1. Өөрийгөө үнэхээр мэдэх гэж юу болох, үүнээс юу олж авч болох тухай

Холбогдох Бурханы үг:

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Өөрийгөө мэдэх гэдэг нь өөрийн үг, үйл, хөдөлгөөн, үйлдэл бүрээ мэдэх; өөрийн оюун санаа, бодол, сэдэл, үзэл, төсөөллийг мэдэх; тэр ч бүү хэл амьдралын талаарх ертөнцийн гүн ухаан, дотроо буй Сатаны янз бүрийн хор, түүнчлэн сургуульд эзэмшсэн мэдлэг, боловсролыг мэдэх явдал юм. Энэ бүхнийг задлан шинжлэх ёстой. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг болсноосоо хойш асар олон сайн ажил хийсэн байж болох ч тэдний хувьд олон асуудал бүрхэг байж болох төдийгүй тэд үнэний талаарх ойлголтод хараахан хүрээгүй ч байж болно. Гэвч олон сайн ажлаасаа үүдээд өөрсдийгөө аль хэдийн Бурханы үгэнд амьдрах болсон, Түүнд захирагдаж, Түүний хүслийг нэлээд хангасан гэж тэдэнд санагддаг. Учир нь чи сөрөг нөхцөл байдал үүсээгүй үед хий гэснийг л хийдэг; ямар ч үүргийг эргэлзэлгүй биелүүлж, эсэргүүцэл үзүүлдэггүй. Сайн мэдээ түгээ гэж чамд хэлэхэд энэ бэрхшээлийг чи үүрч чаддаг бөгөөд огт гомдоллодоггүй, мөн ийш тийш гүйж, биеийн хүчний хөдөлмөр хий гэх үед чи хэлснээр нь хийдэг. Ингэж харагддаг учраас чи Бурханд захирагддаг хүн, үнэний жинхэнээсээ эрэлхийлэгч гэж өөртөө санагддаг. Гэвч чамаас илүү гүн гүнзгий лавлаж, “Чи үнэнч хүн мөн үү? Чи Бурханд үнэхээр захирагддаг хүн мөн үү? Өөрчлөгдсөн зан чанартай хүн мөн үү?” гэж асуувал, чамаас тийнхүү асууж, чамайг үнэнтэй харьцуулан шинжвэл чи ч, ер нь хэн ч байсан, дутуу дулимаг гэдэг нь мэдэгдэнэ гэж хэлж болох бөгөөд бас ямар ч хүн үнэний дагуу үнэхээр хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Иймээс бүх хүний үйлдэл, үйл хэргийн уг үндэс, мөн түүнчлэн үйлдлийнх нь мөн чанар хийгээд төрөлхийн чанарыг үнэнтэй харьцуулбал бүгд яллагдана. Энэ ямар учиртай вэ? Учир нь хүн өөрийгөө мэддэггүй; ямагт Бурханд өөрийнхөөрөө итгэж, үүргээ өөрийнхөөрөө биелүүлж, Бурханд өөрийнхөөрөө үйлчилдэг. Түүгээр ч барахгүй, өөрийгөө итгэл, эрүүл ухаанаар дүүрэн гэж бодон, эцэстээ маш их зүйлийг олж авсан мэт санагддаг. Тэгээд өөрийгөө аль хэдийнээ Бурханы хүслийн дагуу үйлдэж байна, Бурханы хүслийг бүрэн биелүүллээ, Бурханы шаардлагыг аль хэдийн хангаад, Түүний хүслийг дагаж байна гэж өөрийн эрхгүй санагддаг. Хэрэв чамд ингэж санагддаг бол, аль эсвэл хэдэн жил Бурханд итгэхдээ зарим нэг зүйлийг олж авсан гэж санагдаж байгаа бол тэр тусмаа өөртөө дүгнэлт хийж Бурханы өмнө эргэн очиж, итгэсэн он жилүүддээ, алхсан замаа эргэн харж, Бурханы өмнөх бүх үйлдэл, зан авир чинь Түүний сэтгэлд бүрэн нийцэж байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг юуг хийдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг юуг хийдэг, хийж байгаа зүйл чинь үнэхээр Бурханы шаардлагад нийцдэг эсэх, Түүний хүсэлд бүрэн нийцүүлж болох эсэхийг харах хэрэгтэй. Чи энэ бүхнийг сайн ойлгох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Өөрийгөө мэднэ гэдэг нь бодол, үзэл санаанд чинь Бурханыг эсэргүүцдэг, үнэнтэй огт нийцэлгүй, үнэнийг агуулдаггүй ямар зүйлс байгааг мэдэх явдал юм. Жишээлбэл, хүний биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал, худал хуурмаг, ов мэх нь хүмүүст танихад амархан завхарсан зан чанарт нь байдаг талууд билээ. Чи ердөө л үнэний талаар хэдхэн удаа нөхөрлөх юм уу, байнга нөхөрлөх замаар, эсвэл ах эгч нар байдлыг чинь хэлж өгснөөр тэдгээрийн талаар бага зэрэг мэдлэгтэй болж болно. Үүнээс гадна хүн болгон янз бүрийн түвшинд биеэ тоосон, ов мэхтэй байдаг. Гэвч хүмүүсийн бодол, үзэл санааг мэдэх амаргүй; тэдгээр нь хүний зан чанарыг мэдэхтэй адил амархан биш. Эдгээр нь гүн уг үндэстэй зүйлс юм. Иймээс чи зан авир, гаднаа биеэ авч явах байдлаа жаахан өөрчилсөн байх үед чиний олж илрүүлээгүй, Бурханы эсрэг сэтгэхүй, үзэл, санаа, чиний хүлээн авсан уламжлалт соёлын боловсролын олон тал байсаар байдаг. Эдгээр нь биднийг Бурхантай дайсагнахад хүргэдэг гүнзгий шингэсэн зүйл юм . Иймээс Бурхан чиний үзэлтэй нийцэхгүй зүйл, аль эсвэл Бурханыг хийнэ гэж төсөөлснөөс чинь өөр зүйл хийх үед чи эсэргүүцэж, тэрслэх болно. Бурхан яагаад тийм үйлдэл гаргасныг чи ойлгохгүй байх бөгөөд хэдийгээр Бурханы хийдэг юм бүхэнд үнэн байдаг гэдгийг мэддэг, захирагдахыг хүсэж болох ч тэгж чадахгүй байх болно. Чи яагаад захирагдаж чаддаггүй вэ? Яагаад тэгж эсэргүүцэж, тэрсэлдэг юм бэ? Учир нь хүний бодол, үзэл санаанд Бурханд дайсагнадаг, Бурханы үйлддэг зарчим, Бурханы мөн чанарт дайсагнадаг зарим нэг зүйл байдаг. Хүн тэдгээр бодол, үзэл санаагаа мэдэхэд хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Өөрийнхөө талаар юуг мэдэж болох вэ? Юун түрүүнд, чи үг хэл, үйл хэрэгтээ ямар зан чанар харуулдгаа мэдэх ёстой. Заримдаа энэ нь биеэ тоосон зан, заримдаа заль мэх, харин заримдаа ёрын муу байдаг. Бас асуудалтай тулгарах үед сэдэл чинь Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, эсвэл үнэний дагуу байж чадахгүй байгаа эсэхийг мэдэх учиртай. Түүнчлэн, үүрэгтээ хандах хандлага чинь ачаа үүрэх юм уу чин сэтгэлээ зориулах хандлага мөн эсэх, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа үнэн сэтгэлээсээ ханддаг эсэхээ, эсвэл тийнхүү үйлдэж байгаа чинь наймаацах зорилготой байна уу гэдгийг мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаг эсэх, зүрх сэтгэл чинь дуулгавартай эсэх, Бурханы зохион байгуулсан орчин нөхцөл, хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулгарах үедээ үнэнийг эрж хайж чаддаг эсэхээ мэдэх учиртай. Үнэнийг хайрладаг хүн мөн эсэх, ямархуу хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай эсэх, асуудалтай тулгарах үедээ тооцоолон бодож, тохиролцоо хийх гэсэн байр байдалтай байдаг эсэх, эсвэл үнэнийг эрж хайж, өөрийн үзэл, төсөөлөл, санаархал, хүсэл, төлөвлөгөөг орхиж чаддаг эсэхээ, мөн үнэнийг эрж хайдаг хүн мөн эсэхээ ч бас олж мэд. Түүнээс гадна өөрийгөө мэдэхийн өөр нэг тал нь өөрийн зан аашийг ойлгож, шулуун шударга хүн мөн эсэх, мөс чанартай, сайхан сэтгэлтэй эсэхээ мэдэх явдал юм. Төрөл бүрийн орчин нөхцөл, хүн, үйл явдал, юмст хандах хандлагаасаа чи зан аашаа харж чадах бөгөөд үнэнийг хайрладаг хүн мөн эсэхээ, Бурханд жинхэнээсээ итгэдэг эсэхээ мэдэж авах боломжтой. Бурхантай шууд холбоотой асуудал дээр ямархуу хандлага гаргадгаа ч бас хар: Түүнд, Түүний нэр, Түүний махбодод хэрхэн ханддаг вэ—хүндэтгэж, дуулгавартай байдаг уу? Өөр бас юу байдаг гэж чи хэлэх вэ? (Хэв чанарынхаа хэмжээг мэдэх.) (Амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, юуг даган мөрддөгөө ойлгох. Юуг эрэлхийлдэг, ямар замаар явж буйгаа мэдэх.) Эдгээр нь хүмүүсийн ойлгох ёстой бүх зүйл юм. Ерөнхийдөө бол, өөрийгөө бүх талаар мэднэ гэдэг нь гол нь өөрийн хэв чанар, зан төлөвийг мэдэх, үнэнийг хайрладаг эсэх болон алхаж буй зам, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, Бурханд хандах бүх төрлийн хандлагаа мэдэх явдал билээ. Энэ бүх зүйл багтана.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (2)”-аас эш татав

Өөрийнхөө талаарх мэдлэг чинь өнгөц зүйлсийг хальт танихыг л хамардаг бол—чи өөрийгөө биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг гэж л хэлдэг бол энэ нь жинхэнэ мэдлэг биш, харин хоосон сургаал юм. Чи бодит баримтыг үүнтэй нэгтгэх ёстой: Өөрийнхөө доторх сэдлийг ил болгож, эндүү ташаа үзэл бодол, төөрөлдсөн үзэл санаа тээж байгаа талуудаа нөхөрлөж, задлан шинжлэх ёстой. Зөвхөн ингэх нь л жинхэнээсээ мэдлэгтэй байгаа хэрэг. Чи сэдэл болон мөн чанарынхаа эх үүсвэрийг мэдэхэд анхаарах ёстой. Дан ганц үйлдлээсээ ойлголт аваад байж болохгүй; мөн чанарыг нь ойлгож, асуудлын эх үндсийг шийдвэрлэх ёстой. Хэсэг хугацаа өнгөрмөгц өөрийгөө эргэцүүлж, аль асуудлыг нь шийдвэрлэсэн, аль нь хэвээр байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх ёстойг нэгтгэн дүгнэх ёстой. Тиймээс чи бас үнэнийг эрж хайх ёстой. Үргэлж бусдаар удирдуулаад байж болохгүй; өөрийн гэсэн амийн оролтын зам чамд байх ёстой. Хийж байгаа зүйлийн чинь аль нь буруу, үнэнтэй нийцэхгүй байна, үг, сэдлийн чинь аль нь буруу, ямар зан чанарыг чи харуулаад байна гэх мэтээр чи өөрийгөө байнга шинжих ёстой. Хэрэв чи байнга ингэж ордог, өөртөө хатуу шаардлага тавьдаг бол аажим боловч тууштайгаар энэ тал дээр илүү их ойлголттой болно; эцэст нь чи бүгдийнх нь учрыг олж, өөрийгөө ердөө л дүүрчихсэн хүн юм гэдгээ олж харна. Үнэхээр тийм мэдлэгтэй болох өдөр ирэхэд чи биеэ тоосон зан гаргаж чадахаа болино. Яг одоо хамгийн чухал нь юу вэ? Хүмүүс нөхөрлөж, задлан шинжилснийхээ дараа ийм зүйлийн талаар ойлгож, мэдэж авдаг боловч өөрсдийгөө мэдэхгүй хэвээр байдаг. Зарим хүн: “Би яаж өөрийгөө мэдэхгүй байх юм бэ? Биеэ тоосон зан гаргаад байдаг асуудлуудыг би мэднэ” гэж хэлдэг. Хэрэв чи мэддэг л юм бол зан чанар чинь биеэ тоосон гэдгийг яагаад мэддэггүй юм бэ? Чамд яагаад хувийн ахиц дэвшил гаргахаар эрж хайх үе, байр суурь, бусдаас онцгойрохын хүслэн болох үе байдаг юм бэ? Энэ нь биеэ тоосон уг чанар чинь арилаагүй байна гэсэн үг! Тиймээс үйлдлийн чинь цаана байгаа сэдэл, үзэл бодол, санаа бодлоос өөрчлөлтийг эхлэх ёстой. Хүмүүсийн хэлдэг зүйлийн ихэнх нь ёжилсон, хорон агаад дууны өнгөнд нь биеэ тоосон шинж байдгийг та нар хүлээн зөвшөөрөх үү? Тэдний үгэнд нь сэдэл, хувийн санаа бодол байдаг; хэлж байгаа зүйлээс нь үүнийг харж болно. Биеэ тоосон зан гаргаагүй үедээ үг яриа, царайны илэрхийлэл нь тодорхой хэв маягтай болдог хүмүүс байдаг боловч биеэ тоосон зан нь илрэхээрээ ярьж байгаа байдал нь өөрчлөгдөж, Сатаны муухай царай гарч ирдэг. Хүн болгон сэдэл өвөрлөж байдаг. Зальжин хүмүүсийг аваад үзье: Тэд ярихдаа үргэлж шивнэж, нүдээ анивчиж байдаг; үүнд нь сэдэл агуулагдаж байдаг. Зарим хүн намуухан дуугаар, сэмхэн ярьдаг; үгэнд нь явуулга агуулагдаж байдаг боловч дууны өнгө, төрхөөрөө юу ч илчилдэггүй. Тийм хүмүүс бүр ч илүү зальжин, аврахад маш хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шинэ эрин үед хэрхэн орох вэ”-ээс эш татав

Чи ямар завхарсан зүйлийг харуулсаар байх, ямар зүйл хийсээр байх магадлалтай гээд—өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг тодорхой хэмжээгээр одоо таньж чаддаг болсон. Энэ бүхнийг чи мэддэг боловч хамгийн хэцүү зүйл нь өөрийгөө хянаж чаддаг байх явдал юм. Чи ямар нэгэн зүйл хэзээ хийхээ, эсвэл ямар ноцтой зүйл хийж чадахаа мэддэггүй. Магадгүй чамд хэзээ ч хийхгүй, хэлэхгүй гэж бодож байсан зүйлс байдаг ч цаг үе, орчин нөхцөл нь гарвал чи тэдгээрийг үнэхээр хэлж, хийсэн байдаг. Хүмүүс ийм гэнэтийн зүйлсийг хянаж чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүс уг чанар, мөн чанараа нэвт шувт ойлгодоггүй; энэ талаарх мэдлэг нь хангалттай гүнзгий биш учраас үнэнийг хэрэгжүүлэхэд тэднээс маш их хүчин чармайлт шаарддаг. Жишээ нь, зарим хүн нэлээд ов мэхтэй, үг үйлдэл нь хуурамч байдаг хэр нь завхрал чинь аль талаараа хамгийн ноцтой вэ гэж асуувал тэд “Би бага зэрэг л ов мэхтэй” гэж хэлнэ. Тэд өөрсдийгөө багахан ов мэхтэй гэж л хэлэх боловч уг чанар нь өөрөө ов мэх гэдгийг хэлдэггүй, өөрсдийгөө ов мэхтэй хүн гэдэггүй. Тэд өөрсдийн уг чанарыг огтоос гүнзгий хардаггүй бөгөөд үүнийг ноцтой зүйл гэж үздэггүй, бас бусад хүн шиг нэвт шувт ч хардаггүй. Бусад хүн тэр хүнийг маш ов мэхтэй, шударга бус гэдгийг, үг болгонд нь заль мэх байдаг, үг үйлдэл нь хэзээ ч үнэнч шударга биш гэдгийг хардаг атал тэрээр өөрийгөө гүнзгий харж чаддаггүй. Тэдэнд байж таарсан аливаа мэдлэг нь өнгөцхөн төдий байдаг. Тэд ярьж, үйлдэх болгондоо уг чанартаа байгаа зүйлийг илчилдэг хэр нь үүнийгээ мэддэггүй. Тэд хийж байгаа зүйлдээ үнэнч байна, аливааг үнэний дагуу хийж байна гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Ингэж боддог хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Петрийн эрж хайсан зүйл бол Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгддэгийг харах явдал байв. Нь өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр, хүн хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Эцэст нь Петр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр өрөвдөлтэй байх байсан; Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл гэдгийг би мэдэрч байна. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй бөгөөд түүнд ямар ч амьдрал үгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй тэр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч Петр энэ байр байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс амийг эрэлхийлж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа талуудыг ухамсарлаж, үүнийг үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хүрээгүй атал чи өөрийгөө ойлгодог, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүний стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын явцад өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлсэн. Тэрээр Бурханыг мэдэхээр чармайсан бөгөөд “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Түүнийг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Өөрийг нь мэдэнгүүт Бурхан намайг үхүүлэх юм бол би ингэхдээ бас л хамгийн их сэтгэл хангалуун байх болно; би өчүүхэн төдий ч гомдоллохгүй ба бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж эцэст нь түүнд санагдсан юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; эхлээд тэрээр олон шалгалт туулах хэрэгтэй болсон. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх хэрэгтэй болсон бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол амийг олж авах, төгс болгуулах зам байв; түүний онцгой хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Би та нарыг одоо ийм маягаар шүүвэл эцэст нь та нар ямар түвшний ойлголттой байх вэ? Хэдийгээр байр суурь чинь өндөр биш боловч ямартай ч Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ. Дорд зиндаанд төрсөн учраас та нарт байр суурь байхгүй бөгөөд Бурханы өргөлтөөс болж байр суурьтай байгаа—энэ бол та нарт Түүний хайрласан зүйл юм. Өнөөдөр та нар Бурханы сургалтыг, Түүний гэсгээлт болон шүүлтийг биечлэн хүлээн авч чаддаг. Бүр ч илүүтэйгээр энэ нь Түүний өргөлт юм. Бас та нар Түүний ариусгалт болон шатаалтыг биечлэн хүлээн авч чаддаг. Энэ бол Бурханы агуу хайр билээ. Эрин үеүдийн туршид Түүний ариусгалт болон шатаалтыг хүлээн авсан ганц ч хүн байгаагүй, Түүний үгээр төгс болгуулж чадсан нэг ч хүн байгаагүй. Бурхан одоо та нартай нүүр тулан ярилцаж, та нарыг ариусгаж, дотоод тэрслүү занг чинь илчилж байна—энэ нь үнэхээр Түүний өргөлт билээ. Хүмүүс ямар чадвартай вэ? Давидын хөвгүүд байсан ч, эсвэл Моабын үр удам байсан ч, дүгнэн хэлбэл хүмүүс нь сайрхаад байх юмгүй, бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.” Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна. Эдгээр зүйлээс ангижирмагц хүмүүст өөр санаа зовнил байхаа болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?”-ээс эш татав

Өмнөх: 4. Хүн яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоох тухай

Дараах: 2. Хэрхэн өөрийгөө үнэхээр мэддэг болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх