Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм

Хэрвээ чи ямар нэгэн зүйлийн талаар ямар ч туршлагагүй бол үүнийг хэрхэн удирдахаа мэдэхгүй нь баталгаатай бөгөөд чи үүнийг муухан удирдах болно. Үүнийг удирдаж чадсан ч гэсэн чи: “Би энэ бүхнийг нэлээд их тайлбарласан ба энэ талаар ихийг хэлсэн. Тэд бас үүнийг их сонссон. Энэ асуудлын талаар миний нөхөрлөсөн бүхэн үндсэндээ үнэн, үгүй гэж үү?” хэмээн боддог, үнэндээ энэ бүхэн нь зүгээр л хоосон сургаал бөгөөд чи асуудлыг шийдвэрлэхийн тулд хоосон сургаалыг ашиглаж байна. Яагаад үүнийг хоосон сургаал гэж хэлдэг вэ? Чиний хэлдэг үг болгон зөв боловч чиний хэлдэг зүйл асуудал руу чиглээгүй бөгөөд асуудал хаана оршиж байгаа, үүний бэрхшээл юу болох, энэ хүмүүс яагаад ийм зүйлсийг хийж байгаа эсвэл тэдний дотор ямар нөхцөл байдал үүссэн гэх мэт асуудлын голыг онодоггүй. Хэрвээ эдгээр зүйлийг ухан гаргаж чадахгүй бол чи асуудлыг шийдвэрлэж чадахгүй; чи асуудлын эх сурвалжийг ухах ёстой. Заримдаа хүмүүсийн гэдэс өвддөгтэй яг адилхан. Олон төрлийн гэдэсний өвчин байдаг: Ханиад хүрснээс болж зарим хүний гэдэс нь өвддөг, зарим нь хүйтэн юм идсэнээс, зарим нь үрэвсэлтэй учраас, зарим нь булчин агшсанаас болдог. Хэрвээ чи нэгийг нөгөөгөөс нь ялгаж чадахгүй бол энэ нь нэмэргүй. Хэрвээ чи бүгдэд нь өвчин намдаах эм уулгах юм бол зарим нь хэсэг зуур өвдөхөө болих боловч заримынх нь хувьд өвчин намдаах эм үндсэндээ огтхон ч нөлөө үзүүлэхгүй. Тиймээс хүмүүсийг удирдах нь эмч өвчтөнийг эмчлэхтэй адилхан. Өвчний үндэс хаана оршиж байгааг чи нэгд нэггүй ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи тэдний асуудлын эсвэл нөхцөл байдлын уг шалтгааныг ухаарч чадахгүй бол эсвэл тэдний алдаа хаана оршиж байгааг эсвэл тэдний асуудал юу болохыг эсвэл ярих үедээ тэд ямар зүйлийг илчилж байгааг олж илрүүлж чадахгүй бол чи асуудлыг шийдвэрлэх чадваргүй байх болно. Чиний хэлдэг бүхэн үнэн гэж чи боддог ч бодит байдал дээр энэ нь бүгд зүгээр л хоосон номлол бөгөөд энэ нь ердөө өнгөцхөн байдаг. Жишээлбэл, зарим хүмүүс үүрэг хариуцлагадаа алдаа гаргадаг, иймээс чи тэдэнд: “Өөрсдийнхөө үүргийг биелүүлэхдээ бид үнэнч байх ёстой ба бид Бурханы төлөө хариуцлага үүрэх ёстой. Өөрсдийнхөө үүргийг биелүүлэх нь бидний гүйцэтгэх ёстой хариуцлага бөгөөд бид хааш яаш байх ёсгүй” гэж номлодог. Чи үргэлж энэ талаар номлодог. Үнэндээ тэд энэ бүхнийг ойлгодог, тэд өөрсдийнхөө үүрэгт хааш яаш байх ёсгүйгээ мэддэг бөгөөд тэд үүргээ хэрхэн сайн биелүүлэхээ мэддэг. Гэхдээ тэд үүнийг сайн биелүүлдэггүй, иймээс чи энд ямар нөхцөл байдал байгааг тодорхой ялгаж салгах ёстой. Тэдний хэв чанар дутмаг болохоор аливааг муухан хийдэг эсвэл тэд тэнэг бөгөөд төгс болгуулах чадваргүй, тэдэнд яаж ч заасан хамаагүй тэд зөв хийж чаддаггүй байх боломжтой бөгөөд энэ нь нэг төрлийн нөхцөл байдал юм. Өөр төрлийн нөхцөл байдал нь тэд гэр бүлдээ татагддаг байж магадгүй. Өөр нэг нөхцөл нь тэд ажил эсвэл гэрлэлттэй нь холбоотой асуудалд уягдсан байж магадгүй. Бас дахиад өөр нэг нь, тэд ирээдүйнхээ талаар санаа зовдог байж болно: “Хэрвээ үүргээ зохих ёсоор нь биелүүлж чадаагүйгээсээ болж гэртээ харих болбол би яах вэ?” Олон төрлийн нөхцөл байдал байдаг, иймээс чиний хэлдэг тэр хэдхэн үг ямар ч хэрэггүй. “Бид хааш яаш байх ёсгүй, бид Бурханд үнэнч байх ёстой. Бидний дотоод санаа зорилго зөв байх ёстой, бид үүргээ гүйцэтгэж байх үедээ болзол тавих ёсгүй бөгөөд Тэр бидэнд хэрхэн хандах нь хамаагүй бид Бурханыг дуулгавартай дагах ёстой.” Ийнхүү номлох нь ямар ч хэрэггүй. Чи “Яагаад бид өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг вэ?” хэмээн хэлж, Бурханд итгэх үзэл бодлыг бас номлодог. Энэ нь бүр ч нэмэргүй. Чи эдгээр үгийг өөр өөр нөхцөл байдалд хавтгайруулан хэрэглэж болохгүй. Үгчилсэн мэдлэгтэй агаад зарим сургаалыг ойлгодог та нарын заримын хувьд өдөр тутмын амьдралдаа асуудалтай тулгарах үедээ “Энэ асуудал юутай хамаатай вэ? Үүргээ гүйцэтгэж, сайн мэдээг түгээхэд одоо маш олон асуудал байдаг, иймээс би үүргээ биелүүлэх талаар нөхөрлөл хийх болно” гэж боддог. Тэгээд арай илүү гүнзгийрч “би Бурханд итгэх үзэл бодлын талаар нөхөрлөх болно” гэдэг. Үүнийг номлосны дараа бусад хүн ирээдүйд мөн л адилхан алдаа гаргана. Чи асуудлын уг шалтгааныг ухааралгүйгээр нөхөрлөсөн учраас чухамдаа энэ нь ямар ч хэрэггүй байсан. Жишээ нь, хөгжмийн сонсгол муутай, муухай дуулдаг зарим хүн байдаг. Бусад нь тэднээс: “Энэ ямар төрлийн асуудал вэ?” гэж асуудаг. Тэд “Энэ нь хэв чанар дутмаг байдал!” гэж хариулдаг. Тэд ингэж хэлдэг. Энэ нь яаж хэв чанарын дутагдал байх юм бэ? Дуу дуулах ген тэдний дотор төрөлхөөсөө байдаггүй. Чи үүнийг хэв чанарын дутагдал гэж хэлж болохгүй, тийм үү? Тэд хөгжмийн сонсгол муутай байдаг нь төрөлхийнх бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд үүнийг “хэв чанар дутмаг байдал” гэж дүгнэдэг боловч энэ нь алдаа биш гэж үү? Ямар нэгэн зүйлийг харьяалагддаггүй газар луу нь чихэж оруулах нь зөв биш. Зарим нэг хоосон сургаал болон үгчилсэн мэдлэгээр зэвсэглэсэн та нарын хувьд эдгээр үгийг яг хаана ашиглаж болохыг мөн л мэддэггүй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах цаг болоход чи тэдгээрийн алийг нь ч шийдвэрлэх чадваргүй болж таардаг. “Надад ихээхэн үнэн байгаа, иймээс би яагаад энэ асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байдаг билээ? Асуудалтай тулгармагцаа би яагаад айж бэмбэгэнэдэг юм бол?” гэж чи гайхдаг. Чи одоо ч үнэнийг ойлгодоггүй ба үнэнийг ойлгоогүй гэдгийг энэ нь баталдаг. Зарим хүмүүс: “Надад өндөр түвшний мэдлэг байгаа. Би хэдэн жилийн турш коллежид явсан, иймээс би гүн ухаан, улс төр, хуулийн талаар нэлээд сайн ойлгодог, хэлний тухайд гэвэл би саруул оюун ухаантай. Би Бурханы үгээс их уншсан ба нэлээд ихийг нь чээжилсэн. Гэхдээ намайг асуудлуудыг шийдвэрлэж дуусах үед тэд яагаад, би тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг биш, хоосон сургаал ашигласан гэж хэлдэг юм бэ?” гэдэг. Энд ямар асуудал байна вэ? Чи үнэнийг ойлгодоггүй; чи “үнэн” гэж юуг хэлж байгааг ойлгодоггүй.

Бурханд итгэх итгэлдээ хүмүүс бүгд “Бурханд итгэх итгэлийн талаарх бидний үзэл бодол бүгд цэвэр байх ёстой”, “Бид Бурханыг дуулгавартай дагах ёстой”, “Бид Бурханыг хайрлах ёстой”, “Бид үүргээ үнэнчээр биелүүлэх ёстой”, “Бид Бурханы эсрэг тэрслэх ёсгүй”, “Бид өөрсдийгөө ойлгох ёстой” хэмээн хэлж, хоосон сургаалын талаар ярьж чаддаг. Хэдий тэд ихэвчлэн эдгээр зүйлийн талаар ярьсан боловч тэд үүнийгээ ойлгодоггүй. Эдгээр үнэний ар дахь бодит утга учрын талаарх ямар ч бодитой ойлголт байдаггүй. Чи зөвхөн өнгөцхөн үгийг ойлгодог боловч үгийн сүнслэг утга учир эсвэл дотоод агуулгыг ойлгодоггүй. Тиймээс та нарын зүрх сэтгэлд ямар ч үнэн байдаггүй. Та нарт бага зэрэг ойлголт байж болох боловч энэ нь хэтэрхий өнгөц. Удаан хугацааны туршид Бурханд итгэсэн, зарим нэг туршлагатай хүмүүсийн хувьд тэд зарим өнгөц зүйлийн талаар зүрх сэтгэлдээ бага зэрэг ойлгодог ч өөрсдийнхөө ойлголтыг илэрхийлж эсвэл хэрэглэж чаддаггүй. Чуулганд шинээр орсон хүмүүсийн хувьд тэд хүмүүсийг олж авахын тулд зөвхөн зарим нэг хоосон номлолыг ярьж, сайн мэдээг тунхаглаж чаддаг боловч үнэнийг огтхон ч ойлгодоггүй. Боловсролтой агаад соёлч боловсон хүмүүс ч бас үнэнийг ойлгодоггүй. Өөрсдийнхөө хоосон сургаалын талаарх ойлголт эсвэл үгчилсэн мэдлэгийг үнэний талаарх ойлголт гэж бүү үз. Сайн хэв чанартай агаад сүнсийг харьцангуй сайн ойлгодог чуулганы ахмад гишүүд үнэний талаар бага зэрэг туршлагатай байж болох боловч тэд мөн л үүнийг ойлгодог гэж хэлж чадахгүй. Ойлголтын талаар ярих үедээ чиний хэлдэг арван өгүүлбэрийн хоёр нь жинхэнэ ойлголтыг агуулдаг. Та нарын хэлдэг зүйлийн үлдсэн хэсэг нь ягшмал сургаал боловч чи одоо үүнийг хийж чадах юм шиг-хаашаа ч явсан хамаагүй үргэлж хэлэх юмтай байж, хэзээ ч зогсолгүйгээр бүхий л өдөржингөө эсвэл хэдэн өдрийн турш тасралтүй номлож чадах юм шиг чамд санагддаг. Дуусах үедээ чи тэдгээрийг ном болгон эмхэтгэж, хувилж, түгээж, хэвлэгдмэгцээ эдгээр үгийг идэж, уух боломжийг хүмүүст олгож, бүгдэд нь ашиг тус авчрах “алдартай хүний намтар” болгохыг хүсдэг. Хүмүүс хамгийн сайндаа л үгчилсэн утгыг ойлгон, үнэнийг огтхон ч ухаарч чадахгүй. Тэд өөрсдийгөө тодорхой түвшинд зэвсэглэх үед, тэд ухаалаг агаад ой сайтай учраас, ихэвчлэн хаа сайгүй явж, Бурханы ажил, бие махбодтой болохын ач холбогдол, бие махбодтой болохын нууц, Бурханы ажлын арга барил, алхмуудын талаар ярьдаг учраас өөрсдөө үнэнийг эзэмшдэг бөгөөд энэ нь тэдэнд элбэг арвин байдаг гэж тэдэнд санагддаг. Энэ нь маш ухаангүй хэрэг! Тэдний нэг нь ч үнэнийг ойлгодоггүй гэдгийг энэ нь батална. Одоо хүмүүс зарим нэг хоосон сургаалыг ойлгодог, тэдэнд ямар нэгэн мэдрэмж байх нь байтугай тэд өөрсдийгөө ч ойлгодоггүй. Зарим хоосон сургаалыг ойлгосноор тэд бол үнэнийг эзэмшдэг агаад тийм ч шалихгүй биш гэж өөрсдөд нь санагддаг ба тэд: “Би Бурханы үгийг олон удаа уншсан. Зарим үгийг нь би яг таг санаж байгаа ба тэдгээрийг зүрх сэтгэлдээ сийлсэн. Би хаашаа ч явсан, хэрвээ ярьж эхлэх юм бол хэдэн өдрөөр ч үргэлжлүүлж чадах ба Бурханы үгийн ямар ч бүлгийн талаар би дэс дараатайгаар, нэгд нэггүй ярьж чадна” гэж бодон бардамнадаг. Үнэн хэрэгтээ, чи юу ч ойлгодоггүй. Яагаад чамайг ойлгодоггүй гэж хэлж байна вэ? Нэг талаар чи асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй, чи тэдгээрийн эх сурвалжийг олж чаддаггүй, мөн чанарыг нь ч мэддэггүй. Нөгөө талаар асуудал эсвэл хэрэг явдал ямар ч байлаа гэсэн үүний талаарх та нарын мэдлэг хагас дутуу, тодорхой бус байдаг бөгөөд үүнийг үнэнтэй холбож чаддаггүй.

Хүмүүс Бурханд хэрхэн итгэдэг, юуг “итгэл” гэж нэрлэж болох, итгэгч гэж ямар хүн болох, ямар хүн Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаг, “Бурханд итгэх итгэл” гэдэг үгийг хэрхэн тайлбарлах, энэ үнэнийг хэрхэн ойлгох, Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол зөв гэдгийг ямар хандлага харуулдаг, Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол буруу гэдгийг ямар хандлага харуулдаг, хүмүүс Бурханд хэрхэн итгэх ёстой гэх мэт Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл, та нар эдгээр зүйлийг хэзээ нэгэн цагт бодож үзэж байсан уу? Та нар бүгдээрээ үнэний “аваргууд” юм шиг санагддаг. Юуг итгэл гэж нэрлэдгийг чи бодож үзсэн үү? Чиний өдөр тутмын амьдрал дахь ямар зүйлс итгэлгүй байдлын илэрхийлэл болох, жинхэнэ итгэлийг эзэмшдэг итгэгчид юуг илэрхийлдэг, итгэдэггүй хүмүүс юуг илэрхийлдэг, мөн чиний өдөр тутмын амьдралдаа харилцдаг зүйлээс аль нь Бурханд итгэх итгэлтэй холбоотой, аль нь Бурханд итгэх итгэлтэй ямар ч хамаагүй болох-та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ярьж чадах уу? Чи Бурханд итгэхийн утга учрыг үнэхээр ойлгодог уу? Чи ямар хүнд жинхэнэ итгэл байдгийг эсвэл ямар хүн жинхэнэ итгэгч болохыг ойлгодог уу? Та нар бүтээгдсэн зүйлс Бурханд итгэхийн утга учрыг ойлгодог уу? Энэ нь Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлыг агуулдаг. Зарим хүмүүс: “Бурханд итгэх итгэл нь сайн зүйл бөгөөд энэ нь зөв зам. Бурханд итгэх итгэл нь ямар ч бизнес эсвэл ажил мэргэжлээс илүү дээр. Бурханд итгэх итгэл нь хүний амьдрал дахь хамгийн агуу зүйл. Бурханд итгэх зуураа Бурханы төлөө хүлээсэн үүргээ биелүүлэх нь бодитой илэрхийлэл. Бурханд итгэх итгэл нь аврагдахын төлөө бөгөөд энэ нь Түүний хүслийг хангалуун байлгахын төлөө юм” гэж хэлдэг. Та нар өмнө нь бүгдээрээ энэ зүйлсийг хэлсэн, үгүй гэж үү? Та нар эдгээр үгийг үнэхээр ойлгодог уу? Үгүй ээ, чи үнэндээ тэдгээрийг ойлгоогүй. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө Түүнд итгэх явдал биш, тэр ч байтугай сайн хүн байх явдал биш. Энэ нь бас хүний дүр төрхтэй байхын тулд Бурханд итгэх явдал ч биш юм. Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө Бурханд итгэх итгэлийг зөвхөн Бурхан байгаа гэдэг итгэл, өөр юу ч биш гэж үзэх ёсгүй; чи ердөө Бурхан бол үнэн, зам, амь тэгээд өөр илүү зүйлгүй гэж итгэх ёсгүй. Мөн энэ нь чи ердөө Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал биш, тэр ч бүү хэл Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бурхан бол төгс хүчит, Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц агаад эрхэм дээд гэдэгт зөвхөн итгэх явдал биш юм. Энэ нь ердөө ингэж итгэх явдал биш; харин ч чи-бүхий л оршихуй, бүхий л зүрх сэтгэл чинь-Бурхныг дагаж, өөрийгөө Бурханаар ашиглуулж, чамайг Өөрийн үйлчлэлд ашиглах боломжийг Бурханд олгох ёстой ба Бурханы төлөө юуг ч хийх ёстой. Зөвхөн Бурханаар урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүс л Түүнд итгэх ёстой юм биш. Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн учраас үнэндээ бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой. Энэ нь одоо мөн чанарын асуудлыг хөнддөг. Хэрвээ чи ердөө ямар нэгэн зүйлийг олж авахын төлөө итгэн, Бурханд итгэх итгэл чинь хоёрдугаар зэргийн хэрэг явдал юм шиг байж “Бид мөнхийн амийг олж авахын төлөө Бурханд итгэдэггүй гэж үү? Аврагдахын тулд бид Бурханд итгэдэггүй гэж үү?” хэмээн хэлж, Бурханд итгэх зорилгынхоо талаар үргэлж ярьдаг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн талаар чамд байх ёстой үзэл бодол биш. Үнэн нэг бүрийн тухайд хүмүүс эрж хайж, үнэний дотоод утга учир юу болох, үнэний тэр талыг хэрхэн хэрэгжүүлэх болон үүнд хэрхэн орж болохыг мэдэхээр оролдож, судлан шинжлэх ёстой-эдгээр нь хүмүүсийн эзэмших ёстой зүйл юм. Одоо эзэмших ёстой үнэний бүх талд, та нар зөвхөн өнгөцхөн сургаалыг, гадаад талын харагдах байдлыг л ойлгодог бөгөөд үүнийг мэдрээгүй болохоор чи үнэний мөн чанарыг ойлгодоггүй. Жишээлбэл: өөрийн үүргийг биелүүлэх тал дотор ихээхэн үнэн агуулагддаг, мөн хүн Бурханыг хайрлах тал дотор ихээхэн үнэн агуулагддаг ба өөрсдийгөө мэдэхийн тулд хүмүүс ихээхэн үнэнийг ойлгох учиртай. Бие махбодтой болохын ач холбогдол болон нууцын талаарх ихээхэн үнэнийг бас ойлгох ёстой. Хүмүүс Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, тэд биеэ хэрхэн авч явах ёстой, Бурханд хэрхэн дуулгавартай байх ёстой, Бурханы хүсэлд нийцэхийн тулд тэд юу хийх ёстой болон Бурханд хэрхэн үйлчлэх ёстой гэх мэт асуудлууд дотор бас ихээхэн үнэн агуулагддаг. Үнэний энэ бүх талын тухай асуултуудыг та нар хэрхэн авч үзэж, мэдэхээр оролддог вэ? Ялангуяа тал нэг бүрийн дотор гүнзгий оршдог үнэн байдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг мэдрэх шаардлагатай. Хэрвээ тэдгээрийг мэдрэхгүй, зөвхөн өнгөцхөн үгний талаар л ярьж, тэдгээрийг ойлгож мэдэхгүй эсвэл гүн гүнзгий мэдрэхгүй бол чи үгний өнгөц хэсэгт үүрд амьдрах бөгөөд өөрчлөгдөх чадваргүй байх болно.

Энгийн хүмүүс удирдагчид та нарын тухай саналаа хэлэх үед та нар: “Хм, юу чамайг миний талаар саналаа хэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Чи хэдэн номлол өгч чадах вэ? Чи хэр ихийг ярьж чадах вэ? Чи хэчнээн хүнийг удирдаж чадах вэ? Чи юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар өөрсдөө тохирдог юм шиг л байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл та нарт түвэг учрах болно; та нар хэсэг зуур үйлчилж болох боловч дараа нь буруудах болно. Та бүхний тухайд гэвэл, хэрвээ бүс нутаг эсвэл дүүрэг дэх чуулгануудыг та нарт хүлээлгэн өгч, зургаан сарын турш хэн ч та нарыг харж харгалзахгүй бол та нар замаа алдаж эхэлдэг. Хэрвээ жилийн турш хэн ч харж харгалзахгүй бол чи тэднийг удирдан буруу замаар оруулдаг. Хоёр жил өнгөрсөн ч хэн ч чамайг харж харгалзахгүй бол чи тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирдаг. Яагаад энэ вэ? Та нар энэ асуултыг өмнө нь бодож үзэж байсан уу? Надад хэл дээ, та нар ийм байх уу? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд би салхи бороог ч эрхэндээ оруулсан” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс Паултай адил төрлийнхөд харьяалагддаг. Яагаад ингэж хэлж байна вэ? Паулын бичсэн захидлууд бараг хоёр мянган жилийн түүхтэй бөгөөд тэдгээр нь бүхий л Нигүүлслийн эрин үед түгсэн. Хүмүүс бүгдээрээ түүний эдгээр үгийг идэж, уусан ба түүний үгийг өөрийнхөө биеийг зовоож, сахилгажуулах, зөвт байдлын эцсийн титмийг хүлээн авах гэх мэтийн хэм хэмжээ болгон авч үзсэн юм. Хүмүүс түүний үг болон түүний сургаалын дагуу Бурханд итгэжээ. Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы хүслийн хэр ихийг ойлгож байсан бэ? Эцсийн эцэст, тухайн үед Есүсийг дагасан хүмүүс цөөнх байсан бөгөөд Түүний мэддэг хүмүүс бүр ч илүү цөөхөн байв-Түүний хэдэн шавь нар хүртэл Түүнийг үнэхээр мэдээгүй юм. Библийн хуудаснууд дотроос хүний хардаг өчүүхэн жаахан гэрэл Бурханы хүслийг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэр ч бүү хэл, жаахан гэгээрэл гэдэг нь Бурханы талаарх ойлголт гэсэн үг гэж хэлж ч болохгүй. Хүмүүс биеэ тоосон, их зантай бөгөөд тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Хоосон сургаалын талаарх жаахан ойлголтоороо тэд өөрсдийгөө дэвшүүлж, олон шашны урсгалыг байгуулдаг. Аз болоход, тэр нь Нигүүлслийн эрин үе байсан ба Бурхан хүнд хатуу чанга хандаагүй; Есүсийн нэрийн доорх бүх урсгал, бүлэглэлүүдэд Ариун Сүнс ажиллaж байсан бөгөөд муу ёрын сүнснүүдийн хийсэн ажлаас бусад тохиолдолд бүгдийг нь Ариун Сүнс хийж байсан, иймээс хүмүүсийн ихэнх нь Бурханы нигүүлслийг эдэлсэн юм.

Чи өмнө нь өөр хэн нэгнийг дагаж байсан эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй эсэх чинь хамаагүй энэ үе шатанд чи Бурханы өмнө ирэх ёстой. Хэрвээ энэ үе шатанд чи, ажлын энэ үе шатыг туулсныхаа үндсэн дээр хэн нэгнийг үргэлжлүүлэн дагавал чамайг уучлахын аргагүй гэж үзэх ба яг Паул шиг төгсөх болно. Анхнаасаа Би Паул, Петр хоёрыг үлгэр жишээ болгон ашигласан. Яагаад? Эдгээр нь хоёр өөр зам юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн Петрийн замаар алхдаггүй бол тэд Паулын замаар алхдаг. Ийм хоёрхон зам байдаг. Чи доор байдаг дагагч эсвэл удирдагч байх нь хамаагүй энэ нь бүгд адилхан. Хэрвээ Петрийн замаар яваагүй л бол чи Паулын замаар алхаж байгаа. Энэ нь зайлсхийхийн аргагүй бөгөөд алхах гурав дахь зам гэж байхгүй. Хэрвээ хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханыг мэддэггүй, үнэнийг ойлгохоор эрж хайдаггүй, Бурханыг туйлын дуулгавартай дагаж чаддаггүй бол эцэстээ тэд Паултай адилаар төгсөх учиртай. Хэрвээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй, Бурханы хүслийг ойлгохоор эрж хайдаггүй, харин зөвхөн хоосон сургаалыг ярьж, үүгээр өөрийгөө зэвсэглэхээр эрж хайдаг бол чи зөвхөн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж л чадна, учир нь хүний уг чанар бол Бурханыг эсэргүүцэх билээ. Үнэнтэй нийцдэггүй тэдгээр зүйл хүний хүслээс гарсан нь гарцаагүй. Тэдгээр нь үнэнд нийцдэггүйг үл харгалзан тэдгээрийг хэтэрхий муу гэж хүн хэлж чадахгүй. Зарим нь: “Хэдий эдгээр зүйл үнэний дагуу хийгдээгүй боловч Бурханыг эсэргүүцдэг гэж би бодохгүй байна” гэж хэлдэг. Хэрвээ чи үнэнтэй нийцээгүй ямар нэгэн зүйл хийвэл энэ нь Бурханыг эсэргүүцэх нь маргаангүй. Хэрвээ үнэний дагуу хийгдээгүй бол энэ нь хоосон сургаалын дагуу, хүний хүслээр хийгддэг. Энэ нь Сатанаас эсвэл хүний хүслээс гарч ирсэн байх болно. Энэ нь Бурханыг эсэргүүцэх явдал юм. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүс хэдий Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагах чадваргүй бөгөөд зөвхөн Түүнийг эсэргүүцэх чадвартай байдаг.

Өмнөх:Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир

Дараах:Бурханы махбод болон Сүнсний нэгдлийг хэрхэн ойлгох вэ

Танд таалагдаж магадгүй