2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хэрхэн мэдэх тухай

Холбогдох Бурханы үг:

Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөвт байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөвт байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой, түүнчлэн ямар нэг үе шатыг нь орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиож чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн ганцхан хүнд зориулсан Ариун Сүнсний тусгай ивээлийн үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг туулсны дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болон Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааг, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааг юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно... Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдэрнэ. Хүмүүсийн хувьд, үнэн болон амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болохын тулд туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болдог; энэ үед л хүний олж авсан мэдлэг үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодитой танин мэдэхүй, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Тийнхүү Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг мэдэх үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Өмнөх: 1. Бурханыг мэдэх гэж юу болох тухай болон Библийн мэдлэг, теологийн онолын талаарх ойлголтыг Бурханы тухай мэдлэг гэж үзэж болох эсэх

Дараах: 3. Бурхан зөвт зан чанараа хүн төрөлхтөнд хэрхэн харуулдаг тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

4. Бурханы шинэ нэрийг хүлээн авахгүй байх асуудлын шинж чанар

Хэрэв хүн зөвхөн "Ехова бол Бурхан", "Есүс бол Христ" гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх