17. Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмууд

(1) Бурханы шинжилтийг цаг ямагт хүлээн ав. Бүх зүйл дээр Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлж, үг үйлдэл бүрээ ойлгож, Бурханд үргэлж залбирч, зүрх сэтгэлээ дэлгэ;

(2) Бүх хүн, үйл явдал, зүйлд Бурханы үгэнд үндэслэн хандах шаардлагатай. Үзэл, төсөөллөөрөө үйлдлээ бүү удирдуул; бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдэж чадах хэмжээнд хүр;

(3) Бурхан өөрийг нь яаж ч шүүж, шалгаж, цэвэршүүлсэн бай, эсвэл хүн үүнийг ойлгосон ч бай, үгүй ч бай Бурханыг дуулгавартай дагах ёстой. Үзэл бий болох юм бол яаравчлан үнэнийг эрж хайх ёстой;

(4) Бурханы захиргааны зарлиг, тушаалыг ойлгож, Түүний зан чанарыг үнэхээр мэддэг болж, Түүнийг хүндэлдэг болох шаардлагатай. Ингэснээр л хүн Түүнд халдахаас зайлсхийж чадна.

Холбогдох Бурханы үг:

Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн хүсэл, сэтгэлийн үг, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарч, Бүтээгчийн үгийг даган мөрдөж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.

Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?

“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавартай байдал гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт, зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцэл, Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлт, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрнэ.

Хүмүүс Бурханд үнэхээр итгэх үедээ Түүнийг жинхэнээсээ дагаж, Түүнд найдна; Бурханд үнэхээр итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор л Түүнийг бодитоор анхаарч халамжилдаг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс үнэхээр дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авч чадна; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу арга замаа үнэхээр хойш тавих буюу муугаас зайлж чадна.

Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явцыг бүрдүүлдэг төдийгүй Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга юм. Түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь яг ямархуу зам бэ? Энэ нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлж, Түүнийг бүрмөсөн, бүрэн дүүрэн дуулгавартай дагах явдал юм. Мөн хууран мэхлэлт, эсэргүүцэл, тэрслүү байдлын элементгүйгээр Бурханаас үнэн сэтгэлээсээ айж эмээх явдал, цэвэр ариун зүрх сэтгэлтэй байж, Бурханд туйлын үнэнч, дуулгавартай байх явдал билээ. Энэ үнэнч зан, дуулгавартай байдал нь харьцангуй биш, туйлын байх ёстой; энэ нь цаг хугацаа, орон зайнаас, эсвэл хэдэн настайгаас хамаардаггүй. Энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм. Эрж хайх энэ замаар алхах зуураа чи аажмаар Бурханыг мэдэж авч, Түүний үйл хэргийг туулна; Түүний оршин тогтнолын үнэн мөнийг мэдэрч, Түүний дээд эрхийг мэдэрнэ. Тэр үед л чи эцэст нь бүх зүйл дээр Бурханы оршин тогтнолыг үнэхээр мэдэрнэ, Тэрээр чиний дэргэд байдгийг ч мэдэрнэ; тэр үед л чамд ийм ухаарал төрнө. Хэрвээ чи иймэрхүү байдлаар эрж хайдаггүй бол эдгээр зүйлийг хэзээ ч олж мэдэхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс эш татав

Юуны өмнө Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ; Тэр бол хэн нэгэнд нядлуулах хонь биш, хүмүүсийн хүссэнээрээ удирдах хүүхэлдэй бүр ч биш. Тэрээр мөн захируулдаг хоосон агаар ч биш. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, Түүний мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг мэдэх ёстой. Энэхүү уур хилэн нь нэг үгээс, нэг бодлоос, магадгүй хүмүүсийн нүдэнд бол, хүний ёс зүйгээр зүгээр өнгөрөөж болох зарим нэг өөдгүй зан авираас үүдсэн; эсвэл магадгүй хоосон сургаал, онолоос үүдэлтэй байж ч болно. Гэхдээ нэгэнт Бурханыг уурлуулсан бол чи боломжоо алдаж, төгсгөлийн өдрүүд чинь ирсэн байна. Энэ бол аймшигтай зүйл! Хэрвээ чи Бурханд халдаж болохгүй гэдгийг ойлгодоггүй бол Бурханаас айдаггүй, магадгүй Түүнд тогтмол халддаг байж болзошгүй юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн эмээхээ мэддэггүй бол Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр хэрхэн өөрөө гарахыг мэдэхгүй. Чи үүнийг мэддэг болж, Бурханд халдаж болохгүй гэдгийг ухаарч ойлгомогц, Бурханаас эмээж, муугаас зайлах гэж юу болохыг мэдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Хэдийгээр Бурханы мөн чанар хайр агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас эрхэм чанар гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан байдаг. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бурханыг тодорхойлохдоо бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, Бурханыг хүний төсөөлөлд үндэслэсэн хүний арга барилаар хүнд ханддаг болгох ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг төрүүлж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр хүнд болохыг та нар ойлгож авмагцаа өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрээс шаардаж байна. Хэлж ярихдаа ч мөн анхаарал болгоомжтой бай—чи Бурханд хэрхэн хандах тухайд бол анхаарал болгоомжтой байх тусмаа сайн! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханыг хүндэлж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Эрин үе болгонд Бурхан хүмүүсийн дунд ажиллаж байхдаа тэдэнд зарим үгийг хайрлаж, зарим үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүмүүсийн баримтлах ёстой зам, тэдний алхах ёстой зам, тэднийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа явцад хүмүүсийн хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр айлдварыг хүн төрөлхтөнд илэрхийлдэг. Бурханаас ирдэг эдгээр үгийг хүмүүс баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг баримтлах нь амь хүртэхийн тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулдаггүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Түүнчлэн хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханаас эмээж, муугаас зайлахгүй байна, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чадахгүй. Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, ийм хүмүүст төгсгөл байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Чи үргэлж Бурханы өмнө очиж, Түүний үгийг идэж, ууж, тунгаан бодож, чамд өгсөн сахилгажуулалт, удирдамжийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы чамд зориулан зохицуулсан бүх орчин, хүмүүс, юмс, зүйлсэд чи захирагдаж чаддаг байх ёстой бөгөөд нэвт шувт ойлгож чадахгүй байгаа асуудлынхаа талаар байнга залбирч, үнэнийг эрж хайх ёстой; Бурханы хүслийг ойлгосноор л чи урагшлах замыг олж чадна. Чи Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, хийх ёстой зүйлээ сэрэмж болгоомжтой хийх ёстой; мөн Бурханы өмнө замбараагүй бус, байнга тайван байх ёстой. Наад зах нь, ямар нэг зүйл тохиолдох үед эхлээд өөрийгөө тайвшруулж, дараа нь даруйхан залбирах хэрэгтэй. Залбирч, хүлээж, эрж хайснаар Бурханы хүслийг ойлгох болно. Энэ нь Бурханд хүндлэл үзүүлдэг хандлага бус уу? Хэрвээ чи сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханд захирагддаг, Бурханы өмнө тайван байж, Түүний хүслийг ухаарч чаддаг бол энэ маягаар хамтран ажиллаж, хэрэгжүүлснээр хамгаалагдаж чадна. Чи уруу таталттай тулгарахгүй, эсвэл Бурханы удирдлагын төлөвлөгөөнд саад болох зүйл хийхгүй, мөн Бурханы зэвүүцлийг өдөөхөд ч хүрэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй бол чи Бурханыг гомдоохоос айна; уруу таталттай тулгармагцаа айж түгшсэн байдалтайгаар Түүний өмнө амьдарч, бүх зүйл дээр Түүнд захирагдан, Түүнийг хангалуун байлгаж чадна гэдэгтээ найдна. Ийнхүү хэрэгжүүлж, ийм төлөв байдалд тогтмол амьдарч, Бурханы өмнө байнга тайван байснаар л чи уруу таталт, ёрын муугаас өөрийн мэдэлгүйгээр зайгаа барьж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Бурханы замаар алхах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш; харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан нөхцөл байдал, Түүнээс чамд хайрласан хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан даалгавар гэж юуны түрүүнд үзнэ гэсэн үг юм. Энэ асуудалтай тулгарах үедээ чи үүнийг бүр Бурханы чамд тавьсан шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чи зүрх сэтгэлдээ стандарттай болж, энэ хэрэг явдал Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи Бурханд үнэнч байхын зэрэгцээ үүргээ биелүүлж чадахуйц байдлаар үүнийг хэрхэн шийдэх талаар, мөн Түүнийг хилэгнүүлж, Түүний зан чанарт халдалгүйгээр хэрхэн үүнийг хийх талаар бодох ёстой… Бурханы замаар явахын тулд бид өөрсдөд маань, эсвэл бидний эргэн тойронд болж байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч зүгээр орхиж болохгүй; бид үүнд анхаарал хандуулах ёстой юу, үгүй юу гэж боддог ч байсан бай, ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Болж буй бүхнийг Бурханы бидэнд өгсөн туршилт гэж харах ёстой. Юмыг ингэж харах талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ийм хандлагатай бол энэ нь: Чи сэтгэлийнхээ гүнд Бурханаас эмээдэг бөгөөд муугаас зайлахад бэлэн гэсэн нэг баримтыг баталдаг. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч холгүй байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Амийн оролтыг эрэлхийлэх үедээ ойлгох ёстой гол зүйл юу вэ? Сэдвээс нь үл хамааран Бурханы хэлсэн бүх үгээс, Тэр хүмүүсээс юу шаарддагийг, тэдэнд зориулсан стандартыг олж, дотроос нь хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх хэрэгтэй. Амьдрал дээр биеэ авч явах байдал, үзэл бодол, түүнчлэн байр байдал, илэрхийллээ бүх талаар тэдгээртэй харьцуул. Хамгийн чухал нь, юу хийх хэрэгтэй, үүргээ биелүүлэх явцдаа Бурханы хүслийг хэрхэн хангах, Бурханы шаардлагад бүрэн нийцүүлэн хэрхэн үйлдэж болохыг олж тогтоохын тулд өөрийгөө эдгээр зүйлтэй харьцуул. Үнэн-бодит байдалтай хүн бай; ердөө л бичиг үсэг, хоосон сургаал, шашны онолоор өөрийгөө зэвсэглэдэг хүн бүү бай. Сүнслэг дүр бүү эсгэ; сүнслэг хүний дүр бүү үзүүл. Чи хэрэгжүүлэлт болон өөрийн байдлыг үнэлэн дүгнэж, эргэцүүлэхэд Бурханы үгийг үндэс болгон ашиглахад анхаарч, дараа нь янз бүрийн нөхцөл байдалд хандах үзэл бодол, хандлагаа өөрчлөх ёстой. Эцэст нь чи Бурханыг нөхцөл байдал бүрд хүндэлж чадах бөгөөд яаран үйлдэж, өөрийн санааг дагаж, аливааг өөрийн дураар хийж, завхарсан зан чанар дотор амьдрахаа болино. Үүний оронд бүх үйлдэл, үг чинь Бурханы үг болон үнэнд үндэслэх болно; ингэснээр Бурханыг хүндлэх сэтгэл чамд аажмаар төрнө. Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл нь үнэнийг эрэлхийлж байх зуур бий болдог; энэ нь биеэ барихаас үүддэггүй. Бүх биеэ барих явдал нь нэг төрлийн зан авирыг үүсгэдэг; энэ нь гадаад хязгаарлалт. Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл Бурханд итгэх явцад, үнэнийг ойлгож, үнэний дагуу хэрэгжүүлснээс, завхарсан зан чанараа аажмаар улам их багасгаж, байдлаа бага багаар сайжруулж, Бурханы өмнө байнга очиж чаддаг болсноос үүсдэг. Ийм үйл явц л жинхэнэ хүндлэлийг бий болгодог. Ийм цаг ирэхэд чи Бурханыг хүндэлнэ гэж юу болохыг мэддэг болох бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хүндэлж, Бурханыг гэх хүндлэлээ харуулахаасаа өмнө хүмүүс ямар төрлийн хандлага, байдал, ямархуу зан чанартай байх ёстойг дотроо, мэдэрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшааж, хүмүүс атаархаж, биширч, бүр үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад жирийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, амьдралынхаа ердийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаалаг байгаагүй, гойд амь бөхтэй ч байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн сэтгэл, шулуун шударга зан чанар, шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээр зүйлийн алийг ч эгэл хүмүүсийн ихэнх нь эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодол санаандаа нарийн нягт анхаарал хандуулдаг байв. Тиймээс дэлхий дээрх ердийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол, тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх гэсэн түүний эрэл хайгуул байв. Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх ердийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт ч нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь бүх зүйлийн дотор нуугддаг Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх ухаарал байлаа. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлдэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр бас өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгодог байлаа. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, шулуун шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүй байхад, бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, эд зүйлтэй холбоотой төрөл бүрийн орчинд Бурханы үгийг туулах боломжоор хангахыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байдал, зовлон бэрхшээл туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханыг мэдэж авснаас чинь үүдэн улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэг л өдөр чи Бүтээгч оньсого байхаа больсныг болон Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүй, мөн Бүтээгч чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн байхаа больж, үнэхээр баруун зүүн талд чинь хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянаж байдаг гэдгийг мэдэрнэ. Тэрээр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Өөрийгөө өндөрт үүлэн дунд ч нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл, чамд байгаа цорын ганц зүйл юм. Тийм Бурхан л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнд ойр байж, Түүнийг биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний хажууд Түүнтэй хамт байхыг л чи хүсэх бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн авах, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн авахыг л чи хүсдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өмнөх: 16. Бурханыг агуу хэмээн өргөмжлөх зарчмууд

Дараах: 18. Бурханд найдаж, Түүнийг харах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх