34. Сатаны нөлөөнөөс ангижрах зарчмууд

(1) Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, өөрийнхөө завхралын үнэн мөнийг болон мөн чанарыг үнэхээр мэдэж авч, зүрх сэтгэлийнхээ угаас Сатаныг үзэн ядаж, хаях шаардлагатай;

(2) Бурханы үгийг идэж уухад анхаарлаа төвлөрүүлж, бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, завхралын илэрхийллээ эргэцүүлэн, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болох шаардлагатай;

(3) Агуу улаан луу, антихристүүд, хуурамч удирдагчид, ёрын муу сүнс, ёрын муу хүмүүсийг ялган танихын тулд үнэнээр зэвсэглэж, Сатаны мэхлэлтэд автахгүй байхаа баттай болгох шаардлагатай;

(4) Бүх үнэнийг хүлээн авах шаардлагатай бөгөөд Бурханыг үнэхээр мэдсэнээр амьдрал болон үнэт зүйлсийн талаар шинэ үзэл бодолтой болж, улмаар Бурханыг хайрлаж, дуулгавартай дагадаг хүн болох шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.

Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд Өөрийн баялгийг эдлүүлж, Өөрийгөө тэднээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүмүүс Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ “үхмэл хүмүүс” Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм; тэд бол сүнс нь мэдрэлгүй бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уусан ч гэсэн Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьд боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах ямар ч чадваргүй бөгөөд Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүх хэв маягаараа Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс эш татав

Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай.

Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Чи өөрийгөө Түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог, Түүнд хааш яаш байдлаар ханддаг, оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа; өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс үнэндээ Түүний үгээр амьдардаг, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай. Хүн Бурханд итгэхээс хэтэрдэггүй бөгөөд тэрээр Бурханыг мэддэггүй учраас аанай л хуучин дүрэм журмаар, үхмэл үгс дунд, харанхуй, тодорхойгүй амьдралаар амьдарч, Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөсөн авхуулаагүй байна. Иймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдардаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл Ариун Сүнс өөрсөд дээр нь ажиллаагүйн улмаас харанхуйн нөлөөн дор амьдарсаар байдаг. Бурханы нигүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон Ариун Сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд амьдардаг; Бурханы нигүүлслийг эдэлдэг мөртөө Түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөнд өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан байдаг тул Бурхан оршин байдагт итгэдэггүй хүмүүсийг бол ярихын ч хэрэггүй юм.

Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авч, харанхуйн нөлөөнөөс ангижирна. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж удирдуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа хүмүүс бол Сатанд боолчлогдон, үхлийн уур амьсгалд амьдарч байгаа хүмүүс юм. Үүрэгтээ үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулган дахь чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатайгаар үймүүлдэг, ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг, эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр гүн харанхуйн нөлөөн дор, Сатаны боолчлолд амьдардаг. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн юм хүсдэг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарыг өөрчлөхөөр огтхон ч эрж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга, нухацтай бус байж, Бурханы хүсэлд нийцүүлэхийг хичээдэггүй, оронд нь өөрсдийн махан биеийг л хангахыг хичээдэг хүмүүс ч бас харанхуйн нөлөөн дор, үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс билээ. Бурханы төлөө ажиллахдаа шударга бус байдал, заль мэх ашигладаг, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурханыг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой; тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярихын ч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг яваандаа олж мэдэн, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэд Бурханы тухай үзэл тээдэггүй, Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам, урьд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл, тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх жинхэнэ хайр бий болдог. Харанхуйн нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ бүрэн эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг; тэдний зүрх сэтгэл хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?

Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас Ариун Сүнсний ажил, нөгөө талаас хүний чин сэтгэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж Би яагаад хэлдэг вэ? Зөв замд орсон хүмүүс юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна. Энэ бол ороход маш удаан хугацаа шаардагддаг даалгавар юм, учир нь хүн төрөлхтөн үргэлж харанхуйн нөлөөн дор амьдарсаар ирсэн бөгөөд Сатаны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн. Тиймээс энэ оролтод ганц хоёрхон хоногийн дотор хүрч чадахгүй. Хүмүүс өөрсдийн байр байдлыг ойлгоосой гэсэндээ Би энэ асуудлыг өнөөдөр хөндлөө; харанхуйн нөлөө гэж юу болох, гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт хавьгүй амархан болдог. Яагаад гэвэл, Сатаны нөлөөнөөс ангижрахаасаа өмнө Сатаны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой; ингэсний дараа л чи үүнээс ангижрах замыг олно. Түүнээс хойш юу хийх вэ гэдэг бол хүний өөрийнх нь асуудал. Бүх зүйл рүү эерэг талаас ор, хэзээ ч бүү идэвхгүйгээр хүлээ. Ийм маягаар л чи Бурханаар авхуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрэлхийлж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм. Одоо та нарын дунд үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүст саад хийж, тэднийг бүдрүүлдэг зарим хүн байж болзошгүй, тэд тэр хүмүүсийн дайсан мөн. Та нар үүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Энэ баримттай нүүр тулж, үүнийг баримт гэж хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй хүмүүс бий. Бодит байдал дээр, чуулганд эдгээр зүйл үнэхээр оршин байдаг; зүгээр л хүмүүс тэднийг ялган таньж чаддаггүй. Хэрвээ чи антихристүүдийн туршилт гэх энэ туршилтыг давж чадахгүй бол антихристүүд чамайг хууран мэхэлж, хянах юм уу чамайг зовоож, тамлаж, шахан зайлуулж, дарангуйлж, хүчирхийлнэ. Эцэст нь өчүүхэн жаахан амь чинь удаан тэсэлгүй хатах болно; чи Бурханд итгэлтэй байхаа больж, Түүнийг орхин яваад, “Бурхан бүр зөвт ч биш юм байна; Бурхан хаана байгаа юм бэ? Энэ ертөнцөд ямар ч зөвт байдал, гэрэл алга, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал гэх юм алга. Бид ажиллаж, мөнгө олж өдөр хоногоо нөхцөөсөн нь дээр юм байна!” гэж хэлнэ. Чи Бурханыг үгүйсгэж, Бурхан оршдог гэдэгт итгэхээ больдог; аврал хүртэх бүх найдлага чинь бүрмөсөн үгүй болдог. Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг жигшдэг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн авдаггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авах боломжийг энэ нь надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би Танаас гуйя, санаа амраасан хэдхэн үг байлаа ч гэсэн миний хамгийн их тайвшралыг надаас бүү аваач гэж би Танаас хүсэж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, мөн намайг илүү их баяжуулж, намайг илүү их өөрчилж чадах ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгож чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хүн бүхий л амьдралдаа Сатаны эзэмшил дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авч чадахгүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөний хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа бус уу? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, бохир заваан, дуулгаваргүй гэдгээ бүр ч мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь завхарсан байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэхүү санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүмүүс хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан бие рүү бага багаар халдан довтолдог. Газар дээр чи үзэсгэлэнтэй сайхан диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болон амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшлийн хяналтад байж, оюун санаа чинь Сатанд захирагдах ба бодлыг чинь Сатан зохион байгуулж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Чи одоо Петрийн стандартаас яг хэр хол байгаагаа мэдэж байна уу? Чамд тийм хэв чанар байгаа юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж авч чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи махан биеийн амар тайван, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй байх ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тийм болохоор тэд яаж төгс болгуулж чадах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Зүгээр л зан үйл мөрдөж, ердийн үйл ажиллагаанд оролцдог шашны итгэгчдийн адилаар тэд Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар нухацтай ханддаггүй. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи үүнийг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.

Төгс болгуулах хүмүүсийн хувьд байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; хүн байлдан дагуулагдмагцаа л төгс болгуулах ажлыг туулж чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг л биелүүлэх нь тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, шинэчлэхээр эрэлхийлдэггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу байдаггүй бол мэдээж зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 33. Агуу улаан лууг хаях зарчмууд

Дараах: 35. Жинхэнэ итгэлтэй байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх