БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАН БОЛОН БУРХАНЫ АШИГЛАДАГ ХҮМҮҮСИЙН ХООРОНДОХ ҮНДСЭН ЯЛГАА

Олон жилийн турш Бурханы Сүнс газар дээр ажиллангаа тасралтгүй хайсаар ирсэн бөгөөд эрин үеүдийн туршид Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан олон хүнийг ашиглажээ. Гэсэн ч энэ бүх хугацаанд Бурханы Сүнс тохиромжтой амрах газаргүй байсаар ирсэн учраас Бурхан ажлаа хийхийн тулд өөр өөр хүмүүсийн хооронд шилждэг. Ерөнхийдөө Түүний ажил хүмүүсээр дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, энэ бүх жилүүдэд Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, харин өнөөг хүртэл хүмүүсээр дамжин явагдсаар ирсэн юм. Бурхан маш олон үг хэлж, маш их ажил хийсэн хэдий ч Бурхан хүнд хэзээ ч харагдаж байгаагүй учраас, бас Түүнд бодит хэлбэр дүрс байдаггүй учраас хүн Бурханыг мөн л мэддэггүй. Иймээс Бурхан, бодитой Бурханы бодит ач холбогдлыг бүх хүнд мэдүүлэх энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ёстой. Энэ үр дүнд хүрэхийн тулд Бурхан Өөрийн Сүнсийг хүмүүст бодитоор илчилж, тэдний дунд ажлаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодын хэлбэртэй, мах цустай болж, хүмүүсийн дунд харагдахуйцаар алхаж, амьдралд нь тэднийг дагалдаж, Өөрийгөө заримдаа харуулж, заримдаа нуун далдалж байх үед л хүмүүс Түүний талаар илүү гүнзгий ойлголттой болж чадна. Хэрвээ Бурхан зөвхөн махбодод үлдсэн бол Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлж чадахгүй байх байв. Есүс хэсэг хугацаанд хэвийн хүн чанараар ажиллаж, гүйцэлдүүлэх хэрэгтэй байсан бүх ажлаа дуусгасны дараа явсантай яг адилаар Бурхан махбодод хэсэг хугацаанд ажиллаж, махбодоор хийх хэрэгтэй үйлчлэлийг гүйцэтгэснийхээ дараа махбодыг орхиж, махбодын дүрээр сүнсний ертөнцөд ажиллана. Та нар “Зам… (5)”-ын энэ хэсгийг санаж байгаа байх: “Эцэг минь Надад ‘Газар дэлхий дээр Эцэгийнхээ хүслийг биелүүлж, Түүний даалгаврыг биелүүлэхийг л хичээ. Өөр юу ч Чамд хамаагүй’ гэж хэлснийг Би санадаг.” Чи энэ хэсгээс юу харж байна вэ? Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийнхөө ажлыг л бурханлаг чанараар хийдэг бөгөөд энэ бол бие махбодтой болсон Бурханд тэнгэрлэг Сүнсний даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр гагцхүү газар нутаг даяар үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс айлддаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнд зааж сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа юм уу хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй, Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээсээ хойш энэ бүх хугацаанд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, Бурханы ашигладаг хүмүүс л гэж үзэж болно. Харин өнөөдрийн Бурхан шууд бурханлаг чанарын өнцгөөс үг хэлж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж, Сүнсний өмнөөс ажиллаж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь мөн л Бурханы Сүнс махан бие дотор ажилласан тохиолдол мөн—тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Гэхдээ, өнөөдрийн Бурхан ч бас Бурханы сүнс шууд махбодоор ажиллаж буй хэрэг бөгөөд Есүс ч гэсэн махбодоор ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байж чадсан. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг ойлгосон байв. Тэдэнд хэвийн хүний үзэл санаа байсан бөгөөд хэвийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байлаа. Тэдний олонх нь ер бусын ур чадвартай, төрөлхийн ухаантай байсан юм. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас заяасан билиг авьяас болох ур чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний ур чадварыг нь ажиллуулж, Бурханы төлөө үйлчлэхэд давуу талыг нь ашигладаг. Гэсэн ч Бурханы мөн чанар нь үзэл санаа, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл ч дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго юм уу хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэрээр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс шууд үг хэлдэг буюу хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр бурханлаг чанар шууд ажил хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол, үзэл санаанаас ангид байдаг бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурханыг газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, бурханлаг чанарын ажлаа хадгалахын тулд Бурхан хүний ажлыг ашигладаг. Тэгэхгүй бол хүн бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч аргагүй байх болно. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс дараа нь Есүсийн үгэнд суурилан ажилласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан буюу шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг халсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж, газар дээрх ажлаа дуусгамагцаа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу үйлдэж, Түүний хэлсэн үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Энэ бүх хүн Есүсийн төлөө ажилласан. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч бай, хүмүүс Түүний үгтэй холбогдох аргагүй байх байв, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба хэвийн хүмүүс үгийг нь ойлгож чадах хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор араас нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд хэрэгтэй байсан юм. Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеийг ашиглан үг хэлж, ажиллаад, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах нь бие махбодтой болсон Бурханы ажилладаг зарчим билээ. Өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд оруулахын тулд Бурхан, хүмүүсийг хариулж, услах ажил хийлгэхээр Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг.

Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийсэн ба зүрх сэтгэлийнх нь дагуу байдаг цөөн хэдэн хүн Түүнтэй хамтран ажиллаагүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцаж чадахгүй байх байв. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж—бурханлаг хэлийг хүний хэл болгон хөрвүүлж чадах бөгөөд хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст тун цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас махбод болсон биеэр ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил л байсан бол хүний хувьд Бурханыг мэдэж, Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Гагцхүү Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр л хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ, хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг хадгалж л чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх байв. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс л байх байсан юм. Бие махбодтой байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийдэг бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар л, мөн дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, туулснаар л хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэгж байж л тэд цаг хугацааны урсгалыг дагаж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг Нэгэн нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүмүүст шинэ эхлэлийн цэг өгдөг үе шат юм—энэ үед махбод дахь Бурханы ажил дуусдаг.

Бурхан хэвийн хүн чанараа төгс болгохын тулд газар дэлхий дээр ирдэггүй, хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ч ирдэггүй. Гагцхүү хэвийн хүн чанараар бурханлаг ажил хийхийн тулд л ирдэг. Хэвийн хүн чанарын талаар Бурханы ярьдаг зүйл хүмүүсийн төсөөлдөгтэй адилгүй. Хүн “хэвийн хүн чанарыг” эхнэр, нөхөр, хөвгүүд, охидтой байх явдал гэж тодорхойлдог ба эдгээр нь тухайн хүн хэвийн хүн мөн гэдгийн нотолгоо юм; харин Бурхан ингэж үздэггүй. Тэрээр хэвийн хүн чанарыг, хэвийн хүний бодолтой, хэвийн хүний амьдралтай байж, хэвийн хүмүүсээс төрөх явдал гэж үздэг. Гэхдээ Түүний хэвийн байдал нь, хүн хэвийн байдлын талаар ярьдаг шиг эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй байхтай хамаагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы ярьдаг хэвийн хүн чанар нь, хүн чанаргүй, бараг сэтгэл хөдлөлгүй, хараажаар бие махбодын хэрэгцээгүй, яг л Есүстэй адил хэвийн хүний гадаад төрхтэй, хэвийн хүний дүртэй мөртөө мөн чанартаа хэвийн хүний эзэмших ёстой бүхнийг бүрэн эзэмшээгүй гэж хүний үздэг зүйл юм. Үүнээс, бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг бүхэлд нь агуулдаггүй, харин хэвийн хүний амьдралын хэвшлийг хангах, хэвийн хүний эрүүл ухааныг хадгалахын тулд хүмүүст байх ёстой зүйлийн нэг хэсгийг л агуулдаг гэдгийг харж болно. Гэхдээ эдгээр зүйл нь, хэвийн хүн чанар гэж хүний үздэг зүйлтэй ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйл юм. Гэсэн ч, бие махбодтой болсон Бурхан эхнэртэй, хөвгүүд охидтой, гэр бүлтэй л байх юм бол хэвийн хүн чанартай гэж хэлж болно хэмээн зүтгэдэг хүмүүс бий; эдгээр зүйл байхгүй бол Тэр хэвийн хүн биш гэж тэд хэлдэг. Тэгвэл Би та нараас ингэж асууя: “Бурханд эхнэр байдаг уу? Бурханы хувьд нөхөртэй байх боломжтой юу? Бурхан хүүхдүүдтэй байж болох уу?” Эдгээр нь төөрөгдөл биш гэж үү? Гэхдээ бие махбодтой болсон Бурхан хад чулууны хоорондох ан цаваас үсрэн гарах юм уу тэнгэрээс унаж ирж чадахгүй. Тэр гагцхүү хэвийн хүний гэр бүлд л төрж болно. Тийм учраас Түүнд эцэг эх, эгч дүүс байдаг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Есүсийн хувьд ч тийм байсан; Есүст эцэг эх, ах эгч дүүс байсан ба энэ бүхэн нь хэвийн байлаа. Гэвч хэрвээ Тэрээр эхнэр, хөвгүүд, охидтой байсан бол тэр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой гэж Бурханы төлөвлөсөн хэвийн хүн чанар биш байх байлаа. Хэрвээ тийм байсан бол Тэр бурханлаг чанарын өмнөөс ажиллаж чадахгүй байх байв. Түүнд эхнэр, хүүхэд байгаагүй ч хэвийн гэр бүлд хэвийн хүмүүсээс төрсөн учраас л Тэрээр бурханлаг чанарын ажлыг хийж чадсан билээ. Үүнийг цааш тодруулбал, Бурханы хэвийн хүн гэж үздэг зүйл нь хэвийн гэр бүлд төрсөн хүн юм. Зөвхөн тийм хүн л бурханлаг ажил хийхэд тохирно. Нөгөө талаар, хэрвээ хүн эхнэр, хүүхэдтэй, эсвэл нөхөртэй байсан бол бурханлаг ажил хийж чадахгүй, учир нь тэр хүн хүмүүсийн шаарддаг хэвийн хүн чанарыг л эзэмших боловч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг эзэмшихгүй байх байв. Бурханы боддог зүйл болон хүмүүсийн ойлгодог зүйл ихэнхдээ асар их ялгаатай, шал өөр байдаг. Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүсийн үзэлтэй зөрчилддөг, хүмүүсийн үзлээс асар их зөрдөг зүйл олон бий. Бурханы ажлын энэ үе шат нь бүхэлдээ бурханлаг чанар шууд ажиллаж, хүн чанар дэмжих үүрэг гүйцэтгэхээс бүрддэг гэж хэлж болно. Учир нь Бурхан Өөрийн ажлыг хүний гараар хийлгэхийн оронд Өөрөө хийхээр газар дэлхий дээр ирдэг ба Өөрийн ажлыг хийхийн тулд Тэр Өөрөө бие махбодтой (бүрэн бус, хэвийн хүн) болдог. Тэрээр хүн төрөлхтөнд шинэ эрин үеийг харуулж, Өөрийн ажлын дараагийн алхмын талаар хүн төрөлхтөнд хэлэхийн тулд энэ бие махбодыг ашигладаг бөгөөд Өөрийнх нь үгэнд дүрсэлсэн замын дагуу хэрэгжүүлэхийг хүмүүсээс шаарддаг. Ийнхүү махбод дахь Бурханы ажил дуусдаг; Тэрээр хүн төрөлхтнөөс хагацаж, хэвийн хүн чанартай махбодод оршин байхаа болиод, харин ч Өөрийн ажлын өөр нэг хэсгийг явуулахын тулд хүнээс холдон явах гэж байна. Дараа нь, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашиглан Тэрээр энэ бүлэг хүмүүсийн дунд газар дээрх ажлаа үргэлжлүүлдэг боловч тэдний хүн чанараар ажилладаг.

Бурханд өөр хийх ажил маш их байдаг учраас бие махбодтой болсон Бурхан хүнтэй хамт үүрд байж чадахгүй. Тэр махбодоор хязгаарлагдаж болохгүй; хэдийгээр Тэр тус ажлыг махбодын дүрээр хийдэг ч хийх ёстой ажлаа хийхийн тулд махбодыг тайлан хаях хэрэгтэй болдог. Бурхан газар дээр ирэх үедээ хэвийн хүний хүрэх учиртай хэлбэрт хүрэхээ хүлээж, дараа нь насан эцэслээд, хүн төрөлхтнийг орхидоггүй. Түүний махбод хэдэн настай байх нь хамаагүй, ажил нь дуусах үед Тэр хүнийг орхиж явдаг. Түүний хувьд нас гэх зүйл байдаггүй, Тэр хүний амьдралын хугацааны дагуу Өөрийн өдөр хоногийг тоолдоггүй; оронд нь Өөрийн ажлын алхмуудад нийцүүлэн махбод дахь амиа төгсгөдөг. Бурхан махбодод ирээд тодорхой үе шат хүртэл өсөж, насанд хүрч, хөгшрөөд, тэрхүү бие махбод нь насан эцэслэх үед л явах ёстой гэж боддог хүмүүс байж магадгүй. Энэ бол хүний төсөөлөл; Бурхан тэгж ажилладаггүй. Тэрээр хийх ёстой ажлаа хийхийн тулд л махбодод ирдэг бөгөөд хэвийн хүний бүх үйл ажиллагаа буюу эцэг эхээс төрж, өсөж, гэр бүл зохиож, ажил мэргэжилтэй болж, үр хүүхэд төрүүлж өсгөж, эсвэл амьдралын сайн мууг туулан хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд ирдэггүй. Бурхан газар дээр ирэх үед Бурханы Сүнс махбод өмсөж, махбодод ирж буй хэрэг боловч Бурхан хэвийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэрээр удирдлагын төлөвлөгөөнийхөө нэг хэсгийг биелүүлэхийн тулд л ирдэг. Үүний дараа Тэр хүн төрөлхтнийг орхин явна. Махбодод ирэх үедээ Бурханы Сүнс бие махбодын хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Харин ч Бурханы урьдчилан тодорхойлсон цагт бурханлаг чанар шууд ажилладаг. Тэгээд Өөрийн хийх хэрэгтэй бүхнийг хийж, Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлсний дараа энэ үе шатан дахь Бурханы Сүнсний ажил дуусдаг, энэ мөчид бие махбодынх нь амьдрах хугацаа дууссан эсэхээс үл хамааран бие махбодтой болсон Бурханы амь ч бас төгсдөг. Өөрөөр хэлбэл, бие махбод амьдралын ямар үе шатанд хүрэх нь, газар дээр хэр урт наслах нь бүгд Сүнсний ажлаар шийдэгддэг. Энэ нь хүний хэвийн хүн чанар гэж үздэг зүйлтэй ямар ч хамаагүй. Есүсийг жишээ болгон авч үзье. Тэрээр махбодод гучин гурван жил хагас амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацааны хувьд бол Тэр уг насандаа үхэх ёсгүй байсан ба явах ёсгүй байсан юм. Гэхдээ үүнийг Бурханы Сүнс огт анхаараагүй. Түүний ажил дууссан, тэр мөчид биеийг нь авч одож, бие нь Сүнстэй хамт алга болсон. Энэ нь Бурханы махбодод ажилладаг зарчим юм. Иймээс нарийн яривал, бие махбодтой болсон Бурханы хүн чанар гол чухал биш. Дахин хэлэхэд, Тэрээр хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирдэггүй. Тэр эхлээд хэвийн хүний амьдралыг бүтээгээд дараа нь ажиллаж эхэлдэггүй. Харин ч хэвийн хүний гэр бүлд төрсөн л бол Тэрээр бурханлаг ажил буюу хүний санаа зорилго холилдоогүй, махан биеийн бус, мөн мэдээж нийгмийн арга замуудыг хэрэглэдэггүй, хүний бодол, үзлийг агуулдаггүй, түүнчлэн хүний амьдралын гүн ухаантай хамаагүй ажлыг хийж чадна. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хийхээр зорьдог ажил бөгөөд энэ нь бас Бурхан бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан бусад ялихгүй үйл явцыг туулалгүйгээр үндсэндээ махбодоор хийх хэрэгтэй ажлын үе шатыг хийхийн тулд махбодод ирдэг бөгөөд Түүнд хэвийн хүний туршлага байдаггүй. Бурханы махбод болсон биеийн хийх хэрэгтэй ажил нь хэвийн хүний туршлагыг агуулдаггүй. Иймээс Бурхан махбодоор биелүүлэх хэрэгтэй ажлаа гүйцэлдүүлэхийн төлөө л махбодод ирдэг. Үлдсэн нь Түүнтэй ямар ч хамаагүй. Тэр маш олон ялихгүй үйл явцыг туулдаггүй. Түүний ажил дуусмагц бие махбодтой болохын ач холбогдол нь ч бас төгсдөг. Энэ үе шатыг дуусгах гэдэг нь махбодоор хийх хэрэгтэй Түүний ажил гүйцэлдсэн, Түүний махбодын үйлчлэл гүйцсэн гэсэн үг юм. Гэхдээ Тэр махбодод хязгааргүй хугацаагаар ажиллаад байж болохгүй. Тэр ажиллахын тулд өөр газар луу буюу махбодын гадна орших газар луу шилжих ёстой. Ийм маягаар л Түүний ажил бүрэн биелж, илүү их үр нөлөө үзүүлж чадна. Бурхан Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ямар ажил хийх хэрэгтэйг болон ямар ажил гүйцэлдүүлснээ Тэр гарын арван хуруу шигээ тодорхой мэддэг. Бурхан Өөрийн аль хэдийн урьдчилан тодорхойлсон замаар алхахад нь хүн нэг бүрийг хөтөлдөг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсний удирдамжийг дагадаг хүмүүс л амралтад орж чадна. Магадгүй хожмын ажилд хүнийг залж чиглүүлэхийн тулд Бурхан махбодоор ярихгүй, харин биет хэлбэртэй Сүнс хүний амьдралыг залж чиглүүлнэ. Тэр үед л хүн Бурханд бодитоор хүрч, Бурханыг харж чадах ба бодитой Бурханаар төгс болгуулахын тулд Бурханы шаарддаг бодит байдалд илүү сайн орж чадна. Энэ нь Бурханы биелүүлэхээр зорьж буй ажил, Түүний аль эртнээс төлөвлөсөн зүйл юм. Үүнээс та бүхэн өөрсдийн явах ёстой замыг харах ёстой!

Өмнөх: ХОЁР УДАА БИЕ МАХБОДТОЙ БОЛОХ НЬ БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ГҮЙЦЭЭДЭГ

Дараах: БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх