бурханы сэтгэл хөдлөл, санаа зовнилыг үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ. Тэр хоёр үг нь юу вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс уужим сэтгэлтэй, өргөн мэдлэгтэй хүнийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Энэ нь ямар ч зарчмыг үл харгалзан буяны ажлыг ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг учраас Би энэ үгийг үзэн яддаг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүст түгээмэл байдаг уян сэтгэлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг энд Надад байна. Тэр нь юу вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үг цаанаа бодит утга учиртай. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй, энэ нь хүмүүсийн харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршин байдаг—энэ нь хийсвэр юм биш, харин хүмүүст харьцангуй үнэн зөв, бодитой байдлаар ойлголт өгч чадах зүйл юм. Чи үүнийг хоёр юм уу гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй, энэ нь бодитой байдлаар оршин байдаг зүйл учраас оршин тогтнолыг нь төсөөлөх шаардлагагүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлохоор оролдож байгаа мэт боловч энэ нь Түүний хайр бол тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь хий хоосон зүйл ч биш, үлгэр домгийн зүйл ч биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж Би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт доор буй бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь тэдний амьдралд Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба өнгөрөн одож буй хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч, “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ойлгож чадна. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө “уудам орчлон”, эсвэл “уудам далай” гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлон ертөнцийг дүрслэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй; энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, тэдний асар их бахдан биширдэг зүйл юм. Үүний нууцлаг, гүн гүнзгий байдал нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй байдаг. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон асар ихийг багтаах багтаамжийг нь мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэж, энэ хайр хэчнээн үнэ цэнтэйг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй, өргөн уудам гэдгийг мэдрэхэд нь хүмүүст туслах гэсэн билээ. Би Түүний хайрын ариун байдал болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд нь хүмүүст туслахын тулд энэ үгийг ашигласан юм. Одоо та нар “уудам” гэдэг нь Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр “энгүй”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Маргаангүй! Гагцхүү энэ хоёр үг л Бурханы хайрыг хүний хэлээр дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй ойр дөхөм байдаг. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг хэрэглэх байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон ухаарал хоёр хэмжээст өнцгийн цар хүрээнд хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Иймээс хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлсэн бол хэлэх үг дутаж байгаагаа та нар мэдрэх байсан; эсвэл та нар бүр хэлэх ч үггүй болох байсан. Өнөөдөр Миний ярьсан хоёр үгийг ойлгоход та нарт хэцүү байсан байж магадгүй, эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй байж ч магадгүй. Энэ нь Бурханы хайрын талаарх та нарын ухаарал болон ойлголт өнгөцхөн бөгөөд явцуу хүрээнд хязгаарлагддагийг л харуулж байна. Бурхан аминч бус гэж Би өмнө нь хэлсэн; та нар “аминч бус” гэх энэ үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн аминч бус хэмээн дүрсэлж болох юм гэж үү? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйл олж авахын тулд энэ асуудлыг илүү их тунгаан бодох ёстой.

Дээрх зүйлс нь эхний гайхамшгаас Бурханы зан чанар, мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Энэ нь хэдэн мянган жилийн турш хүмүүсийн уншиж ирсэн түүх хэдий ч нэгэн энгийн үйл явдлыг агуулдаг, хүмүүст нэгэн энгийн үзэгдэл харах боломж олгодог атлаа энэхүү энгийн үйл явдлаас бид илүү үнэ цэнтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг харж чаддаг. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд Бурханы Өөрийнх нь бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийнхөө бодлыг илэрхийлэх нь Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойн илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, Түүний хүслийг хангахаар идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг. Эзэн Есүсийн хийсэн эдгээр зүйл нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.

Дараа нь Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь гэх хэсгийг харцгаая.

Энэ хэсгийг уншсаны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь өмнөхөөсөө хамаагүй их байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн эрин үед туйлын ач холбогдолтой байв. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний ялихгүй жаахан талыг л харж байсан. Хэдийгээр зарим хүн Түүний зан авирын заримыг юм уу Түүнд байсан зарим онцгой чадварыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, мөн чанартаа чухам хэн байсныг, үнэндээ өөр ямар зүйл хийх чадвартайг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Маш олон хүн Эзэн Есүсийн талаарх эдгээр асуултад хариулах нотолгоог олж, үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбархан ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлохын тулд хаана ч, хэдийд ч ямар нэг юм хийж чадах байв, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийгээгүй, харин ч хүнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байлаа. Ийм маягаар Тэр эрх мэдэл, ялгамж чанараа нотолсон юм. Тэгвэл Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Бичвэрийн дараах хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд … тэр үхсэн хүн гарч ирэв…” Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн хэдхэн үгээс үүдэн биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй, өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх ёстой юу, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж бас л гайхамшиг гэж болно. Харин үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах учиртай нэг төрлийн ид шид гэж үзэж болохгүй, энэ нь яавч ямар нэг төрлийн илбэ увдис байгаагүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв. Энэ бол Бурханы эрх мэдэл, хүч чадал билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүний үхэх хугацаа, үхсэнийхээ дараа очих газрыг Бурхан шийддэг. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт хязгаарлагдалгүйгээр эдгээр шийдвэрийг хаана ч, хэдийд ч гаргаж чадна. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр төрж, амьдарч, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна, энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах гэх зэрэг зүйлийг хийсэн Эзэн Есүсийн зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүн төрөлхтөн болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан ба мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүн төрөлхтнийг хангахын тулд Өөрийн хүч чадал, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг хүн төрөлхтөнд харуулах Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд зааварчлахдаа Түүний ашигласан ийм чимээгүй арга барил нь үүрдийн, арилшгүй байдаг бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч арилахгүй цочрол болон гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан нь Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан. Бурханд ийм эрх мэдэл байдаг хэдий ч, мөн Тэр Лазарыг амилуулж хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирдаг Өөрийнхөө дээд эрхийг мэдэгдсэн хэдий ч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан ямар нэг зүйлийг хэзээ ч утга учиргүйгээр хийдэггүй. Түүний хийдэг юм бүхэн асар их үнэ цэнтэй байдаг бөгөөд энэ нь эрдэнэсийн агуулах дахь гоц гойд эрдэнийн чулуу юм. Тэрээр “хүнийг булшнаас нь гаргахыг” Өөрийн ажлын үндсэн, цорын ганц зорилго юм уу хэсэг огтхон ч болгохгүй. Бурхан утга учиргүй зүйл хийдэггүй. Дан ганц Лазарын амилал нь Бурханы эрх мэдлийг харуулж, Эзэн Есүсийн ялгамж чанарыг батлахад хангалттай юм. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтаагүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийнхөө зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол Бурханы оюун санааг ноцтой асуудлууд эзэмддэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, юу бүтээхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллана. Хэрвээ ялзарсан хүнд ийм чадвар байсан бол тэр хэчнээн аймаар гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд өөрийн чадварыг харуулах арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг залгих байсан. Энэ бол Сатанаас гардаг ёрын муу юм—үүнийг ялзрал гэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй, тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго бол Өөрийгөө гайхуулах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээ хардаг. Энэ нь Эзэн Есүсийн хүч чадал хязгаарлагдмал байсан, эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийх чадваргүй байсан гэсэн үг биш юм. Бурхан зүгээр л үүнийг хийхийг хүсээгүй, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан, мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, үхсэн хүмүүсийг амьдруулах явдал байгаагүй, харин хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах явдал байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг үйл явдал нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө өчүүхэн хэсэг байв. Тэр ч бүү хэл “гайхуулах” гэдэг нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж хэлж болох тул Эзэн Есүс илүү олон гайхамшиг үзүүлээгүй нь зориуд биеэ барьсных биш, мөн орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд хүч чадал дутсаных лав биш байсан юм.

Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн энэ хэдэн үгийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй. Тэгвэл эдгээр үг юуг харуулдаг вэ? Эдгээр нь, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад Бурхан үг яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг харуулдаг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийж, аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд ийм маягаар бүх зүйл бүтээгдэж, тийнхүү гүйцэлдсэн. Эзэн Есүсийн хэлсэн энэ хэдхэн үг тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн хүч чадлыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм. Одоо бид энэ сэдвийн талаарх хэлэлцүүлгээ ингээд дуусгая.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих