Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт ба Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

2018-05-22

Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Марк 3:21–22 Есүсийн хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Матай 12:31–32 Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

Матай 23:13–15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх болон Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын уг чанар юу вэ?

Дээр буй хоёр хэсгийн агуулга нь өөр. Эхлээд эхний хэсгийг нь харцгаая: Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт.

Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ… Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж тэд хэлжээ” (Марк 3:21–22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон фарисайчуудын шүүлт нь зүгээр л бусад хүмүүсийн үгийг дуурайж байсан хэрэг биш, үндэслэлгүй таамаглал ч байсан юм биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлийг харж, сонссон зүйлээсээ үүдэн Түүний талаар гаргасан дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрын муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцсэн атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн эдгээр зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин ч зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч, Түүний хийсэн зүйлийг дайрч давшлан, гутаасан. Тэд бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаахдаа тулсан. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч гэж тэд хэлсэн. Өөрийгөө махбодоор хувцасласан, бие махбодтой болсон Бурханы Сүнсний ажлыг тэд галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл, чөтгөрүүдийн захирагч гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг яллаж, Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлөөд зогсохгүй, бүр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба Сатаны хамсаатан, зарц нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх судрын хэсэгт хэлсэнчлэн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй. “Энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай өнөөдөр ярилцъя. Өөрөөр хэлбэл, “энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэх үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлцгаая.

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, үйл явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээжээр, дээрх хоёр хэсэг ч ялгаагүй. Библийн энэ хоёр хэсгээс та нар ямар нэг юм анзаарав уу? Тэдгээрээс Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүн хэлдэг. Зарим хүн, хүн төрөлхтний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр хэсгээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний халдахыг тэвчдэггүй байдлыг нь харж, ойлгодог баримт байгаа ч гэсэн тэд Түүний хандлагыг лавтай ойлгоогүй хэвээр байдаг. Энэ хоёр хэсэгт Түүнийг доромжилж, уурлуулдаг хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын далд утга агуулагддаг. Түүний хандлага болон арга зам нь “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх энэ хэсгийн жинхэнэ утга учрыг харуулдаг. Хүмүүс Бурханыг доромжилж, уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний өгсөн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” (Матай 12:31), “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ!” (Матай 23:13). Гэвч тэдгээр хуулийн багш нар, фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүсийг эдгээр зүйлийг хэлсний дараа Түүнийг галзуу гэж хэлсэн хүмүүс ямар үр дүн амссаныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэсэн тэмдэглэл Библид байдаг уу? Байгаагүй, үүнийг баттай хэлж болно. “Байгаагүй” гэж хэлсэн нь тийм тэмдэглэл байгаагүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. “Тэмдэглэгдээгүй” гэдэг нь тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмын асуудлыг тодорхой болгодог. Өөрийг нь доромжилж, эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэдэг хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй, харин ч тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэрээр зүрх сэтгэлдээ энэ хүмүүсийг жигшиж, ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүн ямар байхыг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, өөрсдийнх нь үр дүнг Тэр хэрхэн тодорхойлохыг мэдэж авна. Гэвч Бурхан эдгээр зүйлийг хэлсний дараа ч тэр хүмүүсийг Бурхан хэрхэн зохицуулах тухай үнэнийг хүмүүс тун бага ойлгодог ба тэдэнд Бурханы өгсөн төгсгөл болон ялын тогтоолын цаад зарчмыг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай холбоотой. Бурхан зарим хүмүүсийн ёрын муу үйлд арга хэмжээ авахдаа бодит баримтуудыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний төгсгөлийг тодорхойлдоггүй, харин тэдэнд тохирох шийтгэл, шударга цээрлүүлэлтийг оноохын тулд бодит баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед хүмүүсийн махан бие шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, уг шийтгэл нь хүний нүдээр харж болох зүйл байдаг. Зарим хүний муу үйлдэлд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, бас Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг боловч тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй. Гэсэн хэдий ч иймэрхүү төгсгөл нь шийтгүүлэх, алуулах гэх мэт хүмүүсийн харж чадах төгсгөлөөс ч илүү ноцтой байж болно. Яагаад гэвэл, Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй, эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих явдал юм. Энд буй “хойш тавих” гэдгийн утга юу вэ? Энэ нэр томьёоны үндсэн утга нь ямар нэг зүйлийг хойш тавиад, үл тоож, анхаарал хандуулахаа болих гэсэн үг. Гэвч Бурхан хэн нэг хүнийг хойш тавих үед үүний утга учрын талаар хоёр өөр тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгдөг бөгөөд Бурхан тэр хүнийг цаашид хариуцахгүй, цаашид удирдахгүй. Тэр хүн нь галзуу, тэнэг байна уу, амьд байна уу, үхсэн байна уу, эсвэл шийтгүүлээд тамд унасан байна уу гэдгийн аль нь ч Бурханд хамаагүй. Тийм бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг. Хоёр дахь тайлбар нь гэвэл, Бурхан Өөрөө тухайн хүнд Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэж шийдсэн гэсэн үг. Тэр иймэрхүү хүний үйлчлэлийг ашиглах юм уу ийм хүнийг товойлгогч болгон ашиглаж болзошгүй. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой, жишээ нь яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй харьцахаар шийдсэн Бурханы зүрх сэтгэл дэх зарчим ба хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо Түүний зан чанарыг хилэгнүүлбэл, эсвэл Бурханы тэвчээрийн хязгаарыг давбал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй байдаг. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд мөнхөд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, түүний гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тухайн хүн Бурханд ямар ч хамаагүй болно. Сатан Иовыг сорих үед энэ нь ямархуу зовлон зүдүүр байсныг та нар төсөөлж чадах уу? Иовын амийг хөнөөхийг Сатанд зөвшөөрөөгүй болзол байсан ч гэсэн Иов асар их зовсон юм. Сатанд бүрмөсөн өгөгдсөн, Сатаны атганд бүрэн орсон, Бурханы анхаарал, өршөөлийг бүрэн алдсан, цаашид Бүтээгчийн захиралт дор байхаа больсон, Түүнийг шүтэн мөргөх эрх, Бурханы захиралт дор бүтээл байх эрхээ алдсан, бүтээлийн Эзэнтэй харилцах харилцаа нь бүрмөсөн таслагдсан хүнд Сатаны учруулах хор хөнөөлийг төсөөлөхөд бүр ч хэцүү байх бус уу? Иовд үзүүлсэн Сатаны хавчлага нь хүний нүдээр харж болох зүйл байсан, гэхдээ Бурхан хүний амийг Сатанд өгвөл үр дагавар нь хүний төсөөлшгүй зүйл байх болно. Жишээ нь, зарим хүн үхэр, илжиг болон төрж магадгүй, харин зарим хүн бузар, муу ёрын сүнсэнд эзлэгдэж, эзэмдүүлж магадгүй гэх мэт. Энэ бол Бурханы Сатанд хүлээлгэн өгсөн зарим хүний төгсгөл юм. Гаднаасаа бол, Эзэн Есүсийг шоолсон, муулсан, гүтгэсэн, ялласан, доромжилсон хүмүүс ямар ч үр дагавар амсаагүй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ, бүх зүйлтэй харьцах арга зам Бурханд байдаг. Тэр төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцдагийнхаа үр дүнг хүмүүст хэлэхдээ ойлгомжтой хэл ашиглахгүй байж болох юм. Заримдаа Тэр шууд хэлдэггүй, харин шууд хийдэг. Тэр энэ талаар ярихгүй байна гэдэг нь үр дүн байхгүй гэсэн үг биш—үнэндээ тийм тохиолдолд үр дүн нь бүр ч илүү ноцтой байж болзошгүй. Гаднаасаа Бурхан зарим хүнд Өөрийнхөө хандлагыг илэн далангүй хэлдэггүй мэт харагддаг ч үнэндээ Бурхан тэдэнд удаан хугацаанд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй байдаг. Тэр тэднийг дахин харахыг хүсдэггүй. Тэдний хийсэн зүйл, зан авирын улмаас, тэдний уг чанар-мөн чанарын улмаас Бурхан тэднийг Өөрийн нүднээс далд оруулахыг хүсдэг ба тэднийг шууд Сатанд өгч, тэдний сүнс, оюун ухаан, биеийг Сатанд өгч, хүссэн бүхнээ хийхийг Сатанд зөвшөөрөхийг л хүсдэг. Бурхан тэднийг хэр зэрэг үзэн ядаж, хэр зэрэг жигшиж байгаа нь ойлгомжтой юм. Хэрвээ хүн өөрийг нь харах ч хүсэлгүй болж, бүрмөсөн орхихоор бэлдэх хүртэл нь, Өөрөө харьцахыг ч хүсэхгүй болох хүртэл нь Бурханыг хилэгнүүлбэл—хэрвээ Бурхан түүнийг Сатанд өгч, Сатан хүссэн зүйлээ хийж, түүнийг хянаж, залгиж, зоргоороо хандахыг нь зөвшөөрөх тийм хэмжээнд хүрвэл—энэ хүн бүрмөсөн дуусна. Түүний хүн байх эрх нь бүр цуцлагдаж, Бурханы бүтээлийн зүйл байх эрх нь ч дуусна. Энэ хамгийн ноцтой шийтгэл биш гэж үү?

Дээр өгүүлсэн бүхэн нь: “энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэсэн үгийн учрыг бүрэн тайлбарласан бөгөөд энэ нь бас бичвэрийн эдгээр хэсгийн тухай энгийн тайлбар юм. Та бүхэн одоо энэ талаар ойлголттой болсон гэж Би бодож байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих