V. Есүсийн золин авралын ажил нь үнэхээр эрин үеийг төгсгөх ажил мөн үү?

1. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

2. Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй… Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

3. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

4. Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан “Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго нь Сатаны савраас аврагдсан бүх хүнийг төгс болгож.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

5. Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

6. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

7. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Энэ ажил дуусахад үлдэх хүмүүс бүгд цэвэрлэгдэж, хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

8. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Үүний зэрэгцээ Бурхан Сатантай тулаан хийдэг учраас тэдгээр нь байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг… Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаны бүрэн ялагдал хүртэлх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэг: хүнд нигүүлсэл хайрлаж, хүний нүглийн тахил болж, хүний нүглийг уучилж, хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж болох юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед ичсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь хүний авралд үндсэндээ тусгагддаг. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Өмнөх: IV. Нигүүлслийн эрин үе дэх аврал болон Хаанчлалын эрин үе дэх авралын тухай үнэний талаар

Дараах: VI. Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын хоорондох харилцаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх