46. Өөрийнх нь зан чанар өөрчлөгдсөн эсэхийг эргэцүүлэх зарчмууд

(1) Үнэнч шударга хүн байх оролдлого чинь үр дүнтэй байсан эсэхийг, худал үг, хууран мэхлэлт чамд бас л үлдсэн эсэхийг, үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байдаг эсэхээ, зарчмуудын дагуу үйлдэж чадах эсэхээ эргэцүүл;

(2) Аливаа зүйлийн талаарх үзэл бодол, амьдралын талаарх санаа бодол, үнэт зүйлс чинь үнэнтэй нийцдэг эсэхийг; хэчнээн олон сатанлаг гүн ухаан болон хуулиас ангижирснаа; мөн өөрчлөгдсөн эсэхээ эргэцүүл;

(3) Иовын итгэлийг эзэмшсэн эсэхээ, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг эсэхээ, Бурханыг үнэхээр мэддэг, хайрладаг эсэхээ эргэцүүл;

(4) Чи үнэнийг хэрэгжүүлж, Бурханд үнэхээр дуулгавартай байдаг хүн мөн эсэхээ, шалгалтын дунд Сатаныг ялан дийлж, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадвартай эсэхээ эргэцүүл.

Холбогдох Бурханы үг:

Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы ажлыг туулангаа Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах үед энэ нь тохиолддог. Тийм хүн доторх сатаны хороо цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг, ингэснээр Бурханы үг болон Түүний бүх зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, дахин хэзээ ч Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж чаддаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм… Зан чанарын өөрчлөлт гэдэг нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ Бурханыг эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанараа мэдэж авч, хүн хэтэрхий гүн гүнзгий завхарсан гэдгийг ойлгож, хүний утгагүй, ов мэхтэй байдлыг танин мэдэж, хүний ядуу дорой, өрөвдөлтэй байдлыг танин мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгож авдаг гэсэн үг юм. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэж, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болдог. Энэ нь Бурханыг мэддэг хүн юм; мөн зан чанараа өөрчилсөн хүн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гаднах зан авираас нь харах боломжгүй юм; эдгээр нь түүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд хамаатай байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн үзэл бодлыг Бурханыхтай нийцүүлж, мөн Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи жаахан хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагддаг, бэрхшээлийн өмнө уян хатан байж, Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж болох ч эдгээр нь зан авирын багахан өөрчлөлт төдий бөгөөд зан чанарын өөрчлөлт гэж тооцоход хангалтгүй юм. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг Бурхан хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахгүй байж магадгүй; харин ч шалтаг хайж, Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, бүр Түүнийг шүүмжлэн, Түүний эсрэг тэмцэхдээ ч тулж магад. Энэ нь ноцтой асуудал байх болно! Чи одоо ч Бурханыг эсэргүүцдэг уг чанартай бөгөөд ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулна. Зарим хүн Бурханыг шүүхдээ тулж, Түүнийг зөвт бус гэдэг. Тэр ч бүү хэл, тэд Бурханы талаар үзэл тээдэг, мөн Бурхантай маргах юм уу Түүнд шаардлага тавин: “Асуудлын зөв, бурууг тогтоох боломжийг хүн бүрд олгохын тулд Бурхан энэ зүйлийг ил тод хийх ёстой” гэж ч чаддаг. Хүмүүс ийм үйлдэл хийх чадвартай гэх баримт нь тэд бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд мөн гэдгийг нотолдог. Тэдний уг чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ийм төрлийн хүнийг орхих ёстой. Үнэнийг хүлээн авч чаддаг, Бурханы ажлыг мэдэхгүй байх үедээ үнэнийг эрж хайж, судалж, ойлгож авдаг, Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг тийм хүмүүст л үнэнийг эзэмшиж, зан чанартаа өөрчлөлт гаргах найдвар байдаг. Туршлагаараа ялган таних шаардлагатай зарим хэвийн байдал бий. Магадгүй чи залбирах үедээ гашуунаар уйлдаг, эсвэл зүрх сэтгэлдээ Бурханыг гэх асар их хайрыг мэдэрч, Бурханд ойр гэж санагддаг байх. Энэ нь зүгээр л Ариун Сүнс чиний дотор ажиллах үеийн байр байдал боловч чи Бурханыг хайрладаг хүн биш хэвээр, үнэнийг эзэмшсэн хүн биш хэвээр байдаг бөгөөд зан чанар нь өөрчлөгдсөн хүн бүр ч биш байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Зан чанараа өөрчлөхөөр эрж хайхдаа чи өөрийнхөө тухай ойлголтоор тодорхой түвшинд хүрэх ёстой бөгөөд ингэснээр уг чанарын чинь дотор оршдог сатаны хорыг олж илрүүлж чадна. Чи Бурханыг эсэргүүцэх, Бурханы эсрэг тэрслэх гэж юу гэсэн үг болохыг мэдэх ёстой бөгөөд бүх хэрэг явдал дээр биеэ хэрхэн авч явбал үнэнд нийцэхийг мэдэх ёстой. Түүнчлэн Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагын талаар зарим нэг ойлголт авах ёстой. Бурханы өмнө мөс чанар, эрүүл ухаан эзэмшсэн байх ёстой бөгөөд онгироо байдлаар ярьж, Бурханыг хуурах ёсгүй, мөн Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ болих ёстой. Ингэснээр зан чанар чинь өөрчлөгдсөн байх болно. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханы эсрэг тэрслүү байдал нь аажмаар багасдаг. Түүнчлэн тэднийг үүргээ биелүүлэхэд нь бусад хүн санаа зовох шаардлагагүй болж, Ариун Сүнс тэдэн дээр үргэлж сахилгажуулах ажил хийх хэрэггүй болдог. Тэд үндсэндээ Бурханд захирагдаж чаддаг бөгөөд аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодолд үнэн оршиж байдаг. Энэ нь бүгд Бурхантай нийцэлтэй болсонтой тэнцэнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв зүйтэй, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ч бас ашиг тустай л юм хэлж байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь, та хоёрын харилцаа сайн, муу байх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол тэр онцлог шинжийн эхний тал юм. Юун түрүүнд чи үнэнийг болон зөв зүйтэй, үнэнтэй нийцдэг зүйлсийг хүлээн авч чадна. Өөр нэг тал нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Чи үнэнийг хүлээн аваад зогсохгүй, бас үүнийг эрж хайж чаддаг байх ёстой. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэн-зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг тал нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ? Энэ нь ямар үүрэг биелүүлж байгаагаас чинь, мөн үүнд Бурхан ямар шаардлага тавьдгаас хамаардаг. Чи энэ зарчмыг ухаарах ёстой: Үүргээ Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармай. Чи бас Бурханы хүслийг ойлгож, үүргийн чинь хүссэн үр дүн юу болохыг ойлгох ёстой, мөн хариуцлагатай, итгэлтэй байдлаар үйлдэж чаддаг байх ёстой. Энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи одоо хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, үнэндээ тэдгээрийн дагуу хэр сайн амьдарч байгаагаа тодорхойлж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулж байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхдээ чи зан чанарын өөрчлөлттэй хамаагүй, тэр хүрээнд нь байдаггүй зүйл бол гадаад талын сайхан зан авир болохыг, мөн зан чанарын өөрчлөлтийн талаар ярихдаа Бурхан юу яриад байсныг, Бурхан хүмүүсийн юуг өөрчлөхийг хүсдэгийг ойлгох ёстой. Хүмүүс эдгээр зүйлийг ойлгох ёстой. Зан чанарын өөрчлөлт гэж чиний боддог зүйл болон зан чанарын өөрчлөлт гэж Бурханы хэлдэг зүйл нь хоёр өөр зүйл, хоёр зам юм. Чиний оюун санаанд байгаа зүйл эцэстээ Бурханы хүсэлтэй нийцэхгүй. Зан чанарын өөрчлөлт гэж Бурханы хэлдэг зүйл нь хүн үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах замаар Бурханы хүсэл болон үнэн-зарчмын тухай ойлголтод хүрэх, мөн Бурханд захирагдаж, Бурханыг хүндлэх сэтгэлтэй болж, Бурханы талаар буруу ойлголтгүй болж, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд үнэн сэтгэлээсээ шүтэн мөргөдөг болох хүртлээ үнэн-зарчмын дагуу амьдран харуулах явдал юм. Бурханы ярьдаг зүйл нь хүний зан чанартай хамаатай зүйл юм; тэгэхээр хүмүүс зан чанарын өөрчлөлтийн талаар ярихдаа юуг хэлээд байдаг вэ? Тэд хүний зан авир сайжирсан, заль мэхгүй, ёс журамтай харагддаг, хэл яриа нь соёлтой, бусадтай харилцах харилцаандаа мөс чанартаа анхаардаг, ёс суртахууны стандарттай байхыг хэлдэг. Бурханы хэлдэг зүйл энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Хүмүүстэй холбоотой ч бай, юмстай холбоотой ч бай, бүх хөдөлгөгч хүч, үйлдлийн чинь цаадах зарчим, үнэлгээний стандарт чинь үнэнтэй нийцэх ёстой бөгөөд чи үнэн-зарчмыг эрж хайх ёстой. Ингэж байж л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Хэрвээ чи зан авирын стандартыг үргэлж хэмжүүр болгон ашиглаж, зан авирын гадаад өөрчлөлтөд үргэлж анхаардаг боловч завхарсан зан чанараа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаггүй бол Бурханы зөвт агаад ариун байдлын талаарх мэдлэгт хүрч чадахгүй, энэ тохиолдолд Бурханыг жинхэнээсээ хүндлэх сэтгэл чамд яаж төрөх юм бэ? Хэрвээ хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бол хэчнээн сайхан зан авиртай байлаа гээд Бурханд үнэхээр захирагдаж чадна гэсэн үг биш. Тиймээс хүнд хэчнээн олон сайхан зан авир байлаа гээд зан чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Урам зоригтой байх нь хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй, мөн хоосон сургаал ч үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг; тэд үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд харуулдаг завхралынхаа мөн чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүсийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгож авсан байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхралаа үргэлж харуулаад байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэний талаарх ойлголтоосоо үүдэн, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд өөрсдийнхөө илчилсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалаг авирлах, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэн-зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба орчин нөхцөл нь ямар ч байсан, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн авирлахаа ойлгодог. Зан чанар нь үнэхээр өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй; тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох ч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй бөгөөд аливааг харах тэдний үзэл бодол болон зарчимч үйлдлээр үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн хүний уг чанарын доторх зарим сатанлаг хор өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлсэн үнэн ийм хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанарын өөрчлөлтийг туулдаг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, биеэ тоосон зантай байснаа одоо ухаалгаар ярилцаж чаддаг болж, хэнийг ч сонсдоггүй байснаа одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж ийм байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн чухал зүйл бол дотроо тэдний амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатанлаг хор нь таягдан хаягдаж, үзэл бодол нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Энэ хүмүүс агуу улаан лууны явуулга болон хор яг юу болохыг харж чаддаг; амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэт зүйл өөрчлөгдсөн бөгөөд энэ нь хамгийн үндсэн гол өөрчлөлт, мөн зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн зүйл биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, бага зэрэг өөрчлөгдөж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи хэсэг зуур тохиромжтой орчин, таатай нөхцөл байдалд байснаас болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сэтгэл санааны байдал чинь тогтвортой, Ариун Сүнс ажиллаж байх үед чи хэрэгжүүлж чаддаг. Хэрвээ чи шалгалт туулж, шалгалтуудын үеэр Иовтой адил зовж байсан бол, эсвэл Бурхан өөрөөс нь үхэхийг шаардсан Петртэй адил байсан бол “Таныг мэдэж авсныхаа дараа би үхсэн ч гэсэн зүгээр” хэмээн хэлж чадах байсан уу? Зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй бөгөөд үнэнийг ойлгомогцоо чи орчин нөхцөл болгонд хэрэгжүүлээд байж чаддаггүй. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хүмүүс юунд үндэслэн амьдардаг байсан бэ? Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм. Гэхдээ зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг; тэд, хэрхэн утга учиртай амьдрах, хүн гэж нэрлэгдэхүйц байхын тулд хүний ямар үүргийг биелүүлэх, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг нь хүн байх гэдгийн суурь бөгөөд Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг үүрэг хариуцлага гэж боддог. Эс бөгөөс тэд хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй; амьдрал нь хоосон, утга учиргүй байна гэж тэд итгэдэг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэх цаг нь ирэхэд сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харамсахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг. Энэ хоёр өөр нөхцөл байдлыг харьцуулснаар сүүлчийнх нь зан чанараа өөрчилсөн хүн мөн гэдгийг харж болох бөгөөд тэр хүний амь зан чанар өөрчлөгдсөн тул амьдралын талаарх үзэл бодол нь гарцаагүй өөрчлөгдсөн. Тэрээр өөр үнэт зүйлстэй болсон тул ахин хэзээ ч өөрийнхөө төлөө амьдрахгүй бөгөөд дахин хэзээ ч ерөөл хүртэх зорилгоор Бурханд итгэхгүй. Тийм хүн: “Бурханыг мэдэж авсаныхаа дараа үхвэл миний хувьд үхэл гэж юу юм бэ? Хэрвээ би Бурханыг мэдэж чадвал утга учиртай амьдралаар амьдарч чадна, тэгээд хий дэмий амьдрахгүй, мөн ямар нэг харуусал тээн үхэхгүй; би ямар ч гомдолгүй байх болно” гэж хэлж чадна. Амьдралын талаарх өөрчлөгдсөн үзэл бодол энэ бус уу? Иймээс дотроо үнэнийг эзэмшиж, Бурханы талаарх мэдлэгтэй байх нь хүний амь зан чанарын өөрчлөлтийн гол шалтгаан юм; тийнхүү амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдөж, үнэт зүйлс нь урьдынхаас өөр болдог. Өөрчлөлт дотроос, хүний аминаас эхэлдэг; энэ нь гаднах өөрчлөлт төдий биш гэдэг нь лавтай. Зарим шинэ итгэгч Бурханд итгэж эхэлснийхээ дараа шашингүй ертөнцийг ардаа орхидог. Хожим нь шүтлэггүй хүмүүстэй тулгарах үедээ эдгээр итгэгч хэлэх үг багатай байдаг бөгөөд шүтлэггүй төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө бараг холбоо барьдаггүй. Шүтлэггүй хүмүүс: “Энэ хүн өөрчлөгдчихжээ” гэж хэлдэг. Тэгэхэд нь итгэгчид: “Миний зан чанар үнэхээр өөрчлөгдчихөж; энэ шүтлэггүй хүмүүс намайг өөрчлөгдсөн гэлээ” гэж боддог. Үнэндээ энэ хүний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн үү? Түүний харуулдаг зүйл гадаад талын өөрчлөлт төдийхөн байдаг. Түүний аминд ямар ч бодитой өөрчлөлт гараагүй бөгөөд сатанлаг уг чанар нь огт хөндөгдөлгүй, дотор нь үндэслэсэн хэвээр байдаг. Хүмүүс заримдаа Ариун Сүнсний ажлаас үүдэн урам зоригт автдаг; гадна талын зарим нэг өөрчлөлт гарч магадгүй, мөн тэд цөөн хэдэн сайн үйл үйлдэж магадгүй. Гэвч энэ нь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй адилгүй. Хэрвээ чамд үнэн байхгүй, аливаа зүйлийн талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй, бүр шүтлэггүй хүмүүсийнхээс ч ялгаагүй байдаг бол, үнэт зүйлс, амьдралын талаарх бодол чинь ч өөрчлөгдөөгүй бол, наад зах нь байх ёстой Бурханыг хүндлэх сэтгэл ч чамд байхгүй бол чи зан чанарын өөрчлөлтөд огтхон ч хүрээгүй байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Хүний амь зан чанарыг өөрчлөх эрэл хайгуулд хэрэгжүүлэлтийн зам энгийн байдаг. Хэрвээ бодит туршлагаараа чи Ариун Сүнсний одоогийн үгийг дагаж, Бурханы ажлыг туулж чаддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи Ариун Сүнсний хэлсэн бүхнийг дагаж, эрж хайдаг бол Түүнд дуулгавартай нэгэн бөгөөд зан чанарт чинь өөрчлөлт гарна. Хүмүүсийн зан чанар Ариун Сүнсний одоогийн үгээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсөн үеийн хуучин туршлага, дүрэм журамтай үргэлж зууралддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй. Ариун Сүнсний өнөөдрийн үг бүх хүнээс хэвийн хүн чанарын амьдралд орохыг шаарддаг ч чи гадна талын зүйлд төвлөрсөн хэвээр байж, бодит байдлын талаар төөрөлдөж, нухацтай авч үздэггүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадаагүй нэгэн, Ариун Сүнсний удирдамжийн замд ороогүй нэгэн юм. Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Завхралаа ариусгаж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвар чамд байх ёстой. Үнэнийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үгээр илчлэгдэх үедээ үүнийг хүлээн зөвшөөрч, эдгээр үгэнд захирагдана гэсэн үг; чи тэдгээрийг болзолгүйгээр, шалтаг тоочилгүйгээр, шилж сонголгүйгээр хүлээн зөвшөөрч, Бурханы хэлдэг зүйлд үндэслэн өөрийгөө мэдэж авдаг. Бурханы үгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ юм. Бурхан юу ч хэлсэн бай, Түүний айлдварын хэр их нь зүрх сэтгэлийг чинь сүлбэсэн ч бай, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чаддаг бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс дажгүй хүн чанартай байж болох ч үнэний тухайд мунгинуу байдаг бөгөөд үүнийг нухацтай авч үздэггүй. Хэдийгээр тэд цөөн хэдэн сайн үйл хийх чадвартай, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадаж, золиос гаргаж чаддаг байж болох ч зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Хүмүүс, амьдралын талаарх үзэл бодол, оршин тогтнолынх нь утга учир, үндэс суурь бүрмөсөн өөр болж, яс махандаа тултал өөрчлөгдөж, өөр хүн болох хүртлээ туршлагажих үед энэ нь гайхалтай байхгүй гэж үү? Энэ бол асар их өөрчлөлт, газар доргим өөрчлөлт билээ. Чи дэлхий ертөнцийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, эрх мэдэл болон алдар сууг сонирхохоо больж, эдгээрээс хялбархан татгалзаж чадах үедээ л хүний төрхтэй болно. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно; тэд үнэний төлөө, Бурханы төлөө, шударга зүйлийн төлөө амьдардаг. Энэ нь жинхэнэ хүний төрх юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн уг чанар хоорондоо төстэй, мөн ялгаатай гэдгийг хүн ойлгох ёстой”-ээс эш татав

Өмнөх: 45. Гэм буруугаа эргэцүүлэх зарчмууд

Дараах: 47. Өөрийгөө үнэхээр мэдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх