167. Бурханы хүсэлд анхааралтай байх зарчмууд

(1) Хүнд тавих Бурханы шаардлага болон үүргээ биелүүлэх зарчмыг ойлгож, Бурханы үгийг өөрийнхөө суурь болгох шаардлагатай. Ингэснээр л хүн Бурханы хүсэлд хайхрамжтай байж чадна;

(2) Шүүлт, гэсгээлт, мөн харьцалт, засалтыг туулж байж л хүн завхралаа орхиж, махан биеэ хаяж чадна, ингэснээр л Бурханы хүсэлд үнэхээр анхааралтай байж чадна;

(3) Бурханыг гэх хайрын сэтгэлтэй байснаар л хүн махан биеийг хаяж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байх бөгөөд ингэснээр л Бурханы яаралтай гэж үздэг зүйлд яарсан сэтгэлээр хандаж, Түүний боддогийг бодож, өөрийгөө Түүний төлөө үнэхээр зарлагадаж чадна;

(4) Хэрвээ Бурханыг үнэхээр хайрладаг хүн ямар нэг хуурамч удирдагч юм уу антихрист Бурханы сонгосон хүмүүсийг мэхэлж байгааг олж мэдвэл Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд тэднийг мэдээлж, илчлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; хэрэг явдлыг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн Өөрөө хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс л энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан агаад Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа Бурхан гүйцээсний нэг бодитой тал нь энэ байлаа.

Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс төгөлдөрт хүрэх хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа л бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Бурханыг хайрлахад Бурханы хүслийг бүх зүйлээс эрж хайхыг шаарддагийн дээр ямар нэгэн зүйл тохиолдох үед сэтгэлийнхээ гүнээс эрж хайн, Бурханы хүслийг ухаарч ойлгохыг оролдож, хэрэг явдлаас Бурханы хүсэл юу болох, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүсдэг, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйг харах гэж оролдохыг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно. Чамд том ч бай, жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш тавьж, махан биеийг бүх зүйлээс хамгийн дорд зүйл гэж үзэх ёстой. Чи махан биеийг хэдий чинээ их хангалуун байлгана, төдий чинээ дураараа аашилдаг; энэ удаа чи түүнийг хангалуун болговол дараагийн удаа илүү ихийг хүснэ. Ийнхүү үргэлжлэхийн хэрээр хүмүүс махан биеийг бүр ч их хайрлаж эхэлдэг. Махан бие үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй, тэрийгээ хангахыг, идэх, өмсөх зүйлс байна уу, эсвэл уураа барьж дийлэхгүй байх, сул тал, залхуурлаа өөгшүүлэх байна уу аль нь ч байсан хүслийг нь хангахыг үргэлж чамаас шаарддаг… Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам дур хүсэл нь үлэмж их болж, улам цадиггүй болсоор хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэл тээж, Бурханд дуулгаваргүй хандаж, өөрийгөө өргөмжилж, Бурханы ажилд эргэлздэг болох хэмжээнд хүрдэг. Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам махан биеийн сул тал төдий чинээ их болдог; сул талыг чинь хэн ч өрөвдөхгүй байгаа мэт чамд үргэлж санагдаж, Бурхан хэтэрхий даварсан гэж чи үргэлж итгэнэ, тэгээд чи: “Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст зөөлөн хандахгүй байна вэ?” гэж хэлэх болно. Хүмүүс махан биеийг сэтгэл хангалуун байлгаж, хэтэрхий их энхрийлэхээрээ өөрсдийгөө сүйрүүлдэг. Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрладаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгадаггүй бол Бурханы хийдэг бүхэн маш зөв, маш сайн бөгөөд Тэрээр тэрслүү байдлыг чинь харааж, зөв шударга бус байдлыг чинь шүүх нь зүй ёсных гэдгийг харна. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулан, хатуужуулах орчныг чинь бий болгож, чамайг Өөрийнхөө өмнө албадан ирүүлэх цаг ирнэ—тэр үед Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тийм ч их шаналал байхгүй мэт санагдаж, Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талыг өөгшүүлж, Бурхан дэндэж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж, үргэлж сэтгэлээр унаж, Бурханы бүх ажлын талаар тодорхой мэдэхгүй байхын дээр Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй мэт, хүний бэрхшээлүүдийг мэддэггүй мэт санагдана. Иймээс чи туйлын шударга бус явдлыг туулсан мэт үргэлж золгүй ганцаардмал байдлыг мэдрэх үедээ гомдоллож эхэлнэ. Ийм маягаар махан биеийн сул талуудыг чи хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан дэндэж байна гэж улам их санагдсаар, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж эхлэн, огтхон ч дуулгаваргүй байдаг болох хүртлээ дордоно. Тиймээс чи махан биеийг эсэргүүцэж, өөгшүүлэхгүй байх ёстой: “Миний нөхөр (эхнэр), хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—аль нь ч хамаагүй! Зүрх сэтгэлд минь Бурхан л байдаг, махан биеийг биш Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.” Чи ингэж шийдэх ёстой. Хэрвээ чи үргэлж ийм шийдэмгий байвал багахан хүчин чармайлтаар л үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавьж чадна. Урьд цагт нэгэн тариачин зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Тариачин түүнийг аваад цээжиндээ тэвэрсэн бөгөөд амь орсныхоо дараа могой тариачныг хатгаж амийг нь хөнөөжээ гэж ярьдаг. Хүний махан бие энэ могойтой адил: Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох байдаг учраас махан бие хүссэн бүхнээ авах үед чи амиа алддаг. Махан бие бол Сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг, өөрийгөө л боддог, тав тухыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, залхуу хойргод баригддагийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ удаад үүнийг сэтгэл хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэж ирэх болно. Махан биед үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл, шинэ хэрэгцээ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлдгийг чинь ашигладаг—хэрвээ чи үүнийг дийлж гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө сүйрүүлнэ. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэ хэрхэн эсэргүүцэхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүрмөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл Сатан аажмаар чамайг залгиж, амьгүй, эсвэл өчүүхэн ч Сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлд чинь Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхино. Тиймээс, хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсдэг бол шаналлын төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Гаднаа омголон, бэрхшээл зовлонтой байж, илүү ихийг уншиж, илүү их гүйх хэрэггүй; үүний оронд тэд хэрээс хэтэрсэн бодол, хувийн ашиг сонирхол, өөрийн санаа тавьдаг зүйл, үзэл, санаа зорилго гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавих ёстой. Бурханы хүсэл ийм билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханы даалгаврыг, Бурханы дүрсэлсэн бүхнийг сонсох үедээ Ноа тухайн асуудал ноцтой гэдгийг, нөхцөл байдал хүнд байгааг мэдэрсэн. Бурхан дэлхийд сүйрэл авчирна гэдгийг тэр мэдэж байв. Тэгвэл яагаад Тэр үүнийг хийх гэж байсан бэ? Учир нь Бурхан тэр хүмүүсийг үзэн ядсан. Бурхан тэр хүмүүсийг ердөө ганц хоёр өдөр үзэн ядсан уу? Бурхан сэтгэл хөдлөлөөрөө “Өнөөдөр надад энэ хүмүүс таалагдахгүй байна. Би энэ хүмүүсийг устгана, тиймээс ажилдаа ороод, Надад бүхээг хийгээд аль” гэж хэлсэн үү? (Үгүй.) Бурханы үгийг сонссоныхоо дараа Ноа Бурханы санаа зорилгыг ойлгосон. Бурхан тэр хүмүүсийг ердөө ганц хоёр өдөр үзэн ядаагүй; Бурхан тэр хүмүүсийг устгахаар, хүн төрөлхтнийг дахин шинээр эхлүүлэхээр хүсэн эрмэлзэж байсан юм. Гэхдээ энэ удаа Бурхан дахин нэг удаа өөр хүн төрөлхтнийг бүтээхийг хүсээгүй, харин Ноад дараагийн эриний эзэн, хүн төрөлхтний өвөг дээдэс болон амьд гарах боломж олгохыг хүссэн. Бурханы энэ санаа зорилгыг ойлгомогцоо Ноа зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы яаралтай хүсэл, хойшлуулшгүй хэрэгцээг мэдэрч чадсан болохоор Бурханы үгийг сонсохдоо дан ганц хянуур, анхааралтай, хичээнгүйлэн сонсоод зогсохгүй, нэг зүйлийг буюу яаралтай байдал, Бүтээгчийн яарсан хүслийг ойлгосныхоо дараа Бурханы жинхэнэ бүтээлийн мэдрэх ёстой сэтгэл хөдлөлийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Тэгвэл Бурханыг бүх зааварчилгаагаа өгсний дараа Ноа зүрх сэтгэлдээ юу бодсон бэ? “Өнөөдрөөс эхлээд бүхээг барих шиг ач холбогдолтой юу ч үгүй, үүн шиг чухал, яаралтай юу ч үгүй. Би Бүтээгчийн дуу хоолойг сонсож, Түүний яаралтай хүслийг мэдэрсэн болохоор хойшлуулж болохгүй; Бурханы хэлсэн, шаардсан бүхээгийг хамаг хурдаараа барих ёстой.” Ноа үл тоомсорлох хандлага гаргаагүй. Тэгвэл тэр ямар маягаар бүхээгийг бүтээсэн бэ? Цаг алдалгүйгээр. Нэг секунд, минут ч хойшлуулаагүй гэж хэлбэл бага зэрэг худал хэлсэн болох байх. Тэр нэг өдөр ч хүлээгээгүй, Бурханы хэлсэн, зааварчилсан зүйлийн нарийн ширийн бүхнийг хамаг хурдаараа, бүх хүч чадлаа дайчлан хэрэгжүүлж, бүтээж эхэлсэн гэвэл илүү бодитой байх болов уу? Дүгнээд хэлбэл Бүтээгчийн зааварчилгаатай тулгарах үедээ Ноа хайнга хандлага гаргаагүй, зүрх сэтгэлд нь ямар ч эсэргүүцэл байгаагүй, огтхон ч хайхрамжгүй хандаагүй. Харин ч бүх нарийн ширийнийг нь тэмдэглэж авангаа Бүтээгчийн хүслийг ойлгохоор хичээнгүйлэн оролдсон. Бурханы яаралтай хүслийг ойлгох үедээ алхаагаа хурдасгаж, өөрт нь Бурханы даалгасан зүйлийг хамаг хурдаараа гүйцэлдүүлэхээр шийдсэн. “Хамаг хурдаараа” гэдэг нь юу гэсэн үг вэ? Өмнө нь бараг сар хийдэг байсан биеийн хөдөлмөрийг аль болох бага цагт дуусгах, хорь эсвэл арван таван өдөрт хийж, цааргалахгүйгээр, боломж гарах бүрд урагш зүтгүүлэн, аливааг хойш тавихгүй байх гэсэн үг. Мэдээж хэрэг, ажил бүрийг хийж байхдаа тэрээр бүтэлгүйтэл, хохирол, алдааг багасгахыг хичээж, алийг нь ч давтахгүйгээр, эхний удаад л зөв хийхийн тулд ихэд хичээдэг байв. Тэгээд аливаа ажил, үйл явц бүрийг аль болох нэгэн зэрэг гүйцэлдүүлж байлаа; хэрэв таван зүйлийг нэг дор хийх боломжтой бол гурвыг хийснээс дээр; хэрэв арвыг хийх боломжтой бол тавыг хийснээс дээр. Тэр аль болох хурдан урагшлах хэрэгтэй байлаа. Цааргалахгүй байх гэдгийн жинхэнэ илрэл энэ байв. Ямар урьдач нөхцөл, орчинд үүнд хүрсэн бэ? Зарим хүн Ноаг үнэхээр дуулгавартай байсан гэдэг. Тэгвэл түүнийг тийм жинхэнэ дуулгавартай байдалд хүргэсэн юу түүнд байсан бэ? (Тэр Бурханы хүслийг анхаардаг байсан.) Яг зөв! Зүрх сэтгэлтэй байна гэж үүнийг л хэлдэг! Зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханы хүслийг анхаарч чаддаг; зүрх сэтгэлгүй хүмүүс бол хоосон дотортой, алиа салбадайнууд, тэд Бурханы хүслийг хэрхэн анхаарах ёстойг мэддэггүй: “Бурханы хувьд энэ нь хэчнээн яаралтай болох нь надад хамаагүй, би хүссэнээ л хийнэ—ямартай ч би зүгээр сууж, залхуураагүй.” Ийм хүмүүс Бурханы хүслийг анхаардаггүй. Ноа анхаардаг байсан. Тиймээс чадах бүхнээ хийх нь хангалттай биш; зүрх сэтгэлд чинь жинхэнэ анхааралтай байдал байх ёстой—энэ бол хүмүүст байдаг мөс чанар, хүмүүст байвал зохих зүйл, Ноад байсан зүйл. Хэрэв тэр цааргалж, яаралтай байдлыг мэдрэхгүй, сэтгэл түгшихгүй, ямар ч бүтээмжгүй байсан бол тухайн цаг үед тийм зүйл хийж, бүхээг барихын тулд хэдэн жил болох байсан гэж та нар хэлэх вэ? Зуун жилийн дотор дуусах байсан уу? (Үгүй.) Хэд хэдэн үеийн турш тасралтгүй барих байсан. Нэг талаар, бүхээг мэтийн цул зүйлийг барихад олон жил шаардагдана; цаашлаад бүх амьд амьтныг цуглуулж, асрахад бас олон жил зарцуулна. Тэр амьд амьтдыг цуглуулахад амархан байсан уу? Үгүй. Тиймээс Бурханы зааварчилгааг сонсоод, Бурханы яаралтай хүслийг ойлгосныхоо дараа Ноа үүнийг амархан ч биш, энгийн зүйл ч биш гэдгийг мэдэрсэн юм. Тэрээр Бурханы санаа зорилгын дагуу үүнийг биелүүлж, энэ даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдгээ мэдэрсэн бөгөөд тэгснээр Бурханы сэтгэл хангалуун болж, санаа нь амарч, Бурханы ажлын дараагийн алхам төвөггүй явагдах байв. Ноа ийм л зүрх сэтгэлтэй байсан. Тэгвэл энэ нь ямар төрлийн зүрх сэтгэл вэ? Энэ бол Бурханы хүслийг анхаардаг зүрх сэтгэл юм. Гаднаасаа бол, Ноа туйлын дуулгавартай байх чадвартай байсныг энэ нь хэлж өгдөг—гэхдээ тэрхүү туйлын дуулгавартай байдлын нарийн учир нь юу вэ? Анхааралтай байдал.

Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ? Та нар Миний хүлээдэг зүйлийн өрөвдмөөр өчүүхэн хэсгийг л хийж чаддаг нь харамсалтай. Ийм байхад та нар итгэж найдаж байгаа зүйлээ Надаас олж авахаар оролдох зүрх зоригтой байж яаж чадаж байна вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Өмнөх: 166. Бурханы нигүүлслийг эдлэх зарчмууд

Дараах: 168. Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх