144. Үхэлд хандах зарчмууд

(1) Хүний амьдрал, үхэл бүхэлдээ Бурханы гарт байдаг, хоёуланг нь Бурхан зохицуулж, тогтоодог. Энэ асуудал дээр хүн өөрийн гэсэн сонголттой байх ёсгүй;

(2) Хүний махан бие болон сүнс бүхэлдээ Бурханд харьяалагддаг, тэдгээр нь хүний өөрийнх нь биш. Хүн тэдгээрийг Бурханы гарт даатгаж, амьдарсан ч, үхсэн ч Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой;

(3) Бурхан бол зөвт. Тэрээр хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг, хүн бүрд зориулсан Түүний зохицуулалт шударга, боломжийн байдаг. Ойлгохуйяа бэрх асуудлынхаа талаар таамаг бүү гарга;

(4) Бурхан бидэнд ганц өдөр амьдрах боломж олгосон гэдэг нь бид Түүний төлөө өөрсдийгөө зарлагадах ёстой гэсэн үг. Махан биеийнхээ төлөө амьдрах нь араатан юм уу диавол байна гэсэн үг юм; үнэнийг ойлгосноор л хүн Бурханд дуулгавартай байж чадна.

Холбогдох Бурханы үг:

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Хэрвээ хүний төрөлтийг өмнөх амьдрал нь заяадаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг заадаг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл юм бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг заадаг. Бүтээгч хүний төрөлтөд зориулсан тогтсон цогц нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн үхэлд нь зориулан тогтсон цогц нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл, хэн ч санамсаргүй төрдөггүй, хэний ч үхэл гэнэтхэн байдаггүй, төрөх, үхэх хоёр хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын аль алиныг нь Бүтээгч урьдчилан тодорхойлдог; энэ бол хүний хувь тавилан, хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар олон тайлбар байдаг хойно, хүний үхэл өөрийн гэсэн янз бүрийн онцгой цогц нөхцөл байдалд болдог нь мөн үнэн билээ. Хүмүүсийн амьдрах хугацаа өөр өөр, үхсэн байдал, цаг нь ялгаатай байдгийн шалтгаан нь энэ юм. Зарим хүн эрүүл, чийрэг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол насан эцэслэж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ дэргэд нүд аньдаг. Зарим хүн агаар дээр, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гамшигт үгүй болдог. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гялалзсан амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч, Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн ирээдүйдээ зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж болох боловч өөрийн төрөх болон энэ дэлхийгээс явах байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэх, яаж үхэх, тэр ч бүү хэл хаана тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Мэдээжийн хэрэг, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг амьтан биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Өөрийн гэсэн юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс, Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны улмаас эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүмүүний амьдрал туулж, дэлхий ертөнцийг харах боломжийг олж авдаг. Энэхүү сүнс мөн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай сайхныг мэдэж, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүн энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ барьж авдаггүй. Хүн, хувь заяаны эсрэг тэмцэж насан туршийн эрч хүчээ шавхан, гэр бүлээ тэжээх гэж хичээн, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж, хөл үймээн болж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн нандигнадаг зүйл нь гэр бүл, мөнгө, алдар нэр байдаг, тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн хувь заяаныхаа талаар гомдоллодог боловч, хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэн, утга учир юу вэ гэсэн шинжилж, ойлговол зохих хамгийн чухал асуудлуудыг бодлынхоо мухар луу түлхсээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртлээ ердөө л алдар нэр, эд баялаг эрж хайн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрдэг. Нэр хүнд, эд баялаг өтөл насны доройтол руу уруудахыг нь зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө сэтгэлийн хоосролыг дүүргэж чадахгүй, төрж, хөгширч, өвдөж, үхэх хуулиас хэн ч ангид байдаггүй, хувь заяаны төөргөөс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд ингэж амьдардаг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, асар их эд баялаг, үлэмж их эд хөрөнгөтэй, эрх дархтай, өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй, анхны байрандаа эргэн очиж, өөрийн гэх ямар ч юмгүй орь ганц сүнс болно гэдгийг лавтай ухаардаг. Хүмүүс эцэг эхтэй байх үедээ, эцэг эх бол бүх юм гэж итгэдэг; эд хөрөнгөтэй байх үедээ мөнгө бол хүний түшиг тулгуур, амьдрах арга хэрэгсэл гэж боддог; байр суурьтай болохоороо түүнтэйгээ ягштал зууралдаж, түүний төлөө амиа дэнчин тавихаар байдаг. Хүмүүс энэ хорвоог орхих гэж байхдаа л өөрсдийнх нь эрж хайж амьдралаа өнгөрүүлсэн зүйлс үзэгдээд өнгөрөх үүлсээс өөр юу ч биш, тэдгээрийн алийг нь ч хадгалж үлдэж чадахгүй, алийг ч аваад явж чадахгүй, аль нь ч үхлээс чөлөөлж чадахгүй, аль нь ч буцах замд нь ганцаардмал сүнстэй хамт байж, тайтгаруулж чадахгүй; хамгийн наад зах нь, эдгээр зүйлийн аль нь ч хүнийг аварч, үхлийг даван туулах боломж олгож чадахгүй гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнцөд олж авдаг нэр алдар, эд баялаг нь түр зуурын сэтгэл ханамж, зуурдын таашаал, хуурамч тайвшрах мэдрэмжийг хүнд өгч; ингэх явцдаа хүнийг замаа алдахад хүргэдэг. Иймээс хүмүүс, хүн төрөлхтний өргөн уудам далайд бачимдан, амар тайван байдал, тав тух, зүрх сэтгэлийн амар амгаланг хүсэн мөрөөдөхийн хэрээр давлагаанд ахин дахин нөмрүүлдэг. Тэд хаанаас ирсэн, яагаад амьд байгаа, хаашаа явж байгаа гэх мэт ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг хүмүүс хараахан ойлгоогүй байхдаа алдар нэр, эд баялагт уруу татагдаж, будилж, тэдгээрт захирагдаж, эргэлт буцалтгүйгээр төөрөлддөг. Цаг хугацаа нисэн одож; он жил нүд цавчихын төдийд өнгөрч, хүн нэг л мэдэхэд амьдралынхаа хамгийн сайхан жилүүдтэй салах ёс хийсэн байдаг. Хүн хорвоогоос явах нь дөхөхөд хорвоо дээрх бүх зүйл урсан оддог, анх өөрийнх нь байсан зүйлсийг цаашид хадгалж үлдэж чадахгүй гэдгийг аажмаар ухаарахад хүрдэг; тэгээд энэ хорвоод дөнгөж мэндлээд орилж байгаа, хараахан өөрийн гэсэн юу ч байхгүй нярай хүүхэд шиг гэдгээ хүн үнэхээр мэдэрдэг. Энэ үед хүн амьдралдаа юу хийсэн, амьд байхын үнэ цэн, энэ нь ямар утга учиртай, хүн яагаад энэ хорвоод ирснийг тунгаан бодоход хүрдэг. Тэгээд энэ үед л хүн, хойд нас гэж үнэхээр байдаг эсэх, Тэнгэр үнэхээр оршдог эсэх, цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг… Хүн үхэх нь ойртох тусам амьдрал гэж үнэндээ юу болохыг ойлгохыг улам их хүсдэг; хүн үхэх нь ойртох тусам зүрх сэтгэл нь улам хоосон санагддаг; хүн үхэх нь ойртох тусмаа арчаагүй байдлыг улам их мэдэрдэг; ийнхүү хүний үхлээс айх айдас өдрөөс өдөрт улам их болдог. Үхэх нь ойртох үед хүмүүст ийм мэдрэмж төрдөг хоёр шалтгаан бий: Нэгдүгээрт, тэд амьдрал нь хамаарч байсан алдар нэр, эд баялгаа алдаж, хорвоо дээрх нүдэнд харагдах бүхнийг ардаа орхин одох гэж байна; хоёрдугаарт, тэд хөл тавихаас айдаг, хайртай хүмүүс нь байхгүй, ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй танил бус ертөнцтэй, нууцлаг, үл мэдэх оронтой орь ганцаараа нүүр тулах гэж байна. Энэ хоёр шалтгааны улмаас үхэлтэй нүүр тулсан хүн бүхэнд түгшүүртэй санагдаж, урьд өмнө нь хэзээ ч үзээгүйгээр сандарч, арчаагүй байдлыг мэдэрдэг. Үнэндээ энэ цэгт хүрээд л, хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн шийддэг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг вэ гэдэг нь энэ хорвоод хөл тавингуутаа хамгийн түрүүнд ойлгох учиртай зүйл юм байна гэдгийг хүн ухаардаг. Гэр бүлээ хэрхэн тэжээж, алдар нэр, эд баялагт хэрхэн хүрэхэд суралцах биш, хэрхэн бусдаас онцгойроход, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах ч бас биш, хэрхэн бусдаас илүү дээр байж, амжилттай өрсөлдөхөд суралцах явдал бүр ч биш харин энэхүү мэдлэг бол хүний амьдрах жинхэнэ арга хэрэгсэл, гол суурь мөн. Хэдийгээр хүмүүсийн амьдралаа зарцуулан сурч эзэмшдэг олон янзын амь зуух ур чадвар нь асар их материаллаг тав тухыг өгч чадах боловч зүрх сэтгэлд нь жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй, харин ч хүмүүсийг байнга зүг чигээ алдаж, биеэ барихад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах боломж болгоныг алдахад хүргэдэг; амьд үлдэх эдгээр ур чадвар нь үхэлтэй хэрхэн зүй ёсоор нүүр тулах тухай сэтгэл зовних далд мэдрэмжийг төрүүлдэг. Хүмүүсийн амьдрал ийм байдлаар сүйрдэг. Бүтээгч хүн болгонд шударга хандаж, Өөрийнх нь дээд эрхийг туулж, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгодог хэдий ч зөвхөн үхэх нь дөхөж, үхэл заналхийлэх үед л хүн ухаарч эхэлдэг боловч тэр үед хэтэрхий оройтсон байдаг!

Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст ингэж санагдах тусам, амьд явахыг улам их хүсэмжилдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаардаггүй, тэдний хянадаг зүйл биш, амьдрах, үхэхээ хүн шийдэж чадахгүй, энэ бүхэн хүний хяналтаас гадуур байдаг гэдгийг үнэхээр ухаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа, түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг туулах туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүн—сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биеэрээ туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн тавьж өгсөн хувь заяаны хуулийн дотор амьдардаг бөгөөд мөс чанартай, эрүүл ухаантай ямар ч хүний хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах нь хэцүү зүйл биш юм. Тиймээс хүн бүрийн хувьд амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар бүх хүний хувь заяаг урьдчилан тогтоосон байдаг гэдгийг танин мэдэж, амьд байхын утга учир юу болохыг ухаарч, нэгтгэн дүгнэх нь тун амархан байх ёстой. Хүн амьдралын эдгээр сургамжийг хүлээн авах явцдаа амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэлд нь үнэндээ юу хэрэгтэй, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдөг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг. Хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй, Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах цаг ирэхэд, хүний сүнс Бүтээгчтэй дахин нүүр тулах гэж байх үед зүрх сэтгэл нь энгүй их айдас, бухимдлаар дүүрэх болно. Хэрвээ хүн энэ хорвоо дээр хэдэн арван жил байсан атлаа хүний амь хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг ч бас танин мэдээгүй бол үхэлтэй тайвнаар нүүр тулж чадахгүйд нь гайхах зүйлгүй. Хүмүүний амьдралыг хэдэн арван жил туулахдаа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв ойлгодог хүн билээ. Ийм хүн амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай байдаг. Ийм хүн, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй, хүнд байдаг бүх зүйл Бүтээгчээс ирдэг, ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүнд буцааж өгнө гэдгээ ойлгодог. Бүтээгч хүний төрөхийг зохицуулдаг, хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан шийддэг гэдгийг ийм хүн ойлгодог. Иймээс хүн эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо, аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж, энэ хорвоогийн бүх эд хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, захирагдан, Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсэргүүцэж тэмцэлдэхийн оронд баяртайгаар байгаагаар нь угтан авна. Хэрвээ хүн, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж амьдралыг үзвэл, өөрийн амьдралыг бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэж, даалгавраа биелүүлэх ховорхон боломж гэж үзвэл, амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой болж, Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар гарцаагүй амьдарч, Бүтээгчийн гэрэл дор гарцаагүй алхаж, Бүтээгчийн дээд эрхийг гарцаагүй мэдэж, Түүний ноёрхол дор гарцаагүй орж, Түүний ер бусын үйл хэрэг, Түүний эрх мэдлийг гарцаагүй гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгөөр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц биз. Мэдээжээр үхэлд ингэж хандаж байсан нэг хүн бол Иов байсан. Иов амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд амьдралын замналаа төвөггүй төгсгөж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн дэргэд эргэн очсон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Сударт Иовын талаар ингэж бичигдсэн байдаг: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвдөлт мэдрэлгүй, харин энэ хорвоогоос жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж байгаачлан, Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан. Бурхан түүний үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санаж байсны дээр түүний амьдрал бусад бүх хүнээс ч илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой байсан гэж хэлж болно. Иов газар дээр Бурханы ерөөлийг эдэлж, Түүгээр зөв шударга хэмээн дуудуулж, мөн Бурханд шалгуулж, Сатанд сориулсан. Тэр Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Түүгээр зөв шударга хүн гэж дуудуулах гавьяатай байсан. Тэр Бурханд шалгуулсныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнийг шалгасан, мөн зөв шударга үйлийнх нь улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярьсан юм. Иймээс шалгуулснаасаа хойших жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү бодитойгоор ойлгож, үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч, Бүтээгч ерөөлөө хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь өгч байснаасаа илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар нүүр тулах илүү таатай нөхцөлд байдалтай болгосон гэдгийг Иовын номд тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов эд хөрөнгийнхөө талаар сэтгэл зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох, харамсах зүйл байгаагүй, мэдээж үхлээс айгаагүй, учир нь тэр бүхий л амьдралаа Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж өнгөрүүлсэн. Өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын үйлдсэн бүхий л байдлаар өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрхийг хадгалж чаддаггүй вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэд итгэж, танин мэдэж, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсны дээр амьдралынхаа чухал онцгой үеүдийг ийнхүү итгэж, танин мэдэж, захирагдан өнгөрөөж, амьдралынхаа сүүлчийн жилүүдийг амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулснаас үл хамааран түүний амьдралын зорилго, эрэл хайгуул нь зовлон шаналалтай биш, харин жаргалтай байсан. Зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, сайшаалаас болж биш, харин түүнээс ч чухал нь, өөрийн эрэл хайгуул, амьдралын зорилго, Бурханаас эмээж, муугаас зайлснаараа олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай улам нэмэгдэх мэдлэг, жинхэнэ ойлголт, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэд захирагдаж байхдаа биеэрээ мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, харилцан ойлголцсон тухай халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжийн улмаас тэр жаргалтай байсан юм. Бүтээгчийн хүслийг мэдсэний улмаас төрсөн тав тух, баяр хөөр, Түүнийг агуу, гайхалтай, хайр татам, итгэмжит гэдгийг нь харсны дараа төрсөн хүндлэл бишрэлийн улмаас Иов аз жаргалтай байсан. Үхэхээрээ Бүтээгчийн дэргэд буцаж очно гэдгээ мэдэж байсан учраас Иов ямар ч зовлон зүдүүргүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсан. Мөн түүний амьдралдаа хийсэн эрэл хайгуул, олж авсан зүйл нь үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авах явдалтай сэтгэл тайван нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө ямар ч хир толбогүй, санаа зовох зүйлгүйгээр зогсох боломж олгосон. Өнөөгийн хүмүүс Иовд байсан шиг тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нарт тэгэхэд шаардлагатай нөхцөл байна уу? Өнөөгийн хүмүүст ийм нөхцөл байгаа хэр нь яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос зугтаж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүн өөрийн эрхгүй өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэр болон хүнийг аль алиныг нь хараан загнадаг; зарим нь бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэх дөхөхөд гэнэтхэн гарч ирдэг ердийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Гол нь хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, ойлголт байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагддаггүй учраас ийм ичмээр авирладаг. Хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, хувь заяагаа, амьдралаа, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас ингэж авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйг гайхах хэрэггүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хүн Бурханы дээд эрх, Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг авцалдаагүй байх нь гарцаагүй. Бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгож чаддаггүй, бүх зүйлийг Бурханы хяналт, дээд эрхийн дор байдаг гэдгийг ухаарч, хүн тийм дээд эрхийг хаяж, зугтаж чадахгүй гэдгээ танин мэддэггүй. Ийм шалтгааны улмаас тэд үхэлтэй нүүр тулах цаг ирэхэд сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд нь төгсгөл байдаггүй. Тэд маш их дарамт, дурамжхан байдал, төөрөгдлийн дарамтад байдаг. Энэ нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ хорвоод мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх шаардлагатай, үхэх нь зайлшгүй; хэн ч юмсын энэхүү замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ хорвоогоос зовлонгүйгээр явахыг хүсэж байвал, хэрвээ хүн дургүйлхэлгүй, сэтгэл зоволгүйгээр амьдралынхаа эцсийн онцгой үетэй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал, цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйл үлдээхгүй байх юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрх, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн ийм маягаар л хүмүүний тэмцэлдээнээс, ёрын муу, Сатаны боолчлолоос хол байж, ингэж байж л хүн Иовынх шиг Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн амьдралаар, эрх дураараа, чөлөөлөгдсөн, үнэ цэн, утга учиртай, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна. Ийм маягаар л хүн Иов шиг Бүтээгчийн шалгалтад орж, хоосорч, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Иов шиг ямар ч шаналал, сэтгэлийн зовнил, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна. Ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн замналыг гэрэлд төвөггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах даалгавраа амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас барж чаддаг бөгөөд түүнээс хойш бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Хэрэв чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол сайн мэдээ түгээх хариуцлагаа биелүүлэхийн төлөө, мөн үүргээ зохих ёсоор биелүүлэхийн төлөө зовж, төлөөс төлөхөд өөрийгөө бэлдэх ёстой. Төлөөс гэдэг нь бие махбодын өвчин, бэрхшээл туулах, аль эсвэл хүрээлэн буй орчны хяхалт хавчлага, ертөнцийн хүмүүсийн буруу ойлголцол, түүнчлэн сайн мэдээний байнуудад зодуулах, загнуулах, хаягдах явдал байж болно; эсвэл хамгийн ноцтой тохиолдолд, амиа аюулд оруулах явдал байж болно. Сайн мэдээ түгээх явцдаа чи Бурханы ажил гүйцэлдэхээс өмнө насан эцэслэж, Бурханы алдрын өдрийг амьд сэрүүндээ үзэхгүй байх боломжтой. Чи үүнд бэлдэх ёстой. Та нарыг үүгээр айлгах гэсэн юм биш; энэ бол баримт. Гэхдээ үүнийг Би тодорхой болгож, та нар ойлгосон болохоор хэрвээ та нар одоо ч ийм хүсэл эрмэлзэлтэй, энэ чинь хараахан өөрчлөгдөөгүй байгаа бол тодорхой биеийн хэмжээтэй гэдэг чинь үүгээр нотлогддог. Шашны эрх чөлөө, хүний эрх бүхий харийн энэ улс орнуудад сайн мэдээ түгээхэд аюулгүй байх болно, Бурханы ерөөлөөр, Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээр хийдэг юм болгон чинь саадгүй бүтнэ гэж бүү бод; энэ бол хүний төсөөлөл. Мэргэн ухаангүйгээр сайн мэдээ түгээх аргагүй бөгөөд осол эндэл ихэвчлэн мунхаг хүмүүст нүүрлэдэг. Фарисайчууд ч бас Бурханд итгэдэг байсан, гэхдээ тэд бие махбодтой болсон Бурханыг аваачаад загалмайд цовдолсон. Өнөөгийн шашны ертөнц тийм муухай зүйл хийхгүй гэж бодож байна уу? Эзэн Есүсийг аваачаад загалмайд цовдолсон хүмүүс итгэгчид байсан гэдгийг бүү март. Иймэрхүү зүйл хийх боломж тэдэнд л байсан. Шүтлэггүй хүмүүс ийм юмыг хайхардаггүй байлаа. Энэ итгэгчид л засгийн газартай хуйвалдан, Эзэн Есүсийг аваачаад загалмайд цовдолсон. Үүнээс гадна, шавь нар нь яаж үхсэн билээ? Шавь нарын дунд чулуугаар шидүүлж, моринд чирэгдэж, уруугаа харан цовдлогдож, таван мориор мөчлүүлсэн хүмүүс байсан—тэдэнд элдэв янзын үхэл нүүрлэсэн. Үхлийнх нь шалтгаан юу байсан бэ? Тэд гэмт хэргийнхээ төлөө хуулийн дагуу цаазаар авхуулсан уу? Тэд Эзэний сайн мэдээг түгээж, ертөнцийн хүмүүст гологдсон учраас яллагдаж, зодуулж, загнуулж, цаазлуулсан юм—тэд тийнхүү амиа өгсөн юм. Амиа өгсөн тэр хүмүүсийн эцсийн төгсгөлийн тухай, эсвэл тэдний биеэ авч явах байдлын талаарх Бурханы тодорхойлолтын тухай ярихаа больё, харин тэд төгсгөлдөө очих үед тэдний амьдралын төгсгөл хүний үзэлтэй нийцсэн үү гэж асууя. Хүний үзлийн өнцгөөс гэвэл, хэрвээ тэд Бурханы ажлыг түгээхийн тулд иймэрхүү төлөөс төлсөн бол ядаж л сайн үхлээр үхэх ёстой байсан. Гэхдээ энэ хүмүүс цагаасаа өмнө эмгэнэлтэй байдлаар нас нөгчсөн юм. Энэ нь хүний үзэлтэй нийцдэггүй, гэхдээ Бурхан яг тийм зүйл хийсэн—Бурхан ийм зүйл болохыг зөвшөөрсөн. Бурхан үүнийг зөвшөөрсөн гэдгээс ямар үнэнийг эрж хайж болох вэ? Бурхан тэднийг ийм байдлаар үхэхийг зөвшөөрсөн нь хараал, яллалт байсан уу, аль эсвэл Бурханы төлөвлөгөө, ерөөл байсан уу? Аль нь ч биш. Тэгвэл юу байсан бэ? Одоо хүмүүс тэдний үхлийг ихэд шимшрэн эргэцүүлдэг ч байдал тийм л байсан юм: Бурханд итгэдэг хүмүүс тийм маягаар нас барсан бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг шимшрүүлдэг. Үүнийг яаж тайлбарлах вэ? Энэ сэдвийг хөндөх үед та нар өөрсдийгөө тэдний оронд тавьдаг; тэгээд сэтгэлдээ гуниглаж, далдхан шаналдаг уу? “Энэ хүмүүс Бурханы сайн мэдээг түгээх үүргээ биелүүлсэн бөгөөд сайн хүмүүс гэж тооцогдох ёстой, гэтэл тэд яахаараа тийм төгсгөлтэй учирч, тийм үр дүнд хүрч болдог байна аа?” гэж чи боддог. Үнэндээ тэдний бие ийнхүү үхэж, өнгөрсөн; тэд ийм байдлаар хүний ертөнцөөс хальсан ч ингэлээ гээд үр дүн нь үүнтэй адилхан байсан гэсэн үг биш. Тэдний үхэжхүний ертөнцөөс хальсанзам ямар ч байсан, яаж ч өрнөсөн байсан хамаагүй, Бурхан тэдгээр бүтээгдсэн зүйлийн амьдралын эцсийн үр дүнг ингэж тодорхойлдог юм биш. Үүнийг та нар тодорхой ойлгох ёстой. Харин ч тэд яг тэр арга замыг ашиглан энэ ертөнцийг яллаж, Бурханы үйл хэргийг гэрчилсэн. Тэр бүтээгдсэн зүйлс хамгийн эрхэм нандин амиа ашигласан—тэд Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханы агуу их хүч чадлыг гэрчилж, Бурханы үйл хэрэг зөв гэдгийг, Эзэн Есүс бол Бурхан, Эзэн, Бурханы махбод болсон бие мөн гэдгийг Сатан болон ертөнцөд тунхаглахын тулд амьдралынхаа эцсийн мөчийг ашигласан юм; тэд амьдралынхаа эцсийн мөч хүртэл Эзэн Есүсийн нэрийг хэзээ ч үгүйсгээгүй. Энэ нь энэ ертөнц дээр буусан шүүлтийн нэг хэлбэр байсан бус уу? Тэд өөрсдийн амийг ашиглан, Эзэн Есүс бол Эзэн, Эзэн Есүс бол Христ, Тэрээр Бурханы махбод болсон бие бөгөөд бүх хүн төрөлхтөнд авчирсан Түүний золин авралын ажил хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгодог гэдгийг ертөнцөд тунхаглаж, хүмүүст баталгаажуулж өгсөн—энэ баримт үүрд хувиршгүй. Тэд үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн бэ? Туйлын дээд хэмжээнд үү? Туйлын дээд хэмжээ хэрхэн илэрсэн бэ? Тэд амиараа төлөөс төлсөн. Гэр бүл, өв хөрөнгө, энэ амьдралын материаллаг зүйлс бүгд гадаад зүйл; хүнд цорын ганц дотоод зүйл бол амь юм. Амьд хүн болгоны хувьд амь нь эрхэмлэн нандигнах хамгийн үнэ цэнтэй зүйл, хамгийн нандин зүйл байдаг бөгөөд энэ хүмүүс Бурханы ажлыг ертөнцийн хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлснийхээ хариуд хамгийн эрхэм нандин өмч болох амиа баталгаа болгон өргөж чадсан болж таарч байна. Тэд үхэх өдрөө хүртэл Бурханы нэрийг үгүйсгээгүй, Бурханы ажлыг ч үгүйсгээгүй бөгөөд ийм баримт байдгийг гэрчлэхэд амьдралынхаа эцсийн мөчийг ашигласан—энэ нь гэрчлэлийн хамгийн дээд хэлбэр бус уу? Энэ бол үүргээ гүйцэтгэх хамгийн сайн арга зам; хариуцлагаа биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Сатан тэднийг заналхийлж, айлган сүрдүүлэх үед, эцэст нь бүр амиар нь төлөөс төлүүлэх үед ч тэд хариуцлагаасаа няцаагүй. Үүргээ туйлын дээд хэмжээнд биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Үүгээр Би юу гэх гээд байна вэ? Та нарыг Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээ түгээхдээ ийм арга барил ашигла гэх гээд байна уу? Чи заавал тэгэх хэрэггүй, гэхдээ энэ бол чиний хариуцлага гэдгийг, Бурханд хэрэгтэй байгаа бол үүнийг журамт үүрэг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чи ойлгох ёстой. Өнөөдөр хүмүүс дотроо айдас, зовнил тээж явдаг ч тэдгээр мэдрэмж ямар ашигтай вэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэггүй бол энэ талаар санаа зовох ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ Бурхан чамаар үүнийг хийлгэх хэрэгтэй байгаа бол чи энэ хариуцлагаас бултаж, голох ёсгүй. Чи идэвх санаачилгатай хамтран ажиллаж, санаа зоволгүйгээр үүнийг хүлээн авах ёстой. Хүн яаж ч үхлээ гэсэн, Сатаны өмнө, Сатаны гарт үхэх ёсгүй. Үхэх болбол Бурханы гарт үхэх ёстой. Хүмүүс Бурханаас ирсэн бөгөөд Бурхан руу буцан очдог—бүтээгдсэн зүйл ийм эрүүл ухаан, хандлага эзэмших ёстой. Бие махбодтой болсон Бурхан ажлаа хийж, хүн төрөлхтнийг аварч буй тухай сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд хүн амиараа төлөөс төлөх ёстой гэдэг нь сайн мэдээ түгээх үүргээ гүйцэтгэхдээ хүний ойлгох учиртай эцсийн үнэн юм. Хэрвээ чи ийм эрмэлзэлтэй, үүнд хүрэх чадвартай бол сайн хэрэг. Хэрвээ чи одоо ч иймэрхүү эрмэлзэлгүй байгаа бол наад зах нь өмнөө байгаа үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлж, үлдсэнийг нь Бурханд даатгах ёстой. Магадгүй тэгвэл сар жил улиран өнгөрч, туршлага чинь зузаарч, нас чинь нэмэгдэж, үнэний тухай ойлголт чинь гүнзгийрэхийн хэрээр бүр насан эцэслэх хүртлээ Бурханы сайн мэдээний ажилд амиа өргөх үүрэг, хариуцлагатай гэдгээ чи ухаарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Хүний үзлийн дагуу бол, сайныг шагнаж, мууг шийтгэдэг, сайн хүмүүсийг сайнаар, муу хүмүүсийг муугаар хариулдаг бөгөөд муу зүйл хийдэггүй хүмүүс сайнаар шагнуулж, ерөөл хүртэх ёстой; учир нь Бурхан зөвт юм. Муу хүн биш л бол бүх тохиолдолд хүмүүсийг сайнаар шагнах ёстой мэт харагдаж болно; зөвхөн энэ л Бурханы зөвт байдал. Гэхдээ хэн нэгэн сайнаар шагнуулж чадахгүй бол яах вэ? Тэгвэл чи Бурханыг зөвт биш гэж хэлэх үү? Бурхан өмнөх эринд хүн төрөлхтнийг бүтээсэн гэж бичсэн тэмдэглэлийг энэ эриний хүмүүс номоос олж уншлаа гэж үзье. Олон мянган жил өнгөрсний дараа хүмүүс хүн гэж танигдахын аргагүй болтлоо завхарсныг Бурхан хараад аврах хүсэл огт төрөөгүй учраас тэднийг устгажээ. Үүнийг чи юу гэж үзэх вэ? Бурханд хайр байхгүй гэж хэлэх үү? Хүний нүдээр, хэрвээ Бурхан хүмүүсийг устгасан бол Түүнд хайр байхгүй гэсэн үг. Аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодолд үндэслэн Бурхан ямаршуу болохыг хэлнэ гэдэг Бурханы талаарх мэдлэг биш. Хүмүүсийн аливааг үзэх хэв маягт ямар ч үнэн байдаггүй. Бурханы мөн чанар юу болох, Бурханы зан чанар юу болохыг чи харах ёстой. Хүмүүс Бурханы хийсэн юм уу харьцсан зүйлээс үүдэлтэй аливаа гаднах үзэгдэлд үндэслэн Бурханы мөн чанарыг харах ёсгүй. Хүн төрөлхтөн өөрөө Сатанаар завхруулагдсан юм. Хүмүүс чухамдаа уг чанар нь ямар болохыг мэддэггүй, Бурханы өмнө завхарсан хүн төрөлхтөн ямар байдгийг, тэдэнтэй хэрхэн харьцах ёстойг ч мэддэггүй. Бурханаар ерөөгдсөн зөв шударга хүн болох Иовыг аваад үз. Энэ бол Бурханы зөвт байдал байсан. Сатан Еховатай мөрий тавьсан: “Та түүнд хэтэрхий ихийг өгсөн болохоор л Иов Таныг шүтэн мөргөдөг. Хэрэв Та түүнээс тэр бүхнийг булаан авбал Таныг шүтэн мөргөсөөр байж чадах болов уу?” Ехова Бурхан: “Түүний амийг л авахгүй бол чи юу хүссэнээ хийж болно” гэж хэлсэн. Тэгээд Сатан Иов дээр очиж, дараа нь Иов шалгалтуудтай тулгарчээ. Тэр өөрт байсан бүх зүйлээ—хүүхдүүдээ, эд хөрөнгөө алдсан. Тэгвэл Иовын шалгалт дотор Бурханы зөвт зан чанар оршиж байсан уу? Чи тодорхой хэлж чадахгүй, тийм үү? Хэдий чи зөв шударга хүн байсан ч Бурхан чамайг шалгалтад оруулж, Өөрт нь гэрчлэл хийх боломжийг чамд олгох эрхтэй. Бурханы зан чанар зөвт; Тэр хүн бүрд эрх тэгш ханддаг. Тэглээ гээд зөв шударга хүмүүс шалгалт туулах шаардлагагүй, эсвэл тэднийг хамгаалах ёстой гэсэн үг биш; энэ нь тийм биш юм. Бурхан чамайг шалгалтад оруулах эрхтэй. Энэ бол Түүний зөвт зан чанарын илчлэл юм. Эцэст нь Иовыг шалгалт туулж, Еховад гэрчлэл хийж дуусахад Ехова түүнийг урьдынхаас ч илүү ихээр ерөөж, хоёр дахин их, бүр ч илүү дээр ерөөлийг түүнд өгсөн юм. Түүнчлэн Ехова түүний өмнө гарч ирээд салхиар түүнтэй ярилцсан бөгөөд Иов Түүнийг нүүр тулан уулзах мэт харсан. Энэ нь түүнд өгөгдсөн ерөөл байв. Энэ бол Бурханы зөвт байдал байлаа. Хэрэв юмс эсрэгээрээ болсон бол яах вэ? Иовыг шалгалт туулж дуусахад, Иов Сатаны өмнө Өөрийг нь хэрхэн гэрчилж, Сатаныг шившиглэснийг харсныхаа дараа хэрэв Ехова түүнийг үл тоомсорлож, буруу хараад явчихсан бол, Иов дараа нь ерөөл хүртээгүй бол яах вэ—үүнд Бурханы зөвт байдал агуулагдаж байх байсан уу? Шалгалтын дараа Иов ерөөгдсөн эсэх, Ехова түүний өмнө гарч ирсэн эсэхээс үл хамааран энэ бүхэн нь Бурханы хүслийг агуулж байгаа. Иовын өмнө гарч ирэх нь Бурханы зөвт байдал, гарч ирээгүй байсан ч мөн адил Бурхан зөвт байдал байх байв. Бүтээгдсэн зүйл чи яг ямар үндэслэлээр Бурханд шаардлага тавьдаг юм бэ? Хүмүүс Бурханд шаардлага тавихад тохирохгүй. Бурханд шаардлага тавихаас илүү эрүүл ухаангүй зүйл гэж үгүй. Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг. Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Тухайн үед Бурхан хэрвээ Иовыг устгасан бол хүмүүс Бурханыг зөвт гэхгүй байх байсан. Гэвч үнэндээ хүмүүс завхарсан ч бай, завхраагүй ч бай Бурхан тэднийг устгахдаа Өөрийгөө зөвтгөх ёстой гэж үү? Бурхан ямар үндэслэлээр тэгж байгаагаа хүмүүст тайлбарлах ёстой гэж үү? “Тэд хэрэгтэй бол Би устгахгүй; хэрэггүй бол устгана” гэдэгт Бурханы шийдвэр үндэслэсэн байх ёстой гэж үү? Тэгэх шаардлагагүй. Бурханы нүдээр бол, завхарсан хүнтэй Тэр хүссэнээрээ харьцаж болно; Бурханы хийдэг юм бүхэн зохистой байх бөгөөд энэ бүгд Бурханы зохицуулалт юм. Хэрэв чи Бурханы нүдэнд таалагдаагүй бол, хэрэв Бурхан гэрчлэлийн чинь дараа чамайг ямар ч хэрэггүй гэж хэлээд, чамайг устгасан бол энэ ч бас Бурханы зөвт байдал мөн үү? Мөн. Яг одоо чи үүнийг баримтаар хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох ч онолын хувьд ойлгох ёстой. Та нар юу гэж хэлэх вэ—Бурхан Сатаныг устгадаг нь Бурханы зөвт байдлын илэрхийлэл мөн үү? Бас Бурхан Сатаныг үлдээсэн бол яах вэ? Чи юм хэлж зүрхлэхгүй, тийм биз дээ? Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? “Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?” гэсэн. Өнөөдөр, Сатан хүмүүсийг яаж завхруулсан, Бурхан хүмүүсийг яаж авардгийг хүмүүст харуулахын тулд Бурхан Сатаныг устгадаггүй гэдгийг чи харах ёстой. Эцсийн эцэст хүмүүс Сатаны завхруулсан хэмжээнээс үүдэн Сатаны завхралын аймшигт нүглийг нүдээр харах ёстой бөгөөд Сатаныг Бурхан устгах үед Бурханы зөвт байдлыг харж, үүнд Бурханы зан чанар агуулагддаг гэдгийг харах учиртай. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Иймээс Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Өмнөх: 143. Өвчинд хандах зарчмууд

Дараах: 145. Хайр болон гэрлэлтэд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх