104. Эерэг, сөрөг зүйлсийг ялган таних зарчмууд

(1) Ямар нэг зүйл Бурханы ажлын үр дүн бөгөөд Түүний таалалд нийцдэг эсэхийг, эсвэл Сатан болон муу ёрын сүнснээс ирдэг, тэд үүнийг боловсруулж, өнгөлөн далдалдаг эсэхийг тодорхойл;

(2) Энэ нь эрж хайж, эзэмш гэж Бурхан хүмүүсээс шаарддаг зүйл буюу Бурханы үг-үнэнтэй нийцдэг зүйл мөн эсэхийг—эсвэл дэлхий ертөнцийн чиг хандлагад харьяалагддаг, орчлонгийн хүмүүсийн хөөцөлддөг зүйл мөн эсэхийг тодорхойл;

(3) Энэ нь хүний амийг босгон байгуулдаг, ач тусаа өгдөг зүйл буюу хүнийг эерэг болгож, урам зориг оруулдаг зүйл мөн эсэхийг, эсвэл хүнийг завхруулж, сүйрүүлэн, сөрөг болгож, устгадаг зүйл мөн эсэхийг тодорхойл;

(4) Энэ нь хүнийг хэвийн хүн чанартай болгон сэргээж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөхөд хүнийг хүргэдэг зүйл эсэхийг, эсвэл хүнийг гажуудуулж, доройтуулж, үхэл рүү хөтөлдөг зүйл эсэхийг тодорхойл.

Холбогдох Бурханы үг:

Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм. Гэсэн хэдий ч нэг талаар, Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх баримтыг зөрчсөнөөс, нөгөө талаар, бүх зүйлийн хуулийг захирах Бурханы дээд эрхийн талаарх баримтыг зөрчсөнөөс хүн төрөлхтний оршин тогтнодог хууль үүссэн юм. Тэдгээр нь хүний төсөөлөл, үзлээс үүдэн гардаг, мөн Сатанаас гардаг. Сатан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Нэгдүгээрт, Сатан үнэний дүр эсгэдэг; хоёрдугаарт, тэр бүх зүйлийг бүтээсэн Бурханы бүтээлийн бүх зарчим, хуулийг үгүй хийж, үймүүлж, дэвсэлдэг. Тиймээс Сатанаас ирдэг зүйлс түүний мөн чанартай яг таардаг бөгөөд Сатаны хорон муу санаа зорилго, уруу таталт, хуурамч төрх, мөн Сатаны эцэс төгсгөлгүй санаархлаар дүүрэн байдаг. Завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг ялган таньж чадах эсэх, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрдөг, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг биширч, шүтэн мөргөж, номлодог эрин үеийн урт удаанаас үл хамааран, бас хэчнээн олон хүн тэдгээрийг биширч, шүтэж, номлодгоос үл хамааран тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй. Тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй, үргэлж сөрөг зүйлс хэвээр байна, учир нь тэдгээрийн мөн чанар, эх сурвалж, эх үндэс нь Сатан буюу Бурханы дайсан, үнэнд дайсагнадаг Сатан юм. Харьцуулах үнэн байхгүй үед тэдгээр нь өөрсдийгөө сайн, эерэг хэмээн дүр эсгэж болох ч тэдгээрийг задлан шинжилж, ил болгохоор үнэнийг ашиглах үед эмзэг тал нь гарч ирдэг. Тэдгээр нь бат зогсож чаддаггүй, бушуухан яллагдаж, ил болж, хаягддаг зүйлс юм. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханы бүтээсэн, хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээнд яг нийцдэг байхад хүнд Сатаны өгдөг зүйлс тэрхүү хэрэгцээнд яг харшилдаг. Энэ нь хэвийн хүнийг хэвийн бус, хэрээс хэтэрсэн, явцуу бодолтой, биеэ тоосон, мунхаг, ёрын муу, адармаатай, хэрцгий бөгөөд юу юунаас ч илүү, тэсэхийн аргагүй биеэ тоосон болгодог. Тодорхой нэгэн цагт тухайн хүн оюун санааны хувьд эрүүл бус болж, хэн гэдгээ ч мэдэхээ больдог. Тэд хэвийн хүн байхаас татгалзаж, харин хэвийн бус хүн шиг авирлах ёстой болдог; тэд жирийн хүн байхаас татгалзаж, харин дээд зэргийн хүн болох гэж зүтгэдэг—ингэж хүмүүсийн хүн чанар гажуудаж, ингэж зөн совин нь гажууддаг. Үнэн хүмүүсийг хэвийн хүн чанарын зарчим, хууль болон Бурханы тушаасан бүх зарчмын дагуу зөн совингоороо амьдрах чадвартай болгодог бол Сатаны онч мэргэн үг, хууль гээч зүйлс нь хүмүүсийг зөн совиндоо харшилж, Бурханы зарлигдаж, тушаасан хуулиас зугтахыг оролдож, бүр хэвийн хүн чанарын замыг орхиж, хэвийн хүн чанартай хүмүүсийн хийх ёсгүй, бодох ёсгүй хэрээс хэтэрсэн зүйлс хийхэд хүргэдэг яг тэр зүйл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Эерэг зүйлс гэж юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг юм. Гэхдээ хүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы хайр, зовлонг тэвчих хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй, даруу, нуугдмал байдал л Бурханыг шууд төлөөдөг. Учир нь Тэр ирэх үедээ нүгэлт уг чанаргүй байсан ба Сатаны төлөвшлийг олж авалгүйгээр Бурханаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлт бие махбодын төрхтэй болохоос биш нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолын мөчийг нь оролцуулаад) ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх Түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд Бурханыг шууд төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-ээс эш татав

Хүмүүс үнэнийг ойлгохгүй байгаа үедээ голдуу бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэх хандлагатай байдаг. Энэ нь юунд суурилдаг вэ? Нэг талаас энэ бол соёл уламжлал, нийгмийн боловсрол; нөгөө талаас энэ бол гэр бүлийн хүмүүжил болоод зөв буруу, хар цагааны тухай үзэл, ойлголт; өөр нэг талаас энэ бол сургуулийн боловсрол. Ерөнхийдөө бол энэ нь хүмүүст ийм ойлголт суулгаж, аливааг сайн муу, зөв буруу гэж тодорхойлдог болоход хүргэсэн сатанлаг тогтолцоо юм. Гэхдээ эдгээр шийдэмгий байдал нь юунд суурилдаг вэ? Сатаны онолуудад; үндэс суурь нь үнэнээс үүдэлтэй биш. Тиймээс тодорхойлсон зүйлийн чинь эхлэлийн цэг байна уу, эцсийн үр дүн байна уу хамаагүй, хоёул үнэнтэй ямар ч холбогдолгүй; бүгд буруу бөгөөд Бурханы хүслээс зөрсөн, Бурхан болон эерэг зүйлстэй хамааралгүй байдаг. Хүн, юм, эд зүйлийг Бурхан шүүн шийдвэрлэхдээ Өөрийн зан чанар, мөн чанарын дагуу хийдэг. Тэгвэл Бурханы мөн чанар, зан чанар гэж юу вэ? Тэдгээр нь үнэн юм. Үнэн гэдэг нь бүх эерэг зүйлийн илэрхийлэл; бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Бурхан бүх зүйл, хүнд тулгардаг хүмүүс, юмс, эд зүйлсийг ямар үндэслэлээр шүүн шийдвэрлэдэг вэ? Үнэний үндэслэлээр. Бурхан хүнийг шүүн шийдвэрлэхдээ уг чанар-мөн чанар, хийдэг зүйлийнх нь цаад сэдэл, явах зам, мөн эерэг зүйл, үнэнд хандах хандлагаас нь эхэлдэг; Бурханы шүүх шийдвэр үүн дээр үндэслэдэг. Бүх үйл явдал, зүйлсийн талаарх Бурханы шүүх шийдвэрийн үр дүн нь үнэн дээр суурилсан байдаг бол бүх үйл явдал, зүйлсийн талаарх Сатаны шийдвэр нь үнэнээс шал эсрэгээрээ, Сатаны гүн ухаан, логикт үндэслэдэг. Хүн төрөлхтнийг бүхэлд нь Сатан завхруулсан. Хүмүүст үнэн байдаггүй, тэд Сатаныг төлөөлдөг, Сатаны биелэл бөгөөд бүх зүйлийг Сатаны гэх зүйлийн дагуу тодорхойлдог. Тэгвэл хүмүүс бүх зүйлийг иймэрхүү байдлаар тодорхойлохын үр дүн юу вэ? Энэ нь үнэнээс зөрдөг; үнэнээс шал эсрэг байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй1 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодогв нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх2 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй3 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан4 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт үргэлжлүүлэхийг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэмжгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуунтай болгосон. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг.5 Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.

Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг6 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс гэсэн үг үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй…

…Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хүний судалдаг эрдэм мэдлэг, хүний ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн хандлагад зохицохын тулд хүний сонгодог арга зам нь бүгд хүнийг завхруулах Сатаны арга хэрэглүүр байдаг. Энэ туйлын үнэн. Иймээс хүн Сатаны бүрэн завхруулсан зан чанартайгаар амьдардаг бөгөөд Бурханы ариун байдал юм уу, мөн чанар гэж юу болох талаар огт мэдэх аргагүй юм. Учир нь Сатан хүнийг завхруулдаг арга замаас гадна талд өө олж чадахгүй; буруу юм байгаа эсэхийг хүний ааш авираас хэлж чадахгүй. Хүн болгон хэвийн байдлаар ажлаа хийж, хэвийн амьдардаг; хэвийн байдлаар ном, сонин уншиж, хэвийн байдлаар сурч, ярьдаг. Зарим хүн цөөн хэдэн ёс зүй сурсан, ярьж хөөрөхдөө сайн, уужуу сэтгэлтэй, нөхөрсөг, бусдад тусч, өгөөмөр байдаг бөгөөд хүмүүстэй шалихгүй маргаан дэгдээдэггүй, тэднийг шулж мөлждөггүй. Гэвч тэдний завхарсан сатанлаг зан чанар дотор нь гүн үндэслэсэн байдаг бөгөөд энэхүү мөн чанар нь тэдний гаднаа гаргадаг хүчин чармайлтад тулгуурлан өөрчлөгдөж чадахгүй юм. Энэ мөн чанарын улмаас хүн Бурханы ариун байдлыг мэдэж чаддаггүй бөгөөд Бурханы ариун байдал хүнд ил болсныг үл харгалзан үүнийг нухацтай хүлээж авдаггүй. Учир нь, Сатан аль хэдийн янз бүрийн аргаар хүний сэтгэл хөдлөл, санаа, үзэл, бодлыг бүрэн эзэмдээд авчихсан байдаг. Энэхүү эзэмдэлт, завхрал нь зуурдын, алдаг оног байдаггүй, харин хаа сайгүй цаг үргэлж оршдог. Тиймээс Бурханд гурав, дөрвөн жил, бүр тав, зургаан жил итгэсэн асар олон хүн Сатаны шингээсэн эдгээр ёрын муу бодол, үзэл санаа, гүн ухааныг эрдэнэс мэт үзэн, тэдгээрийг орхиж чаддаггүй. Сатаны уг чанараас гардаг ёрын муу, биеэ тоосон, хорлонт зүйлсийг хүн хүлээн зөвшөөрсөн тул хүний хоорондын харилцаанд хямрал, маргаан, таарамжгүй байдал байнга гарах нь зайлшгүй бөгөөд энэ нь Сатаны биеэ тоосон уг чанараас үүдэлтэй юм. Сатан хүн төрөлхтөнд эерэг зүйл өгсөн бол—жишээ нь, хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн уламжлалт соёлын Күнз, Даогийн сургаал сайн юм байсан бол—эдгээрийг хүлээн зөвшөөрсний дараа нэг төрлийн хүмүүс хоорондоо эвтэй байж чадах учиртай. Гэтэл адилхан зүйл хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн дунд яагаад ийм том зааг ялгаа байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, эдгээр зүйл Сатанаас гаралтай бөгөөд Сатан хүмүүсийн дунд хагарал үүсгэдэг. Сатанаас гаралтай юмс гаднаа хэчнээн нэр төртэй, агуу харагдавч хүнийг гагцхүү биеэ тооход хүргэж, хүний амьдралд гагцхүү биеэ тоосон байдлыг илэрхий болгодог бөгөөд Сатаны ёрын муу уг чанарын ов мэхнээс цаашгүй. Тийм биш гэж үү дээ? Өөрсдийгөө өнгөлөн далдалж чаддаг, арвин их мэдлэгтэй хүн, эсвэл сайн хүмүүжилтэй хүн ч завхарсан сатанлаг зан чанараа нуухад хэцүү. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрийгөө хэчнээн олон янзаар өнгөлөн далдалсан ч бай, энэ хүнийг чи ариун хүн гэж бодсон, эсвэл төгс нэгэн гэж, эсвэл тэнгэрэлч гэж бодсон ч бай, хэчнээн ариун гэж санасан ч бай хамаагүй, хөшигний ард тэдний бодит амьдрал ямар байдаг вэ? Тэдний зан чанарын илчлэлээс чи ямар мөн чанарыг олж харах вэ? Сатаны ёрын муу уг чанарыг олж харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Болно.) Жишээлбэл, сайн хүн гэж бодож явсан, магадгүй шүтээнээ болгодог байсан дотнын нэг хүн чамд байдаг гэж бодъё. Өнөөгийн биеийн хэмжээгээрээ чи тэдний тухай юу гэж бодож байна вэ? Нэгдүгээрт, ийм хүнийг чи хүн чанартай эсэх, үнэнч эсэх, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг эсэх, үг үйлдэл нь бусдад үр өгөөж өгч, тус болдог эсэхээр нь үнэлдэг. (Тэд тийм байдаггүй.) Энэ хүмүүсийн илчилдэг сайхан сэтгэл, хайр, сайн сайхан байдал гэгч нь юу байдаг вэ? Бүгд худал хуурмаг, бүгд өнгөлөн далдлалт байдаг. Энэхүү өнгөлөн далдлалтын цаана эцсийн эцэст эрхэмлэгдэн шүтэгдэх ёрын муу зорилго бий. Үүнийг та нар тодорхой ойлгож байна уу? (Тийм ээ.)

Хүмүүсийг завхруулахын тулд Сатаны ашигладаг арга хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Эерэг зүйл авчирдаг уу? Нэгдүгээрт, хүн сайн, мууг ялгаж чаддаг уу? Энэ дэлхий ертөнц дээрх алдартай, агуу хүн ч бай, эсвэл зарим нэг сэтгүүл, өөр бусад хэвлэл ч бай, ямар нэг зүйлийг сайн муу, зөв буруу гэж шүүхдээ тэдний ашигладаг стандарт үнэн зөв үү? Үйл явдал, хүмүүсийг тэд шударгаар үнэлдэг үү? Тэдгээр нь үнэний ортой юу? Энэ ертөнц, энэ хүн төрөлхтөн эерэг ба сөрөг зүйлийг үнэний стандартад үндэслэн үнэлдэг үү? (Үгүй.) Яагаад хүмүүс тэгэх чадваргүй байдаг юм бэ? Хүмүүс асар их сурч боловсорсон, шинжлэх ухааны өргөн их мэдлэгтэй юм чинь агуу их чадвар эзэмшсэн байдаг юм биш үү? Гэтэл тэд яагаад эерэг, сөрөг зүйлийг ялгах чадваргүй байдаг юм бэ? Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл, хүмүүст үнэн байхгүй; шинжлэх ухаан, эрдэм мэдлэг нь үнэн биш юм.) Хүн төрөлхтөнд Сатаны авчирдаг бүх зүйл ёрын муу, завхарсан бөгөөд үнэн, амь, замгүй байдаг. Сатан ёрын муу байдал, завхралыг хүн төрөлхтөнд авчирдаг байхад Сатанд хайр байдаг гэж чи хэлж чадах уу? Хүнд хайр байдаг гэж хэлж чадах уу? “Та эндүүрч байна; ядуус, орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүн дэлхий даяар бий. Тэд сайн хүмүүс биш үү? Бас сайн ажил хийдэг буяны байгууллагууд ч бий; тэдний хийдэг ажил сайн үйлс биш юм уу?” гэж зарим хүн хэлж магад. Чи тэр талаар юу гэх вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр арга барил болон онол ашигладаг; хүний энэ завхрал бүрхэг ойлголт уу? Үгүй, энэ бүрхэг биш. Сатан бас зарим нэг бодитой зүйл хийж, энэ ертөнц, нийгэмд үзэл бодол, онолоо бас дэвшүүлдэг. Улс гүрэн болгонд, эрин зуун бүрд Сатан нэг онол дэвшүүлж, хүмүүсийн оюун санаанд үзэл бодол шингээдэг. Эдгээр бодол, онол нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэж, дараа нь хүмүүс тэдгээрийн дагуу амьдарч эхэлдэг. Нэгэнт тэдгээрийн дагуу амьдарч эхлэхээрээ хүмүүс өөрийн мэдэлгүй Сатан болдог бус уу? Тэгээд Сатантай нэгддэг бус уу? Хүмүүс Сатантай нэг болчихоор эцэстээ Бурханд хэрхэн ханддаг вэ? Энэ нь Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон. Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай дэлгэрч, тархахыг тасалдуулсан зүйл бол Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан явдал юм. Тийм учраас Сатан, Бурханы уур хилэнг үзэн ядаж, бас түүнээс айдаг. Бурханы уур хилэн буух болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, Сатаны хорон муу хүслийг харуулах явцдаа хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгааныг бүрмөсөн илчилдэг. Сатаны уур хилэн буцалж байгаа нь түүний хорон муу уг чанар жинхэнээсээ илчлэгдэж, түүний явуулга ил болж байгаа явдал юм. Мэдээж Сатан уурсах болгонд, энэ нь ёрын муу зүйлсийн сүйрлийг, мөн эерэг зүйлс хамгаалагдаж, үргэлжлэн байгааг тунхагладаг; Бурханы уур хилэнд халдаж болохгүй гэдэг бодит үнэнийг тунхагладаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Тайлбар:

1. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

2. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

3. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.

4. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.

5. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.

6. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

в. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Өмнөх: 103. Буудайг үрийн сүүлээс ялгах зарчмууд

Дараах: 105. Үнэний эрэл хайгуул, мунгинасан итгэл хоёрыг ялган таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх