116. Янз бүрийн ёрын муу хүмүүсийг таних зарчмууд

(1) Ёрын муу хүмүүс үнэнийг гойд үзэн яддаг. Тэд үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, Бурханы шүүлт, гэсгээлтийг ч хүлээн авдаггүй, засалт, харьцалт туулахыг бүр ч хүлээн авдаггүй;

(2) Ёрын муу хүмүүст учирлах боломжгүй. Тэд зөв бурууг сольж, баримтыг мушгин гуйвуулахдаа чадварлаг байдаг, бусдыг дайрч давшилж, онилдог бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглана;

(3) Ёрын муу хүмүүст өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй бөгөөд хэчнээн ёрын муу зүйл хийлээ ч гэсэн, эсвэл бусдыг хэчнээн их зэрэмдэглэлээ ч гэсэн, хүйтэн цустай амьтад мэт огт мэддэггүй;

(4) Ёрын муу хүмүүс Бурханы үгийг уншдаггүй, үнэний талаар ч нөхөрлөдөггүй. Тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хувийн ашиг хонжоонд анхаарлаа төвлөрүүлж, зөвхөн өөрийн байр суурь, нэр хүнд, ашиг хонжооны төлөө л дуугардаг.

Холбогдох Бурханы үг:

Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон хорон санаатан шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хорон санаатнууд Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд үнэг шимэгч болохыг Би яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр хорон санаатныг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Хорон санаатнуудад Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас эш татав

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Хорон муу хүмүүс ёрын муу, заналт, хорлонтой зүйлд дуртай; тэд сөрөг зүйлтэй холбоотой энэ бүх зүйлийг хайрладаг. Эерэг зүйлсийг дурдаж, ямар нэг зүйл хүмүүст үр өгөөжтэй, Бурханаас ирдэг гэж хэлэх үед тэд сонсож байгаа зүйлдээ дургүйцэн, сонирхохоо больдог. Тийм болохоор тэд аврагдах ямар ч аргагүй. Үнэнийг хэчнээн тодорхой илэрхийлсэн ч бай, энэ зам хэчнээн үнэн ч бай, тэдний сонирхлыг татах аргагүй—харин идэх, уух, хөгжилдөх, завхайрах, мөрийтэй тоглох, хулгай, дээрэм хийх тухай дурдмагц тэдний сэтгэл сэргэдэг. Энэ бол заналтай, ёрын муу зан чанар бөгөөд тэдний зүрх сэтгэлд ямар ч сайн сайхан байдаггүй тул эерэг зүйлсийг хайрлах чадваргүй байдаг. Зүрх сэтгэлдээ тэд эерэг зүйлийг хэрхэн авч үздэг вэ? Зэвүүцэн үздэг. Тэд тэдгээрийг жигшдэг, тэгээд доог тохуу хийнэ. Үнэнч байх тухай дурдахад тэд, “Үнэнч хүмүүс ердөө зовдог. Би үнэнч байхгүй. Үнэнч байгаа чи мунхаг юм, үүргээ биелүүлэх чинь хэчнээн хүнд бэрх байгааг хар. Чи хэзээ ч өөртөө гарах гарц олъё гэж бодоогүй, бас эрүүл мэндээ хэзээ ч бодолцоогүй. Чамайг туйлдаад ирэхээр хэн харж хандах юм бэ? Би өөрийгөө туйлдуулж болохгүй” гэж дотроо боддог. Зарим нь: “Бид өөрсдөдөө гарах гарц үлдээх хэрэгтэй; зүгээр л сохроор нөр их зүтгэл гарган хөдөлмөрлөөд байж болохгүй. Гарах гарцаа бэлтгэх ёстой, тэгээд жаахан ёс төдий зүтгэл л гаргахад болно” гэж зарим нь хэлдэг. Өөрсдийнх шиг нь сэтгэлгээтэй ярианд тэд баярладаг, харин туйлын дуулгавартай байх, өөрийгөө үнэнчээр зарлагадаж, үүргээ биелүүлэх тухай дурдмагц тэд эгдүүцэж, үүнд дургүйцэж, дүлий дүмбэ оргидог. Тийм хүмүүс заналтай бус уу? Тэдний зүрх сэтгэлд заналт байдал л байдаг. Үнэнийг болон үнэнийг хэрэгжүүлэх талаар дурдмагц, ашиг сонирхол нь хөндөгдөх юм бол тэдний дургүй хүрч, сонсохыг хүсдэггүй: “Чи бүхэл өдөржин үнэн, хэрэгжүүлэлтийн зарчим, үнэнч шударга байх талаар ярилаа. Үнэнч байлаа гээд хоолоо олж чадах юм уу? Үнэнч байснаараа би мөнгө олж чадах юм уу? Би худал хэлээд ашиг олж чадна.” Энэ ямар логик вэ? Энэ бол “дээрэмчдийн логик” юм. Энэ зан чанар заналтай бус уу? Ийм хүмүүсийн зүрх сэтгэл эелдэг зөөлөн байдаг уу? (Үгүй.) Ийм хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Тиймээс тэдний зориулж, зарлагадаж, хаядаг багахан зүйлд зорилго бий. Тэд энэ бүгдийг сайтар бодсон байдаг: Тэд нэг хэсгийг зориулчхаад арван хэсгийг эргүүлж авна. Энэ л тэдэнд ухаалаг санагддаг. Энэ ямар гээч зан чанар вэ? Хорон муу, заналт байдал юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Хорон муу нэгний зан чанарын нэг томоохон тал нь хорон санаа. Хэний ч хамаагүй сайн санааны захиас, сануулгад, эсвэл хүмүүс цөөн хэдэн дутагдлыг нь хэлж өгөх тийм тохиолдолд хүртэл, хорон муу хүний хандлага нь талархаж, даруухнаар хүлээн авахын оронд дайсагнаж, үзэн яддаг—бүр өс санахад ч хүрч мэднэ. Зарим нэг хүн антихристтэй харьцаж, “Энэ хугацаанд үүргээ гүйцэтгэх явцдаа чи байнга л өөрийгөө гайхууллаа, бас үүргээ гүйцэтгэхдээ бүр холион бантан хутгачихлаа. Чи Бурханы өмнө зогсоход тохирох уу? Үүргээ биелүүлж байхдаа чи дураараа аашилж, зарчмын дагуу үйлдэхээс татгалзсан. Яагаад үнэнийг эрж хайгаагүй юм бэ? Яагаад зарчмын дагуу үйлдээгүй юм бэ? Ах эгч нар чамтай нөхөрлөж байхад юунд үл тоов? Яагаад өөрийн хүслээр үйлдэхээ больдоггүй юм бэ?” гэж хэлдэг. Энэ хэд хэдэн “яагаад”, тэдний мөн чанарыг ил болгосон эдгээр маш энгийн үг тэдний зэвүүг хүргэдэг. Тэгээд тэд дотроо “Яагаад? ‘Яагаад’ гээд байх юм байхгүй—Би юу хүссэнээ л хийнэ! Надтай харьцдаг чи хэн бэ?” гэж боддог. Хэдийгээр үүнийгээ чанга хэлэхгүй ч зүрх сэтгэлд нь өс санаж, дайсагнасан уур хилэн бадардаг. Тэгвэл энэ уур хилэн юунд хүргэдэг вэ? “Чи надтай харьцах ямар эрхтэй юм? Ямар үндэслэлээр чи намайг дураараа аашилсан гэж хэлж байгаа юм? Дураараа аашилсан байлаа гээд яадаг юм, чи юу хийж чадах юм бэ? Бүхий л амьдралын минь турш хэн ч надад ийм зүйл хэлж зүрхэлж байгаагүй шүү! Би л бусдад ийм зүйл хэлэх эрхтэй—бусад хүнд надад ингэж хэлэх эрх байхгүй. Надад сургамж айлдаж чадах, сургамж айлдахад тохирох хүн хараахан мэндлээгүй л байна! Тийм байхад чи надад сургамж айлдах гэж даврах нь уу?”. Ийм маягаар хонзогнол үүсдэг. Тэгээд нэгэнт өш хонзон бий болсон бол хорон санаатай зан чанартай антихристүүд үүнийг санаа амар зүгээр өнгөрүүлнэ гэж үү? Огтхон ч үгүй. Дараа нь тэд дотроо бодож эхэлнэ: “Надтай харьцсан энэ хүн чуулганд ямар нэг эрх барьдаг билүү? Хэрэв тэднээс өшөөгөө авбал хэн нэгэн тэднийг хамгаалах уу? Хариугаа авах гэж оролдвол чуулган намайг шийтгэх болов уу? Би мэдлээ—Би өшөөгөө шууд өөрөөс нь авахгүй, огт мэдэгдэхгүйгээр ямар нэг зүйл хийнэ, тэднийг хэн гэдэг, гэр нь хаана байдаг, хэнтэйгээ амьдардгийг олж мэднэ. Тэднээс би өшөөгөө заавал авна, зүгээр орхиж чадахгүй. Ийм ёс бус харьцаж байгаатай би яаж эвлэрэх билээ? Би ёс бус харьцуулж, хэн хүссэнд нь шоглуулах гэж Бурханд итгэдэггүй—би ерөөгдөж, тэнгэрийн хаанчлал руу орох гэж ирсэн. Хүмүүс нэр алдрын төлөө амьдардаг болохоор нэр төрийнхөө төлөө тэмцэх ноён нуруутай байх ёстой; чи намайг дээрэлхэж, намайг хог шиг үзэж харьцах юм бол чамд би хариуг нь заавал өгнө. Бид хоёрын хэн нь илүү чанга эр, хэн нь хэнийгээ дийлэхийг харцгаая!”. Хэдхэн энгийн үнэн үг хэлж, үнэнч шударгаар хандахад л антихристыг хилэгнүүлж, асар их дайсагнал, хорслыг бий болгож, тэр хүнээс өшөөгөө авахын тулд дэндүү хол явахад хүргэнэ. Ер нь бол тэд зөвхөн нэг төрлийн хүнийг өшөө авахаар сонгодоггүй, харин өөрт нь заналхийлж буй, өөрийг нь нэвт харж чаддаг, үнэнийг ойлгодог болохоор мөн чанарыг нь ил болгож, өөртэй нь харьцаж, засаж чаддаг, баримтыг дэлгэн тавих ёс жудагтай бөгөөд өөрийг нь үнэндээ юу болохыг нь илчилж чаддаг хэнийг ч бай үзэн ядахад бэлэн байдаг. Тэр ч байтугай “Надтай харьцсан хүн бүртэй би ширүүхэн үзэх болно. Надтай харьцаж, засаж, ерөөлийн хувийг минь булааж, Бурханы гэрээс намайг хөөлгөсөн хэнийг ч бай, би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй. Сүсэггүй ертөнцөд би ийм л хүн: Хэн ч намайг оролдож зүрхэлдэггүй, надад төвөг удах зүрхтэй хүн хараахан мэндлээгүй байна!” гэж хэлэх хүмүүс ч байдаг. Засалт, харьцалт туулах үедээ тэд ийм төрлийн балмад үгээр ярьдаг. Балмад үгээр ярихдаа тэд бусдыг сүрдүүлэх юм уу өөрсдийгөө хамгаалахын тулд тэгж байгаа хэрэг биш—энэ бол тэдний үнэхээр хийхээр төлөвлөж буй зүйл юм. Тиймээс ийм хүмүүстэй таарахаараа халдаж, өдөөн хатгаж зүрхэлдэггүй зарим нэг удирдагч, ажилчид байдаг; харин ч тэд тэднийг үргэлж хамгаалалтдаа байлгадгийн уршгаар өнөө хэд нь хэв маягаа тогтоож, чуулганд зогсолтгүй саад тотгор, үймээн тарьдаг бөгөөд эцэст нь ах эгч нарыг хяналтдаа оруулдаг. Үүнээс болж л бөөн гай болдог юм. Зарим антихрист бүр арга барилыг нь ах эгч нар ил болгож, мэдээлсний төлөө, үүнийг олж мэдсэнийхээ дараа тэднээс өшөө авч агуу улаан луу, засгийн газарт ах эгч нарыг барьж өгсөн тохиолдол ч гарч байсан. Энэ хорон санаа биш гэж үү? (Тийм.) Тиймээс антихристүүд болон мууг үйлдэгчдийг ах эгч нараа гэж үзэх нь гарцаагүй маш буруу юм. Хэрвээ чи ялган таних чадваргүй бөгөөд антихрист, мууг үйлдэгчдийг ах эгч нар шигээ үзэн усалж, тэтгэн, тэднийг дэвшүүлж, чухал албан тушаалд ашиглаж, бүр үнэнийг эрэлхийлдэг ах эгч нар юм шигээр чухал ажилд томилдог бол удирдагчийн хувьд чи асар их мууг үйлдэж, антихристийн ёрын мууд гар бие оролцож байгаа хэрэг бөгөөд чамайг таягдан хаях ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Зарим хүний ёрын муу байдлын хэмжээ ийм байдаг болохоор тэд бусдыг дээд зэргээр үзэн ядаж, бусадтай харилцах харилцаа нь гагцхүү үзэн ядалт байдаг ба цуглааны ажлаас ч үүнийгээ салгадаггүй; тэд бие бие рүүгээ дайрч давшлах, нэг нэг рүүгээ орилж хашхирах боломж олж, ах эгч нарыг үймүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг—энэ тохиолдолд тийм хүмүүсийг чуулганаас хөөх ёстой гэж зарчимд заадаг. Тийм хүмүүс ёрын муу юу? Бусдад хандах дайсагналынх нь хэмжээнээс харахад энэ нь илэрхий байдаг бөгөөд хэн ч тэднийг доромжилж болохгүй, хэн ч тэднийг гомдоож, шархлуулж болохгүй, тэдэнд өчүүхэн төдий ч хор учруулж болохгүй, эс бөгөөс тэд чамаас хариугаа авч, ер зүгээр орхихгүй. Тэдний хүн чанарт ямар ч тэвчээр, хүлээцтэй байдал, эсвэл хүлээн зөвшөөрөл байдаггүй. Тэдний зан авир ямар зарчимд үндэслэдэг вэ? “Хэн нэг нь намайг гомдоосноос би тэнгэрийн доорх бүхнийг гомдоосон нь дээр.” Хэн ч тэднийг доромжилж болохгүй. Энэ нь хорон муу хүмүүсийн логик мөн үү? Хорон муу хүмүүсийн логик ийм байдаг: Хэн ч тэднийг гомдоож болохгүй. Чи тэднийг шархлуулж яасан ч болохгүй, эс бөгөөс тэдний дайсан болно, тэд чамайг хэзээ ч өршөөхгүй, эсвэл хэзээ ч зүгээр орхихгүй—хорон муу хүмүүс ийм байдаг. Ийм нөхцөлд, ноцтой үймээн самуун үүсгэхээс нь өмнө хорон муу хүнийг аль болох хурдан, яаравчлан хөөх ёстой. Чуулганд ямар нэг юм хийж эхлэхийг нь бүү хүлээ, ах эгч нарын дунд үймээн тарихыг нь бүү хүлээ.

Хэн нэгэн хорон муу байхаар шийдсэн бол түүнтэй нөхөрлөөд хэрэг байна уу? Түүнд боломж олгох нь утгагүй; хорон муу хүнд боломж олгох нь зарчмын эсрэг байдаг. Яагаад зарчмын эсрэг байдаг вэ? Мөн чанарыг нь харгалзан үзвэл тэрээр хэзээ ч гэмшихгүй; “гэмшил” хэмээх үг толь бичигт нь байдаггүй. Чи түүнтэй яаж ч нөхөрлөлөө гэсэн, тэрээр дур хүсэл, санаа бодол, сонирхлоо хойш тавихгүй—тэр юуг ч хойш тавьж чадахгүй. Түүнийг ямар нэг зүйлтэй зууралдах үед хэн ч ятгаад болиулж чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт тэрээр өөрийнх нь үзэн ядалтын бай болсон хэнээс ч өшөөгөө авна. Тийм хүмүүс гэмшиж чадах уу? Тэд гэмших чадваргүй тул ёрын муу гэдгийг нь тодорхой харсан мөртөө тэдэнд боломж олгох нь мунхаг хэрэг биш үү?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (14)”-аас эш татав

Антихристүүд болон хорон муу хүмүүс хэрхэн таарч тохирдог вэ? Тэд ихэвчлэн инээж, хошигнодог; тэд бие биедээ зусардаж, тал засдаг. Хорон муу хүмүүс антихристүүдийн байгаа газар бүрд цугладаг; тэд нэг тэрэгний дугуй шиг үргэлж хамт байдаг. Тэд бие биетэйгээ хамт байхдаа ямар ч дорвитой ажил хийдэггүй; тэд хэн хэнийг муулсан, эсвэл хэн удирдагчдыг зад шүүмжилсэн тухай хов жив л ярьдаг, хэрвээ таалагддаггүй хүмүүсээ харвал тэднийг хэрхэн шахан гаргах тухай бодоцгоодог. Бусдыг хэрхэн зовоох тухай л тэд ярьдаг. Тэд бас Дээрхийн эсрэг хэрхэн зогсох, өөрсдийнх нь асуудлыг хэн нэгэн мэдээлэхээр төлөвлөж байгаа эсэхийг хэрхэн урьдчилан мэдэх, мэдсэнийхээ дараа юу хийх тухай хэлэлцдэг. Энэхүү хорон муу бүлэг хүмүүс ийм л асуудлыг ярьдаг юм. Хамт байхдаа тэд ах эгч нараас хэн нь сул дорой, сөрөг, үүргээ гүйцэтгэхдээ итгэлгүй, эсвэл ямар нэг зүйлээс болоод мэхлэгдсэн байж болох тухай, мөн тэр ах эгч нарт яавал хамгийн сайн тус хүргэж, дэмжих тухай хэзээ ч нөхөрлөдөггүй; чуулганы ямар талуудыг илүү сайжруулж болох, эсвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам, арга барилын талаар ч огт нөхөрлөдөггүй. Тэд ийм асуудлуудын талаар ярьдаггүй. Ердөө л хэн өөрсдөд нь сэтгэл дундуур байдаг, хэн байр сууринд нь заналхийлдэг, өөрсдийнх нь асуудлыг хэн мэдээлэх гэж байгаа, хэн Дээрхтэй холбоотой байдаг тухай хов жив ярьдаг. Ямар нэг зүйлийг хэлэлцсэнийхээ дараа антихристүүд явж, чуулганууд даяар үүнийгээ хэрэгжүүлдэг бөгөөд тэдний хөндлөнгийн оролцоо чуулгануудыг хөмөрч орхидог. Тэгээд хүн бүр цочирдон сандарч, ах эгч нар эцэстээ бие биеэ сэжиглэж, атаархаж эхлэн, бие биеэ хурцаар шүүмжилж, илчилж, улмаар антихристүүдийн зорилгыг биелүүлдэг. Антихристүүд чуулгануудыг ингэж удирддаг. Хэрвээ хорон муу хүмүүс хэлснээр нь хийвэл антихристүүд тэднийг хамгаалдаг. Хэрвээ хорон муу хүмүүс хэлснээр нь хийхгүй бол хорон муу хүмүүстэй эхлээд харьцдаг. Хэрэв тэдгээр хорон муу хүн антихристүүдийг дагаад, тэднийг элсүүлж, татан оролцуулж болохоор байвал антихристүүд тэр хорон муу хүмүүсийг өөрсдийнх нь төлөө муу үйл үйлдэх хамсаатан, мэдээлэгчдээ болгодог. Тэгээд хэн тэднийг ар хударгаар нь муулж байгаа, хэн тэдэнд гомдолтой байгаа, хэн Бурханы үгийг бага зэрэг ойлгодог бөгөөд тэдний тухай, мөн тэдний үнэн төрхийг илчилж болзошгүй тодорхой нэг зүйлийн тухай үнэлэн дүгнэлт хийхийг хүсэж байгаа, доор нь байдаг хүмүүсээс хэн өөрсдийг нь мэдээлэхээр төлөвлөж байгаа, хэн Дээрхтэй холбоо барихыг үргэлж хүсэж байгаа талаар олж мэдэхийн тулд хорон муу тэр хүмүүсийг бусад ах эгчийн дунд оруулдаг. Тэд эдгээр зүйлийг тусгайлан ажигладаг бөгөөд дараа нь бүгд цуглах үедээ сөрөг арга хэмжээг хэлэлцэж, өдөр бүр хэнийг хөөж болох талаар зөвлөлдөж, дараа нь санал хурааснаар үүнийгээ албан ёсных мэт харагдуулдаг. Эдгээр нь антихристүүдийн хийдэг зүйл юм; тэд чуулгануудыг ингэж удирддаг. Антихристүүд болон хорон муу хүмүүсийн байгаа газруудад ээдрээтэй уур амьсгал чуулганд шингэдэг. Үүнийг диавол удирдаж байна гэж нэрлэдэг. Диавол удирдаж байхад ямар нэгэн сайн үр дүн гарах уу? Энэ нь Бурханы сонгосон хүмүүст гай гамшиг л авчирна.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”-аас эш татав

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Ахиж дэвшихээр чармайдаггүй хүмүүс бусдыг өөрсөд шигээ идэвхгүй, хойрго байгаасай гэж үргэлж хүсдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс хэрэгжүүлдэг хүмүүст атаархаж, мунгинуу, ялган таних чадвараар дутмаг хүмүүсийг хуурч мэхлэхийг үргэлж оролддог. Энэ хүмүүсийн гаргадаг зүйлс нь чамайг доройтуулж, хөл алдуулж, хэвийн бус байдалтай болгож, харанхуйгаар дүүргэж чадна; тэд чамайг Бурханаас холдуулж, махан биеэ энхрийлэн, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэдэг. Үнэнийг хайрладаггүй, Бурхантай үргэлж хааш яаш харьцдаг хүмүүс өөрийгөө мэддэггүй; тийм хүмүүсийн зан чанар нь бусдыг нүгэл үйлдэж, Бурханыг үл ойшооход уруу татдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусдаар ч хэрэгжүүлүүлдэггүй. Тэд нүглийг нандигнадгийн дээр өөрсдийгөө жигшинэ гэж байдаггүй. Тэд өөрсдийгөө мэддэггүй, бусдад өөрсдийгөө танин мэдэхэд нь саад болдог; бас бусдад үнэнийг хүсэн тэмүүлэхэд нь саад болдог. Тэдэнд мэхлэгдсэн хүмүүс гэрлийг харж чадалгүй харанхуйд унаж, өөрсдийгөө мэдэхгүй, үнэний талаар тодорхой мэдэхгүй, Бурханаас улам бүр холддог. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусад хүнд үнэнийг хэрэгжүүлэхэд саад болж, тэр бүх мунхаг хүнийг өөрсдийн өмнө авчирдаг. Бурханд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд өвөг дээдэстээ итгэдэг эсвэл итгэдэг зүйл нь тэдний зүрх сэтгэл дэх шүтээнүүд гэдгээ хэлбэл дээр сэн. Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутагддаг бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд, Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа өвөрлөж, үнэнийг гутаадаг. Түүгээр ч барахгүй тэд Сатаны жинхэнэ төлөөлөгч юм. Тэднийг золин аврахын аргагүй, мэдээжийн хэрэг таягдан хаях болно. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад хийдэг хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь харьцана. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилж, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүсийг таягдан хаях ёстой; тэр цаг үе нь бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ. Бүр илүү их нүгэл үйлдэхээс зайлсхийж нэн даруй чуулганыг орхи гэж Би үнэнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй хүмүүст зөвлөе. Цаг нь ирэхээр гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно. Ялангуяа бүлэглэл бий болгож, хагарал үүсгэдэг хүмүүс, чуулган доторх нутгийн дээрэнгүй этгээдүүд бүр эрт явах ёстой. Ёрын муу чонын уг чанартай ийм хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Тэд Бурханы шийтгэлээс зайлсхийхийн тулд аль болох эртхэн чуулганаас явж ах эгч нарын хэвийн амьдралыг дахин хэзээ ч үймүүлэхгүй байсан нь дээр. Тэднийг дагаж явсан хүмүүс та нар энэ боломжийг ашиглаж, өөрсдөө эргэцүүлбэл сайн. Та нар ёрын муу хүмүүстэй хамт чуулганаас явах уу эсвэл үлдэж, дуулгавартай дагах уу? Энэ асуудлыг няхуур авч үзэх ёстой. Би та нарт сонголт хийх дахин нэг боломж өгье; хариултыг чинь Би хүлээж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Өмнөх: 115. Үл итгэгчдийг таних зарчмууд

Дараах: 117. Хуурамч удирдагч, ажилчдыг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх