99. Бичиг үсэг, хоосон сургаалыг таних зарчмууд

(1) Бичиг үсэг, хоосон сургаал нь бүхэлдээ Бурханы үгийг хүн задлан шинжилж, тайлбарласны үр дүн юм. Тэдгээр нь хий хоосон, бодитой бус байдаг бөгөөд бүхэлдээ хүний үзэл, төсөөлөлд тооцогддог;

(2) Бичиг үсэг, хоосон сургаал нь хүний санаа, бодлоос урган гардаг. Тэдгээр нь Ариун Сүнсний гэгээрэлтэй өчүүхэн төдий ч дүйцэхгүй, мөн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, ач тусаа өгч ч чаддаггүй;

(3) Бичиг үсэг, хоосон сургаал нь дүрэм журам, харагдах байдлаас цаашгүй. Тэдгээрт хэрэгжүүлэлтийн зам байдаггүй бөгөөд зарчмууд нь хүнийг чөлөөлөлт рүү хөтлөхийн оронд харин дөнгөлж чөдөрлөдөг;

(4) Бичиг үсэг, хоосон сургаалыг байнга номлодог хүмүүс өөрсдийгөө огт мэддэггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, зарчмын дагуу үйлдэж бүр ч чаддаггүй.

Холбогдох Бурханы үг:

Бурханы ажил болон үг нь та нарын зан чанарт өөрчлөлт авчрахын төлөө юм; Түүний зорилго нь Өөрийн ажил болон үгийг та нарт ойлгуулж, мэдүүлэх төдий биш. Ингэх нь хангалтгүй юм. Бурханы үгийн ихэнх нь хүний хэлээр бичигдсэн бөгөөд Тэр тун ойлгомжтой ярьдаг болохоор ухаарч ойлгох чадвартай хүн чамд үүнийг ойлгох нь хэцүү байх учиргүй. Жишээ нь, Бурхан чамайг юуг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгааг чи олж мэдэх бүрэн чадамжтай; энэ бол ухаарч ойлгох чадвартай хэвийн хүний хийж чадах ёстой зүйл. Ялангуяа одоогийн үе шатанд Бурханы хэлж байгаа үгс маш тодорхой, ил тод бөгөөд хүмүүсийн бодож үзээгүй олон зүйлээс гадна хүний бүх төрлийн байдлыг Бурхан онцолж байдаг. Түүний үг бүхнийг хамардаг бөгөөд тэргэл сарны гэрэл шиг тод байдаг. Тиймээс хүмүүс одоо олон асуудлыг ойлгодог боловч тэдэнд одоо ч дутагдсаар байгаа зүйл бол Түүний үгийг хэрэгжүүлэх явдал юм. Хүмүүс зүгээр л бэлэн өгсөн зүйлийг ойлгож авах гэж хүлээх бус, үнэний бүх талыг нарийвчлан туулж, илүү нарийн судалж, эрж хайх ёстой; эс бөгөөс тэд шимэгчээс нэг их дээрдэхгүй. Тэд Бурханы үгийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй. Ийм хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд эцсийн дүнд таягдан хаягдах болно. 90-ээд оны Петр шиг байна гэдэг нь та нарын хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнэ оролттой байж, Бурхантай хамтран ажиллахдаа улам илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой бөгөөд энэ нь аминд чинь байнга нэмэгдэх дэмжлэг болно гэсэн үг юм. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал юм; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал. Хэрэв Бурханд итгэхдээ Бурханы үгийг дотроосоо мэдэрч хэрэгжүүлэхээр эрж хайлгүй зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очсоноо өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь зөвхөн хараад, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хүн гэсгээлт, шүүлтийн талаарх ойлголтынхоо тухай нөхөрлөсөн боловч чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай үүнд зуун хувь итгэлтэй байж ч зүрхлэхгүй. Яагаад гэвэл, түүний нөхөрлөл бол чиний хэзээ ч туулж байгаагүй, хэзээ ч мэдээгүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи ирээдүйд шүүлт, гэсгээлт туулах замыг л түүний мэдлэгээс авч чадна. Гэхдээ энэ зам нь хоосон онолын мэдлэгийн зам л байж чадна; энэ нь чиний ойлголтыг орлож чадахгүй, туршлагыг чинь орлож бүр ч чадахгүй. Түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж чи бодож магад боловч энэ нь олон талаар хэрэгжишгүй болохыг өөрийнхөө туршлагаар олж мэддэг. Магадгүй сонсож буй зарим зүйл чинь огт хэрэгжишгүй гэж санагддаг; тухайн үедээ чи энэ талаар үзэл өвөрлөдөг ба үүнийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн маш дурамжхан хийдэг. Харин туршлагажих явцад чамд үзэл өгсөн мэдлэг чиний хэрэгжүүлэлтийн зам болдог ба хэрэгжүүлэх тусмаа чи сонссон үгийнхээ жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн, хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Үнэнийг ойлгож, хайрладаггүй хүмүүс үнэнийг ихэвчлэн тайлбар, онол гэж үздэг. Тэгвэл тэдэнд юу тохиолддог вэ? Тэд Бурханд олон жилийн турш итгэснийхээ дараа асуудалтай тулгараад үнэхээр юу болохыг нь ойлгож чаддаггүй бөгөөд захирагдаж, үнэнийг эрж хайж ч чаддаггүй. Хүмүүсийг нөхөрлөх үед тэд, “Боль доо—би бүгдийг ойлгож байна. Чамайг хэлд орохоос ч өмнө би номлол хийж байсан юм шүү!” гэх “алдарт мэргэн үгээрээ” хариулдаг. Энэ бол тэдний алдартай үг. Хэрэв тэд бүгдийг ойлгодог юм бол асуудалтай тулгарах үедээ яагаад зохицуулж чаддаггүй юм бэ? Үүнийг ойлгодог юм бол яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Яагаад чи асуудалд бүдэрч, гацдаг юм бэ? Үүнийг чи ойлгодог юм уу, үгүй юу? Ойлгодог юм бол яагаад дуулгавартай дагаж чаддаггүй юм бэ? Ойлгодог юм бол яагаад хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ? Үнэнийг ойлгосны дараа хүмүүс хамгийн түрүүнд яах ёстой вэ? Гагцхүү дуулгавартай дагах ёстой. “Би бүгдийг ойлгож байна. Хэн ч надтай нөхөрлөөд хэрэггүй—надад хэний ч туслалцаа хэрэггүй” гэж зарим хүн хэлдэг. Тэд бусдын тусламжаас татгалзаж болох ч сул дорой байхад нь тэдний мэддэг хоосон сургаал ямар ч нэмэр болдоггүй бөгөөд тэд бүр үүргээ биелүүлэхээ ч больдог. Зарим нь бүр Бурханд итгэх ч хүсэлгүй болдог. Тэд теологийн онол номлож тийм олон жилийг өнгөрөөсөн атлаа нүд ирмэхийн зуурт л итгэлээ орхиж, ухарч буцдаг. Энд биеийн хэмжээ гэж байна уу? (Үгүй.) Биеийн хэмжээгүй байна гэдэг амьгүй байна гэсэн үг. Хэрэв чи амьтай байсан бол тийм өчүүхэн асуудалтай тулгарчхаад яагаад зохицуулж чадаагүй юм бэ? Чи ярихдаа гаргууд биш бил үү? Тийм юм чинь өөрийгөө үнэмшүүлэх гээд үз. Өөрийгөө ч үнэмшүүлж чадахгүй юм бол чи яг юу ойлгодог хэрэг вэ? Үнэнийг ойлгодог гэж үү? Үнэн хүмүүсийн бодит асуудлыг шийдвэрлэж чадахын зэрэгцээ хүмүүсийн завхарсан зан чанарыг ч засаж чаддаг. Чиний ойлгодог “үнэн” яагаад өөрийн чинь бэрхшээлийг ч шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Чи яг юу ойлгодог юм бэ? Энэ бол хоосон сургаал.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Гуравдугаар хэсэг)”-ээс эш татав

Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд гаднаа Бурханы айлдварын талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч үндэслэлтэй зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт, төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг ярьж дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тийм хүмүүс өөрсдийнх нь номлолыг эмхэтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Ингэснээрээ тэд бусдыг хуурахад хүрсэн бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд тэдний номлол үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэлийн сацуу хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим зүйл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болж байгаатай адил бус уу? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Үнэнийг нэгтгэн дүгнэхдээ та нар хазайсан; энэ бүх дүгнэлтийг хийсний чинь дараа энэ нь зөвхөн дүрэм журмыг л бий болгосон. Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлдэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний зорьсон утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу, Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хүмүүс хоосон сургаалын энэ талыг, мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Тэд бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаных нь дараа юу болдог вэ? Тэд туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш, тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Тиймээс, чиний эмхэтгэдэг тэр номууд бусдыг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, дүрэм журам, ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Ар араас нь асуулт тавиад, дараа нь асуултдаа хариулж, үүндээ зориулан дүгнэлт, тойм бичнэ, ах эгч нар үүнийг ойлгоход хялбар болно гэж чи бодож байгаа бөгөөд эдгээр асуудал санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ хүмүүсийн ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ зорьсон утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй. Сүнслэг онолын талаар ярьж чаддаг байх нь хүмүүсийн үнэн-бодит байдалд орох явдлыг орлож чаддаг байсан бол та нар чуулгануудыг удирдах шаардлагагүй байх байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Хэрвээ удирдагчаар ажилладаг хүн Бурханы үгийг ойлгох чадвартай, үнэнийг ойлгох хэв чанартай бол өөрөө Бурханы үгийг ойлгож, Түүний үгийн бодит байдалд орж чаддаг төдийгүй мөн өөрийнхөө удирддаг хүмүүст зөвлөж, тэднийг залж чиглүүлж, Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд ороход нь тусалж чадна. Гэхдээ ийм хэв чанар нь хуурамч удирдагчдад байдаггүй яг тэр зүйл юм. Тэд Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханы үг ямар байр байдлыг хэлээд байгааг, ямар байдлыг хүмүүс завхарсан зан чанараа харуулдаг байдал гэж илчлэхийг, эсвэл ямар байдлыг Бурханыг төрөлхөөсөө эсэргүүцэх, Бурханы эсрэг гомдоллох байдал гэж илчлэхийг, эсвэл хүний сэдэл гэх мэтийг мэддэггүй. Тэд аливааг Бурханы үгтэй жишин үзэх чадваргүй, Бурханы үгээс хэдхэн үг, дүрэм журам, давтагдсан хэллэгийг л өнгөц түвшинд ойлгодог төдий. Бусадтай нөхөрлөхдөө тэд Бурханы үгийн нэг хэсгийг цээжлээд, дараа нь тэдгээрийн өнгөц утгыг тайлбарладаг. Хуурамч удирдагчдын Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэг, хүлээн авах байдал нь гагцхүү үүгээр хязгаарлагддаг. Тэдэнд Бурханы үгийг ойлгох чадвар байдаггүй. Тэд эдгээр үгийн үгчилсэн түвшинд хүн бүрд илэрхий байдаг томъёолол ба утга учрыг л ойлгодог, тэгээд өөрсдийгөө Бурханы үгийг ойлгож, ухаарсан гэж боддог. Иймээс тэд бас, өдөр тутмын амьдралд нь бусдыг сургаж, бусдад “туслахын” тулд Бурханы үгийн үгчилсэн утгыг ашиглан, ингэснээрээ ажлаа хийж байна, Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн бодит байдалд ороход нь хүмүүсийг залж чиглүүлж байна гэж боддог. Хуурамч удирдагчид үргэлж Бурханы үгийг бусдад нөхөрлөж, янз бүрийн арга замаар Бурханы үгийг дамжуулан, зарим асуудалтай тулгарахад нь Бурханы үгийн энэ хэсгийг идэж уу, өөр асуудалтай тулгарахад нь Бурханы үгийн тэр хэсгийг идэж уу гэдэг. Хүмүүст Бурханы тухай буруу ойлголт төрөх үед тэд “Хар даа, энэ тухай Бурханы үг тов тодорхой, ойлгомжтой байна. Чи яахаараа Бурханыг бас л буруу ойлгодог юм бэ? Энэ энийг даган мөрд гэж Бурханы үг биднээс шаарддаггүй гэж үү, бас тэр тэрийг даган мөрд гэж шаарддаггүй гэж үү?” хэмээн хэлдэг. Бурханы үгийг хэрхэн ойлгож, үүнд хэрхэн орох тухай хүмүүст ийнхүү зааж сургадаг. Тэдний удирдамж дор олон хүн Бурханы үгийг цээжээр уншиж чаддаг болж, асуудалтай тулгарах үедээ Бурханы зарим үгийг санаж чаддаг. Гэхдээ тэд хэчнээн ихийг уншиж, цээжээр ярьдаг ч бай хамаагүй, Бурханы үг юуг хэлж байгааг мэдэхгүй хэвээр үлддэг. Тэдэнд жинхэнэ гай дайрахад, эсвэл зарим эргэлзээ төрөхөд тэдний мэддэг, санадаг Бурханы үг бэрхшээлийг нь шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь нэг асуудлыг харуулдаг: Тэдний ойлгодог Бурханы үг бол ердөө хоосон сургаал, нэг төрлийн дүрэм журам төдий юм; тэдгээр нь бодит байдал биш, үнэн биш. Тиймээс Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн бодит байдалд ороход хуурамч удирдагчид хүмүүсийг залж чиглүүлэх явдал нь Бурханы үгийн үгчилсэн утгыг зааж сургахаар хязгаарлагддаг; энэ нь Түүний үгээс гэгээрэл хүртэх боломжийг тэдэнд олгох чадваргүй байдаг, мөн өөрсдийнх нь дотор ямар завхарсан зан чанар байгааг мэдэх боломж олгож чаддаггүй. Ямар нэг зүйл тохиолдох бүрд хүмүүст илчлэгддэг зан чанар, мөн чанар болон Бурханы үгийг ашиглан тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох, тиймэрхүү зүйл өөрсдөд нь тохиолдох бүрд хүмүүсийн байр байдал ямар байдаг, тийм байр байдлыг хэрхэн шийдвэрлэж болох, энэ талаар Бурханы үгэнд юу гэж хэлсэн байдаг, Түүний үг юу шаарддаг, зарчмууд нь юу болох, тэнд ямар үнэн оршдог—эдгээрийн алийг ч тэд ойлгодоггүй. Тэд гагцхүү хүмүүсийг ингэж ятгадаг: “Бурханы үгийг илүү их идэж уу. Бурханы үг үнэнийг агуулдаг, Түүний үгийг илүү их сонсох юм бол үнэнийг аажмаар ойлгоно. Бурханы үгийн гол чухал хэсгүүд нь чиний ойлгодоггүй яг тэр хэсэг юм, иймээс чи илүү их залбирч, илүү их хайж, илүү их сонсож, улам их тунгаан бодох ёстой.” Хуурамч удирдагчид тийм ятгалгаа үргэлжлүүлсээр байдаг. Тодорхой нэг төрлийн асуудал үүсэх бүрд тэд нэгэн адил зүйл хэлдэг бөгөөд дараа нь хүмүүс асуудлын мөн чанарыг ойлгоогүй хэвээр, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй хэвээр байдаг; тэд ердөө л Түүний үгийн үгчилсэн дүрэм журэм, утгыг даган мөрддөг, харин Бурханы үгийг хэрэгжүүлэх үнэн-зарчим болон үнэний шаарддаг бодит байдлыг бол тэд ойлгодоггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”-аас эш татав

Ихэнх хүмүүс үг хэллэг, хоосон сургаал ярих магадлалтай байдаг—тэд бүгд хэзээ нэгэн цагт тэгсэн. Үг, хоосон сургаалыг ердийн байдлаар ярих явдлыг хүмүүс биеийн хэмжээ багатай, үнэнийг ойлгохгүй байгаа хэрэг гэж үзэх ёстой. Тэд хэтэрхий их цаг зарцуулахгүй, үүнийг зориуд хийхгүй байгаа цагт, мөн ганцаараа л ярих гэж оролдохгүй, юу хүссэнээ хэлэхийг нь зөвшөөр гэж хүмүүсээс шаардахгүй, өөрсдийг нь сонсохыг хүн бүрээс шаардахгүй, хүмүүсийг хуурч, өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэхээр оролдохгүй байгаа цагт энэ нь үймээн самуун, саад тотгор үүсгэдэггүй. Ихэнх хүн үг, сургаал ярьдаг, зохисгүй нэр томьёо ашигладаг нь хачин юм огт биш учраас үүнийг өршөөж болох зүйл юм; үүнийг уучилж болох бөгөөд ноцтой авч үзэх хэрэггүй. Гэхдээ зарим хүн үг, хоосон сургаалыг зориуд ярьдаг нэг нөхцөл байдал бий. Тэд юуг санаатайгаар хийдэг вэ? Тэд ч бас үнэн-бодит байдалгүй байдаг бөгөөд бусад хүн бүрийн адилаар үг, хоосон сургаал ярих, уриа лоозон давтах, онолдох гэх мэтийг хийдэг—гэхдээ нэг ялгаа бий: Тэд үг, хоосон сургаал ярьж байхдаа хүмүүсээс өөр нэг зүйлийг хүсдэг. Тэд бусдаар өөрийгөө бишрүүлэхийг үргэлж хүсдэг, мөн ажилчид, удирдагчидтай, эсвэл тодорхой хувь хүмүүстэй тэмцэлдэхээр үргэлж оролддог; үүнээс ч хөгийн зүйл гэвэл, өөрсдийг нь яаж ч ярьж, юу ч хэлж байснаас үл хамааран хүмүүс өөрсдийг нь бишрээсэй гэж хүртэл хүсдэг. Хүмүүсийн сэтгэлийг татаж, тэднийг хуурч, өөрсдийгөө бишрүүлэхээс өөр зорилго тэдэнд байхгүй. Тэгвэл хүмүүсээр өөрийгөө бишрүүлэхийн зорилго нь юу вэ? Хүмүүсийн оюун ухаанд байр суурь, нэр хүндтэй байх явдал. Тэд бүлэг дотроо бусдаас давуу байхыг, шилдэг нь байхыг хүсдэг, гоц гойд, ер бусын хүн байхыг хүсдэг, мөн үг нь эрх мэдэлтэй онцгой хүн байхыг хүсдэг. Тийм нөхцөл байдал нь үг, хоосон сургаалыг ердийн байдлаар ярихаас уг чанартаа өөр; тэдгээр нь үймээн самуун, саад тотгор үүсгэдэг. Энэ нь ердийн байдлаар үг, хоосон сургаал ярихаас юугаараа өөр юм бэ? Энэ хүмүүс эдгээр зүйлийг ярихыг үргэлж хүсдэг, боломж гарах бүрд ярьдаг; цуглаан болж байгаа л бол, хүмүүс цугларсан, сонсогчид байгаа л бол тэд ярьдаг, ярих хүсэл эрмэлзэл асар ихтэй. Ингэж ярих тэдний зорилго нь зүрх сэтгэлдээ байгаа үг, сурсан зүйл, туршлага, мэдлэг, ойлголтоо ах эгч нартай хуваалцаж, үүнээс нь хүмүүс мэдлэг болон хэрэгжүүлэх зам олж авах явдал биш; харин ч тэдний зорилго бол энэ боломжийг ашиглан онгирох, хэчнээн ур чадвартай, авхаалж самбаатайгаа хүмүүст харуулах, ухаантай, өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, бусдаас илүү дээр, чадварлаг, эгэл жирийн хүн биш гэдгээ хүмүүст мэдэгдэх явдал бөгөөд үүний дараа хүмүүс асуудал тулгарах бүрд өөртэй нь зөвлөж, асуулт асууж, өөрийг нь хайдаг; чуулганд асуудал гарах бүрд ах эгч нарын санаанд хамгийн түрүүнд ордог хүн нь болох, өөрийг нь байхгүй бол ах эгч нар юу ч хийж чаддаггүй, өөрийнх нь тушаалгүйгээр юу ч хийж зүрхэлдэггүй болгох явдал юм. Энэ хүмүүс ийм үр дүнгийн хойноос явдаг. Үг, хоосон сургаал хэлэх тэдний зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийг урхидаж, хянах явдал бөгөөд үг, хоосон сургаал номлох нь энэ зорилгод хүрэхдээ тэдний ашигладаг арга барил, арга замуудын нэг юм. Иймээс, тэд үнэн-бодит байдалгүй учраас, эсвэл үнэн-бодит байдлыг ойлгодоггүй учраас биш, харин хүн бүрийн зүрх сэтгэлд хүндлэл, бишрэл төрүүлж, бүр хүмүүсийг айлгаж, өөрсдийнхөө захиралт, хяналтыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд л үг, хоосон сургаал ярьдаг. Ийм шинж чанартай үг, хоосон сургаал ярих нь үймээн тарьж, саад тотгор учруулдаг. Чуулганы амьдралд ийм хүмүүсийг хазаарлаж байх ёстой, тэдний үг, хоосон сургаал ярих зан авирыг нь хазаарлан барьж, хөгжүүлэхгүй байх ёстой. Зарим хүн: “Хэрвээ тийм хүмүүсийг хазаарлах юм бол тэдэнд ярих боломж өгөх ёстой юм уу?” гэдэг. Шударга байх үүднээс тэдэнд үг хэлэх боломж олгож болно, гэхдээ тэднийг хуучин хэвдээ ормогц—дахиад сайрхаж, санаархал нь дахин нэгэнтээ сэдэрмэгц—тэднийг таслан зогсоох ёстой. Хэрвээ тэд үргэлж ийм байдаг бол, санаархал нь үргэлж сэдэрдэг бол, хүсэл эрмэлзлээ дарахад хэцүү байдаг бол юу хийх ёстой вэ? Зүгээр л тэднийг хязгаарла, битгий яриул. Хэрвээ тэднийг ярьж эхэлмэгц хүмүүс сонсохыг хүсдэггүй бол—амаа нээмэгц нь хүмүүс тэдний биеэ авч явах байдал, биеийн хэлэмж, байгаа байдал, үг яриа, ярьж байхад нь харцанд тодрох илэрхийлэл, дууны өнгөнд хүртэл дургүйцдэг бол—энэ асуудал ноцтой юм. Байдал иймдээ тултал муудах үед чуулганы ихэнх ах эгч энэ хүмүүсийг аль хэдийн таньсан байдаг тул чуулган дахь товойлгогч болсных нь төлөө тэдэнд мэхийн ёслох ёстой юу? Хэрвээ үүнийх нь төлөө тэдэнд мэхийн ёсолбол тэдний үйлчлэл төгсгөлдөө очсон гэсэн үг үү? Тэдний үйлчлэл төгсгөлдөө очиход тэднийг зайлуулах ёстой. Тэднийг тогтоон барьж болохгүй. Тэднийг ам нээмэгц өнөөх л хуучин зүйлс урсан гардаг; тэднийг ам нээмэгц диавол Сатаны үзэшгүй муухай нүүр царай илчлэгддэг. Тэднийг хазаарлах аргагүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Антихристийн төрлийн хүн юм. Хэрвээ тэднийг хэтэрхий эрт хөөвөл, ихэнх хүн оюун санаандаа үзэл тээж, “Бурханы гэр энэрэлгүй юм. Хүмүүсийг бүр ажиглалтад ч оруулалгүй зүгээр л зайлуулдаг, ямар ч боломж олгодоггүй. Тэд зүгээр л ойлгоогүй хэдэн юм хэлж, жаахан завхарсан зан чанар харуулсан, бага зэрэг биеэ тоосон байсан—гэхдээ тэдний сэдэл тийм ч муу байгаагүй. Тэдэнд ингэж хандах нь шударга бус” гэж хэлнэ. Гэхдээ ихэнх хүн тэднийг нэвт харж, үнэндээ ямархуу болохыг нь харж чаддаг болох үед чуулганд цадиггүй авирлаж, үймээн тарьж, саад тотгор учруулах боломжийг ийм хүмүүст олгосоор байх нь тохиромжтой юу? (Үгүй.) Бүх ах эгч нарын хувьд энэ нь шударга бус юм. Ийм орчин нөхцөлд, тэр хүмүүсийг зайлуулаад энэ бүхнийг дуусга. Тэдний үйлчлэл төгсгөлдөө очсон, тэд яг ямархуу болохыг ихэнх хүн таньж чадна, мөн тэднийг одоо хөөх юм бол ихэнх хүн энэ талаар хэлэх юмгүй байх ба гомдоллохгүй, Бурханыг буруугаар ойлгохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (13)”-аас эш татав

Зарим удирдагч, ажилчид чуулган дотор оршдог бодит асуудлуудыг олж харж чаддаггүй. Цуглааны үеэр хэлэх үнэ цэнтэй юмгүй мэт санагддаг тул тэд зүгээр л хүнд байдалтай нүүр тулж, зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал хэлдэг. Хэлж байгаа зүйл нь ердөө л хоосон сургаал гэдгийг маш сайн мэдсээр байж ямартай ч хэлдэг. Эцэстээ үг нь уйтгартай байгааг тэд өөрсдөө ч мэдэрдэг бөгөөд яриаг нь сонсож байгаа ах эгч нарт ч бас энэ хүмүүс үлбэгэр санагддаг. Иймэрхүү юм болдог биз дээ? Хэрэв тэд хүчээр тийм үг хэлэхээс өөр аргагүй байгаа бол нэг талаар, Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй байна, нөгөө талаар, тэдний үг бусдад ямар ч ашиг тусгүй байна. Хэрэв чи үнэнийг туулаагүй атлаа энэ талаар яримаар байгаа бол юу ч гэж хэллээ гэсэн үнэнд нэвтэрч чадахгүй; нэмж хэлсэн бүхэн чинь зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Чи үүнийг бага зэрэг гэгээрэлтэй гэж бодож болох ч энэ нь зүгээр л хоосон сургаал болохоос үнэн-бодит байдал биш бөгөөд сонсож байгаа хүн хэчнээн их хичээгээд ч үүнээс ямар нэг бодитой зүйл ухаарч чадахгүй. Сонсож байхдаа тэд чиний хэлж байгаа зүйлийг нэлээд зөв гэж бодож болох ч дараа нь үүнийг бүрмөсөн мартана. Хэрэв чи бодит байдлынхаа тухай ярихгүй бол хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадахгүй; тэд хэлсэн зүйлийг чинь санахыг хүслээ ч мартах бөгөөд чи тэдэнд тусалж чадахгүй. Хэрэв чи үг хэлмээр байгаа ч үнэнд нэвтэрхий байдлаар аливаа зүйлийн тухай ярьж чадахгүй мэт санагдаж, гол чухал зүйлсийн талаар юу ч мэдэхгүй, гагцхүү хоосон сургаалын талаар л өчүүхэн мэдлэгтэй байх иймэрхүү нөхцөл байдалтай тулгарвал, мөн бусад хүмүүс чухал шинж чанартай асуудал дэвшүүлэх үед хариулж чадахгүй байвал юу ч хэлээгүй нь дээр. Түүнчлэн цуглаан дээр нэг сэдэв хэлэлцэж байхад үүний талаар нэлээд мэдлэгтэй тул зарим бодит зүйлийн талаар нөхөрлөж чадах юм шиг санагдах үе бий. Гэхдээ харьцангуй өнгөцхөн байдлаар хэлэлцвэл ярьж байгаа зүйлийг чинь хүн болгон ойлгох боловч зарим зүйлийгщ бусад нь туулаагүй, чи өөрөө ч туулаагүй байж болох тул илүү гүн гүнзгий түвшинд чи хэлэх юмгүй байдаг. Тиймэрхүү тохиолдолд чи хүчлэн цааш ярих хэрэггүй; харин ч тус сэдвийн тухай хүн болгоноор нөхөрлөл хийлгэж болох юм. Чи хоосон сургаал гэж бодож байвал үүнийгээ ярилаа гээд нэмэргүй, хүмүүс үүгээр босгон байгуулагдах аргагүй; энэ нөхцөлд чи юу ч хэллээ гэсэн Ариун Сүнс ажлаа хийхгүй бөгөөд чи ямартай ч гөжүүдлэн ярих гэж оролдох юм бол эцэстээ утгагүй, гажууд юм хэлж, хүмүүсийг төөрөгдүүлж болно. Харьцангуй гүн гүнзгий санааг хүмүүс богино хугацаанд бүрэн ойлгож чаддаггүй. Ихэнх хүн маш тааруухан суурьтай, хэв чанар муутай байдаг бөгөөд сонсож байгаа зүйлээ амархан цээжилж чаддаггүй. Гэхдээ тэд утгагүй, захиргаадсан, хоосон сургаалын санааг хүлээн зөвшөөрөхдөө бас л нэлээд хурдан байдаг. Энэ үнэндээ хэчнээн хачирхалтай гээч! Иймээс чи энэ тухайд онцгойлон анхаарал хандуулах ёстой. Хүмүүс хийрхүү бөгөөд заримдаа нэрэлхүү зандаа ноёрхуулсан байдаг; ярьж байгаа зүйл нь хоосон сургаал гэдгийг маш сайн мэддэг атлаа ах эгч нар нь анзаарахгүй байж магад гэж итгэн ямартай ч ярьсаар байдаг. Тэд нэр нүүрээ хамгаалахын тулд эдгээр зүйлийг үл хайхарч, зүгээр л урдах нөхцөлөө зохицуулахад анхаарч магад. Энэ нь зүгээр л хүмүүсийг хуурч байгаа хэрэг биш үү? Энэ бол Бурханд үнэнч бус байгаа хэрэг! Хэрэв чи үнэнийг ойлгодог хүн бол цаашид ийм маягаар ярьж болохгүй, сэдвээ өөрчлөх ёстой гэж санан дотроо зэмлэл мэдэрнэ. Чи өөрийн туулсан зүйлийн талаар нөхөрлөж болно, аль эсвэл үнэний талаарх өөрийн мэдлэгээс ярьж болно. Хэрэв чи ямар нэг зүйлийн талаар тодорхой ярьж чадахгүй бол та нар бүгд энэ талаар хамтдаа нөхөрлөж болно шүү дээ! Ганц хүнээр л яриулаад байх нь хэзээ ч сайн зүйл биш. Чи туршлагагүй тул ямар нэг зүйлийн талаар хэчнээн сайн төсөөлж, бодож чадлаа ч гэсэн хэлж байгаа зүйл чинь эцсийн эцэст ердөө л хоосон сургаал, хүний үзлийн зүйл байх болно. Үнэн гэж ангилж болох зүйлсийг туулах ёстой; туршлагагүйгээр хэн ч үнэний мөн чанарыг бүрэн ойлгож чаддаггүй, үнэнийг туулах нөхцөлийг тодорхой тайлбарлаж бүр ч чаддаггүй. Хүн ярих бодитой зүйлтэй болохын тулд үнэний туршлагатай байх ёстой, туршлагагүй байж болохгүй; чи туршлагатай байлаа ч энэ нь хязгаарлагдмал хүрээнд байх бөгөөд гагцхүү зарим нэг хязгаарлагдмал байдлын талаар л ярьж чадахаас цаашгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Одоо та нарт бичиг үсэг, хоосон сургаал номлох асуудлыг шийдвэрлэх зам байгаа юу? Тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой; үүнийг хийх тусам—үнэн болон хэрэгжүүлэлтэд хүчин чармайлт гаргах тусам—чиний дотор төдий чинээ цөөхөн бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Бодит байдал яаж бий болдог вэ? Энэ нь, үнэнийг хэрэгжүүлэх явцад, хүмүүс төрөл бүрийн туршлагатай болж, бүх төрлийн байдлыг үүсгэх үед тохиолддог. Хүмүүс өөрсдийн янз бүрийн байдалд хэрхэн ханддаг, ямар бодол, үзэл бодолтой байдаг, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайдаг нь өөрчлөгдөх үйл явц юм. Энэ үйл явц бол бодит байдал. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлэх, туулах үйл явцыг дамжаагүй, харин зүгээр л үгчилсэн, хоосон сургаалын түвшинд тэдгээрийг мэддэг, ойлгодог бол чиний үгчилсэн ойлголт болон шууд туршлагын хооронд зөрүү байдаг учраас чамд байгаа бүхэн хоосон сургаал юм. Хоосон сургаал хэрхэн бий болдог вэ? Хүн хэрэгжүүлэхгүй, харин зөвхөн Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгож, задлан шинжилж, тайлбарлахаас гадна тэдгээрийг номлоход хоосон сургаал бий болдог. Хоосон сургаал бодит байдал болж чадах уу? Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Үгчилсэн тайлбар төдийхөн нь үүрд хоосон сургаал байна. Гэхдээ хэрвээ чи хэрэгжүүлж, туулж, мэдэрч, сурах юм бол ийнхүү бий болсон мэдлэг, бодол, санаа, туршлага бодитой байх болно. Хэрэгжүүлэлтээр дамжуулан бодит байдалд хүрдэг; хэрэгжүүлэлтгүй бол бодит байдал үүрд байхгүй. “Би үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэхдээ бодитой номлол номлож чадна” гэж хэлэх хүн байна уу? Чиний номлодог зүйл тухайн үедээ бусдад үнэн зөв, нэлээд бодитой сонсогдож болох боловч дараа нь тэдэнд ямар ч хэрэгжүүлэлтийн зам байхгүй хэвээр байх болно. Тиймээс чиний ойлгодог бүхэн мөн л хоосон сургаал юм. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, үнэний талаар ямар ч бодитой туршлага юм уу ойлголтгүй бол урьд нь хэзээ ч бодож үзэж байгаагүй байдал өөр хэн нэгэнд гарч ирэхэд чи түүнийг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй. Хүн үнэнийг ховорхон хэрэгжүүлдэг бол үүнийг хэзээ ч үнэхээр ойлгохгүй. Үнэнийг хэрэгжүүлэхээ ихэсгэснээр л тэд үүнийг үнэхээр ойлгож чадна, тэр үед л үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг ухаарч чадна. Хэрвээ чи үнэний талаар ямар ч туршлагагүй бол угаасаа хоосон сургаал л номлож чадна. Дүрэм журмыг яг чам шиг мөрд гэж бусдад хэлнэ. Хэрэгжүүлэлт болон туршлагын бодит байдалгүйгээр чи бодит байдлыг номлож хэзээ ч чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь судлахтай адил биш. Судлах гэдэг нь бичигдсэн үгэнд өөрийгөө тогтмол зориулах явдал юм; үгийг тэмдэглэж, цээжилж, задлан шинжилж, нягтлан үзэх төдий нь зүгээр. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь яг эсрэгээр байдаг; үр дүнд хүрэхийн тулд хүн бодитой туршлагад түшиглэх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Хүмүүст тавих Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Хэрвээ тэд жаахан л чармайлт гаргах юм бол “тэнцсэн дүн” авч чадна. Үнэндээ, үнэнийг ойлгож, мэдэж, ухамсарлах нь үнэнийг хэрэгжүүлэхээс илүү төвөгтэй. Эхлээд үнэнийг хэрэгжүүлсний дараа үнэнийг мэдэж, ухамсарлах явдал тохиодог; эдгээр нь Ариун Сүнсний ажлын алхам, арга зам юм. Чи дуулгавартай дагахгүй байж яаж чадна вэ? Чи аливааг өөрийнхөөрөө хийснээр Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнс чиний тааллаар ажилладаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу чиний сул талд үндэслэн ажилладаг уу? Үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол утгагүй. Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас эш татав

Өмнөх: 98. Хүн Ариун Сүнсний ажилтай эсэхийг таних зарчмууд

Дараах: 100. Хүн үнэн-бодит байдалтай эсэхийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх