26. Бурханы үгийн бодит байдалд орох зарчмууд

(1) Үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүехэн, эсвэл гүнзгий байх нь хамаагүй, хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Хүн үнэнийг улам гүн ухах тусмаа Бурханы үгийн бодит байдлыг аяндаа амьдран харуулж эхэлдэг;

(2) Хүн Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахдаа үнэнийг ойлгож, хүнээс Бурханы шаарддаг бүхэн бодитой гэдгийг хараад аяндаа үнэнийг хэрэгжүүлэх дуртай болдог;

(3) Хүн Бурханы үгийг байнга хэрэгжүүлж, туулснаар Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг олж авч чаддаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх үедээ сэтгэлийн амар амгалан, чөлөөлөлтийг мэдэрдэг;

(4) Үнэнийг байнга хэрэгжүүлдэг хүмүүс Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулах үедээ тэгж байгаагаа зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүс ч бас үүнийгээ тодорхой харж чаддаг.

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний хэлдэг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг залж чиглүүлэх гэж байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор эрэлхийлж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг жинхэнэ эсэхийг төдий чинээ их таньж чаддаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба завхарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан байдаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ дөхөж очдог. Бурханаар авхуулдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг, бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг мэдэж авсан хүмүүс юм. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, биеэ сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг төдий чинээ олж авч, мөн Бурханаар улам их гэгээрүүлэгдэж, улмаар Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ ихэснэ. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдарч чаддаг бол өнөөгийн хэрэгжүүлэлтийн зам чамд улам тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин хэрэгжүүлэлтээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв юм: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний тухай мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ ихэсдэг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг даван гарч чаддаг, бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангадаг. Хэрвээ чи үргэлж бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилна. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийн араас хөөцөлдөх талтай байдаг ба амархан мэхлэгдэнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй байдаг тул тэдэнд хий хоосон, амьдрал нь ямар ч утгагүй санагддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм. Хүний ухамсарладаг бодит байдал хэт өнгөц, ямар ч үнэ цэнгүй, Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй, хэтэрхий дорд, бүр дурдахын ч хэрэггүй, дэндүү дутуу дулимаг бөгөөд Бурханы шаардлагын стандартаас хэтэрхий доогуур юм. Та нарын дундаас хэн нь ойлголтынхоо талаар ярихаа л мэддэг боловч замыг зааж чаддаггүй болохыг харж, мөн хэн нь хэрэгцээгүй хог болохыг олж мэдэхийн тулд нэг бүрийг чинь сайтар нягтлан шинжлэх болно. Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон мэдлэгийн талаар бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Бодит мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодитоор амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодит мэдлэгийн тухай бүү ярь. Ойлголт чинь зам бол энэ талаар чөлөөтэй ярьж болно; хэрвээ тийм биш бол амаа хамхиад, ярихаа боль! Чиний ярьдаг зүйл ямар ч хэрэггүй. Бурханыг хууран мэхэлж, бусдыг өөртөө атаархуулахын тулд чи ойлголтын талаар ярьдаг. Санаархал чинь энэ биш гэж үү? Чи зориуд бусдаар даажигнаж байгаа бус уу? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Ойлголтын тухай туулж мэдэрснийхээ дараа яривал, сайрхаж байгаа мэт санагдахгүй. Эс бөгөөс чи ихэрхүү үг чалчдаг нэгэн юм. Чамд бодит туршлагаараа даван туулж чаддаггүй олон зүйл байдаг бөгөөд чи махан биеэ эсэргүүцэж чаддаггүй, ямагт хүссэнээ хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтын талаар ичих нүүргүйгээр ярьсаар байдаг, чи ичгүүргүй амьтан! Бурханы үгийн тухай ойлголтоо ярих тал дээр ийм бөх зүрх гаргасаар байдаг, чи ямар эрээ цээргүй юм бэ! Уран ярьж, сайрхах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүр гаршчихсан. Чи ярихыг хүсэх болгондоо төвөггүй ярьдаг боловч хэрэгжүүлэх болохоороо нэмж хачирлах дуртай. Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг бус уу? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Хүмүүс юм мэдэхгүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм хэрэг явдалд ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч бодит байдал чамд байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамайг үл ойшоох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд чамд хангалттай хэцүү байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярихаа чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярихаа аль хэдийн мартчихсан уу? “Сүртэй онол, ямар ч хэрэггүй гоё чамин үг бага ярьж, одоогоос хэрэгжүүлж эхэлсэн нь хавьгүй дээр.” Эдгээр үгийг чи мартчихсан уу? Чи огт ойлгохгүй байна уу? Бурханы хүслийн талаарх ямар ч ойлголт чамд байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Амийн оролтын талаарх хүмүүсийн эрэл хайгуул нь Бурханы үгэнд үндэслэдэг. Урьд нь Түүний үгээс үүдэн бүх зүйл гүйцэлддэг гэж хэлдэг байсан ч хэн ч энэ баримтыг олж хараагүй. Хэрвээ чи одоогийн алхмыг туулбал бүх юм тодорхой болох ба чи ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавих болно. Бурхан юу ч хэллээ гэсэн гагцхүү Түүний үг рүү ороход анхаарлаа төвлөрүүл. Хүмүүсийг гэсгээж эхэлнэ гэж Бурханыг хэлэх үед Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг шаардах үед тэрхүү шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи үргэлж Түүний хамгийн шинэ айлдварууд дотор амьдарч байгаа бол эцэст нь Бурханы үг чамайг төгс болгоно. Бурханы үг рүү орох тусам чи төдий чинээ хурдан төгс болгуулна. Би яагаад ахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг мэдэж, Бурханы үг рүү орохыг шаарддаг вэ? Бурханы үгийг эрэлхийлж, туулж, Түүний үгийн бодит байдалд орох үед чинь л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болдог. Тиймээс та нар бүгд Бурханы ажилладаг арга барил бүрд оролцогчид бөгөөд зовлон зүдүүр чинь ямар ч хэмжээтэй байсан бай, эцэст нь бүгд “бэлэг дурсгал” хүртэнэ. Эцсийн төгс төгөлдөрт хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримталдаггүй; Тэрээр хүмүүсийн хамтын ажиллагааг шаарддаг ба хүн бүр Түүнтэй ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу ч хэлдэг бай, Түүний үгэнд ороход л анхаарлаа төвлөрүүл—энэ нь аминд чинь илүү ашиг тустай байх болно. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг. Бурханы үгэнд орох үед зүрх сэтгэлийг чинь Тэр хөдөлгөж, ажлынхаа энэ алхамд Бурханы хүрэхийг хүсдэг бүхнийг чи ойлгож чадах бөгөөд үүнд хүрэх шийдвэртэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүн үүнийг ажлын арга барил гэж үзээд, Бурханы үгэнд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд ямар нэг зүйлийг олж авч, ойлголгүйгээр гэсгээлтийн цаг үеэс гарч ирсэн юм. Өчүүхэн ч эргэлзэлгүйгээр эдгээр үгэнд үнэхээр орсон, мөн Бурханы үг бол алдаа мадаггүй үнэн бөгөөд хүмүүс гэсгээгдэх ёстой гэж хэлдэг байсан зарим хүн бий. Тэд тэндээ хэсэг хугацаанд тэмцээд, өөрсдийн ирээдүй, хувь заяаг орхисон бөгөөд гарч ирэх үедээ зан чанартаа зарим нэг өөрчлөлт гаргаж, Бурханы талаар илүү гүнзгий ойлголттой болсон байлаа. Гэсгээлтээс гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэрсэн бөгөөд ажлын энэ алхам бол өөрсдөд нь буун ирж буй Бурханы агуу хайрын биелэл гэдгийг, мөн Бурханы хайрын байлдан дагуулалт, аврал гэдгийг ухаарчээ. Бас тэд Бурханы бодол үргэлж сайн байдаг бөгөөд хүнд Бурханы хийдэг бүхэн үзэн ядалтаас бус, хайраас гардаг гэж хэлсэн юм. Бурханы үгэнд итгээгүй, эсвэл Түүний үгийг анхаараагүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлт туулаагүй бөгөөд үүний үр дүнд Ариун Сүнс тэдэнтэй хамт байгаагүй, тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн цаг үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлт туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан ба үр дүнд нь тэдний амь зан чанар өөрчлөгджээ. Зарим хүн гаднаа маш эерэг, бүхэл өдөржингөө хөөр баяслаар дүүрэн байсан ч Бурханы үгийн цэвэршүүлэлтийн байдалд ороогүй байсан тул огтхон ч өөрчлөгдөөгүй юм, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар байв. Хэрвээ чи Бурханы үгэнд итгэдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Өөрийнх нь үгэнд итгэдэг бүх хүнд харагддаг ба Түүний үгэнд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Түүний хайрыг олж авч чадна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Бодит байдлын тухай мэдлэгтэй болох, Бурханы ажлыг нэгд нэггүй ойлгох—энэ хоёр нь Түүний үгээс харагддаг бөгөөд эдгээр айлдвараар л дамжуулан чи гэгээрэл олж авч чадна. Тиймээс чи Бурханы үгээр илүү их зэвсэглэх ёстой. Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөлөөр ярилц, ийм маягаар чи бусдыг гэгээрүүлж, тэдэнд гарах гарц өгч чадна—энэ бол бодитой зам юм. Бурхан чамд зориулж орчныг зохицуулахаас өмнө та нар дор бүрнээ Түүний үгээр зэвсэглэх ёстой. Энэ бол хүн бүрийн хийх ёстой зүйл; хойшлуулшгүй эн тэргүүний зүйл мөн. Эхлээд, Бурханы үгийг хэрхэн ууж, идэхээ мэддэг байх хэмжээнд хүр. Хийж чаддаггүй зүйлсийнхээ хувьд Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж, ойлгодоггүй аливаа асуудал, эсвэл өөрт чинь байж болох аливаа бэрхшээлийг эдгээр айлдвараас хай. Бурханы үгийг өөрийн хангалт болгож, бодит бэрхшээл болон асуудлаа шийдвэрлэхэд чинь туслах боломжийг тэдгээрт олго; бас Түүний үгийг амьдралынхаа туслагч болго. Эдгээр зүйл хичээл чармайлт гаргахыг чамаас шаарддаг. Бурханы үгийг идэж, уухдаа үр дүнд хүрэх ёстой; чи Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, ямар нэг асуудалтай тулгарах болгондоо Түүний айлдваруудын дагуу хэрэгжүүлэх ёстой. Асуудалтай тулгараагүй байх үедээ чи зүгээр л Бурханы үгийг идэж, уухад анхаарах учиртай. Заримдаа чи залбирч, Бурханы хайрыг тунгаан бодож, Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж, дотроо мэдэрсэн гэгээрэл, гэрэлтүүлэлт болон эдгээр айлдварыг унших үедээ гаргасан хариу үйлдлийнхээ талаар ярилцаж болох юм. Түүнчлэн, чи хүмүүст гарах гарц өгч чадна. Зөвхөн энэ л бодитой. Үүнийг хийхийн зорилго нь Бурханы үгийг өөрийн бодитой хангалт болгох явдал билээ.

Нэг өдрийн хугацаанд хэдэн цагийг чи үнэхээр Бурханы өмнө өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногийнхоо хэр ихийг Бурханд үнэхээр өгдөг вэ? Хэр ихийг махан биед өгдөг вэ? Зүрх сэтгэлээ үргэлж Бурхан руу хандуулж байх нь Бурханаар төгс болгуулах зөв зам дээр байх эхний алхам юм. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл аминд чинь ашиг тустай бөгөөд Түүний үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд илүү бодитоор орох тухай ярих үед энэ нь, чи үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодитой үйлдлүүдийг л Түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм; чи эхлээд энэ сургуулилтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна. Тушаалуудыг хэрхэн мөрдөх, Бурханы өмнө хэрхэн үнэнч байх талаар бод; хэзээ хаанчлалд орж чадах талаараа байнга бүү бод. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол боддог юм чинь хэрэггүй байх болно! Бурханы үгийн бодит байдалд орохын тулд чи эхлээд өөрийн санаа бодлыг бүгдийг нь Бурханы төлөө болгох ёстой—энэ бол хамгийн наад захын шаардлага юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь, үнэн болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Үнэн-бодит байдалд орох нь энгийн хэрэг биш. Гол нь үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах явдал юм. Чи эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ өдөр бүр байлгах ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бүү хамгаал; харин ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж сур. Чамд ямар ч завхрал илчлэгдлээ гэсэн тэдгээрийг нягтлалгүй өнгөрүүлж болохгүй; өөрийн завхарсан мөн чанарыг эргэцүүлж, танивал хамгийн сайн. Хэрэв өдөр тутмын нөхцөл байдалд чи завхарсан зан чанараа яаж шийдвэрлэх, үнэнийг яаж хэрэгжүүлэх, үнэний зарчим гэж юу болох тухай л боддог бол үнэнийг ашиглан Бурханы үгийн дагуу асуудлаа шийдвэрлэж сурах чадвартай юм байна. Ингэснээр чи аажмаар бодит байдалд орно. Илүү өндөр байр сууринд хэрхэн хүрэх вэ, эсвэл бусдаар бишрүүлэхийн тулд тэдний өмнө юу хийх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол чи буруу зам дээр байна. Энэ нь чи аливааг Сатаны төлөө хийж байна; үйлчлэл үзүүлж байна гэсэн үг юм. Харин улам бүр хүн шиг болж, Бурханы санаа зорилгын дагуу байж, Түүнийг дуулгавартай дагах, Түүнийг хүндэтгэх чадвартай байж, хийж байгаа бүхэндээ биеэ барьж, Түүний нягт шинжилгээг хүлээн авдаг байхын тулд хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол нөхцөл байдал чинь улам бүр дээрдэнэ. Бурханы өмнө амьдардаг нэгэн байна гэдэг нь энэ юм. Иймээс хоёр зам байдаг: Нэг нь ердөө л үйлдлийг онцолж, хувийн санаархал, хүсэл, санаа зорилго, төлөвлөгөөг биелүүлдэг; энэ бол Сатаны өмнө, түүний эзэмшил дор амьдарч байгаа хэрэг. Нөгөө зам нь Бурханы хүслийг хангаж, үнэн-бодит байдалд орж, Бурханд дуулгавартай байж, Түүнийг буруугаар ойлгохгүй, дуулгаваргүй зан гаргахгүй байхад онцлон анхаардаг, ингэснээр хүн Бурханыг хүндэлж, үүргээ сайн гүйцэтгэдэг. Бурханы өмнө амьдрах гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Үнэн болгон дээр хүмүүс тухайн үнэний дотоод утга учир юу болох, үнэний тэр талыг хэрхэн хэрэгжүүлэх, үүн рүү хэрхэн орохыг эрж хайж, тунгаан бодож, судлах ёстой. Эдгээрийг хүмүүс хийх ёстой. Бурханд итгэх итгэлдээ одоо эзэмших ёстой үнэний янз бүрийн талаас та нар гагцхүү шууд утга, хоосон сургаал, гадаад үзэмжийг л ойлгодог, харин үнэний мөн чанарыг туулаагүй болохоор ойлгодоггүй. Жишээлбэл: үүргээ биелүүлэх, Бурханыг хайрлах хүрээнд маш их үнэн байдаг бөгөөд хүмүүс өөрсдийгөө мэдэхийг хүсвэл нэлээд их үнэнийг ойлгох ёстой. Түүнчлэн бие махбодтой болохын ач холбогдол, нууцын талаар ойлгох ёстой үнэн нэлээд их бий. Тухайлбал, хүмүүс яаж биеэ авч явах, Бурханыг яаж шүтэн мөргөх, Бурханыг яаж дуулгавартай дагах, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх, Бурханд яаж үйлчлэх ёстой гэх энэ бүх нарийн ширийн зүйл нэлээд их үнэнийг агуулдаг. Та нар үнэний эдгээр янз бүрийн тал дээр үнэнийг яаж бодож, тунгаадаг вэ? Эдгээрийн нэг бүрд хүмүүсийн туулах ёстой маш гүн гүнзгий үнэн байдаг. Хэрэв чи өнгөн дээрээ л энэ үгийн талаар яриад, тунгааж, туулахын тулд эдгээр зүйлийн гүнд хэзээ ч ордоггүй бол үүрд үгийн өнгөн талд амьдрах бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Зарим хүн бусдад тусалж, Бурханд үйлчлэн, чуулганыг зүй ёсоор удирдахын тулд өөрсдийгөө үнэнээр зэвсэглэдэг. Энэ үзэл бодол зөв үү? Чи хэчнээн сургаал сонссон, төлөвлөгөө чинь юу байхаас үл хамааран юу хамгийн чухал, аль үзэл бодол нь хамгийн зөв болохыг Би чамд хэлж өгье: Ямар ч үүрэг гүйцэтгэж байсан гэсэн, мөн чи удирдагч ч бай, үгүй ч бай, чи юуны түрүүнд өөрийгөө Бурханы үгтэй харьцуулан шалгаж, тэдгээрийг өөртөө хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үгэнд ажил хийх зэмсэг эсвэл ажиллах явцдаа хуримтлуулсан зүйл гэж бүү ханд. Хэрэв энэ бүгд дээр амжилт олбол чи ажлаа сайн хийж чадах нь гарцаагүй. Хэрэв чи үргэлж бусад хүнийг эдгээр үгээр хэмжиж, эдгээр үгийг бусад хүн дээр хэрэгжүүлэх юм уу өөрийн ажлын давуу тал мэтээр үздэг бол чи асуудалд оржээ; чи Паулын замаар алхаж байна гэсэн үг. Энэ бол туйлын үнэн. Чи ийм үзэл бодолтой болохоор эдгээр үгэнд хоосон сургаал, онол гэж ханддаг нь эргэлзээгүй бөгөөд тэдгээрийг түгээж, ажлаа хийхийг хүсдэг, энэ бол маш аюултай зүйл. Хэрэв чи өөрийгөө Бурханы үгээр хэмжиж, өөр дээрээ хэрэгжүүлэхээс эхэлбэл хамгийн түрүүнд өөрчлөгдөж, оролтод хүрэх хүн нь чи байх болно. Чи өөрөө ямар нэг зүйлийг олж авч байж л биеийн хэмжээ, чадвар, хийх ёстой ажлаа сайн хийх чадалтай болно. Хэрэв чи биеийн хэмжээгүй, туршлагагүй, оролтыг олж аваагүй бол сохроор ажиллаж, сохроор завгүй гүйж байгаа бөгөөд үүнд ямар ч бодит үр дүн байхгүй. Чи үнэн-бодит байдлын аль ч талыг нь сонссон бай, өөрийгөө үүнтэй харьцуулан үзэж, эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтдээ нэгтгэвэл ямар нэг зүйл олж авах нь гарцаагүй бөгөөд чи заавал өөрчлөгдөнө. Хэрвээ чи эдгээр үгийг зүгээр нэг гэдсэндээ чихэж, толгойдоо цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Номлол сонсож байхдаа чи ийнхүү тунгаан бодох хэрэгтэй: “Эдгээр үг нь ямар байдлыг хэлээд байна вэ? Эдгээр нь мөн чанарын аль талыг хэлээд байна вэ? Үнэний энэ талыг би ямар асуудлууд дээр хэрэглэх ёстой вэ? Би үнэний энэ талтай холбоотой зүйл хийх болгондоо үүний дагуу хэрэгжүүлж байна уу? Үүнийг хэрэгжүүлэх үед байр байдал минь эдгээр үгтэй нийцэж байна уу? Хэрэв нийцэхгүй байгаа бол би эрж хайж, нөхөрлөж, эсвэл хүлээх хэрэгтэй юу?” Чи амьдралдаа ийм маягаар хэрэгжүүлдэг үү? Хэрвээ тэгдэггүй бол амьдралд чинь Бурхан болон үнэн байхгүй байна. Чи бичиг үсэг, хоосон сургаалын дагуу, эсвэл ашиг сонирхол, итгэл үнэмшил, урам зоригийнхоо дагуу амьдардаг. Үнэнийг бодит байдал болгож эзэмшээгүй хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол Түүний үг рүү ороогүй хүмүүс юм. Миний юу хэлээд байгааг чи ойлгож байна уу? Хэрвээ чи ойлгож байвал хамгийн сайн, гэхдээ тэдгээрийн талаарх ойлголт чинь ямар байх, сонссон зүйлээсээ хэр ихийг ухаарч ойлгосноос үл хамааран хамгийн чухал зүйл нь ухаарч ойлгосноо амьдралдаа нэвтрүүлж, хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Тэгсэн цагт л биеийн хэмжээ чинь өсөж чадна, тэгсэн цагт л зан чанарт чинь өөрчлөлт гарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Өмнөх: 25. Үнэнийг хэрэгжүүлэх зарчмууд

Дараах: 27. Бурханы үгээр амьдрах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх