95. Бусдыг Бурханы өмнө аваачих зарчмууд

(1) Бүх хэрэг явдал дээр Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг агуу гэж өргөмжлөх шаардлагатай. Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болж, үүргээ гүйцэтгэж, Түүний шаардсанаар Түүнд үйлчил;

(2) Бурханы ажилд гэрчлэл хийж сурах, Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, Бурхан тэднийг хэрхэн авардгийг бусдад харуулах шаардлагатай, ингэснээр тэд Бурхан руу үнэхээр буцан очих боломжтой;

(3) Асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж дадах шаардлагатай бөгөөд энэ нь хүнийг үнэний талаар ойлгож, жинхэнээсээ гэмшихэд хүргэдэг болохоор бүгд Бурханы өмнө дуулгавартай байж, Түүнд шүтэн мөргөж болох юм;

(4) Бурханы үгийг идэж ууж, Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахад бусдыг хөтлөх шаардлагатай, ингэснээр тэд Бурханы ариун, зөвт байдлыг мэдэж, Түүнийг үүрд магтана.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх—эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг туршиж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж байсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Өөрийнхөө хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи, Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харахыг, чамд хүслээ илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой; Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэхийг, Тэр яаж чамайг сахилгажуулж, чамтай харьцдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрлах хайр чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Чи одоо яг юунаас болоод зовж, төгс болгуулахаар эрж хайдаг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол энэ хоёр эрэл хайгуулын арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрд үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Эдгээр үгийг Бурханд Өөрт нь хамааруулан хэлсэн бөгөөд хүмүүсийн хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханд гэрчлэл хийхийн тулд кино зураг авах ч бай, магтан дуу дуулах ч бай, та нарын одоо дор бүрнээ гүйцэтгэдэг үүрэг хүн төрөлхтний хувьд ямар нэг үнэ цэнтэй юу? Эдгээрийн үнэ цэн юунд оршдог вэ? Хүмүүсийг Бурханы үгийг уншиж, зөв замаар явахад хүргэж, улмаар тэд бүгд бүтээгдсэн зүйлсийн тоонд ордгоо ойлгож, бүгд Бүтээгчийн өмнө ирдэгт эдгээрийн үнэ цэн оршдог. Тэдэнд ойлгодоггүй олон асуудал байдаг бус уу? Тэд арга мухарддаг бус уу? Тэдний сэтгэл эзгүйрдэг бус уу? Тэд сүнслэг дэмжлэггүй амьдарч байгаагаа мэдэрдэг бус уу? Тэдэнд амьдрал эцэж цуцмаар санагддаг бус уу? Энэ бүгдийн уг язгуур юу вэ? Үүний хариу Бурханы үгэн дотор байдаг. Та нар тэдний санаа бодлыг залж, тэднийг Бурханыг эрж хайх, зөв замыг эрж хайх, Бүтээгчийг олох, мөн Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагаж, ойлгож, мэдэхэд залж чиглүүлэх гэсэн үр дүнд хүрэхийн тулд эдгээр үүргийг гүйцэтгэдэг. Тэд юун төлөө амьдарч байгаа эсэх, өөрсдийнх нь амьдрал ямар үнэ цэн, утга учиртай эсэх, хэрхэн амьдрах учиртай эсэхээ энэ маягаар л ойлгоно. Иймээс та нар үүргээ биелүүлэхдээ залбирлаа улам эрчимжүүлж, зүтгэл гаргах ёстой. Залхуу биш, мэрийлттэй бай. Зарчмын дагуу үйлдэж, хамтдаа илүү ойр ойрхон нөхөрлө. Бурхан энэ хүн төрөлхтнийг бүтээмэгц, удирдлагын төлөвлөгөө гэж гарсан. Өнгөрсөн хэдэн мянган жилд энэ хүн төрөлхтөн Бүтээгчид гэрчлэл хийх ямар ч дорвитой хариуцлага үүрч, даалгавар хүлээгээгүй бөгөөд хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн ажил харьцангуй нууцлаг, энгийн байсан. Харин эцсийн өдрүүдэд байдал өөр болж, та нар дорвитой хариуцлага үүрдэг! Энэ нь ямар талаар дорвитой байдаг вэ? Бурханы үгийг түгээхээс гадна, бүтээгдсэн хүн бүрд Бүтээгчийн төлөө гэрчлэл хийх нь бүр ч чухал байдаг. Түүнчлэн та нар бас Бурханы сайн мэдээг сонссон бүтээгдсэн хүн бүрийг Бүтээгчийн өмнө аваачих ёстой, тэгснээр тэд Бурхан яагаад хүн төрөлхтнийг бүтээснийг ойлгож, бүтээгдсэн хүний хувьд Бүтээгчийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн дээд эрх, зохицуулалт, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөх ёстойгоо ойлгож болох юм. Ердөө л бүжиг бүжиж, магтан дуу дуулснаар үүнийг биелүүлж чадах уу? Ажлын ердөө ганцхан талыг хийх нь хангалтгүй. Бүтээгчийн үйл хэрэгт болон Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтад гэрчлэл хийхийн тулд та нар янз бүрийн арга барил, хэлбэрийг ашиглах ёстой. Ингэснээр илүү олон хүнийг Бүтээгчийн өмнө авчирч чадах бөгөөд улмаар тэд Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж болох юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бүтээгдсэн зүйлийн үүргийг сайн биелүүлснээр л хүний амьдрал үнэ цэнтэй болдог”-оос эш татав

Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг эзэмшээгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм. Нэг өдөр хилийн чанадад сайн мэдээ түгээж байхад чинь хэн нэгэн чамаас “Чиний Бурханд итгэх итгэл хэр байна?” гэж асуувал чи “Бурханы үйлдэл үнэхээр гайхамшигтай!” гэж хэлж чадна. Хүмүүс чиний үг бодит туршлагыг илэрхийлж буйг мэдрэх болно. Энэ л үнэхээр гэрчлэл хийж буй явдал юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн, Түүний чамд хийсэн ажил чамайг бүрэн үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан гэж чи хэлнэ. Чи Түүнийг үргэлж хайрлах болно. Учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх хангалттай гавьяатай! Хэрэв чи ийм зүйлсийг ярьж чадвал хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд нь гэрчлэл хийж буй хэрэг юм. Хэрэв чи цангинасан гэрчлэл хийж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж чадвал энэ нь Бурханд хайртай нэгэн мөн болохыг чинь харуулдаг. Учир нь чи Бурханд хайртайгаа гэрчилж чаддаг, чамаар дамжин Бурханы үйлдэл гэрчлэгдэж чаддаг билээ. Чиний гэрчлэлээр дамжуулан бусад хүн Бурханы ажлыг эрж хайн, туулах болсон бөгөөд ямар ч орчинд туулдаг байсан тэд бат зогсож чадна. Энэ бол гэрчлэл хийх цорын ганц жинхэнэ зам бөгөөд чамаас одоо яг үүнийг л шаарддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Чуулганы удирдагч, ажилчдын хувиар та нар Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж, Бурханы гэрчлэгч болон үйлчлэхийг хүсвэл хамгийн гол нь хүмүүсийг аврах Бурханы зорилт, Бурханы ажлын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Бурханы хүсэл, хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгох ёстой. Хичээл зүтгэл чинь бодитой байх ёстой; ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж, мэддэг зүйлээ л ярь. Битгий онгир, бүү дэгсдүүл, хариуцлагагүй үг бүү хэл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшиж, дараа нь чамд зэмлүүлсэн мэт санагдана; ингэх нь дэндүү зохисгүй юм. Чи бусдыг үнэнээр хангах үедээ үнэнийг хүртээхийн тулд заавал харьцаж, загнах албагүй. Чи өөрөө үнэнгүй бөгөөд бусадтай гагцхүү харьцаж, загнадаг бол тэд чамаас айх боловч тэглээ гээд тэд үнэнийг ойлгож байгаа гэсэн үг биш. Захиргааны зарим ажилд бусадтай тодорхой хэмжээнд харьцаж, тэднийг засаж, сахилгажуулж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, гагцхүү эзэрхэг аашилж, бусдыг загнахаа л мэддэг бол завхрал, муу муухай чинь илчлэгдэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамаас амийн хангалт, бодитой зүйл олж авч чадахгүй болохоороо чамайг жигшиж, чамд ой гутдаг болно. Ялган таних чадваргүй хүмүүс чамаас сөрөг зүйл сурна; бусадтай харьцаж, засаж, уурлаж, уураа барьж чадахгүй байхыг сурна. Энэ нь бусдыг Паулын зам руу, мөхлийн зам руу хөтөлж байгаатай агаар нэгэн бус уу? Энэ ёрын муу үйл бус уу? Чиний ажил үнэнийг ярилцаж, бусдыг амиар хангахад төвлөрөх ёстой. Чи гагцхүү бусадтай сохроор харьцаж, сургаал айлддаг бол тэд ер нь яаж үнэнийг ойлгох юм бэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс үнэхээр хэн болохыг чинь харж, чамайг орхино. Ийм маягаар чи яаж Бурханы өмнө бусдыг авчирна гэх хүлээлттэй байж чадна вэ? Үүнийг яаж ажил хийж байна гэх юм бэ? Энэ маягаар ажилласаар байвал чи бүх хүнийг алдана. Ер нь чи ямар ажил гүйцэлдүүлэх гэж найддаг юм бэ? Зарим удирдагч асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг ярих чадваргүй байдаг. Оронд нь зүгээр л бусдыг айлган, өөрсдийг нь дуулгавартай дагадаг болгох гэж бусадтай сохроор харьцаж, эрх мэдлээ гайхуулдаг. Тийм хүмүүс бол хуурамч удирдагчид, антихристүүд юм. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс чуулганы ажил хийх чадваргүй бөгөөд Бурханд үйлчилж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Үнэнийг нэгтгэн дүгнэхдээ та нар хазайсан; энэ бүх дүгнэлтийг хийсний чинь дараа энэ нь зөвхөн дүрэм журмыг л бий болгосон. Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлдэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний зорьсон утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу, Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хүмүүс хоосон сургаалын энэ талыг, мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Тэд бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаных нь дараа юу болдог вэ? Тэд туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш, тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Тиймээс, чиний эмхэтгэдэг тэр номууд бусдыг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, дүрэм журам, ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Ар араас нь асуулт тавиад, дараа нь асуултдаа хариулж, үүндээ зориулан дүгнэлт, тойм бичнэ, ах эгч нар үүнийг ойлгоход хялбар болно гэж чи бодож байгаа бөгөөд эдгээр асуудал санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ хүмүүсийн ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ зорьсон утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй. Сүнслэг онолын талаар ярьж чаддаг байх нь хүмүүсийн үнэн-бодит байдалд орох явдлыг орлож чаддаг байсан бол та нар чуулгануудыг удирдах шаардлагагүй байх байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Илүү их үнэнийг ойлгох тусам үүргээ хэрхэн сайн гүйцэтгэж, үнэн-бодит байдалд орох тухай ойлголт чинь улам их болдог. Ойлголт чинь нэмэгдэхийн хэрээр амь чинь мөн адил өсдөг; амь чинь өсөхийн хэрээр дотоод байдал чинь улам бүр хэвийн болж, чамайг үймүүлж, удирдаж, хязгаарладаг байсан хүмүүс, юмс чиний хувьд асуудал байхаа болино. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь аажимдаа улам бүр хэвийн болдог. Чи Бурханд хэрхэн найдаж, Түүний хүслийг хэрхэн эрж хайх, хаана байх ёстой, юуг хийж болох болохгүй, юуг хайхарч, юуг хайхрах ёсгүйгээ мэддэг бөгөөд үр дүнд нь чиний байдал улам бүр хэвийн болохгүй гэж үү? Ингэж амьдрах нь илүү амар бус уу? Амар амьдралаар амьдарснаар зүрх сэтгэл чинь гэрэлтэй, уужим болохгүй гэж үү? Тэгээд ихэнхдээ аз жаргалтай байхгүй гэж үү? Чамайг ихэвчлэн аз жаргалтай байх үед хүмүүст чиний сэтгэлзүйн байдал таалагддаг; чи хүмүүст нүдэнд харагдахгүйгээр сургамж өгөх чадвартай болдог. Ийм үед үг, үйлдэл чинь хэмжүүр, зарчимтай байдаг, сөрөг, сул дорой хүнийг харах үедээ чи тэдэнд амин чухал тусламжийг үзүүлж чаддаг. Чи хүмүүст сургаал айлдаж, хорьж цагддаггүй, харин жинхэнэ туршлагаа ашиглан тэдэнд тусалж, дэм болдог. Тиймээс чи Бурханы гэр дотор зүгээр нэг өөрийгөө дайчилдаг хүн байхаа больж, харин хэрэгтэй, ачаа үүрч чаддаг, Бурханы гэрт илүү утга учиртай зүйл хийж чадах нэгэн болдог. Ийм хүмүүст бусад хүн дуртай байж, дотноор угтдаг бус уу? Тэгвэл Бурхан тийм хүмүүсийг хэрхэн хардаг вэ? (Тэр тэднийг хараад баясдаг.) Тэр яагаад тэднийг хараад баясдаг вэ? Хэрэв чи амийн оролтод хүрсэн, Бурхан болон үнэний өмнө байнга амьдардаг, бас бусдыг тийнхүү үйлдэхэд залж чиглүүлдэг нэгэн бол чи тэднийг Бурханы өмнө хөтлөн авчирч байгаа хэрэг бус уу? Хэрэв эдгээр үнэн, иймэрхүү туршлага чамд байхгүй бол чи бусдыг Бурханы өмнө хөтлөн авчирч чадах уу? Чи өөрөө Бурханы өмнө амьдрах чадваргүй бол бусдыг Бурханы өмнө хөтлөн авчирч чадахгүй. Өөрийгөө дайчлах төдий болж, ихэнхдээ ёс төдий дайчилдаг бол чи Бурханы өмнө амьдардаг хүн биш. Бурханы өмнө амьдардаггүй хүмүүс Бурханы шинжихийг хүлээн авч чаддаг уу? Тэд Бурханы туршилт дор тэвчиж чадах уу? Түүний шалгалт дунд бат зогсож чадах уу? (Үгүй.) Тэгэхээр тийм хүмүүс Бурханы нэрийн өмнөөс гэрчлэл хийж чадах уу? Тэд Бурханыг гэрчилж чадах уу? (Үгүй.) Бурханыг гэрчилж чаддаггүй хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүс мөн үү? Ядахдаа л тэд Бурханы гэрийн үүдээр ч хараахан ороогүй байна! Учир нь тэд Бурханд олон жил итгэсэн боловч амийн оролтод хүрч чадаагүй, Бурханыг гэрчилж ч, Түүний талаар бусад хүнд гэрчилж ч чаддаггүй. Тийм хүмүүс бол Бурханыг гэрчлэгч биш!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Өмнөх: 94. Асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглах зарчмууд

Дараах: 96. Бурханыг өргөмжилж, гэрчлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх