2. Хэрхэн өөрийгөө үнэхээр мэддэг болох вэ?

Холбогдох Бурханы үг:

Хүмүүст өөрсдийг нь мэдүүлэхийн тулд Бурхан олон өөр арга ашигладаг. Бурхан хүмүүст, туршлагаар дамжуулан өөрсдийгөө аажмаар мэдэж авах боломж олгодог. Тэрээр шалгалт, шүүлт, эсвэл гэсгээлт ашигладаг ч бай хамаагүй, үг яриагаар, эсвэл бодит баримтаар, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтыг тасралтгүй туулж, Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэлтийг туулах боломжийг хүмүүст олгодог. Үүний зэрэгцээ Бурхан хүмүүст өөрсдийнх нь завхрал, тэрслүү байдал, уг чанарыг таниулдаг. Тэгвэл энэ бүхнийг хийх Бурханы эцсийн зорилго юу вэ? Энэ нь, Бурханы ажлыг туулж буй хүн болгонд хүн гэж юу болохыг мэдэгдэх явдал юм. “Хүн гэж юу болох” гэдэгт юу багтдаг вэ? Хүмүүст ялгамж чанар, байр суурь, үүрэг, хариуцлагаа таних боломж олгох явдал үүнд багтдаг. Энэ нь хүн гэж хэн болохыг, чи өөрөө хэн болохыг чамд мэдүүлэхийн төлөө байдаг. Бурхан хүмүүст өөрсдийгөө мэдэх боломж олгодгийн эцсийн зорилго энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралынхаа илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна. Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: “Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэндээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ уг чанараа нууж чаддаггүй. Баримтыг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус байдлыг олж мэднэ. Эцэст нь бусад хүн тодорхой дүгнэлтэд хүрдэг: Энэ хүмүүс бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй хүмүүс юм. Энэ үг тийм хүний уг чанарыг төлөөлдөг; энэ нь тэдний уг чанар, мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их гүн ухаан агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй атал амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд Сатаны гүн ухаанд бүрэн нийцэлтэй амьдарч, өчүүхэн төдий ч тэрсэлдэггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар, байнга сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг… Ийм зүйлсийг эрмэлзэх нь хорвоогийн хүмүүстэй хамт намаг балчигт хутгалдаж буй хэрэг. Үүнийг Бурхан жигшин голдог. Үүнд үнэн, хүн чанар байхгүй агаад энэ нь сатанлаг юм. Хүний уг чанарыг дуртай зүйлээс нь ухаж гаргах гэдэг нь энэ юм. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно: Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл зүүж явах бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амьдралдаа, зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь үнэхээр жинхэнэ хүний зүйлс биш юм. Ийм зүйлд дуртай байгаа нь зөв шударга бус байгаа хэрэг. Тэдний харагдах байдал хорвоогийн хүмүүстэй яг адилхан байдаг. Тэднээс өчүүхэн үнэнийг ч харж чадахгүй. Тиймээс, чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Хань ижлээ олох явдлыг жишээ болгон авч үз. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч гэсэн түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дурлах болно; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд өчүүхэн төдий ч амь байдаггүй гэдгийг нотолдог. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг бол тэдний зан чанар бага зэрэг өөрчлөгдсөн ба тэд бага зэргийн биеийн хэмжээтэй гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа ба Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг. Үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанарыг ойлгоход амархан уу? Чи бага зэрэг ойлгосон ч гэсэн үүнийг өөрчлөхөд амархан биш байх болно. Энэ нь хүмүүсийн хувьд хэцүү талбар юм. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг амьдралыг чинь, дуртай зүйлийг чинь, дадлага туршлага болон оршин тогтнолыг чинь залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Тэгвэл өөрчлөлт гээч энэ зүйл нь ердөө хүмүүс бага зэрэг хамтран ажиллаж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байх явдал боловч үүнийг өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй; энэ нь зүгээр л хүмүүсийн шилэлт сонголтоос цаашгүй.

Хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах бусад талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралыг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлс, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл бодол ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; илүү тодорхой хэлбэл, тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралын талаарх үзэл бодол чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцэж байгааг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний мөн чанар, завхралыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хүмүүс өөрсдийгөө мэдье гэвэл жинхэнэ байр байдлаа ойлгох ёстой. Өөрийн байр байдлыг мэдэхийн хамгийн чухал тал бол өөрийн бодол, санааг ухаарах явдал юм. Цаг үе болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянаж байдаг. Хэрвээ чи өөрийн бодлыг хяналтдаа авч чадвал тэдгээрийн цаадах зүйлсийг хяналтдаа оруулж чадна. Хүмүүсийн бодол, санааг хэн ч хянаж чаддаггүй боловч эдгээр бодол, санаа хаанаас гаралтай, эдгээрийн цаад сэдэл юу болох, эдгээр бодол, санаа хэрхэн үүсдэг, эдгээрийг юу хянадаг, эдгээр нь ямар шинж чанартайг мэдэх шаардлагатай. Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа өөрчлөгдсөн хэсгээс чинь үүссэн бодол, санаа, зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг хүсэл, эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь өөр байх болно. Чиний өөрчлөгдөөгүй зүйлс, тодорхой ойлгодоггүй зүйлс, мөн үнэний туршлагаар солиогүй зүйлсээс чинь үүдсэн бодол, санаа бузар булай, бохир, үзэшгүй муухай байдаг. Өнөө үед, Бурханы ажлыг хэдэн жил туулсан хүмүүс эдгээр асуудлын талаар бага зэрэг мэдрэмж, ойлголттой болсон байдаг. Бурханы ажлыг богинохон хугацаанд туулсан хүмүүс эдгээр асуудлыг хараахан ойлгодоггүй; тэд тодорхой мэдэхгүй хэвээр байдаг. Өөрсдийнх нь эмзэг цэг хаана байдгийг, эсвэл ямар талууд дээр амархан унахаа тэд мэддэггүй. Та нар одоогоор ямар төрлийн хүн гэдгээ мэддэггүй бөгөөд ямар хүн болохыг чинь бусад хүмүүс тодорхой хэмжээнд харж чадах хэдий ч чи үүнийг мэдэрч чаддаггүй. Чи ердийн бодол, санаагаа тодорхой ялган таньж чаддаггүй, эдгээр асуудлын мөн чанар юу болох тухай тодорхой ойлголт чамд байдаггүй. Чи аль талаар гүн гүнзгий ойлгох тусмаа тэр талаар улам их өөрчлөгдөнө; ийнхүү чиний хийдэг зүйлс үнэний дагуу байх бөгөөд Бурханы шаардлагад нийцэж, Бурханы хүсэлд ойртоно. Ийм маягаар эрж хайснаар л үр дүнд хүрч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Хүний мөн чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүнийг шалихгүй зүйл хийх юм уу юу ч хийхгүй байх үед уг чанар, мөн чанарыг нь чи олж мэдэж чадахгүй. Харин тэдний байнга илчилдэг зүйл, үйлдлийнх нь ар дахь санаархал, хийдэг зүйлийнх нь цаад зорилго, өвөрлөдөг хүсэл, алхдаг замаас эдгээр нь харагддаг. Хамгийн гол нь, Бурханы зохицуулсан орчин, Бурханы өөрсдөд нь биечлэн хийсэн зүйлтэй тулгарах, шалгалт, цэвэршүүлэлт, засалт, харьцалт амсах юм уу Бурханаар биечлэн гэрэлтүүлэгдэж, замчлуулах үедээ тэд ямар хандлагатай байгаагаас эдгээр зүйл харагддаг. Энэ бүхэн юутай хамаатай вэ? Энэ нь хүний үйлдэл, амьдрал, бие авч явдаг зарчимтай хамаатай. Түүнчлэн хүний эрэл хайгуулын чиглэл, зорилго, эрэлхийлдэг арга барилтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүний явдаг зам, амьдардаг байдал, найдаж амьдардаг зүйл, оршин тогтнолынх нь үндэс суурьтай хамаатай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Өмнөх: 1. Өөрийгөө үнэхээр мэдэх гэж юу болох, үүнээс юу олж авч болох тухай

Дараах: 3. Хүн яагаад өөрийгөө мэдэхгүйгээр зан чанарын өөрчлөлт болон авралд хүрч чадахгүй тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Амь олж авсан байх болон амьгүй байх гэж юу вэ?

Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү? Энэ бол эрин үеүдийн туршид итгэгчид бидний маргалдсаар ирсэн асуулт гэж хэлж болох юм. Энэ асуудалд зөрчилдөөн угаасаа байгаа гэдгийг хүмүүс мэдэрдэг боловч үүнийг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эзэн Есүс бол Бурхан, гэхдээ бас Бурханы Хүү, иймээс Эцэг Бурхан гэж бас байгаа юу?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх