131. Бусдад эрх тэгш хандах зарчмууд

(1) Бүх хүн, үйл явдал, зүйлд Бурханы үг-үнэний дагуу хандах шаардлагатай. Үнэний зарчмыг баримтлан бусдад хандах нь л Бурханы хүсэлд нийцдэг;

(2) Бусдын давуу болон сул талд зүй зохистой ханд. Хүмүүсээс хэт их зүйл бүү нэх, чадахаас нь илүү зүйл бүү шаард, мөн тэднийг хэт өндрөөр бүү үнэл, мөн бүү басамжил;

(3) Бурханы сонгосон хүмүүст хайр энэрэлтэй бай. Бусдад хандахдаа сэтгэл хөдлөлдөө бүү авт, мөн өрөөсгөл хандлага бүү өвөрлө, тэднийг дур зоргоороо бүү хязгаарла. Хөгжлийн өнцгөөс тэднийг авч үз;

(4) Эрдэм, авьяас билигт бүү атаарх, саналын зөрүүтэй хүмүүсийг бүү гадуурхаж, дарла. Үнэнийг хайрладаг, сайн хэв чанартай хүмүүсийг олж илрүүлбэл санал болгож, тушаал дэвшүүл;

(5) Бусдад мөн чанарынх нь дагуу хандах шаардлагатай. Гэм буруу үйлдсэн сайн хүнд хайрын сэтгэлээр үнэний тухай нөхөрлөн тусалж, дэмжих ёстой, харин ёрын муу хүнийг үзэн ядаж, голох хэрэгтэй.

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүмүүсээс бусадтай хэрхэн харьцахыг хүсдэг вэ? (Шударга.) “Шударга” гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи бусадтай гадаад төрх, байр суурь, гэр бүлийн нөхцөл байдал, хөрөнгө чинээ, сурсан зүйлийн хэмжээ, эсвэл чуулган доторх албан тушаалынх нь дагуу харьцаж болохгүй. Тэгвэл юуны дагуу харьцах хэрэгтэй вэ? Үнэн-зарчмын дагуу. Тэднээр гүйцэтгүүлэхээр зохицуулсан үүрэг нь тэдний гүйцэтгэж чадах үүрэгт суурилсан байвал зохино—тэгээд хэрэв тэд үүргийг гүйцэтгэж чадахгүй бол, тэр ч байтугай бүр саад болох хэмжээнд хүрвэл, тэднийг цэвэрлэвэл зохихоор байвал чамтай сайн харилцаатай байсан ч хамаагүй цэвэрлэх хэрэгтэй. Энэ бол шударга байгаа хэрэг, энэ нь шударга байдлын зарчимд багтдаг зүйл, биеэ авч явах байдлын зарчимтай холбоотой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгодог хүмүүс л сүнслэг асуудлыг ойлгодог”-оос эш татав

Зарчмын дагуу үйлдэх гэдэгт чухам юу багтдаг вэ? Жишээлбэл, бусдад хэрхэн хандах тухайд, байр суурьтай, байр суурьгүй хүмүүс болон жирийн ах эгч нар, янз бүрийн түвшний удирдагч, ажилчдад ханддагийн чинь цаад зарчим юу вэ? Чи ах эгч нартаа шүтлэггүй хүмүүс бусдад ханддаг шиг хандаж болохгүй; чи шударга, ухаалаг байх ёстой. Чи нэгэнтэй нь дотно, нөгөөтэй дотно биш байж болохгүй; бүлэглэл үүсгэж, бүлэглэн нэгдэж бүр ч болохгүй. Дургүй болохоор хүмүүсийг дээрэлхэж, эсвэл догшин хүмүүст тал засаж болохгүй. Зарчим гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Бусадтай харьцах арга барил чинь зарчимтай байх ёстой; чи бүгдэд нь шударга хандах ёстой. Нэлээд дажгүй гэж бодсон хүмүүсээ өөрийн талд уруу татаж, ойртоход хэцүү санагдсан хүмүүсээ гадуурхвал чи зарчимгүй байгаа бус уу? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн энэ дэлхийд амьдрах гүн ухаан төдийгүй бусдад хандах хэв маягийнх нь цаад зарчим юм. Энэ бол сатанлаг зан чанар төдийгүй сатанлаг логик мөн. Бурханы гэр бүлийн гишүүдэд ямар зарчмын дагуу хандах ёстой вэ? (Ах эгч нэг бүрд шударгаар хандах ёстой.) Тэдэнд яаж шударга хандах вэ? Хүн бүрд бага сага алдаа, дутагдал, тодорхой онцлог шинж бий; хүмүүс бүгд өөрийгөө зөвтгөдөг, сул дорой, дутагдалтай талуудтай. Чи хайрын сэтгэлээр тэдэнд тусалж, хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой бөгөөд хэтэрхий хатуурхаж, өчүүхэн жижиг зүйл дээр сүржигнэхгүй байх хэрэгтэй. Бага залуу, Бурханд төдийлөн удаан итгээгүй юм уу үүргээ саяхнаас биелүүлж эхэлсэн, зарим нэг онцгой хүсэлттэй энэ хүмүүсийг эдгээр зүйлээс нь барьж аваад өөрсдийнх нь эсрэг ашиглавал чи хатуурхаж байгаа хэрэг. Чи хуурамч удирдагч, антихристүүдийн хийсэн муу үйлийг үл тоодог атлаа ах эгч нарынхаа өчүүхэн бага алдаа, дутагдлыг олж харан, тэдэнд туслахаас татгалзаж, оронд нь тэдгээр зүйлээс үүдэн сүржигнэж, ар хударгаар нь тэднийг шүүж, улмаар илүү олон хүн тэднийг эсэргүүцэж, гадуурхаж, тусгаарлахад хүргэдэг. Энэ ямар гээч зан авир вэ? Энэ бол ердөө л хувийн сонирхолдоо үндэслэн аливааг хийж, хүмүүст шударгаар хандаж чадахгүй байгаа хэрэг; энэ нь завхарсан сатанлаг зан чанарыг харуулдаг бөгөөд энэ бол гэм буруу мөн! Хүмүүс аливааг хийх үед Бурхан харж байдаг; чиний хийж байгаа, бодож байгаа бүхнийг Тэр хардаг! Хэрэв чи зарчмыг ухаарахыг хүсвэл эхлээд үнэнийг ойлгох ёстой. Үнэнийг ойлгомогцоо чи Бурханы хүслийг ухаарч чадна. Хүмүүст хэрхэн хандахыг үнэн чамд хэлж өгдөг бөгөөд үүнийг ойлгомогцоо чи Бурханы хүсэлд нийцтэйгээр хүмүүст хэрхэн хандахаа мэдэх болно. Хэрэв чи үнэнийг ойлгохгүй бол Бурханы хүслийг ойлгохгүй нь лавтай. Бусдад хэрхэн хандах вэ гэдгийг чинь Бурханы үгэнд тодорхой харуулж, эсвэл битүүхэн сануулдаг; хүн төрөлхтөнд ханддаг Бурханы хандлага бол хүмүүс нэг нэгэндээ хандахдаа баримтлах ёстой хандлага юм. Бурхан хүн нэг бүрд хэрхэн ханддаг вэ? Зарим хүн боловсорч гүйцээгүй биеийн хэмжээтэй, бага залуу, эсвэл богино хугацаанд л Бурханд итгэсэн байдаг. Бурхан энэ хүмүүсийг уг чанар-мөн чанараараа муу ч биш, хорлонтой ч биш гэж үзэж магадгүй; тэд ердөө л бага зэрэг мунхаг, хэв чанараар дулимаг юм уу нийгмээс болж хэтэрхий их бохирдсон байдаг. Тэгээд үнэн-бодит байдалд ороогүй тул зарим нэг мунхаг зүйл хийхгүй, мэдлэггүй үйлдэл хийхгүй байхад хэцүү байдаг. Гэвч Бурханы өнцгөөс бол ийм асуудлууд чухал биш; Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг л хардаг. Хэрэв тэд үнэн-бодит байдалд орохоор сэтгэл шулуудан, зөв чиглэлд явж байгаа бөгөөд ийм зорилготой байвал Бурхан тэднийг ажиглаж, хүлээж, орох цаг хугацаа, боломж бололцоог тэдэнд олгож байдаг. Бурхан тэднийг ганц цохилтоор цохин унагадаг юм биш, мөн нэгэнтээ үйлдсэн гэм бурууг нь шүүрэн аваад, тавьж явуулахаас татгалздаг ч юм биш; Тэрээр хүмүүст хэзээ ч ингэж хандаж байгаагүй. Тийм болохоор, хэрэв хүмүүс бие биедээ ийм маягаар хандвал энэ нь завхарсан зан чанарыг нь харуулдаг бус уу? Энэ бол тэдний завхарсан зан чанар яриангүй мөн. Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи тэдгээрийг хэрхэн туулахаа мэдэх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын амьдралдаа ямар нөхцөл байдалд, хэр олон нөхцөл байдалд чи Бурханаас эмээдэг, мөн ямар зүйлс дээр эмээдэггүй вэ? Та нар бусдыг үзэн ядаж чаддаг уу? Хэн нэгнийг үзэн ядах үедээ чи тэр хүнтэйгээ хатуу ширүүн харьцаж, эсвэл түүнээс өшөө авч чадах уу? (Тийм.) Тэгвэл та нар нэлээд аймаар юм байна! Та нар Бурханаас эмээхгүй байна. Иймэрхүү зүйл хийж чадаж байна гэдэг чинь нэлээд ноцтой түвшний олиггүй зан чанартай гэсэн үг! Хайр, үзэн ядалт хоёр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс боловч юуг хайрлаж, юуг үзэн яддагаа тодорхой ялгаж салгадаг байх ёстой. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, ах эгч нараа хайрлах ёстой, харин диавол Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, антихристийг үзэн ядаж, хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Хэрэв чи ах эгч нараа үзэн ядах сэтгэл өвөрлөвөл тэднийг дарлаж, тэднээс өшөө авах талтай; ингэх нь маш аймшигтай. Зарим хүнд гагцхүү үзэн ядалт, ёрын муу санаа бодогддог. Хэсэг хугацааны дараа тийм хүмүүс үзэн яддаг хүмүүстэйгээ таарамжтай байж чадахгүй бол тэднээс зайгаа барьж эхэлнэ; гэхдээ тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, хүндэтгэдэг учраас үзэн ядалт үүрэгт нь нөлөөлдөггүй, хүн хоорондын хэвийн харилцаанд нь нөлөөлдөггүй. Тэд Бурханд халдахыг хүсдэггүй бөгөөд тэгэх вий гэж айдаг. Хэдийгээр ийм хүмүүс хэн нэгний талаар тодорхой үзэл бодол өвөрлөж болох ч тэр бодлоо хэзээ ч үйл хэрэг болгодоггүй, тэр ч бүү хэл хэрээс хэтэрсэн ганц ч үг хэлдэггүй, Бурханд халдахыг хүсдэггүй. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ нь зарчимтай, алагчлалгүй байдлаар биеэ авч явж, аливааг зохицуулж байгаагийн жишээ юм. Чи хэн нэгний зантай таарч тохирохгүй, тэр чамд таалагдахгүй байж болох боловч түүнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй байж, үүрэг гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, үүргээ золиослохгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй байх болно. Чи юмыг зарчмын дагуу хийж чадна; иймээс Бурханыг гэх суурь хүндлэл чамд байдаг. Харин үүнээс арай дээр бол хэн нэг зарим нэг алдаа, дутагдалтай байгааг харах үед, тэр чамайг гомдоож, чиний ашиг сонирхолд хохирол учруулсан байсан ч гэсэн, түүнд туслах сэтгэл чамд байсаар байдаг. Ингэх нь бүр ч сайн; энэ нь, чи бол хүн чанартай, үнэн-бодит байдалтай, Бурханыг хүндэлдэг хүн гэсэн үг байх болно. Хэрэв одоогийн биеийн хэмжээгээрээ үүнд хүрч чадахгүй ч гэсэн зарчмын дагуу аливааг хийж, биеэ авч явж, хүмүүстэй харьцаж чаддаг бол үүнийг ч бас Бурханаас эмээж буйд тооцно; энэ хамгийн үндсэн зүйл юм. Хэрэв үүнд ч хүрч чадахгүй, өөрийгөө хорьж дийлэхгүй байгаа бол чи асар их аюулд орсон ба нэлээд аймшигтай хүн юм. Хэрэв чамд байр суурь өгвөл чи хүмүүсийг шийтгэж, тэднийг зовоож мэднэ; тэгээд хэдийд ч антихрист болон хувирах магадлалтай. Антихрист болдог хүн ямар төрлийн хүн байдаг вэ? Тэрээр таягдан хаягдах нэгэн биш гэж үү? Хэн нэгэн сайн, муу эсэх, түүнд хэрхэн хандах ёстой тухайд бол хүмүүс өөрсдийн гэсэн зан авирын зарчимтай байх ёстой; гэхдээ тухайн хүний төгсгөл ямар байх—тэр Бурханаар шийтгүүлж дуусах эсэх, эсвэл шүүгдэж, гэсгээгдэж дуусах эсэх нь Бурханы хэрэг билээ. Хүмүүс хөндлөнгөөс оролцох ёсгүй; Өөрийнх нь өмнөөс санаачилгыг гартаа авахыг Бурхан чамд зөвшөөрөхгүй. Тухайн хүнд яаж хандах нь Бурханы хэрэг юм. Тийм хүмүүс ямар төгсгөлтэй байхыг Бурхан шийдээгүй, тэднийг хөөгөөгүй, шийтгээгүй бөгөөд тэд аврагдаж байгаа цагт чи тэдэнд хайрын сэтгэлээр тэвчээртэй туслах ёстой; чи ийм хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох гэж найдах ёсгүй, бас тэдэнд хатуу ширүүн хандаж, тэднийг шийтгэх хүний арга барил ашиглах ч ёсгүй. Чи тийм хүмүүстэй харьцаж, засаж болно, эсвэл тэдэнд туслахын тулд зүрх сэтгэлээ нээж, чин сэтгэлийн нөхөрлөл хийж болно. Гэвч энэ хүмүүсийг шийтгэж, гадуурхаж, зохиомлоор буруутгахаар санаархаж байвал чи асуудалд орно. Ингэх нь үнэнтэй нийцэх үү? Ийм бодолтой байх нь түргэн ууртай байхаас үүддэг; ийм бодол Сатанаас ирдэг бөгөөд хүний хорсол гомдлоос гадна хүний атаа жөтөө, зэвүүцлээс үүсдэг. Ингэж авирлах нь үнэнтэй нийцдэггүй. Энэ бол чамд залхаан цээрлүүлэлт авчрах зүйл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Та нар хүмүүсийг сэтгэлд чинь нийцэхгүй, таарамжгүй байлаа гээд шийтгэх элдэв арга зам бодож олж чадах уу? Урьд нь ер нь тиймэрхүү юм хийж үзсэн үү? Хэр их хийж байсан бэ? Та нар хүмүүсийг үргэлж шууд бусаар басамжилж, сэтгэлд сэвтэй үг хэлж, ёжилж байсан биш үү? (Тийм ээ.) Та нар тийм юм хийж байхдаа ямар байдалтай байсан бэ? Тэр үед сэтгэл чинь онгойж, баярлаж байсан; та нар хяналтыг гартаа авсан байсан. Гэхдээ дараа нь, “Би ёстой жигшүүртэй юм хийлээ. Бурханаас айлгүй тэр хүнд маш шударга бус хандлаа” гэж дотроо бодсон. Сэтгэлийнхээ угт та нар буруутайгаа мэдэрсэн үү? (Тийм ээ.) Хэдийгээр та нар Бурханаас айдаггүй ч ядаж л мөс чанараа бага зэрэг мэдэрдэг. Иймд та нар ирээдүйд бас дахиад иймэрхүү зүйл хийж чадах уу? Чи хүмүүсийг жигшиж, эвтэй байж чадахгүй байх болгондоо, аль эсвэл тэд өөрийг чинь дуулгавартай дагахгүй, үгэнд чинь орохгүй байх бүрд дайрч давшилж, өшөө авахаар эрэлхийлж, хүнд байдалд оруулж, хэн нь давууг харуулъя гэж бодож чадах уу? “Хэрвээ миний хүссэнийг хийхгүй бол чамайг хэнд ч мэдэгдэлгүйгээр шийтгэх боломж олно шүү. Хэн ч олж мэдэхгүй, гэхдээ би чамайг өөртөө дуулгавартай болгоно; хүч чадлаа чамд харуулна. Дараа нь хэн ч надаар оролдож зүрхлэхгүй!” гэж хэлэх үү? Надад хэл дээ: Ийм юм хийдэг хүн ямархуу хүн чанартай вэ? Хүн чанарынхаа хувьд тэр хорлонтой байдаг. Үнэнээр хэмжвэл, тэр Бурханыг хүндэтгэдэггүй. Үг, үйлдэлд нь ямар ч зарчим байдаггүй; дураараа аашилж, хүссэнээ хийдэг. Бурханаас эмээх тал дээр ийм хүмүүс амийн оролтод хүрсэн үү? Мэдээж үгүй; хариулт нь зуун хувь “үгүй”. Хэрэв хүн Бурханыг хүндэтгэх тал дээр ямар ч оролтод хүрээгүй бол тийм хүний зүрх сэтгэл Бурханыг өчүүхэн төдий ч хүндэтгэдэггүй гэж хэлж болох уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”-аас эш татав

Бусдад ханддаг байдал чинь шударга бус гэдгийг мэддэг бол чи яагаад ингэсэн хэвээр байна вэ? Юунаас болж чи ийм маягаар үйлддэг вэ? Чи юу бодож байна вэ? Чи яагаад тэдэнд шударга бус байна вэ? Өөр ямар нэг зүйл байна уу? “Би тэднийг дорд үздэг. Би тэднээс дээр. Би тэдэнтэй шударга харьцмааргүй байна. Би тэдний толгой дээр гармаар байна” гэж чи хэлдэг. Энд юу болоод байна вэ? Энэ бол биеэ тоосон зан чанар. Биеэ тоосон зан чанар дотор чинь эдгээр байдлыг бий болгоход хүргэдэг—чи тэр хүнд шударга хандахыг хүсэхгүй, шударгаар үнэлэхийг ч хүсэхгүй, сайн талуудынх нь талаар ярихыг бүр ч хүсдэггүй. Зүрх сэтгэлдээ чи тэднийг дорд үздэг учраас хийх ажил байхад тэднээр хийлгүүлэх гэж тэднийг сонгохыг хүсдэггүй. Энэ байдлаа чи ойлгож ухаарсан үед тэр хүний талаарх санаа бодлоо залруулахад чамд амархан уу? Үгүй, амархан биш. Тиймээс нэг зан чанар олон байдал бий болгодог бөгөөд эдгээр байдал нь чиний дотор чамайг, чиний үйлдэл, үг хэл, үзэл бодол, хүмүүстэй хэрхэн харьцахыг чинь удирддаг—чамайг бүхэлд нь удирддаг. Эдгээр байдал хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь чиний зан чанараас үүсдэг—үнэндээ байдал чинь биш, зан чанар чинь чамайг удирддаг. Ийм зан чанар чамайг үнэний эсрэг болгодог. Тиймээс хэрвээ үнэнийг ашиглан энэхүү зан чанарыг шийдвэрлэж, байдлынхаа чиг шугамыг эргүүлдэггүй бол сатанлаг зан чанараасаа хэзээ ч ангижрахгүй. Тэгэхээр ийм байдлын чиг шугамыг хэрхэн эргүүлж болох вэ? Чи Бурханд нээлттэй байж, Түүний өмнө залбирахаар очиж, асуудлын мөн чанарыг нэгд нэгэнгүй ойлгох ёстой ба өөрийгөө сахилгажуулж, өөртэйгөө харьцаж, бат итгэлтэй болгож, ойлгуулж өгөхийг Бурханаас гуйх ёстой. Тэгээд чи хамтран ажиллах, өөрийгөө хаях хүсэлтэй болох ёстой. “Би дахиж ингэж авирлахгүй. Энэ хүний хэв чанар бага зэрэг муу байж магадгүй ч, би түүнтэй зохистойгоор харьцана. Хэрвээ тэд ямар нэг үүрэг гүйцэтгэхэд тохирохоор байвал би тэднээр түүнийг нь хийлгэнэ. Хэрвээ би тэр үүрэгт тохирохгүй өөр нэг хүнтэй сайн харилцаатай бол тэр ажлыг түүнд оноохгүй. Харин би нөгөө хүнд нь өгнө” гэж хэл. Тэгэхэд байдлын чинь чиг шугам өөрчлөгдсөн байх бус уу? Өөрөөр хэлбэл, өмнө нь авирладаг байсан хэв маягаасаа татгалзсан болохоор байдлаас чинь гарч болох үр дагаврыг чи залруулсан байна. Энэ бол хэрэгжүүлэлтийн нэг тал бус уу? Тэгэхээр чи ийм төрлийн хэрэгжүүлэлтийг хэрхэн хийж чадах вэ? Чи хамтран ажиллахгүй, хувийн хүслээ огт хаяхгүй бол ийм үр дүнд хүрч чадах уу? Огтхон ч үгүй. Тиймээс хамтран ажиллах нь гол шижим юм. Чи бүрмөсөн хамтран ажиллаж, үнэнийг бүрэн дүүрэн дуулгавартай дагаж чаддаг байх, үнэнийг дуулгавартай дагах хандлагатай, дуулгавартай дагахаар шийдсэн байх ёстой—тэгсэн цагт л аминч, хувийн хүсэл, өөрийн байдлыг хаяж чадах бөгөөд тэгснээр чиг шугам чинь аажмаар өөрчлөгдөнө. Чи хэн нэгнийг дорд үзэж магадгүй, тэр бол чиний байдал—гэвч хэрвээ чи тийм байдлаар амьдрахгүй харин тэр хүнд хийж чадах зүйлийг нь зохицуулан өгч, түүнтэй шударга харьцвал тэр хүнийг дурдах бүрд мөс чанар чинь тайван байж, Бурханд буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэрнэ. Чи үнэнийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа тэр хүний талаарх санаа бодол чинь өөрчлөгдөнө. Яаж ийм зүйл болдог вэ? Бурхан үүнийг хийдэг. Чиний дотор үнэн бага багаар нөлөөлж эхлэн, байдлыг чинь өөрчилж, чиг шугамыг чинь эргүүлдэг. Эхэндээ чамд хэцүү байдаг; тэр хүнийг ашигласны дараа түүнийг харах болгондоо зүрх чинь булгилж, ёс жудгаа гээсэн мэт санагддаг. Түүнийг ашигласан ч гэсэн түүнтэй нэг их ярихыг хүсэхгүй, зүрх сэтгэлдээ түүнийг дорд үзсээр байдаг. Байдал чинь хараахан эрс өөрчлөгдөөгүй байгаа нь завхарсан зан чанарын чинь уг үндэс байсаар байна гэсэн үг юм. Ийм жижиг байдал чамд ийм их шаналал учруулж чаддаг нь зан чанарын асуудал бус уу? Энэ бол хүний уг чанар мөн чанарын асуудал юм. Чиг шугамаа аажмаар өөрчлөхийн хэрээр чи тэр хүнтэй илүү их ярьж, түүнтэй илүү их нөхөрлөж, түүнийг илүү их ойлгоно; чи түүний давуу талыг олж харж, тэр үнэхээр зарим нэг үүрэгт тохирохыг олж мэднэ. Тэгээд чи олиггүй, гутамшигтай зангаа, чиний одоогийн үйлдэл, одоо тэр хүнтэй харьцаж байгаа байдал чинь алагчлаагүй, үнэнтэй нийцдэг болохыг яваандаа ойлгож зүрх сэтгэл чинь тэр үед тайвширна. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл. Чи ийм асуудалтай дахин тулгарах үедээ үүнийг зохицуулахын тулд өмнөх хүнд ашигласан нөгөө л аргаа ашиглаж чадахгүй байж магадгүй. Байдал нь өөр, ялгаатай байх ч юм уу, орчин нь өөр, эсвэл хүмүүс, хэрэг явдал, юмс нь өөр байгаад үнэнийг хэр их хайрладгийг чинь, завхарсан зан чанар, хүслээ хаях шийдэмгий байдлыг чинь шалгаж магад. Эдгээр нь Бурханы шалгалт билээ. Бусадтай харилцах бүх харилцаандаа, хэдийд ч, тэр нь хэн ч байсан л, харилцаа чинь сайн, муу аль нь ч бай, тэд чамтай ойр дотно ч бай, үгүй ч бай, чамд зусарддаг ч бай, үгүй ч бай хамаагүй, мөн тэдний хэв чанарыг үл харгалзан тэдэнтэй шударга, зөв харьцаж чаддаг болох үед байдал чинь үнэхээр өөрчлөгдөх болно. Бусадтай харьцдаг байдал чинь төсөөлөл, сэтгэл хөдлөл, түргэн зангаас чинь хамаардаггүй болох үед чи үнэний энэ талыг олж авсан байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”-аас эш татав

Өмнөх: 130. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах зарчмууд

Дараах: 132. Бусдад мөн чанарынх нь дагуу хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх