15.2. Бурханд залбирч, шүтэн мөргөх тухай

395. ЗАЛБИРЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Та нар өдөр тутмын амьдралдаа залбиралд ач холбогдол өгдөггүй. Хүн залбирлын асуудлыг үл ойшоодог. Залбирал хааш яаш байж, хүн Бурханы өмнө зүгээр л хийсэн дүр үзүүлдэг байсан. Хэн ч зүрх сэтгэлээ Бурханы өмнө бүрэн өгч, Бурханд үнэхээр залбирч байгаагүй. Хүн асуудал үүсэх үед л Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи ер нь Бурханд үнэхээр залбирсан уу? Бурханы өмнө шаналлын нулимс урсгаж байсан удаа ер нь бий юу? Бурханы өмнө өөрийгөө ер нь мэдэж авч байсан уу? Бурханд зүрх сэтгэлээсээ залбирч үзсэн үү? Залбирал хэрэгжүүлэлтээс бий болдог: Хэрвээ чи гэртээ ер нь залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх бөгөөд ерөнхийдөө жижиг цуглааны үеэр залбирдаггүй бол том цуглааны үеэр залбирч чадахгүй. Чи ерөнхийдөө Бурханд ойртдоггүй, Бурханы үгийг эргэцүүлдэггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх үг олдохгүй ба залбирсан ч гэсэн чи зүгээр л дүр үзүүлж байх болно; тэр нь жинхэнэ залбирал биш юм.

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог. Чи ер нь ийм маягаар залбирч байсан уу?

Тэгвэл залбирлын агуулга юу вэ? Чиний залбирал алхам алхмаар, зүрх сэтгэлийн чинь жинхэнэ байр байдал, Ариун Сүнсний ажлын дагуу байх ёстой; мөн Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг шаардлагад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хэрэгжүүлж эхлэх үедээ эхлээд зүрх сэтгэлээ Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд, харин зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлэх гэж л хичээ. Бурханы өмнө очих үедээ ингэж хэл: “Өө Бурхан минь! Танд би дуулгаваргүй байдаг байснаа өнөөдөр л ухаарлаа. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Би амьдралаа хий дэмий өнгөрөөсөөр иржээ. Өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна. Би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгана. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болтугай. Би Таны өмнө хүчтэй, цангинасан гэрчлэл хийе. Биднээс харагддаг Таны алдар, Таны гэрчлэл, Таны ялалтын баталгааг Сатанд хараг.” Ийм маягаар залбирах үед зүрх сэтгэл чинь бүрмөсөн чөлөөлөгдөнө. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь Бурханд илүү ойртоно, ийм маягаар байнга залбирч чадвал Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллана. Чи үргэлж ийм маягаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэрээ гаргадаг бол Бурхан шийдвэрийг чинь хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг чинь олж авах өдөр ирж, эцэст нь чи Бурханаар төгс болгуулна. Залбирал та нарын хувьд дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, зүрх сэтгэл чинь Бурханаар хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хүч гарч ирдэг. Чи чин сэтгэлээсээ залбирдаггүй, Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Чи залбирч, зүрх сэтгэл доторх бүх үгээ хэлсний дараа Бурханы Сүнс ажлаа эхлээгүй, мөн чи ямар ч урам зориг аваагүй бол зүрх сэтгэл чинь чин үнэнч биш, үг чинь үнэн биш, хольцтой хэвээр гэдгийг энэ нь харуулдаг. Залбирчхаад сэтгэл чинь ханамжтай байвал залбирлыг чинь Бурхан хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнс чиний дотор ажиллаж байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Чи Бурхантай хийх нөхөрлөлийг үнэхээр л утга учиртай, үнэ цэнтэй гэж үздэг бол залбирлыг орхиж чадна гэж үү? Бурхантай ярилцахгүй байж хэн ч чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед, Сатаны хүлээсэнд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч та нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найдаж байна. Энэ нь ёс заншил сахих явдал бус, тодорхой үр дүнд хүрэх явдал юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хийж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өглөө бүр үүнийг хийж, өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцаж, харилцвал Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй ихсэж, Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадна. Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Та бидний дунд алдаршиж, энэ бүлэг хүмүүс бидний хийсэн гэрчлэлийг эдлэг гэсэндээ би бүхий л оршихуйгаа Танд л зориулна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг биелүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө залбирдаг хүн мөн үү?

Өмнө нь та нар хэрхэн залбирахаа мэддэггүй, залбирлыг үл ойшоодог байсан. Одоо та нар залбирч сурахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бурханыг хайрлахын тулд доторх хүчээ дайчилж чадахгүй бол чи яаж залбирч чадах юм бэ? Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Зүрх сэтгэл минь Таныг үнэхээр хайрлах чадваргүй. Би Таныг хайрлахыг хүсдэг ч надад хүч дутдаг. Би яах ёстой вэ? Та сүнсний минь нүдийг нээж, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөх болтугай. Ингэснээр би Таны өмнө бүх сөрөг зүйлийг хаяж, аливаа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байж, бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ Таны өмнө бүрэн дэлгэж байна. Та намайг яаж ч туршсан бай, би бэлэн. Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд ч хүлэгдэхгүй. Таныг хайрладаг зүрх сэтгэлээр би амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйл болон хэрэг явдал болгон Таны гарт байдаг; миний хувь заяа Таны гарт байдаг, амьдрал минь Таны гарт байдаг. Одоо би Таныг хайрлахаар эрэлхийлдэг, Та надаар хайрлуулах эсэхээс үл хамааран, Сатан хэрхэн саад болохоос үл хамааран Таныг хайрлахаар шийдсэн.” Ийм асуудалтай тулгарах үедээ ингэж залбир. Хэрвээ чи өдөр болгон ингэж залбирвал Бурханыг хайрлах хүч аажмаар нэмэгдэнэ.

Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ?

Залбирах үедээ чи Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж, чин үнэнч сэтгэлтэй байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа—чи чихэнд чимэгтэй үгээр Бурханыг аргалах ёсгүй. Бурханы яг одоо гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл дээр залбирал төвлөрөх ёстой. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгөхийг Бурханаас гуй, залбирахдаа өөрийн бодит байдал, бэрхшээл болон Бурханы өмнө гаргасан шийдвэрээ Түүний өмнө авчир. Залбирал бол дэг журмыг дагах явдал биш; энэ нь чин зүрх сэтгэлээр Бурханыг эрж хайх явдал юм. Зүрх сэтгэлээ Бурханы өмнө байнга тайван байлгахын тулд зүрх сэтгэлийг чинь хамгаалахыг Бурханаас гуй; Бурханы чамд зориулсан орчинд өөрийгөө мэдэж, жигшиж, хаядаг болж, улмаар Бурхантай хэвийн харилцаатай, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгооч гэж Бурханаас гуй.

Залбирлын ач холбогдол юу вэ?

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг арга замуудын нэг. Энэ нь Бурханыг дууддаг хүний арга, мөн Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх эрхтэн байхгүйн нотолгоо гэж хэлж болно. Залбиралгүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх бүр ч боломжгүй. Залбиралгүй байх нь хүний Бурхантай харилцах харилцааг тасалдаг бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх боломжгүй байдаг. Бурханд итгэгчийн хувиар хүн хэдий чинээ их залбирна, Бурхан сэтгэлийг нь төдий чинээ их хөдөлгөж, хүн илүү их шийдвэртэй болж, Бурханаас шинэ гэгээрлийг илүү сайн хүлээн авч чаддаг. Үүний үр дүнд ийм хүнийг л Ариун Сүнс маш хурдан төгс болгож чадна.

Залбирлаар хүрэх учиртай үр нөлөө юу вэ?

Хүмүүс залбирлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг байж болох ч залбирал үр нөлөөтэй байна гэдэг нь энгийн хэрэг биш. Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Залбирлын тухай хамгийн үндсэн мэдлэг:

1) Санаандаа орсон юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Зүрх сэтгэлд чинь ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл, залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2) Залбирал Бурханы үгийг агуулах ёстой; энэ нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3) Залбирах үедээ чи хуучирсан асуудлыг сөхөх ёсгүй. Залбирал чинь Бурханы одоогийн үгтэй холбоотой байж, залбирах үедээ сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Бурханд хэлэх ёстой.

4) Бүлгийн залбирал төв дээр буюу Ариун Сүнсний өнөөгийн ажилд заавал төвлөрөх ёстой.

5) Бүх хүн бусдын төлөө залбирч сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаардгаа харуулах нэг арга зам юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлын тухай ойлголт болон залбирлын тухай үндсэн мэдлэгт үндэслэдэг. Өдөр тутмын амьдралдаа, дутагдлынхаа төлөө байнга залбирч, амь зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд залбирч, Бурханы үгийн тухай мэдлэгтээ үндэслэн залбир. Хүн бүр залбирлын амьдралаа бий болгох хэрэгтэй, тэд Бурханы үгийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах ёстой. Хувийн нөхцөл байдлаа Бурханы өмнө ил болго, залбирдаг арга барилд анхаарал хандуулалгүй бодитой бай, гол асуудал нь жинхэнэ ойлголтод хүрч, Бурханы үгийг бодитоор туулах явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрэлхийлдэг хoн олон өөр арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэддэг болох—эдгээр нь бүгд хэвийн сүнслэг амьдралд орохын төлөөх сүнслэг нөхөрлөлийн зоримог ажлын жишээ бөгөөд Бурханы өмнөх байр байдлаа улам сайжруулж, амийн ахиц дэвшлийг бүр ч ихэсгэдэг. Товчхондоо бол Бурханы үгийг идэж, уух ч бай, эсвэл чимээгүй залбирч, чангаар тунхаглах ч бай, хийдэг бүхэн чинь Бурханы үг, ажил болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлийг тодорхой ойлгохын төлөө байдаг. Бүр ч чухал нь, чиний хийдэг бүхэн Бурханы шаарддаг стандартад хүрч, амиа дараагийн түвшинд аваачихын төлөө байдаг. Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын шалгуур гэвэл чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдох ёсгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр мэдлэг ухаантай болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг ашиглах ёстой—уруудан доройтох ёсгүй. Энэ бол чиний хүрэх ёстой наад захын зүйл. Хэрвээ чи үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол сүнслэг амьдрал чинь зөв замд ороогүйг энэ нь нотолно. Улмаар чи анх чамд байсан үзэгдлийг авч үлдэж чадалгүй, Бурханд итгэх итгэлээ алдаж, дараа нь шийдэмгий байдал чинь алга болно. Сүнслэг амьдрал руу орсон эсэхийн чинь нэг тэмдэг бол чиний залбирал зөв замд орсон эсэхийг харах явдал юм. Бүх хүн энэ бодит байдалд орох ёстой; тэд бүгд идэвхгүйгээр хүлээх бус, Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж ухамсартайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд ухамсартайгаар сургах ажлыг хийх ёстой. Тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болно.

Залбирч эхлэхдээ чи хэрээс хэтэрч, бүхнийг нэг дор биелүүлэхээр найдах ёсгүй. Чи хэрээс хэтэрсэн шаардлага тавиад, ам нээмэгцээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэнэ, эсвэл Бурхан чам дээр нигүүлслийг асгана гэж найдаж болохгүй. Ийм явдал тохиолдохгүй; Бурхан ер бусын зүйл хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цагт хүмүүсийн залбирлыг биелүүлдэг, мөн Өөрийнх нь өмнө үнэнч эсэхийг чинь харахын тулд заримдаа итгэлийг чинь туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, шаргуу, шийдвэртэй байх ёстой. Ихэнх хүн залбирахаар сургуулилж эхлэх үедээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чаддаггүй учраас хулчийдаг. Ингэж болохгүй! Чи тууштай байх ёстой; Ариун Сүнс сэтгэл хөдөлгөхийг мэдрэхэд болон эрж хайх, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа хэрэгжүүлдэг зам чинь буруу байдаг, заримдаа хувийн сэдэл болон үзэл чинь Бурханы өмнө бат зогсож чаддаггүй тул Бурханы Сүнс чамайг хөдөлгөж чаддаггүй. Зарим үед Бурхан үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь хардаг. Товчхондоо гэвэл, чи өөрийгөө сургахад илүү их төлөөс төлөх ёстой. Хэрэгжүүлэлтийн чинь зам гажууд гэдгийг олж мэдвэл чи залбирдаг арга замаа өөрчилж болно. Чи чин сэтгэлээр эрж хайж, хүлээн авахаар хүсэн тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг энэ бодит байдалд аваачих нь лавтай. Заримдаа үнэн зүрх сэтгэлээсээ залбирсан ч чамд төдийлөн сэтгэл хөдөлсөн мэт санагддаггүй. Иймэрхүү үед чи итгэлдээ найдаж, Бурхан залбирлыг чинь хардаг гэж итгэх ёстой; чи залбирахдаа цөхрөлтгүй байх ёстой.

Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм—энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал бус, харин шашны зан үйлийн л амьдрал юм. Ариун Сүнс байнга сэтгэлийг нь хөдөлгөдөг, мөн Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг хүмүүс л сүнслэг амьдралд орсон. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг. Бурханы Сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөнө, тэрээр төдий чинээ идэвх санаачилгатай, дуулгавартай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусаж, зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын үр нөлөө энэ юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

396. Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, сүнс өгснийхөө дараа, хэрвээ Бурханыг дуудан хашхирахгүй бол тэд Түүний Сүнстэй холбогдож чадахгүй, тиймээс тэнгэрийн “хиймэл дагуулын телевизийн” дохиог газар дээр хүлээн авах боломжгүй гэж зааварласан. Бурхан хүмүүсийн сүнсэнд байхаа больж, бусад зүйлд зориулсан хоосон суудал үлдэх үед Сатан тийш орох боломжийг шүүрэн авдаг. Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурхантай холбогдох үед Сатан даруй тэвдэн сандарч, зугтахаар яаравчилдаг. Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг боловч эхэндээ тэдний дотор “оршин суудаггүй”. Тэдний хашхираанаас болж Тэр зүгээр л тэдэнд байнгын тусламж үзүүлдэг бөгөөд тэрхүү дотоод хүч чадлаас хүмүүс зориг зүрх олж авдаг, ингэснээр Сатан хүссэнээрээ “тоглохын” тулд ирж зүрхэлдэггүй. Иймээс, хэрвээ хүмүүс байнга Бурханы Сүнстэй холбогдох юм бол Сатан үймээн учруулахаар ирж зүрхэлдэггүй. Сатаны үймээнгүйгээр бүх хүний амьдрал хэвийн байж, Бурхан тэдний дотор саадгүй ажиллах боломжтой болдог. Ийнхүү Бурханы хийхийг хүсдэг зүйл хүмүүсээр дамжин биелж болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “17-р бүлэг”-ээс эш татав

397. Залбирал нь нэг төрлийн зан үйл биш; хүн Бурхан хоёрын хоорондох жинхэнэ яриа бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Хүмүүсийн залбирлаас бид Бурханд шууд үйлчилж байгааг нь харж болно. Хэрэв чи залбирлыг зан үйл гэж үздэг бол Бурханд сайн үйлчлэхгүй нь лавтай. Чин сэтгэл, үнэн зүрхнээсээ залбирдаггүй бол Бурханы үзэл бодлоор бол чамайг оршин байдаггүй хүн гэж хэлж болно. Тэгвэл чи Ариун Сүнсийг яаж өөр дээрээ ажиллуулж чадах юм бэ? Үр дүнд нь чи хэсэг хугацаанд ажилласныхаа дараа эцэж цуцна. Одоогоос эхлээд чи залбиралгүйгээр ажиллаж чадахгүй. Залбирлаар ажил бий болж, залбирлаар үйлчлэл бий болдог юм. Чи удирдаж, Бурханд үйлчилдэг хүн атлаа залбиралд хэзээ ч хүчин чармайлт гаргахгүй, залбиралдаа хэзээ ч ноцтой хандаагүй бол үйлчилдэг байдал чинь чамайг эцэстээ уналтад хүргэнэ… Хэрвээ чи байнга Бурханы өмнө очиж, Түүнд залбирч чаддаг бол Бурханыг Бурхан гэж үздэгийг чинь энэ нь нотолдог. Харин залбирахаа үргэлж умартаж, аливааг үргэлж өөрийнхөөрөө хийж, Түүний ар хударгаар энэ, тэрийг хийдэг бол Бурханд үйлчилж байгаа хэрэг биш; чи ердөө өөрийнхөө ажил хэргийг явуулж байна. Тийм болохоор чи яллагдахгүй гэж үү? Гаднаа чи ямар нэгэн үймүүлсэн зүйл хийж байгаа мэт харагдахгүй, Бурханыг доромжилсон мэт ч санагдахгүй боловч чи өөрийнхөө юмыг л хийж байх болно. Ингэснээрээ чи саад болж байгаа бус уу? Гаднаа чи саад болоогүй мэт харагдсан ч гэсэн мөн чанартаа Бурханыг эсэргүүцэж байна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

398. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, зүрх сэтгэл дэх Бурханыг гэх хайр нь илүү хүчтэй байж, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

399. Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл тэр сэтгэл хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг хэзээ ч үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч хэзээ ч Таныг үнэн сэтгэлээсээ хайрлаагүй. Би Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санаснаас л биш, хэзээ ч Таныг хайрлаагүй, бас Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр Есүст ихэвчлэн залбирдаг байв. Петр шийдвэрээ гаргахын тулд байнга залбирч, Есүсийн үгээр үргэлж зоригжиж, үүнээс сэдэл авдаг байжээ. Хожим нь, хэсэг хугацаанд туршлагажсаных нь дараа Есүс түүнийг шалгаж, Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэсэн юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж, Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш дутуу дулимаг бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхарсаар байхыг хүсэхгүй байна, дахиад тэрслэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байна, цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Туршилтад зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биелэл болж, үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Миний хий гэж шаардсаныг чи хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртөө Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх урьдын тангаргаа санав. Иймээс тэр дахиж гомдоллоогүй бөгөөд дараа нь түүний залбирал хавьгүй илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ минь! Би нэгэнтээ Таныг орхиж, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өрөөл бусдаас илүү хайрладаг. Би Таны эсрэг ахин дахин тэрсэлж, Таныг удаа дараа гуниглуулсан. Би яаж ийм зүйлийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил, надад даалгасан зүйлийг би хэзээ ч марталгүй, үргэлж сэтгэлдээ тээж байгаа. Таны надад хийсэн ажлын төлөө би чадах бүхнээ хийсэн. Юу хийж чадахыг минь Та мэддэг, ямар үүрэг гүйцэтгэж чадахыг минь ч Та мэддэг. Би Таны зохион байгуулалтад захирагдахад бэлэн байна, би өөрт байгаа бүхнээ Танд зориулна. Таны төлөө юу хийж чадахыг минь зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр би Сатанд маш их хууртаж, Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээрт үндэслэн надад ханддаггүй гэдэгт би итгэдэг. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн надад өөр ямар ч итгэл найдвар, төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдана” хэмээн хэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-aaс эш татав

400. Петрийг дурдмагц хүн бүр магтан шагширч, Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, улмаар Бурханыг туршсан, гэвч эцэстээ Түүний төлөө загалмайд уруу харж цовдлогдсон гэх зэрэг Петрийн тухай энэ бүх түүхийг тэр дороо санацгаадаг. Петр Намайг хэрхэн мэдэж авсныг, мөн түүний эцсийн үр дүн ямар байсан талаар одоо та нарт өгүүлэх нь маш чухал гэж Би үзэж байна. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт замыг дамжуулсан гэж хэлж болохгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм. Ийм ч учраас, тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг урьдынх шигээ гүйцэтгэсээр байлаа. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа Намайг Петрийн талаар яагаад ийм урт зүйл ярьсныг та нар ойлгохыг хичээж, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “6-р бүлэг”-ээс эш татав

401. Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Намайг шүүх үед тань бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж болох учраас би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайр минь илүү цэвэр болж, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь Таны нигүүлсэнгүй хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм… Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; мөн ч өдий байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 15.1. Бурханд итгэх тухай

Дараах: 15.3. Үнэнийг ойлгож, бодит байдалд орох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

29-Р БҮЛЭГ

Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний...

ТӨГСГӨЛИЙН ҮГ

Эдгээр үг Бурханы бүх илэрхийлэл биш хэдий ч Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөх гэсэн хүмүүсийн зорилгыг биелүүлэхэд хангалттай юм....

ТУН НОЦТОЙ АСУУДАЛ: УРВАЛТ (1)

Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх