36. Христийг дагах зарчмууд

(1) Эцсийн өдрүүдийн Христ л хүмүүсийг ариусгаж, аварч чадна, Тэр бол бодитой Бурхан мөн гэдгийг мэдэх шаардлагатай. Ингэснээр л тодорхойгүй Бурханыг хүний зүрх сэтгэлээс арилгаж чадна;

(2) Христийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, үүргээ гүйцэтгэх шаардлагатай. Ийн үйлддэг хүн л Христийг дагагч юм;

(3) Христийн үгийн шүүлтийг туулж, Түүний бүх ажилд дуулгавартай байснаар л хүн, Христ бол үнэн, зам, амь гэдгийг мэдэж чадна;

(4) Христийг зүрх сэтгэлдээ эн тэргүүнд байлгах шаардлагатай; ингэснээр л хүн Бурханыг агуу гэж өргөмжилдөг. Хүнийг бүү шүт, хүнийг бүү дага; гагцхүү Христийг л өргөмжилж, гэрчил.

Холбогдох Бурханы үг:

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Бурханы ажлын тухай үзэл, төсөөлөл чинь хэчнээн олон байх нь хамаагүй, урьд нь чи хэрхэн өөрийнхөө хүслийн дагуу үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлсэн нь хамаагүй, хэрвээ үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы үгийн засалт, харьцалтыг хүлээн авдаг бол; Бурханы зохион байгуулдаг бүх зүйл дээр Бурханы замыг дагаж, Бурханы үгэнд дуулгавартай байж, Түүний хүслийг эрж хайж, Түүний үг болон Түүний хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлж чаддаг, дуулгавартай байхаар чармайж чаддаг, бүхий л хүсэл, эрмэлзэл, санаа зовнил, сэдэл, Бурханд дайсагнасан байдлаа хойш тавьж чаддаг бол—тэр үед л чи Бурханыг дагаж байна! Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч хийдэг бүхнээ өөрийнхөө хүслийн дагуу хийдэг. Хийдэг бүхэндээ чи өөрийн зорилго, өөрийн төлөвлөгөөтэй байдаг; чи үүнийг Бурханд даатгадаггүй. Тэгвэл Бурхан чиний Бурхан хэвээрээ юу? Хэрвээ Бурхан чиний Бурхан биш бол Бурханыг дагадаг гэж хэлж байгаа чинь хоосон үг биш үү? Тийм үг нь хүмүүсийг хуурах гэсэн оролдлого бус уу? Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг ч бүх үйлдэл, зан авир, амьдралын талаарх үзэл бодол, үнэт зүйлс, асуудалд хандаж, шийдвэрлэдэг хандлага, зарчмууд чинь бүгд Сатанаас ирдэг—чи энэ бүхнийг бүхэлд нь Сатаны зарчим болон логикийн дагуу зохицуулдаг. Тэгэхээр чи Бурханыг дагадаг гэж үү?

…Бурханд итгэх итгэлийг тодорхойлох хамгийн энгийн арга бол Бурхан байдаг гэдэгт итгээд, энэ суурин дээрээ Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, Түүний үгийг сонсож, Түүний үгийн дагуу амьдарч, бүх зүйлийг Түүний үгийн дагуу хийж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, Түүнээс эмээж, муугаас зайлах явдал юм; зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн. Бурханыг дагах гэдэг нь энэ юм. Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы үгийг хүлээн авдаггүй, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авдаггүй. Хэрвээ чи Бурханы хийдэг зүйлийн талаар үргэлж үзэл тээж, Түүний хийдэг зүйлийг үргэлж буруугаар ойлгож, энэ талаар гомдоллодог бол; хэрвээ чи үргэлж сэтгэл хангалуун бус байж, Түүний хийдэг зүйлийг үргэлж өөрийнхөө үзэл, төсөөллөөр хэмжиж, ханддаг бол; хэрвээ чи үргэлж өөрийн гэсэн ойлголттой байдаг бол энэ чинь төвөг учруулна. Чи Бурханы ажлыг туулахгүй байгаа бөгөөд Түүнийг үнэхээр дагах ямар ч аргагүй. Ийм байх нь Бурханд итгэх итгэл биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”-ээс эш татав

Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Өөрийг нь нэг жил дагасны дараа Есүс Петрийг арван хоёр шавийнхаа дундаас сонгожээ. (Мэдээж Есүс үүнийгээ ил хэлээгүй бөгөөд бусад нь энэ тухай огт мэдээгүй юм.) Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм. Есүсийн хайр татам байдлыг Петр өөрийн туршлагаар улам бүр мэдрээд, “Би орчлон ертөнц даяар Төгс Хүчитийг хайсан, бас тэнгэр газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан тул Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрлээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй, бас би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хоёр нүдээрээ хэзээ ч хараагүй байсан. Өнөөдөр, Төгс Хүчитийн нүд намайг ивээн харж, эцэст нь би Бурханы хайр татам байдлыг мэдэрлээ. Хүн төрөлхтөн Бурханыг зүгээр л бүх зүйлийг бүтээсэн болохоор нь хайрладаг юм биш гэдгийг эцэст нь би олж мэдлээ; өдөр тутмын амьдралдаа би Түүний энгүй хайр татам байдлыг оллоо. Үүнийг яг одоо харж болох зүйлээр хязгаарлаж яахан болох билээ?” гэх мэт зүйл хэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Петрт ч бас хайр татам зүйл нэлээд их гарч ирсэн юм. Тэрээр Есүст маш дуулгавартай болж, мэдээж бас нэлээд хэдэн бүтэлгүйтэл амсжээ. Есүс янз бүрийн газарт номлол хийхээр Петрийг авч явахад Петр үргэлж даруу байж, Есүсийн номлолыг сонсдог байлаа. Есүсийг олон жил дагасан гээд Петр хэзээ ч биеэ тоогоогүй юм. Есүс ажлаа дуусгахын тулд цовдлогдох гэж ирсэн хэмээн хэлэхийг сонсоод Петр үе үе зүрх сэтгэлдээ энэлэн шаналж, нууцаар цурхиран уйлдаг байв. Гэсэн хэдий ч тэр “золгүй” өдөр эцэст нь ирсэн билээ. Есүсийг баривчлагдсаны дараа Петр загасчны завиндаа ганцаараа цурхиран уйлж, үүний төлөө олон залбирал хэлжээ. Гэвч энэ нь Эцэг Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байлаа. Петр гагцхүү хайраасаа л үүдэн энэлэн шаналж, нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр байсан юм. Энэ мэдээж хүний сул тал байв. Иймээс Есүс загалмайд цовдлогдоно гэдгийг олж мэдээд Петр: “Та явсныхаа дараа бидний дунд байж, биднийг харж хандахаар эргэн ирэх үү? Бид Тантай уулзаж чаддаг хэвээр байх уу?” гэж Есүсээс асуусан билээ. Хэдийгээр эдгээр үг маш гэнэн, хүний үзлээр дүүрэн байсан ч Петрийн зовлонгийн гашууныг Есүс мэдэж байсан тул хайраараа Петрийн сул талыг бодолцон үзээд: “Петр, Би чамайг хайрласан. Тэрийг чи мэдэх үү? Хэдийгээр хэлж байгаа зүйл чинь цаанаа ямар ч шалтгаангүй ч Би эргэн амилсныхаа дараа хүмүүст 40 хоногийн турш харагдана гэдгийг Эцэг амласан. Миний Сүнс та бүхний дээр байнга нигүүлсэл хайрлана гэдэгт чи итгэхгүй байна уу?” хэмээжээ. Петр үүгээр бага зэрэг тайтгарсан ч нэг юм дутагдаж байгаа мэт санагдсаар байсан тул Есүс дахин амилсныхаа дараа эхний удаад түүнд ил тод үзэгдсэн юм. Гэхдээ Петрийг үзэлтэйгээ зууралдсаар байхаас сэргийлэхийн тулд Есүс Өөрт нь зориулж бэлдсэн элбэг дэлбэг хоолноос татгалзаад нүд ирмэхийн зуурт алга болжээ. Тэр мөчөөс хойш Петр эцэст нь Эзэн Есүсийг илүү гүн гүнзгий ойлгох болж, бүр ч их хайрласан юм. Есүс дахин амилсныхаа дараа Петрт үе үе харагддаг байлаа. Дөчин өдөр нь дуусаж, тэнгэр өөд гарсныхаа дараа Тэрээр Петрт дахиад гурван удаа үзэгджээ. Илрэлт бүр нь яг Ариун Сүнсний ажил гүйцэлдэж, шинэ ажил эхлэх гэж байхад тохиосон билээ.

Петр насан туршдаа загасчилж амин зуулгаа залгуулсан ч хамгийн гол нь тэрээр номлох гэж амьдарсан юм. Тэгээд хожмын жилүүддээ Петрийн нэг, хоёрдугаар захидлаас гадна тухайн үеийн Филаделфийн чуулганд хэд хэдэн захиа бичжээ. Петр тэр үеийн хүмүүсийн сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн юм. Өөрийн амжилт ололтыг ашиглан хүмүүст сургаал айлдахын оронд тэднийг амийн зохих хангалтаар хангадаг байлаа. Явахынхаа өмнө Есүсийн сургасан сургаалыг хэзээ ч мартаагүй тэрээр насан туршдаа тэдгээрээс урам зориг авчээ. Есүсийг дагаж байхдаа Петр Эзэний хайрыг үхлээрээ хариулж, бүх зүйл дээр Түүний үлгэр жишээг дагахаар сэтгэл шулуудсан юм. Есүс үүнийг нь зөвшөөрсөн тул Петрийг 53 настай байхад (Есүсийг явснаас хойш 20 гаруй жилийн дараа) хүсэл эрмэлзлийг нь биелүүлэхэд туслахаар Есүс түүнд үзэгджээ. Удаах долоон жилийн амьдралаа Петр өөрийгөө мэдэж авахад зориулсан юм. Энэ долоон жилийн төгсгөлд нэгэн өдөр тэрээр уруу харан цовдлогдож, улмаар ер бусын амьдралаа эцэслэсэн билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Петрийн амьдралын тухайд”-аас эш татав

Тодорхой нэг өдөр хүртэл туршлагажих үедээ чи, Бурханы махбод болсон бие, хэвийн хүн чанар, Түүнд байгаа бүхэн, Түүний илчилдэг зүйл хэдий чинээ хэвийн байна, бидний аврал төдий чинээ их байдаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хэвийн байна, бидэнд төдий чинээ хэрэгтэй байдаг гэдгийг мэдэрнэ. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан ер бусын байсан бол газар дээрх бид Бурханаар сонгогдож, аврагдсан байлаа ч гэсэн, бидний нэг нь ч бүрэн аврал хүртэж чадахгүй байх байв. Учир нь Бурханы даруу, далд байдал, харваас эгэл жирийн энэхүү Бурханы хэвийн, бодитой байдлаас л үүдэн хүн төрөлхтөн аврагдах боломжтой байдаг. Хүмүүст дуулгаваргүй байдал, завхарсан сатанлаг зан чанарын мөн чанар байдгаас болж Бурханы эсрэг бүх төрлийн үзэл, буруу ойлголт, дайсагнал үүсдэг; тэр ч бүү хэл, эдгээр үзлээс үүдэн хүмүүс бахархалтайгаар, өөртөө итгэлтэйгээр энэ Христийг байнга үгүйсгэж, Түүний хэвийн хүн чанарыг үгүйсгэдэг—энэ нь том алдаа юм. Хэрвээ чи бүрэн аврал хүртэхийг хүсвэл, Бурханы аврал болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүртмээр байвал эхлээд Христ болон Түүний хэвийн хүн чанарын талаарх янз бүрийн үзэл, эндүү ташаа тодорхойлолтоо хойш тавьж, Христийн талаарх элдэв янзын ойлголт, үзэл санаагаа орхиж, Түүнээс ирдэг бүхнийг хүлээн авах арга зам бодох ёстой. Тэр үед л Түүний хэлдэг үг, илэрхийлдэг үнэн аажмаар зүрх сэтгэлд чинь орж, чиний амь болно. Хэрэв чи Түүнийг дагахыг хүсэж байвал Түүнтэй холбоотой бүхнийг хүлээн авах учиртай; Түүний эсрэг зогсож, өөрийн үзлийг ашиглан Түүнийг үргэлж буруугаар ойлгох ёсгүй, мөн үзэлтэйгээ зууралдаж, Түүнийг байнга буруугаар ойлгон, Түүнд эргэлзэж, тэр ч бүү хэл, Түүнийг эсэргүүцэж, сөрөх ёсгүй. Ийм хандлагатай байвал чи өөрийгөө л хорлоно; энэ нь чамд өчүүхэн ч тус болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Үг яриа, зан авирт чинь Христэд үл итгэдэг элементүүд чинь харагддаг. Хийдэг бүхний чинь сэдэл, зорилгод үл итгэл шингэсэн байдаг. Та нарын харцны золбоо хүртэл Христэд үл итгэх байдлыг агуулдаг. Та нар дор бүрнээ, хором бүрд үл итгэлийн элементийг өвөрлөж байдаг гэж хэлж болно. Энэ нь бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал биеэр чинь гүйж буй цусанд нэвт шингэсэн учраас та нар хором мөч бүрд Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм. Тиймээс, Бурханд итгэх замд үлдээдэг мөр чинь жинхэнэ биш гэж Би хэлдэг; Бурханд итгэх зам дээр алхахдаа чи хөлөө газарт бат тавьдаггүй—чи зүгээр л хэлбэр төдий хийж байна. Та нар Христийн үгэнд хэзээ ч бүрэн итгэдэггүй бөгөөд даруйхан хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүйн шалтгаан энэ юм. Үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь Түүнд итгэдэггүйн бас нэг шалтгаан мөн. Христийн ажлын талаар үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлын талаар санаа бодол өвөрлөж, энэ ажлыг зөвөөр ойлгож чадахгүй байх, яаж ч тайлбарлалаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч зүрх сэтгэлд чинь хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэхүү тэрслүү байдал нь Бурханд итгэх итгэлд чинь байгаа хир буртаг юм. Та нар тэгж бодохгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо энэ дотроос танин мэдэж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог бөгөөд Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэр нь Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав

Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг ч харьцалт, засалтыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн. Бурханд итгэх итгэлийн чинь зорилго үнэн ба амь биш, харин дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж юм. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж ангаахай төрж болох юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг. Тэнгэр дэх Бурханд үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг үү? Тэгэх нь буруу! Чи Христийг мэдэхгүй бол тэнгэр дэх Бурханыг мэдэхгүй. Тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх чинь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон яриа, хуурамч дүр эсгэлт юм, учир нь газар дээрх Бурхан нь үнэн болон илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам, хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад бүр ч их ач тустай. Чи энд байгаа ашиг тустай болон хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг туулсан уу? Та нар энэ үнэнийг аль болох хурдан ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд улам ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Өмнөх: 35. Жинхэнэ итгэлтэй байх зарчмууд

Дараах: 37. Гэрчлэлдээ бат зогсох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх