Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Тав дахь өдөр олон янзын амьд биетүүд нь Бүтээгчийн эрх мэдлийг өөр өөр байдлаар харуулсан

Сударт “Бурхан, ‘Уснууд амьтай хөдөлдөг амьтдыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.” (Эхлэл 1:20-21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьд биет болон агаар дахь шувуудыг бүтээсэн гэдгийг Судар бидэнд тодорхой өгүүлдэг бөгөөд өөрөөр хэлбэл Тэр олон янзын загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилсан. Ийм байдлаар газар, тэнгэр огторгуй болон ус Бурханы бүтээлээр дүүрсэн...

Бурханыг үгээ хэлэнгүүт цоо шинэ амьдрал өөр өөрийн хэлбэртэйгээр тэр даруй Бүтээгчийн үгэн дунд амь орж байв. Тэд түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгээр наадан тоглож энэ дэлхий дээр ирсэн... Бүх төрлийн хэлбэр, хэмжээтэй загас усанд шумбаж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, ясгүй биетүүд том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр нэн даруй бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг давхийн ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд долгиолон, давалгаалж, тогтоол ус сэргэж эхэлсэн ба тэдэнд: Хурдал! Найзуудаа авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! гэж хэлж буй мэт байсан. Бурханы бүтээсэн олон янзын амьд биетүүд усанд илрэн гарсан цагаас эхлээд бүхий л шинэ амьдрал нь маш урт хугацааны туршид хөдөлгөөнгүй байсан усанд эрч хүчийг авчирч, шинэ эрин үеийг урин залсан юм... Тэр мөчөөс эхлээд тэд бие биедээ эрхлэн наадаж, бие биедээ хань болсон бөгөөд нэг нэгнийгээ огтхон ч ялгаварлаагүй. Ус өөрийн дотор буй амьтдын төлөө оршин тогтнож, өөрийн өвөрт буй амьд биет болгоныг тэжээн тэтгэсэн бөгөөд үүний шим тэжээлийн улмаас бүхий л амьд биет усны төлөө оршин байлаа. Бүгд бие биедээ амьдрал олгосон ба үүний зэрэгцээ Бүтээгчийн бүтээлийн ер бусын байдал, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй хүч чадлыг бүгд гэрчилсэн юм...

Далай тэнгис цаашид чимээгүй байхаа больсонтой адилаар тэнгэр ч гэсэн амьдралаар дүүрч эхэлсэн. Том болон жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэр лүү хөөрөн ниссэн юм. Далайн амьтадтай адилгүй нь туяхан гоёмсог биеийг бүрхсэн далавч болон өд сөд тэдэнд байв. Тэд далавчаа дэлгэн, өөрсдийн гоёмсог өдөн бүрхүүлийг болон Бүтээгчийн тэдэнд хайрласан онцгой хөдөлгөөн, ур чадварыг бахархалтайгаар, ихэмсгээр дэлгэн харуулж байлаа. Тэд тэнгэр газрын хооронд тал газар болон ой хөвчийг туулан чөлөөтэйгээр, чадварлагаар халин нисэж байсан юм... Тэд бол агаарын дуртай зүйл байсан, тэд бол бүх зүйлийн хүсэн хүлээсэн зүйл байсан. Тэд тун удалгүй тэнгэр газрын хоорондох холбоо болох байсан бөгөөд бүх зүйлд мэдээ дамжуулах байсан юм... Тэд дуулан жиргэж, тэд баяр хөөртэйгээр халин ниссэн ба нэгэнтээ хоосон байсан энэхүү дэлхий ертөнцөд тэд баяр баясал, инээд хөөр, чичирхийллийг авчирсан билээ... Тэд өөрсдийн цээлхэн, уянгалаг жиргээнийг ашиглаж тэдэнд хайрласан амийн хариуд Бүтээгчийг магтан алдаршуулахын тулд өөрсдийн зүрх сэтгэл доторх үгийг ашигласан. Тэд Бүтээгчийн бүтээлийн төгс агаад ер бусын байдлыг харуулахын тулд баяр хөөртэйгээр бүжсэн ба Түүний тэдэнд хайрласан онцгой амиар дамжуулан Бүтээгчийн эрх мэдлийг гэрчлэхийн төлөө өөрсдийн бүхий л амьдралыг зориулах юм.

Тэд усанд эсвэл тэнгэрт байна уу гэдгээс үл хамааран энэхүү элбэг олон амьд биетүүд нь Бүтээгчийн тушааснаар амьдралын өөр өөр хэлбэр дүрстэйгээр оршин байсан бөгөөд Бүтээгчийн тушааснаар тэд өөрсдийн харгалзах төрөл зүйлийн дагуу цугларсан–энэ хууль, энэ дүрмийг ямар ч амьтан өөрчилж чадахгүй байсан. Тэд Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн хязгаарыг даван гарч зүрхлээгүй, мөн тэдэнд тэгэх боломж ч байгаагүй. Бүтээгчийн тушаасны дагуу өнөөдрийг хүртэл тэд амьдарч, өсөн үржиж, Бүтээгчийн тэдэнд тогтоож өгсөн амьдралын замнал, хууль дүрмийг чанд мөрдөж, Түүний үгээр илэрхийлэгдээгүй тушаалыг болон Түүний тэдэнд өгсөн тэнгэрийн зарлиг, зааврыг ухамсарлан дагасаар ирсэн. Тэд өөрсдийн тусгай аргаар Бүтээгчтэй ярилцаж Бүтээгчийн санаа зорилгод талархаж эхэлсэн бөгөөд Түүний тушаалыг дуулгавартай дагасан юм. Нэг нь ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчөөгүй бөгөөд тэднийг захирах Түүний дээд эрх, тушаал нь Түүний бодол дотор байсан; ямар ч үг хэлэгдээгүй боловч Бүтээгчид байсан цор ганц эрх мэдэл нь, хүнээс ялгаатай, ямар ч хэл яриа эзэмшээгүй бүх зүйлсийг чимээгүй хянаж байсан. Өөрийн эрх мэдлийг ийм онцгой байдлаар харуулсан нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн талаарх шинэ мэдлэгийг олж авч, шинэ тайлбар хийхэд хүнийг хүргэсэн. Энэ шинэ өдрийн Бүтээгчийн эрх мэдлийн хүчин чармайлт нь Бүтээгчийн цорын ганц чанарыг дахин нэгэнтээ харуулсан гэдгийг энд Би та нарт хэлэх ёстой.

Дараа нь судрын энэ ишлэлийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Бурхан харахад тэр нь сайхан байв.” Энэ нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Эндээс бид Бурханы сэтгэл хөдлөлийн хальт төсөөллийг олж хардаг. Түүний бүтээсэн бүх зүйл нь оршин тогтнож, Түүний үгийн улмаас бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан, Өөрийн үгээр бүтээсэн янз бүрийн зүйл болон Өөрийн хийсэн олон янзын үйл хэрэгт сэтгэл хангалуун байсан уу? Хариулт нь “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Та нар эндээс юуг харж байна вэ? “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг нь юуг илэрхийлж байна вэ? Энэ нь юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, Өөрийн төлөвлөж, бичсэн зүйлээ биелүүлж, Өөрийн биелүүлэхээр зорьсон зорилгоо биелүүлэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан үүрэг даалгавар болгоноо биелүүлэх үедээ харамссан уу? Хариулт нь мөн л “Бурхан харахад тэр нь сайхан байв” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, Түүний хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд зөвхөн Түүний эрх мэдлээр л тийм төгс байдалд хүрч болно гэсэн үг юм. Хүн даалгавраа биелүүлэх үедээ Бурханы адилаар энэ нь сайн болжээ гэж харж чаддаг уу? Хүний хийсэн бүхэн төгс болж чадах уу? Хүмүүс үүрд мөнх орших зүйл хийж чадах уу? Хүний хэлдгээр “юу ч төгс биш харин илүү дээр л гэж байдаг” ба хүний хийдэг юу ч төгс болж чадахгүй. Түүний хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы хийсэн бүхэн Түүний үгээр тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл “Бурхан харахад тэр нь сайхан байх” үед Түүний хийсэн бүхэн нь байнгын хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, үүрд мөнхийн тогтмол байр суурь, зорилго болон чиг үүрэг тэдэнд өгөгдсөн. Цаашлаад бүх зүйлийн дундах тэдний үүрэг роль болон Бурхан бүх зүйлийг удирдах явцад тэдний явах аян нь аль хэдийн Бурханаар урьдчилан тодорхойлогдсон бөгөөд хувиршгүй байсан юм. Энэ нь бүх зүйлийн Бүтээгчийн өгсөн тэнгэрийн хууль байлаа.

“Бурхан харахад тэр нь сайхан байв” хэмээх эдгээр энгийн, дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үгс нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрийн хууль, тэнгэрийн зарлиг юм. Тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэгэн биелэл буюу илүү бодитой, илүү гүн гүнзгий зүйл юм. Өөрийн үгээр дамжуулан Бүтээгч Өөрийн олж авахаар зорьсон зүйлээ олж авч, Өөрийн биелүүлэхээр зорьсон зүйлдээ хүрээд зогсохгүй мөн Өөрийн бүтээсэн бүхнийг Өөрийн гараар хянаж, Өөрийн хийсэн бүхнийг Өөрийн эрх мэдлээр захирсан, цаашлаад энэ бүхэн нь эмх журамтай бөгөөд тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйлс Түүний үгээр амьдарч, үхэж байсан ба тэд Түүний эрх мэдлээр Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурхан харахад тэр нь сайхан байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгч үүнийг хүчингүй болгох тэр өдөр хүртэл энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг оршин тогтнохыг тушаах Түүний чадвараар илэрхийлэгдээд зогсохгүй мөн бүх зүйлийн дээд эрхийг атгаж, удирдах болон бүх зүйлд амь болон эрч хүчийг хайрлах Түүний чадвараар цаашлаад Өөрийн төлөвлөгөөний дагуу Түүний бүтээх бүх зүйлийг илрэн гарч, төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэг рольтойгоор Түүний бүтээсэн дэлхийд үүрд мөнхөд оршин тогтноход хүргэх Түүний ур чадвараар илэрхийлэгддэг. Иймээс ч энэ нь, Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагддаггүйтэй адил байдлаар илэрхийлэгддэг. Түүний эрх мэдлийн адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар нь мөнхөөс мөнхөд өөрчлөгдөхгүй үлдэх болно. Түүний эрх мэдэл нь үргэлж Түүний цор ганц ялгамж чанарын төлөөлөл болон бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл нь Түүний ялгамж чанартай зэрэгцэн үүрд мөнх оршин тогтнох болно!

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон

Дараах:Зургаа дахь өдөр Бүтээгчийг үгээ хэлэнгүүт Түүний сэтгэл дэх бүх төрлийн амьд биетүүд ээлж дараалан гарч ирсэн

Танд таалагдаж магадгүй