3. Бурхан зөвт зан чанараа хүн төрөлхтөнд хэрхэн харуулдаг тухай

Холбогдох Бурханы үг:

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар газарт махбод болсон бөгөөд ийм маягаар л Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь тодорхой харуулж чаддаг. Түүний зөвт зан чанар юугаар дамжин харагддаг вэ? Тэрээр хүний нүглийг шүүх үед, Сатаныг шүүх үед, нүглийг зэвүүцэх үед, Өөрийг нь эсэргүүцэж, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг дайснуудаа үзэн ядах үед энэ нь харагддаг. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний дуулгаваргүй байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы хүсэлтэй нийцдэггүй бүхэн шүүлтэд өртөх ёстой бөгөөд хүний дуулгаваргүй байдал нүгэл гэж буруутгагддаг. Бурханы үг шүүлтийн зарчмыг тойрон эргэлддэг; Тэрээр зөвт зан чанараа харуулахын тулд хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг илчилдэг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан юм—Би тэдгээрийг ашиглан үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л жинхэнэ ажил, ганцхан энэ л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулдаг. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг. Хүний бузар, тэрслүү байдал хэтэрхий их байгааг харсан мөртөө үг хэлж, чамайг шүүхгүй бол, мөн зөв шударга бус байдлын чинь төлөө чамайг гэсгээхгүй бол Тэр нүглийг үзэн ядахгүй байгаа учраас энэ нь Түүнийг Бурхан биш гэдгийг батлах байлаа; Тэр яг хүнтэй л адил бузар байх байв. Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар ердөө ёс жудаг, хүн чанараа алдаж, дэлхий ертөнцийн хамгийн бохир заваан өнцөг буланд төрсөн гахайтай адил болсон тул үүнээсээ болж шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг энэ шүүлтээс болж та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Хүний тэрслүү байдлыг харах үедээ зөвт зан чанараа илчилж чаддаг учраас, мөн хүний бузрыг харах үедээ ариун байдлаа илчилж чаддаг учраас Тэр бол өө сэвгүй, ариун атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн бусадтай хамт намаг балчигт тэлчилдэг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний увайгүй авирыг шүүх эрхгүй, хүнийг шүүх шүүлт гүйцэтгэхэд ч тохирохгүй. Хэрвээ нэг хүн нөгөөгөө шүүвэл өөрийнхөө хацрыг алгадаж буй мэт байх бус уу? Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж эдгээр нүглийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Бурхан хүмүүсийг шүүхийн тулд үг хэлдэг ба тэр үед л хүмүүс Бурхан ариун гэдгийг хардаг. Бурхан хүний нүглийг илчлэнгээ нүглийнх нь төлөө хүнийг шүүж, гэсгээж байх зуур нэг ч хүн, нэг ч юм энэхүү шүүлтээс зугтаж чадахгүй; бузар бүхнийг Тэр шүүдэг, тийм учраас л Түүний зан чанарыг зөвт гэж хэлж болно. Эс бөгөөс, та нарыг нэрэн дээрээ ч, нидэр дээрээ ч товойлгогчид гэж яаж хэлж болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс эш татав

Өнөөдрийн мэдлэгийн чинь хэмжээ ямар вэ? Чиний санаа, бодол, зан авир, үг, үйл хэрэг—энэ бүх илэрхийлэл нийлээд Бурханы зөвт, ариун байдлыг товойлгогч болдог бус уу? Та нарын илэрхийлэл Бурханы үгээр илчлэгдсэн завхарсан зан чанарын илрэл бус уу? Бодол, санаа, сэдэл, чамд илэрдэг завхрал чинь Бурханы зөвт зан чанарыг, түүнчлэн Түүний ариун байдлыг харуулдаг. Бурхан ч бас бузар газар төрсөн, гэхдээ бузраар сэвтээгүй хэвээр байдаг. Тэрээр чам шиг л энэ бузар дэлхийд амьдардаг боловч эрүүл ухаан, ухамсарлах чадвартай бөгөөд бузрыг үзэн яддаг. Чи өөрийнхөө үг, үйл хэргээс ямар нэгэн бузар юм олж илрүүлж ч чаддаггүй байж магадгүй, харин Тэр чаддаг бөгөөд чамд тэдгээрийг зааж үзүүлдэг. Чиний тэр хуучин зүйлс—боловсрол, хэрсүү ухаан, эрүүл ухаан дулимаг байдал, амьдралын хоцрогдмол хэв маяг—өнөөдрийн илчлэлээр ил болчихсон; Бурхан ажиллахын тулд газар дээр ирснээр л хүмүүс Түүний ариун байдал, зөвт зан чанарыг хардаг. Тэрээр чамайг шүүж, гэсгээж, чамд ойлгуулдаг; заримдаа чөтгөрлөг уг чанар чинь харагддаг бөгөөд Тэр үүнийг чамд зааж үзүүлдэг. Тэрээр хүний мөн чанарыг арван хуруу шигээ мэддэг. Мөн та нарын дунд амьдарч, адилхан хоол идэж, адилхан орчинд амьдардаг—тэгсэн ч гэсэн Тэр илүү ихийг мэддэг; Тэр чамайг илчилж, хүмүүсийн завхарсан мөн чанарыг нэвт харж чаддаг. Хүний амьдралын гүн ухаан болон шударга бус, ов мэхтэй байдлыг хамгийн их үзэн яддаг. Ялангуяа хүмүүсийн махан биеийн харилцааг зэвүүцдэг. Тэрээр хүний амьдралын гүн ухааныг мэддэггүй байж болох ч хүмүүсийн илчилдэг завхарсан зан чанарыг тодорхой харж, ил болгож чадна. Тэгээд үг хэлж, эдгээр зүйлээр дамжуулан хүнд зааж сургахын тулд ажилладаг ба хүмүүсийг шүүх, мөн Өөрийн зөвт, ариун зан чанарыг харуулахын тулд эдгээр зүйлийг ашигладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс эш татав

Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан уур хилэнгээ гаргах үед, ёрын муу хүчнүүд зогсож, ёрын муу зүйлс устгагддаг байхад зөв шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэх боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ гаргадаг. Бурханы уур хилэн нь байр суурь, ялгамж чанараа хамгаалах зорилготой байдаггүй, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний хэвийн амьдрах хууль, дэг журмыг хамгаалах зорилготой юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх үндэс билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын маш зүй ёсны, байх л ёстой, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнд ямар ч далд санаа байдаггүй, хүсэл, заль мэх, хорон санаа, хүчирхийлэл, муу муухай болоод завхарсан хүн төрөлхтний өөр бусад аливаа нийтлэг шинжийг байтугай хууран мэхлэлт, хуйвалдаан ч агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг гаргахаасаа өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн ухан ойлгож, тодорхой, үнэн зөв тодорхойлолт, дүгнэлтийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс бүх зүйлийг хийхдээ баримталдаг Бурханы зорилго нь Түүний хандлагатай адил тов тодорхой байдаг. Тэр мунгинуу, харалган, түргэн зантай, хайхрамжгүй биш, Тэр яавч зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал, Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдрах нөхцөл рүү уруудаж, шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх ёрын муу хүн, зүйл, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүхий л төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохин унагааж, устгахаар Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилж байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн оршин тогтнодог учраас хүмүүсийн хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч сүйрээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Мунхаг, харанхуй бүдүүлэг бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, бараг ихэнх үйл явдал дээр далдлагдаж, хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ илэрхийлж байгааг харах нь хүний хувьд хэцүү, Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Бурханы хамгийн сүүлчийн ажил, хүнд хүлээцтэй хандаж, уучлах алхамтай хүн нүүр тулах үедээ—өөрөөр хэлбэл, Бурхан сүүлчийн удаа хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, анхааруулга өгөх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх нөгөө л аргаа хэрэглэсээр, гэмшиж замаа засаж, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөх гэж ямар ч хүчин чармайлт гаргахгүй бол Бурхан тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн уур хилэнгээ л гаргана. Тэр өөр өөр арга хэрэглэн хүмүүсийг шийтгэж, устгаж болдгийн адил уур хилэнгээ өөр өөр байдлаар илэрхийлж болно.

Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтнийг юм уу аливаа зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй; тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс, материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд нь оршин тогтнохооргүй болгосон. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг нэг арга зам нь юм. Ийм маягийн илрэл, илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал байдгийн адил бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ гаргахдаа, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больж, мөн хүлээцтэй байдал, тэвчээрээ ч харуулахаа больдог; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, юмс, учир шалтгаан гэж үгүй. Харин ч оронд нь, Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа гаргаж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, цэвэрхэн байдлаар хийх болно. Энэ бол Өөрийн уур хилэн, сүр жавхланг гаргадаг Бурханы арга зам, хүн үүнд халдаж болохгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс хараад уур хилэнг нь мэдэрч, сүр жавхланг нь харж, халдахыг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайр юм гэдэгт хүмүүсийг итгэхэд үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүн төрөлхтнийг жигшихийг нь хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн, сүр жавхлан нь Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы халдахыг тэвчдэггүй байдал юм. Халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллөөс даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал, хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг Сатаны ёрын муу үйлдлийг Бурхан үзэн яддаг, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйлдлийг жигшдэг учраас, мөн ариун, бузартаагүй мөн чанарынхаа улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээртэй, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөж, тээнэгэлзэлгүйгээр халдахыг тэвчдэггүй зөвт зан чанараа гаргаж, харуулах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Ниневегийн хүмүүсийн талаарх Бурханы сэтгэл өөрчлөгдөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэхүү нэг нөхцөл байдалтай харьцах явцад Бурханы зан чанарын энэхүү хоёр тал өөрчлөгдсөнөөр юуг харуулсан бэ? Бурханы зан чанар бол нэгэн бүхэл, огтхон ч салангид биш. Тэр хүмүүст Өөрийн уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлэх эсэх нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар амин чухал агаад тод томруун, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч, тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс дүрэм журмыг хатуу чанд мөрдөж, тэрхүү дүрэм журмаа ашиглан Бурханд хязгаар тогтоож, Түүнийг тодорхойлох дуртай байдгийн адил томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлоор бол Бурхан боддоггүй, мөн Түүнд ямар ч бодит санаа ч бас байдаггүй. Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахааc түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ. Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил. Бурхан ийнхүү шийдэж, ийнхүү үйлдсэн болохоор ажил хэргээ ч бас ингэж гүйцэлдүүлдэг. Эх үүсвэр нь өө сэвгүй учраас Түүний ажил хэргийн үр дүн нь алдаа мадаггүй, зөв байдаг билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, бүх бүтээлийн дундаас өөр хэнд ч байдаггүй, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй агаад сайтар эргэцүүлэн бодож, туршлагажихыг тэсвэрлэж чадна.

Ниневегийн түүхийг ойлгосноороо та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг одоо харж байна уу? Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд нь ийм зан чанар байдаг уу? Хэн нэгэнд нь ийм уур хилэн буюу Бурханы уур хилэн байдаг уу? Бурханд байдаг шиг өршөөл, хүлээцтэй байдал хэн нэгэнд байна уу? Бүтээлийн дундаас хэн ийм асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн хүнд өршөөл хайрлаж, хүлээцтэй хандаж, уучилж, улмаар хүнийг устгана гэсэн өмнөх шийдвэрээ өөрчилж чадахуйц вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!

Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгосноороо та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарт байдаг өршөөлийг тайлбарлаж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би, Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар хэмээн тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилнэ. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр Бурханаас нүүр буруулсан бол, харваас буюу тэдний хийсвэр хүслийн хувьд, тэд биеэрээ, эсвэл бодол санаагаараа Бурханд шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхийг нь үл тоомсорлон Бурханы уур хилэн зогсолтгүй ундарна. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргахад энэ нь нэгэнт суларвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм… Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд түүнчлэн, тэдгээрийг Бурхан эхнээс нь эцсийг нь хүртэл ил харуулсан: өгөөмөр өршөөл ба айхтар уур хилэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх билээ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа хүн: “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг юм: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хэний ч хувьд энэ захиргааны зарлиг нь зөвт шийтгэл, энд ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгүүлнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе; авралын ажил төгсгөл болж, хүнийг аврах ажил хийгдэхээ больж, мууг үйлддэг хүн нэг бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм… Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байна, өөрөөр хэлбэл, саваагаараа хүмүүсийн дунд цохиж, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний үзэхэд, Миний саваа гойд хүч агуулсан мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “28-р бүлэг”-ээс эш татав

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Өмнөх: 2. Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэх тухай үг

Дараах: 4. Бурханы төгс хүчин болон мэргэн ухаан голчлон ямар талуудад илчлэгддэг тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх