169. Бурханыг үнэхээр хайрлах зарчмууд

(1) Бурханыг хайрлах хэрэгжүүлэлтдээ хүн хайхрамжгүй, хааш яаш байлгүйгээр, эхлээд хүний үүргийг сайн гүйцэтгэх ёстой. Мөс чанараараа Бурханы хайрыг хариулдаг бол;

(2) Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяж чаддаг бай. Бүх хэрэг явдал дээр Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг бол;

(3) Үнэнч шударга хүн байхаар эрэлхийлж, Бурхантай үнэн сэтгэлээсээ ярилцаж, үзэл, буруу ойлголтоос ангижирч чаддаг бай, мөн бүх хэрэг явдал дээр Бурханы хүслийг анхааран үзэж чаддаг бай;

(4) Бурханы даалгаврыг хариуцлагатайгаар, нямбайлан хүлээн авч чаддаг бай. Үйлдэлдээ зарчимч байж, Бурханы хүслийг дагадаг хүн бол;

(5) Бурханы ажлыг мэдэж, Түүний чин санаа зорилгыг ойлгож, Түүний зөвт, ариун байдлыг хайрла, бүх хэрэг явдал дээр Түүнийг өргөмжилж, гэрчилж чаддаг бай.

Холбогдох Бурханы үг:

Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; бас хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдэх чадваргүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлах гэж хичээдэг ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг тэд хэзээ ч олж мэдээгүй; Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал Түүний ажлаас илэрдэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэдэж, бодит туршлагаараа л Бурханы хайр татам байдлыг ойлгож чаддаг бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий боловч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцаж чадахгүй байх байсан. Хэрэв тэд бодитоор Түүнтэй харилцах чадахгүй байсан бол Түүний ажлыг бас мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайр ихээхэн худал хуурмаг болон төсөөллөөр сэвтэх байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр төсөөлөл дээр нь үндэслэн бий болсон байдаг. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэрэг, хайр татам байдлыг харж чаддагийн дээр тэд Түүний бодитой болоод хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайранд бодитой зүйл юу ч байхгүй, хүмүүний санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, жинхэнэ юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг бөгөөд уг мэдлэгээр дамжуулан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Есүсийг гэх үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, харах ёстой; ингэсэн цагт л Бурханыг хайрлах сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр өгөхийг зоригжуулах зүрх сэтгэл тэдэнд төрөх болно. Бурхан үг хэллэг, эсвэл төсөөллөөр нь дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Харин Тэр өөрсдийнх нь хүслээр тэднээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийн ажил, айлдвараараа хайр татам байдлаа харуулснаар Бурханыг хайрлах хайр тэдэнд бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулж, бас түр зуурын сэтгэлийн хөөрлөөс болж Бурханыг хайрладаг юм биш. Тэд Бурханы хайр татам байдлыг, хүмүүсийн хайрлууштай маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний аврал, мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харсан учраас Бурханыг хайрладаг—тийм учраас тэд Бурханыг үнэхээр магтаж, хүсэмжилж, Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өнөөдөр та нар Бурханыг мэдэж, хайрлахаар эрж хайхдаа нэг талаар зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулж, нөгөө талаар төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий хичээл гэж үгүй бөгөөд насан туршдаа итгэхдээ хүмүүсийн авдаг сургамж нь Бурханыг хэрхэн хайрлах тухай байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Чи Бурханд итгэдэг л болохоос Түүнийг хайрладаггүй, Бурханы тухай мэдлэгийг олж аваагүй, зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ хайраар Бурханыг хэзээ ч хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх итгэл чинь ямар ч үр ашиггүй юм; хэрвээ чи Бурханд итгэхдээ Бурханыг хайрладаггүй бол чи хий дэмий амьдарч байгаа бөгөөд амьдрал чинь тэр чигээрээ бүхий л амьдралаас хамгийн дорд байдаг. Чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж байгаагүй бол амьдрахын хэрэг юу байна? Мөн чи Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ чинь хүчин чармайлтын гарз бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гаднаа тодорхой нэг байдлаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр зүрх сэтгэлийнхээ гүнээс жинхэнэ мэдлэг ухааныг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг боловч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол Бурханыг хайрладаг гэж чамайг хэлж болох уу? Бурханыг хайрлахад Бурханы хүслийг бүх зүйлээс эрж хайхыг шаарддагийн дээр ямар нэгэн зүйл тохиолдох үед сэтгэлийнхээ гүнээс эрж хайн, Бурханы хүслийг ухаарч ойлгохыг оролдож, хэрэг явдлаас Бурханы хүсэл юу болох, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүсдэг, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйг харах гэж оролдохыг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

“Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, хольц үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, шалж шаардахгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг—ийм байхад та нарын хайрын хэчнээн нь хольцтой байх вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэх хайр чинь аль хэдийн хангалттай гэж боддог. Тэгвэл үг, үйлдэл чинь яагаад үргэлж тэрслүү, хуурамч байдаг юм бэ? Та нар Намайг дагадаг мөртөө Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртөө хэн бэ гэдэгт минь тохируулж Надад ханддаггүй, цаг ямагт Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч бүх хэрэг явдал дээр Намайг хуурч, мэхлэхээр хичээдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг хэрнээ Надаас эмээдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг бүх талаар, бүх зүйл дээр эсэргүүцдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг зориулсан нь үнэн ч Миний шаарддаг зүйлийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Үүнийг хайр гэж үзэж болох уу? Хянуур тооцоолол нь, Намайг гэх хайрын өчүүхэн ч сэжүүр та нарын дотор байдаггүй гэдгийг харуулдаг. Маш олон жилийн ажил болон энэ бүх үгээр хангасны минь дараа та нар үнэндээ хэр ихийг олж авсан бэ? Өнгөрснөө анхааралтай харвал зохистой бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-өөс эш татав

Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эзэмшлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс эш татав

Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-ээс эш татав

Бурханд итгэх зам болон Түүнийг хайрлах зам хоёр нь нэг л зүйл юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй—энэ бол Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Зарим үед хүмүүс дан ганц мөс чанартаа тулгуурлаад Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол мөс чанараа ашиглан Түүний хайрыг мэдрэх гээд үзээрэй. Чамд тухайн үедээ урам зориг орж магадгүй боловч удалгүй алга болно. Хэрвээ чи зөвхөн мөс чанараараа Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг бол залбирах үедээ урам зориг авах боловч удалгүй урам зориг чинь бөхөж, алга болно. Яагаад тэр вэ? Хэрвээ чи мөс чанараа л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй; чи зүрх сэтгэлээрээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнсийг чинь Тэр хөдөлгөх бөгөөд тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний сүнсийг хөдөлгөх үед, хүн мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ урам зоригтой байх үед, нэг үгээр хэлбэл хүн туршлага олж авсан үедээ л мөс чанараараа Бурханыг амжилттай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу зүйл биш—энэ бол Бурханыг хайрлах хамгийн доод шат юм. “Бурханы нигүүлслийг зүй ёсоор хариулах төдий л” хайрлах нь хүнд идэвхтэйгээр орох түлхэц ердөө өгөхгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, бодит туршлагаараа Бурханы хайрыг харж, мэдрэх үед, Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй болж, хүн төрөлхтөн үнэхээр Бурханыг хайрлууштай, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үедээ л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Бурханыг үнэхээр хайрлаж, Түүгээр авхуулахыг хүсдэг бол эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы руу бүрмөсөн эргүүлэх юм. Хийдэг юм бүхэн дээрээ өөрийгөө шинжилж, ингэж асуу: “Би үүнийг Бурханыг хайрлах сэтгэлээр хийж байна уу? Үүний ард ямар нэгэн хувийн санаа зорилго байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ захирч, хувийн бүх санаа зорилгоо орхиж, тэр чигээрээ Бурханы төлөө байх байдалд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгч дадах зам юм. Зүрх сэтгэлээ захирна гэж юуг хэлдэг вэ? Энэ бол махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ орхиж, байр суурийн ерөөл, тав тухад шунахгүй байж, Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнийг хийж, зүрх сэтгэлээ өөрийнхөө төлөө биш, бүрмөсөн Түүний төлөө болгох юм. Энэ л хангалттай.

Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гардаг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгийн үндсэн дээр л оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх үед тэд Бурханыг хайрладаг болдог ч тэрхүү хайр нь заавал цэвэр ариун, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгож, жинхэнээсээ бишрэн шүтэхийн хооронд бас л тодорхой зай байсаар байдаг. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж, Бурханы зан чанарыг мэдэж авах зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх явдал юм. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа хүн амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар түүний зан чанар өөрчлөгдөж эхлэн, Бурханыг гэх хайр нь аажмаар өсөж, Бурханы талаарх мэдлэг нь ч бас аажмаар нэмэгддэг. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох зөвхөн урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавихдаа зүрх сэтгэлдээ Түүнийг хүсэмжилж байдаг болохоос биш, хайрлаж байдаггүй, учир нь тэд Түүнийг ойлгодоггүй. Ийм нөхцөлд Түүнийг гэх тодорхой хэмжээний хайр тэдэнд байдаг ч энэ нь аяндаа төрдөггүй, бас жинхэнэ бус юм. Яагаад гэвэл хүний махан биеэс гардаг бүхэн сэтгэл хөдлөлийн үр дагавар бөгөөд жинхэнэ ойлголтоос гардаггүй. Энэ бол ердөө л түр зуурын сэтгэл хөдлөл бөгөөд удаан хугацааны хүндлэл бишрэл болж чаддаггүй. Хүмүүс Бурханы талаар ойлголтгүй байх үедээ эрхэмлэдэг зүйл болон хувийн үзэлдээ л тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа төрдөг хайр гэж хэлж болохгүй, жинхэнэ хайр ч гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу эргэж, бүх зүйл дээр Бурханы ашиг сонирхлыг бодож чаддаг боллоо ч гэсэн Бурханы талаар ямар ч ойлголтгүй байх юм бол чин сэтгэлээсээ аяндаа хайрлах чадваргүй байх болно. Түүний хийж чадах зүйл нь чуулганы төлөө зарим нэг чиг үүрэг биелүүлж, үүргээ багахан гүйцэтгэх л байх боловч үүнийгээ ямар ч суурьгүйгээр хийнэ. Ийм хүний зан чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг; ийм хүмүүс нэг бол үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй. Хүн зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлсэн ч гэсэн, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл нь цэвэр ариухан гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх хайр байх заавал албагүй. Энэ нь Бурханыг ойлгохоор эрэлхийлдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондох ялгаатай холбоотой. Хүн Бурханы талаар ойлголттой болсон бол тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд Бурханыг гэсэн жинхэнэ хайр зүрх сэтгэлд нь аяндаа төрдөг гэдгийг энэ нь харуулж байна. Ийм хүмүүсийн л зүрх сэтгэлд Бурхан байдаг. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг хайрладаг болохын урьдчилсан нөхцөл юм. Энэ бол Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн тэмдэг ч биш. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болох цорын ганц арга зам нь зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх явдал бөгөөд энэ нь бас Түүний бүтээлүүдийн нэг болохынхоо хувьд хийх учиртай эхний зүйл нь мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол бүгдээрээ амийг эрэлхийлдэг хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдээрээ Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэн байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-өөс эш татав

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; түүнчлэн энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй юм байна. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсэхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед байр сууриндаа бат зогсож чаддаг эсэхээс чинь хамаардаг; Бурханыг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог. Тэгвэл ийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи хүсэл зоригоо дайчилж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүллээ гэсэн, чи Бурханы хүслийг хангахын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой бөгөөд өөрөө Бурханыг эрж хайж, ярилцахаар эрэлхийлэх ёстой. Ийм үед чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болж, ухарч буцахад улам амархан болно. Чи чиг үүргээ биелүүлэх шаардлагатай үед тэрийгээ сайн биелүүлдэггүй хэдий ч чадах бүхнээ хийж, Бурханыг хайрлах хайраараа л хийдэг; бусад хүмүүс юу хэлэх нь хамаагүй, тэд чамайг сайн хийсэн, муу хийсэн гэх нь хамаагүй, Бурханы өмнөөс үйлдэж байгаа учраас санаа зорилго чинь зөв байдаг бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй. Бусад хүн чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай ч гэж гуйхгүй. Би зүрх сэтгэлээрээ Таныг хайрлаж чаддаг, сэтгэл минь амгалан, мөс чанар минь сэвгүй байгаасай л гэж гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгах л гэж чармайж, чадах бүхнээ хийж үүргээ гүйцэтгэдэг; хэдийгээр би мулгуу, тэнэг, муу хэв чанартай, сохор боловч Таныг хайр татам гэдгийг мэднэ, байгаа бүхнээ Танд зориулахад би бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ингэж залбирмагц Бурханыг гэсэн хайр чинь бий болж, зүрх сэтгэл чинь илүү уужирна. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэдэг энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог. Өөрийг нь хайрлахыг хүнээс шаардахдаа Бурхан хүсэл тэмүүлэл юм уу хүслээ ашиглан Өөрийг нь хайрлахыг хүнээс шаарддаггүй; Түүнд үйлчлэхийн тулд үнэнийг ашиглаж, үнэнч байснаар л хүн Түүнийг үнэхээр хайрлаж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Намайг шүүх үед тань бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж болох учраас би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайр минь илүү цэвэр болж, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь Таны нигүүлсэнгүй хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм… Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай байнга ярьдаг боловч хараахан тийм түвшинд хүртэл туршлагажаагүй байна. Бурхан миний амь, Тэр намайг өдөр бүр залж чиглүүлдэг, би Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр миний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг тэдэнд суулгасан байдаг боловч ямар нэгэн жимс гарах нь байтугай, соёолоогүй ч гүй байдаг. Өнөөдөр чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа, одоо л Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрдэг. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүл, эцэг, эхгүй, махан биеийн зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадах ч Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх болно; чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихад Бурханд итгэх итгэлдээ хүссэн үр дүнд хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихдаа Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай хангалттай дотно харилцаатай болоход, Тэр чиний амь, чиний хайр болж, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлнэ: “Ээ, Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад бүх зүйлгүйгээр явж чадна, гэвч Тангүйгээр амьдарч чадахгүй.” Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүн өнөөдрийг хүртэл албан хүчээр ирж байсан: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой бөгөөд хадны завсар хавчуулагдсан мэт тэдэнд үргэлж санагддаг. Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг авчихвал амиа алдахтай адил тийм мэдрэмж чамд төрөх ёстой; Бурхан чиний амь байж, чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ингэвээс чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг хайрлахдаа жинхэнээсээ хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байна. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух үед Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болсон байна; чи хорвоо ертөнцийг, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад хэцүү байх болно—мартах боломжгүй, энэ бол чиний жинхэнэ амь бөгөөд Бурханыг гэх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй; Бурханыг гэх тэдний хайр нэн тэргүүнд байдаг. Ийм маягаар бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс илүү Бурханыг гэх хайрыг олсон үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өмнөх: 168. Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах зарчмууд

Дараах: 170. Бурханыг сэтгэл хангалуун байлгах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх