Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт

Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголтууд

Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил ч байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш хатуу байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч нуулгүйгээр батлан харуулсан—үнэн нь энэ юм. Хэрвээ Иов соригдоогүй байсан бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй байсан бол Иовыг “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтанд өртөхөөсөө өмнө Иов “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи Иовыг хэтрүүлж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгддөг учраас тэр Бурханы нэрийг үгүйсгэхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, эсвэл хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов өөрийн : “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үнэнч шударга чанарыг хадгалсаар байж чадсан. Иовын зан төлөвтэй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог. Бурханы нэрийг зөвхөн үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан үнэнч шударга байдлаар яллагдах ба хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс нь Иовын гэрчлэлээр шүүгдэнэ. Эдгээр шалгалтуудын үеийн Иовын зан төлөв болон хэлсэн үгтэй нь тулгараад зарим хүн будилна, зарим нь атаархана, зарим нь эргэлзэнэ, мөн зарим нь Иовын гэрчлэлийг үл тоомсорлон бүр сонирхсон ч шинжгүй харагдана, яагаад гэвэл, тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон зовлон шаналлыг харж, Иовын хэлсэн үгсийг унших төдийгүй мөн шалгалт ирэхэд Иовын санаандгүй гаргасан “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдэнд төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, тэдэнд ямар ч дутагдал байхгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, тэд хэзээ ч гуниглаж, эсвэл гутардаггүй бөгөөд үзэн ядах, эсвэл гаднаа ямар ч хурц зан ааш гаргадаггүй гэж итгэдэг байсан; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иовыг үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний зан аашийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл, Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр уйлж унжаагүй юм. Түүний “зохисгүй байдал” нь түүнийг хүйтэн хөндий гэж хүмүүст бодогдуулсан, учир нь түүнд ямар ч нулимс, гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад эхэлж төрүүлсэн муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний зан төлөв тэдэнд бүр ч илүү адармаатай санагддаг: “Нөмрөгөө урж” гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарладаг бөгөөд “толгойн үсээ хуссаныг” нь Иов Бурханыг доромжилж, эсэргүүцсэн гэсэн үг хэмээн эндүүрдэг. “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН булаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” хэмээх Иовын үгээс гадна, Бурханы магтсан Иовын зөв шударга байдлын алийг нь ч хүмүүс олж хардаггүй ба тиймээс Иовын талаарх тэдний ихэнхийн үнэлгээ нь үл ойлгосон, эндүүрсэн, эргэлзсэн, буруушаасан болон зөвхөн онолоор сайшааснаас цаашгүй байдаг. Иов бол төгс, шулуун шударга хүн агаад Бурханаас эмээж, нүглээс зайлсан нэгэн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чаддаггүй.

Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон түүний зан төлөв нь хүмүүсийн төсөөлж байсан шиг жигтэйхэн их өрөвдөм байгаагүй. Тэр ямар ч агуу гавьяа байгуулаагүйгээр үл барам бас үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхашруулдаг ба тэднийг эргэлзэхэд—бүр үгүйсгэхэд—хүргэдэг, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй, эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед хүмүүс Иовын зөвхөн сул талаас өөр юу ч хардаггүй бөгөөд тиймээс тэд Иовын “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөхгүй, эсвэл эргэлзсээр байдаг ба түүний үгнээс Иовын зөв шударга байдлыг олж харж мөн л чаддаггүй. Сорилтынхоо зовлон зүдгүүрийн үеэр тэр аймхай ч биш, ихэрхэг ч биш байсан гэдэг нь Иовын хүмүүст төрүүлсэн үндсэн сэтгэгдэл юм. Түүний зан төрхийн ард зүрх сэтгэлийнх нь гүнд явагдсан түүхийг хүмүүс хардаггүй, мөн тэд түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг, эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хардаггүй. Түүний уужуу тайван байдал нь хүмүүсийг, түүний төгс, шулуун шударга байдал бол хоосон үг, түүний Бурханаас эмээдэг нь ердөө л цуу яриа юм байна гэж бодоход хүргэдэг; түүний гаднаа илчлэн харуулсан “сул тал” нь Бурханы төгс ба чигч гэж тодорхойлдог тэр хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” тэдэнд өгч, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг юм. Иов ам нээж, өөрийнхөө төрсөн өдрийг хараахад тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” нь батлагддаг байна.

Хэдийгээр түүний туулсан зовлон зүдгүүрийн түвшин ямар ч хүн төсөөлшгүй, ойлгохын аргагүй байсан ч гэсэн тэр ямар ч тэрслүү үг хэлээгүй, харин зөвхөн өөрийн аргаар биеийнхээ өвдөлтийг багасгасан юм. Библид тэмдэглэснээр тэр ингэж хэлсэн: “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” (Иов 3:3). Ер нь хэн ч эдгээр үгийг чухал гэж үзээгүй байх, тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байдаг л байх. Та нарын үзэхэд, тэдгээр нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нараас олон хүн Иовын хэлсэн эдгээр үгийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, чигч байсан юм бол тэр ямар нэгэн сул тал, эсвэл уй гашуу харуулах хэрэггүй байсан ба харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтыг инээмсэглэн угтах учиртай байсан гэж итгэдэг гэдгийг би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлаанд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа хөдлөлийг санаандгүй харуулах ч ёсгүй байсан. Тэр ч бүү хэл, тэр энэ шалгалтуудыг бүр илүү хатуу болгооч гэж Бурханаас хүсэх байсан юм. Энэ бол Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмшвэл зохих зүйл. Энэ асар их зовлонгийн дунд Иов өөрийн төрсөн өдрийг л хараасан. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэх бодол түүнд өчүүхэн ч байгаагүй юм. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч хэзээ ч тийм сорилтыг амсаагүй, эсвэл Иовд тохиолдсон зовлонг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч Иовынхтай адил төрлийн сорилтод ер өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы үздэгээр, хэн ч тийм хариуцлага, эсвэл үүрэг даалгавар үүрч чадахгүй, хэн ч Иов шиг байж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иов шиг тэгж өөрийн төрсөн өдрийг хараахаас гадна Бурханы нэрийг орхилгүй Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж хэн ч чадахгүй. Хүн ингэж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний зан аашийг бид сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга ба Бурханыг гэрчилж чадах хүн байсан бөгөөд Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан түүнийг буруушаах гэж Бурханы өмнө дахиж очоогүй—иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруудаад байна? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг болохоор тэр үү? Та нар дээр шалгалт ирэх үед та нар Иовоос хамаагүй илүү байж чадна гэж байгаа болохоор тэр үү? Иовыг Бурхан магтсан—та нарт дургүйцэх юу байж болох вэ?

“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос

Өмнөх:Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)

Дараах:Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Танд таалагдаж магадгүй