4. Бурханы төгс хүчин болон мэргэн ухаан голчлон ямар талуудад илчлэгддэг тухай

Холбогдох Бурханы үг:

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад тэр вэ? Цорын ганц хариулт бол: Бурханы эрх мэдлийн улмаас тэр юм. Эсвэл, өөрөөр хэлбэл, Бурханы бодол, Бурханы үгийн улмаас тэр; Бурхан Өөрийн биеэр үйлддэг учраас тэр билээ. Энэ нь Бурханы эрх мэдэл, Бурханы санаа бодол эдгээр хуулийг үүсгэдэг бөгөөд эдгээр хууль нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөж, эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, алга болж байдаг гэсэн үг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ дүрслэхийн тулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, хэрэгжих нь гарцаагүй баримтад бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Судраас энэ хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд … тэр үхсэн хүн гарч ирэв”. Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүст болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд Түүний зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан…

Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй—эдгээр үг юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад Бурхан яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг төлөөлдөг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийж, аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд тэр даруй бүх зүйл бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Би хэлсэн үгэндээ эзэн болдог бөгөөд эзэн болсон үгээ үргэлж гүйцэлдүүлдэг ба үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол хөдөлшгүй. Урьдын цагт хэлсэн үгээ ч, ирээдүйд хэлэх үгээ ч Би бүгдийг нэг нэгээр нь биелүүлэх бөгөөд бүх хүн төрөлхтөнд үүний биелэхийг харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ… Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, бас удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс хуруугаа дүрж чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү? Өнөөдрийн энэ ертөнцөд орох нь Миний төлөвлөгөө юм уу, Миний зөгнөж харснаас гаждаггүй; энэ бүгдийг Би аль эрт тодорхойлсон юм. Та нарын дундаас Миний төлөвлөгөөний энэ алхмыг хэн ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг заавал сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө заавал эргэж ирнэ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “1-р бүлэг”-ээс эш татав

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чаддаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна… Иймээс өнөөдөр та нарын туулсан зүйл бол үгээр дамжин хүрсэн үр дүн бөгөөд Есүсийн үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудын хүрсэн үр дүнгээс ч илүү агуу юм. Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь зөвхөн тэмдэг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахаас бүрддэг юм биш, харин Бурханы үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчнийг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”-ээс эш татав

Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадахгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “29-р бүлэг”-ээс эш татав

Бурхан Сатаныг ялах нь зайлшгүй! Үнэндээ Сатан аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны газар нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ажлаа эхлүүлж, энэ ажлыг явуулж эхлэх үед Сатан бүрмөсөн ялагдсан, учир нь бие махбодтой болохын гол зорилго нь Сатаныг ялан дийлэхийн төлөө байсан билээ. Бурхан дахин нэг удаа махбод болж, ямар ч хүч зогсоож чадахгүй Өөрийн ажлыг хэрэгжүүлж эхлэхийг Сатан хармагцаа энэ ажлын бараанаар мэгдэн сандарч, цаашид гай тарьж зүрхлээгүй. Эхэндээ Сатан өөрт нь ч бас маш их мэргэн ухаан өгөгдсөн гэж бодсон ба Бурханы ажлыг үймүүлж, түйвээсэн; гэхдээ тэр, Бурхан дахин нэг удаа махбод болж, Өөрийнхөө ажилд хүн төрөлхтний төлөөх илчлэл, шүүлт болгон Сатаны тэрслүү байдлыг ашиглаж, улмаар хүмүүсийг байлдан дагуулж, Сатаныг ялна гэж бодоогүй юм. Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: “Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.” Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчид асар олуулаа цугларсан газар: Хятад, бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино…

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Өмнөх: 3. Бурхан зөвт зан чанараа хүн төрөлхтөнд хэрхэн харуулдаг тухай

Дараах: 5. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх