5. Бурханы үгийг мэдэх зарчмууд

(1) Бурханы үгийг идэж уух үедээ залбирсан зүрх сэтгэлээр үнэн голоосоо тунгаан бодож, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг эрж хайх шаардлагатай. Ингэснээр л хүн үнэнийг аажмаар ойлгож авч чадна;

(2) Бурханы үгийг уншихдаа Түүний хүсэл, шаардлага, түүнчлэн тэдгээрийг хэлэхдээ ямар үр нөлөөнд хүрэх гэснийг нь ойлгохоор эрэлхийлэх шаардлагатай. Бурханы үгийн талаар жинхэнэ мэдлэгтэй байх гэдэг нь энэ юм;

(3) Бурханы үгээс үнэний тал нэг бүрийн онцлог шинж, бүрэн утга учрыг эрж хайх шаардлагатай. Ингэснээр л Бурханы үгийн үнэнийг амархан ойлгоно;

(4) Хүн Бурханы үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг хэрэгжүүлж, туулснаар Ариун Сүнсний гэгээрлийг олж авахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Ингэснээр л хүн үнэний мөн чанар, жинхэнэ утга учрыг ойлгож чадна.

Холбогдох Бурханы үг:

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно… Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой. Зөвхөн ингэж л Бурханы үгийг үнэн зөв, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрд байх ёстой зүйл, бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Амийг эрэлхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ хоёр нь хамгийн үндсэн зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байдаггүй. Хэрэв чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж чадах юм бэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхий ертөнцийн бүх ном диавол Сатаны онолуудыг эмхэтгэсэн байдаг, тийм биз дээ? Тэдгээр нь өчүүхэн төдий ч үнэнийг агуулдаггүй! Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол үгэн дотроос нь Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Түүний үгэн дотроос үнэний бүх талыг ойлгох, тухайлбал, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгох, хүний оршин тогтнолын утга учрыг олж илрүүлэх явдал билээ. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүй бол чи үнэнд орж чадахгүй. Чиний хүрэх ёстой гол үр дүн бол Бурханы үгийн талаар ойлголт, мэдлэгтэй болох явдал юм. Бурханы үгийн талаар бодитой ойлголттой байснаар чи үнэнийг ойлгож чадна. Энэ бол хамгийн үндсэн зүйл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Хэрэв чи Бурханы үгээс, Бурханы айлдварын ар дахь хүсэл, санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн хүрэхээр зорьдог зорилго, үр дүнг ойлгодоггүй, Түүний үг хүнд юуг бүтээж, юуг төгс болгохоор эрж хайдгийг ойлгодоггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй бол үнэнийг хараахан ухаардаггүйг чинь энэ нь нотолдог. Яагаад Бурхан хэлдэг зүйлээ хэлдэг вэ? Яагаад Тэр тийм өнгөөр ярьдаг вэ? Яагаад Түүний айлддаг үг бүр тийм үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг вэ? Яагаад Тэр тодорхой үгсийг ашиглахаар сонгодог вэ? Чи мэдэх үү? Хэрэв чи итгэлтэй хэлж чадахгүй бол Бурханы хүсэл, Түүний санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн цаад утгыг ойлгодоггүй гэсэн үг юм. Чи үүнийг ухаардаггүй бол яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Бурханы утгыг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадна, Бурханы үгийг амьдран харуулж, өөрийн бодит байдал болгож чадна гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм; тийм маягаар л чи Бурхан юу хэлдгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан үг хэлэх болгондоо зүгээр л ерөнхийд нь ярьдаггүй нь мэдээж. Түүний айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр ухан ойлгож болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг олж илрүүлж чадна; хэрвээ чи ингэвэл, тэдгээрийг туулах зуур чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхийнхээ хэрээр үлдсэн нарийн ширийнийг бүрэн дүүргэж, улмаар энэ бодит байдлын талаарх ойлголтыг чамд өгнө. Нэг хэсэг нь Бурханы үгийг ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх явдал юм. Өөр нэг хэсэг нь Бурханы үгийг туулснаар дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр арга замаар Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтод хүрдэг. Хэрвээ чи Түүний үгийг үгчлэн тайлбарлаж, эсвэл өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чаддаг байлаа ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт чинь бодитой бус байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлаж ч магадгүй бөгөөд ингэвэл бүр ч ярвигтай. Тиймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн үгчилсэн утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрвээ чи Түүний үгийн үгчилсэн утгыг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд чамд тодорхой түвшний боловсрол л хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүст нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс гэгээрэл олж авахаас шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Бурханы үг хүмүүст гэрэлт цамхаг болдог гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, тэдгээрийг дэмий хоосон ярьдаггүй; тэдгээр нь ямар нэг онол, эсвэл сүржин үг биш, ямар нэг маргаан ч биш. Тэдгээрийг чи биелүүлэх, хэрэгжүүлэх учиртай тул байдаг юм. Чи асуудалтай тулгараад юу хийхээ мэдэхгүй, хэрэгжүүлэх зам байхгүй үед Бурханы үг ямар шаардлага тавьдаг талаар боддог. Түүний үгийг эргэцүүлэн бодсоны дараа чи урагшлах зам олж, тэдгээрийн утгыг ойлгодог. Тэгээд чи Түүний хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Ийм маягаар хэрэгжүүлснээр чи бататгаж, энэ нь чамд сүнслэг амар амгалан, баяр баясгалан авчирдаг болохыг олж мэднэ; энэ нь бас бусдыг сургаж байгаа хэрэг юм. Бурханы үгийг хэрэгжүүлэх явцдаа чи тодорхой хэмжээний гэгээрлээс гадна туршлага, мэдлэг олж авдаг; чи зарим зүйлийг сэхээрдэг. Бурхан эдгээр үгийг хэлж, аливаа зүйлийг хүмүүсээр ямар нэгэн байдлаар хийлгэснээрээ юу хэлэх гэснийг нь ухаардаг. Чи хэрэгжүүлэлтийн зохих зарчмыг олж тогтоох ба Бурхан эдгээр үгийг айлдсан эх үүсвэр, ач холбогдлыг мэдэж авна. Энэ л үнэнийг ойлгож байгаа хэрэг юм. Чи үнэнийг ойлгомогц будилахаа, эсвэл оролцоход хэцүү санагддагаа болино; чи хэрэгжүүлэлтийн замтай болно. Бурханы үгийг хэрэгжүүлэх замтай болно гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чи хэрэгжүүлэлтийн цаад зарчмыг ухаж ойлгоно гэсэн үг юм; Бурхан ямар байдлыг хэлээд байгааг чи ойлгож, хэрхэн хэрэгжүүлэх ёстойгоо мэддэг болно. Бурханы үг чамд энгийн харагдаж болох ч, үнэндээ тэдгээр нь чамайг хэрхэн амьдрах ёстой, асуудалтай тулгарах үедээ юу хийх ёстой, чамд таарч болох аливаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх ёстойг чамд хэлж өгдөг. Тэдгээр нь үнэн билээ. Тэдгээр нь чиний зам болж, аливаа асуудалд мэргэн ухаанаар, зарчимтай хандах боломж олгож, хэрэгжүүлэлтийн замтай болгож чадна. Хэрвээ чамд үүргээ гүйцэтгэхдээ, эсвэл өөр бусад хэрэг дээр дагах зам байдаг бол, аливаа зүйлийг зохицуулах зарчим байдаг бол, Бурханы үгийг мэддэг бол энэ нь үнэнийг, Бурханы үгийг ойлгодог гэдгийг чинь харуулж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Та нар Бурханы үгийн хуулийг мэддэг болсон уу? Зарим хүн: “Бурханы айлдвар болгон олон төрлийн агуулгатай, хэсэг, өгүүлбэр бүр нь өөр өөр утгатай болохоор санахад хэцүү, ойлгоход бэрх байдаг. Нэг догол мөрийн ерөнхий санааг нэгтгэн дүгнэх ч боломжгүй байдаг” гэж хэлдэг Хэв чанар муутай хүмүүст Бурханы үг бол хүрэхийн аргагүй. Энэ бол тууж, үргэлжилсэн үгийн зохиол юм уу, уран зохиолын бүтээл ч биш. Энэ бол үнэн; энэ бол хүнд амь өгдөг үг. Энэ бол зүгээр нэг оюун санаандаа тунгаан бодоод ойлгож болдог зүйл биш, бас багахан хүчин чармайлт нэмж гаргаад л хуулийг нь нэгтгэн дүгнэчхэж болохгүй. Тиймээс хүмүүс ямар талыг нь жаахан ойлгож, дүрмийнх нь талаар бага зэрэг ойлголттой болсон нь хамаагүй, энэ нь өрөөсгөл, өнгөцхөн, далайд ганцхан дусал болохоор л ойлголт байж болох бөгөөд Бурханы анх зорьсон санаанд үндсэндээ хүрэх боломжгүй юм. Бурханы үгийн ямар ч нийтлэл үнэний хэд хэдэн талыг агуулна. Жишээ нь, Бурханы бие махбодтой болсон нууцын тухай ярьж буй өгүүлэлд бие махбодтой болохын ач холбогдол нь бие махбодтой болсноор хийх ажлын хамт багтана. Мөн энэ нь хүмүүс Бурханд хэрхэн итгэх ёстойг агуулах бөгөөд бас хүмүүс Бурханыг хэрхэн ойлгож, хайрлах ёстойг агуулж байж болзошгүй; үүнд үнэний олон тал багтана. Чиний төсөөлдгөөр бие махбодтой болохын ач холбогдол хэдхэн талыг л агуулсан ба хэдэн өгүүлбэрээр нэгтгэн дүгнэж болдог юм бол хүн дээр хийдэг Бурханы ажил ямар үр дүнд хүрч чадах билээ? Бурханыг ойлгодог болгохын тулд бие махбодтой болохын ач холбогдлыг хүмүүст ойлгуулдаг. Хүн Бурханыг ойлгосныхоо дараа аяндаа Бурханыг хүндэтгэдэг зүрх сэтгэлтэй болдог бөгөөд одоо хүний хэрэгжүүлэлт үүнд хамаардаг. Тиймээс Бурханы үгийн ямар ч тал, үнэний ямар ч тал чиний төсөөлдөг шиг энгийн биш. Хэрвээ чи Бурханы үг хийгээд бурханлаг хэлийг энгийн гэж үздэг, ямар ч асуултад Бурханы үгийн догол мөрөөр хариулж болно гэж боддог бол тэр чинь үнэн биш. Өгүүлэл бүр Бурханы үгийг хэлэх олон өнцгийг агуулдаг бөгөөд хүмүүс Түүний үгийг тоймлох, эсвэл базаж дүгнэх ямар ч аргагүй. Та нар Түүний үгийг базаж дүгнэснийхээ дараа үгийн нэг хэсэг ямар нэг асуултад хариулчихсан гэж боддог, гэвч энэхүү хэсэг нь бас өөр асуултуудтай холбоотой байдаг. Үнэний бүх тал олон зүйлийг агуулдаг. Үнэн бол амь, үнэн хүнд баяр хөөр авчирч чадна, хэдэн удаа амьдраад, хэдэн зуун жил болоод ч үүнийг бүрэн туулж чадахгүй гэж яагаад хэлдэг вэ? Чи үнэний зарим талыг, эсвэл Бурханы үгийн зарим хэсгийг базаж дүгнэлээ гэж бодъё, тэгвэл чиний базаж дүгнэсэн тэр хэсэг томьёо, дүрэм журам, хоосон сургаал болчих ба үнэн биш байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, чи хүмүүсийг төөрөгдүүлж, хоосон сургаал руу авчирч, тэднийг өөрийн хоосон сургаалын дагуу бодож, төсөөлж, асуултуудыг авч үздэг, мөн тэр хэсгийг тэгж уншдаг болгосон. Тэгээд тэд үүнийг байн байн уншиж, зөвхөн нэг асуулт харж, өөр бусад ямар ч талыг нь харахгүй. Эцэстээ үнэнийг, Бурханы үгийг туулж чадахгүй, өөрсдийгөө хоосон сургаалаар л зэвсэглэж, хоосон сургаал л ярилцаж чаддаг атлаа Бурханы талаар ойлголт байхгүй газарт тэднийг аваачих буй заа. Тэдний ярьж чадах зүйл нь таатай сонсогддог, зөв хоосон сургаал л байх боловч тэдэнд бодит байдал байхгүй, алхах замгүй болох буй заа. Ийм маягаар удирдах нь үнэхээр айхтар хор хөнөөл болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Хүн болгон үнэнийг туулдаг боловч дор бүрнээ өөр өөр нөхцөл байдалд туулдаг бөгөөд хүн болгон өөр өөр зүйл олж авдаг. Гэсэн хэдий ч тэд мэдлэгээ нийлүүлээд ч ганцхан үнэнийг бүрэн дүүрэн ойлгомжтой илэрхийлэх чадваргүй л байдаг. Үнэн ийм л гүн гүнзгий байдаг! Олж авсан зүйлс, мэдлэг чинь үнэнийг орлож чадахгүй гэж яагаад хэлдэг вэ? Чи мэдлэгээ хүмүүстэй нөхөрлөдөг бөгөөд тэд үүнийг хоёр гуравхан өдөр л эргэцүүлснийхээ дараа бүрэн дүүрэн туулдаг. Гэтэл хүмүүс нэг насны амьдралаа зарцуулаад ч үнэнийг бас л бүрэн туулдаггүй; хүн нэг бүрийн туулсан зүйлийг нийлүүлээд ч үнэнийг бас л бүрэн дүүрэн туулахгүй. Тиймээс үнэн бол ер бусын гүн гүнзгий гэдэг нь харагдана. Үнэнийг үгээр бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй. Хүний хэлэнд үнэн гэдэг бол хүн төрөлхтний жинхэнэ мөн чанар билээ. Хүн үнэнийг хэзээ ч бүрэн дүүрэн туулж чадахгүй. Хүн үнэнээр амьдрах ёстой. Нэг үнэн бүх хүн төрөлхтний оршин тогтнолыг хэдэн мянган жилийн турш хангаж чадна.

Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй. Хэрэв хүмүүс хэдхэн өнгөц үгс ойлгох төдий болсон атлаа үнэнийг олж авсан гэцгээж байвал энэ нь тэр чигээрээ, туйлын утгагүй үг болох бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Бурханы ажил болон үг нь та нарын зан чанарт өөрчлөлт авчрахын төлөө юм; Түүний зорилго нь Өөрийн ажил болон үгийг та нарт ойлгуулж, мэдүүлэх төдий биш. Ингэх нь хангалтгүй юм. Бурханы үгийн ихэнх нь хүний хэлээр бичигдсэн бөгөөд Тэр тун ойлгомжтой ярьдаг болохоор ухаарч ойлгох чадвартай хүн чамд үүнийг ойлгох нь хэцүү байх учиргүй. Жишээ нь, Бурхан чамайг юуг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгааг чи олж мэдэх бүрэн чадамжтай; энэ бол ухаарч ойлгох чадвартай хэвийн хүний хийж чадах ёстой зүйл. Ялангуяа одоогийн үе шатанд Бурханы хэлж байгаа үгс маш тодорхой, ил тод бөгөөд хүмүүсийн бодож үзээгүй олон зүйлээс гадна хүний бүх төрлийн байдлыг Бурхан онцолж байдаг. Түүний үг бүхнийг хамардаг бөгөөд тэргэл сарны гэрэл шиг тод байдаг. Тиймээс хүмүүс одоо олон асуудлыг ойлгодог боловч тэдэнд одоо ч дутагдсаар байгаа зүйл бол Түүний үгийг хэрэгжүүлэх явдал юм. Хүмүүс зүгээр л бэлэн өгсөн зүйлийг ойлгож авах гэж хүлээх бус, үнэний бүх талыг нарийвчлан туулж, илүү нарийн судалж, эрж хайх ёстой; эс бөгөөс тэд шимэгчээс нэг их дээрдэхгүй. Тэд Бурханы үгийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй. Ийм хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд эцсийн дүнд таягдан хаягдах болно. 90-ээд оны Петр шиг байна гэдэг нь та нарын хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнэ оролттой байж, Бурхантай хамтран ажиллахдаа улам илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой бөгөөд энэ нь аминд чинь байнга нэмэгдэх дэмжлэг болно гэсэн үг юм. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал юм; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал. Хэрэв Бурханд итгэхдээ Бурханы үгийг дотроосоо мэдэрч хэрэгжүүлэхээр эрж хайлгүй зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очсоноо өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь зөвхөн хараад, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Өмнөх: 4. Бурханы үгэнд хандах зарчмууд

Дараах: 6. Бурхантай ярилцах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх