Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫГ МЭДЭХ НЬ БУРХАНААС ЭМЭЭЖ, МУУГААС ЗАЙЛАХ ЗАМ ЮМ

Хурд

БУРХАНЫГ МЭДЭХ НЬ БУРХАНААС ЭМЭЭЖ, МУУГААС ЗАЙЛАХ ЗАМ ЮМ

Та нар бүгд, Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх амьдралаа шинээр шинжлэх ёстой. Хажууд чинь байж, урагшлах чиглэлийг чинь удирдаж, хувь заяаг чинь захирч, хэрэгцээг чинь хангадаг энэ Бурханыг чи чухамдаа хэр их ойлгож, хэр их мэддэг вэ? Тэр өдөр бүр чам дээр юу хийдгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилго дээр үндэслэдгийг мэдэх үү? Тэр чамайг хэрхэн залж чиглүүлдгийг мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг мэдэх үү? Тэр чамаас юу олж авахыг хүсдэгийг болон Тэр чамд юу гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөрийн уг сурвалж, тэдгээрийн ар дахь бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст итгэдэг энэ Бурхан чинь ямар Бурхан бэ гэдгийг мэдэх үү? Гэх мэт эдгээр асуулт нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйл мөн үү? Бурханд итгэх үйл явцдаа чи Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулах замаар Түүний талаарх буруу ойлголтоо арилгасан уу? Бурханы сахилгажуулалт, цохилтыг хүртсэнийхээ дараа чи Бурханд жинхэнээсээ захирагдаж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатанлаг уг чанарыг танин мэдэхээр дамжуулан Бурханы ариун байдлын талаар өчүүхэн ч гэсэн ойлгож авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг үзэх шинэ үзэл бодолтой болсон уу? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний халдахыг Тэр тэвчдэггүй гэдгийг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Бурханыг буруугаар ойлгох гэж юу болохыг, эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн залруулахыг мэддэггүй бол чамайг хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаагүй, хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болно, эсвэл чи наад зах нь хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт, цохилт гэж юу болохыг мэддэггүй бол захирагдах болон анхаарал тавих гэдэг нь юу вэ гэдгийг мэддэггүй нь лавтай, эсвэл чи наад зах нь хэзээ ч Бурханд үнэхээр захирагдаж, анхаарал тавьж байгаагүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг мэдэхгүй нь лавтай бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар бүр ч мэдэхгүй. Хэрвээ чамд амьдралыг үзэх зөв үзэл бодол юм уу амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд амьдралынхаа ирээдүйн замд тэвдэж, тээнэгэлзсээр байгаа бол Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч үнэхээр авч байгаагүй гэдэг чинь илэрхий бөгөөд мөн хэзээ ч Бурханы үгээр хангагдаж, нөхөгдөж байгаагүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол Бурхан хүний халдахыг тэвчдэггүй гэж юу болохыг мэдэхгүй нь лавтай, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаарддагийг ойлгохгүй, хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг бүр ч ойлгохгүй нь тодорхой юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханы үгээс хэзээ ч, юуг ч мэдэрч ойлгоогүй бол тэр хүн авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх итгэл нь мэдээж ямар ч бодитой агуулгагүй, Бурханы талаарх мэдлэг нь ч гэсэн мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх гэж юу болохыг огт мэддэггүй нь илэрхий юм.

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдрэх болно. Хүмүүсийн хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах чадвартай болохын тулд хүний туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болж, энэ үед л түүний олж авсан мэдлэг нь үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж; Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж; Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд үндсэн тодорхойлолт, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Улмаар, хүний Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, захирагдах нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнээсээ захирагдаж, анхаарал тавьсан итгэл рүү, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг; түүнчлэн хүн Бурханыг дагахдаа идэвхгүйгээс идэвхтэй байдал руу, сөрөг байдлаас эерэг байдал руу ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухааралд, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Хүмүүсийн дийлэнх нь хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаж байгаагүй учраас Бурханы талаарх мэдлэг нь онолын түвшинд, бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд хүрээд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дийлэнх нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханыг мэдэхийн тухайд бол одоо ч эхлэлийн цэг дээрээ байж, үлгэр домог болон феодалын мухар сүсэгтээ дөнгөлүүлэн, уламжлалт бишрэлийн хэлбэрийн сууринд гацаж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг нь эхлэлийн цэг дээрээ гацна гэдэг бол бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь болон ялгамж чанарын талаарх хүний баталгаанаас бусдаар бол хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхойгүй байдалд байдаг. Ингэхээр хүнд Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл хэр их байх вэ?

Чи Бурханы оршин тогтнолд хэчнээн бат итгэдэг байсан ч гэсэн, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь ч, Бурханыг хүндлэх хүндлэлийг чинь ч орлож чадахгүй. Чи Бурханы ерөөл, нигүүлслийг хэчнээн их эдэлсэн ч бай, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Бурханы төлөө дуртайяа бүхнээ зориулж, бүхнээ зарцуулах чинь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Магадгүй чи Бурханы хэлсэн үгийг маш сайн мэддэг болж, тэдгээрийг цээжилж, хойш урагш нь дуржигнатал уншиж чадаж байлаа ч гэсэн, эдгээр нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн хэчнээн шийдэмгий байлаа ч гэсэн, Бурхантай хэзээ ч жинхэнээсээ харилцаж байгаагүй бол, Бурханы үгийг жинхэнээсээ туулаагүй бол Бурханы талаарх мэдлэг нь хоосон цаас юм уу эцэс төгсгөлгүй мөрөөдлөөс өөрцгүй; чи зөрж өнгөрөхдөө Бурхантай “мөр шүргэлцэж”, Түүнтэй нүүр тулан уулзсан ч бай, Түүний талаарх мэдлэг чинь хоосон хэвээр байх ба Бурханыг гэх хүндлэл чинь хий хоосон уриа лоозон, хүслэнт байдлаас өөрцгүй байх юм.

Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Түүний үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэх нь Бурханы сайшаалыг хүлээн авч, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, мөн өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий горьддог. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх тэдний буруу ойлголт улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн онолын хангамж болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аван, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулздаг мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ суурин дээр үндэслэн, тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлонг туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулж мэдрэхээс нааш Бурханы талаарх өөрсдийнх нь бүх мэдлэг болон бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр нь элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс өөрцгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавар гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй байдаг. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билэг, уламжлал болон мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө оруулалтын капитал”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ капитал болон зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, аргацаах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл нь шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс өөрцгүй зүйлээс бүрддэг бөгөөд Бурханы талаарх тэдний мэдмэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд энэ нь бүрмөсөн хамааралгүй, бүр хоёр өөр туйл шиг байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, харилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд итгэх жинхэнэ итгэл, Бурханыг гэх эрэл хайгуул, шүтлэг мөргөлийг сэрээх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж байгаа зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, хэзээ ч аврагдаж чадахгүй гэдгийг илэрхийлдэг.

Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангалтыг олон жил эдэлсэн хүний хувьд, Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээн шүтдэг хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй гэдгийг энэ нь илэрхийлнэ. Учир нь тэр Бурханы үгийн бодит байдалд огт ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд орших бодит байдал, үнэн болон Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага зэрэг нь бүгд тэр хүнд огтхон ч хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүн Бурханы үгийн өнгөц утгын талаар хэчнээн хүчин чармайлт гаргалаа ч энэ бүхэн нь нэмэргүй юм: Учир нь тэр ердөө үг үсгийг л эрэлхийлдэг тул түүний олж авах зүйл мөн л энгийн үг үсэг байх болно. Бурханы хэлдэг үг нь гадна талдаа өнгөцхөн ч бай, гүн нууцлаг ч бай, тэдгээр нь амь руу ороход хүнд шаадлагатай үнэн юм; тэдгээр нь хүний сүнс болон махан биеийн аль алинд амьд үлдэх боломжийг олгодог амийн усны эх булаг билээ. Тэр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; аврагдахын тулд хүний дамжин өнгөрөх ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтний амьдран харуулдаг хэвийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг ялзралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг; зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа; хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр; мөн түүнчлэн хүмүүсийг аврал болоод гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж, хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханд бодитоор дуулгавартай байх гэж юу болохыг ойлгож авдаг; Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авдаг; жинхэнэ итгэл, жинхэнээсээ шүтэн мөргөх гэж юу гэсэн үг болохыг ойлгож авдаг; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авдаг; бүхнийг захирагч Нэгэний, бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авдаг; бүхнийг захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авдаг.... Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй байдаг, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн хүсэл, сэтгэлийн үг, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарч, Бүтээгчийн үгийг даган мөрдөж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.

Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?

“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бахдал, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бахдал, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавар гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт болон зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцлээр; Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлтээр; мөн үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрэх болно.

Хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэх үед, Түүнийг дагаж, Түүнд найдах нь жинхэнэ болно; Бурханд жинхэнээсээ итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор Түүнийг гэх бодит анхаарал халамж ирдэг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс жинхэнээсээ дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавар, жинхэнэ зориулалт болон ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авдаг; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу үйлээ үнэхээр хойш тавьж, өөрөөр хэлбэл, муугаас зайлах болно.

Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явц төдийгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга, түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.

“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, мөн Бурханы үгийг туулах боломж олгохын тулд хүмүүс, үйл явдал, эд зүйл болон бүх төрлийн орчныг зохицуулж өгөхийг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болоод Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авах бэлэн байдал, зовлон бэрхшээлийг туулах хүсэл тмүүлэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзлийг эзэмших ёстой.... Ийм маягаар, алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэнэ Бурханы талаарх мэдлэгийн чинь хамтаар улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэгэн өдөр чи Бүтээгч оньсого биш болсныг мэдрэх ба Бүтээгч хэзээ ч чамаас далд байгаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүйг мэдэрч, Бүтээгч бол чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш болж, Тэр үнэхээр чиний баруун зүүн талд хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянадаг гэдгийг мэдрэх болно. Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Тэр Өөрийгөө өндөрт үүлэн дунд нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл бөгөөд цорын ганц зүйл юм. Зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнийг чанга тэвэрч, Түүнийг гайхан биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг ийм Бурхан чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний ноёрхолд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний баруун юм уу зүүн талд нь цуг алхахыг л чи хүсдэг бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн зөвшөөрөх, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөхийг л чи хүсдэг билээ.

2014 оны 8 дугаар сарын 18

Өмнөх:ХҮН ЗӨВХӨН БУРХАНЫ УДИРДЛАГА ДУНД АВРАГДАЖ ЧАДНА

Дараах:БУРХАНЫ ЗАН ЧАНАР БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Танд таалагдаж магадгүй