156. Бурханд дуулгавартай байх зарчмууд

(1) Бурханы үгийн эрх мэдэлд дуулгавартай бай. Бурханы үг бол хэмжээлшгүй эрхэм дээд; тэдгээр нь хамгийн өндөр захирамж, хамгийн өндөр тушаал бөгөөд тэдгээрт туйлын дуулгавартай байх ёстой;

(2) Христийн эрх мэдэлд дуулгавартай байж, Түүний бүх үг, ажлыг хүлээн авч, дуулгавартай дага. Христ бол үнэн, зам, амь гэдгийг батал;

(3) Ариун Сүнсний ажлын эрх мэдэлд дуулгавартай байж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, удирдамжаас ирдэг бүхэнд дуулгавартай бай. Хүнээс ирдэг зүйлсийг няцаа;

(4) Бүх хэрэг явдал дээр үнэн-зарчмыг эрж хай. Үнэний талаарх аливаа ойлголт Бурханы үгэнд үндэслэх ёстой гэдгийг нотолж, бүх үнэнийг дуулгавартай дагаж чаддаг бай. Энэ нь л Бурханд дуулгавартай байх явдал юм.

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн болон бодитой хүн чанараар ажилладаг. Ийм маягаар Түүний хэвийн болон бодитой хүн чанарын хоёулангийнх нь гадаад бүрхүүл хүмүүсийн хувьд үлэмж их шалгалт болдог; энэ нь тэдний хамгийн том хүндрэл бэрхшээл болдог. Гэсэн хэдий ч Бурханы хэвийн болон бодит байдлаас зайлсхийх аргагүй. Бурхан шийдэл олохын тулд бүхнийг оролдож үзсэн боловч эцэст нь Өөрийгөө хэвийн хүн чанарынхаа гадаад бүрхүүлээс салгаж чадаагүй. Учир нь эцсийн эцэст нь Тэр бол тэнгэр дэх Сүнсний Бурхан биш, харин махбод болсон Бурхан билээ. Тэр бол хүмүүсийн харж чаддаггүй Бурхан биш, харин бүтээлийн нэг гишүүний бүрхүүлийг өмссөн Бурхан юм. Иймд Өөрийгөө хэвийн хүн чанарын бүрхүүлээс салгах нь яавч амархан байхгүй. Тиймээс ямар ч байсан Тэрээр хийхийг хүссэн ажлаа махан биеийн өнцгөөс хийсээр байдаг. Энэ ажил нь хэвийн болон бодитой Бурханы илэрхийлэл тул хүмүүс захирагдахгүй байвал яалаа гэж зүгээр байх юм бэ? Хүмүүс Бурханы үйлдлийн талаар яг юу хийж чадах юм бэ? Тэрээр хийхийг хүссэн юм болгоноо хийдэг; Тэр юунд ч баярладаг бай, тийм л байдаг. Хэрвээ хүмүүс дуулгавартай байхгүй юм бол тэдэнд өөр ямар эрүүл саруул төлөвлөгөө байх юм бэ? Одоог хүртэл дуулгавартай байдал л хүмүүсийг аварч байсан; хэнд ч, ямар ч мэргэн санаа байгаагүй. Хэрвээ Бурхан хүмүүсийг туршихыг хүсвэл тэд юу хийж чадах юм бэ? Гэхдээ энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы бодол санаа биш; энэ бол бие махбодтой болсон Бурханы санаа юм. Тэр үүнийг хийхийг хүсдэг тул нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Тэнгэр дэх Бурхан бие махбодтой болсон Түүний хийдэг зүйлд хөндлөнгөөс оролцдоггүй, тэгвэл хүмүүс Түүнд бүр ч дуулгавартай байх ёстой бус уу? Хэдийгээр Тэр бодитой агаад хэвийн боловч тэр чигтээ махбод болсон Бурхан юм. Өөрийнхөө санаан дээр үндэслээд Тэр хүссэн болгоноо хийдэг. Тэнгэр дэх Бурхан бүх үүрэг даалгаврыг Түүнд шилжүүлэн өгсөн; чи Түүний хийдэг бүхэнд дуулгавартай байх ёстой. Хэдийгээр Тэр хүн чанартай бөгөөд тун хэвийн боловч энэ бүхэн нь Түүний зориуд зохицуулсан зүйл юм, иймээс хүмүүс Түүнийг яаж үл зөвшөөрсөн, гайхсан нүдээр ширтэн харж болох юм бэ? Тэр хэвийн байхыг хүсдэг, иймээс Тэр хэвийн байдаг. Тэрээр хүн чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс хүн чанарын дотор амьдардаг. Тэр бурханлаг чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс бурханлаг чанарын дотор амьдардаг. Хүмүүс үүнийг хүссэнээрээ харж болох боловч Бурхан үргэлж Бурхан, хүмүүс үргэлж хүмүүс байх болно. Зарим нэг ялимгүй зүйлээс болж Түүний мөн чанарыг үгүйсгэж болохгүй, мөн ганц жаахан зүйлээс болоод Түүнийг Бурханы “үнэн биеэс” түлхэн гаргаж ч болохгүй. Хүмүүст хүмүүний эрх чөлөө байдаг ба Бурханд Бурханы эрхэм чанар байдаг; эдгээр нь нэг нэгэндээ саад болдоггүй. Хүмүүс Бурханд бага зэрэг эрх чөлөө олгож чадахгүй гэж үү? Бурхан арай илүү хайхрамжгүй байхыг тэд тэвчиж чадахгүй гэж үү? Бурханд маш хатуу чанд бүү ханд! Дор бүрнээ нэг нэгнээ хүлцэх ёстой; тэгвэл бүх зүйл шийдэгдэхгүй гэж үү? Ямар нэгэн хөндий байдал байсаар байна гэж үү? Хэрвээ хүн тийм ялихгүй зүйлийг тэвчиж чадахгүй бол “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг” гэх мэт зүйлийг хэлээд ч яах юм бэ? Тэд яаж жинхэнэ хүн байж чадах юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд бэрхшээл учруулдаг юм биш, харин хүн төрөлхтөн л Бурханд бэрхшээл учруулдаг. Тэд үргэлж туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгосноор аливааг зохицуулдаг. Тэд үнэхээр сүржигнэн дэгсдүүлдэг ба ингэх нь ямар ч хэрэггүй! Бурхан хэвийн болон бодитой хүн чанар дотор ажиллах үед Түүний хийдэг зүйл нь хүн төрөлхтний ажил биш, харин Бурханы ажил юм. Гэсэн ч хүмүүс Түүний ажлын мөн чанарыг хардаггүй; тэд үргэлж Түүний хүн чанарын гадаад бүрхүүлийг л хардаг. Тэд ийм агуу ажлыг хараагүй мөртөө Бурханы эгэл жирийн, хэвийн хүн чанарыг харахаар зүтгэдэг ба үүнийг тавьж явуулдаггүй. Үүнийг яаж Бурханд дуулгавартай байна гэж хэлж болох юм бэ? Тэнгэр дэх Бурхан одоо газар дээрх Бурхан “болж хувирсан” бөгөөд газар дээрх Бурхан бол одоо тэнгэр дэх Бурхан юм. Тэдний гадаад илрэлт адилхан эсэх нь, эсвэл Тэд яг яаж ажилладаг нь хамаагүй. Эцсийн эцэст Бурханы ажлыг хийдэг Нэгэн бол Бурхан Өөрөө юм. Чи хүссэн ч, хүсээгүй ч дуулгавартай байх ёстой—энэ нь чиний сонгох зүйл биш! Бурханд хүмүүс дуулгавартай байх ёстой ба өчүүхэн төдий ч дүр үзүүлэлгүйгээр Бурханыг туйлын дуулгавартай дагах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэмжлэх хүсэлгүй хүмүүс зориуд Бурханд захирагдаж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханд тэрсэлж л чадна. Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаях болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс бөгөөд Бурханаар таягдуулах нь дамжиггүй билээ. Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдэнд Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүмүүний зүйлс дүүрэн энэ хүмүүс яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд эрхэмлэдэг зүйлийнхээ дагуу “дуулгавартай дагадаг”—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүснэ гэж үү? Энэ бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин дүрэм журмыг мөрдөж буй хэрэг; мөн өөрсдийгөө тайтгаруулж, сэтгэл хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байна гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Хэрвээ хүмүүс шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг, ажлыг хэмжихдээ оюун ухаанаа ашиглахгүй, харин шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч чи урьдын үзэл бодлоо орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Бурхан урьд нь хэрхэн ажиллаж байснаас үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгөх ёстой гэдгийг ойлгож чаддаг бол чи өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг задлан шинжилж, нягтлан үздэггүй; яг л Бурхан өмнөх ажлаа мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо бол одоо, өнгөрсөн бол өнгөрсөн бөгөөд өнөөдөр Бурхан урьд нь хийсэн зүйлээ хойш тавьсан болохоор чи энэ талаар бодох ёсгүй. Тийм хүн л Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрмөсөн орхисон хүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Тэгэхээр чи яг яагаад Бурханд итгэдэг юм бэ? Хэрвээ энэ нь гагцхүү хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө юм бол огт итгэхгүй байсан нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурч, өөрийгөө тайтгаруулж, өөрийгөө биширч буй хэрэг юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана”-аас эш татав

Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол зүйл нь тэд Бурханаас ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, тэдэнд далд сэдэл байдаг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Түүнд дуулгавартай биш гэдгийг энэ нь баталдаг. Юу ч тохиолдсон хамаагүй, чи Бурханаас үүнийг хүлээн авч, үнэнийг эрж хайж чадахгүй, үргэлж хувийн үзэл бодлын үүднээс ярьж, үргэлж өөрийнхөө л зөв гэж бодон, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэх чадвартай хэвээр байвал асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Түүнийг үнэхээр дуулгавартай дагаж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол Бурхантай наймаацаж байгааг чинь, мөн өөрийнхөө бодлыг сонгож, өөрийнхөө бодлын дагуу үйлдэж байгааг чинь энэ нь баталдаг. Үүгээрээ чи Бурханаас урвадаг ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, үндэслэлтэй ч бай, үгүй ч бай, Түүнд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байхаас өөр сонголт чамд үгүй. Өнөөгийн хүмүүс сонголттой байдгаар барахгүй, бүр өөрсдийнх нь бодолд нийцүүлэн үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд өөрсдийнхөө бодлыг сонгож, тэдгээрийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бөгөөд Бурханы бодлын дагуу үйлдэхийг өөрсдөөсөө шаарддаггүй. Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэлд байдаггүй ба тэд Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Чи Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал чинь нэмэгдэж, эрүүл ухаан чинь ч бас харьцангуй хэвийн болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас эш татав

Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчдээ хандах цорын ганц хандлага бол дуулгавартай байдал, болзолгүй дуулгавартай байдал байх ёстой. Энэ нь өнөөдөр зарим хүний хүлээн авч чадахгүй байж болох зүйл юм. Учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд тэдэнд үнэн-бодит байдал байдаггүй. Хэрвээ энэ нь чиний байр байдлыг дүрсэлж байгаа бол Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болоход хол байна. Хүн Бурханы үгээр хангуулж, услуулдаг ч үнэндээ ганц зүйлд л бэлдэж байгаа. Энэ нь, эцэстээ Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах явдал бөгөөд тэгсэн цагт энэ бүтээл болох чи шаардсан стандартад хүрсэн байх болно. Заримдаа Бурхан, чиний үзэлтэй нийцдэггүй, чиний хүсдэг зүйлээс эсрэг, тэр ч бүү хэл зарчим, хүний сэтгэл, хүн чанар, мэдрэмжийн эсрэг мэт харагдах зүйл зориуд хийдэг бөгөөд үүнийг чи хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй байхад хүрдэг. Үүнийг яаж ч харлаа гэсэн зөв санагддаггүй, чи ер хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы хийсэн зүйл ер үндэслэлгүй санагддаг. Тэгвэл Бурхан эдгээр зүйлийг хийдгийн зорилго юу вэ? Энэ нь чамайг сорихын төлөө байдаг. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй, мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм. Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханы эсрэг тэрсэлж, төөрөлдөөд эцэст нь гэмшиж, Бурхан хэчнээн хайр татам болохыг болон чам дээр Бурханы хийдэг ажлын утга учрыг танин мэдэх магадлалтай, эсвэл бүр ч долоон дор нь чи үүнээс болоод бүдрэн унаж магад. Бурхан чамайг шүүх нь аймшигтай байхгүй, Тэр чамайг харааж, гэсгээх нь ч аймшигтай байхгүй—тэгвэл юу аймшигтай байх вэ? Хэрвээ Тэрээр: “Би чам шиг хүнийг аврахгүй; Би бууж өглөө!” гэж хэлбэл аймшигтай байх болно. Тэр тохиолдолд чи дуусна. Тиймээс хүмүүс “Шүүлт, гэсгээлт гэх эдгээр үг зүгээр, харин хараал, сүйрэл, яллалт гэх үгс нь миний төгсгөл гэсэн үг биш үү? Тэрний дараа би ямар төрлийн бүтээгдсэн зүйл байж чадах юм бэ? За яах вэ; би болилоо. Та тэгээд миний Бурхан байхаа боль л доо” хэмээн дэмий юм ярих ёсгүй. Хэрвээ чи гэрчлэлд зогсолгүйгээр Бурханыг орхихоор шийдсэн бол Бурхан үнэхээр чамайг хүсэхгүй гэж шийдэж магадгүй юм. Та нар үүнийг өмнө нь бодолцож үзсэн үү? Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт замаар алхсан, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүхэлдээ тэднийг, Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Тэгвэл “болзолгүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хувийн зөвтгөлөө үл тоож, бодит учир шалтгаанаа үл ойшоон, юуны ч талаар маргалдахгүй байхыг хэлдэг: Чи бүтээгдсэн зүйл бөгөөд үнэ цэнгүй юм. Чи Бурхантай маргалдах үедээ буруу байр сууринд байдаг; Бурханд өөрийгөө зөвтгөхөөр оролдох үедээ мөн л буруу байр сууринд байдаг; Бурхантай маргалдах үедээ, яагаад гэх учир шалтгааныг асууж, үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэх үедээ, эхлээд ойлголгүйгээр дуулгаваргүй дагаж чадахгүй бол, бүх зүйл тодорхой болсон цагт л захирагдах бол чи мөн л буруу байр сууринд байна. Чиний байгаа байр суурь буруу байх үед Бурханд дуулгавартай байдал чинь туйлын байдаг уу? Чи Бурханд зохих ёсоор нь хандаж байна уу? Түүнийг бүх бүтээлийн Эзэн гэж шүтэн мөргөдөг үү? Үгүй, чи тэгдэггүй, ингэсэн тохиолдолд Бурхан чамайг таньдаггүй. Бурханд туйлын, болзолгүй дуулгавартай болох боломжийг чамд ямар зүйл олгож чаддаг вэ? Үүнийг яаж туулж болох вэ? Нэг талаар, хэвийн хүн чанарын бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан шаардлагатай; нөгөөтээгүүр чи үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг ойлгохын тулд үнэний тал бүрийг ойлгосон байх ёстой. Заримдаа хүний хэв чанар хангалтгүй байдаг бөгөөд бүх үнэнийг ойлгох хүч чадал, эрч хүч хүнд байдаггүй. Гэхдээ нэг зүйл бий: Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Энэ хандлага чамаас давж, чи бүр Бурханаас сэрэмжилж, Бурханы талаар таамаглаж, аль эсвэл “Бурханы хийж байгаа зүйл үнэхээр зөвт эсэхийг би бодолцож үзэх ёстой. Бурхан бол хайр гэдэг, тэгвэл Бурханы надад хийж байгаа зүйлд хайр байгаа эсэхийг, энэ нь үнэндээ хайр мөн эсэхийг харъя л даа” гэж боддог бол, мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өмнөх: 155. Эрх баригч засгийн газарт хандах зарчмууд

Дараах: 157. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх