44. Эргэцүүллээр дамжуулан өөрийгөө мэдэх зарчмууд

(1) Хүнийг шүүж, илчилдэг Бурханы үгийн өгүүлбэр бүрийг өөрийгөө байнга эргэцүүлэх үндэс болгон ашиглах шаардлагатай. Хүн Бурханы үгийн мөр бүртэй өөрийгөө харьцуулахаар чармайх ёстой;

(2) Бүх хэрэг явдал дээр, үг хэл, зан авир, байгаа байдал, эсвэл бодол санаанд чинь завхралын чинь илэрхийлэл байгаа эсэхийг эргэцүүл; мөн тэдгээр нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг, Бурханы зан чанарт халдаж байгаа эсэхийг эргэцүүл;

(3) Хүн өөрийгөө эргэцүүлэхдээ гэм буруу, завхралын илэрхийллээ ойлгох шаардлагатай, ингэснээр тэд уг чанар-мөн чанараа мэдэж авч, хэчнээн өрөвдөлтэй болохоо харна;

(4) Засалт харьцалт, шалгалт цэвэршүүлэлт, эсвэл ухралт бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ хүн Бурханд улам ч их залбиран, үнэнийг дуулгавартай дагаж, махан биеийг хаяж сурах ёстой. Хүн хэзээ ч учирлаж, шалтаглах ёсгүй;

(5) Өөрийгөө эргэцүүлэхдээ хуурамч удирдагч, антихристүүдийн унаж, бүтэлгүйтсэн туршлагыг ашиглах нь хамгийн шилдэг сургалт юм; энэ нь хүний заалгасан хичээлийг хоёр дахин ихэсгэдэг.

Холбогдох Бурханы үг:

Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс эш татав

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралынхаа илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна. Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”-аас эш татав

Хүмүүс өөрсдийгөө мэдье гэвэл жинхэнэ байр байдлаа ойлгох ёстой. Өөрийн байр байдлыг мэдэхийн хамгийн чухал тал бол өөрийн бодол, санааг ухаарах явдал юм. Цаг үе болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянаж байдаг. Хэрвээ чи өөрийн бодлыг ухаж ойлгож чадвал цаана нь байгаа зүйлсийг ухаж ойлгож чадна. Хүмүүс бодол, санаагаа хянаж чаддаггүй. Гэхдээ эдгээр бодол, санаа хаанаас гаралтай, эдгээрийн цаад сэдэл юу болох, эдгээр бодол, санаа хэрхэн үүсдэг, эдгээрийг юу хянадаг, эдгээр нь ямар шинж чанартайг мэдэх шаардлагатай. Зан чанар чинь өөрчлөгдсөний дараа өөрчлөгдсөн хэсгээс чинь үүссэн бодол, санаа, зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг хүсэл, эрэл хайгуулын талаарх үзэл бодол чинь өөр байх болно. Чиний өөрчлөгдөөгүй зүйлс, тодорхой ойлгодоггүй зүйлс, мөн үнэний туршлагаар солиогүй зүйлсээс чинь үүдсэн бодол, санаа бузар булай, бохир, үзэшгүй муухай байдаг. Өнөө үед, Бурханы ажлыг хэдэн жил туулсан хүмүүс эдгээр асуудлын талаар бага зэрэг мэдрэмж, ойлголттой болсон байдаг. Бурханы ажлыг богинохон хугацаанд туулсан хүмүүс эдгээр асуудлыг хараахан ойлгодоггүй; тэд тодорхой мэдэхгүй хэвээр байдаг. Өөрсдийнх нь эмзэг цэг хаана байдгийг, эсвэл ямар талууд дээр амархан унахаа тэд мэддэггүй. Та нар одоогоор ямар төрлийн хүн гэдгээ мэддэггүй бөгөөд ямар хүн болохыг чинь бусад хүмүүс тодорхой хэмжээнд харж чадах хэдий ч чи үүнийг мэдэрч чаддаггүй. Чи ердийн бодол, санаагаа тодорхой ялган таньж чаддаггүй, эдгээр асуудлын мөн чанар юу болох тухай тодорхой ойлголт чамд байдаггүй. Чи аль талаар гүн гүнзгий ойлгох тусмаа тэр талаар улам их өөрчлөгдөнө; ийнхүү чиний хийдэг зүйлс үнэний дагуу байх бөгөөд Бурханы шаардлагад нийцэж, Бурханы хүсэлд ойртоно. Ийм маягаар эрж хайснаар л үр дүнд хүрч чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Өөрийнхөө талаар юуг мэдэж болох вэ? Юун түрүүнд, чи үг хэл, үйл хэрэгтээ ямар зан чанар харуулдгаа мэдэх ёстой. Заримдаа энэ нь биеэ тоосон зан, заримдаа заль мэх, харин заримдаа ёрын муу байдаг. Бас асуудалтай тулгарах үед сэдэл чинь Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, эсвэл үнэний дагуу байж чадахгүй байгаа эсэхийг мэдэх учиртай. Түүнчлэн, үүрэгтээ хандах хандлага чинь ачаа үүрэх юм уу чин сэтгэлээ зориулах хандлага мөн эсэх, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа үнэн сэтгэлээсээ ханддаг эсэхээ, эсвэл тийнхүү үйлдэж байгаа чинь наймаацах зорилготой байна уу гэдгийг мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаг эсэх, зүрх сэтгэл чинь дуулгавартай эсэх, Бурханы зохион байгуулсан орчин нөхцөл, хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулгарах үедээ үнэнийг эрж хайж чаддаг эсэхээ мэдэх учиртай. Үнэнийг хайрладаг хүн мөн эсэх, ямархуу хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай эсэх, асуудалтай тулгарах үедээ тооцоолон бодож, тохиролцоо хийх гэсэн байр байдалтай байдаг эсэх, эсвэл үнэнийг эрж хайж, өөрийн үзэл, төсөөлөл, санаархал, хүсэл, төлөвлөгөөг орхиж чаддаг эсэхээ, мөн үнэнийг эрж хайдаг хүн мөн эсэхээ ч бас олж мэд. Түүнээс гадна өөрийгөө мэдэхийн өөр нэг тал нь өөрийн зан аашийг ойлгож, шулуун шударга хүн мөн эсэх, мөс чанартай, сайхан сэтгэлтэй эсэхээ мэдэх явдал юм. Төрөл бүрийн орчин нөхцөл, хүн, үйл явдал, юмст хандах хандлагаасаа чи зан аашаа харж чадах бөгөөд үнэнийг хайрладаг хүн мөн эсэхээ, Бурханд жинхэнээсээ итгэдэг эсэхээ мэдэж авах боломжтой. Бурхантай шууд холбоотой асуудал дээр ямархуу хандлага гаргадгаа ч бас хар: Түүнд, Түүний нэр, Түүний махбодод хэрхэн ханддаг вэ—хүндэтгэж, дуулгавартай байдаг уу? Өөр бас юу байдаг гэж чи хэлэх вэ? (Хэв чанарынхаа хэмжээг мэдэх.) (Амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, юуг даган мөрддөгөө ойлгох. Юуг эрэлхийлдэг, ямар замаар явж буйгаа мэдэх.) Эдгээр нь хүмүүсийн ойлгох ёстой бүх зүйл юм. Ерөнхийдөө бол, өөрийгөө бүх талаар мэднэ гэдэг нь гол нь өөрийн хэв чанар, зан төлөвийг мэдэх, үнэнийг хайрладаг эсэх болон алхаж буй зам, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс, Бурханд хандах бүх төрлийн хандлагаа мэдэх явдал билээ. Энэ бүх зүйл багтана.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (2)”-аас эш татав

Өөрсдийгөө мэднэ гэдэг нь бидний бодол, үзэл санаанд Бурханыг эсэргүүцдэг, үнэнтэй огт нийцэлгүй, үнэнийг агуулдаггүй ямар зүйлс байгааг мэдэх явдал юм. Жишээлбэл, хүний биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал, худал хуурмаг, ов мэх нь хүмүүст танихад амархан завхарсан зан чанарт нь байдаг талууд билээ. Чи ердөө л үнэний талаар хэдхэн удаа нөхөрлөх юм уу, байнга нөхөрлөх замаар, эсвэл ах эгч нар байдлыг чинь хэлж өгснөөр тэдгээрийн талаар бага зэрэг мэдлэгтэй болж болно. Үүнээс гадна хүн болгон янз бүрийн түвшинд биеэ тоосон, ов мэхтэй байдаг. Гэвч хүмүүсийн бодол, үзэл санааг мэдэх амаргүй; тэдгээр нь хүний зан чанарыг мэдэхтэй адил амархан биш. Эдгээр нь гүн уг үндэстэй зүйлс юм. Иймээс чи зан авир, гаднаа биеэ авч явах байдлаа жаахан өөрчилсөн байх үед чиний олж илрүүлээгүй, Бурханы эсрэг сэтгэхүй, үзэл, санаа, чиний хүлээн авсан уламжлалт соёлын боловсролын олон тал байсаар байдаг. Эдгээр нь биднийг Бурхантай дайсагнахад хүргэдэг гүнзгий шингэсэн зүйл юм. Иймээс Бурхан чиний үзэлтэй нийцэхгүй зүйл, аль эсвэл Бурханыг хийнэ гэж төсөөлснөөс чинь өөр зүйл хийх үед чи эсэргүүцэж, тэрслэх болно. Бурхан яагаад тийм үйлдэл гаргасныг чи ойлгохгүй байх бөгөөд хэдийгээр Бурханы хийдэг юм бүхэнд үнэн байдаг гэдгийг мэддэг, захирагдахыг хүсэж болох ч тэгж чадахгүй байх болно. Чи яагаад захирагдаж чаддаггүй вэ? Яагаад тэгж эсэргүүцэж, тэрсэлдэг юм бэ? Учир нь хүний бодол, үзэл санаанд Бурханд дайсагнадаг, Бурханы үйлддэг зарчим, Бурханы мөн чанарт дайсагнадаг зарим нэг зүйл байдаг. Хүн тэдгээр бодол, үзэл санаагаа мэдэхэд хэцүү байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Зүрх сэтгэлд маань байгаа юм бүхэн Бурхантай дайсагнадаг. Үүнд бидний сайн гэж боддог, тэр ч бүү хэл эерэг гэж итгэдэг зүйлс багтдаг. Бид эдгээр зүйлийг үнэн, хэвийн хүн чанарын нэг хэсэг, эерэг зүйлс хэмээн жагсааж ирсэн; гэвч Бурханы өнцгөөс бол тэдгээр нь Түүний зэвүүцдэг зүйлс юм. Бидний боддог зүйл болон Бурханы хэлсэн үнэн хоёрын хоорондох зөрүү хэмжээлшгүй. Үүнийг хэмжихийн аргагүй. Иймээс бид өөрсдийгөө мэдэх ёстой. Бидний үзэл санаа, үзэл бодол, үйлдлээс эхлээд хүлээн авсан соёлын боловсрол хүртэлх юм бүхнийг гүнзгий ухаж, нэгд нэггүй задлан шинжлүүштэй. Эдгээр зүйлийн зарим нь нийгмийн орчноос гардаг бол зарим нь гэр бүл, сургуулийн боловсролоос, бусад нь номоос гардаг. Мөн зарим нь бидний үзэл, төсөөллөөс гардаг. Эдгээр зүйл бидний үг, үйлдлийг хүлж, хянаж, оюун ухааныг маань ноёрхож, хийдэг зүйлсийн маань сэдэл, санаа, зорилгыг залж чиглүүлдэг учраас хамгийн аймшигтай. Хэрвээ бид эдгээр зүйлийг ухан гаргахгүй бол Бурханы үгийг дотроо хэзээ ч бүрэн хүлээн авахгүй бөгөөд хэзээ ч Бурханы шаардлагыг бүрмөсөн хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхгүй. Чи өөрийн үзэл санаа, үзэл бодол, зөв гэж итгэдэг зүйлсийг өвөрлөсөөр байгаа цагт Бурханы үгийг хэзээ ч бүхэлд нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тэдгээрийг анхдагч хэлбэрээр нь хэрэгжүүлэхгүй; чи тэдгээрийг эхлээд оюун ухаандаа боловсруулсны дараа л хэрэгжүүлэх нь лавтай. Чи аливааг ингэж хийх бөгөөд бусдад ч бас ийм маягаар тусална: Чи Бурханы үгийн талаар мөн л нөхөрлөж магад хэдий ч үргэлж өөрийн хольцыг хольж, үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь энэ бөгөөд чи үнэнийг ойлгосон, бүх зүйлийг эзэмшдэг гэж бодно. Хүний байр байдал өрөвдөлтэй биш гэж үү? Аймшигтай биш гэж үү? Эдгээр зүйлийг бүхэлд нь хэлж, илэрхий болгоход ганц хоёр үг хангалтгүй. Мэдээжийн хэрэг, түрүүн дурдсан Сатаны зуу гаруй хор гэх мэт өөр олон зүйл амьдралд бий. Чи энэ үгийг ойлгосон ч өөрийгөө үүнтэй хэрхэн харьцуулдаг вэ? Чи өөрөө өөрийгөө эргэцүүлж байсан уу? Чи ч бас эдгээр хоронд хувь нэмэр оруулдаггүй гэж үү? Тэдгээр нь боддог зүйлийг чинь харуулдаг биз дээ? Чи аливаа зүйлийг хийхдээ бас эдгээр хоронд түшиглэдэг бус уу? Хувийн туршлагаа гүн гүнзгий ухаж ойлгон, эдгээр үгтэй жиших ёстой. Бид Сатаны хорын тэрхүү жагсаалтыг хайнга байдлаар унших юм уу, хальт харчхаад буцааж тавиад өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна гэж итгэн, Бурханы үгийг утга учиргүй уншиж, бодит байдалтай холбох юм уу өөрийн жинхэнэ байдлыг харж чадахгүй, хэрэгжүүлэлтдээ Бурханы үгийн бичиг үсэг, дүрэм журмыг л баримталдаг бол энэ тийм энгийн зүйл гэж үү? Хүмүүс бол амьд зүйлс: Тэд бүгд бодолтой бөгөөд бодлоос нь үүссэн зүйлс зүрх сэтгэлд нь үндэс сууриа тавьдаг. Хүн үйлдэл хийхэд эдгээр үүссэн зүйл гарч ирэх нь лавтай, учир нь эдгээр нь аль хэдийн тухайн хүний амь болсон байдаг. Иймээс чиний хийдэг зүйл болгонд яаж хийхийг чинь захирч, явцыг чинь жолооддог үзэл бодол, зарчим гэж бий. Чи үйлдэх үедээ иймэрхүү зүйл дотор чинь оршдог эсэхийг мэднэ. Одоо чи мэдээж үзэл бодлоо шинжихдээ Бурханд дайсагнах юу ч байхгүй гэж чамд санагддаг. Чи өөрийгөө үнэнч шударга, үнэнч, үүргээ биелүүлэхэд бэлэн, Бурханы төлөө золиос гаргаж, өөрийгөө зарлагадах чадвартай, бүхий л талаар нэлээд мундаг гэж боддог. Гэхдээ Бурхан эр зоригийг чинь туршиж, чамаар даалгавар гүйцэтгүүлэх юм уу, аль эсвэл Бурхан чамд тохиолдох ямар нэг зүйлийг хийсэн бол үүнийг чи яаж зохицуулах вэ? Тиймэрхүү цаг үед үзэл бодол чинь үерийн далан сэтэрсэн мэт гадагшаа өршөөлгүйгээр түрэн гарах болно. Тэдгээр нь чиний хяналтаас гарч, хянах боломжгүй болох бөгөөд чи хэчнээн үзэн ядлаа ч тэдгээр нь өнөөх янзаараа түрэн гарч, Бурханыг бүхэлдээ эсэргүүцдэг зүйлс гарч ирнэ. “Яагаад би үүнийг яаж ч чадаагүй юм бэ? Би Бурханыг эсэргүүцэхийг хүсдэггүй хэр нь юунд эсэргүүцнэ вэ? Би Бурханыг шүүж, Түүний хийдэг зүйлийн талаар үзэлтэй байхыг хүсэхгүй байгаа хэр нь тийм үзэлтэй байж яаж болох юм бэ?” гэж хэлэх үедээ чи өөрийгөө мэдэхээр, Бурханыг эсэргүүцэж, Түүний одоо хийж буй ажилд дайсагнаж, эсэргүүцдэг юу чиний дотор байгааг ажиглахаар чармайх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд бид өөрсдийгөө мэдэж, задлан шинжилж, гүн гүнзгий судлах чадвартай бөгөөд эдгээр асуудалд тэргүүлэх ач холбогдолтой хэмээн хандах чадвартай. Хэрэв тэгвэл бид шагнал хүртэх нь гарцаагүй бөгөөд өөрсдийгөө мэдэх асуудал дээр гарцаагүй аажмаар ахиц гаргана. Тэгснээр бид үнэнийг хэрэгжүүлж, улам их үнэнтэй болж, Бурханы үгийн бодит байдал улам бүр бидний амь болно. Харин чи өөрийгөө мэдэх асуудалд огт ороогүй бол үнэний хэрэгжүүлэлт чинь худал хуурмаг байх болно. Учир нь чи гаднах олон үзэгдэлд хууртана. Зан авир чинь дээрдэж, урьдынхаасаа илүү эелдэг зөөлөн болж, бусдыг илүү их бодолцдог, бусдад илүү тэвчээр, хүлээцтэй ханддаг, бусдыг илүү их уучилдаг болсноо чи мэдэрч магад. Иймээс чи өөрийгөө хэвийн хүн чанар эзэмшсэн, угийн агуу, өндөг шиг өөгүй амьтан гэж боддог. Гэхдээ Бурханы өнцгөөс бол чи Бурханы стандарт, шаардлагад хүрэхэд маш хол хэвээр байдаг. Бид хэзээд нь үнэнийг үнэхээр хэрэгжүүлж, хэзээд нь огт хэрэгжүүлэлгүй зүгээр л гадаад зан авираа жаахан өөрчилсөн байдгаа мэддэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Чуулганы амьдрал нь нэлээд хэвийн байдаг, ах эгч нартайгаа харилцан тэвчээртэй, хамгийн их эв найртайгаар нийцтэй байж чаддаг гэж одоо олон хүн боддог. Тэд өөрсдийгөө хэнтэй ч хэрүүл маргаангүй нийцтэй байж чаддаг, мөн юу ч боллоо гэсэн тэвчээртэй байж, зөв хандлага баримталж чаддаг гэж боддог. Сүнслэг амьдралаа ч ялангуяа хэвийн гэж боддог бөгөөд Бурханы үгийг уншихдаа мэрийлт гаргаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байдаг ч олон асуудлаарх тэдний үзэл бодол үнэнтэй эсрэгцсэн, Бурханд дайсагнасан хэвээр байдаг. Тэд үнэнийг хараахан олж аваагүйг энэ нь хангалттай харуулдаг. Иймээс өөрсдийгөө тал бүрээс нь мэдэх асуудал дээр бид үнэнийг эрж хайж, өөрсдийнхөө талаар мэдлэгийг гүнзгийрүүлэхээр эрэлхийлэх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Үнэнч шударга байхаар эрмэлзэж, Бурханд захирагдахад өөрийгөө сургах байна уу, эсвэл ах эгч нартайгаа найрсгаар харилцаж, хэвийн хүн чанарыг амьдран харуулах ч бай, үнэний аль ч талыг эрэлхийллээ гэсэн, үнэн бүр өөрийгөө мэдэх асуудлыг хөнддөг тул, хүн амьдралынхаа өдөр бүр үнэнийг хэрэгжүүлэхэд орж чаддаг. Үнэнч шударга байхаар эрмэлзэх нь өөрийгөө мэдэхтэй холбоотой бус уу? Чи ов мэхтэй, үнэнч шударга бус гэдгээ мэдэж авах хүртлээ үнэнч шударга байхаар эрмэлзэхгүй. Бурханыг дуулгавартай дагаж чадаагүйгээ мэдэж аваад чи Бурханд дуулгавартай байх явдлыг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахын тулд хийх ёстой зүйлийг эрж хайна. Хэрэв чи өөрийгөө мэддэггүй бол үнэнч шударга байхаар эрмэлзэж, Бурханд захирагддаг талаар юу ч ярьсан хий хоосон байна. Учир нь хүн завхарсан зан чанартай бөгөөд үнэний аль ч талыг хэрэгжүүлэхэд амаргүй байдаг, мөн тал бүр нь хүний завхарсан зан чанар дотор хэрэгждэг. Үнэний аль ч талыг хэрэгжүүлэхэд чиний завхарсан зан чанар заавал цухалзаж, үнэнч шударга байх эрмэлзлийг чинь бөхөөж, Бурханд дуулгавартай байхад чинь саад хийж, ах эгч нартаа тэвчээр, хүлээцгүй болгоно. Хэрэв чи үүнийг таньж, задлан шинжилж, илрүүлэлгүй, үнэнийг хэрэгжүүлэхдээ өөрийн төсөөлөлд найдах юм бол хэрэгжүүлэлт чинь жинхэнэ хэрэгжүүлэлт биш байх болно. Иймээс хүн үнэний аль ч талыг хэрэгжүүлж, юу ч хийж байлаа гэсэн эхлээд өөрийгөө мэдэх ёстой. Өөрийгөө мэдэх гэдэг нь өөрийн үг, үйл, хөдөлгөөн, үйлдэл бүрээ мэдэх; өөрийн оюун санаа, бодол, сэдэл, үзэл, төсөөллийг мэдэх; тэр ч бүү хэл амьдралын талаарх ертөнцийн гүн ухаан, дотроо буй Сатаны янз бүрийн хор, түүнчлэн сургуульд эзэмшсэн мэдлэг, боловсролыг мэдэх явдал юм. Энэ бүхнийг задлан шинжлэх ёстой. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг болсноосоо хойш асар олон сайн ажил хийсэн байж болох ч тэдний хувьд олон асуудал бүрхэг байж болох төдийгүй тэд үнэний талаарх ойлголтод хараахан хүрээгүй ч байж болно. Гэвч олон сайн ажлаасаа үүдээд өөрсдийгөө аль хэдийн Бурханы үгэнд амьдрах болсон, Түүнд захирагдаж, Түүний хүслийг нэлээд хангасан гэж тэдэнд санагддаг. Учир нь чи сөрөг нөхцөл байдал үүсээгүй үед хий гэснийг л хийдэг; ямар ч үүргийг эргэлзэлгүй биелүүлж, эсэргүүцэл үзүүлдэггүй. Сайн мэдээ түгээ гэж чамд хэлэхэд энэ бэрхшээлийг чи үүрч чаддаг бөгөөд огт гомдоллодоггүй, мөн ийш тийш гүйж, биеийн хүчний хөдөлмөр хий гэх үед чи хэлснээр нь хийдэг. Ингэж харагддаг учраас чи Бурханд захирагддаг хүн, үнэний жинхэнээсээ эрэлхийлэгч гэж өөртөө санагддаг. Гэвч чамаас илүү гүн гүнзгий лавлаж, “Чи үнэнч хүн мөн үү? Чи Бурханд үнэхээр захирагддаг хүн мөн үү? Өөрчлөгдсөн зан чанартай хүн мөн үү?” гэж асуувал, чамаас тийнхүү асууж, чамайг үнэнтэй харьцуулан шинжвэл чи ч, ер нь хэн ч байсан, дутуу дулимаг гэдэг нь мэдэгдэнэ гэж хэлж болох бөгөөд бас ямар ч хүн үнэний дагуу үнэхээр хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Иймээс бүх хүний үйлдэл, үйл хэргийн уг үндэс, мөн түүнчлэн үйлдлийнх нь мөн чанар хийгээд төрөлхийн чанарыг үнэнтэй харьцуулбал бүгд яллагдана. Энэ ямар учиртай вэ? Учир нь хүн өөрийгөө мэддэггүй; ямагт Бурханд өөрийнхөөрөө итгэж, үүргээ өөрийнхөөрөө биелүүлж, Бурханд өөрийнхөөрөө үйлчилдэг. Түүгээр ч барахгүй, өөрийгөө итгэл, эрүүл ухаанаар дүүрэн гэж бодон, эцэстээ маш их зүйлийг олж авсан мэт санагддаг. Тэгээд өөрийгөө аль хэдийнээ Бурханы хүслийн дагуу үйлдэж байна, Бурханы хүслийг бүрэн биелүүллээ, Бурханы шаардлагыг аль хэдийн хангаад, Түүний хүслийг дагаж байна гэж өөрийн эрхгүй санагддаг. Хэрэв чамд ингэж санагддаг бол, аль эсвэл хэдэн жил Бурханд итгэхдээ зарим нэг зүйлийг олж авсан гэж санагдаж байгаа бол тэр тусмаа өөртөө дүгнэлт хийж Бурханы өмнө эргэн очиж, итгэсэн он жилүүддээ, алхсан замаа эргэн харж, Бурханы өмнөх бүх үйлдэл, зан авир чинь Түүний сэтгэлд бүрэн нийцэж байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг юуг хийдэг, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг юуг хийдэг, хийж байгаа зүйл чинь үнэхээр Бурханы шаардлагад нийцдэг эсэх, Түүний хүсэлд бүрэн нийцүүлж болох эсэхийг харах хэрэгтэй. Чи энэ бүхнийг сайн ойлгох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас эш татав

Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Өмнөх: 43. Төгс болгуулахаар эрж хайх зарчмууд

Дараах: 45. Гэм буруугаа эргэцүүлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх