53. Биеэ тоосон, ихэрхүү занг засах зарчмууд

(1) Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхралынхаа бузар булай үнэн мөнийг харж чаддаг байх шаардлагатай. Ийм маягаар хүн ямархуу зүйл вэ гэдгээ мэдэж авдаг;

(2) Засалт харьцалт, шалгалт илчлэлтийг хүлээн авах, хэчнээн эмзэг болохоо харж чаддаг байх шаардлагатай. Ийм маягаар хүн жинхэнэ ааш араншингаа мэдэж авдаг;

(3) Хүн олон ухралт, бүтэлгүйтэл туулаад, тэдгээрийн гол шалтгаан нь биеэ тоосон зан гэдгийг олж мэдэх үедээ аяндаа биеэ хавьгүй дээр авч явдаг бөгөөд байгаа байдал нь улам зөөлөрдөг;

(4) Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний зөвт зан чанарыг мэдэж, Түүнийг хүндэлдэг болох шаардлагатай. Ийм маягаар хүн биеэ зөв авч явдаг болж чадна.

Холбогдох Бурханы үг:

Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тул тэдний уг чанар өөрчлөгдөж эхлэн, хэвийн хүнд байдаг эрүүл ухаанаа аажмаар алдсан. Тэд одоо хүний байр сууринаас хүн шиг авирлахаа больжээ; харин ч тэд хүний байр суурийг даван гарахыг хүсдэг бөгөөд илүү өндөр, илүү том зүйлийг хүсэн эрмэлздэг. Тэгвэл тэр илүү өндөр зүйл нь юу вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс яагаад ийм болсны уг үндэс нь юу вэ? Эцсийн эцэст, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг. “Биеэ тоосон” гэдэг нь гутаан доромжилсон нэр томьёо бөгөөд хэн ч үүнийг өөртөө зүүхийг хүсдэггүй. Гэхдээ үнэндээ хүн бүр биеэ тоосон зантай бөгөөд завхарсан бүх хүн ийм мөн чанартай байдаг. Зарим хүн “Би өчүүхэн төдий ч биеэ тоодоггүй. Би тэргүүн тэнгэрэлч байхыг хэзээ ч хүсээгүй, Бурханаас юм уу өөр бусдаас давж гарахыг ч хэзээ ч хүсээгүй. Би үргэлж хүмүүжилтэй, хариуцлагатай байсан” гэж хэлдэг. Заавал тийм байх албагүй; эдгээр үг буруу юм. Хүмүүс уг чанар, мөн чанартаа биеэ тоосон байдалтай болмогцоо Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханы үгийг үл анхаарч, Бурханы талаар үзэл үүсгэдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг, өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг юм хийх чадвартай болдог. Чи биеэ тоодоггүй гэж хэлдэг ч чамд хэдэн чуулган өгч, удирдах боломж олголоо гэж үзье; Би чамтай харьцаагүй, Бурханы гэр бүлийн хэн ч чамайг засаагүй гэж үзье: Чи хэсэг хугацаанд удирдсаныхаа дараа тэднийг хөлдөө аваачиж, тэднийг өөртөө дуулгавартай болгоно. Яагаад тэр вэ? Энэ нь чиний уг чанараар тодорхойлогддог; энэ бол гагцхүү төрөлхийн илчлэл юм. Чи үүнийг сурахын тулд онцгойлон хичээл зүтгэл гаргах хэрэггүй, мөн бусдаар онцлон заалгах шаардлагагүй. Мөн алийг нь ч албаар хийх хэрэггүй; иймэрхүү нөхцөл байдал чамд аяндаа бий болдог: Чи хүмүүсийг өөрийнхөө өмнө дуулгавартай байлгаж, өөрийгөө тэднээр шүтүүлж, өргөмжлүүлж, гэрчлүүлж, бүх зүйл дээр тэднийг үгэндээ оруулаад, өөрийнхөө эрх мэдлийн хүрээнээс гаргадаггүй. Чиний удирдлага дор иймэрхүү нөхцөл байдал аяндаа тохиолддог. Тэгвэл эдгээр нөхцөл байдал яаж бий болдог вэ? Эдгээр нь хүний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Биеэ тоосон зангийн илрэл нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэх явдал юм. Хүмүүс биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг бол бие даасан хаант улсаа байгуулж, аливааг хүссэнээрээ хийх хандлагатай байдаг. Түүнчлэн тэд бусдыг гартаа оруулж, өөртөө татдаг. Хүмүүс ийм зүйл хийх чадвартай учраас биеэ тоосон зангийнх нь мөн чанар тэргүүн тэнгэрэлчийнх болсон гэсэн үг юм. Тэдний биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг зан тодорхой нэг түвшинд хүрэхэд тэр нь тэднийг тэргүүн тэнгэрэлч мөн бөгөөд Бурханыг хойш тавина гэдгийг нь тодорхойлдог. Хэрвээ чи тийм биеэ тоосон зан чанартай бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзлэхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас эш татав

Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, улмаар таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Тиймээс зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л махан биеэ хаяж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Зарим хүн өөрсдийгөө завхарсан зан чанаргүй, биеэ тоосон биш гэдэг. Энэ ямар хүмүүс вэ? Тэд бол хамгийн их биеэ тоосон хүмүүс юм. Үнэн хэрэгтээ тэд өөр хэнээс ч илүү биеэ тоосон, тэрслүү байдаг; хүн өөрийгөө хэдий чинээ завхарсан биш гэж хэлнэ, төдий чинээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зантай байдаг. Яагаад бусад нь өөрсдийгөө мэддэг, байр байдлаа харгалзан үзэж чаддаг байхад чи чадахгүй байгаа юм бэ? Чи онцгой гэж үү? Чи ариун хүн гэж үү? Вакуум орчинд амьдардаг гэж үү? Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан, хүмүүс завхарсан зан чанартай гэдгийг чи хүлээн зөвшөөрдөггүй тул хамгийн тэрслүү, хамгийн биеэ тоосон хүн юм. Чинийхээр бол дэлхий дээр өчнөөн төчнөөн сайн хүн бий—тэгвэл яагаад харанхуйгаар дүүрэн, бузар, завхралаар дүүрэн, зөрчилдөөнөөр дүүрэн байдаг юм бэ? Хүний ертөнцөд хүн бүр яагаад бие биеэсээ авдаг, булаадаг юм бэ? Бурханд итгэгчид хүртэл ямар ч ялгаагүй: Тэд үргэлж бие биетэйгээ зөрчилдөж, тэмцэлдэж байгаа. Энэ тэмцэл хаанаас үүдэн гардаг юм бэ? Биеэ тоосон зангаас. Товчхондоо, энэ нь хүний завхралын мөн чанар болох биеэ тоосон зантай салшгүй холбоотой; энэ нь хүний уг чанарын биеэ тоосон, тэрслүү байдал халин гарч байгаа хэрэг юм. Хүмүүс Бурханд итгэдэг мөртөө яагаад үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг юм бэ? Бурханд итгэдэг хэр нь яагаад Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй юм бэ? Энэ нь ч бас хүмүүсийн биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Хүн төрөлхтөн үргэлж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж байдаг бөгөөд энэ нь Бурханы буруу үйлээс, Бурханд үнэн дутмаг байдгаас болдог юм биш, харин Сатан хүнийг дэндүү гүн завхруулсан, хүн хэтэрхий биеэ тоосон, эрүүл ухаан хэтэрхий дутмаг, үнэнийг огтхон ч хүлээн авдаггүйгээс болдог тул хүн Бурхантай нийцэлтэй байж хэзээ ч чадахгүй, үргэлж Бурханыг сөрөн зогсож, Бурханыг цааш түлхдэг. Хүн Бурхан хоёрын харилцаа одоо ямар цэгт хүрсэн бэ? Хүн Бурханы дайсан, Бурханыг товойлгогч болсон. Бурхан хүнийг илчилж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг боловч хүн хүлээн авахаас татгалзаж, ямар ч анхаарал хандуулдаггүй. Хий гэж Бурханы шаарддаг зүйлийг нь хүн хийдэггүй; нөгөө талаар, Бурханы үзэн яддаг, зэвүүцдэг зүйлийг хүн хийдэг. Бурхан бол үнэн, гэсэн ч Түүнийг хүн голдог. Бурхан хүний завхарсан зан чанарыг шүүж, гэсгээдэг ч хүн танин мэдэх чадваргүй хэвээр үлддэг. Хүн ямар биеэ тоосон юм бэ? Өөрсдийгөө хаан болж хаанчилна гэж үргэлж хэлдэг хүмүүс урьд нь байсан. Энэ нь биеэ тоосон зангийн жишээ бөгөөд хүний завхарсан зан чанар юм. Бурхан хүнийг аврахын тулд махбод болсон боловч Бурханыг хүлээн авсныхаа хариуд хүмүүс амьжиргааны өртөг, шагнал, адис нэхсэн, тэр ч бүү хэл, Бурханыг хүлээн авсан тухайгаа бардамнан ярьж, бусдад өндрөөр үнэлүүлэхийн тулд өөрсдийгөө Бурханы хайртай хүмүүс гэж хэлсэн. Цөөн тооны хүмүүс өөрсдийнх нь хүлээн авсан Нэгэн бол Бурхан гэдгийг тодорхой мэдэж байсан ч хариуд нь чуулганаас мөнгө нэхсэн. Биеэ тоосон энэ хүмүүс өөрсдийгөө завхарсан зан чанаргүй гэдэг, мөн өөр хэнээс ч илүү дээр итгэл үнэмшилтэй, өөр хэнээс ч илүү Бурханд үнэнч, хэнээс ч илүү сайн ажилладаг гэж хэлдэг. Чи үнэхээр тийм сайн үйлддэг гэж үү? Хэрвээ чи үнэхээр сайн юм бол яагаад биеэ тоосон зүйл хийх магадлалтай байдаг юм бэ? Яагаад чи хүнлэг зүйлс хийх чадваргүй байдаг юм бэ? Чамд яагаад ямар ч хүний төрх байдаггүй юм бэ? Хүмүүсийн биеэ тоосон зан, бүх зүйлийг хүсдэг хэр нь Бурханыг хүсдэггүй байхдаа тулсан бөгөөд хүмүүс ямар ч булай, жигшүүртэй зүйл хийх боловч Бурханыг шүтэн мөргөж, дуулгавартай дагахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас эш татав

Удирдагч болон үйлчилдэг зарим хүн үргэлж өөр байхыг оролдож, бусдаас илүү давуу байж, өөр хэдэн шинэ арга заль сэдэж олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг нь Бурхан харна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үг рүү орох талаар анхаардаггүй; тэд үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл би Бурханыг их баярлуулна; Түүнд энэ үнэхээр таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаа би Бурханд заавал харуулна даа; Түүнд сайхан гэнэтийн бэлэг барина” гэж хэлдэг. Энэхүү “гэнэтийн явдлын” үр дүнд тэд Ариун Сүнсний ажлыг алдаж, Бурханд таягдуулдаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үйлдлийнхээ үр дагаврыг нь бодолцохгүй бол юмс яаж зүгээр байх юм бэ? Бурханы зан чанарт халдаж, бас Түүний захиргааны зарлигийг зөрчөөд сүүлдээ таягдуулах үедээ чамд хэлэх үг үлдэхгүй. Санаа зорилго болон үүнийг зориуд хийсэн эсэхээс чинь үл хамааран хэрвээ чи Бурханы зан чанарыг юм уу, Бурханы хүслийг ойлгодоггүй бол Түүнд амархан халдаж, Түүний захиргааны зарлигийг зөрчих магадлалтай болно; энэ бол хүн бүрийн сэрэмжлэх ёстой зүйл юм. Чи Бурханы захиргааны зарлигийг асар ноцтой зөрчсөн, Бурханы зан чанарт халдсан л бол санаатай ингэсэн үү, санаандгүй ингэсэн үү гэдгийг Бурхан харгалзаж үзэхгүй. Энэ нь чиний тодорхой харах хэрэгтэй асуудал юм. Энэ асуудлыг тодорхой ойлгож чадахгүй бол чамд гарцаагүй асуудал үүсгэх болно. Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, томоохон ном хэвлэж, том том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрвээ чи үргэлж ийм том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө; ингэдэг хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ томоотой биш, чин сүсэггүй бөгөөд Бурханд үйлчлэхдээ хянуур биш байх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы зан чанарт халдах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Хэн ч өөрийгөө төгс, нэрд гарсан, сурвалжит юм уу бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр гэж бодох нь биеэ тоосон зан чанар юм; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөсөө дээгүүр юм уу өөрөөсөө илүү гэдэгтэй эвлэрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; аливаа асуудлын талаарх бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс чинь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийнхөөс чинь дээр байх үед сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын удирдамжийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, дутагдалтайгаа нүүр тулах чадваргүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрөх чадваргүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чамд дарамттай санагддаг болохоор чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан байдал, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв чи энэ бүх нарийн ширийнийг бага багаар даван гарч, тэдгээрийг ойлгож, илүү гүнзгий танин мэдэж чаддаг бол; хэрэв эдгээр бодол, ойлголт, зан авирыг хүртэл аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байр сууриа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ бол үнэний бодит байдал руу орох оролт юм. Хэрэв чи үнэний бодит байдал руу орж чадвал бусдад хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс “Энэ хүн байр суурийнхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэдэг. Тэрээр төрөлх байдал, халуун сэтгэл юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Даруу төлөв авирладаг, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг бөгөөд зан авир, илэрхийлэл нь өөрийн махбод, дуртай зүйлсийг орхисон гэдгийг нь илчилдэг” гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар гайхалтай гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж хэлэх үед чи хүлээн зөвшөөрч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, хөөрүү сэтгэлээс ангид байдаг. Хүний төрхтэй байна гэдэг чинь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаан сайтай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”-аас эш татав

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний ухамсар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн захирагдана. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, захирагдах дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар тэнгэрийн өндөр, газрын гүний талаар юу ч мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй тул бүтээлийн Эзэнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараалгүйгээр сүүлчийн өдрүүд чинь аль хэдийн ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг “эцгийнхтэй” чинь адилхан арга барил хэрэглэн “сургаж боловсруулсан” бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад бэрхшээл, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа илүү дээр байх ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (6)”-аас эш татав

Бурханаар байлдан дагуулагдсаны дараа хүмүүсийн наад захын эзэмших ёстой эрүүл ухаан бол биеэ тоосон байдлаар яавч ярихгүй байх явдал юм. Тэд “газар дээрх өтөг бууц мэт” дорд байр сууринд зогсож, үнэн зүйл ярих ёстой; энэ нь хамгийн сайн байх болно. Ялангуяа Бурханд гэрчлэл хийх үед хэрвээ чи хэтрүүлэгтэй, хий дэмий яриагүйгээр, худал хуурмаг, хууран мэхлэлтгүйгээр чин сэтгэлээсээ үнэхээр бага зэрэг үнэн үг ярьж чаддаг бол зан чанар чинь бага зэрэг өөрчлөгдсөн байх болно, энэ бол Бурханаар байлдан дагуулагдмагц гарах ёстой өөрчлөлт юм. Хэрвээ чи ийм хэмжээний ч эрүүл ухаантай байж чадахгүй бол үнэхээр хүнтэй төстэй харагдахгүй. Ирээдүйд бүх улс үндэстэн, бүс нутгийг Бурхан байлдан дагуулах үед Бурханыг магтсан томоохон цугларалт дээр чи дахиад биеэ тоон авирлаж эхлэх юм бол хаягдаж, таягдуулна. Одоогоос эхлээд чи үргэлж ёс журамтай байж, ялгамж чанар, байр сууриа тодорхой танин мэдэж, бахь байдагтаа буцаж орох ёсгүй. Хүний биеэ тоосон, ихэрхэг зан бол Сатаны нийтлэг дүр юм. Өөрийнхөө энэ талыг өөрчлөхгүйгээр чи хэзээ ч хүн шиг харагдахгүй ба үргэлж Сатаны зүс царайтай байна. Энэ талаар мэдлэгтэй байсан ч бүрэн өөрчлөгдөхөд хангалтгүй. Чи бас олон удаагийн цэвэршүүлэлтийг туулах хэрэгтэй. Засалт, харьцалт амсахгүйгээр чи цаашдаа аюулд өртсөөр байх болно. Харьцалт, засалт туулахгүйгээр чи алсдаа мөн л аюулд орно. Ирээдүйд дэлхий даяарх Бурханы сонгосон хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, “Бурхан Хятадад бүлэг ялагчийг олж авсан талаар биднийг аль хэдийн гэгээрүүлсэн” хэмээн хэлэх үед та нар: “Бидэнд бардамнах юм юу ч үгүй, бүгд Бурханы нигүүлслээр өгөгдсөн гэдгийг бид ухаарч байна. Бид ялагчид гэж нэрлэгдэх эрхгүй” гэж бодно. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи өөрийгөө ямар нэг зүйл хэлэх чадвартай гэж харж, гадаадынхан энд ч, тэнд ч илчлэл хүлээн авч байгааг сонсож эхлэхдээ “Ариун Сүнс ингэж гэгээрүүлдэг, бид гадаадынхнаас илүү ихийг мэддэг тул ялагчид хэмээн нэрлэгдэх ёстой!” хэмээн бодолхийлнэ. Чи одоо зүрх сэтгэлдээ үүнийг чимээгүйхэн зөвшөөрөх бөгөөд эцэст нь ил тод хүлээн зөвшөөрөх нь эргэлзээгүй. Хүмүүс магтагдаж, байр сууриар туршигдахыг дааж давж чаддаггүй. Хүмүүс чамайг үргэлж магтдаг бол чи аюулд орно. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс бат зогсож чадахгүй.

Сурсан зангаа сэдрээхгүйн тулд чи зан чанар чинь хараахан өөрчлөгдөөгүй гэдгийг, Бурханаас урвадаг уг чанар дотор чинь гүн үндэслэсэн хэвээр байгааг эн тэргүүнд танин мэдэх ёстой. Чи одоо ч Бурханаас урвах өндөр эрсдэлтэй бөгөөд мөхөлд унах боломж байсаар байна. Өөр гурван томоохон зүйл бий: Нэгдүгээрт, чи Бурханыг хараахан мэдэж аваагүй; хоёрдугаарт, зан чанар чинь өөрчлөгдөөгүй; гуравдугаарт, хүний төрхийг хараахан олж аваагүй бөгөөд сайн хүмүүсийн дунд чи хамгийн доод гишгүүрийг эзэлдэг. Хүн бүхэн эдгээр зүйлийг тодорхой ойлгосон байх ёстой. Хүмүүс бүгд дараах уриаг бэлдэж, сийлүүлэх буюу бичиж авах хэрэгтэй: “Би бол диавол”, “Би байнга хуучин арга барил руугаа буцаж ордог”, “Би үргэлж аюулд байдаг”, эсвэл “Би газар дээрх өтөг бууц”. Ийм уриаг өөртөө байнга сануулбал магадгүй бага зэрэг үр дүн гарна, гэвч хамгийн чухал нь Бурханы үгийг илүү их уншиж, уг чанараа ойлгож авах ёстой. Зөвхөн бодит өөрчлөлтөд хүрч байж л чи аюулгүй байх болно. Өөр нэг зүйл бол, Бурханыг гэрчлэгчийн байр сууринд хэзээ ч бүү зогс; зөвхөн хувийн туршлагаасаа л ярьж болно. Бурхан та нарыг хэрхэн аварсан тухай ярьж, Бурхан та нарыг хэрхэн байлдан дагуулсан тухай нөхөрлөж, өөрсдөд чинь Бурханы хайрласан нигүүлслийн талаар ярьж болно. Та нар хамгийн гүн гүнзгий завхарсан хүмүүс; та нар бол өтөг бууц, хог хаягдал. Зөвхөн Бурханаар л дамжуулан өргөгдсөн гэдгээ хэзээ ч бүү март. Хамгийн завхарсан, хамгийн бузар булай хүмүүс болохоор чинь бие махбодтой болсон Бурхан та нарыг аварч, ийм үлэмж их нигүүлслийг хайрласан юм. Иймээс та нарт бардамнах зүйл юу ч байхгүй бөгөөд Бурханыг магтаж, Түүнд талархахаас өөр аргагүй. Та нар Бурханы нигүүлслийн ачаар л аврагддаг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын “өндөр дээд!”… Би чамд нэг үнэнийг хэлье: Өнөөдөр чамд хүндлэлийн зүрх сэтгэл байгаа юу, үгүй юү гэдэг нь тун бага хамаатай; Би тэр талаар түгшдэг ч үгүй, санаа зовдог ч үгүй. Харин Би чамд үүнийг ч бас хэлэх ёстой: Суралцдаггүй, мэдлэггүй хэвээр үлддэг “авьяаслаг хүн” чи эцэстээ өөрийгөө биширсэн, ялимгүй ухаалаг зангаасаа болж сүйрнэ—чи зовж, гэсгээгддэг нэгэн байх болно. Би чамайг тамд зовсоор байхад чинь дагалдан явахуйц тийм тэнэг биш, учир нь Би чамтай адилхан төрлийнх биш. Чи бол Надаар хараагдсан атлаа Надаар заалгаж, авруулдаг бүтээл гэдгээ бүү март. Миний салахыг хүсдэггүй зүйл чамд огт байхгүй. Ажлаа хийх болгондоо Би ямар нэг хүн, үйл явдал, эд зүйлээр хэзээ ч хязгаарлагддаггүй. Хүн төрөлхтөнд хандах Миний хандлага, үзэл бодол үргэлж нэгэн хэвийн хэвээр байсан. Чи Миний удирдлагын хавсралт бөгөөд өөр ямар ч зүйлээс илүү онцгой байхааргүй учраас Би чамд тийм ч таатай ханддаггүй. Чамд өгөх Миний зөвлөгөө энэ: Чи Бурханы бүтээлээс цаашгүй гэдгээ цаг ямагт санаж бай! Чи Надтай хамт амьдардаг байж болох ч ялгамж чанараа мэдэж байх ёстой; өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод. Би чамайг шүүмжлээгүй, эсвэл чамтай харьцаагүй, харин чамтай инээмсэглэн учирсан ч гэсэн, чи Надтай адил төрлийнх гэдгийг энэ нь нотолдоггүй; чи үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг болохоос өөрөө үнэн биш гэдгээ мэдэж байх ёстой! Чи Миний үгийн дагуу өөрчлөгдөхөө хэзээ ч болих ёсгүй. Чи үүнээс зугтаж чадахгүй. Энэ гайхалтай хугацаанд, ийм ховор боломж ирэхэд ямар нэгэн зүйл сурахаар хичээ гэж Би чамд зөвлөе. Намайг бүү хуур; Намайг мэхлэхээр оролдон зусардах чинь Надад хэрэггүй. Намайг эрж хайх чинь огтхон ч Миний төлөө байдаггүй, харин өөрийн чинь төлөө байдаг билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”-ээс эш татав

Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бодож сэтгэж чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан зүгээр орхидог. Иймээс “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, төрөл бүрийн амьтанд өгсөн нэрээс алийг нь ч өөрчлөх хэрэггүй гэж үзсэнийг илтгэж байна. Адам амьтныг ямраар нэрлэхэд нь Бурхан тухайн амьтны нэрийг батлан “Тийм болог” гэж хэлж байжээ. Тэр хэрэг дээр Бурхан ямар нэг санал бодол илэрхийлсэн үү? Үгүй, Тэр мэдээж тэгээгүй. Та нар эндээс юу олж мэдэв? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн юм хийхдээ Бурханаас заяасан оюун ухаанаа ашигласан. Хэрвээ хүний хийдэг зүйл Бурханы нүдэнд эерэг бол Бурхан ямар ч шүүлт, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ нь ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу, Сатаны хийж чадахгүй зүйл юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илэрхийллийг харж байна уу? Хүн төрөлтөн, нэг ялзарсан этгээд, эсвэл Сатан өөрийнх нь өмнөөс яг хамар дор нь юм хийхийг бусдад зөвшөөрөх байсан уу? Мэдээж, үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр хүн юм уу, өөр хүчтэй энэ байр суурийн төлөө тэмцэх байсан уу? Мэдээж, тэгэх байсан! Хэрвээ тухайн мөчид нэг ялзарсан этгээд юм уу, Сатан Адамтай хамт байсан бол Адамын хийж байсан зүйлийг лав зөвшөөрөхгүй байх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрийн онцлог ухвар байгаа гэдгийг батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг ор тас үгүйсгэн: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би энийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Харри гэж нэрлэнэ. Би хэчнээн ухаалаг гэдгээ үзүүлэх хэрэгтэй” гэх байлаа. Энэ ямархуу уг чанар вэ? Энэ нь учиргүй биеэ тоосон зан биш гэж үү? Харин Бурхан ямар вэ? Түүнд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийж байсан зүйлийг хачин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь маргаангүй “Үгүй”! Бурханы илчилдэг зан чанарт маргаанч, биеэ тоосон, эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан өчүүхэн төдий ч байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Хэдийгээр энэ нь ялимгүй зүйл мэт боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ухаарах гэж хичээхгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Өмнөх: 52. Өөртөө зөв хандах зарчмууд

Дараах: 54. Сөрөг байдлыг шийдвэрлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх