170. Бурханыг сэтгэл хангалуун байлгах зарчмууд

(1) Бурханы үгэнд үндэслэн өөрийнхөө завхралын үнэнийг ойлгох шаардлагатай. Завхарсан зан чанараа засахын тулд үнэнийг ашиглаж, үнэхээр гэмшиж, өөрчлөгд;

(2) Хүн Бурханаас юу ч гуйхгүй, мөн ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсэхгүйгээр ухамсартай, ухаалаг байх ёстой. Бүр эцсээ хүртэл Түүнд үнэнч үйлчлэл үзүүлж чаддаг байхаар л чармай;

(3) Бүтээгдсэн зүйлд тохирох байр сууринд зогс. Хүмүүст байгаа бүх зүйл Бурханаас ирдэг. Хүн болзол тавихгүйгээр, зөвтгөл хүсэхгүйгээр Түүний зохион байгуулалтад захирагдан амьдарч, насан эцэслэх ёстой;

(4) Бурханд итгэхдээ хүн үнэн, зан чанарын өөрчлөлт, Бурханыг гэх хайр, Түүний төлөө гэрчлэл хийх чадварыг эрэлхийлэх ёстой. Ингэснээр л хүн Бурханы хүслийг бүрэн хангаж чадна.

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр ганцхан Түүнд үнэнч байх ёстой ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэж чаддаг байх ёстой. Гэвч, хэдийгээр хүн бүр энэ сургаалыг ойлгодог боловч хүний элдэв төрлийн бэрхшээлээс болоод—жишээ нь, мэдлэггүй байдал, мунхаглал, завхралаас нь болоод эдгээр хамгийн илэрхий, хамгийн үндсэн үнэн хүнээс бүрэн харагддаггүй тул төгсгөлийг чинь шийдэхээсээ өмнө Би та нарын хувьд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлж өгөх учиртай. Намайг үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярья.

Нэгдүгээрт, та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт та нар Бурханы гэрийн гишүүн гэж тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бүх зүйл дээр Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийн гишүүн гэж тоологдож чадахгүй. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдэг нь энэ юм.

Хоёрдугаарт, Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ…

Та нарт Миний хэлэхийг хүсдэг гурав дахь зүйл бол энэ: Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл аминд чинь ашиг тустай бөгөөд Түүний үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлмээр байгаа зарим зүйл чамд байдаг ч үүнийг хэлэх нь буруу, ингэж хэлэх нь ах, эгч нарт ашиг тусгүй, тэднийг гомдоож болзошгүй гэж санагдвал чи үүнийг хэлэхгүйгээр дотроо шаналахыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүсэлд нийцэж чадахгүй. Энэ үед чиний дотор тэмцэл өрнөх боловч чи хайртай зүйлээ орхиж, шаналахад бэлэн байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байна, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй, Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд ийм төлөөсийг Бурхан хүсдэг. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон, хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн ямар ч хэрэггүй байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно. Хэрвээ чи ингэж чадахгүй бол гэр бүлийнхээ гишүүд, ах эгч нарынхаа дунд, эсвэл дэлхийн хүмүүсийн өмнө гэрчлэл хийдэггүй. Хэрвээ чи Сатаны өмнө гэрчлэл хийж чадахгүй бол Сатан чамайг шоолон инээж, чамайг доог тохуу, тоглоом мэт үзэх болно, тэр үргэлж чамайг шоглож, ухаан мэдрэлийг чинь алдуулна. Ирээдүйд агуу шалгалт чамд тулгарч болзошгүй боловч өнөөдөр хэрвээ чи Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг бол, өмнө чинь хэчнээн агуу шалгалт байгаа нь хамаагүй, чамд юу тохиолдохоос үл хамааран, гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол зүрх сэтгэл чинь тайвширч, ирээдүйд хэчнээн агуу шалгалттай тулгарсан ч чи айхгүй. Ирээдүйд юу тохиолдохыг та нар харж чадахгүй; өнөөдрийн нөхцөл байдалд л та нар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Та нар ямар нэгэн агуу ажил хийх чадваргүй бөгөөд бодит амьдрал дээр үгийг нь туулснаар Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулах хүчтэй, цангинасан гэрчлэл хийхэд анхаарах ёстой. Хэдийгээр махан бие чинь сэтгэл хангалуун бус үлдэж, зовж шаналсан ч чи Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг ичгүүрт оруулсан байх болно. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхан өмнөх замыг чинь нээж өгнө. Нэг л өдөр агуу шалгалт ирэхэд бусад хүн доош унах боловч чи бат зогсох чадвартай хэвээр байна: Төлсөн төлөөснөөс чинь болж Бурхан чамайг хамгаалах учраас чи бат зогсож, доош унахгүй байж чадна. Ерөнхийдөө чи үнэнийг хэрэгжүүлж, Өөрийг нь үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг бол хожмын шалгалтуудын үеэр Бурхан чамайг гарцаагүй хамгаална. Чи мунхаг агаад биеийн хэмжээ бага, дорд хэв чанартай байсан ч Бурхан чамайг ялгаварлан гадуурхахгүй. Чиний санаа бодол зөв эсэхээс энэ нь хамаардаг. Өнөөдөр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна, ингэхдээ чи хамгийн өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн анхаарал хандуулж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлтэй байж, чин зүрх сэтгэлээ Бурханд өгдөг бөгөөд ойлгож чадахгүй зарим зүйл байсан ч чи санаа бодлоо зөв болгож, Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө ирж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж чаддаг. Магадгүй ах эгч нар чинь чамайг хаяж болох ч зүрх сэтгэл чинь Бурханыг сэтгэл хангалуун болгож, чи махан биеийн жаргалд шунахгүй. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар хэрэгжүүлбэл агуу шалгалтууд чам дээр ирэх үед хамгаалагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Хүн Өөрт нь дуулгавартай байхыг Бурхан онцгойлон эрхэмлэж, Өөрийнх нь талаарх хүний ойлголт болон Өөрт нь хандах чин сэтгэлийг нандигнадаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их нандигнадаг вэ? Тэр үүнийг хэр их нандигнадгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгох нэг ч хүн байхгүй байж ч магадгүй юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болоход нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Абрахамаас шаардсан. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагаж, Бурханы үгийг дуулгавартай дагасан бөгөөд түүний чин сэтгэл Бурханыг уярааж, Бурханд эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр үүнийг яагаад эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй байхад Абрахам тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэл ханамжийг мэдрүүлж, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэлийн ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн зүйлээс ирсэн бөгөөд энэ бол хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил”, мөн хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн зүйл байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хэцүү бэрх цагийг туулсан бөгөөд үүнийг Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Өөрийнх нь хүчин чармайлт болон Өөрийнх нь төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулж, хүн төрөлхтөнд найдвар бий гэдгийг харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээсээ хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүнийг бүр ч илүү ихээр эгээрэн хүсэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэхэд Абрахамынх шиг тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж Тэр хүссэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

…Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний зохицуулалтад захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурхан чамаас юу хүсдэг нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, харин хүний үүрэг бол Бурханы бүх удирдамжийг ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартай дагах явдал юм. Бурханы ажиллаж, амьдардаг байдлаас үл хамааран хүн биелүүлэх ёстой зүйлдээ хүрэх л ёстой. Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирдог. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй бөгөөд бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ бол хүний эзэмших ёстой эрүүл ухаан юм. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхмаар үүнийг туулах шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан байх үед хүн Бурханы шаарддаг зүйлийг мөн л хийгээгүй байвал шийтгүүлэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлдэггүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг. Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, үүргээ биелүүлж чаддаггүй бүх хүн шийтгүүлнэ. Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Одоо та нар, дотор чинь Надаас урвах урвалт хэр их үлдсэнийг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжлэх ёстой. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Надтай харьцахдаа хуумгай бүү бай. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ Би ямар нэг юм хийнэ гэж хэлсэн бол гарцаагүй хийнэ. Би та нар дор бүрнээ Миний үгийг нухацтай авч үздэг хүмүүс байж, тэдгээрийг шинжлэх ухааны зөгнөлт зохиол мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна. Би та нараас төсөөлөл биш, бодитой үйлдэл л хүсдэг. Дараа нь та нар Миний энэ асуултуудад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч мөн бол хайнга, сөрөг байдлын ямар ч элементгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Чамайг хэзээ ч үнэлж байгаагүйг минь олж мэдэх юм бол чи насан туршдаа үлдээд, Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Чамайг ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн Би чамд тун хүйтэн хөндий хандсаар байвал анзаарагдалгүйгээр Миний төлөө үргэлжлүүлэн ажиллаж чадах уу? 4. Чамайг Миний төлөө зарлага гаргасны дараа Би ялихгүй хүсэлтийг чинь биелүүлдэггүй бол чи сэтгэлээр унаж, Надад урам хугарах уу, эсвэл бүр уурсан хилэгнэж, хараал зүхэл хашхирах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу? 6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ? 7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүлт хийж, дүгнэлт гаргадаггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байх зуур чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг эрхэмлэн нандигнаж чадах уу? 10. Чи ямар нэг юм хүлээн авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн, Миний үнэнч дагалдагч байж чадах уу? 11. Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу? Эдгээр асуулт та нарт тавих Миний сүүлчийн шаардлагыг төлөөлдөг бөгөөд та нар бүгд Надад хариулт өгч чадна гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

Өмнөх: 169. Бурханыг үнэхээр хайрлах зарчмууд

Дараах: 171. Бурханы хайрыг мэдэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх