13. Ариун Сүнсний ажлыг олж авах зарчмууд

(1) Зүрх сэтгэлдээ үнэнийг ойлгох гэсэн эрмэлзэлтэйгээр Бурханы үгийг үргэлж уншиж, тунгаан бодож, үнэхээр Бурханд залбирч, Түүнтэй ярилцах шаардлагатай;

(2) Үүргээ гүйцэтгэхийн тулд, түүнчлэн Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнч шударга хүн байхаар эрж хайж, өөрийгөө Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж чаддаг байж, чадах бүхнээ хий;

(3) Өөрийн гэм буруу, илчилдэг завхралыг үргэлж эргэцүүл. Тэдгээрийг үнэнээр шийдвэрлэхээр эрэлхийлж, үнэн сэтгэлийн талархал, магтаалыг Бурханд өргөн барь;

(4) Бурхантай хэвийн харилцаа тогтоох шаардлагатай. Хүн Бурханы талаар үзэлтэй байх юм уу Түүнд дуулгаваргүй байх үедээ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэхээр гэмших ёстой.

Холбогдох Бурханы үг:

Хүн доторх Ариун Сүнсний замын эхний алхам нь юун түрүүнд хүний зүрх сэтгэлийг хүмүүс, үйл явдал, юмсаас татаж авч, Бурханы үгэнд оруулж, улмаар Бурханы үг ямар ч эргэлзээгүй, тэр чигтээ үнэн гэдгийг хүний зүрх сэтгэлд итгүүлэх явдал юм. Чи Бурханд итгэдэг бол Түүний үгэнд итгэх ёстой; Бурханд олон жил итгэснийхээ дараа Ариун Сүнсний сонгосон замыг мэдэхгүй хэвээр байдаг бол чи үнэхээр итгэгч мөн үү? Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн талаарх мөн чанарын мэдлэгийг бий болгож чадна. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бий болно. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээж, Бурханы үгийг уншдаггүй, эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг хүлээдэг. Харин зөв ойлголттой хүмүүс ингэж итгэдэг: Намайг хамтран ажиллахын хэрээр л Бурхан ажиллаж чадна. Бурханы ажлын надад үзүүлэх үр нөлөө хэрхэн хамтран ажиллахаас минь шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний хийх ёстой зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх л юм бол үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирдэг учраас, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрч, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байдаг, мөн Бурханы хүсэлд бүх анхаарал халамжаа өгөх ёстой гэдгээ үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Тэдгээр нь чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи идэвхгүй байдалд байдаггүй). Ийм хүмүүс л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу хараахан бүрэн эргээгүй, тиймээс амь зан чанарт нь мөн л ямар ч томоохон өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл, тэд зөвхөн Бурханы нигүүлсэл дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурханаар ашиглуулахын тулд хүмүүсийн хүрэх ёстой шалгуур энэ: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэж, тэд Бурханы үгийн ачаа үүрч, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрж хайх шийдвэртэй байдаг. Ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг удаа дараа олж авч чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Ариун Сүнсний ажил өөрийн гэсэн зарчимтай, мөн болзолтой байдаг. Ариун Сүнс ерөнхийдөө ямар төрлийн хүн дээр ажилладаг вэ? Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд хүн юу эзэмших ёстой вэ? Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд хүн хамгийн наанадаж хүний мөстэй, үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой бөгөөд хүний мөсөнд үнэнч шударга зангийн элемент байх ёстой гэдгийг хүн өөрийн итгэлд тодорхой ойлгох ёстой. Чамайг үнэнч шударга зүрх сэтгэлтэй болоход л, мөн хүний хүн чанарт байх ёстой хүний мөс, эрүүл ухаантай болоход л Ариун Сүнс чам дээр ажиллаж чадна. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг харж, бүх зүйлийг ажигладаг гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ зарим хүн яагаад хэзээ ч Ариун Сүнсний гэгээрлийг хүртдэггүйг, яагаад хэзээ ч нигүүлсэл хүртэж чаддаггүйг, яагаад хэзээ ч баяр хөөртэй байдаггүйг, яагаад үргэлж сөрөг байж, сэтгэлээр унадгийг, яагаад эерэг байж чаддаггүйг хүмүүс хэзээ ч мэддэггүй. Тэдний байдлыг хар. Энэ хүмүүсийн нэг нь ч хүний мөсгүй, эсвэл үнэнч шударга зүрх сэтгэлгүй гэдэг нь тодорхой. Амар амгалан, баяр хөөртэй байдаг, үүргээ гүйцэтгэхдээ үргэлж идэвхтэй, сайжирч байдаг хүмүүс, мөн үргэлж ямар нэг зүйл олж авдаг, үргэлж ойлгодог, хэсэг хугацааны дараа хичээл чармайлтаасаа үргэлж ямар нэг зүйл авдаг хүмүүс—тэд төсөөллөөрөө эдгээрийг олж авдаг уу? Ном судалснаар тэдгээр зүйлийг сурдаг уу? Тэдгээрийг хэрхэн олж авдаг вэ? Ариун Сүнсний ажлаас ангижирч болох уу? (Үгүй.) Ариун Сүнсний ажил бол гол зүйл. Чамайг үнэнч зүрх сэтгэл болон хүн чанарын урьдач нөхцөл болох хүний мөс, эрүүл ухаан эзэмшихэд Бурхан чамайг ажиглана. Та нар Ариун Сүнс хэрхэн ажилладаг зүй тогтлын учрыг олов уу? Ариун Сүнс ер нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс дээр ажилладаг бөгөөд хүмүүс хэцүү байдалд орж, үнэнийг эрж хайж байхад нь ажилладаг. Өчүүхэн төдий ч эрүүл ухаангүй, хүний мөсгүй хүмүүсийг Бурхан тоож үзэхгүй. Хүн маш үнэнч шударга боловч хэсэг хугацаанд зүрх сэтгэл нь Бурханаас холдсон бол, сайжрах хүсэлгүй бол, сөрөг байдалд ороод үүнээсээ гардаггүй бол, байдлаа шийдвэрлэхийн тулд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй бол, хамтран ажилладаггүй бол байдал нь тэгж хааяа харанхуйлах хугацаанд, эсвэл түүний түр зуур доройтох хугацаанд Ариун Сүнс түүн дээр ажиллахгүй. Тэгвэл хүн чанарын ухамсаргүй хүн дээр Ариун Сүнс ажиллаж яаж чадах юм бэ? Тэгэх нь бүр ч боломжгүй. Тэгвэл тийм хүмүүс юу хийх ёстой вэ? Тэдэнд дагах зам бий юу? Тэд чин сэтгэлээсээ гэмшиж, үнэнч шударга хүмүүс болох ёстой. Хүн яаж үнэнч шударга болох вэ? Нэгдүгээрт, зүрх сэтгэлээ Бурханд нээх ёстой, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой; үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх ёстой. Дараа нь чи Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханд өөрийгөө хариуцуулах ёстой. Ийм л маягаар чи Бурханы магтаалыг хүртэнэ. Чи эхлээд хувийн нэр хүнд, нэрэлхүү зангаа хойш тавьж, хувийн ашиг сонирхлоо орхих ёстой. Юуны түрүүнд тэдгээрийг хойш тавих гэж хичээ, хойш тавьчихсаныхаа дараа бүхий л бие, сэтгэлээ үүрэгтээ болон Бурханыг гэрчлэх ажилд зориул, тэгээд Бурхан чамайг хэрхэн залж чиглүүлэхийг, дотор чинь амар тайван, баяр хөөр бий болох эсэхийг, чамд ийм нотолгоо байгаа эсэхийг хар. Чи эхлээд үнэн сэтгэлээсээ гэмшиж, Бурханд өөрийгөө тушааж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, эрхэмлэдэг зүйлсээ хойш тавих ёстой. Хэрвээ чи тэдгээртэй зууралдсаар байх зуураа Бурханд хүсэлт тавих юм бол Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнсний ажил болзолтой байдаг бөгөөд Бурхан бол ёрын мууг үзэн яддаг, ариун Бурхан билээ. Хэрвээ хүмүүс үргэлж эдгээр зүйлтэй зууралдаж, өөрсдийгөө Бурханд байнга хаалттай байлгаж, Бурханы ажил болон удирдамжийг голдог бол Бурхан тэдэн дээр ажиллахаа болино. Бурхан хүн бүр дээр ажиллах ёстой юм биш, эсвэл Тэр чамайг албадан энэ, тэрийг хийлгэдэг юм биш. Тэр чамайг хүчилдэггүй. Муу ёрын сүнсний ажил нь хүмүүсийг албадан энэ, тэрийг хийлгэж, тэр ч бүү хэл, хүмүүсийг эзэмдэж, хянах явдал юм. Ариун Сүнс тун зөөлөн ажилладаг; Тэр чамайг хөдөлгөдөг ба чи үүнийг мэдэрдэггүй. Чи зүгээр л өөрийн мэдэлгүй ямар нэг зүйл ойлгож, ухаарчихсан юм шиг санагддаг. Ариун Сүнс хүмүүсийг ингэж хөдөлгөдөг ба хэрвээ тэд дуулгавартай дагах юм бол үнэхээр гэмшиж чадна гэдгээ мэдэж авна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг. Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ойлгох ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг зөв ойлгож, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар-мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож авч чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 12. Ариун Сүнс ажиллаж байгааг баталгаажуулах зарчмууд

Дараах: 14. Бурханы шинжилтийг хүлээн авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх