7. Бурханд залбирч гуйх зарчмууд

(1) Бүх төрлийн бэрхшээлтэй тулгарах үедээ, эсвэл хэцүүдэж, мухардмал байдалтай тулгарах үедээ хүн залбирал, гуйлтаар Бурханд сэтгэлээ нээж, Түүний удирдлага, удирдамжийг эрж хайх ёстой;

(2) Бурханд залбирахдаа хүн Бурханаас гуйхаас гадна Түүнтэй байнга ярилцах ёстой; энгийн, нээлттэй яриагаар зүрх сэтгэлээ уудал; Түүний хүслийг ухаарч сур;

(3) Ялангуяа, Бурханы үгийг унших үедээ хүн Түүнээс үнэнийг эрж хайж, Түүний үгээр залбирч, Түүнтэй ярилцаж сурах ёстой. Энэ нь үнэнийг ойлгох хамгийн үр дүнтэй арга зам юм;

(4) Хүн хүндэлсэн зүрх сэтгэлээр, түүнчлэн эрүүл ухаанаар Бурханд залбирах ёстой. Хүн Түүнд хүсэлт тавих ёсгүй, Түүнийг албадаж, далимдуулан ашиглахаар оролдох ч ёсгүй, мөн Бурхантай наймаа хийхээр оролдох ёсгүй.

Холбогдох Бурханы үг:

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг арга замуудын нэг. Энэ нь Бурханыг дууддаг хүний арга, мөн Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх эрхтэн байхгүйн нотолгоо гэж хэлж болно. Залбиралгүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх бүр ч боломжгүй. Залбиралгүй байх нь хүний Бурхантай харилцах харилцааг тасалдаг бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх боломжгүй байдаг. Бурханд итгэгчийн хувиар хүн хэдий чинээ их залбирна, Бурхан сэтгэлийг нь төдий чинээ их хөдөлгөж, хүн илүү их шийдвэртэй болж, Бурханаас шинэ гэгээрлийг илүү сайн хүлээн авч чаддаг. Үүний үр дүнд ийм хүнийг л Ариун Сүнс маш хурдан төгс болгож чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Залбирал нь нэг төрлийн зан үйл биш; хүн Бурхан хоёрын хоорондох жинхэнэ яриа бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Хүмүүсийн залбирлаас бид Бурханд шууд үйлчилж байгааг нь харж болно. Хэрэв чи залбирлыг зан үйл гэж үздэг бол Бурханд сайн үйлчлэхгүй нь лавтай. Чин сэтгэл, үнэн зүрхнээсээ залбирдаггүй бол Бурханы үзэл бодлоор бол чамайг оршин байдаггүй хүн гэж хэлж болно. Тэгвэл чи Ариун Сүнсийг яаж өөр дээрээ ажиллуулж чадах юм бэ? Үр дүнд нь чи хэсэг хугацаанд ажилласныхаа дараа эцэж цуцна. Одоогоос эхлээд чи залбиралгүйгээр ажиллаж чадахгүй. Залбирлаар ажил бий болж, залбирлаар үйлчлэл бий болдог юм. Чи удирдаж, Бурханд үйлчилдэг хүн атлаа залбиралд хэзээ ч хүчин чармайлт гаргахгүй, залбиралдаа хэзээ ч ноцтой хандаагүй бол үйлчилдэг байдал чинь чамайг эцэстээ уналтад хүргэнэ. Юунаас болоод хүмүүст залбирахгүй байх эрхтэй гэж санагддаг вэ? Бурхан бие махбодтой учраас тэд залбирахаа больсон уу? Энэ бол шалтаг биш; Би ч заримдаа залбирдаг. Эзэн Есүс махбодод байх үедээ шийдвэрлэх асуудал дээр бас залбирдаг байсан. Тэрээр ууланд, завин дээр, цэцэрлэгт залбирч байсан; Тэр мөн шавь нараа дагуулан залбирч байсан. Хэрвээ чи байнга Бурханы өмнө очиж, Түүнд залбирч чаддаг бол Бурханыг Бурхан гэж үздэгийг чинь энэ нь нотолдог. Харин залбирахаа үргэлж умартаж, аливааг үргэлж өөрийнхөөрөө хийж, Түүний ар хударгаар энэ, тэрийг хийдэг бол Бурханд үйлчилж байгаа хэрэг биш; чи ердөө өөрийнхөө ажил хэргийг явуулж байна. Тийм болохоор чи яллагдахгүй гэж үү? Гаднаа чи ямар нэгэн үймүүлсэн зүйл хийж байгаа мэт харагдахгүй, Бурханыг доромжилсон мэт ч санагдахгүй боловч чи өөрийнхөө юмыг л хийж байх болно. Ингэснээрээ чи саад болж байгаа бус уу? Гаднаа чи саад болоогүй мэт харагдсан ч гэсэн мөн чанартаа Бурханыг эсэргүүцэж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог. Чи ер нь ийм маягаар залбирч байсан уу?

Тэгвэл залбирлын агуулга юу вэ? Чиний залбирал алхам алхмаар, зүрх сэтгэлийн чинь жинхэнэ байр байдал, Ариун Сүнсний ажлын дагуу байх ёстой; мөн Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг шаардлагад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хэрэгжүүлж эхлэх үедээ эхлээд зүрх сэтгэлээ Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд, харин зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлэх гэж л хичээ. Бурханы өмнө очих үедээ ингэж хэл: “Өө Бурхан минь! Танд би дуулгаваргүй байдаг байснаа өнөөдөр л ухаарлаа. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Би амьдралаа хий дэмий өнгөрөөсөөр иржээ. Өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна. Би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгана. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болтугай. Би Таны өмнө хүчтэй, цангинасан гэрчлэл хийе. Биднээс харагддаг Таны алдар, Таны гэрчлэл, Таны ялалтын баталгааг Сатанд хараг.” Ийм маягаар залбирах үед зүрх сэтгэл чинь бүрмөсөн чөлөөлөгдөнө. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь Бурханд илүү ойртоно, ийм маягаар байнга залбирч чадвал Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллана. Чи үргэлж ийм маягаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэрээ гаргадаг бол Бурхан шийдвэрийг чинь хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг чинь олж авах өдөр ирж, эцэст нь чи Бурханаар төгс болгуулна. Залбирал та нарын хувьд дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, зүрх сэтгэл чинь Бурханаар хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хүч гарч ирдэг. Чи чин сэтгэлээсээ залбирдаггүй, Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Чи залбирч, зүрх сэтгэл доторх бүх үгээ хэлсний дараа Бурханы Сүнс ажлаа эхлээгүй, мөн чи ямар ч урам зориг аваагүй бол зүрх сэтгэл чинь чин үнэнч биш, үг чинь үнэн биш, хольцтой хэвээр гэдгийг энэ нь харуулдаг. Залбирчхаад сэтгэл чинь ханамжтай байвал залбирлыг чинь Бурхан хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнс чиний дотор ажиллаж байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Чи Бурхантай хийх нөхөрлөлийг үнэхээр л утга учиртай, үнэ цэнтэй гэж үздэг бол залбирлыг орхиж чадна гэж үү? Бурхантай ярилцахгүй байж хэн ч чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед, Сатаны хүлээсэнд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч та нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найдаж байна. Энэ нь ёс заншил сахих явдал бус, тодорхой үр дүнд хүрэх явдал юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хийж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өглөө бүр үүнийг хийж, өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцаж, харилцвал Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй ихсэж, Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадна. Чи ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Та биднээс алдрыг олж авч, энэ бүлэг хүмүүс бидний хийсэн гэрчлэлийг эдлэг гэсэндээ би бүх оршихуйгаа Танд зориулж л чадна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг биелүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө залбирдаг хүн мөн үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Залбирах үедээ чи Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж, чин үнэнч сэтгэлтэй байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа—чи чихэнд чимэгтэй үгээр Бурханыг аргалах ёсгүй. Бурханы яг одоо гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл дээр залбирал төвлөрөх ёстой. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгөхийг Бурханаас гуй, залбирахдаа өөрийн бодит байдал, бэрхшээл болон Бурханы өмнө гаргасан шийдвэрээ Түүний өмнө авчир. Залбирал бол дэг журмыг дагах явдал биш; энэ нь чин зүрх сэтгэлээр Бурханыг эрж хайх явдал юм. Зүрх сэтгэлээ Бурханы өмнө байнга тайван байлгахын тулд зүрх сэтгэлийг чинь хамгаалахыг Бурханаас гуй; Бурханы чамд зориулсан орчинд өөрийгөө мэдэж, жигшиж, хаядаг болж, улмаар Бурхантай хэвийн харилцаатай, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгооч гэж Бурханаас гуй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Хүмүүс залбирлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг байж болох ч залбирал үр нөлөөтэй байна гэдэг нь энгийн хэрэг биш. Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Залбирлын тухай хамгийн үндсэн мэдлэг:

1. Санаандаа орсон юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Зүрх сэтгэлд чинь ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл, залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2. Залбирал Бурханы үгийг агуулах ёстой; энэ нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3. Залбирах үедээ чи хуучирсан асуудлыг сөхөх ёсгүй. Залбирал чинь Бурханы одоогийн үгтэй холбоотой байж, залбирах үедээ сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Бурханд хэлэх ёстой.

4. Бүлгийн залбирал төв дээр буюу Ариун Сүнсний өнөөгийн ажилд заавал төвлөрөх ёстой.

5. Бүх хүн бусдын төлөө залбирч сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаардгаа харуулах нэг арга зам юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлын тухай ойлголт болон залбирлын тухай үндсэн мэдлэгт үндэслэдэг. Өдөр тутмын амьдралдаа, дутагдлынхаа төлөө байнга залбирч, амь зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд залбирч, Бурханы үгийн тухай мэдлэгтээ үндэслэн залбир. Хүн бүр залбирлын амьдралаа бий болгох хэрэгтэй, тэд Бурханы үгийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах ёстой. Хувийн нөхцөл байдлаа Бурханы өмнө ил болго, залбирдаг арга барилд анхаарал хандуулалгүй бодитой бай, гол асуудал нь жинхэнэ ойлголтод хүрч, Бурханы үгийг бодитоор туулах явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрэлхийлдэг хoн олон өөр арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэддэг болох—эдгээр нь бүгд хэвийн сүнслэг амьдралд орохын төлөөх сүнслэг нөхөрлөлийн зоримог ажлын жишээ бөгөөд Бурханы өмнөх байр байдлаа улам сайжруулж, амийн ахиц дэвшлийг бүр ч ихэсгэдэг. Товчхондоо бол Бурханы үгийг идэж, уух ч бай, эсвэл чимээгүй залбирч, чангаар тунхаглах ч бай, хийдэг бүхэн чинь Бурханы үг, ажил болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлийг тодорхой ойлгохын төлөө байдаг. Бүр ч чухал нь, чиний хийдэг бүхэн Бурханы шаарддаг стандартад хүрч, амиа дараагийн түвшинд аваачихын төлөө байдаг. Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын шалгуур гэвэл чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдох ёсгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр мэдлэг ухаантай болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг ашиглах ёстой—уруудан доройтох ёсгүй. Энэ бол чиний хүрэх ёстой наад захын зүйл. Хэрвээ чи үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол сүнслэг амьдрал чинь зөв замд ороогүйг энэ нь нотолно. Улмаар чи анх чамд байсан үзэгдлийг авч үлдэж чадалгүй, Бурханд итгэх итгэлээ алдаж, дараа нь шийдэмгий байдал чинь алга болно. Сүнслэг амьдрал руу орсон эсэхийн чинь нэг тэмдэг бол чиний залбирал зөв замд орсон эсэхийг харах явдал юм. Бүх хүн энэ бодит байдалд орох ёстой; тэд бүгд идэвхгүйгээр хүлээх бус, Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж ухамсартайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд ухамсартайгаар сургах ажлыг хийх ёстой. Тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Залбирч эхлэхдээ чи хэрээс хэтэрч, бүхнийг нэг дор биелүүлэхээр найдах ёсгүй. Чи хэрээс хэтэрсэн шаардлага тавиад, ам нээмэгцээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэнэ, эсвэл Бурхан чам дээр нигүүлслийг асгана гэж найдаж болохгүй. Ийм явдал тохиолдохгүй; Бурхан ер бусын зүйл хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цагт хүмүүсийн залбирлыг биелүүлдэг, мөн Өөрийнх нь өмнө үнэнч эсэхийг чинь харахын тулд заримдаа итгэлийг чинь туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, шаргуу, шийдвэртэй байх ёстой. Ихэнх хүн залбирахаар сургуулилж эхлэх үедээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чаддаггүй учраас хулчийдаг. Ингэж болохгүй! Чи тууштай байх ёстой; Ариун Сүнс сэтгэл хөдөлгөхийг мэдрэхэд болон эрж хайх, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа хэрэгжүүлдэг зам чинь буруу байдаг, заримдаа хувийн сэдэл болон үзэл чинь Бурханы өмнө бат зогсож чаддаггүй тул Бурханы Сүнс чамайг хөдөлгөж чаддаггүй. Зарим үед Бурхан үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь хардаг. Товчхондоо гэвэл, чи өөрийгөө сургахад илүү их төлөөс төлөх ёстой. Хэрэгжүүлэлтийн чинь зам гажууд гэдгийг олж мэдвэл чи залбирдаг арга замаа өөрчилж болно. Чи чин сэтгэлээр эрж хайж, хүлээн авахаар хүсэн тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг энэ бодит байдалд аваачих нь лавтай. Заримдаа үнэн зүрх сэтгэлээсээ залбирсан ч чамд төдийлөн сэтгэл хөдөлсөн мэт санагддаггүй. Иймэрхүү үед чи итгэлдээ найдаж, Бурхан залбирлыг чинь хардаг гэж итгэх ёстой; чи залбирахдаа цөхрөлтгүй байх ёстой.

Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм—энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал бус, харин шашны зан үйлийн л амьдрал юм. Ариун Сүнс байнга сэтгэлийг нь хөдөлгөдөг, мөн Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг хүмүүс л сүнслэг амьдралд орсон. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг. Бурханы Сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөнө, тэрээр төдий чинээ идэвх санаачилгатай, дуулгавартай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусаж, зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын үр нөлөө энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Асуудалтай тулгараад хамгийн түрүүнд хийх зүйл бол залбирах юм. Залбирал гэдэг нь зүгээр нэг сэтгэлгүйгээр чалчих явдал биш; тэглээ гээд ямар ч асуудлыг шийдэхгүй. Чи найм эсвэл арван удаа залбираад юу ч олж авахгүй байж болно, гэхдээ бүү шантар—чи залбирсаар байх ёстой. Ямар нэг зүйл тохиолдоход эхлээд залбир, эхлээд Бурханд хэл, Бурханы мэдэлд өг, Бурханаар туслуул, чамайг хөтөлж, чамд зам зааж өгөхийг Бурханд зөвшөөр. Чи Бурханыг нэгдүгээрт тавьсан, зүрх сэтгэлд чинь Бурхан байдгийг энэ нь нотолно. Асуудалтай тулгарах үедээ хамгийн түрүүнд хийдэг зүйл чинь эсэргүүцэж, уурлаж, хилэгнэх бол, юун түрүүнд сөрөг болдог бол, энэ нь зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүйн илрэл юм. Бодит амьдрал дээр чамд ямар нэг зүйл тохиолдох болгонд чи залбирах ёстой. Хамгийн түрүүнд өвдөг сөгдөн, залбирах ёстой—энэ бол нэн чухал. Залбирал нь Бурханы өмнө Түүнд хандах хандлагыг чинь харуулдаг. Хэрвээ Бурхан зүрх сэтгэлд чинь байдаггүй байсан бол чи ингэхгүй. “Би залбирдаг ч Бурхан намайг гэгээрүүлдэггүй!” гэж зарим хүн хэлдэг. Тэгж хэлэх ёсгүй. Эхлээд залбирах сэдэл чинь зөв эсэхийг хар; хэрвээ чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, байнга Бурханд залбирдаг бол Тэр чамд ойлгуулахын тулд чамайг зарим зүйл дээр сайн гэгээрүүлж магадгүй—өөрөөр хэлбэл, Бурхан чамд ойлгуулна. Бурханы гэгээрэлгүйгээр чи өөрөө ойлгож чадахгүй байсан: Чамд авхаалж самбаа дутмаг, үүнийг ойлгох оюуны чадавх байхгүй бөгөөд хүний оюун ухаанаар үүнд хүрэхийн аргагүй. Ойлгох үед тэрхүү ойлголт чиний өөрийн оюун санаанаас төрөн гардаг гэж үү? Хэрвээ чамайг Ариун Сүнс гэгээрүүлээгүй бол Ариун Сүнсний ажлын утга учир юу болох, эсвэл Бурхан юу гэж хэлж байгааг чиний асуусан хэн ч мэдэхгүй; Бурхан Өөрөө чамд учрыг нь хэлэх үед л чи мэднэ. Иймээс чамд ямар нэг зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд хийх зүйл чинь залбирах юм. Залбирал нь эрж хайсан хандлагаар судалж шинжилж, бодол, санаа, хандлагаа илэрхийлэхийг шаарддаг—үүнийг агуулах ёстой. Зүгээр нэг хэлбэр төдий хийх нь ямар ч үр нөлөөгүй тул чамайг гэгээрүүлээгүй гэж Ариун Сүнсийг бүү буруутга. Миний олж мэдсэнээр зарим хүн Бурханд итгэх итгэлээ үргэлжлүүлсээр байдаг ч зөвхөн аман дээрээ л Бурханыг гэдэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, тэд Сүнсний ажлыг үгүйсгэж, залбирлыг ч бас үгүйсгэдэг; тэд гагцхүү Бурханы үгийг уншихаас өөрийг хийдэггүй. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Итгэлээс нь Бурхан бүрмөсөн алга болох хүртэл тэд үргэлжлүүлэн итгэсээр л байдаг. Ихэвчлэн ерөнхий ажил хэрэг зохицуулдаг, өөрсдийгөө маш завгүй, бүхий л хичээл зүтгэлийнхээ төлөө юу ч авдаггүй гэж боддог хүмүүс ялангуяа байдаг. Энэ бол хүмүүс Бурханд итгэхдээ зөв замаар алхахгүй байгаагийн нэг жишээ юм. Зөв замаар явах нь хэцүү ажил бус уу? Тэд ихээхэн сургаал ойлгосныхоо дараа ч гэсэн энэ замаар явж чаддаггүй бөгөөд уруудах замыг сонгох талтай байдаг. Иймээс ямар нэгэн зүйл тохиолдох үед та нар залбирч, эрж хайхад илүү их цаг зарцуулах ёстой—энэ бол та нарын хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Бурханы хүсэл болоод Ариун Сүнсний санаа зорилгыг хэрхэн эрж хайхаа сурах нь гол түлхүүр юм. Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс ингэж туулж, хэрэгжүүлэх чадваргүй бол юу ч олж авахгүй, итгэл нь талаар болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Шашны ёслолын залбирлыг Бурхан хамгийн их үзэн яддаг. Бурханд залбирахдаа чин сэтгэлээсээ залбирвал л хүлээн зөвшөөрөгддөг. Хэрэв чамд чин сэтгэлээсээ хэлэх юу ч байхгүй бол дуугүй бай; үргэлж битгий худал үг хэл, Бурханы өмнө сохроор тангараг бүү өргө, Түүнийг мэхлэх гэж бүү оролд, Түүнд хэчнээн их хайртай, Түүнд үнэнч байхыг ямар их хүсэж байгаа тухайгаа бүү ярь. Хэрэв чи хүслээ биелүүлэх чадваргүй, ийм шийдвэр, биеийн хэмжээгээр дутмаг бол ямар ч нөхцөл байдалд Бурханы өмнө ийм маягаар бүү залбир. Энэ бол доог тохуу юм. Доог тохуу гэдэг нь хэн нэгнээр даажигнаж, тоглоом хийх гэсэн утгатай. Хүмүүс ийм зан чанартайгаар Бурханы өмнө залбирвал хамгийн наад зах нь энэ бол хууран мэхлэлт юм. Хамгийн муугаар бодоход, үүнийг олон удаа хийвэл чи үнэхээр өөдгүй зан араншинтай юм. Бурхан чамайг ялласан бол үүнийг доромжлол гэж нэрлэнэ! Хүмүүс Бурханыг огт хүндэлдэггүй, Бурханыг хэрхэн хүндэлж, хайрлаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахаа мэддэггүй. Тэдэнд үнэн тодорхой биш, эсвэл тэдний зан чанар завхарсан байвал Бурхан үүнийг зүгээр өнгөрөөнө. Гэвч тэд ийм зан араншингаа Бурханы өмнө авчирч, үл итгэгчид бусад хүмүүст ханддаг шиг Бурханд ханддаг. Түүнчлэн, тэд Түүний өмнө ёс төдий өвдөг сөгдөн залбирч, Бурханыг шалгаж, аргалахын тулд эдгээр үгийг ашигладаг бөгөөд дуусах үедээ өөрсдийгөө зэмлэдэггүйгээр үл барам, бас өөрсдийнхөө үйлдлийн ноцтой байдлыг ч мэдэрдэггүй. Тэр тохиолдолд Бурхан тэдэнтэй хамт байх уу? Бурханы өмнө огт байдаггүй хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж болох уу? Тэднийг үнэнээр гэгээрүүлж болох уу? (Үгүй, болохгүй.) Тэгвэл тэд асуудалтай байна. Та нар олон удаа ингэж залбирч байсан уу? Та нар үргэлж ингэдэг үү? Хүмүүс гадаад ертөнцөд хэтэрхий удаан байх үед тэднээс нийгмийн илжирсэн үнэр ханхалж, өөдгүй уг чанар нь ихсэж, сатанлаг хор, амьдрах арга замаар бялхдаг; тэдний амнаас худал хуурмаг, ов мэхтэй үгс гардаг, тэд бодохгүйгээр ярьж, эсвэл өөрсдийнх нь сэдэл, зорилгыг л агуулдаг үгийг үргэлж ярьдаг бөгөөд зөв зохистой сэдэлтэй байх нь тун ховор байдаг. Эдгээр нь ноцтой асуудал юм. Хүмүүс эдгээр сатанлаг амьдралын гүн ухаан, арга замыг Бурханы өмнө авчрах үедээ Бурханы зан чанарт халддаг бус уу? Тэгээд үүний үр дагавар нь юу байх вэ? Өнгөн дээрээ эдгээр залбирал нь Бурханыг хуурч, мэхлэхийг оролдож буй хэрэг бөгөөд Түүний хүсэл, шаардлагад нийцдэггүй. Үндсэндээ, энэ нь хүний уг чанараас үүддэг; энэ бол завхрал түрхэн зуур илэрч байгаа хэрэг биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Бүх хүнд байдаг асуудлыг Би олж илрүүлсэн: Ямар нэгэн зүйл тохиолдоход тэд Бурханы өмнө ирж залбирдаг боловч тэдний хувьд залбирал нэг хэрэг, урдах асуудал нь өөр нэг хэрэг. Тэд өөрсдөд нь тохиолдож байгаа зүйлийн талаар залбиралдаа ярьж болохгүй гэж итгэдэг. Тэд хааяа нэг чин сэтгэлээсээ залбирдаг бөгөөд зарим хүн хэрхэн залбирахаа ч мэддэггүй. Үнэндээ залбирна гэдэг нь үндсэндээ зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг ердийнх шигээ л ярих явдал юм. Гэхдээ залбирч эхлэнгүүтээ байр сууриа мартдаг хүмүүс байдаг; тэд Бурханы хүсэлтэй нийцэх эсэхийг нь анхаарч үзэлгүй, Бурханаас ямар нэг зүйл өгөхийг шаарддаг ба үүний улмаас залбирал нь залбирах явцад хатаж ганддаг. Залбирах үедээ зүрх сэтгэлдээ юу ч гуйж байсан, юу ч хүсэн хүлээж байсан; эсвэл магадгүй шийдвэрлэхийг хүсдэг асуудал байгаа боловч тэр асуудлынхаа талаар ямар ч ойлголтгүй бөгөөд чамд мэргэн ухаан юм уу хүч чадал өгөхийг, чамайг гэгээрүүлэхийг Бурханаас гуйж байгаа бол—чи юу ч хүссэн байсан, үүнийгээ хэлэхдээ ухаалаг байх ёстой. Чи тийм биш байгаад, сөхөрч суун “Бурхан минь, надад хүч чадал өгөөч; уг чанарыг минь харуулаач; Таныг ажиллаач гэж гуйж байна; Танаас энийг, тэрийг гуйж байна; намайг ийм, тийм болгохыг Танаас гуйж байна…” гэж хэлбэл тийнхүү “гуйж” байгаа чинь албадсан шинж чанартай байдаг; энэ нь Бурханд шахалт үзүүлж, Түүнийг албадаж хүссэн зүйлээ хийлгэхийг оролдож буй хэрэг—тэр ч байтугай, нөхцөлөө чи ганцаараа урьдаас шийдсэн байна. Ариун Сүнсний харж байгаагаар, чи аль хэдийн нөхцөлөө тавиад, юу хиймээр байгаагаа шийдчихсэн байхад тийм залбирал ямар үр нөлөөтэй байх вэ дээ? Хүн эрж хайсан, дуулгавартай зүрх сэтгэлээр залбирах хэрэгтэй. Жишээ нь, чамд ямар нэгэн зүйл тохиолдоод, үүнийг хэрхэн зохицуулахаа сайн мэдэхгүй байвал чи: “Бурхан минь! Үүнийг яахаа би мэдэхгүй байна. Энэ асуудал дээр Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таны хүслийг эрж хайхыг хүсэж байна. Таны хүсэл биелэх болтугай. Би үүнийг өөрийн хүслээр биш, Таны хүслээр хийхийг л хүсэж байна. Хүний бүх хүсэл Таныхаас зөрүүтэй, Таныг эсэргүүцдэг, үнэнтэй нийцдэггүй гэдгийг Та мэднэ. Та намайг гэгээрүүлж, энэ асуудал дээр намайг залж чиглүүлж, намайг Танд халдахгүй байлгаач гэж би гуйя…” гэж хэлж болно. Ийм залбирлын өнгө аяс зохистой юм. Чи зүгээр л “Бурхан минь, Та надад тусалж, намайг залж чиглүүлж, надад зөв орчин нөхцөл, зөв хүмүүсийг бэлдэж өгч, ажлаа сайн хийх боломж олгооч гэж гуйя…” гэж хэлбэл чиний хүслийн дагуу үйлдэхийг Бурханаас гуйсан байх учраас чи залбирсныхаа дараа Бурханы хүслийг ойлгоогүй хэвээр байх болно.

Залбиралд ашигладаг үг чинь ухаалаг эсэхийг одоо чи магадлах ёстой. Залбирал чинь ухаалаг биш бол тэнэглэлээс чинь болсон, эсвэл санаатайгаар тэгсэн эсэх чинь хамаагүй, Ариун Сүнс чам дээр ажиллахгүй. Тиймээс залбирахдаа чи ухаалгаар, тохиромжтой өнгөөр ярих ёстой. Ингэж хэл: “Бурхан минь! Та миний сул тал, тэрслүү байдлыг мэднэ. Та зөвхөн Өөрийн хүслийн дагуу надад хүч чадал өгч, нөхцөл байдлаа даван туулахад минь туслаач гэж л би гуйя. Үүнийг л би гуйя. Таны хүсэл юу болохыг би мэдэхгүй ч ямартай ч Таны хүсэл биелэх болтугай. Намайг үйлчлэл үзүүлэгч юм уу товойлгогч болгосон ч гэсэн, би үүнийг дуртайяа хийнэ. Та надад хүч чадал, мэргэн ухаан өгөөч, энэ асуудал дээр Таныг сэтгэл хангалуун болгох боломж олгооч гэж би гуйя. Би зөвхөн Таны зохицуулалтад л захирагдахыг хүсэж байна…” Ингэж залбирсны дараа зүрх сэтгэл чинь тайвширна. Хэрвээ чи байнга гуйхаас өөрийг хийдэггүй бол хэчнээн ихийг хэлсэн ч гэсэн, бүгд хоосон үг л байх болно; юу хүсэж байгаагаа чи урьдчилан шийдчихсэн байх учраас Бурхан гуйлтын чинь хариуд ажиллахгүй. Чи өвдөг сөхрөн залбирахдаа ингэж хэл: “Бурхан минь! Та хүний сул талыг мэднэ, Та хүний байдлыг мэднэ. Та намайг энэ асуудал дээр гэгээрүүлээч гэж би гуйя. Таны хүслийг ойлгох боломж олгооч. Таны зохицуулсан бүхэнд захирагдахыг л би хүсэж байна; зүрх сэтгэл минь Таныг дуулгавартай дагахыг хүсэж байна…” Ингэж залбирваас Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөнө. Хэрвээ чи зөв залбирахгүй бол залбирал чинь улиг болж, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхгүй. Санаснаа ярьж, дэмий бүү чалч—ингэх нь ердөө хайхрамжгүй, хааш яаш байдал юм. Чамайг хайхрамжгүй, хааш яаш байвал Ариун Сүнс ажиллах уу? Хүн Бурханы өмнө ирэхдээ зөв, зохистой байж, тахил өргөхдөө бүгд сөхөрч суудаг байсан Хуулийн эрин үеийн тахилчид шиг сүсэглэж биширсэн хандлагатай байх ёстой. Залбирах нь энгийн зүйл биш. Хүн шүдээ ярзайлгаж, хумсаа сарвайлган Бурханы өмнө очих юм уу хөнжилдөө шигдчихээд идэвхгүйхэн залбирч, Бурхан өөрийг нь сонсож чадна гэж итгэх хандлагатай байж яаж болох вэ? Энэ бол сүсэг бишрэл биш! Би энд хүмүүсийг тодорхой нэг дүрэм журмыг баримтал гэж шаардах зорилгоор ярьж байгаа юм биш; хүн ядаж л зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, сүсэг бишрэлтэй хандлагаар Түүний өмнө очих хэрэгтэй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өвдөг сөхрөн залбирна гэдэг нь Бурхантай зүрх сэтгэлээсээ ярилцахын нэр боловч, үүнийг мэдэж ав: Хүмүүсийн залбирал нь бас Ариун Сүнсний ажлын дамжуулагч суваг билээ. Зөв байдалд байгаа хүн залбирч, эрэлхийлж байх зуур Ариун Сүнс ч бас ажиллаж байдаг. Энэ бол хоёр өөр өнцгөөс ажиллах Бурхан, хүн хоёрын хоорондох сайн уялдаа юм, эсвэл үүнийг Бурхан хүнд зарим асуудлаа шийдвэрлэхэд нь тусалдаг гэж хэлж болох бөгөөд хүмүүс Бурханы өмнө ирэх үед энэ нь нэг төрлийн хамтын ажиллагаа болдог. Энэ нь бас Бурхан хүмүүсийг аварч, цэвэршүүлэх арга замуудын нэг, үүнээс гадна энэ нь хэвийн амийн оролтын зам билээ. Энэ бол зан үйл биш. Залбирал нь зүгээр нэг хүмүүст хүч тамир оруулдаг зүйл биш; хэрэв тийм байсан бол оромдсон болоод, хэдэн уриа хашхирахад хангалттай байх байсан, Бурханаас ямар нэгэн зүйл гуйх, шүтэн мөргөх, сүсэглэх шаардлагагүй байх байсан. Залбирал гэдэг гүн гүнзгий ач холбогдолтой зүйл! Хэрэв чи хэрхэн залбирахыг мэддэг, үргэлж залбирдаг, Бурханд захирагддаг, ухаалаг байнгын залбиралтай бол дотоод байдал чинь ихэвчлэн маш хэвийн байх болно. Нөгөөтээгүүр, залбирал чинь голдуу хэдхэн урианаас л бүрддэг, чи өөрөө ямар ч ачаа үүрдэггүй бөгөөд залбирахдаа юу хэлэх нь ухаалаг, ухаалаг биш, бас юу хэлбэл жинхэнэ сүсэг бишрэл болдоггүй талаар тунгаан боддоггүй, эдгээр асуудлыг хэзээ ч нухацтай авч үзэхгүй бол залбирал чинь хэзээ ч бүтэмжтэй байхгүй, дотоод байдал чинь үргэлж хэвийн бус байх болно. Эрүүл ухаан, жинхэнээсээ захирагдах, жинхэнээсээ шүтэн мөргөх гэж юу болох, залбирах ёстой өнцгийн талаарх хичээлд хэзээ ч гүн гүнзгий орохгүй, оролтоо ч бас гүнзгийрүүлэхгүй. Эдгээр нь бүгд нарийн зүйл юм. Та нарын ихэнх нь Надтай шууд харьцах нь ховор учраас Сүнсний өмнө залбирахаар хязгаарлагддаг бөгөөд чамайг залбирч эхэлмэгц энэ нь хэлж байгаа үг чинь ухаалаг эсэх; чи үнэхээр сүсэглэж байгаа эсэх; гуйж байгаа зүйл чинь Бурханы таалалд нийцэж байгаа эсэх; залбирал дунд чинь наймааны шинжтэй зүйл байгаа эсэх, хүний хир буртгаар бохирлогдсон эсэх; үг яриа, зан авир, шийдвэр чинь үнэнтэй нийцэж байгаа эсэх; Бурханыг онцгойлон хүндэтгэж, хүндэлж, дуулгавартай дагаж байгаа эсэх; мөн чи үнэхээр Бурханд Бурхан шиг хандаж байгаа эсэхийн тухай асуулт болдог. Залбирахдаа аминчлан хэлж байгаа зүйлдээ нухацтай хандаж, чин сэтгэлээсээ байх ёстой; ингэж байж л чи Христийн өмнө очихдоо эрүүл ухаантай байж чадна. Хэрэв чи Сүнсний өмнө нухацтай хандахгүй бол Христийн өмнө очихдоо үргэлж эсэргүүцэж, бодлогогүй үг хэлж, худлаа ярьж, үг яриа, үйлдлээрээ байнга саад болж, улмаар чи үргэлж зэмлэлийг мэдрэх болно. Яагаад чи үргэлж зэмлэлийг мэдрэх болно гэж? Учир нь дүрэм ёсоор чамд Бурханд хэрхэн шүтэн мөргөж, хандах тухай үнэний өчүүхэн ч мэдлэг байхгүй тул ийм асуудал тулгарахад чи будилж, хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй, байнга алдаа гаргадаг. Бурханд итгэдэг хүмүүс Түүний өмнө хэрхэн ирэх ёстой вэ? Залбирлаар дамжуулан, хэрхэн эрүүл ухаанаар ярьж, хүний байх ёстой байр сууринаас ярьж, хэрхэн дуулгавартай байдлаас ярьж, дотроо бухимдал төрж, юу хэлэх гээд байгаагаа хэлж чадахгүй үедээ хэрхэн ярьж, хэрхэн зүрх сэтгэлээсээ, үнэнийг өгүүлэхээ шинжлэх явдал юм. Үүнийг хэсэг хугацаанд хэрэгжүүлсний дараа Бурханы өмнө ирэхдээ чи үүнд хавьгүй сайн болсон байх болно. Ерөнхийдөө, Сүнсний өмнө залбирах залбирал чинь ухаалаг биш байдаг—чи үүнд хэзээ ч ач холбогдол өгч байгаагүй, тэр ч байтугай Бурхан анзаардаггүй юм чинь хүссэнээ хэлж болно, буруу зүйл хэлсэн ч хамаагүй гэж итгэдэг. Чи өдөржингөө хайхрамжгүй байж, мунгинадаг учраас Христийн өмнө ирэхдээ чи буруу зүйл хэлж, хийхээс айдаг. Гэвч буруу зүйл хийхээс эмээх тусам улам бүр буруу зүйл хийх агаад чи үүнийг хэзээ ч залруулж чадахгүй. Чи нэгэнт Христтэй байнга холбоотой байж, Христ чамтай нүүр тулан ярилцаж байгааг сонсож чадахгүй учраас хийж чадах зүйл чинь Сүнсний өмнө байнга очин залбирч, эрэлхийлэн, захирагдаж чаддаг л болох юм. Учир нь Би чамтай нүүр тулан ярьсан ч гэсэн энэ замаар алхахын тулд чи өөртөө найдсан хэвээр байх ёстой болно. Одоогоос эхлэн та нар залбирахдаа хэлсэн зүйлдээ илүү их анхаарал хандуулах ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар залбирч, тунгаан бодож, мэдрэх гээд үзээрэй, тэгвэл Ариун Сүнс чамайг гэгээрүүлмэгц энэ тал дээр чи ахиц гаргасан байх болно. Ариун Сүнс гэгээрүүлэх үед төрөх мэдрэмж нь онцгойлон нарийн байдаг. Ийм нарийн мэдрэмж, мэдлэгтэй болсны дараа чи зарим нэг зүйлийг хийж, Христтэй холбоо тогтоож, зарим нэг зүйлд санаа тавивал, ямар үгийг эрүүл ухаанаар хэлдэг, хэлдэггүй, ямар зүйлийг эрүүл ухаанаар хийдэг, хийдэггүй гэдгийг таньж чаддаг болно. Чи залбирлын зорилгодоо хүрсэн байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Залбирал нь үндсэндээ чин сэтгэлээсээ ярих явдал юм. “Өө Бурхан минь! Та хүний завхралыг мэддэг. Өнөөдөр би бас нэг бодлогогүй зүйл хийчихлээ. Би санаархал өвөрлөсөн—би бол ов мэхтэй хүн. Таны хүсэл юм уу үнэний дагуу би үйлдээгүй. Би хүссэнээрээ үйлдэж, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Одоо би завхралаа таньж байна. Намайг улам их гэгээрүүлэн, үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, эдгээр завхралыг хаях боломж олгооч гэж би Танаас гуйя.” Ийм маягаар ярь; үнэн зөв хэрэг явдлын талаар үнэн зөв тоочиж ярь. Ихэнх хүн ихэнхдээ чин сэтгэлээсээ залбирдаггүй; тэд ердөө л толгойдоо хомс мэдлэгтэй, гэмших хүсэлтэйгээр өнгөрснийг эргэн дурсдаг хэр нь үнэнийг дэнсэлдэггүй, бас ухаардаг ч үгүй. Залбирч байхдаа Бурханыг үгийг дэнсэлж, үнэнийг эрж хайх нь дурсамж, мэдлэг төдийхнөөс хавьгүй гүн гүнзгий юм. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл чинь хөдөлж, Түүний ажил чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлснээр чи жинхэнэ мэдлэгтэй болж, жинхэнээсээ гэмшихэд хүрнэ; тэдгээр нь хүний бодол санаа, мэдлэгээс хавьгүй илүү гүн гүнзгий билээ. Чи үүнийг маш сайн мэдэж байх ёстой. Хэрвээ чи ердөө л өнгөцхөн, эмх цэгцгүй бодож, шинжиж, хэрэгжүүлэх тохиромжтой замгүй, үнэний чигт багахан ахиц гаргадаг бол өөрчлөгдөж чадахгүй хэвээр үлдэнэ. Жишээ нь, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүний хайрыг чин сэтгэлээсээ хариулахаар шийдэх үе байх боловч ийм хүсэлтэй байгаад чи нэг их эрч хүчтэйгээр өөрийгөө зарлагадаж чадахгүй, зүрх сэтгэлээ зорилгынхоо төлөө бүрэн дүүрэн зориулаагүй байж болно. Гэхдээ хэрэв залбирч, сэтгэл чинь хөдлөөд шийдэмгийгээр “Бурхан минь, би зовлон бэрхшээл туулахыг хүсэж байна; Таны шалгалтыг хүлээн авахыг хүсэж байна; Танд бүрэн дүүрэн захирагдахыг хүсэж байна. Би хэчнээн их зовж зүдэрсэн ч гэсэн, Таны хайрыг хариулахыг хүсэж байна. Би Таны агуу хайрыг эдэлдэг, Та намайг ихэд өргөсөн—үүний төлөө би зүрх сэтгэлийнхээ гүнээс Танд талархаж, бүх алдрыг Танд өгч байна” гэж хэлбэл, ингэж залбирсны дараа бүх бие чинь хүч орж, чи хэрэгжүүлэх замтай болно. Энэ бол залбирлын үр нөлөө билээ. Хүнийг залбирсны дараа Ариун Сүнс түүн дээр ажиллахад бэлэн болж, түүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, залж чиглүүлэн, үнэнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай итгэл, эр зоригийг өгдөг. Бурханы үгийг өдөр болгон уншаад ийм үр дүнд хүрдэггүй боловч тэдгээрийг уншаад, тэр талаар нөхөрлөх үед зүрх сэтгэл нь цэлмэж, урагшлах ямар нэг зам олдог хүмүүс байдаг. Түүнчлэн хэрэв Ариун Сүнс сэтгэлийг чинь бага зэрэг хөдөлгөж, чамайг бага зэрэг залж чиглүүлэхийн зэрэгцээ багахан ачаа өгдөг бол үр дүн нь үнэхээр шал өөр байх болно. Бурханы үгийг ганцаараа унших үед тодорхой хэмжээгээр сэтгэл чинь хөдөлж, уйлж магадгүй боловч хэсэгхэн хугацааны дараа тэр мэдрэмж үгүй болдог. Гэхдээ чи уйлан, чин сэтгэлээсээ залбирч, үнэн сэтгэлийн жинхэнэ залбирал хэлбэл хэдэн өдөр үргэлжилж болох тийм их эрч хүчийг чамд өгнө. Энэ нь залбирлын үр нөлөө юм. Залбирал нь хүмүүсийг Бурханы өмнө ирүүлж, өөрсдөд нь Түүний өгөх зүйлийг хүлээн авхуулах зорилготой. Хэрвээ чи байнга залбирч, Бурханы өмнө ирж, Түүнтэй ярилцаж, Түүнтэй хэвийн харилцаатай байдаг бол Тэр үргэлж сэтгэлийг чинь хөдөлгөж, Түүний хангалтыг чи үргэлж хүлээн авна—Бурханы хангалтыг үргэлж хүлээн авдаг хүн өөрчлөгдөж, нөхцөл байдал нь байнга сайжирч байдаг. Ялангуяа, ах эгч нар хамтдаа залбирсны дараа онцгой их энерги бий болж, асар их зүйлийг олж авсан мэт тэдэнд санагддаг. Үнэндээ, хамтдаа байх хугацаандаа тэд нэг их нөхөрлөөгүй байж болно; гэр бүлээсээ, хорвоогоос татгалзахын тулд нэг хором ч хүлээж чадахааргүй болтол нь залбирал тэднийг сэрээдэг бөгөөд тэд юу ч хүсдэггүй, гагцхүү Бурхантай байхад л хангалттай байдаг. Ямар агуу итгэл вэ! Ариун Сүнсний ажлын хүнд өгдөг тэр хүчийг эцэс төгсгөлгүй эдэлж болно! Чи тэр хүчинд найдалгүй, харин ч алхахдаа өөрийгөө хүчилж, гөжүүдэлж, эсвэл өөрийн няцашгүй зориг, сэтгэлийн тэнхээндээ найдаж хэр хол явж чадах вэ? Чи нэг их хол явалгүй унаж доройтох болно; алхах явцдаа хүч чадлаа алдана. Хүмүүс эцсээ хүртэл Бурхантай холбоотой байх ёстой! Гэтэл хүн алхах тусмаа Бурханаас холдож оддог. Бурхан бол Бурхан, хүн бол хүн, дор бүрнээ өөр өөрийн замаар явдаг; Бурхан Бурханы үгийг хэлдэг, хүн Бурханыхтай адилгүй өөрийн замаар алхдаг. Хүн Бурханд итгэх хүч чадлаа алдах үедээ Бурханы өмнө ирж хэдэн үг залбираад, багахан хүч зээлдэж авдаг. Тэд тодорхой хэмжээний эрч хүчтэй болсныхоо дараа дахиад л явдаг. Хэсэг хугацааны дараа түлш нь дуусаж дахиад л Бурхан руу эргэж ирдэг. Ийм маягаар үйлдээд хүн удаан хугацаанд тэсэж чадахгүй; хүн Бурханыг орхин явбал түүнд урагшлах зам гэж байхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Одоо олон хүнд биеэ барих чадвар онцгойлон дутагдаж байгааг Би олж мэдлээ. Яагаад тэр вэ? Учир нь тэд хэзээ ч залбирдаггүй. Хүмүүс залбирахгүй байх үедээ замбараагүй болдог, замбараагүй болохоороо сүсэг бишрэл, даруу төлөв байдлаа алддаг. Тэд хүн чанар, ёс жудгийн тухай, өөрийн завхарсан уг чанарыг мэдэх тухай л ярьдаг. Харин Ариун Сүнс яг хэрхэн үйлддэг, хүмүүсийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөдөг, хүмүүс өдөр тутмын амьдралдаа Бурханы хүслийг хэрхэн эрж хайх хэрэгтэй тухайд эдгээр нь бүгд алга болдог. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурхан үнэхээр байдаг гэдэгт л итгэдэг, итгэлээс нь үлдсэн ганц зүйл нь Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал юм; сүнсний амийн хэрэг явдал үгүй болсон. Тэдний итгэл материаллаг ертөнц рүү л тэлж, тэд сүнсний хэрэг явдлыг үгүйсгэдэг учраас ганцаар алхахдаа төөрч, унадаг. Залбирдаггүй хүн үнэнийг хэрэгжүүлбэл, тодорхой цар хүрээн дотор л зарчмыг баримталж чадна—бүгд дүрэм журам төдий юм. Чи үйлдэлдээ Дээрхийн зохицуулалтыг баримталж, Бурханд халддаггүй байж болох ч дүрэм журмыг л баримталж байгаа. Хүмүүсийн сүнс одоо маш хөшүүн, үлбэгэр болсон. Бурхантай харилцах хүний харилцаанд Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, гэгээрүүлэх гэх мэт олон ээдрээтэй зүйл байдаг. Хүн ийм зүйлсийг мэдэрч чаддаггүй—тэр хэтэрхий хөшүүн! Хүн Бурханы үгийг уншдаггүй, сүнсний амийн хэрэг явдлыг мэдэрдэггүй, өөрийн байдлыг захирч чаддаггүй. Сүнсний амийн байдлаа захирахын тулд залбирахгүй байж болохгүй, бас чуулганы амьдралаар амьдрахгүй байж ч болохгүй. Чамд тэгж санагдаж байна уу? Бурханд итгэхийн тулд хүн залбирах ёстой; залбиралгүйгээр Бурханд итгэх итгэлтэй төстэй байна гэж үгүй. Чи дүрэм журам баримтлах хэрэггүй, хаана ч, хэзээ ч залбирч болно гэж Би хэлдэг—тэгэхээр ховорхон залбирдаг зарим хүн байдаг. Тэд өглөө сэрээд залбирдаггүй, харин Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсан төдий болж, магтан дуу сонсдог. Өдөр нь тэд гадаад хэрэг явдал гээд завгүй байх бөгөөд шөнө унтахаар хэвтэхээсээ өмнө ч бас залбирдаггүй. Чамд ингэж санагддаггүй юу? Хэрвээ чи Бурханы үгийг унших төдий болоод, залбирдаггүй бол Түүний үгийг уншаад үгийг нь ухаж ойлгодоггүй шүтлэггүй хүнтэй адил бус уу? Залбирахгүйгээр зүрх сэтгэл оролцохгүй, хүний сүнсэнд хурц мэдрэмж төрж, сэтгэл нь хөдлөхгүй. Хүн хөшүүн, үлбэгэр байдаг; тэд зан чанарын өөрчлөлттэй холбоотой зүйлсийн талаар өнгөцхөн ярьж, Бурханд итгэдэг юм шиг санагддаг боловч сүнснийх нь гүн дэх мэдрэмж тийм ч хүчтэй биш байдаг. Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс шиг байдаг. Тэд залбирах гэж яаж ч хичээсэн, үг унагаж чаддаггүй. Энэ нь маш аюултай—энэ нь чи Бурханаас хэтэрхий хол байна, Тэр зүрх сэтгэлд чинь байхаа больсон гэсэн үг. Үнэндээ, гадаад хэрэг явдал, ажил зохицуулах болон залбирахаар сүнсэнд эргэж ирэх явдал хоорондоо зөрчилддөггүй. Зөрчилддөггүй төдийгүй залбирахаар сүнсэнд эргэж ирэх нь үнэндээ хүний ажилд илүү үр ашигтай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өмнөх: 6. Бурхантай ярилцах зарчмууд

Дараах: 8. Бурханд залбирч, Түүнд шүтэн мөргөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх