4. Бурхан бүх орчлон ертөнцийг хэрхэн удирдаж, захирдаг тухай

Холбогдох Бурханы үг:

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?… Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад тэр вэ? Цорын ганц хариулт бол: Бурханы эрх мэдлийн улмаас тэр юм. Эсвэл, өөрөөр хэлбэл, Бурханы бодол, Бурханы үгийн улмаас тэр; Бурхан Өөрийн биеэр үйлддэг учраас тэр билээ. Энэ нь Бурханы эрх мэдэл, Бурханы санаа бодол эдгээр хуулийг үүсгэдэг бөгөөд эдгээр хууль нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөж, эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, алга болж байдаг гэсэн үг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газарзүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газарзүйн тогтцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. Уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас тал газрын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх зүйлийг бүтээхдээ Тэр элсэн цөлийн хил хязгаар, толгодын хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—энэ бүгдийг Тэр тодорхойлсон юм. Тэр гол мөрөн, нуурыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон—тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Энэ “хил хязгаар” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бурхан бүх зүйлд зориулсан хууль тогтоосноор хэрхэн бүх зүйлийг захирдаг тухай бид дөнгөж сая ярилцлаа. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлэх юм уу багасна гэж байхгүй. Энэ нь тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цар хүрээ нь ямар байх, юутай хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй—ийм юм болохгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид энд элсэн цөл юм уу өөр бусад газарзүйн тогтоц, эсвэл газарзүйн байршлын чиг үүргийг ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Гадаргын талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч тэд хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар урсаж, урсах ёстой чиглэл рүүгээ урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулийн дор ямар ч гол, нуур дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы атганд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, хил хязгаартай байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон бөгөөд эдгээрийг дур зоргоороо өөрчилж, шинэчилж, хувиргаж болохгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн түвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүнийг дур зоргоороо өөрчлөхгүй. Тал газрын хувьд гэвэл, хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн төрөл бүрийн газрын тогтоц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн бүрэлдэхүүн хэсэг, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газарзүйн тогтцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог янз бүрийн энэ бүх газарзүйн тогтцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр янз бүрийн газарзүйн орчинд амьдардаг амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой болох бөгөөд тэд тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржиж чадна. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн амьдрах боломжийг өгдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл хамраараа амьсгалж чадах эсэхээс үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьдралын хуультай. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирдан, хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлийн дунд орших амьтан бүр нь өөрсдийн гэсэн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдардаг бөгөөд хүн төрөлхтөн бүх зүйлтэй хамт харилцан хамааралтайгаар зэрэгцэн оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгаж, уулс ба гол нууруудын орших нөхцөлийг тэнцвэртэй байлгаж, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх явдал юм. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ ямар нэг амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрвээ Түүний захиралт дор байх өсөлтийн хурд, давтамж, тоо хэмжээ нь хэрээс хэтэрвэл хүн төрөлхтний амьдрах орчинд янз бүрийн түвшний сүйрэл учрах болно. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний оршин тогтнол заналхийлэлд өртөнө. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны ундаргыг нь сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны хулгана, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтад байвал тэд илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ өсөхийн хэрээр ундны усны эх үүсвэр болон усархаг газрын тогтсон цар хүрээнд байх хүмүүсийн уух ус, усны эх үүсвэр багасаж, тэд усаар дутагдана. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус тасарч, бохирдож, устгагдвал амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрвээ зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан байгаа бол хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийлэлд өртсөөр байх болно. Тэгэхээр хүмүүс хэрвээ эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтөнд угаасаа харьяалагддаг, амьдрах уугуул орчин нь асар их нөлөөлөл, төвөгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл бүх зүйлийн дундаас зарим нэг байгалийн хуулийг харахдаа Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг ашиглахаа болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдгийн улмаас хүн төрөлхтний амьдралын дэг жаягт ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Үүнд Бурханы дээд эрх хамаатай юу, үгүй юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвээр ярилцаж байгааг минь ойлгоно: Учир нь, Бурханы дээд эрхээс гадна, Түүний захиргаа үүнд хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнцийн бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдгийн дээр энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Сүнсний ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, янз бүрийн талбарт харгалзагч нар үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг; Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадаг, Тэр бүх зүйлийг хэрхэн удирдаж, захирдгийг тодорхой мэддэг. Түүнчлэн, Тэр тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тэд тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Үнэндээ асар их ялгаатай. Сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг болохоор Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой энэ нь хамаатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон бөгөөд эдгээрийг тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг маш чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтны, эсвэл хүний төрлийн алийг нь ч хүн олсон бай, хоёуланд нь хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы энэхүү дээд эрхийн улмаас, мөн ийм хууль дүрэм байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц нэгэн жигд, эмх цэгцтэй байдаг; Бурханы энэхүү дээд эрхийн улмаас л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, зохицон амьдарч чаддаг—энэ бүгд нь Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд хэвээр байдаг учраас хэрвээ Бурханы захиргаа байдаггүй байсан бол юу болох байсан бэ? Сүнс нь хаа сайгүй хэрэн тэнүүчилж, энд тэндгүй үймүүлж, хүний ертөнц дэх амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй, мөн ургамал, амьтанд ч учрах байсан, гэвч хамгийн түрүүнд хүмүүс хорлогдох байлаа. Ийм зүйл болсон бол, ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол, сүнсний ертөнцөд авбал зохих арга хэмжээг энэхүү сүнсэнд мөн авах байв. Хэрвээ асуудал ноцтой байвал тэрхүү сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах болно. Хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь дахин төрлийг олуулах байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн захиргаа дэг журамтай байдаг, үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд материаллаг ертөнцийн хүмүүс хэвийн сэтгэхүй, хэвийн эрүүл ухаантай, махан биеийн дэг журамтай амьдралтай байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл, материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одсоныг илтгэдэг бол, шинэ бие махбодын амь төрөх нь амьд зүйл сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, үүргээ хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илтгэдэг. Оршихуйн явах ч бай, ирэх ч бай, аль аль нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хүн материаллаг ертөнцөд ирэх үед түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг, гүйцэтгэх үүрэгт нь тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн бий болгосон байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, сонгодог зам—сүнсний ертөнцөд хийсэн зохицуулалтын дагуу өчүүхэн ч хазайлгүйгээр явагддаг. Түүнчлэн, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал, газар сүнсний ертөнцөд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг, мөн сүнсний ертөнцийг захирдаг, Тэр сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг саатуулахгүй, мөн тэрхүү мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа харгалзагчид дор бүрнээ Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хийх ёстой зүйлээ хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй материаллаг үзэгдэл болгон дэг журамтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдаг, мөн түүнчлэн Түүний эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнээс болдог бөгөөд Түүний ноёрхолд хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний цаана байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц багтдаг. Иймээс хэрвээ хүмүүс сайхан амьдралтай байхыг хүсэж, сайхан орчинд амьдарна гэж найдаж байвал нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэний ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирч, эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас эш татав

Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөc хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг. Иймээс, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон төөргийн дагуу чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

………………………

Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээр улсыг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Гэвч тэглээ гээд илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүн Бурханыг мартаад дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханд эзлэх орон зай байдаггүй засаглал бол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтад эмзэг болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүйгээр байхтай адилхан. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайж ажиллаа гээд, хэчнээн олон зөв шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль аль нь юуг ч эргүүлж, эсвэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Өмнөх: 3. Тэнгэр, газар, бүх зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй тул ямар ч тэнгэрэлчийг Бурхан гэж нэрлэж болохгүй

Дараах: 5. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх