157. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байх зарчмууд

(1) Бурханы өмнө үргэлж тайван байж, Түүний үгийг идэж, ууж, үнэнийг эрэлхийлж, бүх хэрэг явдлыг Түүний үгэнд үндэслэх шаардлагатай. Ингэснээр л хүн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч чадна;

(2) Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байх шаардлагатай, мөн Ариун Сүнснээс ирдэг бүх засалт харьцалт, сахилгажуулалт цохилт, шалгалт цэвэршүүлэлтийг хүлээн авч, дуулгавартай дагах шаардлагатай;

(3) Ариун Сүнсний ашигладаг хүний ажлын зохицуулалтыг, мөн түүний нөхөрлөл, номлолыг хүлээн авч, дуулгавартай дагах шаардлагатай, учир нь эдгээр нь Ариун Сүнсний ажлын нэг хэсэг юм;

(4) Нөхөрлөл нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтээс ирдэг, үнэнтэй нийцдэг л бол ямар ч түвшний удирдагч, ажилчид болон ах эгч нарынхаа нөхөрлөлийг дуулгавартай дагах шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

“Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрдөг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй. Энэ бүхэн нь Бурханы ажлаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтоос, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан үг хэлж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөснөөс болж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дур зоргоороо тэрсэлдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдтай бөгөөд эрчтэй урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ таягдан хаягдах болно; сайн дураараа дуулгавартай байдаг, дуртайяа өөрсдийгөө даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд хэрхэн захирагдахыг, мөн өөрийн үзлийг хэрхэн хаяхыг та нар бүгдээрээ сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологдож, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж, хүн учраа олохоо больсон ба үүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг хазаарлаж байдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханы талаарх хүний мэдлэгт дайсагнаж байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ дуулгавартай биш, бас үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй байх нь аюултай байдаг. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн ч бас алхам алхмаар гүнзгийрч, өөрчлөгдөж байх ёстой. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс л анхны ажлынх нь дунд үлддэг ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлдэггүй бол өнөөдрийн ажлаас гарцаагүй салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай нийцэхгүй нь гарцаагүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлж ердөө чадахгүй, эцэстээ Бурханы гэрчлэлд зогсох хүмүүс болж бүр ч чадахгүй. Түүнчлэн бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болж чадахгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрддөг байсан хүмүүс, нэг үе загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд гэвэл, эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол хийсэн бүхэн нь хий дэмий, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь амьдралтай ойрхон бөгөөд өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцдэг. Хэдий тэд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралддаг ч Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгаа, өмнөх эрин үед хэрхэн хэрэгжүүлж байсан, өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яагаад эхнээс нь дуустал ингэж их яриад байна вэ? Ариун Сүнсний ажил байнга урагшилдгаас болж хүний хэрэгжүүлэлт дэх ийм хуваагдлыг үргэлж ярьдаг, тиймээс хүний хэрэгжүүлэлт ч бас байнга өөрчлөгдөх шаардлагатай. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр үлдвэл Бурханы шинэ ажил болон шинэ гэрэлтэй хөл нийлүүлэх чадваргүйг энэ нь нотолдог; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотолдоггүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс буюу өөр бүлэг хүмүүс рүү Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөрт өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажиллаж байгаа ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Ариун Сүнсний ажил янз бүр байдаг бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Ариун Сүнсний ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг; өөр өөр мөн чанарыг харуулдаг; мөн эрин үе, түүнчлэн улс орноор ялгаатай байдаг. Мэдээж Ариун Сүнс олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг хэдий ч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр өөр байдаг; өөр өөр хүмүүс дээр хийдэг бүх ажил нь зарчимтай байдаг ба бүгд өөрсдийнхөө байны мөн чанарыг төлөөлж чаддаг. Учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд ажил хийгдэж буй хүмүүсийн хэв чанарын дагуу ажил ч бас ялгаатай байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд энэ нь хүмүүс дээр хийгддэг ажлаас өөр. Товчхондоо, ажил яаж хийгддэг нь хамаагүй, өөр өөр объект дээр хийсэн ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байр байдал, уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс төрөлх мөн чанарт нь үндэслэн өөр өөр хүмүүс дээр ажилладаг бөгөөд тэрхүү мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, төрөлх хэв чанараас нь давсан ажлыг ч тэдэн дээр хийдэггүй. Иймээс, хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажил нь тэрхүү ажлын байны мөн чанарыг харах боломжийг хүмүүст олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; төрөлхийн хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийн хэв чанарын хязгаарлалтад нийцүүлэн хүмүүсийг ашиглаж, эсвэл тэдэн дээр ажилладаг болохоор хүмүүс ашиг тусыг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үед тэр хүмүүсийн бүхий л авьяас чадвар, төрөлхийн хэв чанар юу ч үлдэлгүйгээр гарч ирдэг. Тэдний төрөлхийн хэв чанар тухайн ажилд үйлчлэхэд хэрэглэгддэг. Тэрхүү ажлаар үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн ашиглаж болох хэсгүүдийг ажилдаа ашигладаг гэж хэлж болох юм. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлдэг бөгөөд хүний оюун санаа, бодол холилдоогүй; хүний авьяас билиг ч, хүний туршлага ч, эсвэл төрөлхийн нөхцөл байдал ч үүнд хүрч чадахгүй. Ариун Сүнсний тоймгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулах учиртай. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад бусад нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэст нь таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг хэдий ч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрмөсөн төгс болгуулна гэж хэлж болохгүй, учир нь олон хүний эрэл хайгуулдаа дагадаг зам нь төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний нэг талын ажил л байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа ч, зөв эрэл хайгуул ч байдаггүй. Тиймээс, энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчилж эхэлдэг. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж чадахгүй, өөрсдөө үүнд шууд хүрч ч чадахгүй. Харин ажиллах авьяас билигтэй хүмүүс л үүнийг илэрхийлж чаддаг ба хүмүүсийн илэрхийлдэг илэрхийллээр дамжуулан Ариун Сүнсний ажлыг дагалдагчдад өгдөг гэсэн үг юм.

Ариун Сүнсний ажил нь олон янзын хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр юм. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь өөр төрлийн олон хүнээр дамжин гүйцэлддэг; ганцхан хүн үүнийг бүрэн биелүүлж чадахгүй, ганцхан хүн бүрмөсөн илэрхийлж ч чадахгүй. Чуулгануудыг удирддаг хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чадахгүй; тэд зарим нэг удирдах ажлыг л хийж чадна. Тиймээс Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Бурханы Өөрийн ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагддаг хүмүүсийн ажил нь Бурханыг ажлаа хийсний дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчийг удирдан хөтлөх явдал бөгөөд тэд бол Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах буюу Өөрийн бүхий л удирдлага болон гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгох явдал юм. Энэ гурван хэсэг нь хамтдаа Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил боловч Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын ажил тэр чигтээ зогсонги байдалд орно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Хүн доторх Ариун Сүнсний замын эхний алхам нь юун түрүүнд хүний зүрх сэтгэлийг хүмүүс, үйл явдал, юмсаас татаж авч, Бурханы үгэнд оруулж, улмаар Бурханы үг ямар ч эргэлзээгүй, тэр чигтээ үнэн гэдгийг хүний зүрх сэтгэлд итгүүлэх явдал юм. Чи Бурханд итгэдэг бол Түүний үгэнд итгэх ёстой; Бурханд олон жил итгэснийхээ дараа Ариун Сүнсний сонгосон замыг мэдэхгүй хэвээр байдаг бол чи үнэхээр итгэгч мөн үү? Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна”-аас эш татав

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй. Энэ тал дээр туршлага хараахан дутмаг байгаа та нарын хувьд санаа бодол чинь ажилд чинь арай их холилддог. Заримдаа, чи Ариун Сүнснээс дотор чинь ирж буй гэгээрэл эсвэл удирдамжийг ойлгохгүй байж магадгүй; зарим үед чи үүнийг ойлгож байгаа мэт харагдавч үл ойшоох магадлалтай байдаг. Чи үргэлж хүний арга барилаар төсөөлөх юм уу дүгнэж, Ариун Сүнсний санаа зорилгыг огт тоолгүйгээр зохистой гэж бодсоноороо үйлддэг. Чи гагцхүү өөрийн санаа бодлын дагуу ажлаа хийж, Ариун Сүнснээс ирсэн аливаа гэгээрлийг хойш тавьдаг. Ийм нөхцөл байдал олонтоо тохиолддог. Ариун Сүнс дотроос залж чиглүүлэх гэдэг огтхон ч ер бусын биш; үнэндээ энэ нь маш хэвийн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдэх зүй ёсны арга зам, хамгийн сайн арга зам гэдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Ийм бодол үнэндээ нэлээд тодорхой байдаг; энэ нь эргэцүүллээс чинь үүдэн гараагүй, харин зүрх сэтгэлийн чинь гүнээс төрсөн нэг төрлийн мэдрэмж байсан бөгөөд заримдаа чи юунаас болж ингэснээ бүрэн ойлгодоггүй. Энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл л байдаг бөгөөд ихэнх хүнд хамгийн түгээмлээр ингэж тохиолддог. Хүний өөрийнх нь санаа үргэлж бодол эргэцүүллээс үүдэн гардаг бөгөөд бүгдэд нь хувийн хүсэл болон хувийн ашиг хонжоо олж болох ямар талбарууд байгаа, ямар нэгэн зүйл өөрт нь ямар давуу талтай байж болох талаарх санаа холилдсон байдаг; хүн болгоны шийдвэрт ийм зүйлс байдаг. Харин Ариун Сүнсний удирдамжид ийм хольц яавч байдаггүй. Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлд сайтар анхаарал хандуулах нь чухал; ялангуяа гол асуудлуудыг ухаж ойлгохын тулд нягт нямбай байх ёстой. Тархиа ашиглаж, өөрийн санаагаар үйлдэх дуртай хүмүүс ийм удирдамж, гэгээрлийг анзаарахгүй өнгөрөх хамгийн өндөр магадлалтай байдаг. Шаардлага хангасан удирдагч, ажилчид Ариун Сүнсний ажилд анхаарал хандуулдаг. Ариун Сүнсийг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханаас эмээж, үнэнийг эцэлт цуцалтгүй эрэлхийлдэг. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнд зохих ёсоор гэрчлэл хийхийн тулд хүн өөрийнх нь ажилд хольц, санаархлын элемент байгаа эсэхийг судлаад, дараа нь ажлын хэр их нь хүний санаанаас сэдэл авдаг, хэр их нь Ариун Сүнсний гэгээрлээс төрдөг, хэр их нь Бурханы үгтэй нийцэж байгааг харахаар хичээх хэрэгтэй. Чи байнга, бүхий л орчин нөхцөлд үг, үйлдлээ шинжлэх ёстой. Байнга ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханд үйлчлэх зөв замд орно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Өмнөх: 156. Бурханд дуулгавартай байх зарчмууд

Дараах: 158. Бурханы үг-үнэнийг дуулгавартай дагах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх