130. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах зарчмууд

(1) Хүн төрөлхтний гүн гүнзгий завхралын ёрын муу мөн чанарыг тодорхой хар. Ямар ч хүн, хэдийд ч уруу таталтад автаж болох тул эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа сэрэмжтэй байх ёстой;

(2) Эсрэг хүйсийн гишүүнтэй цуг зэрэгцэн ажиллахаас аль болох зайлсхий. Ямар нэгэн муу бодол төрөх юм бол тэдгээрийг арилгахын тулд Бурханд залбираад, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэхэд оюун санаа, эрч хүчээ чиглүүл;

(3) Хэрсүү хүн аюулыг хараад хоргодох газар олдог. Хүн садар самуун хүмүүсээс зай барих ёстой, уруу таталттай тулгарах үедээ Бурханд залбирч, ёрын муу эсрэг хүйстэн болон асуудалтай нөхцөл байдлаас зугтах ёстой;

(4) Бүх хэрэг явдал дээр Бурханы шинжилтийг хүлээн авч сур. Хүн Бурханы үгийг уншихаа хоёр дахин ихэсгэж, ёрын муу санаархал тээж байгаа эсэхээ эргэцүүлэх ёстой, мөн ёрын муу зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Одоогоор, мөнгө шамшигдуулдаг зарим хүн чуулганд байдаг, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд тодорхой зааг барьдаггүй зарим хүн, Бурханы ажлыг нууцаар шүүж, эсэргүүцэж, нураахаар оролддог зарим хүн бий. Гэтэл яагаад энэ бүхэн тэдний хувьд зүгээр байдаг юм бэ? Тийм зүйл хийхдээ тэд мэдэж байдаг, зүрх сэтгэлдээ зэмлэл мэдэрдэг бөгөөд үүнээс болоод заримдаа гэсгээлт, цэвэршүүлэлт туулдаг ч зүгээр л дэндүү ичгүүр сонжуургүй! Хүмүүс садар самууныг үйлдэхдээ тухайн үед юу хийж байгаагаа мэдэж байдаг боловч тэдний тачаал дэндүү их байдаг бөгөөд өөрсдийгөө хянаж чаддаггүйтэй яг адилхан. Ариун Сүнс тэднийг сахилгажуулсан ч гэсэн, энэ нь ямар ч хэрэггүй байх болно, иймээс Ариун Сүнс сахилгажуулалт оноохоо больдог. Хэрвээ тэр үед Ариун Сүнс тэднийг сахилгажуулаагүй бол, тэд ямар ч зэмлэл мэдрээгүй, махан биед нь юу ч тохиолдоогүй бол дараа нь ер нь ямар зэмлэл байх юм бэ? Үйл хэрэг дууссаны дараа ямар сахилгажуулалт байх юм бэ? Тэд хэтэрхий ичгүүр сонжуургүй, хүн чанар дутмаг бөгөөд хараагдаж, шийтгэгдвэл таарна гэдгийг л энэ нь нотолдог! Ариун Сүнс дэмий ажилладаггүй. Чи үнэнийг тун сайн мэддэг боловч хэрэгжүүлдэггүй, мөн ямар ч нүгэл үйлдэх чадвартай бол ёрын муу нэгний хамтаар шийтгэгдэх өдөр ирэхийг л хүлээхээс өөр аргагүй. Энэ бол чиний хувьд хамгийн сайн төгсгөл! Би мөс чанарын талаар ахин дахин номлолоо, энэ бол хамгийн наад захын шалгуур юм. Хүмүүст мөс чанар дутмаг бол Ариун Сүнсний сахилгажуулалтыг алдчихсан байдаг; тэд хүссэнээ хийж болох ба Бурхан тэднийг огт анхаардаггүй. Үнэхээр мөс чанартай, эрүүл ухаантай хүмүүс ямар нэг буруу зүйл хийх үедээ үүнийгээ мэднэ. Тэд мөс чанартаа бага зэрэг зэмлэл мэдэрмэгцээ тавгүйтнэ; тэд дотоод тэмцэл туулж, эцэст нь махан биеийг хаяна. Тэд Бурханыг дэндүү ноцтой эсэргүүцдэг зүйл хийх хэмжээнд очихгүй. Ариун Сүнс тэднийг хэрхэн сахилгажуулж, гэсгээх эсэхээс үл хамааран ямар нэгэн буруу зүйл хийх үедээ хүмүүст бүгдэд нь зарим нэг мэдрэмж төрнө. Тиймээс, хүмүүс одоо төрөл бүрийн үнэнийг ойлгодог ба хэрвээ тэд үүнийг хэрэгжүүлэхгүй бол энэ нь хүмүүсийн асуудал юм. Би ийм хүмүүст огт хариу үйлдэл хийдэггүй, мөн Би тэдэнд ямар ч итгэл найдвар тавьдаггүй. Чи хүссэнээ хийж болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс эш татав

Зарим хүн эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа маш хамаагүй байдаг. Юу ч болоогүй л бол энэ нь сүржигнэх зүйл биш, завхай бодолд автаж, ёс суртахуунгүй хүсэл тачаал илчлэх ч бас сүртэй юм биш гэж тэд санадаг. Хэвийн хүн чанартай хүн ингэж бодож болох уу? Энэ нь хэвийн хүн чанарын шинж тэмдэг мөн үү? Чи гэрлэх насанд хүрч, эсрэг хүйстэнтэйгээ харилцаж, хайр сэтгэлтэй болохыг хүсдэг болсон цагт үүнийгээ хэвийн байдлаар хий, тэгвэл хэн ч саад болохгүй. Гэхдээ зарим хүн хайр сэтгэлтэй болохыг хүсдэггүй—тэд нүдэнд нь өртсөн хүнтэй хоёр гурав хоног сээтгэнэдэг бөгөөд хэн нэгэн таалагдмагц таалагдсан хүнийхээ анхаарлыг татахыг хичээж эхэлдэг. Тэгээд тэд хэрхэн анхаарлыг нь татах гэж хичээдэг вэ? Хөмсгөө өргөж, нүд ирмэж, ярихдаа дууны өнгөө өөрчилж, аль эсвэл анзаарагдахын тулд тодорхой нэг байдлаар хөдөлгөөн хийх юм уу инээдтэй юм ярьж эхэлдэг; ингэх нь анхаарал татах гэж хичээж байгаа хэрэг. Уг нь тийм биш хүн иймэрхүү анзаарагдахаар шинж тэмдгийг харуулсан үед харцыг нь булаасан эсрэг хүйсийн хүн ойр хавьд нь байна гэдэгт итгэлтэй байж болно. Энэ хүмүүс хэн бэ? Тэднийг цадиггүй, эр эмийн хоорондох тодорхой заагийг баримталдаггүй гэж хэлж болох ч тэд ямар ч жигшүүртэй зан авир харуулаагүй. Зарим нь тэднийг зүгээр л хөнгөн хийсвэр байна гэж хэлж магад. Өөрөөр хэлбэл, тэд зохисгүй байдлаар биеэ авч явдаг; хөнгөн хийсвэр хүмүүс өөрийгөө хүндлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Зарим хүн өдөр тутмын амьдралдаа эдгээр хэв шинжийг харуулдаг боловч үүргээ биелүүлэхэд нь нөлөөлдөггүй, ажлаа гүйцэлдүүлэхэд нь ч нөлөөлөөгүй, тэгэхээр энэ үнэхээр асуудал мөн гэж үү? “Үнэний эрэл хайгуулд чинь л саад болохгүй байгаа цагт энэ талаар ярих хэрэг байна уу?” гэж зарим нь хэлдэг. Энэ юутай холбоотой вэ? Хүний хүн чанарын ичгүүр, ёс жудагтай холбоотой. Хүний хүн чанар ичгүүр, ёс жудаггүйгээр байх аргагүй бөгөөд тэдгээр зүйл байхгүй бол хэвийн хүн чанар байх аргагүй юм. Зарим хүн хийдэг бүх зүйлдээ итгэл хүлээж, чин сэтгэлээсээ, хариуцлагатай байдаг. Тэгээд шаргуу ажилладаг, ёс жудаг сайтай боловч амьдралынхаа энэ талыг ер нухацтай авч үздэггүй. Эсрэг хүйсийн хүнтэй сээтгэнэх нь үр ашигтай юу, хор хөнөөлтэй юу? Сээтгэнэж байгаа хүн чинь чамд хайртай болбол яана? “Би тийм зүйл хүсээгүй” гэж чи хэлж магад; тэгвэл чи тийм юм хүсээгүй байж сээтгэнээд байвал хүний сэтгэлээр тоглож байгаа хэрэг бус уу? Чи тэднийг хорлож, ёс суртахуунгүй аашилж байна! Ингэдэг хүмүүс маш тааруухан хүн чанартай байдаг. Түүнчлэн энэ харилцаанд орох санаа байхгүй, үүнд нухацтай хандахгүй байгаа атлаа эсрэг хүйстэндээ хөмсгөө өргөж, нүдээ ирмэж, хөгжөөн наргиагаар анхаарлыг нь татах гэж хичээж, өөрийгөө загварлаг, царайлаг эрхэм гэдгээ харуулах бүхнийг хийж, сайхан царайгаа гайхуулж, ийм маягаар онгирдог бол үнэн хэрэгтээ чи юу хийж байна вэ? (Хүмүүсийг уруу татаж байна.) Тэгвэл иймэрхүү уруу татсан зан авир журамт зүйл үү, муухай зүйл үү? (Муухай зүйл.) Ингэхэд л ямар ч ёс жудаг гэж байхаа больдог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”-аас эш татав

Зарим нь гагцхүү гаднаа сайхан гоёдог: Эгч нар өөрсдийгөө цэцэг мэт хөөрхнөөр гоёж гооддог ба ах нар ханхүү юм уу залуухан баян дэгжин эр шиг хувцасладаг. Тэд өөрсдийн иддэг, өмсдөг зүйлс гэх мэт гадаад талын зүйлсийг л анхаардаг; дотроо ядуу зүдүү байдаг ба Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй. Үүнд ямар утга учир байх юм бэ? Мөн ядуу гуйлгачин шиг хувцасладаг зарим хүн байдаг ба Зүүн Азийн боолуудтай үнэхээр адилхан харагддаг! Та нараас Миний шаарддаг зүйлийг та нар үнэхээр ойлгодоггүй гэж үү? Өөр хоорондоо ярилцацгаа: Та нар үнэндээ юу олж авсан бэ? Та нар ийм олон жил Бурханд итгэсэн ч хураасан бүхэн чинь энэ—санаа зовохгүй байна уу? Ичихгүй байна уу? Та нар энэ олон жилд үнэн замыг эрэлхийлсээр ирсэн ч өнөөдөр биеийн хэмжээ чинь бор шувууныхаас ч жаахан хэвээр байдаг! Та нарын дундах, хувцаслалт, будаг шунхаараа зураг шиг хөөрхөн бүсгүйчүүд өөрсдийгөө нэг нэгэнтэйгээ харьцуулж байгааг хар—та нар юу харьцуулдаг юм бэ? Зугаа цэнгэлээ юу? Шаардлагуудаа юу? Намайг загвар өмсөгчдийг элсүүлэхээр ирсэн гэж та нар бодож байна уу? Ямар ичгүүр сонжуургүй юм бэ! Та нарын амь хаана байна вэ? Эрэлхийлдэг зүйл чинь та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл биш гэж үү? Чи өөрийгөө маш үзэсгэлэнтэй гэж боддог, гэхдээ чи гоё сайхан хувцасладаг байж болох ч үнэн хэрэгтээ овоолсон өтөг баасан дунд төрсөн мурилзсан өт биш гэж үү? Өнөөдөр энэ тэнгэрлэг ерөөлийг эдлэх хувьтай байгаа чинь хөөрхөн царайнаас чинь болоогүй, харин Бурхан чамайг онцгойлон өргөснөөс болж байгаа юм. Чи хаанаас ирсэн тухайгаа одоо ч тодорхой мэдэхгүй байна уу? Амийн талаар дурдангуут чи амаа хамхиад, юу ч хэлэлгүй, хөшөө шиг чимээгүй байдаг ч гоёж гоодох зориг зүрхтэй хэвээр байдаг! Нүүрэндээ оо энгэсэг түрхэх сонирхолтой хэвээр л байдаг! Бас өөрсдийнхөө дундах дэгжин залуусыг буюу нүүрэндээ хайхрамжгүй илэрхийлэл гарган дэггүйтэж, зорилгогүй хэсүүчлэн бүхэл өдрийг өнгөрүүлдэг дур зоргоороо эрсийг хар. Хүн ингэж авирлах ёстой юм уу? Та нарын дундах хүн нэг бүр, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрсдийнхөө анхаарлыг бүхий л өдөржингөө юунд зориулдаг вэ? Та нар хэнд найдаж амь зуудгаа мэдэх үү? Өөрийнхөө хувцсыг хар, гартаа юу олж авснаа хар, гэдсээ ил—энэ олон жилийн турш итгэхдээ төлсөн хөлс, цусныхаа төлөөсөнд чи ямар ашиг тус хүртсэн бэ? Чи дурсгалт газруудыг үзэх талаар бодсоор байдаг, өмхий биеэ гоёх тухай бодсоор байдаг—үнэ цэнгүй эрэл хайгуул! Чамаас хэвийн хүн бай гэж шаарддаг атал өнөөдөр чи хэвийн бус байгаад зогсохгүй гажуудсан байдаг. Ийм хүн яаж Миний өмнө ирэх зориг зүрхтэй байж чадах юм бэ? Ийм хүн чанартайгаар сэтгэл татам байдлаа харуулж, махан биеэ гайхуулж, үргэлж махан биеийн шунал тачаал дотор амьдарч байгаа чи бузар чөтгөр болон муу ёрын сүнсний үр удам биш гэж үү? Тийм бузар чөтгөрт удаан оршин тогтнохыг Би зөвшөөрөхгүй! Зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь Намайг мэдэхгүй гэж бүү бод. Чи шунал тачаал болон махан биеэ хатуу чанд хазаарлаж болох боловч зүрх сэтгэлдээ өвөрлөдөг бодлыг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Нүдээрээ хүсэмжилдэг бүхнийг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Залуу бүсгүйчүүд та нар махан биеэ харуулахын тулд өөрсдийгөө тун хөөрхөн болгодог бус уу? Та нарын хувьд эрэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд та нарыг зовлон шаналлын далайгаас үнэхээр аварч чадна гэж үү? Та нарын дундах дэгжин залуус бүгд өөрсдийгөө боловсон, гоё ганган харагдуулахаар хувцасладаг боловч энэ нь “хээнцэр” зүс царайдаа анхаарал татах зорилготой башир заль бус уу? Та нар хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ? Та нарын хувьд эмэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд нүглийн чинь эх сурвалж биш гэж үү? Эрчүүд, эмэгтэйчүүд та нарт Би олон үг хэлсэн атал та нар цөөхнийг нь л мөрддөг. Тэгээд чих чинь хатуурч, хараа чинь муудаад, биед чинь шунал тачаалаас өөр юу ч байхгүй болох хүртлээ зүрх сэтгэл чинь цэвдэг болсон, ийм болохоор та нар зугтаж чадалгүйгээр, үүнд урхидуулсан. Бузар буртаг, хөө тортог дотор мурилздаг өтнүүд та нарт хэн ойртон очихыг хүсэх юм бэ? Та нар бол овоолсон өтөг баасан дотроос Миний өргөсөн хүмүүсээс цаашгүй бөгөөд анхнаасаа та нарт хэвийн хүн чанар байгаагүй гэдгийг бүү март. Та нараас Миний шаарддаг зүйл бол анхнаасаа та нарт байгаагүй хэвийн хүн чанар болохоос, шунал тачаалаа харуулж, маш олон жилийн турш диаволын сургасан илжирсэн махан биеэ дураар нь тавих явдал биш. Та нар ингэж хувцаслах үедээ бүр илүү гүн урхидуулна гэдгээс айхгүй байна уу? Та нар анхнаасаа нүгэлтэй гэдгээ мэдэхгүй гэж үү? Бие чинь шунал тачаалаар маш их дүүрсэн болохоор энэ нь бүр хувцаснаас чинь нэвчин гарч, тэвчихийн аргагүй муухай, бузар чөтгөр шиг байдлыг чинь илчилдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Үүнийг та нар хэнээс ч илүү тодорхой мэддэг биш гэж үү? Та нарын зүрх сэтгэл, нүд, уруул бүгд бузар чөтгөрөөр бузарлагдсан бус уу? Энэ хэсгүүд чинь бузар биш гэж үү? Ямар нэг юм хийхгүй байгаа цагт хамгийн ариун нь гэж чи өөрийгөө боддог уу? Сайхан хувцаслах нь та нарын булай сэтгэлийг нууж чадна гэж боддог уу? Тэгэх боломжгүй! Би та нарт илүү бодитой байхыг зөвлөж байна: Заль мэхтэй, хуурмаг бүү бай, өөрсдийгөө бүү гайхуул. Та нар шунал тачаалаа нэг нэгэндээ гайхуулдаг боловч хариуд нь хүртэх бүхэн чинь үүрд мөнхийн зовлон, өршөөлгүй цээрлүүлэлт юм! Нэг нэгэнтэйгээ аальгүйтэж, дурлалцах та нарт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь та нарын ёс жудаг уу, шулуун шударга зангийн чинь хэр хэмжээ юү? Та нарын дунд байгаа хар дом, хар шидэд оролцдог хүмүүсийг Би үзэн яддаг; та нарын дундах махан биеэ хайрладаг залуусыг үзэн яддаг. Та нар биеэ барьсан нь дээр, учир нь одоо Би та нараас хэвийн хүн чанартай байхыг, шунал тачаалаа харуулахгүй байхыг шаарддаг—гэсэн ч махан бие чинь хэтэрхий элбэг, шунал тачаал чинь дэндүү их учраас та нар ашиглаж болох боломж бүрийг ашигладаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Хүмүүс өөрсдийгөө эрхэмлэдэггүй учраас тэд бол ямар ч үнэ цэнгүй өөдгүй амьтад мөн. Тэд бүр өөрсдийгөө ч хайрладаггүй, харин ч өөрсөд дээрээ гишгэлдэг бол тэдний үнэ цэнгүй байдлыг энэ нь харуулж байгаа бус уу? Хүн бол өөрөөрөө тоглож, доромжлуулахын тулд өөрийгөө бусдад сайн дураараа өгдөг завхай эмтэй адилхан. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэчнээн дорд болохоо мөн л мэддэггүй. Бусдын төлөө ажиллаж, бусадтай ярилцан, бусдын хяналт дор өөрсдийгөө байлгах нь тэдэнд таатай байдаг; энэ нь яг үнэндээ хүний бузар муухай байдал бус уу? Хэдийгээр Би хүмүүсийн дундах амьдралыг мэдэрч, хүний амьдралыг үнэхээр туулаагүй ч хүний хөдөлгөөн, үйлдэл, үг, үйл хэрэг бүрийг тун тодорхой ойлгодог болсон. Тэгээд бүр заль мэхээ илчилж зүрхлэхээ больж, шунал тачаалдаа автахаа болих хүртэл нь хүмүүсийн сэтгэлийн гүн дэх ичгүүрийг ч илчилж чаддаг. Эмгэн хумс дун руугаа буцан шургадаг шиг тэд үзэшгүй муухай байдлаа илчилж зүрхлэхээ больдог. Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас бусдын өмнө өөрсдийн увдисыг бэлхнээ гайхуулж, муухай төрхөө харуулдаг нь тэдний хамгийн том алдаа дутагдал юм; энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл билээ. Учир нь хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн бус байдаг, хүмүүст хүн хоорондын хэвийн харилцаа дутагддаг, Бурхан, хүн хоёрын хооронд хэвийн харилцаа бүр ч байдаггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “14-р бүлэг”-ээс эш татав

Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.

Зарим ах зөвхөн эгч нартай нөхөрлөж, нөхөрлөхдөө бүр хоёулхнаа байх гэж зүтгэдэг. Тэд эгч нартай нөхөрлөх үедээ үнэхээр зүрх сэтгэлээ нээж, өөр бусдад болохоор татгалздаг. Ийм хүмүүс сайн биш! Зарим эгч бусад эгч нартайгаа нөхөрлөдөггүй, тэдэнд хэзээ ч зүрх сэтгэлээ нээдэггүй, зөвхөн ах нарыг л нөхөрлөхөөр эрж хайдаг. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Чамд тусалж дэмжиж чадах ганц ч эгч байхгүй гэж үү? Чамтай нөхөрлөх ганц ч эгч байхгүй байна гэж үү? Тэд бүгд чамайг жигшдэг үү—чамд тохирох хэн ч алга уу? Чи зөвхөн ах нартай нийцэлтэй байж чаддаг уу? Чамд өөр сэдэл байна гэж Би бодож байна! Зөвхөн эсрэг хүйсийнхээ хүнд наалдчихдаг хүмүүс байдаг. Шийдэмгий байдлаа ашиглан үүнийг ялан дийлэх ёстой—өөрийгөө бүү шалиглан өөгшүүл. Хүмүүс завхарсан зан чанартай. Хэрэв хориг хязгаар тавихгүй бол тэд туйлын садар самуун болдог. Хүмүүсийг хянаж, эдгээрийг байнга сануулж байх зүйл үргэлж байх ёстой. Эдгээр зүйл байгаа үед хүмүүсийн зан авир хавьгүй дээр байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”-аас эш татав

Зарим хүн бүлэгт орох үедээ эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татахаар үргэлж оролддог. Тэд нүдээ ирмэж, нүдээрээ дохин, ярих үедээ нүүр царайны илэрхийлэл өндөртэй болдог бөгөөд сайрхах дуртай байдаг. Арай зохисгүй нэр томьёо ашиглан хэлэх юм бол, тэд сээтэгнүүр болдог. Тэд хэтэрхий марзан, алиа хошин, царайлаг, романтик, дэгжин, эрэлхэг, үзэсгэлэнтэй, соёлтой, хээнцэр чамин, мэдлэгтэй гэх мэт харагдах дуртай; ялангуяа сайрхах дуртай байдаг. Яагаад ийм хүмүүс сайрхах гэж оролддог вэ? Тэд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татахын тулд ингэдэг. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг хэдий чинээ их татна, хэдий чинээ их бишрэл, үнэлгээ, хүндлэл хүлээн авна—тэд төдий чинээ их гүйцэтгэдэг. Чуулганы амьдралд тийм хүмүүс яваандаа хэдэн өөр бай онилох хандлагатай байдаг. Тэд эсрэг хүйсийн цөөн хэдэн өөр гишүүнийг дэгээдэж, харцаараа уруу татдаг бөгөөд тэдний үг хэл нь үргэлж өдсөн, эсвэл бүр бэлгийн дарамтад оруулсан байдалтай байдаг. Хүн хоорондын тийм харилцаа зохистой юу? (Үгүй.) Эдгээр харилцаа зохисгүй. Тийм хүмүүс цуглааны үеэр үйлчлэлээ орхихоос ч зовдоггүй. Өөрт нь таалагддаг, өөрийнхөө дуртай эсрэг хүйсийн гишүүдийн өмнө байхдаа нүд хөмсгөө хөгжилтэйгөөр хөдөлгөн, сэтгэлийн хөөрлөөр бялхаж, тэр ч бүү хэл, дохиж занган холхихдоо тэдний яриа маш инээдтэй, сонирхолтой, дур булаам болдог. Тэдний зорилго юу вэ? Эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, зохисгүй харилцаанд орох явдал. Ийм зан авирыг олон ах эгч зэвүүцдэг баримтаас үл хамааран, энэ нь асуудал гэдгийг эргэн тойрных нь олон хүн тэдэнд анхааруулсан байж болох ч тэд юу ч ойлгодоггүй бөгөөд үүнийгээ болих юм уу зогсоохоос татгалздаг. Хэрвээ хоёр хүн чуулганы амьдралаас гадуур ийм харилцаатай байж, бие биетэйгээ сээтэгнэдэг бол, хэрвээ энэ нь бусдынх нь чуулганы амьдралд нөлөөлдөггүй бол, эсвэл ядаж л бусад нь энэ талаар сонсдоггүй болохоор бусад хүмүүсийн сэтгэл санааны байдал юм уу цуглааны үр дүнд нөлөөлдөггүй бол бид ийм зан авирыг түр зууртаа үл ойшоож болно. Гэхдээ энэ нь чуулганы амьдралд тасралтгүй тохиолдож, бусдыг жинхэнээсээ үймүүлдэг бол ийм зохисгүй харилцаанд хязгаарлалт тавих ёстой, эсвэл үүнтэй орооцолдсон хүмүүсийг чуулганы амьдралаас зайлуулах ёстой. Тэгэх нь зохистой юу? (Тийм.) Хэрвээ энэ нь нэг залуу хүн хэвийн байдлаар дурлаж, болзож байгаа л хэрэг бол бусдад нөлөөлөхгүйн тулд тиймэрхүү үерхлийг цуглааны үеэр анхаарал татахааргүй байлгах ёстой. Энэ бол хүмүүс Бурханд шүтэн мөргөж, Түүний үгийг залбиран-уншиж, сүнслэг үйл ажиллагаа явуулдаг газар бөгөөд хувийн сэтгэл хөдлөлийг чуулганы амьдралд авчрах ёсгүй. Хэрвээ ийм харилцааг чуулганы амьдралд авчирч, бусдад саад болох юм бол, хэрвээ энэ нь цуглаанд оролцож буй бусад хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх юм бол, хэрвээ энэ нь Бурханы үгийг уншиж, тэдгээрээс мэдлэг, ойлголт олж авах чадварт нь нөлөөлөх юм бол, мөн илүү олон хүнийг үймүүлж, анхаарлыг нь сарниулах юм бол энэхүү харилцааг зохисгүй харилцаа гэж тодорхойлж болно. Хэрвээ харилцаанд оролцогчид нь бусдыг үймүүлдэг бол зохистой романтик харилцаа хүртэл зохисгүй болж болох бөгөөд зохистой романтик харилцааны хүрээнээс гадуур эсрэг хүйстэнтэйгээ тогтоосон харилцаа бол бүр ч зохисгүй юм. Тиймээс, чуулганы амьдралд тийм зохисгүй харилцаа үүсэх үед үг дуугүй эвлэрэх юм уу үйлдлийг нь зөвтгөхийн оронд холбогдох хүн бүрд анхааруулж, улам гүнзгийрэхээс сэргийлэх ёстой. Зарчмын дагуу тийм хүмүүсийг хязгаарлаж, эсвэл бүр хөөх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (14)”-аас эш татав

Зарим хүнд сайхан царай зүс заяасан байдаг бөгөөд эсрэг хүйстэн нь тэднийг цаг үргэлж эргүүлдэг; олон хүн эргүүлэх тусам тэд илүү их онгирч болох юм шиг санагддаг. Энэ аюултай бус уу? Энэ нөхцөлд яах ёстой вэ? (Энэ урхийг таньж, үүнээс зайлсхийх ёстой.) Энэ үнэхээр чиний зайлсхийх ёстой урхи юм—тэгэхгүй бол тэр хүний урхинд орсноо олж мэдэж тун магад. Чи урхидуулахаасаа өмнө энэ урхинаас зайлсхийх хэрэгтэй; үүнийг биеэ барих чадвар гэдэг. Биеэ барих чадвартай хүмүүс ичих нүүртэй, ёс жудгийг ухамсарласан байдаг. Тийм биш хүмүүс өөрсдийг нь барьж авсан хэнд ч болов уруу татагдаж болох юм. Тэд өөрсдийг нь эргүүлсэн ямар ч хүнийг тоосноор асар их асуудалд орооцолдож болно. Түүнчлэн тэд бас албаар гайхуулж, гоёж гоодож, сайхан хувцаслаж, илүү царайлаг, дур булаам, хөөрхөн харагдахын тулд ямар л хувцас өмсөх ёстой байна, түүнийг өмсөхөөр тусгайлан сонгож, өдөр болгон өмсөнө; ингэх нь аюултай бөгөөд тэд бусдын сэтгэлийг булаах гэж албаар оролдож байгаа хүн мөн гэдгийг харуулдаг. Хэрвээ чи ийм хувцастай дэндүү нүдэнд өртөхүйц, хэт дур булаам харагддаг бол тэдгээрийг хаяж, өмсөх өөр хувцас сонгох ёстой. Энэ тал дээр сэтгэл шулуудвал ингэхэд чинь саад болох юу ч үгүй. Гэхдээ чи ингэж шийдээгүй атлаа хань хайх хүсэлтэй бол яваад ханиа ол: Нэг нэгнийгээ уруу татаж, эргүүлэлгүй бие биетэйгээ хэвийн байдлаар харилц. Хань хайгаагүй байж бусдыг уруу татаж, эргүүлдэг бол үүнийг гагцхүү ичих нүүргүй гэж томьёолж болох юм. Чи юу сонгож байгаа, явж байгаа зам чинь зөв эсэх, энэ чиний хийх ёстой зүйл мөн эсэхийг сайн мэдэж байх ёстой. Та бүгд үүнийг баримталж чаддаг уу? (Бид ингэж шийдсэн.) Хэрвээ та нар ийнхүү шийдсэн бол эрч хүч, урам зоригтой юм байна, тэгээд үүнийг баримтлахад амархан байх болно. Зарим хүн үндсэндээ төлөв төвшин уг чанартай байдаг төдийгүй Бурханд итгэдэг болсноор үнэнийг эрэлхийлж, зөв замаар явах эрмэлзэлтэй байдаг; тэд тийм хүсэлгүй бөгөөд өөрсдийг нь уруу татах гэж оролдсон хэнийг ч тоодоггүй. Зарим хүн нэлээд ингэх талтай байдаг бол зарим нь үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй; зарим хүн ийнхүү шийдсэн мэт байдаг боловч үнэндээ тийм эсэхээ өөрсдөө ч хэлж мэддэггүй. Чиний зөв зохицуулж, дахин шинжилж, яагаад энэ нь хэвийн хүн чанарын ёс жудаг, ичих нүүрийн салшгүй хэсэг мөн болохыг ойлгох ёстой зүйл нь энэ юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”-аас эш татав

Хүний уг чанарыг шийдвэрлэх нь махан биеийг хаяхаас эхэлдэг бөгөөд махан биеийг хаях нь бас зарчимтай байхыг шаарддаг. Хүн мулгуу байх зуураа махан биеийг хаяж чадах уу? Асуудалтай тулгармагцаа чи махан биеэ дагадаг. Зарим ах үзэсгэлэнтэй бүсгүй хараад замдаа зогтусаж магад; хэрэв чи ч бас ингэдэг бол өөртөө уриа лоозон тавих ёстой. Үзэсгэлэнтэй бүсгүй чам руу ирвэл чи явах ёстой юу, яах ёстой вэ? Бүсгүй чиний гарыг атгах гэвэл чи яах ёстой вэ? Чи ямар ч зарчимгүй бол тийм нөхцөлтэй тулгараад бүдрэхэд хүрнэ. Мөнгө, эд хөрөнгө хараад атаархсандаа нүд чинь улаанаараа эргэлддэг бол яах ёстой вэ? Чи энэ асуудалд онцгойлон анхаарч, үүнийг шийдвэрлэж сурахад төвлөрөх ёстой, тэгээд яваандаа махан биеийг хаяж чадна. Энд нэлээд чухал нэг зарчим бий, тэр нь гэвэл, чи өөрийнхөө асуудлыг Бурханы өмнө авчирч, илүү их эрж хайх ёстой. Түүнчлэн, орой болгон чи өөрийн нөхцөл байдлыг шинжилж, үйлдлээ нягтлан шалгах ёстой: Чиний ямар үйлдэл үнэнд нийцэж, ямар нь зарчмыг зөрчсөн бэ? Энэ бол өөр нэг зарчим юм. Энэ хоёр зүйл хамгийн чухал: Нэг нь, асуудал тохиолдох үед асуудлыг шинжлэх, нөгөө нь, дараа нь өөрийгөө эргэцүүлэх явдал. Гурав дахь зарчим бол, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг, мөн асуудлыг зарчимч байдлаар шийдвэрлэх гэж юуг хэлдгийг маш тодорхой мэдэж байх явдал юм. Энэ талаар тов тодорхой мэдмэгцээ чи асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэнэ. Энэ гурван зарчмыг баримталснаар чи өөрийгөө хянаж чадна. Завхарсан уг чанар чинь илчлэгдэх юм уу дахин ил гарч ирж чадахгүй. Эдгээр нь бас хүний уг чанарыг шийдвэрлэх үндсэн зарчмууд юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлж, уг чанараа шийдвэрлэх нь”-ээс эш татав

Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Өмнөх: 129. Алдаагаа засаж, бусдаас уучлалт гуйх зарчмууд

Дараах: 131. Бусдад эрх тэгш хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх