23. Бурханы хүслийг ухаарахаар эрж хайх зарчмууд

(1) Хүнд Бурханы тавьдаг шаардлагаас үнэнийг эрж хайхдаа Бурханы үгийг ашиглах ёстой. Бат бөх байр суурийг ол, хүний үзэл, төсөөлөлд хэзээ ч бүү удирдуул;

(2) Хүн Бурханы талаар үзэл, буруу ойлголттой байх үедээ үүнийгээ шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байх ёсгүй. Хүнд үнэн байхгүй, харин завхрал л бий;

(3) Үнэн-зарчимтай, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд дээр үнэнийг ойлгохоор эрж хайж, хүний үзэл, төсөөллийг засаж залруул. Ингэснээр л хүн Бурханы хүслийг үнэн зөв ухаарч чадна;

(4) Шалгалт, цэвэршүүлэлтийн дунд хүн Бурханд залбирч, Бурханы хүсэл болон шаардлагыг ойлгохоор эрж хайх ёстой. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсдог бол.

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос эш татав

Үнэний талаарх ойлголт чинь та нарын нөхцөл байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, юмс болон зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь нэлээд муйхар арга бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон болон тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулж амссан зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь чи өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан хүний ертөнцөд биечлэн Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байлаа. Тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг хүртэж чадахгүй байх байв. Хэрвээ Бурхан ажиллаж эхлэхгүй бол хүн хэчнээн сайн ажиллалаа ч гэсэн, бүгд хий дэмий болно, учир нь Бурханы бодол үргэлж хүний бодлоос дээгүүр байх ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “бүрэн ойлгодог” гэж хэлдэг хүмүүс бол чадваргүй хүмүүс гэж Би хэлдэг; тэд бүгд биеэ тоосон, мунхаг байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; түүнчлэн, хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол хүн шоргоолж шиг өчүүхэн юм; тэгэхээр хүн яаж Бурханы ажлыг ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” хэмээн чалчих дуртай хүмүүс биеэ тоосон байдалтай ярьж байгаа бус уу? Махан биетэй хүнийг Сатан завхруулсан гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь хүн төрөлхтний уг чанар юм. Хүн төрөлхтөн Бурхантай эн зэрэгцэж чадахгүй, Бурханы ажилд зөвлөгөө өгч бүр ч чадахгүй. Бурхан хүнийг хэрхэн залж чиглүүлдгийн тухайд бол, энэ нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн ийм, тийм гэсэн үзэл бодол илэрхийлэлгүйгээр захирагдах ёстой, учир нь хүн бол тоос шороо төдий билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар зорьж байгаа тул Бурханыг бодолцож үзэг гэсэндээ Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай Бурханы ажлыг зориуд эсэргүүцэхийн тулд завхарсан зан чанараа чадлынхаа хэрээр ашиглах ёсгүй. Тэгвэл бид антихристүүд болох бус уу? Тийм хүмүүс яаж Бурханд итгэж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрэлхийлэх ёстой ба Бурхантай нийцэлтэй байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй. Тийм үйлдлээс ямар сайн үр дагавар гарах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Хүмүүс үүргээ яаруу сандруу биелүүлдэг болмогцоо хэрхэн туулахаа мэдэхээ больдог. Ажил хэрэг гээд завгүй болмогц тэдний сүнслэг байдал төвөгтэй болж, хэвийн нөхцөл байдлаа хадгалах чадвараа алддаг. Яагаад ийм байдаг юм бэ? Хэрэв чамаас жаахан ажил хийхийг гуйвал чи эрээ цээргүй, цадиггүй, Бурханд хандах хүсэлгүй, Бурханаас хол хөндий болдог. Хүмүүс хэрхэн туулахаа мэддэггүйг энэ нь нотолдог. Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой. Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойр дотно болдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж “Бурханд талархъя” гэж хэлдэг боловч юм хийж байх үедээ өөрийн хүссэнээр хийсээр байвал ийм төрлийн талархал нь зүгээр л гаднах үйлдэл юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойр дотно болох явдал, улмаар өөрийн үйлдэл, мөн түүнчлэн Бурханы хүслийн ар дахь зарчим, үнэнийг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй байх явдал юм. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг. Ойрд хүмүүс аливаа зүйлтэй таарах болгондоо бодит нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрсдийгөө ийм тийм юм хийж чадна гэж боддог тул зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй бөгөөд үүнийгээ өөрсдийн хүслээр хийдэг. Тэдний үйл ажиллагааны чиглэл зохистой эсэх, үнэнтэй нийцдэг эсэхээс үл хамааран тэд зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ихэвчлэн Бурхан тэдний зүрх сэтгэлд байгаа мэт санагддаг боловч аливааг хийх үед нь Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаггүй. “Би хийдэг зүйлдээ Бурханд ойртож чадахгүй байна. Урьд нь би шашны зан үйл үйлдэж дассан байсан, тэгээд Бурханд ойртох гэж хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Би Бурханд ойртож чадаагүй” гэж зарим хүн хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?

Чамайг тодорхой нэг зүйл хийх үед Бурхан маш сэтгэл ханамжгүй байсан. Тийм зүйл хийх гэж байхдаа чи Бурханд залбирсан уу? “Энэ асуудлыг Бурханы өмнө аваачсан бол Бурхан юу гэж үзэх байсан бол? Бурхан энэ талаар мэдсэн бол баярлах болов уу, уцаарлах болов уу? Үүнийг жигших юм болов уу?” гэж чи ер нь тунгаан бодож үзсэн үү? Чи үүнийг эрж хайгаагүй, тийм биз? Бусад хүн чамд сануулсан ч гэсэн чи тэр асуудлыг сүртэй юм биш, ямар ч зарчмаас зөрөөгүй, нүгэл биш гэж бодсоор л байх байсан. Үүнээс үүдэн чиний хийсэн зүйл Бурханы зан чанарт халдаж, Бурханыг асар их уурлуулж, тэр ч бүү хэл чамайг үзэн ядахад хүргэсэн. Хэрвээ чи үйлдэхээсээ өмнө тухайн асуудлыг эрж хайж, шинжилж, тодорхой харсан бол энэ тухайд барьцтай болох байсан биш үү? Заримдаа хүмүүс сайнгүй байдалд байлаа ч гэсэн хийхээр төлөвлөж байгаа бүх зүйлээ судалж, эрж хайхын тулд Бурханы өмнө нухацтайгаар аваачих юм бол ямар нэг томоохон алдаа гаргахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөх ёстой. Хэрвээ тухайн асуудлыг хэн ч тодорхой харж чадахгүй байх шиг байвал чи хамгийн боломжийн шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л үүнийг тодорхой харалгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь хэргийг хөнгөрүүлж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд “Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?” гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Бурхан энэ явдлыг сонсоод, “Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай” гэж хэлж чадах уу? Чи өөрт тулгардаг асуудал болгоноо анхааралтай шинжилж чаддаг уу? Нэг бүрд нь нухацтай, нягт нямбай хандаж чаддаг уу? Аль эсвэл үүнийг хийж байгаа байдлыг чинь Бурхан үзэн яддаг эсэх, чиний арга барилыг бусад бүх хүн юу гэж боддог, мөн үүнийг өөрийнхөө хүсэлд тулгуурлан, хүслээ хангахаар хийж байгаа эсэхээ тунгаан бодож чаддаг уу…? Чи энэ талаар илүү их бодолхийлж, эрж хайх ёстой ба алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи үнэний шаарддаг чиглэлийн дагуу аливааг хийж байгаа билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Чи юу ч хийсэн бай, үүнээс үнэнийг эрж хайж, дуулгавартай байж сурах ёстой. Үнэний дагуу үйлдэж байгаа цагт чи зөв үйлдэж байна. Үүнийг хэлсэн хүн нь хүүхэд ч бай, эсвэл хамгийн нүдэнд өртөмгүй залуухан ах, эгч нар ч бай, тэдний хэлдэг зүйл үнэнтэй нийцэж байгаа цагт хийж буй зүйл чинь сайн үр дүнтэй байж, Бурханы хүсэлд нийцнэ. Асуудлыг зохицуулах нь чиний эрмэлзэл, үүнийг зохицуулдаг зарчмаас чинь хамаарна. Хэрвээ чиний зарчим хүний хүслээс төрөн гардаг бол, хэрвээ хүний бодол, үзэл, төсөөллөөс гардаг бол, эсвэл хүний сэтгэл хөдлөл, үзэл бодлоос гардаг бол эх сурвалж нь буруу байх учраас асуудлыг зохицуулах чинь буруу байх болно. Чиний үзэл бодол үнэний зарчимд үндэслэж, асуудлыг үнэн-зарчмын дагуу шийдвэрлэхэд чи тухайн асуудлыг зөв шийдвэрлэх нь дамжиггүй. Заримдаа бусад хүн уг асуудлыг шийдвэрлэж байгааг чинь тэр үед хүлээн зөвшөөрч чадахгүй байх бөгөөд тийм үед тэд өөрсдийн үзэлтэй байгаа мэт, зүрх сэтгэл нь амархан тавгүйтдэг мэт санагдаж болзошгүй. Гэвч, хэсэг хугацааны дараа чиний зөв гэдэг нь батлагдана. Бурханы хүсэлтэй нийцдэг асуудлууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам сайн харагдана; харин Бурханы хүсэлтэй нийцдэггүй асуудлууд буюу хүний хүсэлтэй нийцдэг, хүний үүсгэсэн асуудлуудын үр дүн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дордож, бүгд тийм болох нь батлагдана. Үйлдэх үедээ чи хэний зам чамайг залж чиглүүлэх ёстой, ёсгүй талаар бүү санаа зов, таамаглал бүү гарга. Юун түрүүнд чи эрж хайж, залбирах ёстой, дараа нь урагшлах замаа мэдэрч, хүн бүртэй хамт нөхөрлөх ёстой. Нөхөрлөлийн зорилго юу вэ? Энэ нь, аливааг Бурханы хүслийн дагуу нягт нямбай хийж, Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэх боломжийг хүнд олгодог. Ингэж хэлэх нь арай жаахан сүртэй тул энэ нь үнэн-зарчмын дагуу асуудлыг нарийн нямбай шийдвэрлэх боломж олгодог гэж хэлье—ингэвэл арай илүү бодитой юм. Үүнд хүрч чадахад л хангалттай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Загалмайд цовдлуулахынхаа өмнө Эзэн Есүс залбирал хэлсэн. Яг юу гэж хэлсэн билээ? (“Хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч: гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог.” “Хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг” [Матай 26:39, 42].) Бүтээгдсэн хүн төрөлхтний гишүүний хувиар хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй учраас ийм эрж хайх үйл явцыг бүгд туулах ёстой. Энэ бол хэвийн үйл явц юм. Гэхдээ хэрхэн эрж хайх чинь хамаагүй, эрж хайх үйл явц хэчнээн урт удаан, хүнд бэрх, хэцүү байх нь хамаагүй, бүр эхнээсээ Бурханы хийхээр шийдсэн юу ч, хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй, бас Тэр хэзээ ч үүнийг өөрчлөхөөр шийдэж байгаагүй. Хүмүүс эрж хайж, хүлээж болно, мөн үнэндээ юу үнэн зөв болох талаар ойлгож, мэдэж, тодруулах үйл явцыг Бурхан хүмүүст зөвшөөрдөг боловч Тэр нэг ч шийдвэрээ хэзээ ч өөрчлөхгүй. Тиймээс чамд тохиолддог зүйлс санамсаргүй тохиолддог, эсвэл гай гамшиг, гарцаагүй үхлээс ямар нэгэн байдлаар мултарсан чинь сохор аз, тохиолдлын хэрэг юм гэж чи бодох ёсгүй. Тийм биш. Хамгийн томоос хамгийн бага хүртэл, энгийн нүдээр харж болох зүйлээс өчүүхэн жижиг хүртэл, бүтээгдсэн хүн төрөлхтнөөс бүр бичил биетэн хүртэл бүтээгдсэн зүйл болгонд зориулан урьдаас тогтоосон төлөвлөгөө, тодорхой зохицуулалт Бурханд байдаг. Бүтээгчийн бүтээсэн зүйл энэ юм. Өвчин туссан зарим хүн, зарим нэг үйл ажиллагаанаас болж ядарсны улмаас, эсвэл санаандгүй буруу зүйл идсэний улмаас өвдсөн гэж хэлдэг. Тийм шалтгаан бүү хай; ингэх нь бүгд сөрөг, эсэргүүцсэн хандлага юм. Чамд зориулан Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, зүйлстэй чи эергээр нүүр тулах ёстой. Бодит шалтгаан хайх хэрэггүй; харин энэ үйл явдалтай чамайг учруулсан Бүтээгчийн хүсэл, хандлага яг юу болохыг, бүтээгдсэн зүйлийн хувиар үүнд ямар хандлагаар хандах ёстойгоо эерэг талаас нь ойлгох хэрэгтэй; чиний эрж хайх ёстой зам энэ юм. Хүн амьд гарвал тэр нь хэзээ ч санамсаргүй байдаггүй, бас зайлшгүй ч байдаггүй; Бүтээгчийн зохицуулалт, санаа зорилго, дээд эрх тэнд үргэлж байж байдаг. Юу ч хоосон биш. Бурханы үг, Түүний хүсэл, үнэн бүгд хоосон гэж чи бодож байна уу? Тийм биш! Хүмүүс Бурханы хүслийг ухаараагүй байхдаа тодорхой үзэл, төсөөлөлтэй байх талтай бөгөөд тэрхүү үзэл, төсөөлөл нь тун зөв мэт, Бурханы хүсэл байх ёстой мэт санагддаг. Үнэндээ Бурханы өнцгөөс бол огтхон ч тийм байдаггүй. Хүмүүс “Миний энэ бодол зөв; би маш их итгэлтэй, Бурханыг хүндэлдэг. Би захирагдсан; би Түүнийг хайрладаг” гэж боддог. Үнэндээ, Бурхан чиний энэ бодол, үйлдлийг огт анхаарч үздэггүй. Өөрийнхөө зөв гэж бодохдоо чи үнэндээ үнэнийг огт ойлгоогүй, бас олж аваагүй байдаг. Энэ бүхнийг ухан ойлгож, эцсийн дүндээ Бүтээгчийн дээд эрх, зохицуулалт, урьдчилан тогтоосноор бүх зүйл хийгддэг гэх бодит баримтыг ухаармагц чамд тулгарсан бүхний үр дүн үнэхээр гарна, тэр үед л чи Бурханы хүсэлд үнэхээр нийцэж, тэр үед л үүнийг үнэхээр ойлгоно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Хэрвээ итгэгчийн үйлдэл үнэнтэй холбоогүй бол тэрээр үл итгэгчтэй адил юм. Ийм хүн бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг орхидог хүн бөгөөд тийм хүн эзнийхээ төлөө зарим нэг хар бор ажил хийж, багахан төлбөр аваад яваад өгдөг, Бурханы гэр дэх хөлсний ажилчин шиг байдаг. Энэ бол Бурханд итгэдэг хүн ер биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чи юу хийж болохыг өмнө нь дурдсан. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно. Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн үүргээ биелүүлэх нэрийдлээр тодорхой нэг хувийн ажил хэргээ явуулдаг. Ах эгч нар нь үүнийг зохисгүй гэж үзэж, өөрсдийг нь зэмлэдэг ч энэ хүмүүс буруушаалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чуулганы ажил, санхүү, хүмүүсийг оролцуулаагүй хувийн асуудал байсан учраас үнэний цар хүрээг зөрчсөнд тооцогдохгүй, Бурхан энэ асуудалд оролцох ёсгүй гэж тэд боддог. Та нарт зарим зүйл ямар нэг зарчим юм уу үнэнтэй хамаагүй хувийн асуудал мэт санагдаж магад. Гэхдээ хийсэн зүйлийг чинь харахад, чи Бурханы гэр бүлийн ажлыг бодолцож, хийсэн зүйл чинь ямар нөлөө үзүүлэхийг огт харгалзан үзээгүй учраас маш аминчхан аашилсан; чи гагцхүү өөрийнхөө ашиг тусыг бодолцож байж. Энэ нь угаасаа ариун хүмүүсийн ёс зүй, түүнчлэн хүний хүн чанартай холбоотой асуудлыг хамардаг. Чиний хийж байсан зүйл чуулганы ашиг сонирхолтой ч, үнэнтэй ч хамаагүй байлаа гэсэн үүргээ биелүүлэх нэрийдлээр хувийн асуудлаа зохицуулах нь үнэнтэй нийцдэггүй. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Өмнөх: 22. Үнэнийг эрэлхийлэх зарчмууд

Дараах: 24. Үнэнийг эрж хайх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх