122. Үнэнч шударга хүн байх зарчмууд

(1) Үнэнч шударга хүн байхаар өөрийгөө сургахад Бурханд найдах нь чухал. Зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний шинжилтийг хүлээн ав. Ингэснээр л цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн худал үг, хууран мэхлэлтээ хаяж чадна;

(2) Үнэнийг хүлээн авч, үг хэл, үйл хэрэг бүрээ эргэцүүлэх шаардлагатай. Чамаас харагддаг завхралын эх сурвалж, мөн чанарыг задлан шинжилж, өөрийгөө үнэхээр мэдэж ав;

(3) Хүн ямар асуудал дээр худал хэлж, хуурамч зан өвөрлөдөг талаар судалж шинжлэх шаардлагатай. Өөрийгөө задлан шинжилж, ил болгон, бусдаас уучлалт гуйж, алдаагаа залруул;

(4) Хүний үг, үйлдэл Бурханы үгэнд үндэслэх ёстой. Бурханд залбирч, махан биеийн дур сонирхол, санаархлаа хаяж, үнэн-зарчмын дагуу ярьж, үйлд;

(5) Бурханы даалгаварт үнэнч байж, Түүний шаардлагын дагуу үүргээ сайтар гүйцэтгэж, хайхрамжгүй, хааш яаш ч биш, худал, хуурмаг ч биш, харин үг хэл, үйл хэргийнхээ аль алинд үнэнч шударга, итгэлтэй байх шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч амждаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олохгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, ов мэхтэй хүмүүст дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй гэдэг нь тэдний үйлдэл, зан чанар, сэдэлд дургүй гэсэн үг юм; өөрөөр хэлбэл, Тэр аливааг хийдэг тэдний арга замд дургүй байдаг. Тиймээс Бурханд таалагдъя гэвэл бид өөрсдийн үйлдэл, оршин тогтнох арга замыг эхлээд өөрчлөх ёстой. Урьд нь бид хүмүүсийн дунд амьдрахын тулд худал хуурмаг болон дүр эсгэлтэд найдаж, эдгээрийг өөрсдийн хөрөнгө, оршин тогтнолын үндэс, амь, биеэ авч явах суурь болгон ашигласан. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байв. Дэлхий ертөнцийн үл итгэгчдийн дунд чи яаж зальхай, ов мэхтэй байхаа мэдэхгүй бол бат зогсоход хэцүү байж болох юм. Чи худал хэлж, хууран мэхэлж, сайхан амьдрал олж авахын тулд өөрийгөө хамгаалж, өнгөлөн далдлах гэж хуйвалдаач, дотуур тамиртай арга барил ашиглаж л чадна. Бурханы гэрт энэ нь яг эсрэгээрээ байдаг: Чи ов мэх гаргаж, дүр эсгэх, өөрийгөө өнгөлөн далдлахын тулд нарийн заль ашиглах тусмаа бат зогсож улам чаддаггүй бөгөөд Бурхан чамайг төдий чинээ их жигшиж, голдог. Үнэнч шударга хүмүүс л тэнгэрийн хаанчлалын нэг хэсэг байж чадна гэдгийг Бурхан урьдчилан тогтоосон юм. Хэрэв чи үнэнч биш бөгөөд амьдрал дахь хэрэгжүүлэлт чинь үнэнч байхад чиглээгүй, чи үнэн царайгаа илчилдэггүй бол Бурханы ажлыг юм уу магтаалыг олж авах боломж хэзээ ч олдохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн хүний төрхтэй эсэхээ мэдэж чадна; тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар мөн чанараа таньж чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусаж чадна. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг хэзээ ч олж авахгүй. Үүний адилаар чи ч гэсэн үнэнийг хэзээ ч олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авч чадахгүй, үнэнийг ойлгодоггүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханд дайсагнаж, Бурхантай нийцэлгүй байна гэсэн үг бөгөөд Тэр чиний Бурхан биш юм. Хэрвээ Бурхан чиний Бурхан биш бол чи аврал хүртэж чадахгүй. Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? “Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ” гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. “Тэд” гэж хэн бэ? Тэд бол Бурханы төгс болгож, олж авч, авардаг хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний үйлдлийн шинж чанар, илэрхийлэл юу вэ? (Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй.) Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарах ёстой: Энэ нь үнэнч шударга байх гэсэн үг. Гэм зэмгүй байх гэж юу гэсэн үг вэ? Гэмз эмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Гэм зэмгүй хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг; тэд бол Бурханы замыг баримталж чаддаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханы нүдээр төгс байдаг; тэд гэм зэмгүй билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”-ээс эш татав

Үнэнч хүний илэрхийлэл юу вэ? Асуудлын гол нь бүх зүйлд үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Чи өөрийгөө үнэнч гэж хэлдэг атлаа Бурханы үгийг үргэлж хайхралгүй орхиж, хүссэн бүхнээ хийдэг бол энэ нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? “Хэв чанар минь дорд ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй” гэж чи хэлдэг. Гэвч үүрэг хүлээх үедээ чи зовлонгоос айж, сайн биелүүлж чадахгүй бол хариуцлага үүрэх хэрэгтэй болно гэж эмээдэг тул үүнээс бултах гэж шалтаг тоочиж, үүнийг хий гэж бусад хүнд даалгадаг. Ингэх нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл, үнэнч хүн яаж авирлах ёстой вэ? Тэд хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэхээр зүтгэж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнийг хэд хэдэн арга замаар илэрхийлдэг. Нэг арга зам нь, чи өөр юу ч бодолгүйгээр үүргээ үнэнчээр хүлээн зөвшөөрөөд, хайнга бус байх ёстой. Өөрийнхөө ашиг тусын төлөө бүү хуйвалд. Энэ бол үнэнч байдлын илэрхийлэл мөн. Өөр нэг арга зам нь гэвэл, бүх хүч чадал, зүрх сэтгэлээ зориулах явдал юм. “Миний хийж чадах бүхэн энэ; би үүнийгээ бүгдийг нь ашиглаж, Бурханд үүнийг бүрэн зориулна” гэж чи хэлнэ. Энэ нь үнэнч зангийн илэрхийлэл бус уу? Чи өөрт байгаа бүхнийг, өөрийн хийж чадах бүхнийг зориулдаг—энэ нь үнэнч зангийн илэрхийлэл билээ. Хэрвээ чи өөрт байгаа бүхнийг зориулах хүсэлгүй бол, эдгээрийг нууж, цааш хийдэг, үйлдэлдээ тогтворгүй, үүргээсээ бултдаг ба урагшгүйтвэл үр дагаврыг нь үүрэх ёстой болохоос айсандаа өөр хүнээр хийлгэдэг бол энэ чинь үнэнч байгаа хэрэг үү? Үгүй, тийм биш. Иймээс үнэнч хүн байх нь гагцхүү хүсэлтэй байх явдал биш. Хэрвээ аливаа зүйл нүүрлэхэд үүнийг хэрэгжүүлдэггүй бол чи үнэнч хүн биш. Асуудалтай тулгарах үедээ чи үнэнийг хэрэгжүүлж, бодит илэрхийлэлтэй байх ёстой. Энэ бол үнэнч хүн байх цорын ганц зам бөгөөд зөвхөн энэ л үнэнч зүрх сэтгэлийн илэрхийлэл мөн. Үнэнч хүн байхын тулд зүгээр л үнэнийг хэлж, худал ярихгүй байхад хангалттай гэж зарим хүн боддог. Үнэнч байх гэдгийн тодорхойлолт үнэхээр тийм явцуу байдаг гэж үү? Хэрхэвч үгүй. Чи зүрх сэтгэлээ ил болгож, Бурханд өгөх ёстой; үнэнч хүн ийм хандлагатай байх учиртай. Иймээс үнэнч байдал маш их эрхэм нандин байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Ийм зүрх сэтгэл чиний зан авирыг хянаж, байдлыг чинь хянаж чаддаг гэсэн үг. Ийм зүрх сэтгэл маш эрхэм нандин. Хэрвээ чи ийм төрлийн үнэнч байдалтай бол чи ийм төрлийн байдалд амьдарч, ийм төрлийн зан авир харуулж, ийм төрлөөр зарлагадах ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Хүмүүс үүрэг болон Бурханы аль алинд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой—энэ нь Бурханаас эмээх айдас юм. Бурханд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандахдаа хүмүүс ямар хандлага баримтлах ёстой вэ? Хүмүүс өөрсдөд нь гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэж эргэлзэхгүй, болзол тавихгүйгээр Бурханы зохион байгуулалтад захирагдах замаар үүргээ гүйцэтгэхдээ Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах ёстой. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг. Үргэлж эргэлзэж, байнга болзол тавьж, эцэс төгсгөлгүй судалгаа явуулдаг хүмүүс үнэнч зүрх сэтгэлтэй юу? Тийм хүний зүрх сэтгэлд юу оршдог вэ? Тэдний зүрх сэтгэлд ов мэх, ёрын муу байдал байдаг бөгөөд тэд үргэлж судалгаа хийж байдаг. Хувийн ашиг сонирхолд нь нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдох үед тэд “Бурхан надад ийм зүйл хийж, надад зориулан ийм нөхцөл зохицуулах үедээ юу бодож байсан юм бол? Энэ нь бусад хүнд тохиолдсон зүйл мөн үү? Үүнийг туулж дууссаны дараа үр дагавар нь ямар байх вэ?” гэж боддог. Тэд эдгээр асуудлыг судалдаг; юу олж авч, юу алдаж болох, тухайн асуудал гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэдгийг судалдаг. Эдгээр асуудлыг судалж эхэлмэгцээ тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг уу? Бурханыг дуулгавартай дагаж чаддаг уу? Тэд үүрэг биелүүлж эхлэхдээ үүнийгээ судалж, “Энэ үүргийг биелүүлбэл би зовох уу? Алс хол газар нэлээд их цаг өнгөрүүлэх хэрэгтэй болох уу? Байнгын хоол унд, амралттай байж чадах уу? Би ямар төрлийн хүмүүстэй холбогдох бол?” гэж асуудаг. Хэдийгээр тэд гаднаа энэ үүргийг хүлээн авдаг ч зүрх сэтгэлдээ ов мэх өвөрлөн, иймэрхүү зүйлийг цаг ямагт судалсаар байдаг. Үнэн хэрэгтээ тэдний судалдаг энэ бүх зүйл хувийн ашиг сонирхолтой нь холбоотой; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бус, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үздэг. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг харгалзаж үзэх юм бол үнэнийг хэрэгжүүлэхэд амаргүй байх бөгөөд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Иймэрхүү судалгаа хийдэг хүмүүсийн олонход нь эцэстээ юу тохиолддог вэ? Зарим нь Бурханы эсрэг тэрсэлдэг; өөрөөр хэлбэл, тэд ажиллаж байхдаа нүд цавчилгүй, сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрэн юм хийдэг. Ямархуу зан чанар иймэрхүү сэтгэл хөдлөлийг авчирдаг вэ? Ов мэх, ёрын муу байдал; ёрын муу болохдоо тулсан энэ хүмүүс Бурханы эсрэг тэмцэлдэж байдаг! Хүмүүс цаг ямагт судалгаа хийх үед анхаарал нь сарнидаг, тэгвэл ийм байдалд тэд үүргээ зохих ёсоор биелүүлж чадах уу? Тэд Бурханыг үнэнч шударгаар, сэтгэлээсээ шүтэн мөргөдөггүй, үнэнч зүрх сэтгэлгүй бөгөөд үүргээ биелүүлж байхдаа үргэлж ажиглаж, үгээ гамнаж байдаг. Үүнээс юу улбаалдаг вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй бөгөөд тэд юу ч хийлээ гэсэн зарчмыг олж чадалгүй, хийдэг бүхэн нь үргэлж буруутдаг. Яагаад аливаа зүйл үргэлж буруутдаг вэ? Заримдаа Бурхан тэднийг илчилж байгаа юм биш, тэд өөрсдийгөө сүйрүүлж байдаг. Тэд Бурханы гэрийн ажил, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт авч үзэлгүй үргэлж өөрсдийнхөө төлөө явуулга хийж, нэр төр, байр суурийнхаа төлөө төлөвлөгөө гаргаж байдаг. Ийм зүйл хийсээр байгаад, гажуудаж эхэлдэг. Өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйн төлөө төлөвлөгөө гаргах, Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаарах хоёр дээр тэдний үйлдлээс гарах үр дүн адилхан байдаг уу? Үгүй, үр дүн нь яавч адилхан байдаггүй. Тэд илчлэгддэг бөгөөд ийм зан авир үүргээ биелүүлж байгаад тооцогддоггүй; ийм хүний үйлдлийн мөн чанар болон уг чанар өөрчлөгдсөн байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Үнэнч шударга хүн байхыг хэрэгжүүлэхдээ эхлээд өдөр бүр Бурханд зүрх сэтгэлээ уудалж, залбирч, сэтгэлдээ юу байгааг Бурханд хэлж сурах ёстой. Өнөөдөр чи худлаа хэлсэн гэж бодъё; үүнийг хэн ч хараахан мэдээгүй, мөн чи хүн болгонтой илэн далангүй байхаар хараахан зориглоогүй байна. Наад зах нь чи өнөөдөр биеэ авч явах байдлаасаа шинжиж, олж илрүүлсэн алдаа эндэгдэл, худал хуурмаг, худал үгийг даруйхан Бурханд аваачиж, нүглээ улайж, “Өө Бурхан минь, би дахиад л худал хэлчихлээ. Ийм тийм юмны төлөө тэгсэн юм. Намайг сахилгажуулаач гэж Танаас гуйя” гэж хэлэх ёстой. Хэрэв чи тийм хандлагатай байвал Бурхан чамайг хүлээн авч, үүнийг санах болно. Худал хэлдэг дутагдал буюу завхарсан зан чанарыг засахад чамаас маш их хүч, хөдөлмөр шаардаж магад, гэхдээ хэзээ ч бүү ай. Бурхан чамтай хамт байгаа бөгөөд энэхүү ужгирсан саад бэрхшээлийг давахад чамайг замчилж, тусалж, худал хэлэхгүй байх, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх, мөн юу гэж худал хэлсэн, яагаад худал хэлсэн, ямар санаархал, зорилготой байснаа хүлээн зөвшөөрч, үнэнч биш, ов мэхтэй хүн гэдгээ хүлээх зориг оруулна. Түүнчлэн Тэр чамд энэ саадыг давж, Сатаны торноос мултарч, хяналтаас нь гарах эр зориг хайрлана. Ингэснээр чи аажмаар гэрэлд, Бурханы удирдамж, ерөөл дор амьдардаг болно. Махан биед баригдсан энэ саадыг даваад, үнэнд захирагдах чадвартай болсныхоо дараа чи эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдсөн байх болно. Энэ маягаар амьдрахад хүмүүс чамд талтай болоод зогсохгүй Бурхан ч бас чамайг таалах болно. Заримдаа чи буруу үйлдэл хийж, худал хэлэх чадвартай хэвээр, үе үе өөрийн гэсэн санаархал, хувиа хичээсэн сэдэл, аминчхан, жигшүүртэй үйлдэл, санаа гаргах боловч Бурханы шинжилтийг хүлээн авч, өөрийн зүрх сэтгэл, бодит байдал, завхарсан зан чанарыг Бурханы өмнө илчилж чадах бөгөөд тийнхүү чи хэрэгжүүлэх зөв замтай болно. Хэрэв чиний хэрэгжүүлэх зам, урагшлах чиглэл зөв бол хэтийн ирээдүй чинь үзэсгэлэнтэй сайхан, гэгээлэг байх болно. Ийм маягаар зүрх сэтгэл чинь санаа амар амьдарч, сүнс чинь тэжээгдэж, элбэг дэлбэг, баяр баясгалантай мэдрэмж төрнө. Хэрэв махан биед баригдсан энэхүү саадыг давж чадахгүй, үргэлж сэтгэл хөдлөл, сатанлаг гүн ухаанд хүлэгдэж, үг, үйлдэл чинь үргэлж сэмхэн, далд байж, хэзээ ч өдрийн гэрэл үзэхгүй бол чи Сатаны эзэмшил дор амьдардаг нэгэн мөн. Үнэнийг ойлгож, махан биед баригдсан саадыг давж чадах үедээ чи аажмаар хүний төрхтэй болдог. Тэгээд илэн далангүй, шулуухан ярьж, үйлдэж, өөрийн ямар ч санаа, бодол, буруу хийсэн ямар ч зүйлийг бусдад үзүүлдэг бөгөөд ингэснээр хүмүүс үүнийг тод томруун харж, эцэстээ чамайг ил тод хүн гэцгээнэ. Ил тод хүн гэж юу вэ? Энэ нь худал хэлдэггүй, үг яриандаа гойд үнэнч шударга, үгийг нь хүн болгон үнэн гэж итгэдэг хүн юм. Тэд өөрсдийн мэдэлгүй худал ярьж, буруу юм хэллээ ч санамсаргүй тэгсэн гэдгийг нь хүн болгон мэддэг болохоор тэднийг уучилж чаддаг. Энэ талаар мэдмэгцээ тэд эргэж ирээд уучлал гуйж, үүнийгээ залруулна. Энэ бол ил тод хүн юм. Ийм хүнд хүн болгон дуртай, мөн итгэж найдаж чаддаг. Хэрэв чи ийм түвшинд хүрч, Бурханы болон бусдын итгэлийг олбол эгэлгүй даалгавар биелүүлсэн байх болно—энэ бол хүний хүрч болох хамгийн дээд эрхэм чанар бөгөөд ийм хүмүүс л өөрсдийгөө хүндэлдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг шинжилж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь хальт харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, ёс зүйн өндөр чанартай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, туйлширдаггүй, амь бие хайргүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол ов мэхтэй байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй юм; туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм” гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч хүн байхыг хүсвэл Бурхан юм уу бусдын өмнө юу ч хийлээ гэсэн сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүнд цаг хугацаа шаардагддаг, үүнд дотоод тэмцэл шаардагддаг, бид тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Зүрх сэтгэл маань бага багаар нээгдэж, бид өөрсдийгөө ил болгож чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно.

Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Үнэнч шударга хүн байна гэдэг нь олон талтай асуудал, энэ нь хүний биеэ авч явах байдалтай олон өөр зүйл дээр хамааралтай байдаг гэсэн үг. Энэ нь чамаас асуулт асуухад “тийм”, эсвэл “үгүй” хариулахтай адил тийм ч энгийн зүйл биш. Бурхан чамд шууд үүрэг болгосон уу, чиний гүйцэтгэх ёстой үүрэг байна уу, хэн нэгэн чамд хэлсэн байна уу хамаагүй, эсвэл энэ нь чиний биеэ хэрхэн авч явдаг, асуудлыг хэрхэн зохицуулдаг эсэхтэй чинь холбоотой байна уу хамаагүй, ямар ч асуудалтай нүүр тулсан чи үргэлж үнэнч сэтгэлээр хандах ёстой. Аливаад үнэнч сэтгэлээр хандах хандлагыг хүн хэрхэн хэрэгжүүлбэл зохилтой вэ? Юу бодож байгаагаа хэлж, шударгаар ярь; албан үг хэллэгээр бүү ярь, чихэнд чимэгтэй, тал зассан, хоёр нүүртэй хуурамч зүйл бүү хэл, харин сэтгэлийнхээ үгийг хэлж, зүрх сэтгэлдээ байгаа жинхэнэ бодол, үзэл бодлоо илэрхийл—үнэнч хүмүүсийн хийвэл зохих зүйл энэ билээ. Зүрх сэтгэлдээ юу бодож байгаагаа хэзээ ч хэлж, задалдаггүй, амнаас гарах үг чинь хэзээ ч сэтгэлдээ бодож байгаатай чинь адилгүй байдаг бол үнэнч хүний гаргах зан энэ биш. Жишээлбэл, чи үүргээ сайн гүйцэтгээгүй гэж бодъё. Хэн нэгэн чамаас юу болсныг асуухад “би үүргээ сайн гүйцэтгэхийг хүссэн ч энэ, тэр шалтгааны улмаас чадаагүй” гэж чи хэлдэг. Үнэн хэрэг дээрээ, цалгар байснаа зүрх сэтгэлдээ мэдэж байгаа ч чи илэн далангүй, чин сэтгэлээсээ ярьдаггүй, тэгээд хариуцлагаас зугтаж, эсвэл бодит үнэнийг нуух бүхий л шалтгааныг хайдаг. Энэ нь үнэнч хүн байгаа хэрэг мөн үү? Ингэж хэлснээрээ чи аргалаад өнгөрч болох ч дотроо байгаа зүйлсийг шийдвэрлэхийн тулд ил гаргаагүй болохоор зүрх сэтгэлийг чинь энэ нь шаналгана. Хэрэв энэ нь зүрх сэтгэлд чинь үндэслэвэл төвөгтэй хэрэг болно. Чи илэн далангүй, шударга ярих ёстой: “Энэ үүргийг гүйцэтгэж байхдаа би бага зэрэг хайхрамжгүй байж, нухацтай хандаагүй ээ. Би хэсэгхэн мэрийн ажиллаж байснаа л жоохон назгайрчихдаг. Сэтгэл санаа сайхан үед би бага зэрэг төлөөс төлж чаддаг ч сайхан зантай биш байвал хүчин чармайлтаа сулруулан, төлөөс төлөх дургүй болж, лазагнан биеийн тав тухад шунадаг, тиймээс би үүргээ гүйцэтгэхдээ ямар ч үр дүнд хүрдэггүй юм. Өнгөрсөн хэдэн өдөрт би өөрийгөө эрс өөрчилж байна, бүтээмжээ нэмэгдүүлж, илүү хурдан ажиллахын тулд цаашид үүрэгтээ улам бүр сайн болохоор мэрийсээр байна”. Энэ хоёрын аль нь үнэнч шударга хариулт болохыг хүн сонсож чадах уу? Та нар юу гэж бодож байна? Эхний хариулт бол харьцалт туулахаас, асуудал байгааг нь бусад хүн олж мэдэх вий, шалгагдаад хариуцлага хүлээх болох вий гэхээс айсандаа үнэнийг далдалж, буруушаахыг няцаахын тулд урьдаас шалтаг олж, харьцалт туулахгүйн тулд хариуцлагаас зугтаж буй хүн өрсөж довтолж байгаа гэдэг нь тодорхой байна. Энэ бол тэдний худал хуурмагийн эх сурвалж. Хоёр дахь нь үнэнээ хэлж байгаа хүн байна, хэдийгээр тэр харьцалт туулж, хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тодорхой байгаа ч гэсэн энэ бол үнэн. Хүмүүсийн хэвийн байдал ийм л байдаг—чи юу ч хэлэхгүй байсан ч хүмүүс мэдэх л болно. Чи дуугүй байж, өөрийгөө зөвтгөн хамгаалах сонголт хийгээгүй, харин ч шулуухан ярьсан. Энэ нь чамайг үнэнч шударга хандлагатай агаад бодит үнэнийг далдалж, бусдыг мэхлэхийн тулд шалтагтайгаа гөжүүдлэн тууштай зууралдахын оронд өөрчлөлтийг эрэлхийлж байгаа гэдгийг чинь батална. Аль зам нь зөв бэ? Аль нь үнэнч шударга хүмүүсийн хэрэгжүүлдэг зам бэ? Нээлттэй байж, өөрийгөө илчилж, шударгаар ярьж, бодит байдал, бодит асуудлаа өчих—үнэнч хүмүүс ингэж л хэрэгжүүлдэг, ингэж хэрэгжүүлэх нь ч зөв юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Чи бусадтай харилцахдаа эхлээд үнэн зүрх сэтгэл, чин сэтгэлээ мэдрүүлэх ёстой. Хэрэв хүн бусадтай ярьж, холбоо тогтоож, хамтдаа ажиллаж байхдаа хааш яаш, сүржин, тал зассан, долигоносон, хариуцлагагүй, хий хоосон үгтэй, аль эсвэл зүгээр л бусдын тусыг эрж юм ярьдаг бол тэдний үг ямар ч үнэмшилгүй, тэд огтхон ч чин сэтгэлгүй байдаг. Хэн ч байсан, өрөөлтэй харилцах тэдний горим ийм ажээ. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг уу? Энэ бол үнэнч хүн биш. Хэн нэгэн зарим нэг дутагдалтай байгаад, чамд “Би яг яагаад ийм сөрөг байдгийг хэлээд өгөөч. Үүнийг ер ойлгож чадахгүй юм!” гэж чин сэтгэлээсээ, үнэнээ хэллээ гэж бодъё. Тэгээд чи тэдний асуудлыг үнэндээ зүрх сэтгэлдээ ойлгож байгаа хэр нь тэгж хэлэлгүй, харин “Зүгээр дээ. Би ч гэсэн үе үе сөрөг болдог юм” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг сонсож байгаа хүндээ маш их тайтгарал болдог ч чиний хандлага чин сэтгэлийнх мөн үү? Үгүй, тийм биш. Чи нөгөө хүндээ хайнга хандаж байна, тэдэнд илүү аятайхан санагдуулж, тайтгаруулахын тулд чи тэдэнтэй үнэнчээр ярихаас зайлсхийж байна. Тэднийг сөрөг байдлаа ардаа орхиж чаддаг болгохоор чин сэтгэлээсээ тэдэнд туслахгүй байна. Тэднийг тайтгаруулж, тэд нараас хөндийрөх юм уу зөрчил маргаан гаргахгүй байхыг хичээгээд л чи маш өчүүхэн зүйл хийж өгсөн—үнэнч шударга хүн байна гэдэг ийм байдаггүй юм. Тэгвэл иймэрхүү нөхцөлтэй тулгарах үедээ үнэнч шударга хүн яах ёстой вэ? Үзэж харж, таньж мэдсэн зүйлээ тэдэнд ингэж ярьж өг: “Би юу харж, юу туулснаа чамд хэлье. Миний хэлж байгаа зүйл зөв үү, буруу юу гэдгийг чи шийд. Буруу байвал чи хүлээн зөвшөөрөх албагүй. Зөв байвал чамайг хүлээн авна гэж найдъя. Хэрвээ би сонсоход хэцүү, сэтгэл шархлуулах юм хэлбэл та Бурханаас хүлээн авч чадна гэж найдъя. Миний санаа, зорилго бол чамд туслах явдал. Бардам зан чинь шархалсан байна, би энэ асуудлыг тодорхой харж байна. Өөрийгөө өргөмжлөх үзлийг чинь хэн ч тордохгүй байна, тэгээд бусад бүх хүн чамайг дорд үзэж, дайрч давшилж байна, ингэж их хэлмэгдэж байсан удаагүй гэж чи боддог. Үүнийг чи тэвчиж чадалгүй, сөрөг болдог. Та юу гэж бодож байна? Үнэхээр ийм зүйл болж байгаа юу?” Үүнийг сонсоод тэд үнэхээр тийм байгааг мэдэрдэг. Зүрх сэтгэлд үнэндээ ийм зүйл байгаа ч хэрэв чи үнэнч шударга хүн биш бол үүнийгээ хэлэхгүй. Харин, “Би ч гэсэн байнга сөрөг болдог” гэж хэлэх бөгөөд хүн болгон сөрөг болдог гэж нөгөө хүн нь сонсоод үүнийг хэвийн гэж бодож, эцэстээ сөрөг байдлыг ардаа орхидоггүй. Хэрэв чи үнэнч шударга хүн байгаад, тэдэнд үнэнч хандлага, үнэнч зүрх сэтгэлээр тусалбал үнэнийг ойлгож, сөрөг байдлыг ардаа орхиход нь тус болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Хүмүүс ямар зарчмын дагуу Христтэй харилцах ёстой вэ? Зусардаж, таалагдахаар оролдож, таатай мэдрэмж төрүүлэхийн тулд үгээ цэгнэх тухайд хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Чин үнэнч бай, тэгээд зусардах эсвэл долигонох талаар бүү анхаар. Тал засах хэрэггүй, зүгээр л чин үнэнч бай. Үүнийг яаж тусгайлан хэрэгжүүлэх ёстой вэ? Чин үнэнч байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд яаж ханддагт анхаарал хандуулахын оронд зүрх сэтгэлдээ юу байгааг хэл, харин үг чинь ямар үр дагавар дагуулах тухай бодож, санаа тавих хэрэггүй; бодож байгаа бүхнээ хэл, сэдлүүдээ хойш тавь, зарим нэг зорилгод хүрэхийн тулд л бүү ярь. Хэтэрхий их хувийн санаа зорилго тээх үедээ чи юм ярихдаа үргэлж тооцоолж байдаг. “Би тэгж биш, ингэж хэлэх хэрэгтэй, хэлэх зүйлдээ болгоомжтой хандах ёстой, би зорилгодоо хүрэх ёстой”—энд хувийн сэдэл орсон байна уу? Үг хэлэхээсээ ч өмнө чи оюун санаан дотроо аль хэдийн хэд хэд давтан ярьсаар, хэлэх гэж байгаа зүйлээ олон удаа боловсруулж, толгой дотроо олон удаа шүүсэн байдаг. Амнаас чинь гарах үедээ эдгээр үг Сатаны ов мэхтэй явуулгыг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, амнаас чинь гарах үг сэдэл, хувийн зорилго өвөрлөж байдаг; тийм үг үнэн сэтгэлийнх биш бөгөөд зүрх сэтгэлээс гардаггүй. Энэ бол чин үнэнч байгаа хэрэг биш. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг муу санаа зорилго өвөрлөх гэдэг юм. Үүнээс гадна, чи ярьж байхдаа магадгүй нүүр царай, нүдний илэрхийллийг тогтмол ажиглаж магадгүй бөгөөд Түүний илэрхийлэл тааламжтай байвал л яриагаа үргэлжлүүлдэг. Тааламжгүй илэрхийлэл олж илрүүлэх үедээ чи амаа хамхидаг. Түүнд сонссон зүйл нь таалагдаагүйг харсан даруйдаа чи ярихаа больдог. Тэр сонирхохгүй, чамайг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа мэт санагдсан даруйд чи дотроо “Юу хэлбэл сонирхлыг тань татаж, Та надад анхаарал хандуулахыг хүсэх бол? Яаж Танд өөрийгөө сайн гэж бодогдуулах вэ? Яаж Танд таалагдах вэ? Миний талаарх Таны сэтгэгдлийг яаж өөрчлөх вэ? Юу хэлбэл Таныг баярлуулж, Та надтай харьцахгүй байх бол? Бодит нөхцөл байдлыг Танд мэдэгдэхгүйн тулд би юу хэлэх вэ? Таны сонсох дургүй сэдвээс би хэрхэн зайлсхийх вэ? Үүнд хүрэхийн тулд юу ч хэлэх ёстой байсан, би хэлнэ” гэж боддог. Чин үнэнч байх гэдэг нь энэ үү? (Үгүй, биш.) Зарим хүн: “Хэрэв Та энэ зүйлийг мэдээгүй бол би мэдээлэхгүй. Харин, өөр хэн нэгний мэдээлэхийг хүлээж байгаад, дараа нь л бусдыг дагаж энэ тухай ярих болно. Ингэснээр миний мэдээлэл үнэн гэдгийг Танд мэдэгдэнэ, харин би түрүүлээд мэдээлэх юм бол харьцалт туулж магадгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ, би тэр хөхөө болмооргүй байна. Би яавч түрүүлж урагш алхах хүн байж болохгүй” гэж боддог. Энэ нь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Чи хэн нэгний талаар тодорхой нэг үнэн мэдээлэл олж мэдсэн гэж бодъё, хэрэв мэдэж байгаа хүн нь ганцхан чи бөгөөд бусад нь бүгдээрээ мэдэхгүй, тэр хүнийг сайн хүн гэж бодсоор байвал, Христ ч мөн адил энэ мэдээллийг мэдэхгүй байгаа бол ийм нөхцөлд чи Христэд энэ талаарх бүх үнэнийг хэлэх үү? Хэрэв нууж, далдлаад энэ талаар хэзээ ч юу ч хэлэхгүй, хэзээ ч илчлэхгүй, зөвхөн тэр хүнийг хэн болохоо харуулаад, албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм уу Бурханы гэрээс хөөгдсөний дараа л өндийн босож, санаагаа хэлэх юм бол энэ чинь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Асуудал гаргаад хэн ч ил болсон бай, эсвэл өөр ямар ч асуудал мэдээлэгдсэн бай, чи үргэлж хамгийн сүүлд дуугарах нэгэн нь байдаг. Энэ нь чин үнэнч байгаа хэрэг мөн үү? Чи хувьдаа хэн нэгэнд дургүй, эсвэл хэн нэгэн чамд өс санадаг гэж бодъё. Тэр хүн муу хүн байх, эсвэл ямар нэг муу үйл хийсэн байх албагүй ч чи түүнийг үзэн яддаг ба түүнийг уналтад оруулж, тэнэг мэт харагдуулахыг хүсдэг болохоор түүний талаар ямар нэг муу зүйл хэлэх арга замыг бодож, боломжийг хайдаг. Хэдийгээр чи энэ тухай тухай тодорхой зүйл хэлэхгүйгээр ярьж байж болох ч асуудалд өгч байгаа тайлбар бүрээс чинь чиний сэдэл илэрхий болдог. Чи Дээрхийн гарыг ашиглан тэдэнтэй харьцахаар оролдож байна. Өнгөн дээрээ чи үнэн бодит баримтыг л ярьж байгаа мэт харагдавч тэдгээрт чиний хувийн сэдэл холилдсон байдаг; энэ бол чин үнэнч байгаа хэрэг биш.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Хоёрдугаар хэсэг)”-оос эш татав

Шулуун шударга байж чадна гэдэг нь үнэнч шударга хүн байхыг хэлнэ. Энэ нь хүн зүрх сэтгэл, сүнсээ Бурханд бүрэн нээж, юу ч нуухгүй, юунаас ч нуугдахгүй байна гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч, бүрэн харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өөрийгөө бүхэлд нь Бурханд өгдөг. Хэрэв Бурхан тэднийг муу гэж хэлбэл тэд санал нийлдэг. Бурхан тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэвэл тэд санал нийлж, бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэд үүнтэй санал нийлчхээд л, зүгээр орхичхож болох уу? Тэд гэмшиж, үнэн-зарчмыг олж авахаар мэрийж, олж мэдсэн алдаагаа залруулж, алдааныхаа үндсийг эрэлхийлэх л ёстой. Тэгвэл нэг л мэдэхэд тэд бүхий л алдаатай зан авираа засаж, мэхэлж, хуурч, зайлсхийж, аливаад хааш яаш ханддаг байдлаа улам бүр багасгадаг. Ийм маягаар удаан амьдрах тусмаа тэд улам ний нуугүй, шударга болж, үнэнч хүн болох зорилгодоо улам ойртдог. Энэ бол гэрэлд амьдарч буй хэрэг. Энэ бүх алдар Бурханы л ач! Бурхан л хүмүүсийг гэрэлд амьдруулдаг—хүмүүст онгироод байх юм юу ч байхгүй. Хүмүүс гэрэлд амьдарч байхдаа бүх үнэнийг ойлгож, Бурханаас эмээх сэтгэлтэй болж, тулгарсан асуудал бүрд үнэнийг эрж хайхаа мэддэг болж, хүний төрхтэй амьдардаг. Хэдийгээр тэднийг сайн хүн гэж бүрэн дүүрэн хэлж болохгүй ч Бурханы нүдэнд тэд зарим нэг хүний төрхтэй, хэдэр, дайсагнасан зангаа гээсэн, Бурханыг эсэргүүцэж, Түүнийг жигшин голох аюулыг гэтэлсэн гэж харагддаг. Хэдийгээр тэдэнд үнэний талаар маш гүнзгий ойлголт байхгүй байж болох ч дуулгавартай дагаж чаддаг бөгөөд тэдэнд ажил юм уу үүрэг даалгахад бүх зүрх сэтгэл, оюун санаагаа дайчлан, бүхий л чадлаараа хийж чаддаг. Тэд итгэл даасан, Бурхан тэдний талаар огт санаа зовдоггүй—ийм хүмүүс гэрэлд амьдардаг. Гэрэлд амьдардаг хүмүүс Бурханы шинжихийг хүлээн авч чаддаг уу? Тэд зүрх сэтгэлээ Бурханаас нуусан хэвээр байх болов уу? Жижигхэн заль гаргасаар байдаг уу? Тэдэнд нууц байдаг уу? (Үгүй ээ.) Тэдний зүрх сэтгэл Бурханд бүрэн нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, юуг ч ямар нэг байдлаар нуудаггүй, тэдэнд хэлэхээсээ ичих зүйл, ичсэндээ толгой гудайх зүйл юу ч байдаггүй. Тэд бүхнээ Бурханд зориулдаг, харин Бурхан бүгдийг нь мэдэж байдаг. Хүмүүс үүнд хүрч чадах үедээ сэтгэл амар, тайван, эрх чөлөөтэй амьдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Өмнөх: 121. Хэвийн хүн чанарыг амьдран харуулах зарчмууд

Дараах: 123. Бурханд итгэх итгэлдээ ухаалгаар үйлдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх