21. Бурханы ажлыг туулах зарчмууд

(1) Бурханы үгийн бүх шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагах шаардлагатай. Үүнээс гадна, засалт харьцалт болон шалгалт цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой. Ингэж байж л хүн ариусгагдаж, аврагдаж чадна;

(2) Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч, дуулгавартай дага. Хүн үүний хэр ихийг ойлгох нь хамаагүй, хэрэгжүүлж, туулах ёстой. Ингэж байж л хүн үнэн-бодит байдалд орж чадна;

(3) Гай зовлон, шалгалт тулгарах үед үнэнийг эрж хайж, Бурханд хандаж, Түүнд найдах нь шаардлагатай. Ингэж байж л хүн Түүний үйлсийг харж, Түүнийг үнэхээр мэддэг болж чадна;

(4) Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, дотоод удирдамжийг дуулгавартай дагаж, үнэн-зарчмын дагуу үүргээ сайн биелүүлэх шаардлагатай. Энэ нь Бурханд дуулгавартай байсны жинхэнэ гэрчлэл юм.

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дур зоргоороо тэрсэлдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдтай бөгөөд эрчтэй урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ таягдан хаягдах болно; сайн дураараа дуулгавартай байдаг, дуртайяа өөрсдийгөө даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд хэрхэн захирагдахыг, мөн өөрийн үзлийг хэрхэн хаяхыг та нар бүгдээрээ сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологдож, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж, хүн учраа олохоо больсон ба үүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг хазаарлаж байдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханы талаарх хүний мэдлэгт дайсагнаж байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ дуулгавартай биш, бас үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй байх нь аюултай байдаг. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй. Хэрвээ чи Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, Сатан хүн дээр хэрхэн ажилладгийг мэддэггүй бол чамд хэрэгжүүлэлтийн зам байхгүй байх болно. Дан ганц хичээнгүй эрэл хайгуул чамд Бурханы шаардсан үр дүнд хүрэх боломж олгохгүй. Туршлагажих ийм арга барил Лоуренсынхтой адилхан: юмыг огт ялгаж салгахгүй, зөвхөн туршлагад анхаарлаа төвлөрүүлж, Сатаны ажил юу болох, Ариун Сүнсний ажил юу болох, Бурхангүй бол хүн ямар байдалтай байх, Бурхан ямар төрлийн хүмүүсийг төгс болгохыг хүсдэгийг огт мэдэхгүй байх. Өөр өөр төрлийн хүмүүстэй харьцахдаа ямар зарчим ашиглах ёстой, Бурханы одоогийн хүслийг хэрхэн ухаарах, Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх, Бурханы өршөөл, сүр жавхлан, зөвт байдал нь ямар хүмүүс, нөхцөл байдал, эрин үед чиглэдэг гээд эдгээрийн алийг нь ч ялган таних чадвар түүнд байдаггүй. Хэрвээ хүмүүст өөрсдийнх нь туршлагын суурь болсон олон үзэгдэл байхгүй бол амийн талаар ярих ч хэрэггүй, туршлагын тухайд бүр бодолтгүй; тэд бүх зүйлд мунхгаар захирагдаж, тэвчсээр байж чадна. Ийм хүмүүсийг төгс болгоход маш хэцүү. Хэрвээ чамд дээр дурдсан үзэгдлүүдийн аль нь ч байхгүй бол энэ чинь чамайг мулгуу нэгэн, Израильд үргэлж байж байдаг давсан баганатай адил гэдгийг хангалттай нотолж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ийм хүмүүс нэмэргүй, ямар ч хэрэггүй! Зарим хүн дандаа л сохроор захирагддаг, тэд үргэлж өөрийн толгой мэдэн, шинэ хэрэг явдлыг зохицуулахдаа дандаа өөрийнхөө хэв маягаар биеэ авч явах юм уу эсвэл дурдаад байх шаардлагагүй шалихгүй асуудлыг зохицуулахдаа “мэргэн ухаан” ашигладаг. Ийм хүмүүс ялган таних чадваргүй, тэд бусдад дээрэлхүүлж байгаатайгаа эвлэрчихсэн юм шиг уг чанартай байдаг бөгөөд үргэлжид хэвээрээ, хэзээ ч өөрчлөгддөггүй. Иймэрхүү хүмүүс бол өчүүхэн төдий ч ялгах таних чадваргүй тэнэгүүд юм. Тэд нөхцөл байдал, эсвэл өөр өөр хүмүүст тохирох арга хэмжээг нь авахаар хэзээ ч оролддоггүй. Ийм хүмүүст туршлага байдаггүй. Муу ёрын сүнсний ажилд эзэмдүүлсэн хүмүүстэй таарах үедээ толгой бөхийж, нүглээ улайдаг бөгөөд эсэргүүцэн босож, тэднийг яллах ч зүрх зориггүй болтлоо өөрсдийн тухай мэдлэгт хүлэгдсэн зарим хүнийг Би харж байсан. Ариун Сүнсний илэрхий ажилтай тулгарах үедээ тэд дуулгавартай дагаж зүрхэлдэггүй. Муу ёрын сүнс ч бас Бурханы гарт байдаг гэж тэд үздэг бөгөөд өндийн босож, тэднийг эсэргүүцэх өчүүхэн ч зориг зүрх тэдэнд байдаггүй. Ийм хүмүүс Бурханд гутамшиг авчирдаг, тэд Бурханы төлөө хүнд ачаа үүрч огт чадахгүй. Ийм тэнэгүүд юмыг огтхон ч ялгаж салгадаггүй. Тиймээс туршлагажих ийм арга барилаас салах ёстой, учир нь Бурханы нүдэнд энэ нь өмгөөлж болшгүй байдаг.

Бурхан үнэндээ л хүмүүст маш их ажил хийдэг, заримдаа тэднийг шалгаж, заримдаа тэднийг хатуужуулах орчныг бий болгож, мөн заримдаа тэднийг залж чиглүүлж, дутагдлыг нь засах үг айлддаг. Заримдаа Ариун Сүнс хүмүүсийг дутагдалтай олон талаа санамсаргүйгээр өөрсдөө нээж илрүүлэг гэсэндээ Бурханы бэлдсэн орчин руу хөтөлдөг. Хүмүүсийн үг, үйлдэл, бусдад болон аливаа зүйлд хандаж буй арга барилаар нь дамжуулан Ариун Сүнс өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, өмнө нь ойлгодоггүй байсан олон зүйлийнх нь талаар хүмүүсийг гэгээрүүлж, олон хүн болон юмсыг илүү тодорхой харах, урьд нь мэддэггүй байсан ихэнх зүйлээ ухаж ойлгох боломж олгодог. Дэлхий ертөнцтэй харилцах үедээ чи хорвоогийн юмсыг аажмаар ялган таньж эхэлдэг бөгөөд насан эцэслэхээсээ өмнө “Хүн байх нь их бэрх юм” гэсэн дүгнэлтэд хүрч магадгүй. Хэрвээ чи Бурханы өмнө туршлагажихад тодорхой хугацаа зарцуулж, Бурханы ажил, Түүний зан чанарыг ойлгож авсан бол өөрийн мэдэлгүй л ихээхэн мэдлэг ухаан олж авах бөгөөд биеийн хэмжээ чинь аажмаар өснө. Чи олон сүнслэг зүйлийг илүү сайн ойлгох ба ялангуяа Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголттой болно. Чи Бурханы үгс, Бурханы ажил, Бурханы бүх үйлдэл, Бурханы зан чанар болон Бурхан юу болох, Түүнд юу байгааг өөрийн амь хэмээн хүлээн авна. Хэрвээ чи дэлхий ертөнцөөр тэнүүчлэхээс өөр зүйл хийдэггүй бол далавч чинь улам хатуу болж, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл чинь улам их болно; тийм байхад Бурхан чамайг яаж ашиглах юм бэ? Чиний дотор “миний бодлоор” гэх зүйл хэтэрхий их байгаа учраас Бурхан чамайг ашигладаггүй. Чи хэдий чинээ Бурханы өмнө байна, төдий чинээ их туршлагатай болно. Хэрвээ чи дэлхий дээр адгуус мэт амьдарсаар л, аман дээрээ Бурханд итгэдэг дүр эсгэдэг боловч зүрх сэтгэл чинь өөр хаа нэгтээ байдаг бол, мөн одоо ч хорвоогийн амьдрах ухаанд суралцсаар байгаа бол урьдын бүх хөдөлмөр чинь талаар болох бус уу? Тиймээс хүмүүс Бурханы өмнө байх тусам Бурханаар төгс болгуулах нь төдий чинээ амархан байдаг. Энэ бол Ариун Сүнсний ажлаа хийдэг зам юм. Хэрвээ чи үүнийг ойлгодоггүй бол зөв замд орох боломж чамд байхгүй хийгээд Бурханаар төгс болгуулах талаар ярихын ч хэрэггүй. Чи хэвийн сүнслэг амьдралтай байж чадахгүй, яг л тахир татуу мэт байх ба зөвхөн шаргуу хөдөлмөрлөөд л байхаас биш Бурханы ямар ч ажил чамд байхгүй байх болно. Энэ нь чиний туршлагажилтын алдаа биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Туршлагын талаар”-аас эш татав

Хүн Бурханы ажлыг туулж, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг атлаа Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, хэрхэн Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй бол туршлага чинь ямар ч утгагүй. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчиж чаддаг л бол амь нь төлөвшсөн байгаа гэж чи бодож байвал амийн жинхэнэ утга учрыг эсвэл хүнийг төгс болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг л өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган юм уу Амийн Чуулганы гишүүдийн дунд ороод, залбирал нь “үзэгдлийг” агуулдаг, амийг эрж хайхдаа үгээр замчлуулж, сэтгэл нь хөдөлдөг үнэн сүсэгт олон хүнтэй таарах болно. Түүнчлэн, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй: Тэдний хийдэг бүхнийг зөв, амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи бодно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол мунхаг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй болохоор зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэдэнд амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэрэг, Бурханы бодит байдал, Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болсон бол чи үнэнийг эзэмшсэн байна. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэддэггүй бол туршлагад чинь ямар нэг зүйл дутуу л байна. Есүс ажлынхаа тэр үе шатыг хэрхэн хэрэгжүүлсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан ажлаа хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа гээд эдгээр зүйлийн талаар чи нэгд нэгэнгүй мэдэхгүй бол хэзээ ч итгэлтэй байж чадахгүй, үргэлж тээнэгэлзэх болно. Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа чи Бурханы хийсэн ажлыг, Түүний ажлын алхам бүрийг мэдэж чадвал, мөн Бурхан үгээ хэлж байгаагийн зорилго, Түүний хэлсэн ийм их үг яагаад биелээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэг олж авсан бол сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид байж, түдгэлзэлгүйгээр, зоригтойгоор өмнөх замаа даган явж чадна. Бурхан Өөрийн ажлаас үлэмж ихийг нь ямар аргаар биелүүлдгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн хэлдэг үгийг ашиглан, олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын амссан бүх зовлон, туулсан бүх цэвэршүүлэлт, дотроо хүлээн авсан харьцалт, туулсан гэгээрэл бүхэн Бурханы хэлсэн үгээр дамжин биелсэн юм. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгээс болж! Бурханы үг туйлын нууцлагаас гадна хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийнх нь гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд болсон зүйлсийг хүнд мэдүүлж, ирээдүйд болох зүйлсийг тодорхой харах боломж олгож чаддаг. Иймээс Бурханы үгээс болж хүн зовлон туулж, мөн Бурханы үгээс болж төгс болгуулдаг: Энэ үед л хүн Бурханыг дагадаг. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн авах явдал бөгөөд төгс болгуулах ч бай, цэвэршүүлэлт амсах ч бай, гол түлхүүр нь Бурханы үг билээ. Энэ бол Бурханы ажил, бас өнөөдөр хүний мэдвэл зохих үзэгдэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг, мөн хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэйг ойлгох ёстой. Үнэндээ, энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Бурхан юу хийх нь хамаагүй, энэ нь цэвэршүүлэлт байна уу, эсвэл Тэр үг хэлэхгүй ч байсан, Бурханы ажлын нэг ч алхам хүн төрөлхтний үзэлтэй нийцдэггүй. Түүний ажлын алхам бүр хүмүүсийн үзлийг бут цохиж, эвддэг. Энэ бол Түүний ажил. Гэхдээ, Бурханы ажил тодорхой үе шатанд хүрсэн тул Тэр ямартай ч бүх хүн төрөлхтнийг үхүүлэхгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийн аль алийг нь өгдөг бөгөөд Түүнийг эрэлхийлдэг бүх хүн ерөөлийг нь олж авч чадна, харин тэгдэггүй хүмүүсийг Бурхан хөсөр хаях болно. Энэ нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Өөр бусад зүйлээс үл хамааран, Бурханы ажил дуусах үед хүн нэг бүр тохирсон хүрэх газартай байх болно гэдэгт чи итгэх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг сайхан хүсэл эрмэлзлээр хангасан боловч эрэл хайгуулгүйгээр тэдгээрийг олж авах боломжгүй. Чи одоо үүнийг харж чаддаг байх ёстой—Бурхан хүмүүсийг цэвэршүүлж, гэсгээх нь Түүний ажил, харин хүмүүсийн хувьд цаг үргэлж зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Бодит туршлагадаа чи эхлээд Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх ёстой; мөн юу руу орох ёстойгоо болон өөрийн дутагдлыг Түүний үгэн дотроос олж мэдэж, өөрийн бодит туршлагад орохоор эрж хайж, хэрэгжүүлэх учиртай Бурханы үгийн хэсгийг аваад хэрэгжүүлэхээр хичээх ёстой. Бурханы үгийг идэж, уух нь нэгээхэн тал. Мөн түүнчлэн чуулганы амьдралыг хадгалахын сацуу хэвийн сүнслэг амьдралтай байж, одоогийн бүх байдлаа Бурханд өгч чаддаг байх ёстой. Түүний ажил хэрхэн өөрчлөгдөх нь хамаагүй, сүнслэг амьдрал чинь хэвийн хэвээр үлдэх ёстой. Сүнслэг амьдрал чиний хэвийн оролтыг хадгалж чадна. Бурхан юу хийдэг нь хамаагүй, чи сүнслэг амьдралаа тасралтгүй үргэлжлүүлж, үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл. Энэ бүгд нь Ариун Сүнсний ажил боловч хэвийн нөхцөл байдалтай хүмүүсийн хувьд энэ нь төгс болгуулах байхад хэвийн бус нөхцөл байдалтай хүмүүст энэ нь шалгалт юм. Ариун Сүнсний цэвэршүүлэлтийн ажлын одоогийн үе шатанд зарим хүн, Бурханы ажил маш агуу бөгөөд хүмүүст цэвэршүүлэлт маргаангүй хэрэгтэй, эс тэгвээс тэдний биеийн хэмжээ дэндүү жижиг байх бөгөөд тэд Бурханы хүсэлд хүрэх аргагүй байх болно гэж хэлдэг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал нь сайн бус хүмүүсийн хувьд энэ нь Бурханыг эрэлхийлэхгүй байх шалтгаан, цугларалтад оролцохгүй байх, Бурханы үгийг идэж, уухгүй байх шалтгаан болдог. Бурханы ажилд Түүний юу хийдэг, ямар өөрчлөлт хийдэг нь хамаагүй хүмүүс хэвийн сүнслэг амьдралын суурийг хадгалах ёстой. Чи сүнслэг амьдралынхаа одоогийн үе шатанд хайнга байгаагүй байж магадгүй боловч, чи ихийг олж аваагүй л байгаа, асар их ургац хураагаагүй байгаа. Иймэрхүү нөхцөлд чи дүрмийг дагах л ёстой; аминдаа хохирол амсахгүйн тулд, Бурханы хүслийг хангахын тулд чи эдгээр дүрмийг мөрдөх ёстой. Хэрвээ сүнслэг амьдрал чинь хэвийн бус бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй харин ч чиний үзэлтэй огт нийцдэггүй гэдгийг чи үргэлж мэдэрдэг ба Түүнийг дагахад бэлэн байдаг ч чамд дотоод хөдөлгөгч хүч дутагддаг. Иймээс Бурхан одоо юу хийж байгаа нь хамаагүй, хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн хамтран ажилладаггүй бол Ариун Сүнс ажлаа хийж чадахгүй, хэрвээ хүмүүст хамтран ажиллах зүрх сэтгэл байхгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авч бараг чадахгүй. Хэрвээ чи Ариун Сүнсний ажлыг өөрийн дотор байлгахыг, Бурханы сайшаалыг олж авахыг хүсэж байвал Бурханы өмнө анхны үнэнч байдлаа хадгалах ёстой. Одоо чи илүү гүнзгий ойлголт, илүү дээд зэргийн онол, өөр бусад иймэрхүү зүйлтэй байх шаардлагагүй—анхдагч суурин дээр Бурханы үгийг баримтлах нь л шаардлагатай бүх зүйл юм. Хэрвээ хүмүүс Бурхантай хамтарч ажилладаггүй, гүнзгий оролтыг эрэлхийлдэггүй бол тэдэнд анх байсан бүх зүйлийг Бурхан булаан авна. Хүмүүс дотроо тав тухтай байдалд үргэлж шунадаг ба хэдийн байгаа зүйлийг эдлэхийг илүүд үздэг. Тэд ямар ч төлөөс төлөхгүйгээр Бурханы амлалтыг олж авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний тээдэг хэрээс хэтэрсэн бодол юм. Төлөөс төлөхгүйгээр амь олж авах—гэвч аливаа зүйл ийм амархан байсан гэж үү? Хүн Бурханд итгэж, амийн оролтыг эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх үедээ төлөөс төлж, Бурхан юу ч хийсэн, Түүнийг үргэлж дагах байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи энэ бүхнийг дүрэм болгож дагадаг ч гэсэн үүнийг үргэлж баримтлах ёстой бөгөөд шалгалтууд хэчнээн их байх нь хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах эгч нараа хэзээ ч орхихгүй байж чадах ёстой. Бурхан чамайг шалгахад чи үнэнийг эрж хайсаар байх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын хамгийн наад захын шаардлага юм. Үргэлж эрж хайх хүсэлтэй байж, хамтран ажиллахыг мэрийж, бүх эрч хүчээ ашиглах—үүнийг хийх боломжтой юу? Хүмүүс үүнийг үндэс сууриа болговол тэд ялган таних чадвар, бодит байдлын оролтод хүрнэ. Өөрийн чинь байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг; энэ нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү санагддаггүй, Бурханы ажил агуу гэдгийг чи мэдэрдэг. Гэвч нөхцөл байдал чинь тааруу байвал Бурханы ажил хэчнээн агуу байсан, хэн нэгэн хэчнээн сайхан ярьдаг байсан ч, чи анхаарал хандуулахгүй. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллаж чадахгүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш, харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага иж бүрэн болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээр зүйлийг арилгаж байж л Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна, үүнийг хийж байж л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүгд нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгодог. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурханы хүслийг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодитой бус юм. Үнэн хэрэгтээ тэд худал ярьж байна, яагаад гэвэл, Бурханы хүсэл хүнийг аврахын төлөө байдаг уу, эсвэл хараахын төлөө байдаг уу гэдгийг тэд одоогоор хараахан ойлгоогүй байгаа. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурхан алдрыг олж авсан өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан руу харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм хялбар байж болно гэж үү? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдсан бай хүний хувьд бүгд ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ухан ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх байлаа. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга учиртай болох нь илүү их харагддаг; чиний үзэлтэй таардаг байсан бол утга учиргүй байх байлаа. Өнөөдөр чи Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам Бурхан чамд улам ойлгохын аргагүй санагдаж, Бурханы үйл хэрэг ямар агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харж чадахгүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь асар их ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйл хэргийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай юм аа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг эзэмшээгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханы ажил болон үг нь та нарын зан чанарт өөрчлөлт авчрахын төлөө юм; Түүний зорилго нь Өөрийн ажил болон үгийг та нарт ойлгуулж, мэдүүлэх төдий биш. Ингэх нь хангалтгүй юм. Бурханы үгийн ихэнх нь хүний хэлээр бичигдсэн бөгөөд Тэр тун ойлгомжтой ярьдаг болохоор ухаарч ойлгох чадвартай хүн чамд үүнийг ойлгох нь хэцүү байх учиргүй. Жишээ нь, Бурхан чамайг юуг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгааг чи олж мэдэх бүрэн чадамжтай; энэ бол ухаарч ойлгох чадвартай хэвийн хүний хийж чадах ёстой зүйл. Ялангуяа одоогийн үе шатанд Бурханы хэлж байгаа үгс маш тодорхой, ил тод бөгөөд хүмүүсийн бодож үзээгүй олон зүйлээс гадна хүний бүх төрлийн байдлыг Бурхан онцолж байдаг. Түүний үг бүхнийг хамардаг бөгөөд тэргэл сарны гэрэл шиг тод байдаг. Тиймээс хүмүүс одоо олон асуудлыг ойлгодог боловч тэдэнд одоо ч дутагдсаар байгаа зүйл бол Түүний үгийг хэрэгжүүлэх явдал юм. Хүмүүс зүгээр л бэлэн өгсөн зүйлийг ойлгож авах гэж хүлээх бус, үнэний бүх талыг нарийвчлан туулж, илүү нарийн судалж, эрж хайх ёстой; эс бөгөөс тэд шимэгчээс нэг их дээрдэхгүй. Тэд Бурханы үгийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй. Ийм хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд эцсийн дүнд таягдан хаягдах болно. 90-ээд оны Петр шиг байна гэдэг нь та нарын хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнэ оролттой байж, Бурхантай хамтран ажиллахдаа улам илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой бөгөөд энэ нь аминд чинь байнга нэмэгдэх дэмжлэг болно гэсэн үг юм. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал юм; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал. Хэрэв Бурханд итгэхдээ Бурханы үгийг дотроосоо мэдэрч хэрэгжүүлэхээр эрж хайлгүй зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очсоноо өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь зөвхөн хараад, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Та нар өдөр тутам үүргээ биелүүлэхдээ Бурханы ажлыг туулдаг уу? Асуудалтай тулгарах үедээ Бурханд залбирсан уу, мөн тэдгээрийг үнэнийг эрж хайснаар шийдвэрлэж чаддаг уу? Энэ нь амийн оролтын асуудалтай холбоотой. Хэрэв хүн үүргээ биелүүлэхдээ өөрийн байдлыг харгалзаж үздэггүй, мөн асуудал шийдвэрлэхдээ Бурханы үгийг ашигладаггүй бол тэр үүргийн биелэлт Бурханд итгэхтэй ямар ч хамаагүй юм. Чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн холбогдох Бурханы үгийн тал болон өөрийн бодол, санал, буруу сэдлийг харгалзаж үзэх ёстой. Эдгээр нь бүгд хүний байдлын хэсэг юм. Хүний байдалд юу багтдаг вэ? Үүнд хүмүүсийн байр суурь, хандлага, сэдэл, үзэл бодол болон зарим нэг гүн ухаан, логик, мэдлэг багтдаг бөгөөд энэ бүх зүйл товчхондоо хүмүүсийн үйлдэл, бусдад хандах хандлагын ердийн горим, арга барилтай холбоотой. Даалгавартай тулгарах үедээ чи эхлээд өөрийн үзэл бодол юу болохыг шинжих ёстой—энэ бол эхний алхам. Хоёр дахь алхам нь тэр үзэл бодол зөв эсэхийг шинжих явдал юм. Тэгвэл өөрийн үзлийн зөв үү, буруу юу гэдгийг яаж тогтоох ёстой вэ? Үүнийг нэг удаад Бурханы үгээр тогтоож, дахин нэг удаад жишээлбэл, Бурханы үгийн илэрхий шаардлага, Бурханы гэрийн ажлын зохицуулалт, дүрэм, аль эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхол гэх тийм төрлийн даалгаврын зарчмын дагуу тодорхойлдог. Үзэд бодол зөв эсэхийг тогтоохдоо эдгээрийг ашигла—эдгээр нь хэмжих стандарт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин энэ нь чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж тэгдэг вэ? Тэр эхлээд чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи эдгээр зүйлийг мэдэж, тодорхой ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой бөгөөд Бурхантай тэрсэлдэх ёсгүй. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бүү бод; байнга зугтахыг хүсэж, Бурханыг үргэлж буруутган, буруугаар ойлгож болохгүй. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлтэй тулгараад бүрэн ойлгож чадахгүй байсан ч, бэрхшээл үүсэх үед ч дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход дотор чинь үнэн-бодит байдал ажиллах бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи бас биеийн хэмжээтэй болох бөгөөд биеийн хэмжээний хамтаар амь ирнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй—Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст—Бурханыг гэх хүндлэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй бол, мөн урьдын дуулгаваргүй байдал нь огтхон ч өөрчлөгддөггүй бол таягдан хаягдах нь гарцаагүй. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу зайнаас хүндлэх явдал боловч Түүнийг өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрсэн үр дүн бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутдаг. Хэрвээ ийм их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй бөгөөд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэггүй. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авч чаддаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг яаж ч туулж, шүүлтийг яаж ч туулсан бай, Бурханыг хүндэлж чаддаггүй. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдан хаягдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөв шударга бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү зовох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өмнөх: 20. Амийн оролтод мөрдөх ёстой зарчмууд

Дараах: 22. Үнэнийг эрэлхийлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх