74. Үүрэгтээ хандах зарчмууд

(1) Үүрэг бол Бурханаас ирсэн даалгавар, бүтээгдсэн зүйлийн хариуцлага юм. Үүний гүйцэтгэлийг Тэнгэрээс тогтоож, газар хүлээн зөвшөөрдөг; үүргээ гүйцэтгэхгүй байх нь урвалтын жигшүүрт үйл юм;

(2) Хүнд Бурханы өгдөг үүргийг том жижиг, эсвэл дээд, дорд гэж хуваадаггүй. Хүн үүргээ Бурханаас хүлээн авах ёстой; үүргээ сайн гүйцэтгэх нь л мөс чанар, эрүүл ухаантай байгаа хэрэг;

(3) Хүний үүргийн гүйцэтгэл хэтийн ирээдүй, хувь заяаных нь хязгаарлалтаас болж хохирох ёсгүй. Хүн дуулгавартай сэтгэлгээ болон эерэг, хамтран ажиллах хандлагаар үүрэгтээ хандах ёстой;

(4) Үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийнх нь сэдэл гүйцэтгэлд нь холилддог арга замыг хүн байнга эргэцүүлэх ёстой. Эдгээр хольцыг даруйхан анхаарч шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хай, үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг бол.

Холбогдох Бурханы үг:

Бурханы бүтээлүүд үүргээ биелүүлэх ёстой; чи Бурханы ноёрхол дор амьдарч, Бурханы бүх хангалтыг, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авдаг тул өөрийн хариуцлага, хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой—энэ нь чиний үүрэг юм. Хүн төрөлхтөн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх нь хүний ертөнцөд амьдрахдаа хийсэн өөр юунаас ч илүү зөв шударга, сайхан, сүрлэг юм гэдгийг үүнээс харж болно; хүн төрөлхтний дунд, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй юу ч үгүй бөгөөд Бурханы бүтээлийн амьдралд илүү их утга учир, үнэ цэн авчирдаг юу ч үгүй. Бурханы бүтээл нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх чадвартай байж, Бүтээгчийг хангалуун байлгаж чаддаг байх нь хүн төрөлхтний дундах хамгийн гайхалтай зүйл бөгөөд хүн төрөлхтний дунд магтагдах ёстой зүйл билээ. Бүтээгчээс Бурханы бүтээлүүдэд юу ч даалгасан бай, тэд болзолгүйгээр хүлээн авах ёстой; хүн төрөлхтний хувьд энэ нь ерөөлтэй, алдар суутай зүйл бөгөөд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлдэг бүх хүн төрөлхтний хувьд илүү гайхалтай, эсвэл тэмдэглүүштэй өөр юу ч үгүй—энэ бол эерэг зүйл юм. Бурханы бүтээлийн үүргийг биелүүлдэг хүмүүст Бүтээгч хэрхэн ханддаг, тэдэнд юу амладаг нь Бүтээгчийн хэрэг бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтөнд ямар ч хамаагүй. Шулуухан хэлэхэд, үүнийг Бурхан шийднэ; чи Бурханы өгсөн зүйлийг л авах бөгөөд хэрвээ Тэр чамд юу ч өгөхгүй бол энэ талаар чи юу ч хэлж чадахгүй. Бурханы бүтээл Бурханы даалгаврыг хүлээн авч, үүргээ биелүүлэхийн тулд Бүтээгчтэй хамтран ажиллаж, чадах зүйлээ хийх үед энэ нь наймаа эсвэл арилжаа биш; Бурханы бүтээлүүд Бурханы ерөөл юм уу амлалтаар арилжихын тулд ямар нэг хандлага, эсвэл зүйлийг ашиглахаар оролдох ёсгүй. Бүтээгч энэ ажлыг та нарт даалгах үед Бурханы бүтээлийн хувиар энэ үүрэг, даалгаврыг хүлээн авах нь зөв зүйтэй хэрэг; үүнд ямар ч наймаа багтдаггүй. Бүтээгчийн зүгээс бол Тэрээр энэ даалгаврыг та нарт даалгахыг хүсэж байгаа; бүтээгдсэн хүн төрөлхтний зүгээс бол хүмүүс энэ үүргийг баяртайяа хүлээн авч, үүнийг амьдралдаа хүлээсэн үүрэг, энэ амьдралдаа амьдран харуулах ёстой үнэ цэн хэмээн үзэх ёстой. Энд ямар ч наймаа байдаггүй, энэ нь эн тэнцүү солилцоо биш бөгөөд ямар нэг шагнал юм уу аливаа нэг төрлийн тайлбарыг бүр ч агуулдаггүй. Энэ нь арилжаа биш, мөн үүргээ биелүүлэх үедээ хүмүүсийн төлдөг төлөөс, хувь нэмрээ оруулдаг ажил хөдөлмөр биш. Бурхан хэзээ ч ингэж хэлээгүй ба үүнийг хүн ингэж ойлгох ёсгүй.

…Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд Бүтээгчийн өмнө ирэх үедээ чи үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ бол хийвэл зохих зөв зүйл. Хүмүүс бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх учиртай болохоор Бүтээгч хүн төрөлхтний дунд дахин илүү их ажил хийв. Тэрээр хүн төрөлхтөнд хийх ажлынхаа цаашдын алхмыг гүйцэтгэсэн. Тэр ажил нь юу вэ? Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүнээс үнэнийг олж авч, ингэснээрээ завхарсан зан чанараа хаяж, цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд Бурханы хүслийг биелүүлэн, амийн зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж, авралд бүрэн хүрч, Сатаны зовлонд өртөхөө больдог. Бурхан хүн төрөлхтний үүргийг нь гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү гол үр нөлөөнд хүргүүлнэ. Тиймээс, үүргээ биелүүлэх явцдаа чи бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр аминд чинь авчирдаг үнэ цэнэ, ач холбогдлыг зүгээр нэг эдлэх төдий болдоггүй. Түүнээс гадна чи цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдрахаар ирдэг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Долоодугаар хэсэг)”-аас эш татав

Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийг, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханыг гутаах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Үүрэг хэрхэн үүсдэг вэ? Ерөнхийдөө бол хүн төрөлхтөнд аврал авчрах Бурханы удирдлагын ажлын үр дүнд үүсдэг; харин явцуугаар бол Бурханы удирдлагын ажил хүн төрөлхтний дунд ил болоход хийх хэрэгтэй олон янзын ажил гарч ирдэг ба хүмүүс хамтран ажиллаж, эдгээрийг гүйцэлдүүлэх шаардлагатай болдог. Үүнээс хүмүүсийн гүйцэтгэх хариуцлага, даалгавар үүссэн бөгөөд эдгээр хариуцлага, даалгавар нь хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг үүрэг юм. Иймээс Бурханы гэр дэх хамтын ажиллагаа шаардагддаг янз бүрийн ажил нь хүмүүсийн гүйцэтгэх ёстой үүрэг юм. Тэгвэл үүрэгт сайн муу, дээд доод, их бага гэх ялгаа бий юу? Тийм ялгаа байхгүй; ямар нэг зүйл Бурханы удирдлагын ажилтай холбоотой бөгөөд Бурхан тэр ажлыг гүйцэтгэх шаардлага, эсвэл Бурханы гэрийн ажлын шаардлага мөн байгаа цагт хүний үүрэг мөн байдаг. Үүргийн тодорхойлолт, гарал үүсэл энэ юм. Бурханы удирдлагын ажил байхгүй бол газар дээрх хүмүүс яаж амьдардгаасаа үл хамааран, үүрэгтэй байх уу? (Үгүй.) Бүтээгдсэн зүйлсийн үүрэг хийгээд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажил хоёр хоорондоо шууд хамааралтай гэдгийг одоо чи тодорхой харж байна. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал хийгээд газар дээр хүмүүсийн дунд Түүний эхлүүлсэн удирдлагын ажил байхгүй бол хүмүүст яриад байх ямар ч үүрэг байхгүй байх байсан гэж хэлж болно. Үүнийг энэ өнцгөөс нь харвал, Бурханыг дагадаг хүн болгоны хувьд үүрэг маш чухал, тийм үү? Өргөн хүрээнд ярих юм бол, чи Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд оролцож байгаа; илүү нарийвчилж хэлбэл, өөр өөр цаг үед, өөр өөр бүлэг хүний дунд хийх шаардлагатай Бурханы янз бүрийн ажилд чи хамтран ажиллаж байна. Үүрэг чинь ямар байхаас үл хамааран, энэ бол Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Заримдаа чи чухал зүйлийг харж, хамгаалах шаардлагатай байж болно. Энэ нь чиний хариуцлага гэж хэлж болохоор харьцангуй шалихгүй асуудал байж болох ч энэ бол Бурханы чамд өгсөн даалгавар; чи үүнийг Түүнээс хүлээж авсан. Ерөнхийд нь хэлбэл, Бурхан чамд даалгавар өгдөг бөгөөд тэр нь сайн мэдээ түгээх, чуулган удирдах, эсвэл бүр ч аюултай, илүү чухал ажил байж болно. Яасан ч байсан, энэ нь Бурханы ажил, Түүний гэрийн ажилтай хамаатай л бол хүмүүс үүнийг Бурханаас ирсэн үүрэг гэж хүлээн авах хэрэгтэй. Бүр илүү ерөнхийлж хэлбэл, үүрэг гэдэг нь хүний эрхэм зорилго, Бурханаас даалгасан даалгавар юм; илүү нарийвчилж хэлбэл, энэ бол чиний хариуцлага, хүлээсэн үүрэг билээ. Энэ бол чиний эрхэм зорилго, Бурханаас чамд даалгасан даалгавар, чиний хариуцлага, хүлээсэн үүрэг тул хувийн хэрэг явдалтай чинь ямар ч хамаагүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Чамайг Бурхантай холбодог холбоог хамгийн шууд, мэдэгдэхүйц байдлаар тусгадаг зүйл бол Бурханы даалгасан асуудалд, Түүний чамд оноосон ажилд чи хэрхэн ханддаг болон чиний баримталдаг хандлага юм. Хамгийн шууд ажиглаж болох зүйл бол энэ асуудал мөн. Чи энэ чухал зүйлийг ухаарч, Бурханы чамд даалгасан даалгаврыг биелүүлэх үед Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Хэрвээ Бурхан чамд ажил даалгаж, тодорхой үүргийг биелүүл гэж хэлэх үед чиний хандлага өнгөцхөн, хайхрамжгүй байж, үүнийг эн тэргүүний зүйл гэж үздэггүй бол энэ нь хамаг зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахын яг эсрэгээр байгаа бус уу? Иймээс, үүргээ гүйцэтгэх үеийн хандлага чинь маш чухал, чиний сонгосон арга барил, зам ч мөн адил. Үүргээ хайнга, хайш яаш гүйцэтгэж, хөнгөн хуумгай хандахын үр дүн юу вэ? Үр дүн нь гэвэл, хэдийгээр чи үүргээ сайн биелүүлэх чадвартай ч үүргээ тааруу биелүүлэх явдал юм—гүйцэтгэл чинь стандартад хүрэхгүй бөгөөд үүрэгтээ хандах хандлагад чинь Бурхан сэтгэл хангалуун байхгүй. Хэрэв чи анх хэвийн байдлаар эрж хайж, хамтран ажилладаг байсан бол; үүнд бүх бодол санаагаа зориулдаг байсан бол; үүнийг хийхэд бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаа зориулж, бүх хүчин чармайлтаа дайчилж, хэсэг хугацааны хөдөлмөр, мэрийлт, бодлоо зориулж, эсвэл материалуудыг лавлан үзэхэд цаг гаргаж, үүнд бүхий л бие, сэтгэлээ зориулсан бол; тэгж хамтран ажиллах чадвартай байсан бол Бурхан урд чинь явж, чамайг замчилж байх байлаа. Чи их хүч зарах хэрэггүй; хамтран ажиллахад бүхий л хүчин чармайлтаа дайчлах үед Бурхан чамд зориулан бүх зүйлийг аль хэдийн зохицуулсан байх болно. Хэрэв чи башир, зальхай байж, хоёрын хооронд юм хийж, бодлоо өөрчлөн, замаасаа гажих юм бол Бурхан чамайг огт сонирхохгүй; чи энэ боломжийг алдсан байх бөгөөд Бурхан: “Чи хангалттай сайн биш; ямар ч хэрэггүй. Хажуу тийшээ очоод зогс. Чи залхуурах дуртай юм аа даа, аан? Ов мэхтэй, зальхай байх дуртай юм, тийм биз? Чи амрах дуртай юу? За яах вэ, тэгвэл амар” гэж хэлнэ. Бурхан дараагийн хүнд энэ нигүүлсэл, боломжийг өгнө. Та нар юу гэх вэ: Энэ гарз уу, олз уу? Энэ бол үлэмж их гарз юм!

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Зарим хүн үүргээ биелүүлэх явдлыг хөрөнгө гэж үздэг бол зарим нь хувийн ажил алба, өөр зарим нь өөрсдийн ажил, аж ахуй, амин хувийн асуудал гэж үзэж, аль эсвэл нэг ёсны цаг нөхцөөх зугаа, найр наадам, сонирхол гэж хардаг. Товчхондоо бол, чи үүрэгтээ ямар ч хандлага баримталдаг бай хамаагүй, үүнийгээ Бурханаас хүлээн аваагүй, мөн үүнийг Бурханы удирдлагын ажил дахь бүтээгдсэн зүйлийн хийж, хамтран ажиллах ёстой даалгавар хэмээн авч үзэх чадваргүй бол хийж байгаа зүйл чинь үүрэг гүйцэтгэж байгаа явдал биш. Яагаад Би эдгээр сэдвийг хөндөж байна вэ? Эдгээрийн тухай нөхөрлөснөөр ямар асуудал шийдвэрлэх гээд байна вэ? Би хүмүүсийн үүрэгтээ хандах буруу хандлагыг засахаар оролдож байна. Эдгээр үнэнийг ойлгомогц үүрэгтээ хандах тэдний хандлага аажмаар үнэнд нийцэлтэй болж, үнэний зарчим болон Бурханы шаардлагад нийцдэг болно. Наад зах нь үүргийнхээ талаарх үзэл бодол, хандлага чинь үнэн болон Бурханы шаардлагад нийцэх ёстой. Үүрэг бол хүнд Бурханы даалгасан ажил, хүмүүсийн гүйцэлдүүлэх ёстой даалгавар юм. Гэвч үүрэг яавч чиний хувиараа удирддаг бизнес биш, бас олноос онцгойроход чинь тусалдаг хүч ч биш. Зарим хүн үүргээ ашиглаад өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлж, бүлэглэл байгуулдаг; зарим нь хүслээ хангаж, зарим нь сэтгэлдээ мэдэрдэг хоосролоо дүүргэж, мөн зарим нь азад найддаг сэтгэлгээгээ хангахад ашигладаг бөгөөд үүргээ гүйцэтгэж л байвал Бурханы гэр болон хүнд зориулан Бурханы бэлддэг гайхамшигт хүрэх газраас хувь хүртэнэ гэж боддог. Үүргийн талаарх ийм хандлага буруу; Бурхан үүнд ой гутдаг бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Чамд үнэн байгаа гэдгийг илтгэх, үүрэгтээ хандах зөв хандлага нь юу вэ? Нэгдүгээрт, чи хэн үүнийг зохицуулдаг, ямар түвшний удирдлага үүнийг оноосон гэдгийг шинжиж болохгүй—чи үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Түүнчлэн, үүрэг чинь ямар ч бай дээд, доод гэж бүү ялгаварла. Чи ингэж хэллээ гэе: “Энэ ажил Бурханаас оноосон даалгавар, Бурханы гэрийн ажил ч гэлээ, ийм юм хийвэл хүмүүс намайг дорд үзэж магадгүй. Бусдад онцгойрч болохуйц ажил хийх боломж олддог. Гэтэл надад оногдсон, онцгойрох нь бүү хэл, нүднээс далдуур чармайн зүтгэхэд хүргэдэг энэ ажлыг яаж үүрэг гэж нэрлэж болох юм бэ? Энэ үүргийг би хүлээн зөвшөөрч чадахгүй; энэ миний үүрэг биш. Бусдын өмнө онцгойрч, нэрд гарах боломж олгодог үүрэг л миний үүрэг байх ёстой—бас би нэрд гарч, онцгойрдоггүй юм гэхэд үүргээсээ ашиг тус хүртэж, бие амар байх ёстой”. Энэ зөвшөөрч болох хандлага мөн үү? Голомтгой байна гэдэг Бурханаас ирдэг зүйлийг зөвшөөрөхгүй, өөрийн дураар сонголт хийж байгаа хэрэг. Үүргээ хүлээн зөвшөөрөхгүй, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг. Чи голж шил гэнгүүтээ жинхэнээсээ хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог. Ийм голомтгой байдал хувийн дур сонирхол, хүсэлтэй чинь холилддог. Эрх ашиг, нэр хүнд гэх зэргээ бодолцож үзэх үедээ чи үүрэгтээ дуулгаваргүй ханддаг. Үүрэгт хандах хандлага ийм байдаг: Нэгдүгээрт, үүнийг дүн шинжилгээ хийж, хэн чамд ийм үүрэг оноосон талаар ч бодож болохгүй; харин үүнийг өөрийн үүрэг, хийх учиртай зүйл хэмээн Бурханаас хүлээн авах хэрэгтэй. Хоёрдугаарт, дээд доод гэж бүү ялгаварла, хүмүүсийн нүдэн дээр хийнэ үү, нүднээс далд хийнэ үү, үүгээр чи онцгойрно уу, үгүй юу хамаагүй, үүний шинж чанарт бүү анхаар. Эдгээрийг бүү бодолц. Хүмүүс ийм хоёр шинж бүхий хандлагаар үүрэгтээ хандах ёстой. Өөр нэг хандлага байдаг нь юу гэвэл, чи тодорхой нэг үүрэг биелүүлж чадах мэт санагдахын зэрэгцээ бас алдаа гаргаж, таягдан хаягдахаас айдаг. Жишээ нь, ах эгч нар чинь чамайг удирдагчаа болгон сонговол сонгогдсон учраас энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж санагдаж магадгүй ч энэ үүрэгтээ төдийлөн идэвхтэйгээр ханддаггүй бөгөөд энэ талаар “Удирдагч байх нь огт сайн зүйл биш. Нимгэн мөсөн дээр алхаж, хутганы ирэн дээр амьдарч байгаатай адил. Сайн ажиллалаа гээд тусгай шагнал байхгүй, харин муу ажиллах юм бол би цаг ямагт харьцалт туулна. Тэгээд хамгийн адгийн зүйл нь харьцалт туулах ч биш. Намайг халбал яана? Тийм зүйл болбол яаж цаашаа явах юм бэ?” гэх мэт бодолтой байдаг. Тэр үед чи сэтгэлдээ зөрчилдөж эхэлдэг. Энэ ямар хандлага вэ? Энэ нь сэрэмжилж, буруугаар ойлгож байгаа явдал бөгөөд хүмүүс үүрэгтээ ингэж хандах ёсгүй. Энэ нь сэтгэлээр унасан, сөрөг хандлага юм. Тэгвэл эерэг хандлага ямар байх ёстой вэ? (Бид нээлттэй сэтгэлгээтэй, уужим сэтгэлтэй, хариуцлага үүрэх эр зоригтой байх учиртай.) Гэхдээ эдгээр нь зүгээр хоосон үг бус уу? Чи тэгтлээ айгаад байвал яаж нээлттэй сэтгэлгээтэй, уужим сэтгэлтэй байж чадах юм бэ? Хариуцлага үүрэх эр зоригтой байна гэж юу гэсэн үг вэ? Бас ямаршуу байдалд чи хариуцлага үүрэх эр зоригтой байх вэ? Чи олон үр дагаврыг хариуцаж чадахгүй гэж айдаг. Чи хариуцлага үүрч чаддаггүй бөгөөд үүнийг хийхэд чинь олон зүйл саад болно. Та нар “хариуцлага үүрэх эр зоригтой бай”, “үхэлтэй нүүр тулсан ч хэзээ ч бүү бууж өг” гэх мэт зүйл хэлэхээр, эдгээр нь ууртай залуучуудын хашхирдаг уриа лоозон шиг сонсогдож байна. Гэхдээ уриа лоозон хашхирах нь бодит асуудлыг шийдвэрлэж хэзээ ч чаддаггүй. Өнөөдөр чи зөв хандлага баримтлах ёстой, энэ нь үнэний энэ талыг эзэмших ёстой гэсэн үг бөгөөд дараа нь асуудал гарах үед үнэний энэ тал, ийм хандлага чамд дотоод бэрхшээлээ шийдвэрлэхэд тус болж, энэ даалгавар, энэхүү үүргийг саадгүй, идэвхтэйгээр хүлээн авах боломж олгоно. Энэ нь хэрэгжүүлэх зам бөгөөд энэ л үнэн юм. Хэрэв чи мэдэрч байгаа айдсаа шийдэхийн тулд “нээлттэй сэтгэлгээтэй, уужим сэтгэлтэй байх”, “хариуцлага үүрэх эр зоригтой байх” гэх мэт нэр томьёо ашиглавал үр нөлөөтэй байх уу? (Үгүй.) Эдгээр зүйл нь үнэн биш, хэрэгжүүлэлтийн зам ч биш гэдгийг энэ нь илтгэдэг. “Би нээлттэй сэтгэлгээтэй, уужуу сэтгэлтэй, номхоршгүй биеийн хэмжээтэй. Миний зүрх сэтгэлд ямар ч илүүц бодол, бохирдол байхгүй, би хариуцлага үүрэх эр зоригтой” гэж чи хэлж магад. Гаднаа чи үүргийнхээ хариуцлагыг үүрдэг ч хожим нь хэсэг хугацаанд тунгаасныхаа дараа үүнийг үүрч чадахгүй гэж санагдсаар л байдаг. Чи айсан хэвээр байж болох юм. Үүнээс гадна бусдын харьцалт туулж байгааг хараад, зодуулсан нохой сурнаас далдичдаг шиг бүр ч их айж болно. Чамд биеийн хэмжээ чинь дэндүү өчүүхэн, энэ үүрэг өргөн уудам, гатлах аргагүй гүн ангал мэт санагдах нь улам бүр нэмэгдэж, эцэстээ чи энэ хариуцлагыг мөн л хүлээн авч чадахгүй. Ийм учраас уриа лоозон бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тэгэхээр энэ асуудлыг үнэндээ яаж шийдвэрлэж болох вэ? Чи захирагдаж, идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол чиний үүрэг, чиний хариуцлага. Урдах зам ямар байсан ч хамаагүй, дуулгавартай дагах зүрх сэтгэл чамд байх ёстой. Үүрэгтээ хандах хандлагад чинь хулчийх, эмээх, санаа зовох, сэжиглэхийн аль нь ч байж болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Хүний үүрэгтээ хандах ёстой хамгийн үндсэн хандлага юу вэ? Хэрэв чи “Бурханы гэр надад ийм үүрэг өгсөн болохоор энэ үүрэг надад харьяалагддаг, үүнийг би хүссэнээрээ биелүүлж болно” гэж хэлсэн бол энэ нь хүлээн зөвшөөрч болохоор хандлага уу? Яавч үгүй. Хэрвээ чи ийм бодолтой бол энэ чинь асуудал үүсгэх бөгөөд чи буруу замаар орсон гэсэн үг. Чи ийм маягаар бодох ёсгүй. Тэгвэл бодох зөв арга зам юу вэ? Нэгдүгээрт, чи үнэн ба зарчмыг эрж хайх ёстой. Энэ үүргийг хэрхэн биелүүлэх ёстой, Бурхан юу шаарддаг, хүмүүст тавьдаг Бурханы шаардлагад ямар зарчим байдаг, чи юу хийх ёстой, ажлын аль хэсгийг гүйцэлдүүлэх ёстой, энэ үүргийг биелүүлэхдээ туйлын үнэнч, хариуцлагатай байхын тулд хэрхэн авирлах ёстой зэрэг зүйлсийг эрж хай. Тэгвэл хэнд үнэнч байх ёстой вэ? Бурханд—чи Бурханд үнэнч байж, бусад хүнд хариуцлагатай хандах ёстой, харин өөрийнхөө хувьд бол зарчмыг дагаж мөрдөж, үүргээ баримтлах ёстой. Зарчмыг дагаж мөрдөнө гэж юу гэсэн үг вэ? Зарчмыг дагаж мөрдөнө гэдэг нь Бурханы үг болон үнэний дагуу үйлдэх явдал. Тэгвэл үүргээ баримтлах гэж юу гэсэн үг вэ? Жишээ нь, чамд нэг хоёр жилийн турш нэг үүрэг оноосон боловч одоог хүртэл хэн ч шалгаагүй гэе. Чи яах ёстой вэ? Хэн ч чамайг шалгаагүй бол тэр үүрэг байхгүй болсон гэсэн үг үү? Хэн нэгэн чамайг шалгах эсэх, ямаршуу байгааг чинь харах эсэхэд бүү анхаар; энэ даалгаврыг чамд даалгасан бөгөөд хэдийгээр энэ чиний хувийн алба биш ч чамд оноогдсон зүйл, чиний хариуцлага мөн. Чи энэ ажлыг яаж хийх ёстой, яаж сайн хийж болохыг харгалзан үзэх учиртай бөгөөд үүргээ ингэж биелүүлэх ёстой. Үргэлж бусдаар шалгуулахаа хүлээж, тэднээр хянуулж, шавдуулахыг хүлээж байгаа бол энэ нь ямар хандлага вэ? Энэ бол идэвхгүй хандлага; үүрэгтээ баримтлах ёстой хандлага чинь энэ биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Хүмүүс үүрэг болон Бурханы аль алинд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой—энэ нь Бурханаас эмээх айдас юм. Бурханд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандахдаа хүмүүс ямар хандлага баримтлах ёстой вэ? Хүмүүс өөрсдөд нь гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэж эргэлзэхгүй, болзол тавихгүйгээр Бурханы зохион байгуулалтад захирагдах замаар үүргээ гүйцэтгэхдээ Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах ёстой. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг. Үргэлж эргэлзэж, байнга болзол тавьж, эцэс төгсгөлгүй судалгаа явуулдаг хүмүүс үнэнч зүрх сэтгэлтэй юу? Тийм хүний зүрх сэтгэлд юу оршдог вэ? Тэдний зүрх сэтгэлд ов мэх, ёрын муу байдал байдаг бөгөөд тэд үргэлж судалгаа хийж байдаг. Хувийн ашиг сонирхолд нь нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдох үед тэд “Бурхан надад ийм зүйл хийж, надад зориулан ийм нөхцөл зохицуулах үедээ юу бодож байсан юм бол? Энэ нь бусад хүнд тохиолдсон зүйл мөн үү? Үүнийг туулж дууссаны дараа үр дагавар нь ямар байх вэ?” гэж боддог. Тэд эдгээр асуудлыг судалдаг; юу олж авч, юу алдаж болох, тухайн асуудал гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэдгийг судалдаг. Эдгээр асуудлыг судалж эхэлмэгцээ тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг уу? Бурханыг дуулгавартай дагаж чаддаг уу? Тэд үүрэг биелүүлж эхлэхдээ үүнийгээ судалж, “Энэ үүргийг биелүүлбэл би зовох уу? Алс хол газар нэлээд их цаг өнгөрүүлэх хэрэгтэй болох уу? Байнгын хоол унд, амралттай байж чадах уу? Би ямар төрлийн хүмүүстэй холбогдох бол?” гэж асуудаг. Хэдийгээр тэд гаднаа энэ үүргийг хүлээн авдаг ч зүрх сэтгэлдээ ов мэх өвөрлөн, иймэрхүү зүйлийг цаг ямагт судалсаар байдаг. Үнэн хэрэгтээ тэдний судалдаг энэ бүх зүйл хувийн ашиг сонирхолтой нь холбоотой; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бус, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үздэг. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг харгалзаж үзэх юм бол үнэнийг хэрэгжүүлэхэд амаргүй байх бөгөөд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Иймэрхүү судалгаа хийдэг хүмүүсийн олонход нь эцэстээ юу тохиолддог вэ? Зарим нь Бурханы эсрэг тэрсэлдэг; өөрөөр хэлбэл, тэд ажиллаж байхдаа нүд цавчилгүй, сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрэн юм хийдэг. Ямархуу зан чанар иймэрхүү сэтгэл хөдлөлийг авчирдаг вэ? Ов мэх, ёрын муу байдал; ёрын муу болохдоо тулсан энэ хүмүүс Бурханы эсрэг тэмцэлдэж байдаг! Хүмүүс цаг ямагт судалгаа хийх үед анхаарал нь сарнидаг, тэгвэл ийм байдалд тэд үүргээ зохих ёсоор биелүүлж чадах уу? Тэд Бурханыг үнэнч шударгаар, сэтгэлээсээ шүтэн мөргөдөггүй, үнэнч зүрх сэтгэлгүй бөгөөд үүргээ биелүүлж байхдаа үргэлж ажиглаж, үгээ гамнаж байдаг. Үүнээс юу улбаалдаг вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй бөгөөд тэд юу ч хийлээ гэсэн зарчмыг олж чадалгүй, хийдэг бүхэн нь үргэлж буруутдаг. Яагаад аливаа зүйл үргэлж буруутдаг вэ? Заримдаа Бурхан тэднийг илчилж байгаа юм биш, тэд өөрсдийгөө сүйрүүлж байдаг. Тэд Бурханы гэрийн ажил, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт авч үзэлгүй үргэлж өөрсдийнхөө төлөө явуулга хийж, нэр төр, байр суурийнхаа төлөө төлөвлөгөө гаргаж байдаг. Ийм зүйл хийсээр байгаад, гажуудаж эхэлдэг. Өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйн төлөө төлөвлөгөө гаргах, Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаарах хоёр дээр тэдний үйлдлээс гарах үр дүн адилхан байдаг уу? Үгүй, үр дүн нь яавч адилхан байдаггүй. Тэд илчлэгддэг бөгөөд ийм зан авир үүргээ биелүүлж байгаад тооцогддоггүй; ийм хүний үйлдлийн мөн чанар болон уг чанар өөрчлөгдсөн байдаг. Энэ нь зүгээр л багахан алдагдлын тухай асуудал бол тэд аврагдах бололцоотой хэвээр үлдэнэ—тэдэнд боломж байсаар байна. Харин томоохон алдагдал үүсвэл тэдэнд боломж үлдэх үү? Тухайн асуудал үймээн, саад тотгор үүсгэх хэмжээний ноцтой хэрэг байх юм бол тэр хүн халагдаж, таягдан хаягдах ёстой; зарим хүн яг ийм маягаар таягдан хаягдсан.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Ихэнх хүн “Хэн нэгэн удирдвал би дагана. Хаашаа ч удирдлаа гэсэн дагаж, хий гэсэн бүхнийг нь хийнэ” гэсэн сэтгэхүйгээр үүргээ гүйцэтгэдэг. Харин хариуцлага хүлээж, санаа чилээж, нэмэлт анхаарал тавих нь тэдний хийж чаддаггүй зүйл, төлөхийг хүсдэггүй төлөөс юм. Тэд бие махбодын хүчин зүтгэл гаргахад оролцдог ч хариуцлагаас хуваалцдаггүй. Энэ нь үнэндээ үүргээ биелүүлж байгаа явдал биш. Чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж сурах ёстой; хүн зүрх сэтгэлтэй бол тэрийгээ ашиглаж чаддаг байх ёстой. Хэрэв зүрх сэтгэлээ хэзээ ч ашигладаггүй бол зүрх сэтгэлгүй хүн гэдэг нь үүгээр нотлогддог бөгөөд зүрх сэтгэлгүй хүн үнэнийг олж авч чадахгүй! Яагаад тэд үнэнийг олж авч чаддаггүй вэ? Тэд Бурханы өмнө яаж очихоо мэддэггүй; Бурханы гэгээрэл, удирдамжийг ухаарахад зүрх сэтгэлээ хэрхэн зориулах юм уу бодож тунгаах, үнэнийг эрж хайх, Бурханы хүслийг эрж хайж, ойлгож, анхаарахад зүрх сэтгэлээ яаж зориулахаа мэддэггүй. Юу ч боллоо гэсэн, ямар ч үүрэгтэй байсан, Бурханы өмнө үргэлж тайван байж, Бурханы үгийг тунгаахад зүрх сэтгэлээ ашиглаж, үнэнийг эрж хайх, үүргээ хэрхэн биелүүлэх учиртайг тунгаахад зүрх сэтгэлээ зориулж чаддаг байдал та нарт бий юу? Ийм үе олон байдаг уу? Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, хариуцлага хүлээж чаддаг байхын тулд зовж, төлөөс төлөх шаардлагатай—зүгээр л энэ тухай ярилаа гээд хангалтгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаггүй, оронд нь бие махбодын хичээл зүтгэл гаргахыг үргэлж хүсдэг бол үүргээ сайн биелүүлэхгүй нь лавтай. Чи зүгээр л дүр эсгэхээс цаашгүй байх бөгөөд үүргээ хэр сайн биелүүлсэн эсэхээ мэдэхгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулбал үнэнийг аажмаар ойлгож авна; тэгэхгүй бол үнэнийг ойлгохгүй. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ зориулах үедээ чи аажмаар Бурханы хүслийг ойлгож, өөрийн завхрал, дутагдлыг олж илрүүлж, янз бүрийн байдлаа бүгдийг нь хянах чадвартай болдог. Хэрэв чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашиглалгүй, зөвхөн гадаад талын хичээл зүтгэл гаргахад анхаарлаа төвлөрүүлбэл зүрх сэтгэлд чинь бий болдог өөр өөр байдлыг болон өөр өөр гадаад орчин дахь бүх хариу үйлдлээ олж мэдэж чадахгүй; хэрвээ чи өөрийгөө шинжлэхийн тулд зүрх сэтгэлээ ашигладаггүй бол зүрх сэтгэл дэх асуудлаа шийдвэрлэхэд хэцүү байх болно. Иймээс чи Бурханыг магтаж, шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглах ёстой. Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахын тулд чи тайван, чин үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой; зүрх сэтгэлийнхээ угт Бурханы хүсэл болон үнэнийг эрж хайхаа мэддэг байх ёстой бөгөөд үүргээ яаж сайн биелүүлэх талаар тунгааж, үүргийнхээ аль хэсгийг хараахан ойлгохгүй байгаа, үүргээ яаж илүү дээр хийж болох талаар тунгаан бодох ёстой. Зүрх сэтгэлдээ эдгээрийг үргэлж бодсоноор л чи үнэнийг олж авч чадна. Хэрэв эдгээр зүйл зүрх сэтгэлдээ үргэлж тунгаадаг зүйлс чинь биш бөгөөд оронд нь зүрх сэтгэл чинь оюун санааны зүйл, аль эсвэл гадна талын зүйлсээр дүүрч, Бурханыг шүтэн мөргөхөд зүрх сэтгэл, үнэнч шударга байдлаа ашиглахтай огт хамаагүй, бүр ямар ч хамаагүй зүйлд эзэмдүүлсэн байдаг бол чи үнэнийг олж авч чадах уу? Чи Бурхантай харилцаатай байдаг уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү? Хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарын оршихуйг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол Бурхан биш гэдэг нь эргэлзээгүй, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй, Бурханы төрөлхөөсөө биелүүлж чаддаг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэж болохгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох юм уу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнгүй. Түүнчлэн, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар халамжлуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг үзэн яддаггүйгээр үл барам, Бурханы зам бол буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг ба тэрслүү хүмүүс бүр Бурханы оршин тогтнолыг ч үгүйсгэдэг. Тийм тэрслүү байдалтай ийм хүмүүс яаж Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байж чадах юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлдэггүй хүмүүс Бурханы эсрэг маш их тэрсэлдэг ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэхийн дохио биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүмүүс аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл ч хангалтгүй атал тэд Бурхантай маргах ичгүүр сонжуургүй зантай байж, Түүнтэй өрсөлддөг. Тийм хүмүүсийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бол гэм буруутай, өртэйгөө мэдрэх ёстой; тэд сул дорой, нэмэргүй байдлаа, тэрслүү байдал, завхралаа үзэн ядах ёстой, түүнчлэн өөрсдийн амийг Бурханд өгөх учиртай. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм хүмүүс л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Түүний өмнө үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амиа золиослоод ч хамаагүй, хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган таньж чадах уу? Надад хэр үнэнч вэ? Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгч, та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүхнийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн доторх өчүүхэн мөс чанараараа үүнийг хэмжиж, харьцуулж үзсэн үү? Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү? Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүрэг, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өмнөх: 73. Чуулганаас хөөх зарчмууд

Дараах: 75. Байр сууриа тодорхойлох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх